Тууриас төрсөн бодрол буюу Чу мэргэн
Олон арван жил хаан ордны туурь гэж эрдэмтэн судлаачдын итгэж явсан Хархорины хамгийн том туурь үнэн хэрэгтээ Буддын сүм байсныг Герман, Монголын хамтарсан экспедиц хөдөлбөргүй нотолжээ. Эрдэнэзуу орчмоос олдсон гэрэлт хөшөөний монгол болон хятад хэлээр бичсэн бичээсийг ч тайлан уншжээ.
Олон арван жил хаан ордны туурь гэж эрдэмтэн судлаачдын итгэж явсан Хархорины хамгийн том туурь үнэн хэрэгтээ Буддын сүм байсныг Герман, Монголын хамтарсан экспедиц хөдөлбөргүй нотолжээ. Эрдэнэзуу орчмоос олдсон гэрэлт хөшөөний монгол болон хятад хэлээр бичсэн бичээсийг ч тайлан уншжээ. Тэнд "Чингис хааны 15-р онд Хархорум хотыг үндэслэн байгууллаа. Энэ хотын дотор Өгөөдэй хаан Их сүмийн суурийг тавьж, Мөнх хааны үед Цогт их асрыг цогцлоов. Энэ асар сүм нь таван давхар, 300 тохой өндөр сүрлэг сайхнаар сүндэрлэжээ. Суваргыг шижир алтаар бүрсэн нь нүд гялбуулж, сэтгэл бадраам...” гэхчлэн өгүүлжээ. 300 тохой гэдэг нь 100-аад метр өндөр гэсэн үг. Хээр талдаа эсгий гэртээ амьдарч ирсэн монголчууд баруун, зүүн далайг алдалсан их гүрнийг байгуулсныхаа бахархал дурсгал болгож ийм том сүмийг сүндэрлүүлжээ.
Эндээс нэг асуулт ургана. Өгөөдэйн хүү Годан хунтайж Цастын их мэргэн Саж бандитатай багш, шавь барилдаж, Эрдэнийн сан Субашидыг сонсож байсан боловч энэ нь нийслэлээс хол Хөх нуурт болсон явдал. Мөнх хаан Мял богдын оюун санааны удам Гарма ламыг Хархорумд залж байсан нь түүнээс хожуу явдал. Гэтэл уг сүмийг Өгөөдэй хааны үед барьж эхэлжээ. Тэр үед Буддын шашин суртахууныг Хархорумд хааны ордонд тийм өндөр төвшинд хүлээн зөвшөөрүүлсэн хүн хэн бэ? Чу мэргэн л гэж сэтгэлд буунам.
Тэр гэгээн хүний тухай өгүүлэх далим төдий ч байж магад. Хэрэв Цогт их асар Хятан гүрний Буддын сүмтэй ижил хэв маягаар баригдсан нь нотлогдвол Чу мэргэний санаа оноо гэдэг нь гарцаагүй. Гол нь зүгээр нэг сүм биш их гүрний бэлгэ тэмдэг болох Хархорумын хамгийн өндөр, хамгийн сүрлэг байгууламж гэдэгтээ учир нь бий. Эл асуултын хариултыг цаг хугацаанд үлдээгээд Чу мэргэний талаар уншсан, дуулснаасаа уншигч тантай хуваалцъя.
Елүй Чуцай (1189-1243) хэмээх түүний Елүй овог нь Хятан монголын алтан ургийн овог юм. Тэрээр Хятан гүрнийг үндэслэгч Абужи гэгдэх Амбагай хааны аравдахь үеийн ач ажээ. Хятан гүрний ордонд Буддын хөлгөн судрыг нандин шүтээн болгон залж ирсэн уламжлалтай. Буддын шашны олон дурсгал цогцлоосны дийлэнх нь өнөөдөр хилийн чанадад оршиж буй. Монгол нутаг дахь томоохон үлдэц нь Дорнод аймгийн нутагт байх Хэрлэн Барсын суварга юм.
Харь газар Хятан гүрнийг цогцлоож,
Гадаадын дайсанд хэзээд эрэлхэг явсан
гэж Нацагдорж абугай “Түүхийн шүлэг”-тээ бахдан өгүүлсэн нь учиртай. Дорно зүгт Шар тэнгист тулж, өрнө зүгт Уйгур, Тангудыг эрхшээсэн энэ их улс хоёр зуун жил оршин тогтсон юм. Хожим Зүрчидэд эзлэгдэх үед Елүй Даш ноён хэсэг цэрэг иргэнээ аван баруун тийш нүүж, Дундад Азийн өргөн нутгийг эзэлж, Хар Хятан улсыг байгуулсан нь Чингисийн үе хүртэл нэгэн зууныг элээжээ. Түрэг угсаатанд дарагдаж, Эргүнэ Хунд хоргодон, хожим ч хэдэн зууны турш гурван голын бэлчирээс хальж үзээгүй язгуур монголчуудын хувьд угсаа нэгт Хятанчуудын дорно, өрнөдөд улс гүрнээ байгуулж, эрэлхэг явсан ойрхи түүх омог зоригийг нь хөвчилж, дэлхийн энгээр харах харааг Чингис хаанд хурцалж өгсөн бизээ. Тэр түүхийг ухуулж сэнхрүүлсэн хүний нэг Чу мэргэн байж таараа.
Тийм атал Зүрчидийн Чу мэргэн гэгдэж явсан нь учиртай. Хятан гүрнийг мохоож гарч ирсэн Зүрчидийн Алтан улсын түшмэл байж. Алтан улсын нийслэлийг эзлэх үед амь гуйн өвдөг сөгдөх сайд, түшмэдийн дунд гуниглангуй боловч цэх зогсох идэр эрийг Чингис хааны зөнч мэлмий тэр даруй анзаарчээ. Овог угсааг нь асуугаад хятан монгол гэдгийг нь мэдсэн Чингис хаан “Өвөг дээдсийн чинь өшөөг энэ өдөр би авч өгч байхад баярлахын оронд юунд гуниглана вэ?” гэж асуухад залуу эр “Хэдий би хятан угсаатан боловч миний өвөг, миний эцэг болоод би өөрөө Алтан төрд зүтгэж явсан. Зүтгэсэн төрөө унахыг хараад түшмэл хүн яахин баярлах вэ?” гэжээ. Үнэнч шударга занг үнэлдэг Чингис хаанд энэ хариулт таалагдахаас аргагүй. Гэвч шударга байлаа гээд ухаан мөхөс, эрдэм дорой бол юун тус. Харин тэр шударга зангийн цаана нэгэн биеийн жаргал, зовлоос хэтийдэж, үхэх төрөхийн айдсаас ангижирсан мэргэн аршийн гэгээрэл байгааг анзаарчээ. Идэрхэн насандаа тийм гүн ухааралд хүрсэн нь их хааныг бишрүүлсэн тул отгон хүүтэйгээ үе тэнгийн залууг “Урт сахалт Чу мэргэн” хэмээн ёгтлон авгайлж, өрлөг сайдаа болгожээ. “Урт сахалтын үгийг хэн хүн хөнгөн үзэж болохгүй, анхааран сонсож бай” гэж лүндэн буулгасан байна.
Урт сахал нь төрийн ихсийн сүрийг үзүүлэх гээгүй, даяанч номын ёсных нь бэлгэдэл байв. Тэрбээр бага насандаа өнчирсөн ч эртний их сурвалж язгуураа санан, таван ухааны эрдэм номд шамдаж, тэр үеийн шалгалт шүүлгийг давж түшмэл болсон аж. Мөн Буддын хийдэд гурван жилийн нямба дияаныг үйлдэж, билгийн мэлмий нээсэн нэгэн байжээ. Тийм учраас л Чингис хаан хэн болохыг нь даруй таньжээ. Аминд хүрэх шахсан дайсны мэргэн харваачийг тэргүүн жанжнаа болгосон шиг, долоон үеийн өш зангидсан Татарын өнчин хүүг хуурай дүүгээ болгон өсгөж, улсын их заргач болгосон шигээ л. Өөрөө түүнийг эзэмшсэн, буюу амталсан хүн л өрөөл бусдын зүрхэнд буй нандин чанарыг олж хардаг биз ээ.
Тэр цагаас Чу мэргэн их хааны дэргэд сүүдэр мэт дагаж, шадар зөвлөх нь болж явжээ. Тухайн үед монголчууд Сартуулыг эзэлж, Тангудыг мөхөөсөн он жилүүд байлаа. Ганц жишээг дурдахад 1226 оны өвөл Монголын цэрэг Тангудын Түрэмгий балгасыг эзлэх үеэр олон ноёд, жанжид алт мөнгө эд бараа олзолж байхад Чу мэргэн хэдэн хайрцаг бичиг судар, хоёр ачаа ургамлын үндэс л цуглуулж авчээ. Хавар болж дулаарах үеэр алт, мөнгө олзолсон жанждын цэргийн хуаранд хижиг өвчин дэлгэрэхэд мөнөөх үндсээр цэргүүдийг эмчилж хэдэн мянган хүний амийг аварчээ. Хожмоо дайны хөл дунд цуглуулж явсан ном судраараа тэр Хархорумд Монгол улсын судар бичгийн хүрээлэнг анх байгуулсан юм.
“Төрийг төвхнүүлж, түмнийг хамгаалах аргыг Чу мэргэнтэй зөвлөж яв” гэсэн Чингис хааны гэрээс ёсоор Өгөөдэй хаан түүнийг тэргүүн сайдаар томилжээ. “Морин дэл дээр байгуулсан улсыг морин дэл дээрээс удирдаж болохгүй” гэж Чу мэргэн хэлж, Евразийн дийлэнхийг агтын хурд, илдний хурцаар эзэлж дажны хөлд нэрвэгдсэн тэр их газрыг нарийн хууль дүрэм, засаг захиргаа, алба татварын уян хатан тогтолцоо, өртөө холбоо зэрэг бүхий л хэлбэрээр нэгдмэл гүрэн болгож зангидсан билээ. Эзэнт гүрний уран барилгач нь байжээ, тэр. “Их төрд мэргэн бодлогыг өргөж, дүрэм тогтоолыг байгуулан, шалгалт журмыг явуулах, гэгээн мэргэдийг шилэх, төв голчийг эрэх, хойрго залхууг дарах, эрүү шүүлтийг цөөлөх, гааль гувчуурыг хөнгөлөх, чин зоригтныг хөхиүлэх, илүү тушаалтныг хасах, авлигач түшмэдийг огцруулах амуй. Хэрэв ийм болбол амьдрал тайван, сэтгэл тэнүүн байх нь алга урвуулах мэт хялбар” гэж Баруунш зорчсон тэмдэглэлдээ Чу мэргэн бичжээ.
Гэвч гэгээн мэргэдийн таалал бэртэгчидийн хүсэл шуналтай гал, ус мэт харшилдаж таараа. Өгөөдэй хааныг учир битүүлэг хальснаас хойш тэрбээр гуравхан жил насалжээ. Угийн чин шударга сайд төрийн эрхийг ёс бусаар авсан Турхан хатанд ад үзэгдэж, түүний шадар хор найруулагч Абдурхманы гавъяаг судар бичигт бич гэсэн зарлигийг дагаагүйнхээ төлөө гараа огтлуулах шахжээ. Эндээс нэг зүйл анзаарагдана. Монгол төрийн жинхэнэ Нууц товчоог Чу мэргэн хөтөлж байсан мэт. Бидний мэдэх Нууц товчоо бол билиг цэцийн гайхамшиг боловч түүхэн тэмдэглэл талаасаа оочин цоочин, төгс бус. Төрийн албан ёсны шастир биш нь илэрхий. Чу мэргэн шиг Хятан гүрний сурвалжит язгууртан, Алтан улсын түшмэд, таванд хэлэнд нэвтэрхий, гурван богдын сургаалд боловсорсон, Чингис хааны дэргэд есөн жил, Өгөөдэй хааны дэргэд арван дөрвөн жил шадарласан эрдэмт хүмүүн жинхэнэ төрийн шастирыг туурвисан буйза. Гагцхүү тэр Нууц товчоо нууц хэвээрээ үлджээ. “Товчоо” гэж судар номоо монголчууд нэрлэх болсон нь ч санамсаргүй хэрэг биш. Энэ бол “сутра” гэдэг самгарьд үгийн шууд үгчилсэн орчуулга. Тэгэхлээр “сутра” гэж юу болохын утгыг ухсан хүн л тэр нэрийг оноож таарна. Жинхэнэ Нууц товчоог дагаж, сэцэн билигтнүүд аман уламжлал болоод бичгээр олон товчоог туурвисан буйза. Мин улсын цэргүүд Хархорумыг газрын хөрстэй тэгшилж, Цогт их асар сүмийг нурааж сүйтгэх үед Монгол түмний оюуны их өв ч үрэгдсэн нь гарцаагүй.
Чу мэргэний хятад хэлээр зохиосон олон шүлэг, “Баруунш зорчсон тэмдэглэл” зэрэг нь л хятад сурвалжид үлджээ. Уг тэмдэглэлийн доод дэвтэрт Бумбын шавьтай хийсэн Чу мэргэний нэгэн ярилцлага бий. Тэнд “Гурван богдын (Будда, Лаоз, Күнз) сургаал аль аль нь ертөнцөд тустай. Гэхдээ Бурханы сүмийг Бумбын шавь нар эзлэхийг санаархвал би яахин баясах” гэж өгүүлжээ. Уг ярилцлагад Чу мэргэн өөрийгөө Увш гэж нэрийдсэн байна. Увш бол Буддын ёсны таван сахилтны нэр.
Хүн төрөлхтөнд тустай суртал ёс бүхэнд найртай хандаж, гэгээн багш бүхнийг хүндэтгэж үзнэ. Гэхдээ билгийн чанадад хүрэх Ном ёсыг ямагт сахин хамгаална гэсэн санааг энд хэлжээ. Хэдий хувь хүний итгэл үнэмшлийн илэрхийлэл төдий боловч Чу мэргэний эл үзэл санаа Монголын их хаадын үед төрийн алтан хайрцгийн бодлого болж явсныг түүх гэрчилнэ. Цогт их асар ч түүний бэлгэ тэмдэг байх. Гэхдээ энэ нь Буддын сургаал номыг мухар сүжгээр шүтсэн хүний үг биш. Утгыг таньж, үнэнийг бясалгасан хүний үг. Будда бол хүн бүхний дотоод сүнслэг ухамсрын бэлгэ чанар, Дарма буюу Ном бол мөнх тэнгэр мэт оршихуйн чанад зүй тогтол гэж ойлгосон хүний үг. Тиймдээ ч Буддын сүмийг их гүрний зүрхэн тольтод цогцлоох нь орчлон ертөнцийг шүтэн барилдлагаар нь ухаарч, элбэрэл журмыг эрхэмлэнэ гэсэн тунхаг. Хэрвээ Чу мэргэн шиг мэргэд залгамжилж явсан бол Цогт их асар нь зүгээр нэг эргэл мөргөлийн газар биш номын их өргөө, бясалгалын төвхөн байсан байх учиртай.
Г.Жамсранжав гуайн “Билгүүн оддын гэгээ” номоос олж уншсан Чу мэргэний шүлгийн хоёр мөр сэтгэлд нэг л дотно.
Нуугдмал эрдэмтнийг дуудах цагт дорнын хотыг орхин одов.
Морины аяар анхилгыг сурвалжлахад зам асуух хэрэггүй.
Чанадын дуудлагыг соргог зүрхэндээ хүлээн аваад, ертөнцийн амар жимэр, ая тухыг орхин үнэний мөрийг нэхэхдээ бусдаас зам асуух шаардлагагүй, анхилмыг тэмтрэх зөгий мэт дотоод зөн совингоороо хөтөч хийн явжээ, тэрбээр. Нас барсных нь дараа эрдэмт мэргэнийг ад үзсэн нүглээ зөвтгөх шалтаг эрж, улсын нийт гааль, албан татварыг хураадаг байсан тул завшсан байх магадлалтай гэсэн ноёдын хатгалгаар Турхан хатны зарлиг гарч шалгасан боловч хэдэн хуур, бишгүүр хөгжим, мянга орчим ном л олдсон гэдэг. Тийм бодь хүмүүн Монгол төрийн сайд байжээ. Бид дээдэс мэргэдээ мартах ёсгүй. Үйлс бүтээлийнх нь үнэн учрыг тайлж ойлгон, үлгэр дуурайл болгож амьдрах учиртай гэж бодсон юм.