1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаарх судалгаа нь үндсэндээ тэр цаг үеийн гол гол үйл явдлын талаарх мэдээллийг эх сурвалжуудаас авч ашиглах, түүхэн үйл явцыг сэргээн авч үзэхэд чиглэж буй. Тийм болохоор тэдгээр судалгаа нь монголчуудын өөрсдийнх нь дунд өрнөсөн үйл явдлуудад л чиглэж буй агаад бүс нутаг, түүнээс хальж гарсан түүхэн үйл явц болон олон улсын эрх зүйн асуудлуудыг бүрэн орхигдуулж байна. Гэсэн хэдий ч Монголын төр улсыг сэргээн байгуулахад газарзүйн орчных нь түүх-улс төрийн угтвар нөхцөл, тухайн цаг үеийн олон улсын сонгодог эрх зүйн хүрээ ямар нөлөө үзүүлснийг судлах нь монголчуудын дунд өрнөсөн түүхэн тодорхой үйл явцыг ойлгоход чухал байгаа билээ.


Монголчуудын эргэн тойронд

Өнөөгийн Зүүн болон Зүүн хойд Азийн газар нутгийг 1815 оны улс төрийн газрын зураг дээр харахад энэ асар уудам орон зайг тэр үед өргөн их нутаг дэвсгэртэй тив дамнасан Орос улс, Хятадын Их Чин улс болон өчүүхэн жижиг гэхээр нутаг дэвсгэртэй Токугавагийн шогуны улс (Япон), Солонгосын хаант улс гэсэн дөрөвхөн улс л дүүргэж байсан нь ажиглагдана. Монгол гэж бие даасан улс байсангүй. Тэр үед монголчууд нэг бол Оросын эзэнт гүрний харьяат албат эсвэл өвөр монголчууд шиг Чин гүрний харьяат байсан бол халх монголчууд Манж гүрний холбоотон л байв. 

Газрын зурагт гол орон зайг Чин улсын захирч байсан асар уудам нутаг дэвсгэр бүхий Хятад улс эзэлж байв. Ийн үлэмж хэмжээний газар зүйн орон зайг эзлэх болсон нь Манж улсын анхны эзэн хаадын булаан эзлэх, холбоотны бодлого, тэдний залгамжлагчид болон хятад түшмэдийн аппаратын засаг захиргааны бодлогын үр дүн байлаа. Эл үлэмж хэмжээ нь өнгөн дээрээ эрх мэдлийг илэрхийлэх мэт боловч үнэн хэрэгтээ хий хоосон зүйл байсан юм. 1796 онд эзэн хаан Жячин (монголоор Сайшаалт ерөөлт)-г хаан ширээнд сууснаас хойш Манж улсын эрх мэдэл улам улмаар сулран доройтох болжээ. Тус улс болон Манжийн элитүүд шинэчлэл хийх ямар ч чадваргүй болсон байв. Тэд "соёл иргэншлээр давуу Дундад Иргэн Улс"-ын явцуу үзэл сурталд баригдан хятадчилагдах явцдаа өөрсдийгөө ч бас бусдаас салган тусгаарласан билээ. 

Токүгава шогуны засаг болон Солонгосын хаант улсад ч бас улс төрийн үйл явц үндсэндээ дотогшоо чиг хандлагатай байв. Тэгвэл харин Орос улс эдийн засгийн боломжтой нь харьцуулахад нутаг дэвсгэр нь хэт өргөжин тэлчихээд байсан ч гэсэн уламжлалт европ гүрний хувьд шинэ шинэ нутаг дэвсгэрийг албадан хавсаргах, нэгтгэн нийлүүлэх бодлогоо үргэлжлүүлсээр байлаа.

"Европын их гүрнүүдийн концерт"-од хамгийн их давамгайлан гол үүрэг гүйцэтгэж байсан буюу тухайн үедээ цорын ганц дэлхийн гүрэн байсан Их Британи XIX зууны эхний хагасаас Зүүн Азид үзүүлэх нөлөөгөө улам өргөжүүлж эхэлжээ. Их Британи Хятадад хар тамхины 1-р дайн (1839-1842), Францтай хамтран хар тамхины 2-р дайн (1856-1860)-ыг хийж, тэр завсар ихэд хятадчилагдаад байсан Манжийн эзэн хаадын "соёл иргэншлийн давуу тал"-ыг тун ч эргэлзээтэй болгосон юм. Чин гүрэн болон Барууны улс гүрнүүдийн хооронд чамгүй олон "тэгш бус гэрээ" байгуулах эхлэлийг Наньжингийн гэрээ тавьжээ. Манж улсын эрх мэдэл ганхаад зогссонгүй, ялангуяа Барууны улс гүрнүүдэд дайны нөхөн төлбөр төлөх болсны улмаас эзэнт гүрэн тэр аяараа эдийн засаг нь хэр хурдан сүйрэхийг үзэв.

Манжийн захиргаанд байсан Хятад улс өөрийн буруугаар улс төр, эдийн засгийн зогсонги байдалд орж байсан бол хожмын Японд түүнээс эрс өөр үйл явц өрнөж эхэлсэн байна. 1867 онд сүүлчийн Токүгава шогуны засгийг түлхэн унагав. 1868 онд эзэн хаан Мүцүхито эрх мэдлийг авч аугаа их шинэчлэлтийн үйл явцыг эхлүүлснийг өнөө бид "Мэйжийн сэргэлт" гэдгээр нь мэддэг. Тэр үед улс төрийн тогтолцоог Барууны жишгээр шинэчилж, Барууны шинжлэх ухаан, техникийг нэвтрүүлж, улс төрийн чиглэл зорилготой үйл ажиллагаа явуулсны үрээр ирээдүйн Японы их аж үйлдвэрийн үндэс суурь тавигдсан билээ. Япон улс Өрнөдөд нээлттэй болж, эдийн засгийн хүчин чадал нь улам бүр өсөн нэмэгдэх болсноос анх удаа дэлхийд байр сууриа шинээр тодорхойлох хэрэгтэй болсон юм. 1894-1895 оны Хятадын эсрэг дайнд байгуулсан ялалт болон Шимоносекийн гэрээ (1895) дэлхийн улс гүрнүүдийн дунд Японыг эрх тэгш хүлээн зөвшөөрөхөд хүргэжээ. "Япон улс нэг далайлтаар их гүрнүүдийн эгнээнд дэвшин орж ирэв.“

[1]Япон улс бүс нутгийн улс төрийн бодлогын талбарт үнэнхүү их хүсэл тэмүүлэлтэйгээр гарч ирсэн юм. Япон улс 1902 онд Их Британитай холбоо байгуулсан нь Манжуур, Солонгос дахь Оросын нөлөөг хязгаарлах зорилготой байжээ. Орос-Японы дайн (1904-1905)-д шалихгүй ч гэсэн ялалт байгуулсан нь Портсмутын энхийн гэрээ (1905 он)-гээр дамжуулан Солонгос (1910 оноос Солонгос Японы колони болсон)-д чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг Японд олгож, Азийн эх газарт байр сууриа бэхжүүлж, эцэст нь эдийн засгаа эрчтэй хөгжүүлэхэд нь түлхэц болсон. Ингээд Европын улс гүрнүүд, АНУ, Орос, Япон хамтран Хятадад дарамт шахалт үзүүлэх болов. Түүний зэрэгцээ Их Британи, Франц, Орос улсууд Антантын (Entente) эвсэлд нэгдэж, нэг талаас нэгдсэн тоглолт хийх, нөгөө талаас өрсөлдөөнийг нууц гэрээ, хэлцлийн сүлжээгээр дамжуулан ашиг сонирхлоо зохицуулах далим болгон ашиглах боломжийг олгосон албан бус холбоо байгуулснаар барууны гүрнүүд анхнаасаа Хятадыг дипломат аргаар илт давамгайлах болсон юм. Цэвэр Европын эрх зүй болох олон улсын сонгодог эрх зүйн дүрэм журам болон аль хүчтэйнх нь "эрх"-ийн дагуу өмнө дурьдсан Хятадтай байгуулсан "тэгш бус гэрээнүүд"-эд энэ давамгайллын үр дүн тусгалаа олж байсан. Үйл явдал ийнхүү өрнөсний дүнд Хятадад гадаадынханд дайсагнасан, христийн шашныг дэлгэрүүлэхийн эсрэг нийгмийн хөдөлгөөнүүд гарч, ойлгомжтой шалтгаанаар Чин улсыг дэмжиж байв. Нөгөөтэйгүүр эзэн хааны бэлэвсэн гэргий Цү Ши (Cixi) боксчдын нэг хэсгийг хууль ёсыг үнэнчээр сахидаг албатууд гэж үзэж байлаа. Тэдгээр хөдөлгөөнийг Ихэтаун (Yihetuan, боксчдын) хөдөлгөөнд нэгдэхэд империалист гүрнүүд боксёрын дайн (1901)-аар цус асгаруулан дарсан билээ. Гадаадын улс гүрнүүд Хятадад Боксёрын протоколоор асар их хэмжээний дайны төлбөр, хохирол барагдуулах нөхөн төлбөр, гэм буруугаа цайруулах доромжлон басамжилсан нөхцөлийг тулгав. Орос улс энэ байдлыг ашиглан Манжуурт Зүүн Хятадын төмөр замын дагуу цэргээ байнга байрлуулах болжээ. 

Орос-Японы дайны дараа удалгүй дахин ойртсон Орос, Япон хоёр улс Ар болон Өвөр Монгол дахь нөлөөллийн хүрээгээ хуваав. Тийнхүү Гадаад Монгол Оросын нөлөөллийн хүрээнд орсон агаад өмнө нь ч энэ хүрээнд байсан. Энэ нь Транс-Сибирийн төмөр зам болон Оросын эзэмшилд байсан Зүүн Хятадын төмөр замын аюулгүй байдлыг хангах шаардлагын улмаас Орост ихээхэн ач холбогдолтой байлаа. Харин Өвөр Монгол Японы нөлөөллийн хүрээнд багтсан нь энэ орон зайд санаархсан япончуудын цэргийн санаархалд ч бас нийцжээ. Ийнхүү Ар Монгол Оросын нөлөөллийн хүрээнд орж, түүнийг нь Япон улс хүлээн зөвшөөрсөн билээ. Хятадын эсрэг жийргэвч болгоход нь Орост Гадаад Монгол хэрэгтэй байв, мөн тус улсад Япон цөмрөн орох аваас Зүүн Хятадын төмөр замын зүүн жигүүр нүцгэрэх байсан тул чингүүлэхгүй байх хэрэгтэй байв. Тиймээс Хятад, Оросоос гадна тэр үеийн их гүрнүүдийн хоорондын тохиролцооны нарийн төвөгтэй сүлжээнээс Монголын эрх чөлөөний хөдөлгөөний амжилт шалтгаална гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. 


Ашиг сонирхол, харилцааны тэнцвэрийг олох хэрэгсэл болсон олон улсын сонгодог эрх зүй

Зүүн Азид Европын томоохон гүрнүүд нэвтрэн орсноор ашиг сонирхлын тэнцвэрийг олох, харилцааг зохицуулах хэрэгсэл болсон олон улсын сонгодог эрх зүй ч мөн адил олон улсын харилцаанд нь нэвтэрчээ. Улс төр, үзэл суртлын хувьд нийтлэг шинж бүхий Европын улс гүрнүүд тэрхүү олон улсын эрх зүйг урт удаан хугацаанд боловсруулан хөгжүүлсэн билээ (Вестфалийн 1648 оны энхийн гэрээ, Утрехтийн 1731 оны гэрээ, хүчний тэнцвэрт байдлын зарчим, 1814-15 оны Венийн их хурал, их хурлын тогтолцоо, Ариун холбоо, 1899, 1907 оны Гаагийн энх тайвны бага хурал). Дүрэм журмын гол цөм нь улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчим болж байв. Бүрэн эрхт тэгш байдал нь бодит амьдрал дээр хоосон зохиомол ч гэсэн зайлшгүй хэрэгтэй зүйл байсан, учир юу гэвэл олон улсын эрх зүйн дагуу хуулийн этгээд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн улстай л гэрээ буюу хэлэлцээр байгуулж болох байв. Зүүн Азид олон улсын эрх зүйн дүрэм журам гаргах эхлэл ч тавигдаагүй байсан тул хар аяндаа Европын олон улсын сонгодог эрх зүйг хэлэлцээний үндэс болгох болжээ. 

XIX зуунд Хенри Вийтоны "Олон улсын эрх зүйн элементүүд (Elements of International Law)", И. К. Блуншлийн "Иргэншсэн улсуудын орчин үеийн олон улсын эрх зүйг эрх зүйн ном дор тайлбарлахуй" (Das moderne Völkerrecht der Civilisirten Staaten als Rechtsbuch dargestellt) бүтээлүүд тэр цагтаа "Орчин үеийн олон улсын эрх зүй"-н хамгийн чухал номуудад тооцогдож байсан бөгөөд 1865, 1880 онд хятад, хожим нь япон, монгол хэлнээ хөрвүүлсэн байна. Харин Оросод Блуншлийн герман хэл дээрх эх бичвэр болон уг хоёр бүтээлийн франц, орос орчуулгыг мэддэг байсан. Тэгэхлээр 1911 онд Монголын төр улсыг сэргээн тогтоосон үйл явцтай ямар нэг байдлаар холбогдож байсан бүх тал тэр үеийн олон улсын эрх зүйн зарчим, дүрэм журмыг мэдэж байсан хэрэг. 


Монголчуудын төр улсаа байгуулах боломжтой холбоотой олон улсын сонгодог эрх зүйн гол гол санаа

Хэрэв бид 1852 онд Мюнхенд хэвлэгдсэн Блуншлийн "Ерөнхий төр эрх зүй" бүтээлээс төр улсыг тодорхойлдог гол шинж юу вэ гэдгийг мэдье гэвэл: 1. Төр улсын бодьгаллаг үндэс нь ард түмэн өөрөө, 2. Газар нутаг буюу нутаг дэвсгэр нь ард түмний олж авсан байх ёстой "төр улсын материаллаг угтвар нөхцөл". (Тэгэхлээр ард түмэн, газар нутгийн хооронд нягт холбоо байна.) 3. Нутаг дэвсгэртээ төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу "хууль тогтоомж нь хүлээн зөвшөөрөгдөх, Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлэх, шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэх“ төрийн чадвар гэсэн тов тодорхой хариултыг авна.[2] Түүнээс гадна Блуншлийн хэлснээр төрийн бүрэн эрх гэж байх бөгөөд үүнийг бид өнөөдөр дотоод бүрэн эрхт байдал гэж нэрлэхийг илүүд үзнэ. Тухайлбал: А. Дотоод байдлаа өөрөө засан тохинуулах, Б. Бие даан хууль тогтоох эрх, В. Өөрийн засаглал/өөрийн засаг захиргаа, Д. Төрийн албанд хүмүүсийг чөлөөтэй тохоон томилох. Блуншлийн хэлснээр төр улсын шинж чанар, бүрэн эрх нь тодорхой хэмжээгээр харилцан бие биенээ нөхцөлдүүлдэг. 


Монголчуудын төр улсаа байгуулах угтвар нөхцөлийг олон улсын сонгодог эрх зүйн үүднээс тодорхойлбол

Тэгэхлээр 1911 оноос өмнөх Гадаад Монголын монголчуудыг Блуншлийн жагсаасан шинжүүдээр тодорхойлбол тэдний талаар юу хэлж болох вэ? 

Ард түмэн: 1. Барагцаагаар XI, XII зууны үеэс монголчуудын нийтлэг өвөрмөц мөн чанар бүрэлдэн тогтсон агаад нүүдэлчин амьдралын хэв маяг, соёлын (шашныг оролцуулаад) нийтлэг шинж болон Чингис хаанаас эхлэлтэй хамтын дурсамж нь түүний үндэс суурь болжээ. Хэдийгээр нийтлэг өвөрмөц мөн чанар нь ой хөвч болон талын монголчуудын хувьд ижил ч талын монголчуудад нь арай илүү төлөвшсөн байсан болов уу. 

2. Монголчууд бүр анхнаасаа өөрсдийн нийтлэг мөн чанарыг ямагт хятадууд, Хятадын соёл, Хятадын төр улсаас ялгаж зааглаж ирсэн (хэзээ ч оросуудаас ялгаж зааглаж байгаагүй). Түүхийн явцад монгол, хятад хүмүүсийн аль аль нь сэтгэл санааны хувьд цаг үргэлж бие биенээсээ зай барьж, соёлын хувьд хоорондоо нийцдэггүй байсан. 

3. Монголчууд Их эзэнт гүрний үеэс өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсан. Энэ нь тэдний соёлын онцлог мөн чанарыг бий болгож, жигдрэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, учир юун гэвэл нүүдэлчдийн нийгмийн хатуу чанд хязгаарлалтын дор ч гэсэн санаа бодлоо дэлгэрүүлж, уялдуулах гэсэн утгаараа чухамдаа "Монголын олон нийт"-ийг бий болгоход бичиг үсэг нь тус дэм үзүүлсэн билээ.

4. Монголчууд бөө шүтлэгтэйн дээр хожим шарын шашныг авч хамтын шашинтай болсон нь тэднийг Төвдтэй холбож, Хятадаас тусгаарлах болжээ. Монголчуудын дунд шарын шашин дэлгэрсэн нь монгол хэл дээрх ном судар үлэмж олшрохын хамтаар урьд хожид байгаагүй их оюуны солилцоо явагдахад нөлөөлсөн. Монголын ноёд язгууртнууд монголчуудын нэгдмэл байдал, тэднийг захирахад хамтын шашин ямар их ашиг тустайг маш эрт ойлгосон байна. 

5. 1691 оны Долоннуурын чуулганаар шийдэгдэж Энх Амгалан хаантай (Kangxi) Халх-Монголын ноёд холбоо байгуулснаар Чингисийн алтан ургийнхны нийгмийн байр суурь тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн юм. Энх Амгалан хаан төвлөрсөн аймаг-хошуудын захиргааг Ар Монголд байгуулах арга хэмжээ авхуулсан нь Чин гүрэн дотроо "гадаад муж" болж хятад эх нутгаас илт ялгаатай онцгой байр суурийг эзлэх болжээ. Энэ засаг захиргааны дотоодод болон Бээжин дэх Гадаад мужийг засах явдлын яамтай (Tulergi golo-be dasara jurgan; Li-fan-yuan) бичиг харилцааг 1-д монгол, 2-т манж хэл, бичгээр явуулж байсан агаад хоёуланд нь нийтлэг зүйл их байсан. 

Ар Монголын ард түмний газар нутаг/нутаг дэвсгэр: 1. Хожим Гадаад Монгол хэмээн нэрлэгдэх болсон газар нутаг/нутаг дэвсгэр нь бүр Чингис хааны үед монголчуудын гол нутагладаг газар байсан. Нэг ёсондоо "хамаг монголчуудын гал голомт" байлаа. Монголын их гүрний үеэс зөвхөн монголчууд л энэ газар нутаглаж ирсэн бөгөөд үнэхээр ч бусдын зүгээс газар нутаг нь мөн эсэхэд эргэлзэх байдал гаргаж байсан удаагүй билээ. Үүнд нь говь цөл зэрэг газар зүйн хаалт саад чамгүй үүрэг гүйцэтгэсэн.

2. Энх Амгалан хаан холбоотон нь болсон халх монголчуудад өмнө дурьдсан аймаг-хошуудын захиргааг байгуулж өгөх арга хэмжээ авхуулжээ. Тэр нь засаг захиргааны хувьд монгол, манж уламжлалд тулгуурлаж байсан бөгөөд Оросын эсрэг "гадаад муж" буюу бамбай болох Гадаад Монголын үүргийн дагуу юуны өмнө цэргийн чиг баримжаатай байв. Хошуу, аймгийн хилийг нарийвчлан татаж, хил татсанаа баримтжуулан зохих газрын зургийг гаргаж байсан нь ч үүнтэй холбоотой. Хошууны харьяат албатуудыг хэзээ ч нутаг дэвсгэрээ орхиж явахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд зөвхөн зөвшөөрсөн онцгой цөөн тохиолдолд л явж болдог байв. Ийнхүү халх монголчууд газар нутагтайгаа бат бэх холбогдож, үүнийгээ тэд хувь хүний хувьд "сав нутаг", хамгийн гол нь бэлчээр нутгаа гэж ойлгох болжээ. Гадаад Монголын хойт хилийг дээр үед Оростой хиллэж байсан эзэнт гүрний хилээр тогтоосон ба Өвөр Монголтой хиллэсэн өмнөд хилийг Гадаад Мужийг төрийг засах явдлын яам тодорхой тогтоосон тул хожмын Монгол улсын хилийн зааг нэлээд эрт бараг бүрэн шийдэгдсэн байв. Гадаад Монголд хятадууд орж ирж, монгол эмэгтэйчүүдтэй гэрлэхийг 1815 оны Манжийн хууль тогтоомжоор хориглож байсныг анхаарахгүй байж болохгүй бөгөөд энэ нь нэлээд удаан хугацаагаар Гадаад Монголын монголчуудад Хятадын нөлөө давамгайлахаас сэргийлж байсан юм. XIX зуунд элдэв эсэргүү явдал гарах болсон нь Манжийн элитүүд ихэд хятадчилагдсанаас эзэн хааных нь эрх мэдэл суларч, төрийн албанд авилгал газар авсных байв. Энэ бүхэн нь Гадаад Монголын монголчууд 1911 онд Манж улсаас салан тусгаарлаж, өөрийн гэсэн төр улсыг байгуулахад хүргэсэн гол шалтгаануудын нэг байсан.

Нутаг дэвсгэртээ төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу "хууль тогтоомж нь хүлээн зөвшөөрөгдөх, Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлэх, шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэх“ төрийн чадвар.“[3] 

Өмнө дурьдсанчлан Ар Монгол 1691 оноос аймгууд нь хошуудад хуваагдсан засаг захиргааны тогтолцоотой болсон билээ. Ар Монгол даяар яам тамгын газрын тогтолцоог бүх шатны удирдлагын түвшин (аймаг, хошуу, сум, арван гэр)-д бий болгосон бөгөөд тэдгээр нь хуулийг хэрэглэж, хэрэгжүүлж, захиргааны асуудлыг зохицуулж, Бээжин дэх Гадаад мужийг засах явдлын яаманд ажлаа шууд тайлагнадаг байв. "Гадаад мужууд"-ад зориулсан хуулиудыг 1696, 1789, 1815 онуудад батлан гаргасан агаад тэдгээр мужийн дотор Гадаад Монгол гол байр суурь эзэлж байсан. 1696 оны хууль нь үндсэндээ Халх-Монголчуудад зориулан гаргасан эзэн хааны зарлигийн эмхэтгэл байсан бол 1815 оных нь иж бүрэн хууль тогтоомж байв. Сономдагвын гаргасан төрийн түшмэл, бичээч нарын талаарх тоон мэдээгээр бол монгол бичгийн хэл, зарим талаар манж бичгийн хэлийг ч чадварлаг эзэмшсэн дор хаяж 1.500 монгол түшмэл, бичээч Халх-Монголын засаг захиргааны аппаратад ажиллаж байжээ. Засаг захиргааны тогтолцоо нь бүхэлдээ төвлөрсөн байсан бөгөөд Манж улстай холбоогүй болж, улс орныг хэмжээгүй эрхт хаан эзэн захирах болсон тэр цаг мөчөөс л Ар Монголыг өөрсдөө удирдаж чадсан юм. 

Тэгэхлээр монгол газар нутагтаа эзэн болж, өөрийгөө удирдан захирах чадвартай Монголын ард түмэн байсан. Богд Гэгээний Засгийн газрын анхны зарлигуудын нэгэнд Манжийн хууль тогтоомжийг Монгол төрийн хууль эрх зүйн үндэс хэвээр байлгахаар заасан нь зүйд нийцсэн хэрэг байв. Энэ баримтын тухайд Блуншли "Өөрийн нутаг дэвсгэрт эрх зүйн дүрэм журмыг бие даан тогтоож буй төр бол хамгийн дээд хуулийн этгээд мөн.“[4] хэмээн бичсэн буй.

Тэгэхлээр дотоод бүрэн эрхт байдлын үндэс суурь Ар Монголд үндсэндээ тавигдчихсан байсан хэрэг. Харин Хятадын дотоод бүрэн эрхт байдал дараа дараагийх нь цаг үед, ялангуяа цэргийн толгойлогчид (warlords) идэвхжээд байсан үед ихээхэн хязгаарлагдмал байсан ч империалист гүрнүүдийг олон улсын эрх зүйн дагуу Хятадыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахад хүргээгүй юм.

Блуншли "Орчин үеийн олон улсын эрх зүй" номондоо нүүдэлчин ард түмнүүдийн төр улс байгуулах боломжийн талаарх асуудлыг мөн тусгасан байна. Тэрээр бичихдээ: "Байнга оршин суух газар, өөрийн гэсэн газар нутаггүй тул нүүдэлчин ард түмнүүдийг төр улс гэж үзэхгүй; гэхдээ хэрэв тэд ард түмэн болж эмхлэн байгуулагдвал ... тэднийг төр улстай адилд авч үзэж, тэд олон улсын гэрээ байгуулж болно... гагцхүү хэрэв тэд аль нэг улсад байнга суурьшин нутагладаг бол ... Хятад дахь монголчууд шиг ... тэд шинэ төр улс байгуулж болно.“[5] гэжээ. Мэдээж Блуншли монголчуудын талаар бидний одоогийнх шиг мэддэг байгаагүй, гэсэн ч тэр өөрийн гэсэн төр улсыг байгуулах чадвар чухам монголчуудад бий гэж үзэж байсан юм. Дэлхийн өнцөг булан бүрт олон улсын эрх зүйн чухал удирдамжид тооцогдож байсан түүний номонд ийнхүү бичсэнийг бүх уншигчид нь, түүний дотор орос, хятадууд ч сайн мэдэж байсан байх учиртай. 


Чин улсаас салан тусгаарласан нь

Оршин тогтноход нь өөр нэг ард түмний зүгээс учруулж байсан аюул монголчууд, хятадуудын аль алины хувьд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийх гол шалтгаан болсон. 

Хятадын худалдааны пүүсүүдийн мөлжлөгөөс гадна Хятадын нөлөө давамгайлах аюул монголчуудад заналхийлж байсан бөгөөд энэ нь газрыг тариалангийн газар болгох аваас амьдралынх нь эдийн засгийн үндэс болсон нүүдлийн мал аж ахуй, улмаар монгол соёл цаашид оршин тогтнох уу үгүй юү гэдэгт бүхэлд нь эргэлзэхэд хүргэжээ. Тэр завсар өөрсдөө ихэд хятадчилагдаад байсан Манжийн эзэн хаадын засаг төр хятадуудыг Гадаад Монголд газар эзэмшин суурьшихад нөмөр нөөлөг нь болж байсан тул халх монголчууд Манжийн эзэн хаантай тогтоосон холбооноосоо татгалзах шаардлагатай болсон байна. Энэ үйл явцад Манж биш, харин Хятадад дургүйцсэн хийрхэл дагалдан гарч, хүч нэмсэн нь ойлгомжтой. 1911 оны сүүлчээр монголчууд "төр улсын бүрэн эрх, нэр төрийн илэрхийлэл" болсон хэмжээгүй эрхт эзэн хаан Богд Гэгээний тэргүүлсэн шашин төрийг хосолсон хаант засгийг байгуулсан юм.[6]

Харин хятадууд хар тамхины дайнуудаас эхлээд боксёрын бослого хүртэл төрийн зогсонги байдал, эдийн засгийн доройтлын үеийг туулж, үүнийгээ юуны өмнө Манжийн эзэн хааны ордныхон, Манжийн шимэгч элит бүлгийнхний бүтэлгүйтлээр тайлбарлаж байв. Сун Ятсен "Манжууд манай орныг сүйтгэж, биднийг захирч байгааг тэвчих аргагүй болсон нь хувьсгал гарах шалтгаан болсон.“[7] гэсэн буй.Манжид дургүйцэж хийрхсэн нийгмийн давхарга, бүлгүүд Хятадын хаант улс бий болгох талаар ер бодож цэгнэж үзэлгүйгээр Манж улсыг байр сууриа тавьж өгөхийг шаардаж байв. Тэд 1912 оны 2-р сарын эхээр Манж улсын ноёрхлыг түлхэн унагаж, Хятадын Бүгд Найрамдах Улс байгуулснаа зарлажээ.

Уг хоёр үндэсний эрх чөлөөний хувьсгалын хувьд гэвэл Вучаны бослого дараагийнхаа түүхэн үйл явцыг өдөөсөн ч гол гол үйл явдал нэг зэрэг давхцан явагдаагүйг анхаарах нь зүйтэй. Үүнийг дараах баримтууд харуулна: 1911 оны 11-р сарын 16-нд Богд Гэгээн Жавзандамбыг хаан ширээнд залж, Засгийн газар нь байгуулагдсан. 1911 оны 12-р сарын 29-нд Богд Гэгээн Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан. 1912 оны 2-р сарын 12-нд насанд хүрээгүй эзэн хаан Пү И-г төлөөлөн эзэн хааны бэлэвсэн хатан Лунъюй татан буулгах баримт бичигт гарын үсэг зурж, “засаглах эрхийг эзэн хааны нэрийн өмнөөс үндсэн хуульт Бүгд Найрамдах улс болоод байсан Хятад улсад бүхэлд нь ...” шилжүүлсэн.[8]3-р сарын 10-нд Юан Шикай Хятадын Бүгд Найрамдах Улсын түр ерөнхийлөгчөөр томилогдсон. 1912 оноос хойш дотоод бүрэн эрх нь тэртээ тэргүй олигтой хэрэгжээгүй Хятадад Юан Шикайг нас барахад цэргийн толгойлогчдын (warlords) арваад жилийн зөрчилдөөн тэмцлийн улмаас байдал эмх замбараагаа алдсан. Гэсэн хэдий ч улс гүрнүүд Хятадын гадаад бүрэн эрхийг хүчингүй болгоогүй бөгөөд энэ нь эрх тэгш бус гэрээ, хэлэлцээрээр дамжуулан өөрсдийн хүсэл зоригийг Хятадад тулгаж байхад нь тэдэнд энэ бүрэн эрх хэрэгтэй байсантай холбоотой юм. 

Их гүрнүүд Ар Монголын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөөгүйг нэг их дөвийлгөн авч үзэх хэрэггүй юм. Тэд бас Гадаад Монголын асуудлаар шаардлага тавих эрхээ сэргээхэд нь Хятадад дэмжлэг үзүүлэх талаар юу ч хийгээгүй. Монгол-Оросын гэрээ байгуулагдсаны дараа Хятадыг Японоос "Ази" ёсоор эв санааны нэгдлээ илэрхийлэхийг хүсэхэд Токио хүйтэн хөндий хариу барьж байлаа. "Ар Монгол нь Хятадаас цөлөөр тусгаарлагдсан, тэнд (Хятадаас) өөр угсаатан оршин суудаг, Японы албан ёсны байр суурь ийм байсан. Тиймээс Хятад улс нэг их эмзэглээд байлгүй Хятадын эзэн эрхийн дор өөртөө засах монголчууд болон оросуудын шаардлагыг ёсоор болгож болохоор байгаа юм. Сибирийн хилээ хамгаалахад нь Оросод бие даасан Монгол улс хэрэгтэй. Өвөр Монголд бол юм өөр. Эдийн засгийн хувьд Хятадад хамаарна, их төлөв хятад хүмүүс оршин суудаг... газар зүй болон эдийн засгийн хувьд Манжууртай нэгдмэл. Өмнөд Манжуур, Өвөр Монгол дахь Японы ашиг сонирхол бусад бүх улс гүрнийхээс хамаагүй их байсан, гэлээ гэхдээ одоо тэндэх байдлыг өөрчлөхийг хүсэх шалтгаан Японд байхгүй байлтай.“[9] 



[1] F.E.A. Krause, Geschichte Ostasiens, Zweiter Teil Neuere Geschichte, Göttingen 1925, 451 дэх тал.

[2] Dr. Bluntschli, Allgemeines Staatsrecht geschichtlich begründet, München 1852, 109-113 дахь тал.

[3] Dr. Bluntschli, Allgemeines Staatsrecht geschichtlich begründet, München 1852, 109-113 дахь тал.

[4] J. C. Bluntschli, Das moderne Völkerrecht der Civilisirten Staaten als Rechtsbuch dargestellt, Nördlingen 1869, 63 дахь тал.

[5] Мөн тэнд.

[6] Dr. Bluntschli, Allgemeines Staatsrecht geschichtlich begründet, München 1852, 377 дахь тал.

[7] Sun Yatsen, Reden und Schriften, Leipzig 1974, 97 дахь тал.

[8] Jung Chang, Kaiserinwitwe Cixi. Die Konkubine, die Chinas Weg in die Moderne ebnete, München 2014, 490 дэх тал.

[9] O. Franke, die Großmächte in Ostasien von 1894-1914, Ein Beitrag zur Vorgeschichte des Krieges, Braunschweig und Hamburg 1923, 388-389 дэх тал.