Буддын шашинд Их хөлгөн, тэр дундаа Очир хөлгөн хэмээх тантрын урсгал үүссэн нь үрээс ургах мод, модноос ургах жимс мэт ухамсрын түүхэн хөгжил байжээ. Галзуу бурхад хэмээх егүзэрүүд (mahasiddha) сүм хийдийн ягшмал ёс, нийгмийн хэв загвараас ангид энгүүн чөлөөт амьдралын урсгал дунд бясалган гэгээрэхийн үлгэр дуурайл болжээ... 

Илдчин Хангава

Магадха оронд тариачин язгуурт нэг залуу эцгийн үйлийг огоорч, өдөр шөнөгүй хулгайн үйлийг сэтгэж явдаг байв. Нэгэн удаа баян айлын санг ухах гэж байгаад мэдэгдэж, олон хүнд хөөгдөн зугтсаар оршуулгын газар ирж нуугджээ. Тэнд сууж байсан даяанчийг хараад:

- Та ийм аймаар газар юу хийж суугаа юм бэ? гэсэнд даяанч:
- Төрөл, үхлийн орчлоос залхаж, бясалгал үйлдэж байна гэв.
- Бясалгал үйлдсэний ашиг нь юу вэ? гэхэд
- Энэ төрөлдөө энх эсэн, алс хэтдээ ч амар амгалан. Чи тийм сайхныг хүсэхгүй байна уу? гэж даяанч асуув.
- Тан шиг айдас хүйдсээс гэтэлж, амар амгаланг эдэлмээр л байна. Даанч миний сэтгэл дияаны суудалд тогтохгүй. Хаанаас юу дэлсэх вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явдаг хүн шүү дээ би. Олз олох сайхан ч гэлээ гэнэ алдаж баригдаад хүч чадалтай хүмүүсийн гарт муугаа үзэх л аймшигтай. Танаас зүрхлэн гуйя. Бусдад дийлдэхгүй болох арга шид байвал надад зааж өгөөч гэжээ. 

Даяанч түүнийг нигүүлсэн, авшиг увис хүртээв. 

- Энэ Магадха орны хязгаарт Аръяабалын адист хөрөг бүхий хуучин сүм бий. Тэр хөргийн өмнө хорин нэгэн хоног залбир. Тэгэхдээ газар хэвтэхийг тэвч. Унд хоолоо завсар чөлөөнд нь бадар барин хүрт. Цаг нь болоход тэр хөргийн өлмий дороос хар могой гарч ирнэ. Айж эмээлгүй толгойноос нь атгаж чадвал шид хүчийг эрхшээнэ гэж захижээ.

Даяанчийн заавар ёсоор хуучин сүмд очиж, хорин нэгэн хоног залбирал үйлдэхэд сүүлчийн өдөр гэнэт хар могой гарч ирэв. Толгойг нь атгаж автал гэрэл цацарсан илд болон хувирчээ. Гэрэлт билгийн илдийг барихуйд шунал, хорслын гэм аяндаа ариусч, илдээ барин бүжсээр байтал бие, сэтгэлийн хүлээс бүхэн алдрав. Түүнийг харж сүсэг төрсөн олон хүнд Хангава хорин нэгэн хоног авшиг увдис хайрлаад Хажидын оронд халин оджээ. 

Тайлбар:

Бусдад дийлдэшгүй болох гэсэн хүсэл дээр нь дөрөөлж хулгайч эрийг багш зам мөрд хөтөлжээ. Өр төлөөсийг нь арилгахын тулд биеийн хатамжийг мөн эдлүүлсэн байна. Хорин нэгэн хоногийн залбирал дунд Хангавагийн дотор өдөр шөнөгүй эрчилж байсан ад мөрийн шуурга намжиж, нам гүмд оржээ. Эцэст нь бурханы өлмий дороос хар могой гарч ирэх агшныг алдалгүй барьж авсан. Айдас үгүй, алмайтал үгүй. Ажигч сэрүүн тунгалаг төлөвт орсны шинж. Тэр агшинд хар могой гэрэл цацарсан билгийн илд болж хувирсан. Дотоод хувирлын ёгт зүйрлэл. Сансрын хүрдний зурагт хар хорын сэтгэлийг могойгоор дүрсэлдэг. Чин зүрхний залбирал, бясалгалын агаарт сөрөг зүйлс эерэгт урвана. Нөгөөтэйгүүр багш бурхадын адис ямар ч дүр хэлбэрээр ургаж болохыг үзүүлжээ. Таатай биш үзэгдлийн өнгөнд бүү хуурт. Айж зугталгүйгээр дотоод гүн рүү нь орж, Оршихуйн илгээлтийг танин барь гэсэн дохио. 

Билгийн илдийг эзэмшсэн хойно түүнд айх айдас, ангах шунал үгүй болжээ. Тэр илд бусдыг дийлэх биш, өөрийгөө чөлөөлөх зэвсэг байв. Илдээ барин бүжсээр байтал бие, сэтгэлийн хүлээс бүхэн алдарсан гэнэ. Гадна талд бүжиг наадам өрнөвч дотоод гүнд нам гүмхэн самади биелжээ. Хамгийн үнэт олзыг эрхшээж, хаадын хаан болсон тул бүжиглэхээс өөр яах вэ. Хорин нэгэн өдөр дотоод аглагт оршсоны эцэст хорин нэгэн өдөр хотол олныг гэгээрлээрээ дайлжээ. Өмнө нь бусдаас хулгайлж завшихыг л хүсдэг байсан бол хожим өглөгийн дээд эзэн болсныг илтгэнэ.


Дархан Гамбари

Паталипутра хотод нэгэн хүн эцэг өвгөдөөс заяат дарханы үйлээ үйлдэн сууж байтал мэргэн егүзэр таарч, түүнээс ажил үйлийнх нь талаар асуув. 

- Гарт орсон үйлийг үйлдэх амар уу? гэхэд дархан:
- Нүүрсний галд төөнөгдөн, төмрийн очист түлэгдэж суух юу нь амар байх вэ. Амь зуухын эрхэнд хэцүү бэрхийг тэвчсээр насыг баръюу хэмээн зовлон зүдгээ тоочив. Егүзэр түүнээс бадар барихад дархан гэртээ урьж:
- Гэгээн хутагт дорд бидний гараас идээ, унд хүртэх нь ховор тохиох өлзий буян хэмээн гэргийн хамт сүсэглэн залбирч, дээж бүхнээ өргөв. 

Егүзэр тэдэнд авшиг хүртээж, гурван судалд зорих бясалгал заасан нь:
- Та гаднаа төмрийн дархан мэтчилэн дотоод ухамсраа бясалгалын дархан болго. Нүүрсний галыг хөөрөгдөж төмөр хайлуулдаг шигээ баруун, зүүн хийн судлыг хөөрөг болгож, атгаг сэтгэлийн нүүрснээс билгийн галыг бадраа. Гол судлыг хатан дөш болгоод гурван хорын нисванисыг төмөр мэт давтсаар хоёргүй их амгалант номын биеийг дархалсугай. 

Гадаад үйлэнд хэрхэн дадсан шигээ
Дотоод бясалгалд түүнчлэн мэргэш.
Гаргууд дархан ажилдаа нямбай шиг
Егүзэр дархан амьсгалдаа сэргэг.

Арга, билгийн судлаар үлээх
Амьсгалын эрчмээр хөөрөгдөх аваас
Атгаг бодлын нүүрс задарч
Бэлгэ билгийн гал асъюу.

Тэр галын хурц илчинд
Гурван хорын төмөр хайлна.
Гол судлын дөшинд давтваас
Номуун биеийн үр боловсорно.

Төмрийн дархан тэр дагуу ажлаа хийх ялдамд дотоод дархны үйлийг үйлдсэнд зургаан жилийн дараа гэгээн хутгийг олжээ. 

Тайлбар:

Аргын буюу саран судал. Санскр: лалана, төвд: жама. Хамрын зүүн нүхнээс эх аваад хөмсгөн завсраас доош эргэн нууцын оронд хүрсэн цагаан өнгөт хийн суваг.

Билгийн буюу наран судал. Санскр: расана, төвд: рома. Хамрын баруун нүхнээс эхэлж хөмсгөн завсраас доош эргээд нууцын оронд хүрсэн улаан өнгөт суваг.

Гол судал буюу хоёргүйн судал. Санскр: авадуди, төвд: ума. Зулайн эсэр сүвээс эхлэн биеийн голоор явж, доод бэлчирт хүрсэн хөх өнгөт суваг.

Бясалгагч бус хүмүүсийн хувьд гол судал нь хаалттай байдаг. Дур тавих мэтчилэн онцгой агшинд түр нээгдэвч эргээд түгжигддэг юмсанж. Тийм учраас амгалан хоосны цэнгэлд умбаж чаддаггүй. Амьсгалаа ухамсарлах аргаар гол судлаа нээхийг багш зөвлөжээ. Хэдий чинээ гүн ухамсарлана, төдий чинээ зохист төлөвтөө орж, сөрөг бодол сэтгэлд хувирч байсан энерги амьдралыг тэтгэх эерэг эрчимд хувирна. Нисванисын төмрөөс гэгээрлийн эрдэнэ бүтэхээр зүйрлэжээ. 


Гуталчин Замарива

Вишнүнагар хэмээх хотод нэгэн гуталчин ажлаа үйлдэн суутал дэргэдүүр өнгөрсөн даяанч багшийг хараад сүсэг ундарч, хөлд нь мөргөөд:
- Гэгээн минь болгоон соёрх. Мөхөс хүн хэзээд үл барагдах хорвоогийн үйлээс залхаж, ариун мөрд орохыг хүсэвч ачит багштай учирч амжилгүй өдийг хүрлээ. Надад энэ, хойтод тустай эрхэм ном хайрлаач гэж гуйжээ.
- Ургуулах хөрс нь байвал номын үр суулгахаас юунд татгалзах вэ гэж егүзэр хэлэв...

Нисванист сэтгэлийн хөх ширийг
Нинж хайрын усаар дэвтээж,
Нигүүлсэгч багшийн аминчилж заасан
Увдис аргаар тэвнэ хийж,

Ертөнцийн найман номыг тэвчсэн
Тэгш амгалангаар утас хийж,
Ердийн үйл тутамд үл алгасрах
Чин хичээнгүйг оёдол болговоос

Өөрөө бүтэх тэр гутал нь
Бодь хутагтны чимэг болой.
Өргөст дэлхийн хаана мориловч
Үнэн амгалангаас үл хагацъюу.

Энэ мэтчилэн ажил үйлээ дияан болго гэвээс гуталчин:
- Ийнхүү бясалгахад ямар шинж тэмдэг гарах вэ? гэж асуув.
- Эхлээд хорвоогоос уйсах сэтгөл төрнө. Улмаар эгэл үзэгдэл номын чанарт шингэнэ гээд егүзэр гэнэт алга болжээ. Чин сүсэг төрсөн гуталчин арван хоёр жилийн турш гутал урлах үйлээ багшийн увдис лугаа нийлүүлж бясалгаснаар хамаг хир ариусч, Махамутрын шидийг олов. 

Нэгэн удаа түүн дээр гутал захиалахаар ирсэн ноёны өмнө хөлөө завилж, хоёр гараа тэгш агуулан суухуйд тэнгэрийн уран Бишүгарма өмнөөс нь гутал урлан буй үзэгдэл тодорчээ. Хол, ойр хотол олонд түүний шид бүтээл цэцгийн анхилга салхинд түгэх мэт мэдэгдэв. Зорин ирсэн хувь ерөөлтөн бүхэнд багшийг шүтэхийн утга учрыг сэнхрүүлж, ажил үйлээ бясалгалд урвуулах аргыг заагаад Арилсан оронд оджээ. 

Тайлбар:

Ертөнцийн найман ном – Энэ хорвоогийн жаргалд шунах, зовлонд эмгэнэх, олзонд баясах, гарзанд харуусах, магтаалд хөөрөх, муушаалд гутрах, зэрэг зиндаанд эрэмших, зиндаа дордоход гашуудах. Ердийн хүний амьдрал эдгээр найман туйлшрал дунд өнгөрдөг учраас ертөнцийн найман ном гэжээ. 

Багшийн заасан арга нь: Аль ч тохиолдолд тэгш хандаж, ажиглагч байр сууриа хадгалах. “Сэтгэлийн ширийг нинжийн усаар дэвтээх” нь бүгдэд талархалтай хандахын утга. “Үйл тутамд үл алгасрах хичээнгүйг оёдол болго” гэсэн нь юу хийж байна, түүндээ л оршоод энд-одоо цагтаа элдэв бодолд авталгүй сэргэг байх. 

“Эхлээд хорвоогоос уйсах сэтгэл төрнө” гэдэг нь ажиглагч ухамсраа алдсан үед урьдын хорвоод эргэн унаж, ухамсар сэргэсэн үедээ нирваан төлөвт орох учраас зааг ялгаа тодорч, ухамсаргүй амьдралаас уйсах, тэр хэрээр гэгээрэлд тэмүүлэх сэтгэл төрөхийг хэлжээ. 

“Улмаар эгэл үзэгдэл номын чанарт шингэнэ” гэдэг нь эцэстээ бясалгал жигдэрч, жирийн амьдрал өөрөө нирваан болно гэсэн үг.

Бишүгарма – тэнгэрийн орны уран дархан гэж үлгэр домогт дурдагддаг. Замариваг дияанд завилан суухад Бишүгарма өмнөөс нь гутал урлах үйлийг үйлдэж байсан гэжээ. Энэ бол үйлдэгч үгүй төлөв буюу бясалгал цэцэглэснийг илтгэх ёгт хэллэг. Гадна талд үйл өрнөвч дотоод төвдөө тэрээр үл хөдлөгч бурхан болсон байж:


- “Агнистын гэгээ”