ӨӨРИЙГӨӨ БОДОХ НЬ АРИУН ҮЙЛС

“Ёс зүй гэдэг бол үлгэр домог биш, зохиомол дэг жаяг, хүн бүрийн хувьд өөр өөр байдаг субъектив зүйл, хээнцэрлэл ч бүр бишээ... Ёс зүй бол хүн оршин амьдрахад зайлшгүй шаардлагатай объектив бодит хэрэгцээ юм. Энэ бол бурханаас хайрласан хишиг, хөршийн чинь сануулдаг шүүмж, чиний хааяадаа баримталдаг гоёо биш харин амьдралын бодит үнэн билээ”.
“Объективист ёс зүй рационал байдлаар хувиа бодох үзлийг бардмаар тунхаглаж байна. Энэ бол хүн шиг хүн байхад шаардлагатай үнэт зүйл. Энэ бол хүн оршин амьдрахад шаардлагатай үзэл болохоос хүй нэгдлийн үеийн тахилгын сэтгэлгээнээсээ гараагүй хүмүүсийн хүсэл, таашаал, мэдрэмж, түрхэн зуурын зугаа, иррационал хар хүч огт биш юм.”
Анх хэвлэгдсэн цагаасаа л Айн Рэндийн бүтээлүүд сэхээтнүүд, оюутнуудад том нөлөө үзүүлсэн. Түүний дэвшүүлсэн рационал байдлаар хувиа бодох тухай ёс зүйн шинэ онол нь өнөө үед газар аваад байгаа альтруист-хамтач үзэлтэй тэрсэлдэж байгаа юм. Түүний алдарт зохиол бүтээлүүдийнх нь цаана Объективизм хэмээх түүний өвөрмөц философи оршиж байдаг билээ.

Энэ номын гарчгийг хараад зарим хүн “Чи яагаад хувиа бодохыг сайн зүйл гэж бичээ вэ? Үүнд чинь хүмүүс дургүй биз дээ” гэж асууж, гайхдаг юм.
Ингэж асуусан хүмүүст өгөх миний хариулт “Үнэндээ гэвэл, та нар үүнээс айж байгаа болохоор чинь л би ийм гарчиг өгсөн юм.”
Гэхдээ асуулт тавьдаггүй ч хүмүүс бий. Тийм хүмүүс хувиа бодох явдал бол сул дорой, хулчгар хүмүүсийн зан гэж бодоод зогсохгүй, намайг яагаад ийм гарчиг өгсөн юм бол гэж бодоод бодоод ойлгох гээд чаддаггүй. Эдгээр хүмүүст зориулан би яагаад ийм гарчиг өгсөн учир шалтгаанаа бүр ч дэлгэрэнгүй тайлбарлаж өгье.
Би зүгээр нэг найруулга зүйн үүднээс юм уу санамсаргүй тохиолдлоор ийм гарчиг өгөөгүй. Хүмүүс “хувиа бодох” явдлыг зүгээр нэг буруу зүйл гэж үзээд зогсохгүй онолын хувьд хүртэл байж болшгүй зүйл, хүн төрөлхтний ёс зүйн хөгжлийн зам дахь хамгийн том тээг гэж үздэг.
Хүмүүсийн тархинд “хувиа бодох” хэмээх үг бараг л ад чөтгөрийн зүйл мэт ойлгогддог ба өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд бусдын цогцсон дээгүүр алхаад гардаг, бусдыг огтхон ч боддоггүй, өөрөө л болж байвал болоо гэсэн бодолтой хүн болж харагддаг.
Тийм атал толь бичигт “хувиа бодох”-ийг “өөрийн ашиг сонирхлыг л бодох явдал” гэж тайлбарласан байдаг.
Энэ тайлбараар бол хувиа бодох ёс зүйтэй огтхон ч холбоогүй зүйл ажээ. Өөрийгөө бодох сайн ч зүйл биш, муу ч зүйл биш юм байна. Сайн, муу эсэхийг нь ёс зүйн ухаан л шийдэх ёстой.
Харин тэгтэл альтруизмд автсан манай ёс зүйнүүд: а) Өөрийгөө бодох явдал бүх тохиолдолд буруу, б) Хүн хувиа бодсноор ганцхан хувиа боддог (альтруизм хүнд хөршийгөө бод гэж тулгадаг) гэдэг.
Альтруизм гэж юу болох, үүнээс ямар аймшигтай үр дагавар үүсэж байгааг ойлгохыг хүсвэл чи өнөөгийн сонин хэвлэлийн гарчгуудыг гүйлгээд хараарай, бас тэгээд Атлантын нуруу тэнийв зохиолыг уншаад үзээрэй гэж би чамд зөвлөе. Бидний санааг түгшүүлж байгаа нэг том зүйл бол ёс зүйн салбарт альтруизм ганцаараа өрсөлдөгчгүй ноёлж байгаа байдал билээ.
Альтруизм хоёр өөр ойлголтыг нэг зүйл мэт болгон багцалдаг юм. “1. Юу үнэт зүйл вэ? 2. Үнэт зүйлийн хүртэгч нь хэн байх ёстой вэ?” - гэсэн энэ хоёр асуултыг. Альтруизм хоёрдугаар асуултыг нэгдүгээр асуулттай хольж хутган, үнэт зүйл юу вэ гэдэг асуултад хариулт өгөлгүй бултдаг бөгөөд үүнээс болоод хүмүүс үнэндээ баримтлах ёс зүйн зарчимгүй үлддэг.
Альтруизм бусдын төлөө хийсэн бүх зүйл сайн, харин өөрийнхөө төлөө хийсэн бүх зүйл буруу гэж номлодог. Өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийн хүртэгч нь өөрөө биш, өөр хүн л байвал болоо, өөр хэн байх нь хамаагүй гэж үздэг.
Үүнээс болоод дэндүү ёс зүйгүй, шударга бус, ялгаварлан гадуурхсан байдал, шийдэх аргагүй зөрчлүүд үүсдэг. Ийм зөрчлүүд бүхий л түүхийн турш хүмүүсийн харилцаанд, нийгмүүдэд байсаар ирсэн ба цаад шалтгаан нь ямар нэг хэлбэрээр альтруизм байв.
Өнөөдөр юу ёс зүйгүй гэж тооцогддог болсныг эргэн харъя. Өнөөдөр бид: баялаг бүтээдэг үйлдвэрлэгч хүн, банк дээрэмддэг дээрэмчин хоёрыг хоёуланг нь “ёс зүйгүй” гэж адилтгадаг болжээ. Яагаад гэвэл тэр хоёр хоёул “хувиа бодсон” аж. Асар их саад бэрхшээлийг даван туулсны эцэст зорилгодоо хүрч байгаа амжилттай хүнээс илүү эцэг эхээ асрах гээд ажилдаа цаг бага зарцуулснаас болоод туслах ажилтнаас илүү дэвшээгүй залууг илүү мундаг, сайн хүн гэж үздэг болсон байна. Өөрийнхөө төлөө биш харин ард түмнийхээ төлөө хүчирхийлэл үйлдсэн болохоор нь дарангуйлагчдыг ёс зүйтэй гэж үздэг болжээ.
Бусдад сайн зүйл хийхийг илүүд үздэг энэ шалгуураас болоод хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарч байгааг харж байна уу. Үүнээс болоод хүмүүс ёс зүйтэй байх ашиггүй юм байна гэсэн бодолд хүрч байна. Ёс зүйтэй байх юм бол алдсаар, хожигдсоор, өөрийгөө хохироосоор дуусна. Түүнчлэн өөрөө бусдын төлөө хохирч, өөрийгөө бусдын төлөө зориулж байгаа тул бусад хүмүүс ч өөрсдийгөө миний төлөө зориулах ёстой гэж шаардаж эхэлнэ. Энэ харилцаа хоёулангийнх нь уур бухимдлыг төрүүлж, үзэн ядалтад хүргэнэ. Ийнхүү өөрөө бусдад тусалж, бусдыг өөртөө туслуулах гэх нь шинэ жилээр өөрийн хүссэн бэлгээ авахын оронд бусдад бэлэг авч, бусдын өөрт нь авсан ямар ч мэдрэмжгүй бэлгийг хүлээн авахаас өөр аргагүй болохтой адил. Ийм болохоор хүн боломж олдох бүрийд хувиа бодохыг илүүд үздэг бөгөөд ёс суртахуунлаг байхаа больдог. Ийнхүү хувиа бодож эхэлснээс нь болоод түүнийг нийгэм муу хүн, ёс зүйгүй хүн хэмээн тооцож эхэлнэ.
Байгаль хүнийг зөнгөөр нь амьд байлгаж, хамгаалж байдаггүй тул хүн өөрөө л өөрийнхөө амь нас, амьдралын төлөө тэмцэх ёстой. Тэгтэл энэхүү амьдралын төлөөх тэмүүллийг нь муу муухай зүйл гэж номлож байна. Энэ номлолоос илүү муухай, буруу зүйл байна уу?
Альтруизм яг ийм. Энэ онол бүтээгч хүнийг дээрэмчинтэй адилтгадаг. Уг нь юм бүтээх замаар хувийн ашгаа бодож байгаа хүн, дээрэм хийх замаар ашиг хайж байгаа хүн хоёрын хооронд ёс суртахууны асар том ялгаа бий. Дээрэмчин хүн хувиа бодсондоо юм уу өөрийн амьдрах тэмүүлэлдээ хөтлөгдсөн нь ёс зүйгүй биш, харин хүнээс дор зан гаргаж, адгуусны түвшинд буусандаа л ёс зүйгүй байгаа юм.
Хэрэв “хувиа бодох” гэдэг үгээр миний төлөөлүүлж байгаа ойлголт нийгмийн “хувиа бодох” хэмээх ойлголтоос зөрж байгаа бол энэ нь чухамдаа альтруизмын үйлдсэн хамгийн том тонгоруу “амжилт” юм. Альтруизм өөрийн амь амьдралыг бодож, өөрийг нь бусдын төлөө золиослохыг зөвшөөрдөггүй хүмүүсийг буруушаадаг. Альтруизм хүмүүсийг тахилгад өргүүлж байвал таарах, бусдын төлөө золиослогдсоноосоо л ашиг, таашаал хүртэж байх зүйлс гэж үздэг тул шударга ёс хэмээх ойлголтын үнэр ч үүнд байхгүй.
Хүмүүс альтруизмыг баримталдаггүй мөртөө бас шууд үгүйсгэж чаддаггүйгээсээ болоод бүхий л амьдралаа бусдыг сэрдэнгээ, бусдын өмнө буруутай мэт амьдарч байна.
Альтруизмыг үгүйсгэвэл муу хүн болох гээд байдаг. Ёс зүйтэй гэж харагдахын тулд “хувиа бодоогүй” гэж харагдах ёстой байдаг. Яамаар ч юм бэ дээ.
Ийм болохоор л ийм хүнийг ёс зүйтэй гэж тооцуулах анхны алхам нь хүн өөрийгөө бодох явдлыг зөвтгөсөн онол бүтээх явдал ажээ.
Рационал ёс зүйн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл миний Объективист Ёс зүй хэмээх нийтлэлийг үзээрэй. Хүн өөрийн гэсэн ёс зүйн зарчимтай байх ёстойн шалтгаан нь ёс зүй юу зөв вэ гэдгийг хэлж, юу хийх ёстойг тодорхойлдгийнх. Хүн ёс зүйнхээ үр шимийг хүртэгч мөн.
Зөв буруу үйлдлээр тодорхойлогддог тул хүний үйлдэл, үйлдлийн үр шимийг хүртэгч хоёрын хооронд зөрүү үүсвэл шударга ёс алдагддаг. Нэг хүнийг өөр хүний төлөө золиослох нь ёс зүйгүй хүмүүст л ёс зүйтэй санагдах авч ийм зүйл хэзээ ч ёс зүйтэй байхгүй.
Ёс зүйн үр шимийг хүртэгч нь хэн бэ гэдэг бол дөнгөж эхний алхам. Хүний ёс зүйтэй эсэхийг хүртэгчээр нь шийдэх ёсгүй. Түүнчлэн бусдын төлөө байх явдал ч бас ёс зүйн эцсийн шалгуур биш.
Объективист онол хүн өөрөө л өөрийн үйлдлийн үр шимийг хүртэгч байх ёстой, үйлдэл нь хүний хувиа бодсон бодол, тооцооноос урган гарах ёстой гэж номлодог. Энэ номлол байгаль хийгээд хүний өөрийнх нь мөн чанараас урсан гардаг бөгөөд ийм ч болохоороо гагцхүү рационал, объектив орчинд л хүчинтэй. Энэ гэхдээ хүн “хүссэн бүхнээ” хийж болно гэсэн үг биш шүү. Тэр бол хувиа бодох үзлийг харлуулан харуулах гэж санаархсан альтруистуудын утгагүй, гуйвуулсан хувилбар билээ.
“Нийцшэ шиг хувиа бодсон” хэмээх хэллэг үнэндээ альтруистуудын зохиосон үлгэр юм. Бусдын бодлогогүй иррационал хүсэл ёс зүйн хэмжүүр болж болохгүйн адилаар хүний өөрийнх нь иррационал үйлдэл ч бас ёс зүйн хэмжүүр болж болохгүй. Ёс зүй гэдэг бол хэн ямар ааштайн хэмжүүр биш. Энэ талаар Брандэны “Хуурамч индивидуализм”, “Бүгд л хувиа боддог биз дээ?” нийтлэлүүдийг уншаарай.
Дээрхтэй төстэй өөр нэг төөрөгдөл бол хүн аливаа зүйлийг бусдаас тусдаа, гагцхүү өөрийнхөөрөө дүгнэх гэж оролдох явдал. Өөрөөр хэлбэл “Би л ёс зүйтэй гэж үзсэн учраас энэ ёс зүйтэй” хэмээх үзэл. Харамсалтай нь энэ ч бас ёс зүйн ерөнхий хэмжүүр болж чадахгүй. Яах вэ тухайн хүний яагаад ямар нэг үйлдэл хийсний тайлбар төдийхөн болж болох юм.
Хүн ямар ч хамаагүй аргаар амь зогоох ёсгүйн адилаар хувиа бодох явдлыг хүмүүсийн хааш яаш, санамсаргүй ааш мэтээр тайлбарлаж болохгүй. Чухам ийм болохоор л Объективист үзэл гагцхүү рационал байдлаар хувиа бодох явдал л ёс зүйн зарчим болж чадна гэж үздэг юм.
Өөрийгөө бодно гэдэг бол гагцхүү өөрийгөө л бодно гэсэн үг бөгөөд Объективист онол үүнийг чухам яг энэ утгаар нь ойлгодог. Энэ бол хүн өөрийгөө дайснууддаа даатган, тэдний мэдэлд өргөн барихгүй гэсэн үг. Өөрийгөө бодох үзлийг буруутгасан шүүмжлэлүүд харин хүний үнэ цэнийг үгүйсгэж, хүн өөрийгөө бусдын төлөө золиослох ёстой гэж тулгасан тулгалт юм.
За одоо энэ номд юун тухай өгүүлэх талаар ганц хоёр үг унагая. Ёс зүйн тухайгаас бусад нийтлэлүүд нь Объективист сонин хэмээх сар бүрийн сонинд маань гарч байсан юм. Эдгээр нийтлэлийг Натаниэл Брандэн бид хоёр өөрсдөө редакторлан нийтлүүлж байв. Эдгээр нийтлэл объективист үзлийг өнөөгийн нийгмийн өдөр тутмын асуудлуудтай уялдуулан авч үзсэнээрээ философийн асуудлыг эгэл амьдралд ойртуулах гэж оролдсон.
Энэхүү товхимол маань системтэй судалгаа биш, харин өнөөгийн нийгмийн амьдралаас болоод бидний цохон тодруулбал зүйтэй гэж үзсэн асуудлуудыг хөндсөн нийтлэлүүдийн товхимол юм. Эдгээр нийтлэлийг манай сонины “Оюуны Зэвсгийн хэлтэс” хэмээх буланд уншигчдаас ирүүлсэн асуултуудад хариулт болгон бид бичсэн юм.

- Айн Рэнд
Нью Йорк хот,