Монгол  Улсын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ анх удаа хоёр удаа санал хурааж аль алинд нь Х.Баттулга нэр дэвшигч тасархай түрүүлж Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Харин түүнийг Монголын ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг мөн гэдэгт эргэлзэж байгаа хүн олон байгаа биз ээ. Ардчилсан намыг, МоАХ-г , Жүдо бөхийн холбоог, Монголын сэтгүүлчдийг, хуулийнхныг, Монголын төмөр замчдыг гэхчлэн Монголыг талцуулан хувааж чаддаг нь түүний мөн чанар. Энэ чанараа Ерөнхийлөгчөөр сонгогдоод тамгаа гардаж авангуут гээж “эв нэгдлийг эрхэмлэгч” болно  гэдэгт би лав итгэхгүй.

Хэрэв М.Энхболд энэ сонгуульд ялсан бол “Х.Баттулгынхан” юу хийх байсан гээч. Энэ талаар хуулийн хүрээнд холбогдох мэдээлэл бий. “Аз, эз” нь таарч, Н.Энхбаярын цагаан хуудасны хүчин чармайлтаар Х.Баттулга сонгуульд яллаа. Харин үүнийгээ “Монгол ялж байна” л гэж дахин бүү андуураасай. Монгол Х.Баттулгатай огт адилгүй юм аа. “Ямар удирдагч байна, тийм л ард түмэн байдаг” гэгчээр дэндүү туйлдан ядрааж, ядууруулж, гүжир гүтгэлэгт автуулсан 2012-2016 оны “муухай дөрвөн жил”-ийн үр дүнд энэ ялалт “яллагдагч” Х.Баттулгад ирлээ. Цагаатгагдсан бичиг хараагүй учраас би ингэж бичлээ. Одоо ч тэр бүх хяналт шалгалтын дүн хогийн саванд орно л доо.

Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэнэ ээ. Над муу байтугай нь гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авсан шүү дээ. Гэхдээ “Ялагдал мэт ялалт, Ялалт мэт ялагдал” гэгч энэ болов. М.Энхболд имижээ хадгалж эв нэгдлийг эрхэмлэхийн тулд ямар ч эрсдэл хүлээхээс эмээхгүйгээ харууллаа. Албан тушаалын төлөө тэр шударгаар өрсөлдсөн болохоос хар муу зүйл хийхгүйгээ нотолж, “Монгол ялна” гэчихээд “Монгол ална” гэсэн мэт аймшигтайгаар сурталчилгаагаа эхэлсэн сонгууль нэртэй “дажин”-г эвээр дуусгахыг л хичээсэн. “Эвтэй Монгол ялна” гэсэн уриа шигээ “Эвийн төлөө” ганц гарц нь, дажингүйгээр Х.Баттулгыг “дур тавиулах” боломж нь “Монгол ялна”-ыг нь гүйцэлдүүлэх явдал байв.

Хэрэв түүний оронд өөр хэн нэгэн байсан бол, АН-ынхан байсан бол, УИХ-д 65 суудалтай намын дарга, УИХ-ын дарга байсан бол эвийн төлөө тахим өгч чадах уу. Энэ бол М.Энхболд. Жамбын Батмөнх асан шиг тайван замыг сонгосон, хувийн ашиг сонирхлоосоо ард олны ашиг сонирхлыг дээгүүрт тавьж  чадсан зөв алхам байлаа. Зөв хүнээс зөв л алхам байдаг аж. Боломж өгсөн ч буруу гишгэж чаддаггүй юм байна.

Эдийн засагч мэргэжилтэй, төрийн албыг шат дарааллаар нь хариуцлагатайгаар хашсан туршлагатай энэ кадрыг золтой л “тамганы сахиул”, “энгэрийн тэмдэг” болгоод үдчихсэнгүй. Миний Монголчууд ухаантай юм. М.Энхболдыгоо, Төрийн хүүгээ хаана байлгахаа, хаана томилж ажиллуулбал олон хүнд ашигтайг мэдэж байна. 

Нэг удаа би “Х.Баттулга аа, цаасан ч бай, ноосон ч бай, өөрийнхөө л малгайг өмс” гэж бичсэн нь архивт бий. Одоо дахиад нэг малгай нэмэгдлээ. Зохих болтугай гэж амжилт хүсэх ёстой. 

Харин одоо юунд санаа зовж байна гээч. Шоолоод, уурлаад байгаа ч дипломат ёсыг бодож баярын цахилгаан ирүүлж буй хөрш орнуудаас, гуравдагч хөршөөсөө, тодруулбал ОХУ, БНХАУ, Япон, БНСУ “Мафи яллаа”, “мэхлэгч яллаа” гэж харж байгаагаас ичнэ.  Гэхдээ уучлаарай, энэ бол манай ард түмний сонголт гээд бас өмөөрнө. Ер нь энэ цагаас эхлээд өнөөх геополитикчид тун завгүй болох дог шүү. Айсуй хөрөнгө оруулалтын давалгаанд “Гео Ерөнхийлөгч” саад болох вий. Одоо гай бололгүй Монгол төрийн хамгийн өндөр суудалд тавтай тухлаасай гэж Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсье. Бас нэг хүсэлт байна. Монголын ард түмэн “сэжигтэн Н.Энхбаяр”-ыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээгүй байж яллагдагч статустай хүнийг Ерөнхийлөгчөөр сонголоо. Танд холбогдох, өөрийн тань нэрлэдгээр “зохиомол” гэх тэр хэргийг урж хаяж байгаагаа ч, шүүх дээр цагаатгаж байгаагаа ч нэн даруй сонгогчдынхоо өмнө  заавал харуулаарай. Хэрэг хуучирдаггүй шүү дээ, таныг сэнтийгээсээ буухад хэвээрээ байвал “Монгол ялна” биш “Монгол ичнэ”!