Галзуу хүний өдрийн тэмдэглэл
Галзуу хүний өдрийн тэмдэглэл
Лу синь
ОНОЖ ХЭЛЭХҮЙ
Бага сургуулийн хичээлийн танхимд зохион бичлэгээ давтаж суухдаа багшаасаа онож хэлэх арга зааж өгөхийг гуйлаа гэж би зүүдэллээ.
- Хэцүү л байна даа! гээд багш нүдний шилнийхээ хажуугаар над руу харснаа, - Би чамд нэг юм ярьж өгье хэмээв. - Нэг айл хүүтэй болоод гэр хотлоороо баярласан гэж сүйд. Хүүг нэг сар хүрмэгц нь орсон гарсан зочин гийчдэд тэвэрч авчирч үзүүлэхэд сайхан ерөөл хайрлах гэж эрхгүй бодоцгоох бөлгөө.
- Энэ хүү баян чинээлэг хүн болно гэж нэг нь хэлээд хүндлэл талархлын үг дуулжээ.
- Энэ хүүхэд түшмэл болно гэж нөгөөдөх нь хэлээд баяр талархлын үг сонсжээ.
- Энэ хүү үхэх юм байна гэж гурав дахь нь хэлэхэд бүгдээрээ элбэж өвдтөл нь нүджээ.
Үхнэ гэж хэлсэн нь гарцаагүй үнэн, баяжина гэдэг нь шал худал ч байж болох шүү дээ. Гэтэл худал үг хэлсэн нь ачлалын үг дуулж, гарцаагүй үнэнийг хэлсэн нь зодуулдаг байж. Чи бол юу гэж хэлэх байсан бэ?..
- Би хүнд худлаа хэлэх ч, зодуулах ч дургүй. Тэгэхээр, багш аа, би юу гэвэл зохих вэ?
- Тэгвэл чи “Аяа, энэ хүүхдийг ээ! Харав уу! Юутай... Аяа яа. Ха, ха, хэ хэ” гэж л хэлэхгүй юу!
1925 оны долдугаар сарын 8
ЦЭЦЭН, ТЭНЭГ, БООЛ ГУРАВ
Боол хүн юм л бол зовлон тоочиж явдаг. Хүсдэг нь ч тэр, чаддаг нь ч тэр. Нэгэн өдөр боол цэцэн хүнтэй дайралдаж гэнэ.
- Ноёнтоон! гэж ганихран хэлэхэд нүднийх нь нулимс хэлхээ татан бөмбөрөв. - Чи юу эс андах вэ. Би гэдэг хүн үнэндээ хүнээс гадуур амьдарч байна. Өдөрт ганц л удаа амаа хөдөлгөсөн төдий болдог, тэр нь алдаг оног олдоно гээч. Гахай нохой ч тоож шиншлэхээргүй шишийн аагнаас хэтрэхгүй, нэг муу өмгөр аяга шүү, тэгээд бас...
- Нээрээн, хүн өрөвдмөөр юм гэж цэцэн хүн зовиуртай дуугарав.
- Хэлээд яах вэ! гэснээ хөхин баясав. - Амсхийхийг мэдэхгүй өдөр шөнөгүй л хөдлөх юм. Үүрээр ус барьж, үдэш хоол хийж, өдөр зах зээлээр шогшиж, шөнө нь гурил тээрэмдэнэ. Нар гарвал хувцас хунар угааж, бороотойд шүхэр барьж өгч, өвөл хийн зуух асааж, зун нь дэвүүр барина. Шөнө дунд цагаан далдуу ялз чанаж, эзнээ тойлж мөнгө горилно. Гэвч сохор улаан мөнгө ч хялайлгахгүй, хааяа бас ташуурын амт амсана гээч... гэж үглэж дуулна.
- Ай чааваас... гээд цэцэн хүн шүүрс алдаж, нүд нь нэлээд улайн хариугүй нулимс нь унах дөхнө.
- Ноёнтоон! Иймэрхүү янзаар ер нь цаашдаа хол явахгүй дэг шүү. Өөр л нэг арга сүвэгчлэхээс. Гэвч яах билээ?..
- Миний бодлоор бол таны амьдрал сайжирна...
- Тийм гэж үү? Миний хүсэл ч мөн л тэр байна. Ноён танд хамаг зовлонгоо тоочиход өрөвдөж тайтгаруулсан явдал миний сэтгэлийг нэлээд уужрууллаа. Юм нэгээрээ дуусдаггүй гэдгийг байгалийн хууль нотолж өгнө.
Гэтэл хэд хонолгүй, бас л тав алдагдаж бахь байдаг зовлонгоо тоочих хүн хайж гарав.
- Ноёнтоон! хэмээн нулимс дуслуулан өгүүлсэн нь, - Та юу эс андах вэ. Миний сууж байгаа оромж гэж гахайн хорооноос ч долоон дор, эзэн маань намайг хүний дайтай үздэггүй. Муу хавдаа надаас хэдэн мянга дахин илүү сайн...
- Бузар новш! гэж нөгөө хүн зандарсанд боол хиртхийн цочжээ. Тэр нь тэнэг хүн байв.
- Ноёнтоон, би нэг муу өмийсөн эвдэрхий сууцанд аж төрдөг, чийгтэй, харанхуй, бясаа гэж бас тоймгүй, сүүж тавиут л зулгааж алдана даа. Өмхий үнэр хамар сэтэлчих шахна, эргэн тойрон ганц ч цонхгүй...
- Чи эзнээрээ ганц цонх гаргуулаад авчихаж чадахгүй байна уу?
- Яаж болдог юм?..
- Тэгвэл намайг аваачиж үзүүл л дээ.
Тэнэг, боолын хамт гадаа нь очоод үг сүггүй шавар ханыг цоолохыг завдав.
- Ноёнтоон! Та яаж байгаа юм бэ? хэмээн ихэд айн асуув.
- Би чамд нэг цонх гаргаж өгөх минь.
- Тэгж болохгүй! Эзэн уурлана!
- Яадаг юм! гээд ханыг цоолсоор ажээ.
- Хүүе, таминь ээ! Дээрэмчин байшинг минь нураалаа! Түргэлж үзээрэй! Эс тэгвэл онгойлгоод хаячих нь байна!.. хэмээн орь дуу тавьж цурхиран газар өнхөрнө.
Хэсэг боол гарч ирээд тэнэгийг хөөж зайлуулав.
Хашгиралдах чимээ сонсож, хамгийн сүүлд эзэн ямбатайхан гарч иржээ.
- Нэг муу дээрэмчин байшинг минь эвдлэх гэхэд нь би хамгийн түрүүнд хашгирч, бид цөмөөрөө түүнийг хөөж зайлууллаа хэмээн боол хүндэтгэлтэй, ялсан байдалтай өгүүлэв.
- Сайн байна! хэмээн эзэн нь түүнийг магтжээ.
Энэ өдөр юу болсныг асууж лавлахаар олон хүн цугласны дотор цэцэн бас байлцав.
- Ноёнтоон! Энэ удаа намайг
гавьяа байгуулсны учир эзэн магтлаа. Та урьд амьдралыг минь сайжирна гэж хэлсэн. Ёстой л нэг зөнч мэргэн үг байжээ... хэмээн ихэд итгэл төрсөн шинжтэй баяртай ярив.
- Тэгнэ ээ тэр... гэж цэцэн хүн төлөөнөөс нь баярласан мэт хариулжээ.
1925 оны арванхоёрдугаар сарын 26
ЭМ
1
Намар цаг шөнө дунд хэвийн сар шингэн, нар хараахан мандаагүй, гагц түнэр хөх тэнгэр тунаран, шөнийн тэнүүлч амьтдаас бусад нь цөм нойрссон авай.
Хуа Лаошуань гэнэт өндийн сууж, шүдэнз зураад тос нь ширгэсэн зулыг асаахуй цайны газрын хоёр өрөөнд хөх цайвгар гэрэл тусжээ.
- Өвгөөн, явах нь уу? гэх нэгэн насжуу эмэгтэйн дуу гарав.
Доторх жижиг өрөөнд бүгшүүлэн ханиах сонсогдлоо.
- Тэгье дээ гэж Хуа Лаошуань тэр ханиах чимээг чагнан өгүүлээд, хувцсаа товчлуут гараа сарвайн, - Алив өнөөх өө! хэмээжээ.
Хуа эмгэн дэрэн доогуураа ухаж ухаж, боодолтой мөнгө гаргаж өгвөл Хуа Лаошуаний гар чичигнэн авч халаасандаа хийгээд гаднаас нь хоёронтоо дарж үзээд, дэнлүү асааж зулаа унтраагаад дотор өрөөг чиглэв.
Тэр өрөөнд хэржигнэх сонсдон, хөхүүлэн ханиах чимээ гарна. Өвгөн түүний ханиах нь намдахыг хүлээгээд нам дуугаар өгүүлрүүн:
- Хүү минь битгий бос!.. Цайны газар гэнэ үү? Ээж чинь болгочихно.
Хуа Лаошуань хүүгээ дахин үг дуугарсангүйд тайван унтчихлаа хэмээн бодоод гадаа гудамжинд гарав.
Тас харанхуй, хүн амьтан нэг ч үгүй, гагц үнсэн саарал зам тодхон харагдана.
Дэнлүүний гэрлэн тойрог хоёр хөлд нь ээлжлэн тусна. Үе үе ноход дайралдах авч нэг ч ган хийсэнгүй. Өрөөн доторхоос гадаа нэлээд хүйтэн байв. Хуа Лаошуань цовоо цолгин санагдаж нэгэнтээ залуужсан мэт, хүнд амь нас хайрлагч увдис хүртсэн шигээр том том алхлах бөлгөө. Гэтэл явах тутам зам тодорч, гэгээ орсоор байв.
Хуа сэтгэл шулуудан замаар явж байснаа гэнэт хирдхийн цочсон нь алсад замын уулзвар нүднээ хөндөлдөн харагдсаных ажээ. Тэрээр хэдэн алхам ухарч, хаалттай пүүсний саравчин дор хазганан орж, үүдийг нь налан зогсжээ.
Азнавал ялимгүй даарах шиг санагдав.
- Хээ, ер, энэ өвгөнийг ээ!
- Харин баясгалантай л...
Лао Шуань бас л цочин сандрав. Үзэхүл хэдэн хүн дэргэдүүр нь өнгөрчээ. Нэг нь эргэж харлаа, янз байдал тун таагүй, удаан өлссөн хүн идэх юм харсан мэт нүдэнд нь шуналын оч гялталзах ажээ.
Өвгөн дэнлүүгээ үзвэл хэдийн унтарч орхижээ. Халаасаа тэмтэрвэл хатуу юм дайралдав. Тэргүүн өргөж ийш тийш харвал өчнөөн төчнөөн хачин хүмүүс, хоёр хоёр, гурав гурваараа сүг адил тэнүүчилнэ. Нүд тогтоон үзвээс өөр хачин зүйл юу ч үзэгдсэнгүй.
Удалгүй бас л хэдэн цэрэг явах нь нүднээ тусав. Хувцас нь ар өвөргүй том цагаан дугуй тэмдэгтэй, холын юмс тодорхой үзэгдэж, ойртон ирснийх нь хувцас дээрх улбар хиаз үзэгдэнэ.
Хөлийн чимээ дуулдан, нүд ирмэх зуур бөөн хүн цуглав. Өнөөх хоёр гурваараа явсан улс гэнэт овоорч, долгио лугаа оволзон түрж замын уулзвар хүрээд гэнэт намдаж, тал дугуй болон хүрээлжээ.
Лао Шуань бас тэр зүг харахул бөөгнөрсөн хүмүүсийн нуруу үзэгдэж, хүзүүгээ ихэд сунгасан нь үл үзэгдэх гар дээш нь татсан нэн олон нугас шиг ажээ.
Хэсэг намдтал нэгэн авиа хөдөлгөөн оруулах шиг болж, аймшигт чимээ гарахад цөм ухран, Лао Шуаний зогсож байсан газар руу бут үсэрсэн нь бараг л дайран унаган алдав.
- Хөөе, мөнгө эд хоёроо баруун зүүнээрээ сольё хэмээн нэл хар хувцастай нэгэн хүн Лао Шуаний өмнө зогсож, нүд нь хоёр хутга шиг гялалзан ширтсэнд Лао Шуань зарсхийн нугдайжээ.
Тэр хүн өрөөсөн баравгар гараа өөдөөс нь сарвайн нөгөө гартаа нэг улаан мантуу атгасан нь улаан цус дуслан байв.
Лао Шуань яарч сандран мөнгөө дагжин тэмтэрч өгөх гэсэн боловч гар дахь юмыг нь авч зүрхэлсэнгүй.
Өнөөх хүн цухалдан:
- Юундаа айсан юм бэ? Авахгүй яагаав? гэж зандарчээ.
Лао Шуанийг эргэлзэх хооронд хар хувцаст дэнлүүг булаан авч цаасан бүрхүүлийг нь урж, мантуугаа боогоод Лао Шуаньд атгуулав.
Мөнгийг нь шүүрэн, барилж үзсээр эргэн одох зуураа “Энэ муу зөнөг новш...” хэмээн амандаа гүвтнэн хэлжээ,
- Хэнийгээ эмчлэх гэсэн юм бэ? гэж нэг хүний асуух гэнэт чих дэлссэн авч Лао Шуаньд хариу хэлэх сөгөө яаж байх билээ? Сэтгэл оюун нь эдүгээ боодолтой юмандаа төвлөрөн, арван үеийнх нь хувь заяаг шийдэх нялх хүүхэд тэвэрсэн мэт нандигнан бусад үйл явдал санаа бодлоос нь гадуур байв. Тэрээр энэхүү боодолтой шинэ амьдралыг гэртээ аваачиж хэмжээлшгүй аз жаргал эдлэх болно.
Нар мандан өвгөний өмнө гэр өөд нь шууд хөтлөх их зам тодорч, ард нь замын уулзварт эвдэрхий хаяг дээр нь “Эртний... танхим” гэсэн бүдэгхэн алтан үсгүүд гялалзан харагдана.
2
Лао Шуань гэртээ ирвэл цайны газар цэмцийсэн цэвэрхэн жирийтэл эгнэсэн ширээнүүд гял цал буух ажээ. Гэвч зочин гийчингүй, гагц Сяо Шуань хүү нь мухрын ширээн дээр хоол идэж суув. Магнайны нь хөлс под под дуслан, хувцас нь нуруунд нь наалдан, дал нь соёо сахал шиг ёрдойжээ.
Лао Шуань энэхүү байдлыг хараад хөмсөг зангидалгүй өнгөрсөнгүй. Гэргий нь гал тогооны өрөөнөөс яаран гарч ирэхэд нүд нь дүрлийн, уруул нь татваганаж байлаа.
- Олов уу?
- Оллоо.
Хоёул хамтдаа гал тогоонд орж хэсэг зөвлөөд, төдөлгүй эмгэн өтөл лянхуа цэцгийн навч барьсаар гарч ирээд ширээн дээр тавив. Лао Шуань дэнлүүний бүрээсийг задалж, нөгөө улаан мантуугаа лянхуа цэцгийн навчинд дахин боожээ.
Хүү хоолоо идэж дуусахад эх нь яаран:
- Сяо Шуань, чи сууж бай, наашаа бүү ирээрэй гэв.
Лао Шуань гал сэргээн ногоон боодол, улаан цагаан алагласан дэнлүүний уранхай бүрээсийг зууханд хийвэл нэгэн зуур улаан хар дөл өрвөлзөхүйд цайны газар хачин үнэр ханхийжээ.
- Ямар сайхан үнэр вэ! Та нар ямар гээчийн боов зооглож байгаа юм бэ? хэмээсээр хазганан орж ирээд үүдний дэргэдэх ширээнээ суув. Энэ хүн өдөр алгасалгүй Хуа өвгөний цайны газар цаг нөгцөөж, хамгийн эрт ирж хамгийн орой явна. Асуусан асуултад нь хүн хариу дуугарсангүйд:
- Чанасан будаа хуурч байгаа юм уу? гэхэд бас л хүн хариулсангүй.
Лао Шуань яаран цай чанахаар гарав.
- За, Сяо Шуань ороод ир! хэмээн дуудаж, Хуа Дама дотор өрөөнд ороод голд нь бандан тавихад хүү нь суужээ. Эх нь нэг дийзтэй бөөрөнхий хар юм авчраад нам дуугаар, - Үүнийг идчихвэл өвчин чинь бүрмөсөн эдгэнэ шүү гэж хэлжээ.
Сяо Шуань тэр хар юмыг чимхэж аваад, амь амьдралаа барьсан шиг хэсэг харахад сэтгэлд нь үгээр хэлшгүй хачирхал төржээ. Ихэд болгоомжлон хагалбал түлэнхий хальсны цаанаас цагаан уур дэгдэн сарнихад цагаан гурилын хоёр тал мантуу байх ажээ. Хэсэгхэн хугацаа өнгөрөхөд цөм гэдсэнд нь орж, амт шимт нь ч ор тас мартагдан, өмнө нь хоосон таваг л үлдэв.
Хүүгийнхээ хоёр талд аав ээж нь зогсох агаад тэдний харц түүний биеэс нэгэн аймшигт юм гарч түүний бие өөрчлөгдөх болов уу гэсэн янзтай анаж байв. Тэдний зүрх түг түгхийн, хүүгийнхээ цээжийг илэхэд тэр нь бас л бүгшин ханиалгажээ.
- Унт даа, эдгэрнэ.
Сяо Шуань эхийнхээ үгэнд орж ханиалгасаар унтав.
Хуа Дама хүүгийнхээ жигд амьсгалахыг хүлээн, түмэн нөхөөс болсон хөнжлөөр зөөлхөн хучжээ.
3
Цайны газар олон хүнтэй, Лао Шуань ч сандчин том зэс данх барьсаар цай аягална. Хоёр нүдэнд нь хар хүрээ суусан харагдана.
- Лао Шуань, бие чинь базаахгүй байна уу? Өвчин тусчихаа юу? гэж нэгэн буурал сахалтай хүн хэлэв.
- Үгүй дээ, зүгээр
- Үгүй гэнэ ээ? Би чамаар тохуурхсан юм. Уулаасаа өвчтэй хүний шинж алга л даа, баясгалантай байна шүү дээ... хэмээн буурал сахалт үгээ булзааруулав.
- Лао Шуань тун их ажилтай байна. Хэрвээ хүү нь... гээд Бөгтөр үгээ дуусгаагүй байтал хар даавуун цамцтай догшин, махлаг царайны нэгэн хүн гэнэт үсчин орж иржээ. Цамц нь задгай, хааш яйш бүсэлсэн өргөн бүсний нь хоёр үзүүр савчин харагдана. Босго давуут Лао Шуаний зүг:
- За яав? Өгөв үү? Засарч байна уу? Өвгөн Хуа чи аз заяатай хүн юм! Зол чинь дээ! Хэрвээ би л мэдээгүйсэн бол... хэмээн чанга чанга ярив.
Лао Шуань нэг гартаа данх барьж, нөгөө гараа хүндэтгэлтэйеэ сунган, сэтгэл хангалуун инээн сонсох бөлгөө. Суудал дүүрсэн хүмүүс ч түүнийг шимтэн сонсоно.
Хөх хүрээ татсан нүдтэй Хуа Дама ч инээвхийлж, хар хувцастын аяганд хуурай цай хийж, гүег хачирлахад Лао Шуань буцалсан ус аягална.
- Эдгэрэхээ л эдгэрнэ! Хосгүй эд шүү. Би цусыг халуунаар нь авсан, тэгээд халуун дээр нь идүүлчихсэн хэрэг хэмээн догшин царайт хашгичиж гарав.
- Нээрэн шүү, Кан ах л санаа тавиагүй бол яах вэ дээ гэж Хуа Дама бас л сэтгэл уяран талархана.
- Тус болохоо л болно. Халуунаар нь өгчих... Хүний цустай энэ мантуу ямар ч сүрьеэг аваад л буучихна!
Сүрьеэ гэдэг үгийг сонсуут Хуа Дама царай даран, нэлээд сэтгэл дундуур болох шиг болсон ч инээмэр аядаад яваад өгөв. Гэвч Кан ах үл анзааран, дуугаа чангалан бархирсаар байв. Унтаж байсан Сяо Шуань ч тэр дуунаар сэрж бүгшүүлэн ханиалгажээ.
- Танай хүү ер нь хувьтай хүү юм. Энэ улигт өвчин хар аяндаа хоггүй эдгэнэ.
Лао Шуаний царай өдөржин инээдээр гэрэлтэн явааг хачирхах явдалгүй хэмээн буурал сахалт өгүүлэхийн зэрэгцээ Кан ахын өмнө очоод дуугаа намтган:
- Кан ах аа, өнөөдрийн тэр зүйл дуусдаг хэрэгтэн хүн Сягийн омгийнх юм гэнэ. Хэний хүүхэд юм бэ? Чухам яасан юм бэ? гэж асуув.
- Хэний хүүхэд гэнэ ээ? Дөрөв дэх Ся хатагтайнх байхгүй юу? Новшийн эд! гээд Кан ах олны чих тавин сонсож байхыг хараад хэмжээ хязгааргүй баярлаж, догшин махлаг царай нь өнгө орон дуугаа улам өндөрсгөн, - Энэ муу шаар амьд явахын ч хэрэг алга, хэрэггүй хойно болох нь тэр. Гэхдээ энэ удаа над олигтой юм унасангүй, ганц мулзалж авсан хувцсы нь ч хүртэл шоронгийн хуяг Улаан нүдэн Аи аваад явчихлаа. Нэгд, манай Хуа ахын аз дайрлаа, хоёрт гэхэд гурав дахь Ся хорин таван лан цалин цагаан мөнгөн шан хүртэж, нэг ч зоос хэнтэй ч хуваасангүй! гэж бүүрч чанга хашгирав...