Дусалд ууссан далай
Тайтгарч жаргая Алсхан оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд Аниргүмийн аялгуу зүрхэнд дуурьсахыг сонсоод Аяс аясын салхинд чинь ариусч л явъя, хорвоо минь. Цэн цэнгийн бороонд чинь цэлмэж явъя, тэнгэр минь.
Дусалд ууссан далай
Ошо: Билиг ухааны түүхүүд
АГНИСТЫН ГЭГЭЭ
Цуврал-19
Жинхэнэ амьдрал
Прасанжита хэмээх их хаан Гаутам Будда дээр иржээ. Тэднийг ярилцаж байтал нэгэн өвгөн хувраг Буддагийн өлмийд ирж сөгдөв.
- Та хоёрын яриаг тасалдуулсанд өршөөгөөрэй. Би нар шингэхээс өмнө өөр тосгон руу явах ёстой. Одоо гарахгүй бол оройтох гээд... Танд мөргөхгүйгээр явж зүрхлэхгүй нь. Маргаашийн нарыг үзээ ч бил үү, үгүй ч бил үү? Дахиж багшдаа мөргөх боломж олдохгүй байж мэднэ гэхэд нь Будда:
- Таны нас сүүдэр хэд вэ? гэж асуув.
- Би тийм ч өндөр настай биш ээ. Дөрвөн ой л хүрч байна гэж өнөөх хуврагийг хэлэхэд хаан чихэндээ итгэж ядав. Дал наятай харагдах өвгөн яаж дөрвөн ойтой байх юм бэ?
- Миний адисыг өвөрлөөд яв даа гэж Будда хэлэв. Түүнийг явсны дараа хаан:
- Танаас дэмий шахуу нэг юм асууя. Саяны хүнийг та дөрвөн настай гэж бодож байгаа юм уу? гэхэд Будда:
- Дэмий юм биш ээ. Таны дотор чухал асуулт бүтээхийн тулд би түүнээс зориуд асуулаа. Учир нь та уулзсан цагаасаа утгагүй асуулт тавьж, шимгүй яриа өрнүүлсэн. Одоо л нэг утга учиртай зүйл асууж байна.
Тийм ээ, саяны хүн дөрвөн настай. Манай ёсонд нас сүүдрийг тоолохдоо тухайн хүн багшийг хүлээн авч, эргэлт буцалтгүй өөрчлөгдөхөөр шийдсэн тэр өдрөөс эхэлж тоолдог юм. Тэр хүний хувьд өмнөх далан жил нь зүүд зэрэглээ төдий. Сүүлийн дөрвөн жилд л жинхэнэ утгаар амьдарсан. Та ч бас ойлгох хэрэгтэй. Дахин шинээр төрөхгүй бол таны жаран нас ч хоосон тоо болно.
Шинээр төрөх ганц зам бий: Сэрсэн нэгэнтэй гүн холбоонд орох. Тэр мөчөөс л жинхэнэ амьдрал эхэлдэг гэж хэлжээ.
Чин хайр
Урт настай сайхан саглагар мод байжээ. Цэцэглэх үед нь өнгө өнгийн эрвээхэй тойрон бүжиж,жимслэх цагт нь алс холоос шувууд ирж жиргэн донгоддог байв. Сүүдэртээ сууж, нөмөртөө хоргодох бүхнийг адислах мянган мутар шиг салаа мөчрөө дэлгээстэй. Нэгэн бяцхан жаал тэр модны дэргэд ирж тоглох дуртай байлаа. Саглагар мод ч жаал хүүд хайр ээлээ харамгүй дэлгэдэг байв.
Үлэмж, өчүүхэн хоёрын дунд хайрын нандин харилцаа байх боломжтой. Хэрэв үлэмж нь өөрийгөө үлэмж гэж бардахгүй бол шүү дээ. Мод өөрийгөө үлэмж гэж боддоггүй байв. Зөвхөн хүн мэдлэгт бүрхэгдэж, эго-д автдаг. Хайрын хувьд үлэмж, өчүүхэн гэж хэнийг ч үл ялгаварлах. Хэн дэргэд ирнэ, түүнийг хайр тэвэрдэг. Тэр ёсоор аварга мод дэргэдээ ирж наадах бяцхан жаалыг энэрэн ивээж, цэцэг жимсээ өгөхийн тулд мөчрөө бөхийлгөдөг байв. Хайр бөхийхдөө үргэлж бэлэн бол эго ямагт гэдийдэг.Жаал хүүг цэцгээс нь түүж, жимснээс нь хүртэхэд аварга мод хязгааргүй баяр жаргалаар бялхдаг байлаа. Хайр өгөхдөө жаргадаг бол эго авахдаа л баясдаг.
Жаал хүү заримдаа модны цэцэгсээр титэм хийж, лусын хаан болж тоглодог байв. Хайрын цэцэг дунд хүн агуухаан болдог бол эгогийн өргөсөн дунд адгийн гуйранч болдог. Цэцгэн титэмтэй хан хүүг харах үедээ тэр мод баясан догдолсондоо ганхалзан бүжиж, навчсаа шаргин дуулдаг байлаа. Жаал хүү өссөөр. Модонд авирч, мөчрөөс нь дүүжигнэн тоглож, дулаахан өвөрт нь алсыг харан амардаг байв. Бусдад ая тух, таашаал бэлэглэхдээ хайр жаргадаг бол бусдыг зовоож сандаачихдаа л эго баясдаг.
Цагийн хүрдээр жаал хүүд хорвоогийн элдэв ачаа үүрэг ирж, амбиц ургах болов. Үүгээр түүгээр тэнэж, найз нөхөдтэйгөө үймээд модон дээр ирэх нь цөөрчээ. Харин мод жаал хүүг санагалзан хүлээдэг байв. “Нааш ир, хүү минь, нааш ир” гэж сүнсэн гүнээсээ дуудан саравчлах. Хайр өдөр, шөнөгүй үргэлж хүлээдэг. Хүүг ирэхгүй удахлаар нь мод гунихардаг байлаа. Өгч, хуваалцаж чадахгүй үедээ хайр гуньдаг. Өгч хуваалцахаараа л баясан жаргадаг. Бууж өгч, хайлах үедээ хамгаас жаргалтай.
Томрох тусмаа хүн амбицад автаж, хайранд зориулах цаг зав хомс болдог.
Идэрхэн хүүг нэгэн өдөр дэргэдүүр нь явахад мод:
- Би чамайг хүлээгээд л байлаа. Өдөр бүхэн ирэх болов уу гэж харуулддаг гэж хэлтэл хүү:
- Би яагаад чам дээр ирэх ёстой гэж? Чамд юу байгаа юм бэ? Надад мөнгө л хэрэгтэй байна гэжээ.
Эго үргэлж ашиг хонжоо эрдэг. Хайрын хувьд ашгийн санаа үгүй. Хайр өөрөө өөртөө шагнал юм. Хүүгийн хүйтэн үгэнд мод цочирдож:
- Бидэнд өгөх мөнгө үгүй ч нөмөр сүүдэртээ бусдыг амрааж чадна. Хэчнээн их цэцэг, жимс над дээр ургасныг хар л даа. Бид салхинд бүжиж, навчсаараа дуулдаг. Сэргэлэн шувууд мөчир дээр маань сууж жиргэдэг. Хэрэв бид мөнгөнд автах юм бол нэгэн өдөр хүмүүс та нар шиг хөөрхийлөлтэй болоод сүм рүү явж, яаж амар амгалан байх вэ, яаж хайрлан жаргах вэ гэж эрэл сурал болох вий. Бид зүгээр л жаргалтай байдаг. Ийм байхын тулд мөнгө ямар хэрэгтэй юм бэ? гэж хэлтэл хөвгүүн:
- Яадаг ч байсан би мөнгө олдох газар руу явна гэжээ.
Мод хэсэг зуур бодолхийлснээ:
- Хонгор минь, өөр тийшээ яваад хэрэггүй. Миний жимсийг түүж ав. Зараад мөнгөтэй бол гэлээ.
Хөвгүүний нүд сэргэж, тэр даруй модонд авирч хамаг жимсийг нь болсон, түүхий ялгалгүй тасдаж түүв. Хэдий мөчир нь хугарч, навчис нь тасарсан ч мод жаргалтай байлаа. Гэмтэж шархдавч бусдын хэрэгцээг хангахдаа хайр баярладаг. Харин эго хүртсэнийхээ дараа ч баярладаггүй, улам ихийг хүсээстэй. Хөвгүүн талархах сөхөөгүй, олзоо аван эргэж харалгүй явсан ч жимсийг нь авсанд мод баярлан үлдэв.
Хөвгүүн эргэж ирэлгүй тун уджээ. Олсон мөнгөө өсгөх гэж ашиг эрэн бэдэрсээр. Унаган багын модоо бүүр мартжээ. Сар жилүүд урссаар. Мод гунигтай байлаа. Мөөм нь чинэсэн ижий алдрай үрээ мөрөөсөх шиг дотроо энэлэн хайлан хүлээсээр. Хэдэн жилийн дараа өнөөх хүү насанд хүрсэн залуу болоод иржээ.
- Хүү минь, хүрээд ирэв үү? Намайг тэврээч гэж мод өмөлзөхөд залуу:
- Наад нялуурлаа больж үз. Би жаахан хүүхэд биш гэж хэгжүүрхэв.
Эго хайрыг элий балай, гэнэн балчрын хийрхэл гэж үздэг. Гэлээ ч мод:
- Алив ээ, над дээр авир, мөчрөөс минь дүүжигнэж тогло, цэцгээс минь авч титэм хэлхээч гэж урив.
- Утгагүй юм яриад яах вэ. Надад байшин хэрэгтэй байна. Чи өгч чадах уу? гэж залуу асуув.
- Байшин гэнэ үү? Надад хаанаас байх вэ гэж мод уулга алдлаа.
Тийм ээ, хүмүүс л байшинд амьдардаг. Дөрвөн хананд хашигдсан амьдралаа та нар анзаардаг уу? Байшин нь томрох тусам хүн жижгэрдэг юм.
- Бид байшинд суудаггүй, байгальдаа л амьдардаг. Гэхдээ чамд хэрэгтэй бол мөчрөөс минь авч байшин барьж болно шүү дээ гэж мод хэлэв.
Залуу тэр даруй сүх авчирч, модны бүх мөчир гишүүг цавчиж авчээ. Хөөрхий мод нүцгэн гол төдий үлдлээ. Гэвч хайр энхэр нэгэндээ эд эрхтнээ ч өгөхөд бэлэн байдаг. Залуу баярлалаа ч гэж хэлэлгүйгээр байшин барих ажилдаа яаран оджээ. Он жилүүд урсаж, гол төдий мод хүлээн хүлээсээр. Түүнийг алсаас даллая гэвч салаа мөчир байтугай навч нахиа ч үгүй. Аясын салхинд үг дайя гэвч арга үгүй. Гагцхүү дотоод сүнсээрээ “Хонгор хүү минь нааш ир, нааш ир” гэж дуудан залбирсаар. Залуу эр хижээл болсон хойноо нэгэн өдөр модны дэргэдүүр явснаа зог тусав.
- Чи ямар их удав аа? Би чиний төлөө өөр юу хийх вэ? гэж мод догдлон асуув.
- Миний төлөө юу? Би мөнгө олохын тулд холын орон руу явах гэсэн юм. Надад завь хэрэгтэй байна гэхэд нь мод:
- Өө тэгвэл хонгор минь санаа зоволтгүй. Миний голыг тасалж, завиа хий. Алсын аянд чинь тус дэм болох юм бол би үнэхээр их баярлана. Гэхдээ санаж яваарай. Эргэж ирэхийг чинь би хүлээсээр байна шүү гэж хэлжээ.
Хижээл эр хөрөө авчирч, модны голыг хөрөөдөж, завь хийхээр авч явав. Хожуул болон үлдсэн мод түүний эргэн ирэхийг харуулдсаар. Даанч тэр эргэж ирээгүй. Модноос авах юм түүнд үгүй болсон хойно өөр газраас ашиг олз эрэн явсан биз. Эго өнө мөнхийн гуйлгачин байдаг. Хайр бол өнийн өглөгч. Тиймдээ тэр эзэн хаан юм. Хайраас агуу хаан хаа байна?
Нэгэн шөнө би уг хожуулын дэргэд амарч суусан юм. Тэр надад ингэж шивнэсэн:
- Миний бяцхан найз ирээгүй л байна. Хаа нэгтээ эндэж осолдсон байх вий, харь газар төөрч замхарсан биш байгаа. Амьд мэнд л яваасай. Одоо миний үхэх цаг дөхөж. Адаглаад түүний мэнд яваа сураг чимээг сонсвол жаргалтай талийна. Намайг дуудсан ч ирэхгүй байх даа. Түүнд өгөх юм надад байхгүй, харин тэр хүн авахын хэлийг л мэддэг юм...
Тайтгарч жаргая
Алсхан оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд
Аниргүмийн аялгуу зүрхэнд дуурьсахыг сонсоод
Аяс аясын салхинд чинь ариусч л явъя, хорвоо минь.
Цэн цэнгийн бороонд чинь цэлмэж явъя, тэнгэр минь.
Чин хайрын сэтгэлд алслал байдаггүйг мэдрээд
Зөн сэрэхүйн амьдралд төгсгөл байдаггүйг ойлгоод
Жам жамын урсгалд чинь уясч л явъя, хорвоо минь.
Өнгө өнгийн учралд чинь дэлгэрч явъя, заяа минь.
Өргөс харгана дотроо жимс нь нуугдахыг таниад
Үржин хандын орныг холоос хайлтгүйг ойлгоод,
Өдөр өдрийн наранд чинь гийж л явъя, хорвоо минь.
Үдэш үдшийн намуунд чинь тайтгарч жаргая, тэнгэр минь.
П.Б
НЭПКО хэвлэлийн газар