“Геополитикч” Ерөнхийлөгч зүг мөрөө зөв гаргахаас их зүйл шалтгаална
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 7-нд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй, 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай, мөн Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзав.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 7-нд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй, 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай, мөн Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзав. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзахдаа банк санхүү, цөмийн цахилгаан зэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт хийхдээ хамтрах хүсэлтээ илэрхийлсэн. Хариуд нь Тереза Мэй “Хятадын дэлхийд чиглэсэн бүх талын стратегийн түншийн харилцааг ахиулахад Их Британийн тал бэлэн байна. Хоёр орны харилцааг “шижир алтан цаг үе”-д оруулах чухал талыг баримтлах болно гэсэн талаар олон улсын хэвлэл мэдээллүүд онцолж байв.
Мөн Ши Жиньпин Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзахдаа хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Засгийн газар хоорондын том төслийг хэрэгжүүлж, Хятадын талтай банк санхүү, хурдны төмөр зам, чөлөөт худалдааны бүс зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөх талаар голчлон ярилцжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай “Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны 100 хоногийн төлөвлөгөө чухал ахиц үзүүлснийг дүгнэж, хоёр тал хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зөвшилцөв. Хоёр тал гол ашиг сонирхол болон анхаарч буй том чухал асуудлаар харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөн болон эмзэг асуудлаа зүй зохистой зохицуулна гэж Ши Жиньпин онцолсон байна.
Ингээд “Их-20”- удирдагчдын 12 дахь уулзалтын индрээс дэлхийн хэмжээнд нээлттэй байх бодлогоо сануулж, эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэх тухайгаа зарлаад “гэртээ” ирэхэд нь умард хөршийнх нь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдоод тамгаа гардан авсан байлаа. Тэрбээр 10-нд Монголын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсонд, мөн Монгол Улсын үндэсний их баяр наадмын 96 жилийн ойд баяр хүргээд “Хятад, Монгол хоёр орон бол ойр хөрш. Хятад, Монголын харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятадын тал Монголын талтай хамт хоёр талын тохиролцсон улс төрийн багц чухал нийтлэг ойлголтууд ёсоор, бие биенийхээ амин чухал ашиг тус, анхаарч буй чухал талыг харилцан хүндэтгэсний үндсэн дээр Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэснийг Хятадын мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Гэтэл тэр өдөр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга олон удаа Хятад улстай холбогдуулсан үг яриа нийтэлсэн талаар хэвлэлийн эх сурвалжид дурдаад “Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол улсын зарим улс төрчид Хятад, Монголын харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар бодитойд үл нийцэх, хариуцлагагүй үг яриа гаргасан байна, Хятадын тал үүнд анхаарал хандуулж байна” гэсэн нь анхаарал татлаа.
Учир нь Ши Жиньпин “Их 20”-ийн уулзалт дээр хэлсэн үгэндээ Хятад улс нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт зохиож, бодлогын ойлголцол, барилга байгуулалтаа холбож, худалдааг нэвтрүүлж, хөрөнгөө нийлүүлж, иргэдийн сэтгэлийг ойлголцуулах талаар баялаг үр дүнд хүрч, засаглалын шинэ үзэл баримтлал, хамтын ажиллагааны шинэ индэр, хөгжлийн шинэ хөдөлгөх хүч бий болгож байна” гэж зарлаад байтал Хятадын аюулаар Монголын ард иргэдийг айлгагч Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Аль аль тал нь эв эеэр хамтрах дипломат үг бие биедээ хайр найргүй бэлэглэсэн ч бодит байдал дээр биелэлээ олох нь хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа төдийгүй хувийн хэвшлийнхэн, иргэд хоорондын харилцаанд ч чухал билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгад таван өгүүлбэрээс бүтсэн мэндчилгээ илгээсэн.
Зиа тэгээд, “Завгүй явсан Хятадын даргаас түрүүлж Оросын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ”, “ОХУ-ын хүргэн Ерөнхийлөгч боллоо”, “Өмнөх Ерөнхийлөгч АНУ-д сүжирдэг байснаас болж харилцааг хөргөчихсөн” гэхчлэн болох болохгүй үгээр цуурч гарч байна даа. “Зүг мөрөө” аль орон руу гаргаж гадаад айлчлалаа хаанаас эхлэх нь ихээхэн анхаарал татаж буй бололтой юм.
Аль ч оронтой харилцахдаа амлаж болох үгээ амнаасаа унагадаг, “Тохирлоо” гэчихсэн бол түүндээ хүрдэг байхад “Геополитикч Ерөнхийлөгчтэй” болсны хэрэг бүтэх биз ээ. Төрийн Тэргүүнийхээ ажилд өндөр амжилт хүсье!