Үлгэрт шимтэх насандаа унших хувь дутсан
Үлэмжийн сайхан тууль шиг учрал байх юм.
Хэрсүү насны сүүдрээ нарнаас нуучхаад
Хэнзхэн багын зүрхээрээ амтлах сан, чамайг.

***
Ямархан ч гэгээний хүртэж амжаагүй бодь хутаг шиг тэнгэрт
Ямархан ч найрагчийн хэлхэж амжаагүй бадаг шүлэг шиг үүл...
Ямархан ч хайртын эзэмдэж чадаагүй онгон сэтгэл шиг ууланд
Ямархан ч хааны амсаж үзээгүй хундага дарс шиг нуур...
Хурын усанд хувилж чамдаа би шингэх үү?
Хувилгаан үүл болж надтай чи хөөрөх үү?

***
Нэгэн цагт намар дуусна гэж,
Нэгэн цагт нар хүртэл бөхнө гэж,
Нэгэн цагт намайгаа та минь орхино гэж
Нэгэн цагт андуухан бодож явжээ, би.

Санааны амьсгалд навчис алдуурсан хэвээр,
Сансрын эс бүхэнд гэрэл хувилан бүжсээр
Сая сая галвын шаргал ай дунд
Сайхан мэлмий тань үргэлж ширтээстэй.

***
Сэтгэлийн байгальд үдэш ирэх цагаар
Сэрэмжгүйн нүднээс нуугдсан одод сая тодорно.
Тэрбум оддын жаварлаг гэрлээр баринтагласан
Тэргүүлшгүй цагийн Очирт судрыг дэлгэнэ.

Сэтгэлийн тэнгэрт бүрэнхий нөмрөх цагаар
Нартын хөлөөс залхагчийн өмнө сүүн зам ургана.
Чанадын чанадад халихын урмыг тэтгэж,
Цаглашгүй гэрэлтийн нууц дохиог үзүүлнэ.