Шилжилтийн үеийнхэн ба ардчилсан үйл явц
2022 оны 5 дугаар сарын 12-нд Чингис хааны музейд болсон “Монгол Улс ба Зүүн Европын орнуудад өрнөсөн ардчилал: Ололт амжилт, сорилт бэрхшээл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц 1990 онд эхэлсэн гэж эрдэм шинжилгээний ном зохиолд ерөнхийдөө үздэг. Үүнийг Монголын өнөө үеийн түүхийн он дараалалд хөдөлшгүй баттай зүйл хэмээн үздэг төдийгүй энэ үйл явцыг улс төрийн цоо шинэ хүчнүүд эхлүүлж, удирдан чиглүүлсэн гэж ойлгодог.
Би үүнтэй санал нийлдэггүй. Би өөрчлөлтийн үйл явцыг сүүлийн хэдэн жилийн туршид эрчимтэй судалж,[i] дараах дүгнэлтэд хүрсэн билээ. (миний судалгааны үр дүнг www.baabar.mn цахим хуудаснаас уншиж болно):
1. МАХН-ын удирдлага Зөвлөлтийн перестройкаг маш эрт хүлээн авч, Монголын нийгэмд өөрчлөлт хийх оролдлогыг хийсэн.
2. Нийгмийн социалист загварыг шинэчлэх боломжгүй гэдгийг мэдээд 1988 онд энэ загварт бүхэлд нь эргэлзэн нүүр буруулах болсон хэдий ч тухайн үед цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар тодорхой стратеги алга байв. Эл шийдвэр нь олон нийтэд оюуны хэлэлцүүлэг өрнүүлж, нийгэмд нээлттэй байдлыг бий болгон, дотоод хурцадмал байдлыг эрс бууруулахад чухал нөлөө үзүүлсэн юм.
3. Үүний дараа МАХН-ын удирдлага нийгмийг ардчилах арга замыг дээрээс няхуур тэмтрэн хайж, улс төрийн сөрөг хүчин гарч ирэхийг зориудаар хөхүүлэн дэмжиж, улмаар ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих эхлэлийг тавьсан юм. Сөрөг хүчин нь энэхүү өөрчлөлтийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү хурдасгах нь улс төрийн үйл явцын динамикт бүхэлд нь нөлөөлж байв.
4. МАХН-ын удирдлагын зүгээс баримталсан эл бодлогын хамгийн чухал үр дүн нь өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц цаг ямагт гагцхүү хууль эрх хүрээнд явагдаж байсан явдал юм. Энэ нь цаашид урьдчилан таамаглах аргагүй, эмх замбараагүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж чадсан билээ.[ii]
Монголын нийгмийн өөрчлөлтийн тухай судалгаа нь Монголын "перестройка"-ын (1984/1986-1990) үе, шинэ Үндсэн хууль батлагдах хүртэлх (1992) үе гэсэн үечлэлийг заавал багтаах ёстой гэсэн чухал дүгнэлтэнд миний бие судалгааны явцад хүрч байна. Хэрэв зээ ингэсэн нөхцөлд 1990 оны үйл явдал бол хувьсгалт цунами биш харин далайцтай үйл явц байсан гэдгийг ойлгож эхэлнэ. Перестройкагийн он жилүүдэд тоон өөрчлөлтүүд хуримтлагдсаар 1990 онд чанарын өөрчлөлтөнд хүрсэн гэж философичид хэлэх байх. Энэхүү чанарын өөрчлөлт гарахад дотоод, гадаад хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд гадаад хүчин зүйлсийг өнөөг хүртэл огт судлаагүй байна. Өөрөөр хэлбэл, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг нэгдүгээрт, либералчилал, хоёрдугаарт, ардчилал, гуравдугаарт, нэгдэл нягтрал гэсэн гурван үе шаттайгаар МАХН өөрсдийн ивээлд байх сөрөг хүчнийхээ хамтаар өөрийн удирдлага, хяналтан дор явуулсан байдаг. Нэгдэл нягтралын үе шат нь1992 оны эхээр шинэ Үндсэн хуулийг баталснаар эхэлсэн бөгөөд шинэ Үндсэн хууль нь эл үйл явцыг эргэлт буцалтгүй болгоход чиглэж байв.
Монголчууд өөрчлөлт шинэчлэлтийн тухай ярихдаа "капитализм" гэдэг үгийг бараг ашигладаггүй бөгөөд үүний оронд тэд үргэлж "ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засгийн чиг баримжаа", мөн "эрх чөлөө"-ний талаар дуртайяа ярих бөгөөд хүн бүр тэдгээр нэр томьёогоо өөрсдийн үзэмжээр тайлбарладаг. Тухайн үед монголчуудад “Эрх чөлөө бол хэрэгцээг ухаарах явдал” гэсэн Гегелийн алдарт үг таалагдахгүй байв. Нүүдэлчин нийгмээс суурьшмал нийгэмд шилжих шилжилт эрт үеэс эхлэлтэй төдийгүй энэ нь өөрчлөлт шинэчлэлтийн үед ч үргэлжилсээр (хэсэгхэн хугацаанд буцаад нүүдэлчин нийгэм рүү хошуурч байсныг дурдах хэрэгтэй) байсан бөгөөд энэ үйл явц нь нэг талаас Монголын (Азийн) уламжлалт соёл уламжлалыг хадгалах, нөгөө талаас эрчимтэй европчилогдох, хожим нь сэтгэлгээ, үйл ажиллагааны тухайд америкчилагдах хүсэл эрмэлзлийг өөртөө агуулж байсныг тэр үед хэн ч ойлгоогүй билээ.
Ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих явцад залуу үе болон өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц хооронд, нөгөөтэйгүүр социализмын үед явагдсан анхан ба хоёрдахь шатны нийгэмшилт болон 1990-ээд онд шинэ нийгэм бүрэлдэх үед төлөвшин бий болсон нийгмийн шинэ тогтолцоо (үнэ цэнэ, чиг баримжаа, зан үйлийн хувьд) хоёрын дунд хурцадмал байдал үүссэн нь онцгой анхаарал татаж байна. Миний хувьд 1971-1990 оны хооронд төрсөн залуусын үеийг судалсан бөгөөд энэ үе нь 1990 онд нийт хүн амын 60.11 хувийг эзэлж байсан төдийгүй ардчиллын дараа дараачийн хөгжилд хамгийн чухал ач холбогдолтой байсан билээ.
Дээр цухас дурдсан хурцадмал байдлын талаар ярихын тулд өмнө дурдсан залуусын үе 1990 оныг хүртэл хэрхэн нийгэмшсэн үйл явцын талаар товч авч үзэх нь зүйтэй юм.
Социализмын үед Монголд ардын боловсролын тогтолцоог ЗХУ-ын жишгээр хөгжүүлсний үр дүнд цаад зах нь 1970-аад оны үед хоёрдахь шатны нийгэмшилтийн цогц тогтолцоо төрийн дэмжлэгээр бий болжээ. 1972 онд бага сургуульд анхан шатны албан боловсрол эзэмших тогтолцоог улсын хэмжээнд нэвтрүүлжээ. Сургуульд орохын өмнө цэцэрлэгт хамрагддаг тогтолцоо суурин газруудад бий болов. Боловсролын байгууллагын гол зорилго нь оюун санаа болон бие бялдрын өв тэгш хөгжилтэй "коммунист хүмүүжил"-ийг олгох явдал байлаа. "Коммунист хүмүүжил"-ийг цэцэрлэг, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, Пионерийн байгууллага болон Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс зохион байгуулдаг улс төрийн ажил, дээд боловсролын систем ба соёлын өргөн хүрээний үйл ажиллагаагаар (клуб, соёлын ордон, номын сан, театр, кинотеатр гэх мэт) дамжуулан олгож байв. 1982 онд батлагдсан "Боловсролын тухай хууль"[iii] нь "коммунист ёс суртахууны" боловсролыг гүнзгийрүүлэхэд чиглээд зогсохгүй боловсролын зорилгыг биелүүлэхийн тулд сурагч, оюутан, эцэг эхийн хүлээх үүрэг, эдлэх эрхийг тодорхой зааж өгчээ. Хууль тогтоомжийн дагуу төрийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүдийг оролцуулсан явдал хот суурин газруудад анхан шатны нийгэмшилтийг бий болгоход тодорхой нөлөө үзүүлж эхэлсэн.
Цаад зах нь 1980-аад оны хоёрдугаар хагас гэхэд социалист нийгэмд ялзрал бий болж эхэлжээ. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд янз бүрийн асуудал гарах болов. Хүчний байгуулагуудын хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд, идэвхгүй байдал, аюултай зан авир, өөртөө итгэлгүй байдал, сахилга батгүй байдал, архидан согтууралт зэрэг газар авч, өмч хөрөнгийн холбогдолтой гэмт хэрэг улсын хэмжээнд тогтмол өсөж байв. Улс төрийн товчоо 1988 оны 11 дүгээр сард залуучуудын асуудлыг хөндөн ярилцаж, гэнэт “коммунист ёс суртахуун”-ы оронд ажилч хөдөлмөрч, шударга, бусдыг хүндэлдэг, даруу төлөв, энэрэнгүй, залуу үе нь ахмадууддаа анхаарал халамж тавьдаг байх зэрэг чанарыг нийгмийн хүмүүжлийн зорилт болгон төлөвшүүлэхийг уриалав. Нэг ёсондоо тухайн хүнд анхан шатны нийгэмшилтийн үед эцэг эх нь зааж сургах ёстой төлөвшил буюу үнэт зүйлсийг нийгмийн боловсролын зорилт болгон хэрэгжүүлэхийг намын удирдлага сая л уриалах болжээ. Таван сарын дараа хуралдсан багш нарын бага хурал дээр МАХН-ын даргын мэндчилгээний үгийн гол санаа нь “хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл бол хүн юм” гэжээ. Үүний дараа удалгүй, Улс төрийн товчооны гишүүн Ц. Намсрай, хэдэн арван жилийн турш Зөвлөлтийн загваруудыг "үнэн зөв, үлгэр дууриалал, үлгэр жишээ"-ний дээд хэмжүүрээ болгож ирсэн гэж гомдоллов.
Ардын боловсролын системд хуучин үнэт зүйлсийн тогтолцоо, зарчмууд хэрэгжихээ больжээ. Ард түмэн болон намын хооронд далд тохиролцоо байх шиг байв. Хуучин зарчим, үнэт зүйл үйлчлэхээ больсныг бүгд мэдэж байлаа. Гэхдээ энэ тухай асуухаас хүн бүр эмээдэг байв. Хүмүүс нас барагсдыг дахин амилуулахаас айж байв. Энэ байдлыг амсаж туулсан хүүхэд, залуусын талаар хэн ч бодсонгүй, харин яагаад ийм болсныг хэн ч тайлбарласангүй. Дээрээс зааварласан бүх зүйл мөнхөд хүчинтэй биш гэдгийг тэд энэ үед сэтгэлийн гүндээ ойлгож авсан юм. Тэд мөн эцэг эхийнхээ гүн итгэлгүй байдлыг лавтайяа мэдэрч байлаа. Эцэг эх, багш нар тэргүүтэй насанд хүрэгчдийн нэр хүнд тэдний нүдний өмнө унаж байв. Эцгийн эрхт ёс ноёрхсон насанд хүрэгчдийн ертөнцөд улам бүр хэвшиж буй оппортунизм ба прагматизмыг тэд таньдаг болов. 1930-аад оны үеийн сталинист төрийн хэлмэгдүүлэлтийг авч үзэх явцдаа нам өөрөө ч хэлмэгдэгч байсан гэж зарласнаар[iv] өнөөг хүртэл итгүүлж ирсэн “хувьсгалын баатарлаг түүхүүд” нь түүхэн үнэнтэй огт нийлэхгүй юм байна гэдгийг залуучууд зөнгөөрөө ойлгож эхэлсэн. Тэд бас багш нар нь сурах бичгийн энэ хэсгийг чимээгүйхэн өнгөрөөж байгааг ч харж байлаа.
1990 оны жагсаал цуглааны гэрэл зурагт залуус ихэвчлэн буурь суурьтай, уур бухимдалтай, дайчин эсвэл байдгаараа инээсэн царайг олж хардаг. Эдгээр үйл явдал нь эгээ л хуучны догматик боловсролтой үеийнхнийг сөрөг зогссон залуусын магадгүй эрх чөлөөг эрэлхийлсэн бослого тэмцэл байсан юм болов уу? Эдгээр зурган дээр яагаад эмэгтэй хүн бараг харагдахгүй байна вэ? Үе солигдох асуудлыг МАХН-ын удирдлага 1990 онд л хэдийнээ хүлээн зөвшөөрсөн байв. Хэрвээ намын удирдлага намаа засгийн эрхэнд хэвээр үлдээхийн тулд тэд намын нүүр царайг өөрчилж, залуужих ёстой байлаа. Намын удирдах албан тушаалтны дундаж нас 1990 оны Намын Онц Их хурлын дараа 53.2 жил байсан бол 1991 оны Намын ХХ Их хурлын дараа 41.5 нас болтлоо буурч, Ерөнхий сайд П.Жасрайгийн үед МАХН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрын танхимын гишүүдийн дундаж нас 44.7 болсон байв.
МАХН-ын шинэ дарга, гүн ухаантан Б.Даш-Ёндон “Алс дорнодын гүн ухааны төв үзэл”-ийг намынхаа үндсэн чиг шугам болгосноо зарласнаар намаа марксизм/ленинизмээс овжиноор ангижруулж чаджээ. МАХН-ын шинэ удирдлага ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг хийхээс гадна үндэстний өвөрмөц байдлыг ард түмний дунд сэргээхийг ойрын чухал зорилтоо болгож байлаа. Тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч, шилжилтийн үеийн гол зүтгэлтнүүдийн нэг болох Д.Бямбасүрэн “...манай улсын соёл, өв уламжлалын дотоод ертөнцийг шинжлэх ухааны үзэл онолоор тайлбарлахдаа орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололттой холбох, оюун санааны шинэ ертөнцийг бий болгох..."[v]-ыг шаардсан байдаг.
Хуучин монгол бичгээ сэргээн дэлгэрүүлэх, Буддын шашин сэргээн мандуулах гэсэн чармайлт, эх оронч үзэл, үндэсний ухамсар, үндэсний бахархлыг интернационалист хүмүүжилтэй хослуулах гэсэн оролдлогод залуучууд ялангуяа эдийн засгийн хямралын улмаас маш хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн. Бүгд л Чингис хаан, Монголын их эзэнт гүрэн, хуучин ёс заншлын талаар ярьцгааж байлаа. Боломжгүй зүйл гэж үгүй мэт бүгд өөдрөг сэтгэлээр дүүрэн байлаа. Төр засаг залуустаа хүмүүжил олгохын оронд харин тэднээс "төр, улс үндэстний ирээдүй" шалтгаалах учир залуучуудад зохих түвшний боловсрол олгохоор болжээ. Монгол бичгийн хичээлийг сургуулийн хөтөлбөрт оруулжээ. Боловсролын шинэ хуулинд "хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй боловсрол"-ыг эрхэмлэж, "гүн ухаан, утга зохиолын тусгай сэтгэлгээ, үндэсний бичиг, хэл соёл, өвөг дээдсийн зан заншил, уламжлал"-ыг боловсролын үндэс болохыг тогтоожээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эх орон, ард түмнээ хүндлэн дээдлэх үндэсний ухамсрыг төлөвшүүлэх” явдлыг төрийн чухал зорилт хэмээн тусгажээ.[vi] Анхан шатны нийгэмшилт болон хоёрдахь шатны нийгэмшилт нь хоорондоо эсрэгцэхээ больж, улмаар үндэсний өвөрмөц байдлыг хөгжүүлэх, бэхжүүлэх тал дээр харилцан бие биенээ нөхөх болжээ. Үндэсний энэ өвөрмөц байдал нь Монголын тусгаар тогтнолд гарцаагүй чухал төдийгүй зүгээр ч нэг олдоогүй гэдгийг хүн бүр мэдэж байв. Хуучин "марксизм/ленинизмийн оюун санааны ертөнц" бүхэлдээ нуран унасны улмаас бий болсон хоосон орон зайг тэр дор нь шинэ зорилго, чиглэлээр дүүргэсэн ажээ.
1992 онд батлагдсан Үндсэн хууль нь ардчилсан тогтолцоог нягтруулах үйл явцыг эхлүүлсэн. Энэ Үндсэн хууль нь түүхэн үүргээ гарцаагүй биелүүлсэн болов чиг барууны зөвлөхүүдийн оролцоотойгоор боловсруулагдсан тул энэ нь мөн л “барууны хэв маяг бүхий үндсэн хууль” (Т.Стейн) болж, үндэсний онцлогийг төдийлөн шингээж чадаагүй юм. Хуульч, УИХ-ын гишүүний хувиар Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх, батлах ажилд гар бие оролцож явсан С.Баяр нэгэнтээ 1995 онд хэлэхдээ, “Одоо бодоод байхад манай шинэ Үндсэн хууль Монголын уламжлалт сэтгэлгээ, хүмүүжүүлэх соёлтой зөрчилдөж байх шиг байна."[vii] гэжээ. Богино хугацааны дотор бөөн бөөнөөрөө батлагдсан иймэрхүү хуулиудыг монголчууд "орчуулгын хууль" гэж нэрлэх дуртай төдийгүй "Монголын хууль гурав хоног" гэж ярьдаг билээ. Энэ нь Монгол Улс эрх зүйт төрийг бий болгох явцдаа олон тохиолдолд гаднаас ирэх оюуны түлхэцийг авч байсан тул эдгээр хуулийг монголчууд төдийлөн сайн ойлгож, жинхэнэ утгаар нь бараг хэзээ ч шингээн авч чаддаггүй байсантай холбоотой юм. Түүнчлэн эдийн засгийн уналтын улмаас улс төрийн баримт бичигт заасан зорилго чиглэл болон өдөр тутмын амьдрал хоёрын дунд томоохон зөрчил бий болсон байлаа.
Төр засгийн байгууллагуудын оронд зарим тохиолдолд гадаадын сангаас санхүүждэг янз бүрийн ТББ-ууд, шашны янз бүрийн нийгэмлэгүүд Монголын залуучуудад зориулан ардчиллын үнэт зүйлсийг өөрсдийн ойлгохыг хүссэн хэмжээндээ тодорхойлж, тайлбарлаж, сурталчлах ажлыг идэвхтэй хийж байв. Нээлттэй Нийгэм Сангийн мэдээлснээр 2002 оны 7 дугаар сарын байдлаар Монголд бүртгэлтэй 2700 ТББ байснаас олонхи нь хүүхэд залуучууд, тэдгээртэй холбогдох салбарт үйл ажиллагаа явуулжээ.[viii] Гэр бүлд учирч буй нийгмийн бэрхшээлээс үүдэн анхан шатны нийгэмшилт зохистой явагдаж чадахгүй байсан учраас тэр үед хоорондоо нягт холбоо харилцаа бүхий эдгээр ТББ-ынхан хоёрдахь шатны нийгэмшилтийн гол сегментүүдэд маш чухал нөлөө үзүүлсэн билээ. Үүний зэрэгцээ авлига хээл хахууль, хуулиа дээдлэхгүй байх явдал өдөр тутамд гардаг нь ардчиллын үнэт зүйлсийг өөртөө шингээхэд саад болж байв. Ардчиллын үнэт зүйлсийг Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулах оролдлогыг хэзээ ч хийж байгаагүй нь нэн харамсалтай юм. Тэр ч бүү хэл төр засаг дотоодын асуудалд дүн шинжилгээ хийх ажлыг эрдэмтдээрээ хийлгэхээс илүүтэй зарим тодорхой ТББ-уудаар хийлгүүлэхийг илүүд үзэж байсан үе бас байсан шүү.
Дээр дурдсан үеийнхэнд энэ хугацаанд юу болов? С.Баяр нарын нэрлэсэнчлэн “хувьсгалын романтик үе” буюу ардчилсан хувьсгалын Honeymoon үе хэдийнээ дууссан байв. Чөлөөт өрсөлдөөний капитализмын үе шатанд хүрч ирэв. Социализмын үед залуучуудын амьдрал тодорхой тогтсон хэмнэлтэй, ажиллаж хөдөлмөрлөхийг төрөөс нэлээд эртнээс, зорилготойгоор дэмждэг байсан бол эцэг эх ньганзагын наймаа хийх болсон тэр үед залуучууд үнэндээ дөнгөж бүрэлдэх гэж буй хөдөлмөрийн зах зээлийн эд эс нь болж байв. Эдийн засаг найдваргүй байсан учраас төрөлхи орон нутгаа түшиглэсэн хэдэн үеийн гэр бүл бол залуучуудын хувьд хөл дээрээ зогсох цор ганц эх үндэс нь болж байв.
Өдгөө цөөнгүй хэдэн хувь хүний намтрыг үзэхэд, тухайн үед хямралыг зохицуулж байсан нийтлэг зарчмуудыг харж болохоор байна. Мэргэжлийн сургалт гэж бараг байгаагүй учраас төлбөрийн чадвартай эцэг эхчүүд хүүхдүүдээ их, дээд сургуульд суралцуулдаг байв. 1990-ээд онд хувийн хэвшил бий болсноор дээд боловсролын салбар эрчимтэй хөгжиж эхэлжээ. Их, дээд сургуульд суралцсанаар залуучууд амьдралын өдөр тутмын зорилготой болох давуу талтай ч сургалтын чанар муу байв. Өнөөг хүртэл Монголын их, дээд сургуулийн сургалт, төгсөлтийн зэргийг гадаадын холбогдох улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй байна. Их дээд сургууль төгсөгчдийн чанарын талаар Монголын ажил олгогчид илэрхий өөр бодолтой байдаг бөгөөд хангалттай ажлын байр хэзээ ч байсангүй. Гадаад хэлний боловсролд залуус хошуурч байв. Чадаж байгаа нь эх орноо орхин гадагш явж байлаа.
Социализмын үетэй харьцуулахад миний судалж байгаа бүлгийн залуусын идэр залуу насны үе нь маш тодорхойгүй, тогтворгүй байсан. Эдгээр залуусын хувьд амьдралаа төлөвлөхөд ч бэрхшээлтэй байв. Суралцах хугацаа нь ч уртассан. Залуус төрсөн гэртээ удаан үлдэж, тусдаа гэр бүл зохиох нь ч хойшилж байв. Наад захын нөхцөл бүрдээгүйгээс тодорхой мэргэжлийн чиг баримжаа олж авах явдал буурч байлаа. Хоёрдахь шатны нийгэмшилтийн нэгэн хэсэг болох иргэний соёлыг төлөвшүүлэх явдал олон янзын дутагдалтай байсан нь залуу иргэд ардчилсан тогтолцоог ойлгож мэдрэх боломжийг багасгаж байлаа. Үүнийг харин тэд эх орон, монгол соёл, зан заншлаа мэдэж авснаар бага ч атугай нөхөж чадсан юм.
Нийгмийн амьдралын бүхий л түвшинд авторитет алдагдах нь төрийн сахилга батыг ихээхэн алдагдуулахад хүргэв.
Шилжилийн үеийнхний жин нөлөө арай нэмэгдсэн мэт. Тэд 1992, 1996, 2000 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 20, 34, 50 хувийг эзэлж байсан төдийгүй байгуулагдаад удаагүй ардчилсан намуудын хувьд магадгүй тэд харьцангуй тогтвортой дэмжигчдийн бүлэг болж байлаа. Хэдий тэд сонгуульд санал өгөх эрхтэй байсан ч эдийн засгийн хувьд ихэвчлэн бие даан амьдарч чадахгүй байсан нь тэднийг эсрэг тэсрэг байдалд оруулж байв. 2000-аад оны дунд үеэс эхлэн Улаанбаатарт нийгмийн хандлага өөдрөг байхаа больж буй нь надад ажиглагдсан бөгөөд үүнээс өмнө монголчууд хэдий ядуу боловч ямагт өөдрөг, халуун эх оронч хүмүүс байсан билээ.
Сонгогчдын ирц 2008 оноос хойш мэдэгдэхүйц буурч, МАХН, АН-ын рейтинг ялгаагүй тааруу байх болсон. Улс төрийн элитүүд нь улам бүр найдваргүй элитийн шинжийг харуулах болжээ. Улс төрийн шинжлэх ухааны сурах бичигт дурдсанчлан, найдваргүй элитүүд эрх мэдэлд хүрэх хүсэлтэй байдаг боловч тэдэнд нэр хүнд, хүндэтгэл хүлээх чадвар, гүйцэтгэлийн чанар үгүй байдаг. Тэд үлгэр дуурайлалтай бус, үнэт зүйлсгүй, тэдний дунд авлига газар авсан байдаг тул хууль ёсны легитим эрх мэдэл багатай байдаг. Өөр сонголтгүй учраас л ард түмэн тэднийг дагадаг байна.
2022 оны 4 дүгээр сарын эхээр Сүхбаатарын талбайд шилжилтийн болоншилжилтийн дараах үеийн залуус жагсаал хийсэн бөгөөд тэдний барьсан уриа лоозон олон талыг хамарч байв. Тухайлбал, “Эх орондоо сайхан амьдармаар байна”, "Эрх тэгш нийгэмд амьдармаар байна", "Халамжаар биш, хөдөлмөрлөж амьдармаар байна." гэсэн үгс бичээстэй байсан. Залуу үеийнхэн босон ирж байна. Энэ бол тэдний ирээдүй, Монголын улсын хэтийн төлвийн тухай асуудал юм.
[i] Udo B. Barkmann, Ganchimeg Altangerel (Hg.), Familie und gesellschaftlicher Transformationsprozess in der Mongolei, =Berliner Mongolei-Studien, Berlin 2019.
[ii] Удо Б. Баркманн, Ардчилагдсан нь (1), (2),http://www.baabar.mn/author/udobarkmann?page=2
[iii] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Боловсролын Хууль, Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл, Зургадугаар боть, 1971-1985. IV сар, Улаанбаатар 2010, S. 484-495.
[iv]Udo B. Barkmann, Erste Anmerkungen zu einem traurigen Kapitel mongolischer Geschichte – die dreißiger Jahre, in asien, afrika, lateinamerika, 1993, Vol. 20, S. 1043-1062.
[v] Өөрчлөн байгуулалт, социализмын монгол загвар, in Үнэн, 24.01.1990.
[vi]Udo B. Barkmann, Zur Genese mongolischer Identität im Nationalstaat,1911-1990, in Intercultural Dialogue across Borders. China between Tradition and Modernity, Edited by Jens Damm, Hauke Neddermann, =Berliner China-Hefte Chinese History and Society 2019, Vol. 51, S. 58-84.
[vii] Үндсэн хуулиа өөрчлөх зориг бидэнд байх ёстой, Ардын Эрх, 10.08.1995.
[viii] Монголын Нээлтэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан), Монголын төрийн бус байгууллагуудын лавлах, Улаанбаатар 2003.
Зочин
Зочин
ЗОЧИН
ХУУЛЬЧ