Нэг залуу Банкэй багш дээр ирээд:

- Багш аа, би дүрсхийдэг уураа дийлэхгүй юм. Яаж энэ өвчнөөс салах вэ? гэж асуужээ.
- Сонин л юм. Надад тэр уураа харуулаадах даа гэхэд
- Одоогоор уурлаагүй болохоор харуулж болохгүй байна гэж залуу хэлэв.
- Тэгвэл уурласан үедээ ирээд үзүүлээрэй.
- Гэнэ сэнэгүй авалцдаг юм. Үзүүлэх гэж ирэх хооронд арилчих байх даа.
- Тийм бол наадах чинь чиний мөн чанар биш гэсэн үг. Хэрэв мөн чанар чинь байсан бол дурын үед харуулах боломжтой. Төрөхдөө чи түүнийг өвөрлөж төрөөгүй. Эцэг, эхээс өвлөж аваагүй. Гаднаас чамд нялзсан байна. Миний өгөх зөвлөгөө: Уур чинь хүрэх үед өөрийгөө таягдаж бай. Дотор чинь уур хилэн тогтох аргагүй болтол нь гөвшөөд өг гэж Банкэй багш хэлжээ.

... Уур бол сэтгэлийн бөөлжис юм. Хүлээж авмааргүй хоол ундыг бие махбод буцааж гаргахыг хүсдэг. Бөөлжсөө барьж хорих аюултай. Бөөлжөөд гаргачихсан хойно дотор онгойно. Түүнтэй адил сэтгэл ч бас дотор муухайруулсан зүйлээ бушуу гаргахын түүс болдог. Гаргахдаа бусад руу гаргах албагүй. Бусад руу гаргадгаас болж нийгэм уур бухимдлаа хорьж цагдахыг ухуулдаг. Бөөлжис чинь хүрвэл хэн нэгэн рүү бөөлжих, үгүй бол бариад яваад байх аль аль нь тэнэг биз дээ? Уур чинь хүрвэл салхинд алхаж, шогшиж гүй. Эсвэл дэрээ аваад зод. Ам, гар хоёроо тавиртал нь дэрээ хазаж базал. Дэр бол гэгээрсэн Будда л гэсэн үг. Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, бүгдийг шингээж авна. Таван хормын катарсис дунд чи тайвшрал мэдэрнэ. Ийм боломжийг нэгэнт мэдсэн хойно уур бухимдлаа хэн нэгэнд гаргах гэж эргүүтэх юун. 

Удаах санамж: Ухамсарлах. Хорьж цагдахад ухамсар шаардлагагүй. Робот шиг механик үйлдэл хангалттай. Уур хүрмэгц бүх оршихуй чинь агчиж хаагдаж орхино. Өөрийгөө хаах ухаанд л нийгэм та нарыг сургадаг. Бүх хаалга цонхоо хааж битүүлсэн хүн амьгүй үхдэл болдог. Түүнээс юу ч гарахгүй шиг бас түүн рүү юу ч нэвтрэхгүй. Цэнгэг салхи, анхил цэцэг, хайрын үнсэлтээс юу ч мэдрэхгүй хөлдүү хөшүүн болно. Нээлттэй байж л мэдрэг чанар хөгждөг. Аливааг хорьж цагддаг хүн яаж нээлттэй байх вэ. Амьдлаг үзэгдэл бүхнийг буруутгах эмгэгт автсан явдаг. Уур хилэн, хүсэл тачаал бүгд амьд сонин сайхан үзэгдэл. Байгаль чанартай үзэгдлийг буруушаах тусам муу муухайд урвадаг. Хэрэв жам ёсоор нь хувиргаж чадах юм бол бурханы хүч болно. Будда, Есүсийн их хайр хаанаас ундардаг вэ? Уур хилэн, хүсэл тачаал болж байсан тэр л эрчим хүч шүү дээ. Хувиргахын тулд хорьж цагдах биш, ажиглаж ухамсарлах хэрэгтэй. 

Уур хүрэх агшинд түүнийг байгалийн үзэгдэл шиг тольд. Бие дотор эрчимт долгион үелзэх нь үүлэн дунд цахилгаан цахих мэт. Хүмүүс аянга цахилгаанаас айдаг. Эрт цагт түүнийг бурхан тэнгэрийн хилэгнэл гэж эмээдэг байсан. Орчин үед шинжлэх ухааны хүчээр тэрхүү “бурхан тэнгэр”-ийг бид гартаа оруулж, зарцаа болгожээ. Цахилгаан эрчмээр бүх хэрэгцээгээ хангаж байна. Тэгвэл шашин бясалгалаар дотоод хүчийг амьдралын ивээл болгодог. Уур хилэн бол биед чинь буй цахилгаан эрчим. Түүнийг хэрхэн ашиглахаа мэдэхгүйгээс болж эсвэл өрөөлийг хүчирхийлж, эсвэл өөрийгөө хөнөөдөг. Өөр бусдыг хөнөөснөөс өөрийгөө хөнөө гэж нийгэм сургадаг. Бусдыг хүчирхийлэх, өөртөө хав дарах аль аль нь буруу гэж шашин хэлдэг. Гол нь уг дотоод цахилгаан эрчмийн нууцыг ойлгох хэрэгтэй. Эрчим хүч учраас л чи уурлах үедээ халуу шатдаг. Гэтэл яг энэ эрчмээс Буддагийн сэрүүн - нигүүлсэнгүй төлөв үүддэг. Цахилгаанаар сэрүүцүүлэг ажилладагтай агаар нэг. Ухамсарлах явцад энэ хувирал аяндаа болно. 

Дотоод огторгуйд цахилах эрчмийг муушааж, сайшаалгүй зүгээр ажигла. Харанхуй үүлсээс л цахилгаан цахидаг. Бусдын үгэнд эмзэглэсэн, үйлдэлд дургүйцсэн сөрөг сэтгэгдлийн үүл дотор чинь хуралдсан хэрэг. Хэдий чинээ хуралдана, төдий чинээ их аянга цахилгаан бадраастай. Уг учрыг нь ойлгоогүй үед айж жихүүцмээр. Учрыг ойлгосон үед сүр хүчний түлхүүр чиний гарт байна. Ухамсарлах тусам дотоод гүндээ нэвтэрч, далд нуугдмал юмс ил гарна. Илрэх хэрээр чи өөрөө цэвэршинэ. Уур чинь чамд өөрийгөө ажиглах боломж олгож байна. Хоосон агаарыг чи одоохондоо ажиглаж чадахгүй. Ажиглагч гарч ирэх агшинд уур сэрүүн чанартай болно. Ижилсэхээр л уур халуу шатдаг. Үл ижилсэх тусгаар орон зай үүдсэн хойно уур хилэн чинь нигүүлсэлд урвана. Хүсэл тачаал ч түүнчлэн. Ажиж ухамсарлах аваас халуу шатсан гал арилж, сэрүүн атлаа бүлээхэн хайр болж түгнэ. 

Нэг залуу Банкэй багш дээр ирээд:

- Багш аа, би дүрсхийдэг уураа дийлэхгүй юм. Яаж энэ өвчнөөс салах вэ? гэж асуужээ.

Залуу өөрийгөө өвчтэй гэж ойлгож, эмчилгээ хүсчээ. Өвчин чинь бодит өвчин үү, хий төсөөлөл үү гэдгээ эхлээд нарийн тодруулах хэрэгтэй. Бодит өвчинд эмчилгээ шаардлагатай. Өвчин гэж бодсон хий төсөөлөл бол эм эмчилгээ нэмэр болохгүй, харин ч хор болно. Чи ч бас энэ залуутай ижил асуудалтай. Тийм учраас уг түүхийг гүнзгий ухаар. Амьдралд чинь ивээл болно шүү. Эмчилгээ эрэхээсээ өмнө өвчнөө таньж мэд. Өнгөн талаас нь шууд дүгнэх хэрэггүй. Өнгөн тал бол бусадтай харьцдаг хэсэг. Тэнд өвчин биш, зүгээр л бусдын тусгал байж болно. Нам дөлгөөн нуурын эрэг дээр улаан хувцастай хүн зогсоход нуурын ус түүнийг тусгана. Тэр үед нуур “Би улаан болчихож. Улаан өнгөө яаж арилгах вэ?” гэж бодвол утгагүй биз дээ. Та нарын дийлэнх өвчин үнэн хэрэгтээ тусгал байдаг. Тийм учраас ямар ч эм тан эмчилгээ хэрэггүй, илүү жаахан сэргэг байснаар “илаарших” боломжтой. 

- Сонин л юм. Надад тэр уураа харуулаадах даа гэхэд...

Банкэй шиг хүн эмчилгээг биш, өвчнийг анхаардаг. Орчин үеийн психологид ийм Зэн хандлага хөгжих болсон. Хуучин психологи бол өвчнийг нь биш, эмчилгээг чухалчилдаг байсан. Шинэ психологид өвчнөө ухамсарлах нь өөрөө анагаах хүч гэж үзэж байна. Зуун өвчний ерөн ес нь хуурмаг өвчин байдаг. Эмчлэх бодлоо орхиод, зүгээр юу болохыг нь ойлгох гэж нүүр тулан ажигласнаар хуурамч баг хуулрах болно. Банкэй жинхэнэ мастер байж. Асуудлын гогцоог даруй олжээ:

- Сонин л юм. Надад тэр уураа харуулаадах даа гэхэд
- Одоогоор уурлаагүй болохоор харуулж болохгүй байна гэж залуу хэлэв.

“Сонин л юм” гэсэн нь өвчнөө бодит, эсэхийг ч анзаарахгүй эмчилгээ эрж яваа залууг ёжилжээ.“Надад харуулаадах даа” гэхэд залуу харуулж чадаагүй. Яаж ч харуулах вэ дээ. “Яг одоо уурлаад аль” гэвэл чи чадах уу? Дүр эсгэж болох ч цаанаа сэрүүн хэвээрээ байна. Ухамсаргүй үед л уур тохиодог. Ухамсартайгаар уурлах боломжгүй.

- Тэгвэл уурласан үедээ ирээд үзүүлээрэй.
- Гэнэ сэнэгүй авалцдаг юм. Үзүүлэх гэж ирэх хооронд арилчих байх даа.

Төөрсөн залууг Банкэй зөв замд нь орууллаа. Урьд өмнө анзаарч байгаагүй чухал зүйлсийг залуу сая ухаарчээ. Юун түрүүнд уурыг ухамсартайгаар бүтээж чадахгүйг ойлгосон. Тэгэхлээр ухамсар сэхээгээ алдахгүй бол үргэлж тайван байх боломжтой гэсэн үг. Уурлаж байхдаа ч сэхээрч чадвал уур замхарна. Туршаад үз. Шатан дүрэлзэж, юу ч хийж магадгүй тийм үедээ агшин зуур зогс, сэхээр. Сэхээрмэгц чанар өөрчлөгдөнө. Чиний дотоод төв сэрүүн амгалан байна. Гадаад хүрээ тайвширтал жаахан хугацаа орох байх.

“Уурласан үедээ ирээд үзүүлээрэй” гэж багш хэлж. Уурласнаа нэгэнт сэхээрсэн хүн яаж уураа авчрах вэ? Тэр хооронд замхрах нь тодорхой. Жишээ нь, чи над дээр уураа авчирч үзүүлэх гээд явлаа. Замд чинь өчнөөн асуудал тохионо. Гарах үед чинь бороо орж байсан бол энд ирэхэд чинь хэдийн тэнгэр цэлмээд, нар шарж байх вий. Өглөө ямар байлаа? Орой ямар байна? Цаг агаар шиг орчин нөхцөл байнга өөрчлөгддөг. Энэ дунд үл өөрчлөгдөх тэр зүйлийг л танин мэдэхийг хичээ.

- Гэнэ сэнэгүй авалцдаг юм. Үзүүлэх гэж ирэх хооронд арилчих байх даа.
- Тийм бол наадах чинь чиний мөн чанар биш гэсэн үг. Төрөхдөө чи түүнийг өвөрлөж төрөөгүй. Эцэг, эхээс өвлөж аваагүй. Гаднаас чамд нялзсан байна.

Жинхэнэ мөн чанар бол үүсч замхардаг үзэгдэл биш, үргэлж байдаг чанар. Гэтэл уур бухимдал үүсч замхардаг. Хайр дурлал чинь ч ирж буцдаг. Түр зуурын үзэгдэлд хэт анхаарч уягдах хэрэггүй. Эс бөгөөс чиний амьдрал төрлөөс төрөлд тийнхүү элэгдсээр мөн чанараа нээх завдалгүй өнгөрнө. Фройдын психоанализ хүний гэгээрэлд тус болдоггүйн учир энэ. Өвчтөн өөрийн амьдралд тохиолдсон бүхнээ яриад л байна, яриад л байна. Хүүхэд насанд юу болсон, залуу насанд юу өрнөсөн, бэлгийн амьдралд нь юу болсон, бусадтай харьцах харилцаанд нь юу тохиолдсон гээд. Банкэйгийн хувьд хэнд гэдэг нь чухал бол Фройдын хувьд юу тохиолдсон нь чухал. Банкэй үзэгчийг онцолдог бол Фройд ирээд буцах үзэгдлийг л анхаардаг. Тийм үзэгдлийг тоочиж барах уу? Хоногийн хорин дөрвөн цагт тохиолдсон бүхнээ тоочих гээд үз дээ. Хүүхэд наснаас аван амьдралаа тоочлоо гээд өдөр өдрийн цаг агаарыг тоочихоос өөрцгүй. Зарим өдөр бороотой, зарим өдөр шороотой, хааяа нартай, хааяа жавартай. Тэр бүхэн тийм чухал гэж үү? 

Психоанализ хүмүүст жаахан тус болдгийн учир нь: Тийнхүү дурсаж хүүрнэх явцдаа хүн цагийн аясаар тайвширч, ой санамж нь үзэгдэл мэт хөврөх явцад ажиглах, гэрчлэх чөлөө үүсдэг. Гэвч Фройдын хувьд тэр гэрчлэгч сонин биш. Өнгөрсөн цагийн илэрхийллээр л өөрчлөлт үүснэ гэж боддог. Гүн төвшинд юу ч өөрчлөгдөхгүй. Өнгөц жаахан хог сагаа гаргаж хаясан төдий. Хэн ч чамайг анхаарч сонсдоггүй байтал психоаналист чамайг анхааралтай сонсож байна. Мэдээж чи түүнд мөнгө төлсөн. Тэд бол мэргэжлийн сонсогчид. Хэн нэгэн өөрийнх нь зовлон бэрхшээлийг анхаарч сонсоход хүмүүс тайвширдаг. Амьдрал дээр тэгж сонсох завтай, тэвчээртэй нь ховор. Рассэл нэг өгүүллэгтээ 21-р зуунд мэргэжлийн сонсогч нар хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг болно гэжээ. Эхнэр, нөхөр ч бие биенээ сонсох завгүй болсон амьдралд биелэх биз ээ. Гэхдээ тийм үйлчилгээ авахын тулд мөнгө төлөх ёстой. Баян хүмүүс мөнгөлөг тусмаа сэтгэлзүйн асуудалд ордог нь хоржоонтой. 

Дорнын бясалгалын арга үүнээс тэс өөр. Чамд юу тохиолдсон бэ гэдэгт биш, өөрөө хэн бэ гэдэгт чиглэдэг. 

- Тийм бол наадах чинь чиний мөн чанар биш гэсэн үг... Миний өгөх зөвлөгөө: Уур чинь хүрэх үед өөрийгөө таягдаж бай. Дотор чинь уур хилэн тогтох аргагүй болтол нь гөвшөөд өг гэж Банкэй багш хэлжээ.

Банкэйн ёж зөвлөгөөг үгчилж ойлгуузай. Зэнд өөрийгөө номхотгох зэмсэг нь ухамсраас өөр юу ч биш. Биеэ саваадлаа гээд чи өөрийгөө саваадаж чадахгүй. Биеэ хөнөөвч өөрийгөө хөнөөж чадахгүй. Учир нь бие цогцос бол чи биш. Өөртөө хүрэх ганц боломж нь ухамсар юм. Тэгэхлээр “уур хүрсэн үед өөрийгөө таягд” гэдэг нь тухайн тохиолдолд ухамсарла гэсэн үг. Зэн уламжлалд багш өөрийн залгамжлагч шавьд насан турш барьж ирсэн бэрээ таягаа гардуулж өгдөг. Энэ бол шавийн хувьд зүйрлэшгүй нандин бэлэг. Тохиол бүрийг дотоод ухамсрын зэмсгээрээ даван туулах адис бошгыг багшаасаа хүртэж буй хэрэг. 

Ухамсаргүй үедээ хүн зах хүрээнд оршдог. Ухамсарлаг үедээ дотоод төвдөө оршдог. Төвдөө оршсон цагт зах хүрээнд юу ч тохиолдсон тайван амгалан тольдох зай чөлөө үүснэ. Тэр цагт хорвоогийн тохиол бүхэн бүжиг наадам болж хувирна. Гутаал доромжлол ч цуурай болон замхарна. Будда үргэлж төвдөө амьдардаг учраас түүний амар амгаланг хэн ч, юу ч бусниулж чаддаггүй. 


- ОШО “Нил цэцгийн хүрээлэн”

(АГНИСТЫН ГЭГЭЭ)