Мэс засалч хэмээх (2005) анхны зохиол нь олны таашаалыг хүртэн Оросын үндэсний бэстсэллерийн шагнал хүртсэн Марина Степнова Оросын сэтгүүлч, кино зохиолч, романч юм. 2012 онд тэр Лазарийн эмэгтэйчүүд зохиолоороо Оросын нэр хүндтэй Үндэсний Номын Шагнал тэмцээний гуравдугаар байр, Үндэсний бэстсэллерийн үзүүр түрүү, Оросын Номын шагнал, Ясная Поляна шагналыг хүртжээ. Сүүлд бичсэн Италийн сургамж (2014) роман нь Дэлхийн Цоморлигт багтсан юм.

Лазарь 


Лазарь Линдт цээжлэхэд тун амар жил төрсөн юм. Яг 1900 онд. Үүний ачаар оршуулгын газраар явж байгаа хүмүүс түүний хэд насалсныг бодохдоо толгойгоо өвтгөх шаардлагагүй. Нас барсан жилээс нь зууг хасаад л болоо. Цээжээр бодоход хэцүү жил төрж, нас барсан хүмүүс илүү сонирхолтой амьдарсан юм шиг санагдахыг нь яана. За тэр ч яахав, чи яагаад наанаа, оршуулгын газар зогтусчихаа вэ, алив, цаашаа явъя. Тэгье, тэгье. Лазарь өөрөө бол үхэл энэ тэрийн талаар боддог ч үгүй. Тэр атейст бөгөөд Иван Тургеневын зохиолд гардаг Базаров шиг нихилист үзэлтэн. Гэхдээ л чухамдаа хүн үхэх нь зайлшгүй, газар дэлхий дээрх оршихуй нь хязгаартай гэх энэ мэдрэмж нь түүнд гладиоторуудын адилаар арслангийн хоол болж бариулж байсан анхны үеийн Христийн амиа золиослогчид шиг эрч хүч, урам зориг өгч байсан юм. Гэхдээ нас ахихын хэрээр Лазарийн атейст үзэл алгуур гашуун болж, эрчээ алдсан. Лазарь гэхдээ яг ч итгэгч болоогүй, зүгээр л эсэргүүцэхээс залхсан ажээ. Аль ч талаас нь харсан тэр тун ч амжилт бүтээлээр дүүрэн урт удаан амьдрал туулсан. Түүнд юу ч тохиолдоогүй ч гэж болно. Эргэн тойрныхон нь бүтэлгүйтээд л, баривчлагдаад л, буудуулж, ангийн дайсан болж байсан бол тэр л тэгээгүй. Найзууд нь түүнийг шүтэж, дайснууд нь түүнийг хүндэтгэж, бас бага зэрэг айж, харин эмэгтэйчүүд түүнийг шүтэн биширч байсан. Гэхдээ нэг л эмэгтэйгээс бусад нь шүү. Тэр гэхдээ алдаа байгаагүй, алдаа гэж яаж болох билээ. Зүгээр л аравтын бутархайн цэгийн ардах мянгын бутархайн түвшний л бяцхан зөрүү гэх юм уу даа. “Лазарь, чи яг л энэ цаг үедээ амьдардаггүй хүн шиг байх юм, чөтгөр ч тэр, Зөвлөлт засаг ч тэр чамайг эрхэндээ оруулж чадахгүй байхаа” хэмээн Чалдонов мөс шиг хүйтэн валидол хэлэн доороо тавингаа бувтнав. “Яагаад гэвэл тийм зүйлс байхгүй шүү дээ. Тийм болохоор л тэд надад хүрдэггүй байх.” “Хэн байхгүй гэж, чи чинь юугаа яриад байна аа?” “Яахав, чөтгөр ч тэр, Зөвлөлт засаг ч тэр, Чалдонов гуай. Адамыг бүтээгдсэнээс хойш хүмүүс нэг л хэвээрээ байгаа. Би зүгээр л хүмүүсийн аргыг олоод сурчихсан юм.” Сандал руу туранхай бөгсөө шигтгэн дороо хавчигнаад Лазарь эргэн тойрноо эргүүлэн харав. Чалдоновынд байх түүнд таалагддаг юм: номын тавиур, том ширээ, янз бүрийн оюунлаг бичиг сачиг, хагас бүүдгэр байдал. Үнэндээ гэвэл энд үүрд байсан ч тэр чадна. Чалдонов толгойгоо сэгсрэв. Хүлээн зөвшөөрч чадах эсэхээс нь үл хамааран хамгийн харгис, махчин цаг үе ирж байлаа. Энэ бол 1937 он байсан бөгөөд Москвагийн Их сургуулийн Физикийн тэнхимийн Тройцкочууд дээр аянга буусан юм. Оюунлаг хүмүүс том аюулыг тойрон гарсан ч өд сөдөө унаган нанчилдсан. Гэхдээ тэр нь сургууль доторх асуудал төдий байсан бөгөөд эх орон физикчдийг төдий л оролдоогүй гэдгийг харин энд хэлэх хэрэгтэй байх. Учир нь, эмэгтэйчүүд үр хүүхдээ төрүүлсээр байх хэдий ч зарим хүмүүсийг оролдоогүй зөнгөөр нь хаясан нь дээр байдаг юм. Оролдвол оролдоогүй орхисноосоо долоон дор байх болно гэдгийг улс мэдсэн ажээ. Учир нь зөв генийн комбинацитай хүмүүс хулгайч хүмүүсийн дунд дахин төрөхийг хүлээнэ гэвэл зуун тавин жил болох байв. Чалдонов гэхдээ угийн шулуун, шударга хүн тул академичдын дундах хэрүүл бүрийг бурхан, чөтгөр хоёрын хоорондох жинхэнэ тулаан мэт үзэн Достоевский шиг ханддаг юм. Тэдгээр зөвлөлийн хурлын үеэр Лазарь хурлын даргад аль болох ойрхон суун, юуг ч юм тэмдэглэлийн дэвтэртээ бушуухан бичиж авдаг байв. Үнэхээр хурлын тэмдэглэл бичдэг юм уу аль эсвэл өөр зүйл дээр ажилладаг юм уу бүү мэд. Хэн ч түүний аалз яваад өнгөрсөн юм шиг арзайсан бичгийн хэвийг тайлж уншиж чаддаггүй. Нөгөө талаар, гаргаж уншиж чадлаа ч гэсэн, утгыг нь тайлж чадах хүн бараг байхгүй бөгөөд тэгж чадах хүн манай гариг дээр үсрээд л хэдхэн арваар тоологдоно. Лазарь физик, хими, бас тэгээд математикийн амин зүрхэнд нь ажилладаг юм. Хүний эргэлзээ арилан, жинхэнэ бурханы махан бие ил тод гарч ирдэг тэр орон зайд гэсэн үг. Лазарийг энгийнээр хэлбэл тэр ердөө л суутан: юу ч ойлгодоггүй хүмүүс хүртэл үүнийг ойлгодог. Ялангуяа шинжлэх ухааны хүрээллийнхэн. Суу билэгтэй гэдэг нь бүгдэд тодорхой хэр нь л түүнийг суу билигтэй хүүхэд мэт үзэх нь их. Гучин долоон настай шүү дээ. Далан насандаа хүлээн зөвшөөрөгддөг салбарт тэр хүүхэд л гэсэн үг. Юу юу билээ, хамгийн их уншигдсан бүтээл туурвисан хамгийн залуу эрдэмтэн, хамгийн залуу профессор, хамгийн олон салбарт судалгаа хийсэн судлаач, хамгийн залуу бишрэн шүтэгчидтэй, дагалдагчидтай. Бас олон хүний дургүй хүргэсэн. Маш олон. Логикоор бодвол Лазарь уг нь хэдийн бүхэл бүтэн сургууль, тэнхимийн эрхлэгч болсон байх ёстой баймаар. Гэхдээ тэр санасан, бодсон бүх санаагаа бүрэн хэрэгжүүлж чаддаггүй юм. Азаар ч юм уу дээд зэргийн ур чадвар эзэмшсэн бусад хүмүүсийн адилаар тэр гагцхүү өөрийн сонгосон, сонирхсон ажил дээр л төвлөрөх дуртай. Сонирхсон гэдэгт нь гэхдээ дан ганц шинжлэх ухаан багтахгүй. Бас эмэгтэйчүүд ч орно. (байгалийн гаж сонин зүйлсийн адилаар) Лазарь эрч хүчтэй, бусдыг татдаг. Сайн номонд бас дуртай, хэр сайн бэ гэдгийг дан ганц зохиолч, агуулгаар нь биш, басхүү хэдэн онд хэвлэгдсэн бэ гэдгээр нь шийднэ. Тэр 1917 оноос хойш хэвлэгдсэн юуг ч хүлээн зөвшөөрдөггүй юм. Тийм болохоор Москвагийн хуучин номын худалдаачид түүний сэхүүн байдал, шогч, өгөөмөр занг бишрэн хүндэлдэг юм. Номыг үзэхдээ тэр яаж үздэг гэж санана. Яг л үзэсгэлэнтэй хагас нүцгэн эмэгтэйн гуяыг илж байгаа юм шиг. Бас тэгээд тэр гайхалтай амраг - үгүй яахав, гайхалтай уншигч гэж хэлэх гэсэн ухаантай юм л даа. Өгөөмөр, авьяаслаг, зоримог. Түүнээс салахдаа ямар ч ном, ямар ч хүүхэн сэтгэл дундуур салж байгаагүй юм. Линдт гагцхүү эрчүүдэд л хатуурхаж, шоглох дуртай. Эрчүүдтэй бол нялуураад байх шаардлагагүй ажээ. Даанч дандаа түүнийхээр болохгүй юм даа.