(Антон Мостэртын Арлингтон дахь гэрийг сурвалжилсан тэмдэглэл)

Монгол судлал хэмээх эрдмийн нэгэн салбарыг өргөө сайхан гэртэй зүйрлэвэл цогцлоон босгоход нь үй түмэн хүн хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Гэвч үй түмээрээ бүгд адил тэгш үүрэгтэйгээр барилцсангүй, зарим нь юухан хээхнийг нь нааш цааш дамжлан хүргэж өгсөн бол үүнийг бичигч мань мэт нь бол “юм өргөлцөх” байтугай сайхан барьчихсан гэрт дулаацан суугаагаас хэтрэхгүй юм. Харин цөөхөн хэдэн агуу эрдэмтэн ёстой л өргөө гэрийн ханыг босгож, баганыг тулан, тооныг залсан бөлгөө. Поппе, Кливз, Пеллио, Лигети, Рамстедт... Агуу гэдэг тэмдэг нэрийн доор арваас илүү хүн бичигдэхгүй гэж үзвэл энэ жагсаалтын дотор Бельгийн хар лам Антон Мостэрт авгайн алдар нэр зүй ёсоор сийлэгдэх юм.

Гэтэл шүтэн биширч, ном бүтээлийг нь уншин, гайхаж явсан тэр их хүнийхээ гэрт нэгэн өдөр орж үзээд, сууж байсан сандал дээр нь сууж, залбирч байсан шүтээнд нь хүрч, зураг сэлтийг нь харж, шавь нартай нь хэлэлцэн суух юм гэж оюутан ахуй насны минь балчир санаанд л лав орж байсангүй. Ер нь энэ тал дээр ч би их хувьтай хүн шүү. Агуу их Поппегийн номын сантай биеэр танилцаж, алдарт “Дуртгал”-ыг нь орчуулан хэвлэх эрхийг албан ёсоор авсан, нэрт эрдэмтэн Денис Синьор, Жон Крюгер нартай олон цагаар дотно сайхан ярилцан сууж, гэр орноор нь орж гарсан гээд л хорин жилийн өмнө бол зүүдэндээ ч үзэхээргүй мөрөөдлүүдээ биелүүлж яваа монгол хэлний молхи нэгэн багш билээ. Энэ удаад харин агуу их Мостэртийн АНУ дахь ажлын байр, гэрт нь зочлон сурвалжлах завшаан тохиолоо.Энэ тухай өгүүлэхээс өмнө эрхэм уншигч танаа Антон Мостэрт гэж хэн болохыг танилцуулах нь зөв биз ээ.

Антон Мостэрт Арлингтон дахь гэр-сүмийнхээ урд
(Мишнхөрстийн архиваас зохиогчид ирүүлсэн зураг)

 
ШИНЭ ЗУУНТАЙ ХАМТ ШИНЭ ХЭЛ, СОЁЛ СУРЧ ЭХЭЛСЭН ТҮҮХ

Монгол хэл шинжлэл, аман зохиол судлал, эх бичиг судлал, түүх, угсаатны зүй, нутгийн аялгуу судлалын их эрдэмтэн Антон Мостэрт (Antoine Mostaert) 1881 оны 8 сарын 10-ны өдөр Бельгийн Брюгге хотноо мэндэлжээ. Угаас тэл хэлт улсад төрснийх хэлд орохдоо л тэл хэлээр зэрэг ярьж эхэлсэн бөгөөд Европын шашны уламжлалт хатуу сургалтын ачаар хар багадаа грек, латин хэлийг маш сайн сурснаар цаашид аливаа хэл сурах, судлах дөр, суурь нь маш эрт, баттайяа тавигдсан байна.Мостэртийн харьяалагддаг Католикийн шашны бүлгэмийнхэн тэр үед Хятадад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан тул залуухан лам байхдаа хятад хэл сайн сурчээ.Сүмийн ажиллагаа Хятадаас хойшилж, Монгол руу орох болсон тул лам нар дотроо хэлэнд хамгийн гарамгайгаараа Мостэрт л монгол хэл сурах болсон байна.

Ингээд өөрийнх нь дурсан ярьдгаар бол 1900 оны Зул сарын баярын битүүний өдөр (“битүүн” гэж хэдий сартай холбоотой үг ч гэлээ цагаан сарын “битүүн”-ээс утга шилжүүлэн бодож, заавал сарын сүүл биш, аливаа баярын өмнөх өдрийг илэрхийлдэг Eve хэмээх англи үгийг “битүүн” гэж орчуулан хэвшиж болмоор саанагдана. М.С.), тухайн үед өөр сурах бичиг байгаагүй тул Шмидтийн герман хэлээрх хэлзүйг барьж аваад л монгол хэлний их аяндаа гарсан гэдэг юм.

Мостэртийн гарын шавь Хэнри Серрюс энэ талаар “Мостэрт ламтан 1900 оны зул сарын баяраар одоо бол машид хоцрогдсон тэр нэгэн хэлзүйг бариад л монгол хэл судалж эхэлсэн гэдэг юм.Чухам энэ мөчөөс эхлэн 1965 онд нүд нь юм үзэж чадахгүй болтлоо тэрбээр монгол хэлний судалгаанаасаа өчүүхэн төдий ч салаагүй билээ” хэмээн бичсэн байдаг.

Мостэрт 90 насалсан. Энэ ерөн насны бүтэн 65 нь зөвхөн Монгол судлалд зориулагдсан гэдэг гайхамшигтай.

Ингээд 1905 онд сүмийнхээ шугамаар Хятадад иртэл захирал нь түүнийг Ордосын Бор балгас сууринд Католикийн шашны төлөөлөгчөөр илгээжээ. 1906 оноос 1925 оны намар хүртэл Мостэрт ламтан Өвөр Монголд амьдарч, зөвхөн шашин номынхоо үйлийг хийгээд зогссонгүй, орон нутгийн монголчуудын дотнын анд, зөвлөгч нь болж, тэдэн дотор нэг ёсондоо уусан шингэсэн байна. Мостэртийн нанхиад нэрийг Тиан Чинбо гэдэг байсан болохоор монголчууд түүнийг “Ном-ун багши Тиеэн”хэмээн авгайлдаг байж.Хожим Бээжинд амьдарч байхад нь тэр хавиар өнгөрөх монгол хүн бүр Мостэртыг зорин очиж уулздаг, олон арван захиа, дайвар хүргэж өгдөг байсан гэдэг.

Энэ хорин жилийн туршид Мостэрт ордос монголчуудын дунд байснаар тэдний хэл, соёл, аман зохиолыг нарийвчлан судалж, арвин баялаг цуглуулгатай болж авчээ.Чухам энэ л үед цуглуулсан материалдаа үндэслэж магадгүй өөрийнх нь хамгийн агуу бүтээлд тооцогдох “Ордос толь” –оо хожим хэвлүүлсэн юм.“Ордос толь”-ийг чанар, хэмжээгээрээ Монгол хэлний хамгийн даацтай толь гэж одоо ч судлаачид үнэлсээр байна.Тэр том толинд орсон олон мянган жишээ, хэллэг, зүйр үг, аман зохиолын баримт зэргээ чухам хэнээс хэзээ тэмдэглэж авснаа Мостэрт ламтан нэгд нэгэнгүй цээжээр мэддэг байсан гэж Хэнри Серрюс дурссан байдаг.

Ордост байхдаа Мостэртын хийсэн бас нэг томоохон судалгаа бол 1923 онд хар лам Де Смедтийг Бор балгаст аваачиж, монгор хэлийг хамтран судалсан шинжилгээ юм.Хожим түүгээрээ хэд хэдэн боть хэлзүй, толь бичиг гаргасан билээ.


Доорх зургийг Мостэртийн гэрийн ханан дээрээс татсан юм. Хятад, Өвөр монголоор номлолоо тарааж яваа байдал
 

1920-иод оны эхээр Ниншаа муж орчим шашны үйл ажиллагаа явуулахад нэн хүндрэлтэй болж эхэлжээ.Бор балгасаас хэн нэг нь Бээжинд очиж, дээд хэмжээнд яриа хэлцэл хийн асуудлыг шийдвэрлэхээс аргагүй болсон аж.Мэдээж Мостэртэд л энэ үүрэг оногдох нь тодорхой.Ингээд 1925 онд Антон Мостэрт Бээжинд нүүж очсоноосоо хойш 23 жилийг тэнд өнгөрүүлсэн байна.Засаг захиргааны хэргийг хааяа хамааран, тогтвор суурьшилтай суух болсон нь өмнө цуглуулсан их материалаа эмхлэн, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад нь таатай нөхцөл болж өгчээ.“Харвардын Ази Судлалын Сэтгүүл”-ийг үндэслэгч Сергей Елисеев гэж нэртэй нанхиадач, японч эрдэмтэн Мостэртад зориулсан бичил өгүүлэл амьд сэрүүнд нь гаргасан юм.Түүндээ “Мостэрт 23 жил Бээжинд суухдаа бараг жил бүр нэг томоохон чухал бүтээл туурвисан байдаг” хэмээн бичжээ. Өмнө дурдсан алдарт “Ордос толь”, “Монгор хэлний зүй”, “Монгор-Франц толь”, “Ордос аман зохиол”, “Ганьсу орчмын монголчууд ба тэдний хэл” гээд л явж өгнө дөө. Ихэнх нь франц хэлээр, харин хамгийн сүүлд дурдсан бүтээлээ англиар бичсэн нь хожим 1956 онд орос хэлээр орчуулагдан гарсан байдаг.

АНТОН МОСТЭРТ АНУ-Д

Мостэртийн харьяалагддаг католикийн шашны Шеутын нийгэмлэгийн салбар АНУ-д байгуулагдсанаар 1948 онд тэрбээр Виржиниа мужийн Арлингтон хотноо хүрэлцэн иржээ.Тийм ээ, одоо бол АНУ дахь монголчуудын хамгийн олноор суурьшин байгаа тэр Арлингтон хот.  Ер нь их эрдэмтний амьдралын хэмнэл хорь хорин жилийн үечлэлтэй аж.Амьдралынхаа эхний хориод насыг эх нутагтаа шашин, хэл судлан өнгөрөөсөн бол дөчөөд нас хүртлээ Өвөр Монголчуудын дунд амьдран судалгаа, цуглуулга хийж.Дараачийн хорин жилээ Бээжинд ном бүтээл туурвин өнгөрөөсөн бол удаах хорь орчим жил, бүр тодруулбал 1948-аас 1965 оныг хүртэлх 17 жилийн амьдралаа АНУ-д үджээ.


Мостэртийн Арлингтон дахь гэр-сүм буюу Мишнхөрст
(зохиогчийн авсан фото)


 
Елисеевийн бичсэнээр Арлингтонд Конгрессийн Номын Сантай ойрхон амьдарснаар эрдмийн ажлаа үргэлжлүүлэх сайхан боломжтой болсон бөгөөд АНУ-ын монгол судлал бүхий их сургуулиудаар үе үе явж уулзалт, яриа хийдэг байсан байна.Үр бүтээлтэй судлаачийн хувьд аанай л завгүй ажиллаж бас л жил бүр шахуу маш чанартай, даацтай томоохон бүтээлүүд туурвисан байдаг.Арлингтонд ирснээсээ хойш ихэвчлэн эх бичиг судлал, эртний монгол дурсгалуудад анхаарлаа хандуулан, ихэнх чухал бүтээлээ “Харвардын Ази Судлалын Сэтгүүл”-д хэвлүүлсэн юм.“Монголын нууц товчоо”, “Хуа й и юү толь”, “Ил хаадын захидлууд”-ын талаарх түүний бүтээлүүдийг гайхамшигтай гэхээс өөрөөр тодорхойлох үг олдохгүй.Эртний болон орчин цагийн монгол хэл, монгол нутгийн аялгуудын агуу их мэдлэг, дээр нь хятад, орос хэлний боловсрол, Европын бүхий л чухал хэлнүүдийг чөлөөтэй эзэмшсэн чадвар зэрэг нь түүний бүтээл бүрийг нэн далайцтай, үндэслэлтэй болгож өгдөг.Ялангуяа өөрийн зиндааны их эрдэмтэн Франсис Кливзтэй хамтран бичсэн бүтээлүүд нь Монгол судлалын их ертөнцөд очир алмааз нь болон гялалзсаар байна.Түүний судалсан эхийг өөр судлаач дахиж судлаад илүү ихийг хэлнэ гэдэг бараг л боломжгүй юм.Юмыг ингэж л төгс төгөлдөр хийдэг судлаач.

1965 онд их эрдэмтний бие баахан чилээрхэж, тэтгэвэртээ гараад эх нутгаа зорьжээ.Тэндээ амар амгалан амьдарсаар 1971 оны 6 сарын 2-ны өдөр ерөн насныхаа босгон дээр тэнгэрт хальсан юм.Агуу судлаачийн амьдрал бүтээлийг миний мэтийн өчүүхэн амьтан ийнхүү амны зоргоор дүгнэн өгүүлэх нь хирээс хэтийдсэн хэрэг болох тул өөрийн дүгнэлтийг үүгээр зогсоогоод их хүний тухайд их хүмүүс хэрхэн өгүүлснийг толилуулсу.

БҮХ ЭРЧ ХҮЧЭЭ МОНГОЛД ЗОРИУЛСАН ЭРДЭМТЭН

Нэрт монголч эрдэмтэн Николас Поппе АНУ-д ирүүтээ мэдээж хэрэг хамгийн түрүүнд Мостэрт ламтантай уулзаж танилцсан байна. Тэрбээр энэ тухайгаа ийн бичжээ:

“Бельгийн Маригийн Ариун Зүрхний Цуглаан хэмээх шашны бүлгийн гишүүн, нэрт монголч, хар лам Антуан Мостэрт Виржиниагийн Арлингтон хотод амьдардаг байв.Би түүнтэй нүүр учран танилцаагүй ч бүр 1920-иод оны эхээс дэлхийн 2-р дайн дуустал тогтмол бичилцдэг байсан юм.Тиймээс хамгийн анхны уулзалт маань тун сайхан, найрсаг болж, удаан хуучилцгаав.Мостэрт манай үеийн хамгийн агуу монголч эрдэмтэн байсан тул би түүнтэй нөхөрлөснөөрөө ихэд бахархдаг.Мостэрт найрсаг, тусламтгайгаас гадна шударга, ариун хүн байв.Тийм ч учраас шашны бүлгэм дотроо нэн хүндтэй байсан юм.Намайг Ленинградад бүх ном бичгээ орхин ирснийг дуулаад өөрийнхөө бүтээл бүрээс нэг нэг хувийг илүүчлэн өгч билээ.Тэр дотор нь надад бүр өмнө Ленинградад байхад маань явуулсан байсан ном ч олон байв. Үүгээр миний АНУ дахь хувийн номын сангийн маань эх тавигдсан юм”

Поппе Мостэртийг “манай үеийн хамгийн агуу монголч эрдэмтэн” гэж үнэлсэн нь бүхнийг тодорхой болгож байгаа хэрэг.

Өмнө миний нэгэнтээ дурдсан Сергей Елисеев бол орос гаралтай, иргэншлийн хувьд Франц - АНУ-ын судлаач хэмээгддэг, Токиогийн Их Сургуулийг дорно дахин судлаачаар төгссөн (1912 онд) хамгийн анхны барууны судлаач, нэрт “Харвардын Ази Судлалын Сэтгүүл”-ийг үндэслэгч эрдэмтэн юм. Тэрбээр ийн бичжээ:

“Монгол соёлын талаар судалгаа хийсэн, дорвитой хувь нэмрээ оруулсан эрдэмтдийн дотор хар лам Антон Мостарт тэргүүлэх байр суурийг эзэлнэ... Хэвлүүлсэн олон сайхан бүтээлээрээ төдийгүй залуу эрдэмтдэд байнга тусалж, зөвлөдөг хүнлэг чанараараа бүхний сэтгэл зүрхийг татсан, нэр хүндтэй энэ судлаач цаашид өөрийн хайртай ард түмнийхээ хэл соёлын талаар улам ихийг бүтээсээр байх болно гэдэгт бид итгэж байна”

Мостэртийн шавь Хэнри Серрюс багшийнхаа талаар:

“Багш монголчуудад, тэдний хэл соёлд, амьдралын хэв маягт нь дэндүү их шунан дурласан, Монгол гээч зүйл амьдралынх нь бүх эрч хүчийг шууд утгаараа сорж орхисон гэж болно... Тэрбээр ер нь бүхий л төрлийн бичиг: түүхийн дурсгал, албан бичиг, залбиралт ном, шарын шашны болон бөөгийн холбогдолт уншлага гээд бүгдийг цуглуулсан. Гайхалтай мундаг ойтой болохоор нэг уншсан зүйлээ хэзээ ч мартдаггүй, сонирхолтой зүйл уншсан л бол хожим тэр бичгийнхээ хувийг олж авна хэмээн зарим нэг монголчуудыг дагуулан сураглаж явна.Багшид бас шарлаж хуучирсан олон зураг бий. Заримтай нь хорь гучин жил ч уулзаагүй атлаа зураг дээрх бүх хүнийг нэр усаар нь хэлж, хоорондоо ямар хамаатай, хэлхээтэй болохыг нь тайлбарлан, хожим тэр хүнд юу тохиолдсон тухай хуучилж суудаг сан... Багшийг олон хүн бүтээл номоос нь гадна даруу төлөв зан чанараар нь дурсан санах биз ээ.“Төгс хүн гэж байхгүй, бүхнийг мэддэг хүн гэж үгүй” гэж хэлэх дуртай байсан.Өөртөө анхаарлыг төвлөрүүлэх, магтуулах дургүй байлаа...” хэмээн бичжээ.

ШЕУТИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ?

Мостэртийг Арлингтонд хорь шахам жил амьдарсан гэж мэдэх боловч чухам аль хэсэгт нь сууж байсныг мэдэхгүй тул түүний харьяалагддаг байсан CICM хэмээх бүлгэмийг сурвалжилж үзэв.CICM нь латинаар Congregatio Immaculati Cordis Mariae хэмээх үгийн товчлол бөгөөд Маригийн Ариун Зүрхний Цуглаан гэж орчуулж болох юм.1862 онд Бельгийн хар лам Теофил Вербист анх энэ бүлгэмийг үндэслэжээ.Үүссэн газрынх нь нэрээр Шеутууд, Шеутынхэн гэж бас нэрийддэг юм байна.Үүссэн цагаасаа л эхлээд буюу бүр 1863 оноос Өвөр Монгол, Хятадад, хожим Конго улсад суурьшин ном сургаалаа тараах болсон байна.


Мостэрт шашныхаа үйлийг эрхлэж буй нь
(Мишнхөрстийн архивын фото)

 
АНУ-д эднийх салбараа нээх шийдвэрээ 1946 онд гаргасан гэнэ.Ингээд тэр ондоо Брюссель хотоос 16 номлогч, 1947 онд 10 номлогч хүрэлцэн ирж суурьшиж. Үйл ажиллагаагаа улам бүр өргөтгөн ялангуяа Америкийн хар арьстнуудтай илүү ойр ажиллах шаардлага гарсан тул 1948 онд 23 номлогчийг урьж авчирсны нэг нь Антон Мостэрт авгай байжээ.  Америк дэх салбарыг нь албан ёсоор Мишнхөрст (Missionhurst) гэдэг юм байна.

Вэб хуудаснаас нь утсыг нь олж залгавал хар лам Жое гэж хүн утсаа авав.Мостэртийн тухай, хаана ажиллаж, амьдарч байсан тухай нь, түүнийг мэдэх хүн одоо байгаа эсэх талаар лавлаж, бичил сурвалжлага хийж болох эсэхийг асуувал өөдөөс харин ихэд баяртайгаар “Мостэрт ламтан, ер нь манай номлогчид эндээ, сүмдээ амьдардаг байсан юм шүү дээ.Таныг ирж чадвал дуртайяа үзүүлэх болно.Та ирэх Мягмар гаригт манай дээр ирж өдрийн хоол идээч” хэмээн шууд урьдаг юм байна.Хаягийг нь аваад хартал манай гэртэй нэг зип кодтой, өөрөөр хэлбэл нэг зип кодтой байна гэдэг чинь “нэг дошны” л гэж хэлж болохоор ойлголт шүү дээ.Манайх 21-р гудамжинд, Мостэртийнх 25-р гудамжинд байж.  Өдий олон жил Арлингтонд байж байж, дөрөвхөн гудамжны цаана их эрдэмтэн Мостэрт амьдарч байсныг мэддэггүй, би мөн тэнэг хүн ээ.Гэлээ ч “Муу хүний заяа завагт” гэгчээр гэр-сүмд нь очиж өдрийн хоол идэхээр уригддаг байна шүү.

МОСТЭРТИЙН АРЛИНГТОН ДАХЬ ГЭРТ ЗОЧИЛСОН МИНЬ

Ингээд 2011 оны 9 сарын 20-ны Мягмар гаригт Арлингтон дахь Мишнхөрст сүм дээр очив.Хар лам Жое Жиордано гуай үүдэн дээрээ намайг угтан авч, сүмийнхээ эдлэн газрыг танилцуулан ярилцлаа.Мостэртийн залбирлаа үйлддэг байсан мөргөлийн тэнхим, амьдарч байсан өрөө, ажлын өрөө зэрэгтэй нь танилцав.Ингээд үдийн хоолонд ороход тус бүлгэмийн АНУ дахь салбарын захирал Ансэлмэ Малонда ирж бид хоёртой нийллээ.Хоолны үеэр бид Монголын тухай, Монгол дахь тэдний төлөөлөгчдийн тухай, Мостартын тухай ярилцав.Захирал Ансэлмэ Малонда гуай бол Мостарттай уулзаж байгаагүй юм байна. Харин хар лам Жое Мостартын тухай ийн хуучлав:

“Би 1964 онд энэ сүмд сурагчаар ирж байсан юм.Тэгэхэд Мостэрт ламтан энд амьдардаг, манай хамгийн нэр хүндтэй номлогч нарын нэг байлаа.Би гэхдээ Мостэртээр ном бол заалгаагүй л дээ.АНУ-д байгаа номлогч нараас яг Мостэрттэй уулзсан, энд байхад нь хамт байсан хүн гэвэл бараг надаас өөр байхгүй байх аа.Намайг ирснээс тун удалгүй Бельги рүүгээ буцсан юм.Монгол, Хятадад манай бүлгэмийнхэн маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг учраас бид Мостэртийг Монгол судлалын эрдэмтэн гэдгийг мэддэг, сонирхдог л юм.Харин сүүлийн үед манай энэ хавиар монголчууд олон болж байна шүү.Ресторанд ороход л нэг монгол үйлчлэгч байх жишээтэй.Хэдэн жилийн өмнө ногоон кард хожсон нэг монгол залуу ирж уулздаг байсан, одоо чимээгүй л байна...” гэхчлэн ярилаа.


Жое Жиордано ламтантай хамт
 
Ингээд Жое ламтан архивынхаа ажилтанд хэлж, Мостэртийн хэдэн сайхан зураг, бас бус байгааг дижитал болгуулаад танд илгээлгэе хэмээн амласнаар бидний уулзалт өндөрлөсөн юм.Бас бус зүйл гэдэг нь Мостэртийг насан өөд болоход тухайн үед CICM-ийн АНУ дахь захирал нь байсан Лео Зоннэвэлд ламтан Мостэртийн шавь Хэнри Серрюс ламтнаас эмгэнэлийн удуртгал бичиж өгөхийг хүссэнд ирүүлсэн хоёр хуудас материал юм байна.Central Asian Studies сэтгүүлд Поппе нэг зулын үг бичсэн, амьд ахуйд Сергей Елисеев нэг бичэн гэдгийг өмнө дурдсан, харин Серрюсын энэ эмгэнэл дотнын, сонирхолтой дурсамж олонтой, дээр нь шашны жижиг сэтгүүлд гарсан болохоор манайхан бараг л олж уншаагүй болов уу.Дээр Хэнри Серрюс ингэж дурсчээ хэмээн иш татаад байгаа мань чухам тэр материалынх юм.


Мостэртийн зочны өрөө
 
Үнэндээ АНУ дахь гэрт нь судалгааны гол материалаас нь байхгүй, бүхий л гар бичмэл, дуусгасан болон ажиллаж байсан бүтээлүүд нь Бельгид, Шеутын Дурсгалын Номын санд хадгалагдаж буй.Тэнд Мостэртийн гар бичмэлүүд, ялангуяа их эрдэмтэн Кливзтэй хэл судлалын тусгай асуудлуудаар харилцсан захидлууд хадгалагдаж байгаа нь судалгааны нэн чухал баримт болох билээ.Хэзээ нэгэн цагт залуу монголч эрдэмтдээс хэн нэг нь судалгааны томилолт олж аваад тэрхүү номын санд очиж, Мостэртийн олон сайхан бүтээл, гар бичмэлтэй биднийг танилцуулна биз ээ хэмээн итгээд та бүхэнд одоо өөрт ирсэн зургаас толилуулъя. 


Мостэрт монгол бичгийн ном шимтэн судалж буй нь
(Мишнхөрстийн фото)
 

ТӨГСГӨЛ БУЮУ АНТОН МОСТЭРТИЙН АМЬДРАЛААС БИД
ЮУ СУРАХ ЁСТОЙ ВЭ?

Их эрдэмтний хийсэн бүтээсэн бүгдийн тухай, Монгол хэл соёлд бүх амьдралаа зориулсан тухай бахархан уншаад, шүтэн бишрээд өнгөрөх нэг хэрэг, үнэхээр шүтнэ гэдэг бол үлгэр дуурайлаа болгоод амьдралаас нь ихийг суралцана гэсэн үг билээ.Тиймээс агуу Мостэртийн амьдралаас залуус бид юу сурах ёстой вэ гэдэг дээр хоёр зүйлийн санал хэлээд өгүүллээ төгсгөе.

Эрдэмтний намтрыг уншиж байхад иймэрхүү дүр зураг бууж байна.

1. Мостэрт хар багаас католикийн лам болохоор шийдсэн нь судалгаанд нь сайнаар нөлөөлжээ. Учир нь тэрбээр бүр багадаа эртний латин, грек хэлийг төгс эзэмшсэн юм.

2. Мостэрт хориод жил Ордост амьдарсан нь судалгаанд нь маш сайнаар нөлөөлжээ. Учир нь тэнд л Мостэрт монголчуудын амьдралд уусан, ойлгож, маш их баримт сэлт цуглуулсан байна.

3. Мостэрт Бээжин рүү нүүж, тэнд хорь орчим жил амьдарсан нь судалгаанд нь их чухал үе болжээ. Учир нь их эрдэмтэн Бээжинд цуглуулсан материал дээрээ үндэслэн олон даацтай бүтээлээ туурвих боломжтой, цагтай болсон юм.

4. Мостэрт АНУ-ын Арлингтон хотноо нүүж ирснээр Конгрессийн Номын Сан, Фрийр галлерей, бусад Монгол судлал бүхий их сургуулиудад ойртож, судалгааных нь ажилд таатай боломж бүрджээ.

Жинхэнэ агуу эрдэмтэнд бол очсон газар болгон нь, нүүж суусан болгон нь “судалгааны таатай нөхцөл” болдог аж. Мань мэт нь бол тийшээ нүүгээдэхсэн тийм ч номоо авчирч чадсангүй, тэнд очсон  тэр ч багшаасаа холдоод асуух хүн байдаггүй гээд л уйлаад суудаг, тэр бол зүгээр шалтаг л юм байна даа.

Хоёрт гэвэл Антон Мостэрт өөрөө ч “Би бол бүтэн хоёр насны амьдралд хийж бүтээх зүйлийг ганц энэ насандаа хийчихсэн хүн” гэж зоригтой хэлдэг хүн байж.Хүн нэгэнт хоёр амьдрахгүйгээс бүтэн хоёр насны бүтээлийг нэг насандаа хийхийн тулд цаг зав гээчийг маш сайн ашиглах ёстой.Серрюсын дурссанаар Мостэрт эрдэм судлалынхаа ажлаас өөр зүйл гэвэл өдөр тутмын сонины чухал мэдээнээс бусад юу ч уншдаггүй байсан гэнэ.Уран зохиолоос бол бүр айдаг байсан аж.Уран зохиолоос айдаг болсон түүх нь их сонирхолтой.Өөр улс оронд номлол түгээж байгаа төвүүд, сүмүүд хоорондоо ном солилцон уншдаг уламжлалтай юм байна л даа.Тийм шугамаар Хью Бенсон гэж зохиолч- хар ламын бичил роман Мостэртийн гар дээр ирж.Мостэрт зохиолын үйл явдалд бүр хэтэрхий автаж, шөнөжин уншсаар үүрээр дуусгасан байна.Үүнээс хойш уран зохиолд улайрч мэдэх юм байна хэмээн дахиж нэг ч ном уншаагүй гэдэг.Мостэрт өөрийгөө тэгж татаж чадаагүй, уран зохиолд шимтсээр дууссан бол монгол судлалын тэр гайхамшигтай бүтээлүүд төрөхгүй байсан гэж бодохоор өнөөгийн залуус бид хэрэгтэй хэрэггүй кино ший үзэж, интэрнэтээр элдэв үнэн худал мэдээ харсаар цагийг барж байгаа маань даанч тоогүй санагдах.

Өдгөө Арлингтон хотод монгол хэл албан ёсоор хоёр дахь хамгийн их хэлэлцэгчтэй гадаад хэл болоод байна гэсэн мэдээ бий.  Та бидний монгол хотхон үүсгээд буй энэхүү хотод амьдралынхаа 17 жилийг өнгөрөөсөн их эрдэмтний тухай өгүүлэхэд ийм байна.