“Гоё сонгууль” гэж сонгуулийн үр дүнг хүндэтгэсэн сонгуулийг хэлнэ
-“Хар гар” шургахгүй, “хар мэдээ” түгээхгүй байхаас хамгаалах, урьдчилан сэргийлэх нь буруу гэж үү?-
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт маргааш эхэлнэ. УИХ-ын 2024 оны сонгууль нь ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүдийг хийж “Шинэтгэгч парламент” байж чадсанаар халаагаа өгч байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг амилуулах “Эрх зүйн хувьсгалыг” МАН-ын олонхиороо эрх барьсан парламент хийж чадлаа.
Үүний үр дүнд дээрх Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Ингэснээр Монголын парламентын хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хуралдааны дэг ёс шинээр тогтлоо. Энэ бол шинэчлэл мөн.
Монголын ард түмэн 2024 оны 6 дугаар сарын 28-ны 09.00-20.00 цагийн хооронд хамгийн том эрхийг эдэлж төрийн эрх барих дээд байгууллагад хэнээр төлөөлүүлж илгээхээ шийдэх түүхэн өдөр юм. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2.224.233 иргэнээс 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлд саналаа өгнө. Эдгээр саналыг 2943 төхөөрөмжөөр тоолж уншуулж дүнгээ гаргаж бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг хяналтын камерын дор зохион байгуулж үүнд нийт 30 мянга гаруй ажиглагч биечлэн оролцож шууд хяналт тавьж, олон улсын 12 агентлаг, дотоодын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиглаж нээлттэй сурвалжилна.
Ийнхүү хяналтын тооллогыг бүх хэсэгт хийж гар аргаар тоолох нь сонгуулийн үр дүнг будлиулах, сонгуулийн үр дүнг эс хүлээн зөвшөөрөх явдлыг өдөөх, эрх зүйт төрийг сулруулах, улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд бодитой нөлөө үзүүлнэ.
Сүүлийн өдрүүдэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр элдэв сөргөлдөөн, үймээн үүсгэж болзошгүй гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал сувгуудаар мэдээлэх боллоо.
Сонгуулийн тогтолцоо бүхэн өөрийн давуу болон сул талтай. Төгс тогтолцоо гэж байхгүй. Тэгэхээр асуудал үүсэхэд сонгуулийн тогтолцоог буруутгах нь логик муутай. Нөгөөтэйгүүр өмнөх найман удаагийн сонгуулиас тал хагаст нь МАХН, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд МАН нь УИХ-ын суудлын 80 гаруй хувийг эзэлсэн ч нийт саналын 57.1 хувийг авч байжээ. УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш сонгогчдын зүгээс улс төрийн хоёр том хүчинд өгөх нийт саналын хувь буурсан нь бусад намын санал нэмэгдэхэд хүргэсэн. Энэ удаад ч тийм дүр зураг харагдаж байгаа бөгөөд аль болох “солонгоруулж” сонгоосой гэсэн мөрөөдөл, уриалгууд харагдаж байна. Ер нь УИХ-ын 2012 оны сонгуулиар холимог тогтолцоог ашигласнаас бусад тохиолдод жижиг намуудын УИХ-д суудалтай болох боломжийг хязгаарласаар ирсэн нь энэ удаагийн сонгуулийн тогтолцоогоор өөрчлөгдөж “шинэтгэл” болсны зэрэгцээ “нэр татах” гэдэг “будилуулагч”-ийг үгүй хийсэн нь сайн хэрэг.
Юуны өмнө улс төрийн намуудын нэгдэл, хуваагдал, эвсэл байгуулах шалтгаан нь тодорхой бодлогын буюу үзэл баримтлалын шалтгаантай бус, харин хэлцэл, ашиг сонирхолд тулгуурлаж эвсэл байгуулж байгаа нь бодлогын нам хөгжихөд сөргөөр нөлөөлж байгааг судалгааны дүнгүүд өгүүлж байна.
Сонгуулийн санал хураалтын өмнөх нөхцөл байдлаас харахад эрх баригч намын даргыг “мэтгэлцээнээс зугтсаар” сонгуульд оролцлоо гэж, харин АН-ын даргыг сүүлийн мөч хүртэл намынхандаа хүлээн зөвшөөрөгдөж чадсангүй гэдэг дээр олон нийт шүүмжлэлтэй байлаа. Ийм хөрс суурин дээр сонгууль явагдах нь ээ. Тэгвэл яагаад сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй гэж? Хэн үүнийг хийх, эсвэл “хийлгэх” гэж?
Киргиз, Украин, Гүрж, Балканы хойгийн орнуудын гээд олон ч үймээний дүнг шинжлэн судлахад дандаа гадны хатгаас орж байсныг илрүүлсэн байдаг. Киргизид л гэхэд хөвөнгийн болон хар тамхины мафиуд хоорондоо үзэлцэж, улс нь хуваагдчих гээд байж байтал дундуур нь гаднаас гэнэт “хар гар” орж ирсэн байдаг. Манайд сүүлийн үед их хэмжээний валют, эсвэл хуурамч валют орж ирлээ, замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгогдсон жолооны үнэмлэхээрээ түр үнэмлэх авалгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгслээрээ нэвтэрч зорчоод байгаа талаарх иргэд, цагдаагийн ажилтнуудын мэдээллүүд гарсаар байвч зөрчлийг арилгаад торгоод явуулдаг нь анхаарал татсаар байна. Ийм л гэнэтийн, гаднын зүйл аюул болон эзэнгүй, эргэлзээтэй гэмт хэргийг чимээгүйхэн үйлдчихээд гараад явчихдаг талтай.
Өмнө нь ч нийтлэлдээ бичиж байсанчлан “Хэчнээн хурц гэрэл гарна, төчнөөн тод сүүдэр тусна”. Энэ удаад хэлбэр нь өөр байх болов уу гэж таамаглаж байгаа ч бэлтгэлтэй байх л чухал. Гэтэл төр бэлэн байдалд байгаад, ард иргэдийн амгалан байдлыг хангах, хамгаалах бэлтгэлтэй байх гэхээр тэр бэлтгэлээр нь ард иргэдийг айлгаж эмээлгээд тав тухыг нь алдагдуулаад байгаа нь хүртэл цаанаа л сэжигтэй. Сүүлдээ бүр улсын хилийн нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой баримт нотолгоогүй ташаа мэдээллийг тарааж байгаа нь харамсалтай. Харин үүнд холбогдох байгууллага нэн даруй тайлбар хийж, Хил хамгаалах ерөнхий газраас гэмт хэрэг үйлдсэн олон улсад эрэн сурвалжлагдаж бга онц хүнд гэмт хэрэгтнүүдийг Олон улсын нэгдэн орсон хууль, тогтоомж, гэрээ конвенцийн дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн мэдээллийг өгөв.
Гоё сонгууль гэж таны дэмжсэн нэр дэвшигч ялалт байгуулахыг хэлдэггүй юм. Харин сонгуулийн нийт үр дүнг нийт ард түмэн амгалан тайван хүлээн авсан сонгуулийг хэлдэг. УИХ-ын сонгууль бол Төрийн сонгууль. Орон нутгийн сонгууль бол Нийгмийн сонгууль. Төрийн сонгууль, нийгмийн сонгуульд тусгалаа баталгаажуулж нийт ард түмний эрх ашгийг хангасан төр, нийгмийн тогтолцоог хангадаг. Ард иргэдийг айлгаж цочоосон худал мэдээлэл түгээхгүй байж, хэрэв худал мэдээлэл цацагдвал холбогдох байгууллага аль болох цаг алдалгүйгээр няцаалт хийж үнэн бодит байдлыг ард иргэддээ хүргэж гэмээнэ “хар гар” шургалахыг таслан зогсоох, амар тайван сонгууль болж өнгөрөх учиртай. Эрхэм сонгогч Та бүхний сонголт мэргэн, сонгох эрх чөлөөтэй, санаа сэтгэл амгалан тайван айдас хүйдэсгүй байж “Гоё сонгууль” болоосой.