Наян дөрвөн шидтэний дуудлага
Шүтэн барилдлага хуурмаггүй, гэгээн хоосон урвалтгүйн жам ёс дор сүслэн залбирму.
Гэгээрэгч бүхэн “Алдрыг минь дуудаж, цадигийг минь дурдсан бүхэн ариусан гийх болтугай” гэж үнэн үгийн увдисаар адисладаг билээ. Шүтэн барилдлага хуурмаггүй, гэгээн хоосон урвалтгүйн жам ёс дор сүслэн залбирму.
Наян дөрвөн шидтэн егүзэрийн хүчийг бадрааж,
Наян дөрвөн мянган номын үүдийг нээнэ үү.
Наян дөрвөн мянган нисванисын хүчийг урвуулж,
Наян дөрвөн сэтгэшгүй бурхадын орныг цогцлооно уу.
Ариун зүрхээр амталбал амьдрал, нирваан ялгаагүй.
Азар бузрын идээг рашаанд хувиргасан Лүейва.
Аньс билгээр ухаарвал аглаг, цэнгүүн ялгаагүй.
Аялаг тавлаг жаргалаа дияанд хувиргасан Лилава.
Нанчид нанчидын шимийг самадийн ундаа болгоод
Найрын дугараа гүйцтэл нарыг аргамжсан Бирүва.
Бачит ертөнцийн төрийг номын төрөөр арилжаад
Бадмын дагинаа тэвэрч, барс хөлөглөсөн Домбива.
Аргын уран нуманд билгийн сумыг онилоод
Атгаг үзлийн гөрөөсийг атиртал харвасан Шавари.
Санах сэрэхийн агаарт үзэгдлийн хөшгийг яраад
Самуун зүүдний хорвоог сарнитал дуулсан Сараха.
Амгалан хоосны өвөрт хагацлын гашууг тайлаад
Арилсан утгын дагиныг ханиа болгосон Гангарива.
Аварга загасны хэвлийд номын дууг анирлаад
Арвис шидийн эрдмээр хотлыг бишрүүлсэн Минава.
Эрчимт хийн бясалгалаар чанадын огторгуйд халиад
Эрэмдэг зэрэмдэг биеэ эрдэнэд хувиргасан Зорангива.
Элбэрэл журмын сэтгэлээр буяны сүргийг хураагаад
Эгэл малчин заяагаа гүрүд хувиргасан Горагша.
Шанз ятгын эгшгээс аниргүйн аялгууг нээж,
Шалдар булдар үйлээс самадиг ургуулсан Винава.
Шашин номын далайгаас бясалгалын охийг нэрж,
Шавьдаа шавь ороод билгийг дэгжээсэн Шантива.
Орь сүнсний жавхланг өтөл насандаа таньж,
Очирын хот мандлыг гэрлээр нэхсэн Дандива.
Дивт нисванисын ширийг нигүүлсэхүйн усаар дэвтээж,
Дээдийн хүрдэн гутлыг дияанаар урласан Замарива.
Хулгайн хар мөрийг мөргөлийн бороонд угааж,
Хурц билгийн илдээр хүлээсийг тасдсан Хангава.
Хуудуу сэтгэлийн төмрийг бодийн алтанд урвуулж,
Хутагт номын шидээр ертөнцийг гийгүүлсэн Нагаржуна.
Эрдэм чадлыг эрхшээвч омогт автаж болохгүйг
Энэрэл нигүүлслийн үүднээс сургамж болгосон Ганхава.
Эцэс чанадыг туулавч сүсэг ахарлаж болохгүйг
Эгнэгт бишрэнгүйн үүднээс үлгэр болгосон Гарнарива.
Чихэнд орсон усыг усаар хөөх арга шиг
Чивэлт ертөнцийн худлыг худлаар ерөндөглөсөн Таганава.
Цэцэгт хурсан балыг урнаар хүртэх зөгий шиг
Цэцэн багшийн увдисыг итгэлээр хүртсэн Нарова.
Аймшигт чонын улианыг амгалан хоосонд шингээж,
Айдас хүйдсийн уяасыг аянд нь тайлсан Шалива.
Аясын салхинд бүжих хурмастын цагаан үүл шиг
Ашиг, алдрын хорвоог ганд нь орхисон Дилова.
Энэ, хойтын алинд ч шунах сэтгэлээс хагацаад
Эрдэнэ судрыг үүрэн Замбуулинг адисласан Задраа.
Бие, сэтгэлийн алинд ч баригдах үзлээс гэтлээд
Бярман омгоо таягдан билгүүнийг хүртсэн Бадраа.
Холбож оёхын үйлээр бурхан, сэтгэлийг нэгтгэж,
Хослон орохын шидээр хорвоог урвуулсан Духанди.
Хотол мянган ертөнцийг нэгэн дусалд багтааж,
Хойрго залхуу зангаа ариунд хувиргасан Азоги.
Гадна, дотны ялгаа солонгын хээ шиг замхрахад
Гагц чанараар цэнгэсэн галзуу егзөр Галава.
Гайхамшигт багшийн увдис Гангын урсгал шиг буухад
Гаслан буртгаас салсан гавшгай угаагч Дубива.
Алмааз эрдэнийн туяанаас илбийн чанарыг ойлгоод
Ариун сэтгэлийн байгалийг илтэд нээсэн Гангана.
Асралт эхийн сургаалаар аглагийн орныг зориод
Айсах шулмын аймгийг номд оруулсан Гамбала.
Хүндэт язгуурт уягдалгүй зарцын дүрд ороод
Хүчир үйлээр гэгээрэх эрдмийг үзүүлсэн Дэнгива.
Хүслэнт тэнгэрт хоргодолгүй хүний ертөнцөд буугаад
Хүлээс бүхнийг тайлах самбааг олсон Бандэва.
Ахуй бүх ертөнцийг мөрийд тавиад алдах шиг
Арилсан чанарт уусаад амгаланг хүртсэн Дандэва.
Өнчин дорой бүхнийг үрээн гэж санах шиг
Өлдсөн жингэрийг асраад дагинатай учирсан Гүгүрива.
Шилэнд ургасан ураа сэндэр мандал болгоод
Сэлүүн хоосны агаарт шингээж амарсан Гүзива.
Шимтэн судалсан номоо шижир илтэс болгоод
Сэрүүн ухамсрын төвд хайлуулж нэгтгэсэн Дармава.
Ааг омгийн үзүүрийг өөрийн дотогш чиглүүлж,
Адтай сэтгэлээ мөшгөсөөр арилан гийсэн Махива.
Ашиг олзны эгээрлийг зүрхэн огторгуйд тодруулж,
Алтан одыг ажигласаар амарлин төгссөн Азинда.
Үйзэн галуу уснаас сүүг ялган уух шиг
Үүлэн борооны цэнгэлээс шимийг дээжилсэн Бабаха.
Үнэр ялдам лянхуа балчиг дундаас ургах шиг
Үелзүүр таашаалд дулдуйдан чанадад хальсан Налина.
Алмай залхуу гэгдэвч номын хурыг буулгаад
Анчин гөрөөчин гэгдэвч утгыг тайлсан Бүсүгү.
Гадас царил баривч би-гийн үзлийг тасдаад
Газар шороо малтавч сэтгэлийг ярсан Годали.
Уйтан хорвоогийн сууцанд давчдаж яваа хүмүүст
Уудам огторгуйн үүдийг нээж харуулсан Индрабуди.
Хуудам сэтгэлийн ховсонд зүүдэлж яваа хүмүүст
Хурдан сэрэхийн дохиог сануулж ширтсэн Мэгова.
Арга, билгийн хийгээр амин галыг ноцоож,
Адал нисванисын төмрөөр очирыг урласан Гамбари.
Ахуй их ертөнцийг авадүдийн судсанд хурааж,
Ариун эсэрийн нүхээр атгагийг хөөсөн Заландра.
Тэргэл саран мандлыг оройн хүрдэнд тодруулж,
Тэнгэрийн рашаан хураар заль дэгжээсэн Рахула.
Тээрт бодол бүхнийг огторгуйн цөгцөнд юүлээд
Тэгш үзэхүйн увдисаар зул асаасан Дармава.
Өрөөл бусдаас эрэлтгүй хоосон чанарын савыг
Үлэмж амгалангийн эдээр дүүргэж чадсан Догарива.
Өнгөт орчлонгоос хайлтгүй үнэн номын үрийг
Өөрийн бие дэх тариаланд ургуулж чадсан Мэдина.
Арилсан үзэгдлийн цэцгээс нинжийн анхилга түгээж,
Аръяабалын гэгээнд тахил өргөсөн Бангаза.
Амраг хүслийн хонхноос очирын эгшиглэнг дуурьсгаж,
Атгаг үзлийн толгойд аянга буулгасан Гандава.
Хот мандлыг цогцлоосон бие цогцсын хөндийд
Хорин дөрвөн орноор тойрон ариуссан Зогива.
Хотол ертөнцийг хураасан гол судлын нууранд
Хонгор галуун сүнсээр хөвөн цэнгэсэн Залуги.
Анир чимээ бүхнийг шувуудын жиргээ болгоод
Аглаг хоосны агаарт уусган бясалгасан Годурива.
Амраг садны үхлийг гэгээрлийн дуудлага болгоод
Ахуй, нирваан хоёрыг нэгтгэн оносон Лүзига.
Алгуу залхуу зангаа амгалан дияанаар хөглөөд
Альхан учрал бүрийд уяран хайлсан Нигүна.
Ариун номын сахиусаа балин тахилаар баясгаад
Аясын тохиол тутамдаа адис хүртсэн Заяананда.
Эгэл нэгэн бадарчнаас Аръяабалыг таниад
Эргэлзээ нь үгүй сүжгээр ариусан гийсэн Базари.
Энгүүн сэтгэлийн байгалиас цэцгийн хүрээлэнг нээгээд
Элбэг эрдмийн балаар хөлчүүрэн цэнгэсэн Замбага.
Хоёрхон шүднээс бусдыг номын барьцанд өргөөд
Хохь гуйранч заяанаас богд болсон Бигшана.
Алдхан биеийн гүнжидээс атгагийн тосыг шавхаад
Арилсан ухааны голд зул өргөсөн Дэлива.
Сэтгэлийн шавраас үүдсэн зургаан төрлийн ваарыг
Билгийн галаар шатааж, гэгээнд урвуулсан Гүмбари.
Ертөнцийн үймээнд алсарсан зуурам хүний амьдралыг
Тарнийн усаар сүрчиж, дияанд хувиргасан Зарбари.
Зүйт гэргийн үйлээр очирын бясалгалд боловсроод
Зүйр утгын дохиогоор огторгуйд хальсан Манибадра.
Зүрхэн хүрдний мэсээр би-гийн толгойг тасдаад
Зүггүй гэгдэх хочоор дагина болсон Мэхала, Ганахала.
Хахир муухай дуугаа луун дуунд урвуулж,
Хажид цэцгийн хураар хорвоог ариулсан Гилагила.
Хамаг үзэгдэл ертөнцийг хамба хилэнд хувиргаж,
Хажих – ажихуйн оёдлоор чойго урласан Гандали.
Өвсөн олс томохдоо үзэгдэл хоосонд уусч,
Өвчин шаналал бүгдийг илбэнд оносон Дахулива.
Өлзийт сэндэр түүхдээ хүрдэн мандалд нэвтэрч,
Үнэмлэхүй гэрлийн агаарт элин хальсан Удилива.
Мөнх бусын хорвоог гавал аяганд хурааж,
Мөнх билгийн рашаанаар дүүргэн цэнгэсэн Гавалива.
Энх бусын ертөнцийг баатар дияанд эрхшээж,
Энгүй зүрхний долгисоор товрог болгосон Гирбала.
Авид бурханы адисаар замлин нуурын усанд
Ариун бадмын хүйснээс хувилан мэндэлсэн Сагара.
Амин галын илчээр уудам хэвлийн хөндийд
Ахуй бүх орчлонг уусган хайлуулсан Сарвабагша.
Халдах хулгайч мөртлөө хутагтын шавь болоод
Хамгаас дээд номд хуврагийг тэргүүлсэн Нагабоди.
Хаан язгуурт мөртлөө дуучийн боол болоод
Хамгаас доод сууринд тэнгэрийг ахалсан Даригаа.
Харц барлаг заяа нь хаадын хаан болоод
Хасалж шүтсэн ядам нь бурхадын бурхан Будалива.
Хавт сайхан гутал нь самадийн хөлөг болоод
Хангир жингэр чимэг нь хоосны дурдлага Убанаха.
Үес зуурын жаргал нь үүлэн чөлөөний нар шиг л
Үйл үрийг ухаарч үүрд гэтэлсэн Гогила.
Өнгө зүсний сайхан нь нэгэн хормын солонго шиг л
Мөнх бусыг сэхээрч мөр шулуудсан Ананга.
Хаан ордыг орхиж агуй гэрийг шүтсэн,
Хатан ямбыг огоорч галзуу дүрийг барьсан,
Хотол олны дундаас хог цэвэрлэгчийг адисласан,
Хорин хэдхэн насандаа хорвоог туулсан Лакшимкара.
Эгэл биеэ мөнхрүүлэх шидэт эмийг бүтээсэн ч
Эрхэм гэгээрлээр дутвал шимгүйг ойлгосон Вияали.
Эсэр оройн үүднээс гэрлийн хурыг буулгаж,
Энхжин жаргалаар бялхвал үхэлгүйг таньсан Самудра.
Алдар сууг тань дурьдсан өлзий буяны үрээр
Рашаан адис ундраг, амьсгал бүрт минь хурай!
Цадиг дууллыг тань аялсан үнэн зүрхний сүсгээр
Цагаан лянхуа дэлгэрэг, алхам бүрт минь хурай!