В.Путин “Олон тулгуурт” гадаад бодлоготой Монгол Улс “нуман тулгуурт” орох эрхгүйг нүдээр хараад буцлаа
“Моралийн” айлчлал Монголыг ямар харагдуулах бол?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Улс төрийн амаргүй цаг үед, нийт 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 22 цагийн хугацаанд хийсэн энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны олон чухал асуудлыг шийдэж амжсаныг талууд онцолж байна. Тэрбээр таван жилийн өмнөх яг энэ өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар хоёр орон харилцааны түвшнээ ахиулж Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ.
Энэ удаагийн айлчлал нь Халх голын байлдааны 85 жилийн, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ”ХНН үүсэн байгуулагдсаны 75 жилийн, дээр дурдсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож гэрээ байгуулсны таван жилийн ойтой давхцан тохиож байгаагаараа онцлогтой.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд улс төрийн, эдийн засгийн олон өөрчлөлт гарсантай холбогдуулан хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.
Ташрамд онцлоход энэ айлчлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогодоо “моралийн” шинж чанар агуулсан шийдвэр гаргалаа гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Учир нь түүхэн, уламжлалт, найрсаг, харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлтэй гэх мэт олон агуулга, тодорхойлолтуудыг тээсээр өнөөг хүрсэн мөнхийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгчийг, ялангуяа энэ цаг үед эх орондоо урьсан нь хожмын өдөр түүхэнд “моралийн айлчлал” гэж бичигдэн үлдэж мэдэх юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, бөмбөрцгийн хүн төрөлхтний нүдэн дээр эх орондоо түүнийг урих нь амар сонголт байгаагүй. Харин хөршийн зүгээс хийж буй моралийн тусламж байсан ч гээд хэлчихэд илүүдэхгүй, гадаад харилцаа талдаа тийм л эрсдэлтэй сонголт байгаагүй гэж үү?
Яагаад “моралийн” гэсний учир нь зочин орны маань нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газар энэ өдрүүдэд ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 2.8 хувь болгон ахиулж ОУВС 2024 оны эдийн засгийн төсөөллөө 3.2 хувь болгон зарлаад байна. Мөн зарим хэвлэлд “ОХУ-ын эдийн засгийн өсөлт дайны өмнөх үеийн буюу 2021 оны түвшинд эргэн ирсэн” хэмээн өгүүлэх болсон ч бодит байдал дээр сүүлийн зургаан сард тус улсын Төв банкны мэдээллээс харахад инфляци, бодлогын хүү аль аль нь өссөөр байгаа юм. Энэ нь нийлүүлэлтээс давсан эрэлттэй холбоотой гээд үзэхээр эдийн засгийн хоригтой байгаа амаргүй нөхцөл байдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгааг харуулж байна.
Нөгөөтээгүүр Ардчилсан Монгол Улсад В.Путиныг хэрхэн хүлээн авч, ОХУ-ын Засгийн газартай Монголын Засгийн газар харилцах бүх шийдвэртээ Ардчилсан Парламентаараа хэлэлцэх шинэ Үндсэн хуулийнхаа онцгой эрхийг анх удаа, нэр төртэйгээр хэрэглэх эхний сорилт энэ болно. Тодруулбал, Ардчилсан Парламентын шийдвэргүйгээр нэг ч алхам илүү хийхгүй байх зохицуулалт нь Монгол Улс орны тусгаар тогтнолын дархлаа яах аргагүй мөн гэдгээ харуулах цаг ирсэн байна. Түүнээс биш гадаад бодлогын хувьд баримталж байгаа зарим маань туйлын тодорхой. Монгол Улс бол олон тулгуурт гадаад бодлоготой. Олон тулгуурт гадаад бодлоготой орон хэн нэгэнд буюу аль нэгэн улс оронд бусдаас өөр зарчмаар хандах боломжгүй, мөн “Байнгын төвийг сахих” ямар ч боломжгүй! Харин Монголын тал найрсаг хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн гэрээнд заасан “гэрийн даалгавраа” сайн хийсэн. Нэг жишээ нь л гэхэд Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслүүдийг татан гаргах ажил дөрвөн жил үргэлжилж нийт 11 машин, техник хэрэгслийг татан гаргаснаар нуурын мандлыг их хэмжээний шатахуун, тос, тослогооны материал, аюултай хог хаягдлаар Хөвсгөл далай болон Эгийн гол, Сэлэнгэ мөрөн, улмаар Байгаль далайг ч бохирдуулахаас сэргийлж чадлаа. Мөн тэнд хоёр тал эргэж харах ёстой, дахин хэлэлцэж шийдвэрлэх зайлшгүй шалтгаан үүсчихээд байгаа асуудал бишгүй бий. Үүнд тус гэрээний 12-рт заасан төмөр замын царигийн асуудал бодитой жишээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч уриад, угтан авч мэндийн үг солихдоо л ирэх онд дахин айлчлан ирэхийг урьсан. Энэ бол төгсөшгүй харилцаа. Харин ч сэргээгдэж, эдийн засгийн агуулгаар баяжиж, үр дүнд нь хоёр орны иргэд хожиж байх учиртай. Үүнийг л тэнцвэртэй харилцаа гэдэг. Тэнцвэрээ хадгалж чадлаа.