Магтаал горилсон сэтгэл минь доромж сонсохын цагт
Мартахын мананг ярж, багшийн захиас ургаг.
Цуурай хоосон тарнийн эгшиг болон дуурьсаг.
Цуугиант орчлоос гэтлэхүйн дуудлага болон тодрог.

Жаргал хүссэн сэтгэл минь цөхрөл амсахын цагт
Жамаараа яваа ертөнцийг хүлцэхийн амтанд уусаг.
Өөрөөс илүү зовлонтыг өрөвдөхийн ухаан тэлэг.
Үйлийн илбэт зүүднээс сэрэхийн шалтгаан болог.

Хонжоо эрсэн сэтгэл минь хохь үзэхийн цагт
Хоногийн буудал шиг хорвоогоос хоосон явахаа санаг.
Хотол оршихуйн далай дундрах цаггүй хойно
Хонжих, алдах хоёр нь хуурмаг болохыг таниг.

Буян горилсон сэтгэл минь нүгэлд унахын цагт
Буртаг дундаас ургах лянхын нууцыг тайлаг.
Бурханы тунгалаг амьсгал буй ахуйд түгвээс
Бузар, түйтгэр хоёр угаас үгүйг ойлгог.

2015.02.07