В.Ганзориг: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэдгээ бид Үндсэн хуулиараа тунхагласан. Хүний эрх бол оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залууст зориулсан “Боломжийг бүгдэд” төслийн суурь юм. Та бүхэн хэрхэн энэ төсөлтэй холбогдон хамтран ажиллаж байгаа билээ?

Н.Мягмаржаргал: “Боломжийг бүгдэд” гээд төслийн нэрнээсээ эхлээд бүх юм энгийн болон боломжтой сонсогдож байгаа. Гэвч амьдрал дээр хүн болгонд энэ боломж тэгш бөгөөд хүртээмжтэй олгогдож чаддаггүй. Боломжийн тэгш бус байдлыг арилгах зорилгод Ротари хүмүүнлэгийн хөдөлгөөн өөрийн эрхэм үүргийн дагуу нэгдэн хамтран ажиллаж байна. Бүгдэд тэгш боломжийг өгөхөөр ажиллаж байхад зарим үед маш энгийн асуудлыг бид өөрсдөө төвөгтэй болгосон байдаг нь харагддаг. Энэхүү асуудлын шийдэл бол бид өөрсдөө. Хоорондоо нэгдэн, хамтран ажиллах замаар хандлагаа өөрчилж чадвал бид хүн бүрт тэгш боломжийг олгож чадна. Тийм учраас Тусгай олимпын санаачилсан энэхүү төсөлд манай Ротаричууд нэгдсэн. 

Л.Олонбаяр: Би хувь хүн болон ажил мэргэжлийнхээ үүднээс энэ төсөлтэй шууд холбогдож байгаа. Хүүхдийн төлөө ажил цаанаасаа заавал сайхан бүтдэг. Боломжийг бүгдэд олгох нь уг нь маш энгийн ажил байгаа юм. Би оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдтэй тулж ажиллаж, спортоор дамжуулан тэдний эрүүл мэнд, хөгжлийг дэмждэг болохоор тэгш хамруулах ажил уг нь бол маш энгийн зүйл гэдгийг онцолж хэлмээр байна. Ялгаатай хөгжилтэй хүүхдүүдтэй ажиллахад хүнд гэж хүмүүс боддог байж магадгүй. Эсрэгээрээ багшид маш их урам, эерэг хандлагыг өгч, багшийг байнга хөгжүүлдөг. Та бид өөрсдөө энгийн зүйлийг энгийн биш болгоод байдаг тул “Боломжийг бүгдэд” төсөлд оролцож байна. Дараа дараагийн аймгуудад энэ төсөл заавал хүрэх ёстой гэж бодож байна.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Э.Эрдэнэбилэг: Энэ төсөл нийгмийн зорилтот бүлэг буюу оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залууст зориулсан маш чухал арга хэмжээ. Ямар ч тохиолдолд оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, иргэдийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалж, нээлттэй, хүртээмжтэй нийгмийг цогцлооход төр, ТББ, хувийн хэвшил нэгдэх ёстой. Энд ашиг сонирхлын зөрчил үүсэх ёсгүй. Төрийн байгууллагын бидэнд өөр сонголт байх учиргүй. Энэхүү хамтын ажиллагааны жишиг нь “Боломжийг бүгдэд” төсөл болж байна. Ийм төрлийн арга хэмжээ Улаанбаатар хотод голцуу болж, харин хөдөө, орон нутагт төдийлөн хүртээмжтэй байж чаддаггүй. Иймээс зүүн бүсийн аймгуудын арга хэмжээг Дорнод аймагт зохион байгуулж буйдаа баяртай байхын сацуу бүх талаас нь дэмжин ажиллаж байна. 

В.Ганзориг: Тусгай олимп оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн эрхийг хамгаалдаг дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Бусад талаараа ялгаатай хөгжилтэй хүмүүс ямар нэг байдлаар өөрийгөө илэрхийлж чаддаг бол оюуны бэрхшээлтэй хүмүүс чаддаггүй. Эдгээр хүмүүс, гэр бүлийн өмнө тулгамдаад буй хамгийн том асуудлыг юу гэж хардаг вэ?

Л.Олонбаяр: Би яг ийм хүүхдүүдтэй тулж ажилладаг учраас тэр өнцгөөс ярьмаар байна. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийн гол асуудал бол дасгал хөдөлгөөн. Биеийн тамираас тэд маш их хоцордог. Энгийн хүн өөрийгөө хөгжүүлье гэж шийдвэл олон сонголт өмнө нь байдаг. Гэтэл бусдаас хамааралтай хүмүүсийн хувьд ийм сонголт байдаггүй. Гэхдээ эдгээр хүүхдүүдийг тохируулах хэрэглэгдэхүүн, тоглоом, спортын тусгай тоног төхөөрөмжөөр дамжуулан хөгжүүлэх бүрэн боломжтой. Бага насны хүүхдийг хүчилж дасгал хөдөлгөөн хийлгэх боломжгүй. Иймээс тоглоомоор дамжуулан хөдөлгөөнийг нь удирддаг. Ийм боломжийг эдгээр хүүхдүүдэд гаргаж өгөхөд уг нь ядаад байх зүйлгүй. Дээр дурдсан тоглоом, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр сургууль, хүүхэд хөгжүүлэх болон сэргээн засах төвүүдийг хангахад болно. Бид өөрсдөө энэ мэт боломжуудыг хүүхдүүддээ гаргаж өгөхгүй байгаа нь хамгийн том асуудал болчихоод байна. 

В.Ганзориг: Манай хүүхэд угаасаа бэрхшээлтэй юм чинь хөгжүүлэх гэж оролдоод нэмэргүй дээ гэдэг хандлага эцэг, эхчүүдээс гардаг уу?

Л.Олонбаяр: Сүүлийн үед гайгүй болж байгаа. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдийн эцэг эх, ялангуяа ээжүүд бол баатрууд! Учир нь тэд хүүхдээ хөгжүүлэхийн төлөө маш олон бэрхшээлийг сөрөн даван туулж явдаг. Тэдний хувьд 100 метрт хүүхдүүд нь 10 байна уу 20 секүүндэд гүйхдээ биш барианд орох нь чухал байдаг. Манай төвийг орон нутгаас зорьж ирдэг эцэг, эхчүүдийн хандлага шал өөр буюу эерэг байдаг. Ер нь бол хүүхдээ дутуу үнэлэх, сурах, хөгжиж боломжгүй гэж бодож огт болохгүй. Ямар ч хүн дэлхийн аварга болох албагүй. Харин оролцоогоороо дамжуулан эрүүл мэндээ хөгжүүлэхийн сацуу аз жаргал мэдрэх нь чухал шүү дээ. 

Н.Мягмаржаргал: Тоглоом, тоног төхөөрөмж гэхээр хүмүүс заавал үнэтэй эд зүйлс гэж ойлгоод байж магадгүй. Олонбаяр багшийн хичээл дээрээ гар доорх материалаар маш хөөрхөн өгөөжтэй тоглоом, тусгай хэрэглэгдэхүүн хийж хүүхдүүдээ хөгжүүлэхдээ ашигладаг тухайгаа ярьж байсан. Иймээс асуудлын шийдлийг аль болох энгийн байлгах нь чухал гэдгийг бид өөрсдөө тэр тоглоомоор тоглож үзээд маш сайн ойлгосон.

Э.Эрдэнэбилэг: Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусыг нийгмийн суурь үйлчилгээнд заавал хамруулах ёстой. Ялгаатай хөгжилд нь тохирсон төрийн үйлчилгээг хүргэх ёстой гээд угаасаа хуульд заасан байдаг. Боловсролын байгууллагад ажилладаг багш энэ чиглэлээр мэргэшихээс гадна сургуулиуд боломжийг бүгдэд олгосон хүртээмжтэй орчинг бүрдүүлж, хүүхэд бүрт тохирсон сургалтын хөтөлбөртэй байх ёстой. Дорнод аймгийн хувьд бүх сургуулиа боловсон ариун цэврийн байгууламжтай болгож чадсан. Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 00-ийн өрөөг аймгийнхаа сумдуудад хийсэн. 

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Зүүн бүсийн “Хүний хөгжлийн төв” Чойбалсан хотод баригдаж байна. Энд зөвхөн Дорнод биш Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэд үйлчлүүлнэ. Энэ төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхээс гадна сэргээн засах, эрт үеийн илрүүлэлт, оношилгоо хийгдэнэ. Харин хамгийн тулсан асуудал энэ төвд ажиллах хүний нөөц болоод байна. Аймгийн хэмжээнд анагаахын сургуульд сурч байсан хүмүүсийн судалгааг авч, энэ чиглэлээр сурч буй оюутнууддаа нээлттэй мэдээлэл хүргэн ажиллаж байна. Бид “Нутгийн ирээдүй” гээд хүний нөөцийг бүрдүүлэх төсөл хэрэгжүүлдэг. Энэ төслөөр дамжуулан оюутнуудын сургалтын төлбөр дээр нь дэмжлэг үзүүлээд, сургуулиа төгссөний дараа энэ төвдөө ажиллуулах загвар бий болгон ажиллаад эхэлсэн. 

Н.Мягмаржаргал: Ний нуугүй хэлэхэд би саяхныг хүртэл ялгаатай хөгжилтэй хүмүүсийг өнөөдрийнх шиг сайн ойлгодоггүй байсан. “Боломжийг бүгдэд” төсөлд оролцсоноор би өөртөө дүгнэлт хийж, бусдаас маш их зүйл сурч, баргийн эмчээс илүү нарийн мэдээлэлтэй болж байна. Энэ мэдээллээ би цаашаа мэдэхгүй олон хүнд түгээнэ. Бид багадаа, сургуульд байхдаа ийм зөв мэдээлэл, цэгцтэй мэдлэг авч чадаагүйн улмаас саяхныг хүртэл ийм буруу ойлголт, бас айдастай явсаар иржээ. Иймээс хүртээмжтэй нийгэм, хүний эрхийн боловсролыг багаас нь хүүхдүүдэд олгох юм бол энэ хэрээр оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд нийгэмд жигд оролцоотой байж, бусад хүүхдүүдтэй яг адилхан эрхээ эдлэх тэгш боломжтой болно. 

В.Ганзориг: Эцэг, эхчүүдтэй уулзаж байхдаа Олонбаяр багш “Би ажлаа жаргаж хийдэг” гээд бардам хэлж байсан. Энэ аз жаргалын тань нууц юу вэ?

Л.Олонбаяр: Манай хүүхдүүд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, цаанаасаа гэрэл, хайр цацруулсан хүүхдүүд байдаг нь надад аз жаргалыг мэдрүүлдэг. Би багадаа чөлөөт бөхөөр барилддаг байсан. Би хэзээ ч дэвжээн дээр аз жаргалтай барилдаж үзээгүй. Гэтэл манай хүүхдүүд дэмжээн дээр гарахдаа бөөн баяр, нил аз жаргалыг цацраадаг. Ийм хүүхдүүдтэй ажиллаж байхдаа би тэдэнд заах биш эсрэгээрээ би өөрөө хүүхдүүдээсээ суралцдаг. Учир нь би багаасаа айдастай, сэтгэл зүйн хүнд дарамт дор дэвжээн дээр гарч барилддаг байсан. Үүнийг хүүхдүүдээсээ суралцаж, өөрийгөө засч байгаа. Үүний төлөө өглөө бүр ажил руугаа яаран яаран аз жаргалтай очдог. 

Би эрүүл мэнд, биеийн тамирын багш мэргэжилтэй. Тоглоом ашиглан хүүхэд хөгжүүлэх арга зүйд нилээд суралцсан. Хүүхэд тоглонгоо хөгждөг. Завхан аймагт ажилладаг байхдаа тоглоомоо аваад сургуулийн их завсарлагаанаар хүүхдүүдээр тоглуулж, тэднийг хөгжүүлэх сайн дурын ажил хийдэг байсан. Үүний дараа хувийн эмнэлэгт ажилд ороход оюуны ялгаатай хөгжилтэй 10 гаруй хүүхэд над дээр ирсэн. Яаж харьцах, тэднийг хөгжүүлэх туршлага байхгүй байсан учраас “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эх”-ийн холбооны зөвлөх Батчулуун ахаар дамжуулан Тусгай олимптой анх 2017 онд Завхан аймгаас холбогдсон. Анх энэ хүүхдүүдэд зөвхөн туслах л зорилготой байсан бол өнөөдөр би энэ бүхнийхээ нэг хэсэг нь болоод сургалт, нөлөөлөл гээд өдөр тутмын ажил болгоод хөдөлмөрлөж байна. 

В.Ганзориг: Ротари хөдөлгөөний тухай мэдээлэл авмаар байна. Яагаад Тусгай олимпын энэ арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж байгаа нь бас сонирхолтой байна.

Н.Мягмаржаргал: Ротаригийн лого нь хүрд байдаг. Энэ хүрд бол хүн болгонд тэгш боломжийг өгдөг эргэлт юм. Бид дэлхий даяар 200 орчим улсын 45 мянган клубын 1,4 сая гишүүнтэй дэлхийн том хүмүүнлэгийн байгууллага. Дотроо зон, дүүрэг, бүс, клуб, гишүүд гэсэн бүтэцтэй. Манай хүрд аажуухан боловч зогсолтгүй эргэлддэг. Ротаригийн дүрмээр жил бүр хүмүүстээ шинэ боломж өгдөг. Гишүүн болгонд клубынхээ ерөнхийлөгч болох боломж байдаг. Нийгмийн сайн сайхны төлөө хэрэгтэй хүнд нь хэрэгтэй боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн үг. Ротаричууд бүгд бүтэн цагийн ажилтай, ар гэртэй хүмүүс бөгөөд ажлынхаа хажуугаар сайн дураараа энэ бүх ажлыг хийдэг. 

Монгол Улс Олон Улсын Ротаригийн 9 дүгээр зон, 3450 дугаар дүүрэгт хамаарагддаг. Энэ дүүрэгт Хонг Конг, Макао, Монгол, Хятадын Гуандун муж багтдаг. 3450 дугаар дүүрэг дотроо 12 бүстэй. Монгол Улс ес болон 10 дугаар бүст ордог. Энэ 12 бүс дотроо 108 клубтэй. Монголд 18 ротари клуб бий. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт Гурвансайхан ротари клуб шинээр үүсгэн байгуулагдлаа. Дорнод аймагт удахгүй шинэ клуб байгуулагдах байх. Учир нь “Гепатитгүй Монголчууд” гээд 150 гаруй мянган ам.долларын эрүүл мэндийн төсөл Дорнод аймгийн бүх суманд хэрэгжсэн. Энэ төслийн үр дүн олон улсад өндрөөр үнэлэгдсэн. Тусгай олимптой хамтарч буй “Боломжийг бүгдэд” төслийн үр дүнг мөн олон улсад амжилттай гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Түүнчлэн Монголд 15 Ротаракт клуб байдаг. Энэ бол бидний залуу үе юм. Үүний дараагийн үеийг Интеракторууд гэдэг буюу 12-18 насны хүүхдүүд байдаг. Монголд 10 жилийн сургууль дээр түшиглэсэн долоон албан ёсны Интеракт клуб бий. Бүр цаашилбал зургаан наснаас эхэлдэг Жуниорактор клубууд гарч эхэлж байгаа. Дорнод аймгийн нэгдүгээр сургууль дээр Интеракт клуб байгуулахаар ярьж байна. Ротари дэлхий даяар нэг хүнд зориулж биш олон нийтийн төлөө дараах долоон зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, энх тайвныг бэхжүүлж аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэх, ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эх хүүхдийн эрүүл мэнд, суурь боловсрол, бичиг үсэг, эдийн засгийг хөгжүүлэх, байгаль эх дэлхийгээ хамгаалах төслүүд багтдаг. Энэ бүх төслийн хандив, санхүүжилтийг бид өөрсдөө босгодог. Эерэг үр дүн гаргадаг болохоор энэ бүх ажлыг ротаричууд сайн дураараа жаргаж хийдэг бөгөөд өөрсдөөрөө бахархаж, дэлхийн хаана ч явсан жижигхэн энгэрийн тэмдгээ үзүүлээд бусдын хүндлэлийг шууд хүлээж чаддаг. 

В.Ганзориг: Нийгмийн бүх асуудлыг төр дангаараа шийдэх боломжгүй. Ротари зэрэг сайн дурынхан, хувийн хэвшилтэй та бүхэн орон нутгийн түвшинд хэр хамтран ажиллаж чадаж байгаа вэ?

Э.Эрдэнэбилэг: Төрийн нөөц хязгаарлагдмал байдаг. Бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлэхдээ ТББ, хувийн хэвшил, иргэдтэйгээ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй өргөн хүрээнд хамтран ажилладаг. Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг зургаа, долоон ТББ ажилладаг. Эдгээр байгууллага орон нутгийн төрийн байгууллагатайгаа маш идэвхтэй хамтран ажилладаг. Бид ч гэсэн тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд эдгээр байгууллагуудтай хамтран ажиллахыг илүүд үздэг. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялгаатай хөгжилтэй хүүхэдтэй эцэг эхчүүд асуудлаа хэнээс ч илүү ойлгодог, мэдэрдэг, мэддэг учраас бидэнд маш их зүйлийг зөвлөж, харилцан уялдаа холбоотой ажилладаг. 

Дорнод аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал” хөтөлбөр 2016 оноос хойш хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрт зориулж жил бүр орон нутгийн төсвөөс 25-30 сая төгрөг зарцуулдаг. Үүнээс гадна олон төслийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Дорнод аймаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулаад нийтийн тээврээр 7 чиглэлд үнэгүй үйлчилдэг. Өнгөрсөн жил 10 гаруй мянган хүнд үйлчилсэн энэ загвар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэг жишээ юм. Авто тээврийн төвтэйгээ гэрээ байгуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууддаа тэгш, хүртээмжтэй үйлчилгээг хүргэдэг энэ санаачилгыг бусад аймаг, орон нутгаас анхлан бид нэвтрүүлж чадсан. 

В.Ганзориг: Хэрвээ танд бүх эрх мэдэл, нөөц, мөнгө санхүү нь байсан бол энэ салбарт ямар ажлыг хамгийн эхэнд хийх байсан бэ?

Л.Олонбаяр: Би “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д ажилладаг. Манай төв 2019 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулагдсан. Одоо зургаан аймагт “Хүний хөгжлийн төв” Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр баригдаж байна. Эдгээр байгууллагын систем маш гоё. Эрүүл мэндийн сэргээн засал, тэгш хамруулах нийгмийн сэргээн засал гэсэн чиглэл байдаг. Эрүүл мэндийг нь хамгаалахаас гадна хүний таван мэдрэхүйгээр дамжуулан хөгжүүлэх цогц хөтөлбөрүүд үүнд багтдаг. Мөн сургалт, нөлөөллийн ажлууд ордог. Ялгаатай хөгжлийн тухай нэг хүний бодлыг өөрчлөхөд л нийгэмд маш том ахиц гардаг. Иймээс нэгт, ингэж мэдлэг, мэдээллийг нийгэмд хайр найргүй өгдөг систем Монголд маань маш их хэрэгтэй байгаа. Хоёрт, хэрвээ би Боловсролын сайд байсан бол биеийн тамирын хичээлийг зөвхөн сагс, гар бөмбөгөөр хязгаарлахгүйгээр төрөлжүүлэн нэмэгдүүлж өдөр бүр ордог болгоно. 

Манай хүүхдүүдэд аюулгүй байдал, ганцаарчилсан хөтөлбөр, эцэст нь хэрэглэл материал маш чухал байдаг. Хэрэглэл материал хэр сайн байна тэр хэрээр хичээлийн зохион байгуулалт сайжирдаг. Хичээлийн зохион байгуулалт сайн байж гэмээнэ хүүхэд бүрт таарсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө сайн гардаг. Надад хангалттай эрх мэдэл байсан бол бүх сургуулиудад тоглоомын хэрэгслийг хайр найргүй тараана. Ингэж байж багшийн ажил хөнгөрч, тэр хэрээр ялгаатай хөгжилтэй хүүхдүүдэд тэгш боломж олгогдоно. Энэ бол шийдэхэд хэцүү асуудал огт биш. Ийм орчин нөхцлийг бүрдүүлж чадвал бүх багш нар ажлаа жаргаж хийнэ. 

Н.Мягмаржаргал: Надад үнэмлэхүй эрх мэдэл байсан бол би боловсролын салбарт маш их анхаарна. Тэр нь одоогийн боловсролын систем буруу явж байна гэсэн үг биш. Тусгай хэрэгцээ гэдэг нэрээр тусдаа сургуульд тусдаа багш мэргэжилтэн бэлдэхгүйгээр анхнаасаа нийгмийнхээ нэг хэсэг байлгаж, энгийн сургуульд бусдын ялгаатай талыг хүүхэд бүр багаасаа мэдэж өсч, хамтдаа хүмүүждэг болох нь чухал. Иймээс боловсролын салбарт би дорвитой хөрөнгө оруулалт хийх байсан. Ингэж чадвал бид эрүүл мэнд, байгаль орчин, хүртээмжтэй нийгэм гээд өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх боломжтой болно. 

Э.Эрдэнэбилэг: Эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрт хүүхэд наснаас нь эхлэн суурь боловсрол болгон эзэмшүүлнэ. Энэ асуудал ямар чухал гэдгийг ковидын үеэр хүн болгон мэдэрсэн байх. Ялгаатай хөгжлийн чиглэлээр хэрэгждэг олон төсөл эрт илрүүлэлт дээр анхаардаг. Энэ хэрээр эрсдлээс сэргийлж, хүүхдээ багаас нь хөгжүүлэх боломжтой болдог. Иймээс боловсролын салбарт энэ чиглэлээр реформ хийх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байна. 

В.Ганзориг: Та бүхэн салбар бүрийгээ тэргүүлж буй манлайлагчид. Бусаддаа хандан урилга хэлээч гэвэл юуг аминчлан захих байсан бэ?

Э.Эрдэнэбилэг: Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Зүүн бүсийн “Хүний хөгжлийн төв”-ийг Чойбалсан хотод байгуулахаар болсонд талархаж байгаа. Энэ чухал төсөл дээр Дорнод аймаг бусад аймгаасаа түрүүлж сонгогдсон нь бидний хувьд том хариуцлага. Энд зөвхөн Дорнод биш Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэд үйлчлүүлнэ. Бусад аймгуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг ч гэсэн бидний үйл ажиллагаанд өргөнөөр хамрагдаж, хамтран ажиллаарай гэж уриалмаар байна. 

Н.Мягмаржаргал: Ялгаатай хөгжлийн асуудал бүх эцэг, эхчүүдэд тохиолдож болно. Иймээс хүнийг хүн гэж авч үзэх, бусдад боломжоороо туслах, өөрөө чадахгүй бол бусдад чадах боломжийг нь өгч сурах нь маш чухал хариуцлага шүү. Бидний хамтран хэрэгжүүлж буй “Боломжийг бүгдэд” төслийг Мобиком корпораци дэмжин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид хамтдаа говь болон зүүн бүсийн долоон аймагт ажиллаад байна. Үлдсэн бүх аймагт хүрч ажилламаар байна. Үүний тулд хувийн хэвшил, бусад компаниуддаа энэ төслийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж, хүн болгонд, хүүхэд бүрт тэгш боломжийг олгоход туслаарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ ажилд манай Ротаричууд үргэлж бэлэн байх болно. 

Л.Олонбаяр: Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдийн эцэг эх, ялангуяа ээжүүд бол баатрууд! Учир нь тэд хүүхдээ хөгжүүлэхийн төлөө маш олон бэрхшээлийг сөрөн даван туулж явдаг. Хүний зайлшгүй хэрэгцээ эрүүл зөв хооллолт ба идэвхтэй дасгал хөдөлгөөн байдаг. Иймээс ялгаатай хөгжилтэй хүүхэд бүр спортоор дамжуулан өөрийгөө хөгжүүлэх эрхтэй. Хүүхдийн төлөө гаргаж буй зардал, оруулж буй хөрөнгө оруулалтын цаана олон хүүхэд тэгш боломжоор хангагдаж, гэр бүлийнх нь томасуудал шийдэгддэг. Иймээс энэ шийдвэрийг гаргадаг хүмүүс зурж буй гарын үсгэндээ үргэлж сэтгэл хангалуун байгаарай. Тэгш боломжийг бүгдэд заавал гаргаж өгөөрэй гээд шийдвэр гаргаж, бодлого тодорхойлдог хүмүүст хичээнгүйлэн уриалмаар байна. “Боломжийг бүгдэд” төслийг анхнаас нь дэмжиж амжилттай эхлүүлсэн Мобиком корпораци, Ротари хөдөлгөөнд баярлалаа!

В.Ганзориг: Та гурвын хэн нь ч ялгаатай хөгжилтэй хүүхэд, тэдний гэр бүлийг яриандаа буруутгасангүй. Харин асуудлын цөм нь бид өөрсдөө гэж дүгнээд, хамтдаа өөрчлөгдөх ёстой гэдэг маш чухал агуулгыг гаргалаа. Ялгаатай хөгжилтэй хүүхэдтэй аавын хувьд би маш их талархаж байна. Яг үүнийг манай Дауны холбооны Агиун багш “Нийгмийн синдром” гэж томъёолсон байдаг. Иймээс асуудлаа мэдсэн юм чинь бүгдээрээ хамдаа өөрчлөгдөж, хамтдаа хөгжицгөөе!