ЭДИЙН ЗАСАГЧДАД ХОРЛОГДСОН ЭДИЙН ЗАСАГ

                                                        A PERFECT TRAGEDY IS THE NOBLEST PRODUCTION OF HUMAN NATURE (Joseph Addison)

Эртний Герегт гэр орноо төвхнүүлэх, аж ахуйгаа хөтлөх ухаан гэсэн утгатай “ойкономиа” гэсэн нэр томьёо хэрэглэдэг байсан нь өнөөгийн бидний эдийн засгийн ухаан гээд буйтай агуулга нэг. Хүн бүрийн гэр орноо авч явах байдал өөр өөр боловч үүнд нийгмийн хөгжлийн түвшин, орчин ахуйтайгаа холбогдсон нийтлэг зүйл буйг нь нэлээд хожуу ажиглан судалснаар эдийн засгийн шинжлэх ухааны салбар үүссэн бололтой. Хувь үйлдвэрлэгчийн аж ахуйгаа хөтөлж буй зүй тогтцыг судлахыгаа бичил эдийн засаг, тухайн салбар, бүхэл нийгэм, системийн аж ахуйн зохицолдоог судлахыгаа макро эдийн засаг гээд буй бололтой. Ямар ч тэнэг идэх ухаанаа олдог болохоор хүссэн ч хүсээгүй ч бүгдээрээ орон гэр, амин биеэ тэжээх хэрэгтэй учир их бага хэмжээгээр эдийн засгийн, үр ашгийн тооцоо гаргаж амьдардаг ба орчны нөлөө хийгээд тухайн хүний овсгоо, хөдөлмөрөөс шалтгаалан үр дүн нь янз бүр гарч тэр чинээгээрээ хүмүүс баян ядуу байдаг биз.

Төр үүссэн цагаасаа эхлэн хувь хүний аж ахуй хөтөлж буй руу булаах, хориглох, дэмжих, хөхиүлэх, татвар авах, зэргээр хөндлөнгөөс оролцож байв. Тиймээс төрийн оролцоо, зохицуулалтгүй эдийн засаг гэж үгүй гэсэн үг гарчээ. Хүн нэгэнт Робинзон Крузо шиг ганцаараа биш хүний нийгэмд амьдардаг ба нийгэм нь хувь хүний аж ахуй хөтөлж буй руу нь үргэлж оролцдог тул мөнөөх эдийн засаг маань улс төрөөс хараат байдаг. Үүнийг улс төр нь эдийн засгаас хараат байдаг гэж хэлсэн ч болно. Бичил ба макро эдийн засгийн явц, хоорондын харилцан шүтэлцээ зэргийг судалдаг хүнийг эдийн засагч гэнэ. Хүний түүхэнд төрсөн хамгийн аугаа эдийн засагчид гэвэл Адам Смит, Алфрэд Маршалл, Кэйнс, Рикардо, Мальтус, Милл, Маркс (Маркс бол XIX зууны нийгмийн эдийн засагт хамгийн лут дүгнэлт өгсөн гайхамшигт эрдэмтэн болохоос өнөөдөр МАХН-аас байнга албан ёсоор аашлаад буй шиг хүний адаг яавч биш), Парэто, Фридман нар юм. 

Аж ахуй хөтлөх явдал хүний нийгэмтэй зэрэг л үүссэн ба төрөөс дандаа их бага хэмжээгээр хутгалдан орж байсан авч үргэлж хувийн өмч дээр тулгуурлаж байв. Өмч нь нэг хэсэг хүн нөгөө хэсгээ мөлжихийн эх сурвалж болдгийг эртнээс ажигласан ба нийгэмд шударга ёс, тэгш эрх эдлэх явдлыг алдагдуулдаг тухай Библийн сударт ч өгүүлсэн байдаг. Хүний түүхэнд гарсан хамгийн аугаа бүтээлийн нэг Хөрөнгө зохиолыг туурвигч Карл Маркс өмчийг дундын хэлбэрт оруулж мөлжлөгөөс чөлөөлөгдөж болох тухай зоримог таамаглал дэвшүүлэхдээ хожмын өдөр энэ онолыг нь ашиглан бүлэг хүмүүс ертөнцийн түүхэнд тохиолдоогүй том шорон байгуулж олон ард түмэн хэдэн үе дамжин тэнд нь хоригдох юм гэж даанч төсөөлөөгүй биз. Шинжлэх ухаан гэхээсээ адал балмадыг эрхэмлэгч Ленин, Сталин, Мао нарын гараар Марксын таамаглал орж хэрэгжихдээ аргын хувьд байтугай зорилгын тухайд шал өмнөө юм болон хувирчээ. Хүн бүрийн өмчийг хураан нэг гарт зангидаад тэндээсээ бүхэл бүтэн улс орны аж ахуйг төвлөрүүлэн удирдаж байсан нь хүн төрөлхтний түүхэнд тохиолдоогүй шинэ хэлбэр байлаа. 

Өмч гэдэг мөлжлөгийг төрүүлдэг эд мөн боловч нөгөө талаас хүнд эрх чөлөөг олгодог гайхам чанартай ажгуу. Өмчөө, өөрөөр хэлбэл эрх чөлөөгөө алдсан ард түмнийг төвлөрсөн эдийн засаг гол зогоох хоолоор тасалж байсангүй. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрөхөд ажил хийдэггүй, хийх хүсэлгүй, ядуу муу амьдралдаа бүрэн сэтгэл ханасан хүний бүхэл бүтэн тэжээвэр сүрэг бий болжээ. Үүнийг одоогийн хэлээр “бэлэнчлэх сэтгэлгээ” гээд байх шив дээ. Энэ бэлэнчлэх сэтгэлгээг “төлөвлөгөөтэйгээр” тооцоо гарган хоолыг нь хуваарилж байдаг хүмүүсийг манайд эдийн засагч гэдэг аж. Эрүүл газрын эдийн засагчид хүмүүс яаж мөнгө хийж буйг судлаад холбоо шүтэлцээг нь тогтоохыг оролддог бол манай эдийн засагчид хүмүүст яаж амьдрахыг нь өөрөө мэдэхгүй байж зааж өгнө. Нэгэнт ажил хийдэггүй нийгэм тул хоолоо аль нэг газраас авах хэрэгтэй. Үнэндээ ЗХУ нь Монголын колони байжээ. Юу гэвэл тэндээс хэрэгцээнийхээ 70%-ийг зээлээд авчихдаг ба эдийн засагчид маань түүнийг “шударгаар” хуваарилах л ажил хийнэ. Гэвч алив сайн сайхан юманд эцэс төгсгөл байдаг болохоор манийгаа тэжээж байсан мөнөөх нийгэм байтугай ЗХУ өөрөө устаж алга болсон төдийгүй сүүлийн гучаад жил зээлүүлсэн хөрөнгө болох 17 тэрбум доллар буюу алтаар бодвол 1 700 тонн алтаа нэхдэг байгаа. Ийм л эдийн засагтай, ийм л эдийн засагчтай байсныгаа бид өнөөдөр тэр үед мөн сайхан цатгалан байлаа даа” хэмээн харамсан дурсах ажгуу.

Одоо зах зээлийн системд орлоо. Найрагчид шүлгэндээ, шог зохиолчид өгүүллэгтээ, жүжигчид тоглолтондоо, сэтгүүлчид уянгын бодролдоо, улс төрийн зүтгэлтнүүд сонордуулгадаа “зах зээлийн тогтолцоо шал дэмий хэрэггүй хог!” хэмээн харааж буйтай санал нэг байгаа боловч биднийгээ тэжээж байсан хуучин систем маань ертөнцөд үгүй болсон, биднийг зүгээр тэжээе гэсэн хэн ч байхгүй болсон енөө үед дээрх нөхдүүд хоосон шүүмжлэхээс, шинэ арга зам олоод заагаад өгчихгүй байгаад үнэхээр санал сэтгэл алдарч байна. 

Ийнхүү учраа олохгүй манаргаж явахад маань өнөө хэдэн социализмын эдийн засагчид маань юу хийж байна вэ? Дэлхийд эдийн засгийг шинжлэх ухаан гэж үзээд том нээлт гаргасан эдийн засагчдыг жил бүр Нобелийн шагналаар хөхиүлдэг юм байна. Нобель хүртсэн аваргууд нь социалист эдийн засгийг ерөөсөө шинжлэх ухаан биш, эдийн засагтай ямар ч хамаагүй үзэл суртал гэж нэрлэдгийн жишээ гэвэл “Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт суралцан ажилласан хүнийг зах зээлийн сэтгэлгээтэй эдийн засагч болгож хувиргах ямар ч аргагүй, харин энэ талын ямар ч категори сонсоогүй хүнд шинээр зааж сургасан нь амар төдийгүй, үр дүн нь олон дахин дээр” хэмээн Василий Леонтоф гэгч лут эдийн засагч хэлсэн нь урьд эдийн засгийг чинь хөтөлж явсан нөхдөд шинэ нөхцөлд итгэж болохгүй шүү гэсэн сануулга болов уу. Сүүлийн гурван жил Монгол орон ардчилсан тогтолцоонд амьдарч буй боловч эдийн засгийг маань өнөө л нөхдүүд хэлдэг нэр томьёогоо солиод цааш хөтөлсөөр явна.

Үр дүн нь? Хэдхэн сарын өмнө Нобелийн шагналт эдийн засагч Лоурэнс Клайн НҮБ-д “Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийн төлөв” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв. XXI зууны дэлхийн хөгжлийн оргил Азид бий болно гэдгийг бүх талаар батлан харуулсан уг илтгэлд бүх орнуудыг, тэр байтугай Хойд Солонгосыг хүртэл магтан Ким Ир Сэн унахаар тэнд өмнөдийнхөө хүчинд хүчирхэг эдийн засаг босно хэмээжээ. Орон тус болгонд зориулж эдийн засаг нь хэрхэн босож байгаа ба цааш амжилт үзүүлэхийг нь нарийвчлан өгүүлсэн авч ганцхан Монголын тухайд л хоёрхон өгүүлбэр хэлсэн нь “Энэ орны хувьд эдийн засгийн өсөлтийн найдвар харагдахгүй байна. Дэд бүтэц байхгүй, коммунист дарангуйлалд хэтэрхий удсан зэрэг бодит шалтгаан бий боловч одоо болтол эдийн засгийн хөгжлийн хандлагаа тодорхойлж чадаагүй байгаа нь гол шалтаг юм гэжээ. Өнгөрсөн гурван жилд бид хүмүүнлэг тусламжийг оруулбал 500-600 сая ам. долларын зээл тусламж гаднаас авчээ. Гэвч хүний мөнгийг ам руугаа оруулаад жорлон руу асгадаг манай эдийн засгийн тогтолцоо эвдрээгүй байхад тусламж бол зөвхөн элс рүү гоожуулсан усламж л болно.

ОУВС, Дэлхийн банк, Азийн банк, хандивлагч орнууд бол Монголд хуучин ЗХУ-ын үүргийг гүйцэтгэж биднийг тэжээх гэж байгаа бус, харин манай орны төрийн тогтолцоо ардчилсан болсныг дэмжиж зах зээлийн харилцаанд эргэж орох гэсэн алхамд нь туслах гэж байгаа юм гэдгийг л чанд ойлгох хэрэгтэй. Ялангуяа мөнөөх хуваарилалтын “эдийн засагчид”! Олон жилийн турш Африкийн хөгжиж буй орнуудад тусалсан ба цаадуул нь хорь болгоорой гэж өгсөн арван төгрөгийг нь ходоод руугаа хийчихээд дахин нэхсээр байгаад хашраасан тул одоо дээрх байгууллагууд зөвлөмж өгдөг ба түүнийг нь биелүүлэх юм бол зээл тусламжаа тодорхой зориулалтаар болгоомжтой өгдөг болжээ. ОУВС-ийн зөвлөмжийг дагасан ч болно, үгэнд нь оролгүй биеэ даасан ч дур. ОУВС монетаризм буюу мөнгөний хатуу бодлогыг гол чиглэлээ болгодог ба үүнийг олон газар шүүмжилж “муужруулах эмчилгээ” гэдэг хоч өгчээ. Муужруулах эмчилгээг тууштай хэрэгжүүлээд босоод ирсэн газрын жишээ гэвэл Польш байна. Гадаад дотооддоо сүрхий шүүмжлэгдэж, их ч эсэргүүцэлтэй тулгарсан программыг хэрэгжүүлснээр хуучин социалист орнуудаас анх удаа Польш орон үндэсний орлогын долоон хувийн өсөлтийг өнгөрсөн жил үзлээ. Зөөлөн аргыг тууштай хэрэгжүүлсээр өндийгөөд ирж буй улс ч Чех, Унгар гээд зөндөө л байна. Харин бид ямар замаар явж буй юм бэ?

Ардчилсан газар улс орон ямар замаар явахыг ард түмэн өөрөө сонгуулиар шийддэг. Нийгмийн хамгаалалтыг буй бодлого ч үгүй, зөөлөн шилжилтийн бодлого ч үгүй, хэдэн социализмын түгээх мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх туршилтад толгой нь эргэж гүйцсэн монголчууд бидний хувь заяаг нэрт эдийн засагч Лоурэнс Клайн голоор нь олж хэлсэн юм биш байгаа???

                                                                                                                      1993.8 сар