“Сүхбаатар” киноны үгүйсгэлийн үгүйсгэл
1942 онд зөвлөлт, монголын нэрт киночид болох А.Зархи, И.Хейфиц, З.Хацревин, Б.Лапин, Т.Нацагдорж, Б.Дэмбэрэл нарын бүтээж, Свердлин, Рэнцэнноров, Гэлэгдорж, Черкасов, Ц.Цэгмид нарын гол дүрд нь тоглосон “Сүхбаатар” киног (“Его зовут Сухэ-Батор”) манай үеийнхэн огтоос мартаагүй. Ахмад хижээл үеийнхэн бол бүр ч сайнаар санан дурсаж байдаг даа.
Гэтэл яг тийм явдал болсон мэтээр жанжны ганц хүү С.Галсан гуай ярилцлага (“Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”, 1992 он) өгч, тэр нь энэ хүрэн номын 24 дэх нүүрэнд байж байх юм аа. Үг үсэггүй эшлэе.
- Та ер нь “Сүхбаатар” киноны талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
- Хамгийн муу сэтгэгдэлтэй байдаг. Энэ кино аавыг шууд доромжилсон. Миний аав тийм монголоо алдсан, догшин ширүүн зан авиртай хүн огт байгаагүй. Ариун тунгалаг гол горхио шавхуурдах, тэнэг юм шиг гал бариулж давхиулах хүн огт биш. Эрдэнэ ванд аав сайн байсан. Түүнд өртэй хүн. Манайхыг гэр оронгүй ядарч зутарч явахад Эрдэнэ ван бурхан тахил, бүх эд хогшлоо гэртээ хэвээр нь үлдээгээд биднийг өвөлжүүлж байсан юм. Нэг орой аав орж ирээд жаргаж буй зулыг харснаа гүнээр санаа алдаж, нөгөөдүүлийг чинь өнөөдөр (Бодоо, Чагдаржав нарын зэрэг хүмүүсийг цаазлахаар авч буйг хэлжээ) аваачих нь гэж ээжид хэлж байсан юм. Бодоо яах аргагүй гавьяатай хүн. 1920 оны битүүний шөнө амжиж Барон Унгерний цэрэг Хүрээг эзлэхгүй бол гамингууд шинийн нэгний өглөө монголчуудыг хүйс тэмтрэхээр зэхэж байжээ. Үүнийг мэдсэн хувьсгалчид ааваар дамжуулан Бодоод хэлж, тэрээр Бароны монгол цэргийн тэргүүн Цэвээн, цахар цэргийн захирагч Баяр гүн нарт хэл хүргэснээр Бароны цэрэг амжиж орж ирж, Хүрээг гамингуудаас чөлөөлжээ. Бодоо орос хэлтэй, мэдлэг боловсролтой хүн. “Сүхбаатар” кино үнэндээ сайн юм бүхнийг муугаар дүрсэлсэн. Харин ашгүй одоо гарахаа больчихож. Киног бүтээхэд ээж бид хоёроос хэн ч зөвлөлгөө аваагүй. Тоглолтынхоо тухай сэтгэгдэл сонсох гэж Л.Свердлин ээжид захидал ирүүлсэн юм. Орос хүн монгол хүнд тоглоод ер өөдтэй юм болохгүй, тэр тусмаа муу кинонд тогловол бүр ч өөдтэй болохгүй гэсэн хариуг ээж Ринчин Бимбаеваар бичүүлж явуулсан юм.
- Сүхбаатарыг дүрсэлсэн Монголын уран сайхны кинонуудын талаар Та ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
- Манай кинонууд сайхаан. Дашнамжил их хичээсэн, их сайхан тоглосон. Харин олигтой зөвлөлгөө өгчих л хүн олдоогүй юм билээ. Түүнээс биш бүр ч сайн тоглох байсан гэж боддог. Галсанданзан бас сайхан тоглосон. Базаррагчаа ч хөөрхөн хүү. Монгол хүний дүрд чинь монголчууд л өөрсдөө сайхан тоглоно биз дээ.
Энэ ярианаас үзвэл ээж, тэр хоёроос нь зөвлөлгөө авах нь бүү хэл ээж нь сүрхий эсэргүүцэж, эсэргүүцсээр байхад нь зөвлөлт, монголын нэрт киночид тас зөрүүдлээд хийчихсэн мэт, Сталины шагналт зөвлөлтийн нэрт жүжигчид, найруулагчдын араас эсэргүүцлийн захидлаа бичиж илгээсэн гэх мэт үнэмшихэд бэрх баримт энд цухалзаж байна. Эсэргүү хэрэгт баригдаад До яамны гянданд тарчилж зүрхээ зүсүүлээд гарч ирсэн Бямбын Ринчен л зөвлөлтийн эсрэг агуулгатай захидлыг бичиж өгөөд, зөвлөлтийн эсрэг гар хөл болоод сууж байх юм гэнэ. Эрэнцэнноров, Гэлэгдорж, Цагааны ба Нямын Цэгмид, Цэвээн, Лувсанжамц гээд алтан үеийн жүжигчдийг С.Галсан гуай ёстой нулимах шиг болжээ. “Сүхбаатар” кино сайн юм бүхнийг муугаар дүрсэлсэн, тэр тусмаа муу кинонд тогловол бүр ч өөдтэй болохгүй гэснийг юу гэж ойлгох вэ?
Дараахи зураг С.Галсан гуайн гоморхлыг (үгүйсгэлийг) ор тас няцаахаар юм. “Сүхбаатар” киноны зураг авалт дээр ээж нь (С.Янжмаа) маршалтай хамт очоод Л.Свердлинтэй уулзаж киночидтой ярилцаж буй зураг харин ч бүр эсрэг баримт нотолгоо гаргаж ирж байна.
С.Галсан гуай үгүйсгэлээрээ түүхийг шал өөрөөр эргүүлжээ. Явж явж жанжин Сүхбаатар маань Барон Унгерний нууц мэдээлэгч, Бодоо нь Бароны Хүрээн дэх холбоо баригч болж таарав уу? Хүрээг Барон чөлөөлөх үйлсийн сэдлийг хувьсгалчид, Сүхбаатар, Бодоо нар анхлан гаргажээ гэхээр юм. Бас “Өглөө”, “Тэмцэл” кино гэх маргааны сэдвийг энд битүүхэн хэлж байх шиг. Олигтой зөвлөлгөө өгчих хүн олдоогүй учраас дуурийн дуучин Дашнамжил хичээгээд хичээгээд олигтой тоглоогүй гэсэн санаа цухалзжээ. Бодвол өөрөө тэр хоёр киноны ерөнхий зөвлөгчөөр уригдаж дараа нь шагнагдах байсан бололтой. “Санаа алдаж, нөгөөдүүлийг чинь өнөөдөр (Бодоо, Чагдаржав нарын зэрэг хүмүүсийг цаазлахаар авч буйг хэлжээ) аваачих нь гэж ээжид хэлж байсан” аав нь төрд тэрсэлсэн болохоор төрийн хууль мэдэх хэрэг хэмээн зандарч байдаг хэсэг “Тэмцэл” кинонд гардаг даа. С.Галсан гуайн магтаад байсан тэр Бодоог “Өглөө”, “Тэмцэл” кино адгийн чөтгөр шулмын дүрд амилуулсныг яагаад ярьсангүй вэ гэж бас нэг эмзэг сэдэв үлдэж байх шиг. Үгүйсгэлийн үгүйсгэл гэж гарчигласан маань чухам дээрхи эмзэг, шинэ баримтуудад хандуулж хэлсэн хэрэг. Тэгэхлээр түүхчид минь С.Галсан гуайн үгүйсгэлийг нэг тийш болгож өгөх юм биш үү хэмээн уриалъя!
serenity