Одоо л нэг юм асуудал нэг талдаа гарч цэгцрэн зуны сонгуулийн ерөнхий баримжаа тодорлоо. Юун түрүүн сонгуулийн хууль батлагдсан явдал. Суудлын гуравны нэг нь пропорциональ хэлбэрээр явагдана гэдэг нь нэгдүгээрт одоо УИХ-д сууж буй хууль тогтоогчдод маш сайхан бололцоо олгож буй, нөгөө талаас гудамжны намын удирдлагуудад мөн л сайхан бололцоо олгож байгаагаараа таатай явдал болов. Хоёрдугаарт одоо эрх барьж байгаа, сонгуулийн дараа ч мөн эрх барих нь дэндүү тодорхой МАНАН сонгуульд бэлдэн МАН ба АН хэмээн салахаар болов.

            Сонгуулийн хуулийг хэсэг идэвхитэн Үндсэн хуулийн цэцэд өгсөн л дөө. Гэхдээ хүчингүй болох магадлал бараг тэгтэй тэнцэнэ. Ерөнхийлөгч хориг тавьсангүй. Цэцийн бага суудлын хориг гардаг юм гэхэд УИХ хүлээж авахгүй. Их суудал хуралдуулна гэхэд цаг багтахгүй л дээ. Ер нь ч тэгээд асуудлыг цэц хуралдуулалгүйгээр аргалах юм байгаа биз дээ. Учир нь энэ шинэ хууль одоо хууль тогтоож буй хүмүүст маш ашигтай, арга барагдахад эдний 70 хувь нь эргэж гарч ирэх магадлалаар бүрэн хангагдсан гоё хууль.

            Хуулийг шүүмжлэн өөлөх аян хэдийнээ эхэлсэн. Гэхдээ энэ нь хуурамч, жинхэнэ гэсэн хоёр төрөлд хуваагдаж байгаа. УИХ-ын гишүүдийн хувьд амьдралдаа баталж үзсэн ганц сайхан хууль нь боловч хүн амьтны цагаан хэл амнаас айгаад хий л нэг муулна. Гудамжны намын дарга нар ч адил. Нам нь босго давлаа л бол өөрөө уналаа ч тооноор эргээд ороод ирнэ. Ямар сайндаа хуулийг муулж муулж байснаа “ийм муухай хуулийг цэцэд өгч яах юм бэ!” гэсэн гүн ухаанлаг асуултаар ярилцлагаа өндөрлөж байхав. Жинхэнэ шүүмжлэгчид бол яахав дээ, мөнөөх 48-д багтах найдваргүй болж ардчиллын бэлгэ тэмдэг болохоор хуваарилагдсан гарууд. Ер нь аль аль шүүмжлэгчидийн цаад шалтгаан өөрийгөө бодсон үүдэлтэй.

            Эхний том проблем хамтарсан засгаас гарах Алтанхуягийн мэдэгдэл. Энэ нь өнөөгийн Монголын улс төрийн амьсгааг тодорхойлж буй долоон том фракцийн хооронд үүсэх дайны асуудал юм. Ардчилсан нам дахь Жэнкогийн толгойлсон Ардчилсан холбоо, Алтанхуягийн Алтангадас, Энхболдын толгойлсон бас нэг фракц байна. МАН-ын хувьд Батболдын толгойлсон МГИМО фракц, Миеэ Энхболдын толгойлсон хотынхон, Хүрэлсүхийн толгойлсон намын залуучууд. Үүн дээр Энхбаярын толгойлсон МАХН хэмээх бүлэг. Мэдээж эдэн дундуур сул нөхөд зөндөө бий, гэхдээ зохион байгуулалтанд ороогүй ба аль фракц руу ханарахаас хамаг юм хамаарна.

            МАН-ын аль фракц үлдсэн хэдэн сард төр барихаас их зүйл шалтгаална. Энэ нь хэдэн сар сайд байхдаа биш, сонгуульд хэнийг сойх, сонгуулийн мөнгийг хэрхэн босгох ба зарцуулах гэсэн эрх мэдлийн асуудал. Үндсэндээ дараагийн УИХ-д хэний фракц зонхилох нь үүнээс хамаарна. Одоогоор МГИМО гүйцэтгэх засаглалд олонхи учир эрх мэдэл илүүтэй. Гэвч хууль тогтоох байгууллагад хотынхон ноёлж байгаа. Харин цаад шийдвэр гаргах институци болох намын бага хуралд хүрэлсүхчүүд олонхи.  Хамаг эрх мэдлийг атгаж байгаа боловч намдаа цөөнхийн цөөнх болсон Батболдынхон одоогоор энхтайваныг л хүсч буй нь тодорхой. Иймээс Засгийн газрыг огцруулалгүйгээр шинэ сайд нарын сэлгээ хийж амь гарахыг бодож буй нь тодорхой.  Гэтэл Батболдын эсрэг зоригт тэмцэл хийснээрээ ихэд нэрд гарч Энхбаярын шалгаруулалтаар  “эхоронч төрийн түшээ” цолоор мялаагасан аварга арслан начингууд намаас нэр дэвших нь эргэлзээтэй болчихсон байсан бол одоо шинэ шаанс гарч нар дахин мандахыг харах хувьтай боллоо. Тэд ямар ч тохиолдолд шинэ засаг байгуулахын төлөө зогсох болно. Хэтэрхий сул удирдлагатай сонгуульд орох нь ялагдахын цондон гэж үзэж буй хүрэл сүхнүүд ч байлдааны бэлэн байдалд орлоо. Одоо дайн ба энхийн асуудал хотынхон гэгдэх голдуу хөдөөний угшилтай хэдээс хамаарна. Хувь тоглогчид ч шинэ шаансыг зүгээр өнгөрөөхийг хүсэхгүй. МАХН, МАН-ын хоёр батлах хүзүүнээсээ зэрэг дүүжилсэн Улаан сангийн сайд дахин болох хүсэлтээ бүх мэдээллийн хэрэгслэлээр илэрхийлэв. Урьд нь сайд байхдаа улсаас 11 сая америк доллартай тэнцэх хөрөнгө хулгайлсан тэрээр тэр их мөнгөө бараад дуусгачихсан юм байх даа? Тэгвэл ч зайлуул өлсөж байгаа л даа. Ер нь гишүүд сайд болох гэж зүтгээд байгаа нь чимэг нэмэхдээ ч биш (чимэг ч илүүдэхгүй л дээ, даяар дурсах далай даян дархан аварга, хөдөлмөрийн баатар, хурандаа, дээд мэргэжилтэй доктор, УИХ-ын гишүүн,  төрийн сайд гэхэд гоё байгаа биз дээ) барж идэхийн аргагүй зориулалтгүй их төсөв баталчихсан учир мөнгөний гоогоо үнэр ханхлаад байгаа хэрэг. Захиран зарцуулах эрх гэдэг ч амттай л даа. Ядахнаа л арга барагдахад сонгуулийн мөнгө булцайгаад гараад ирнэ.

            Яаж зүгээр байхав, Ардчилсан нам хямарч таарна. Угаасаа энэ нь урхаг өвчин нь юм л даа. Сэдрээх хэрэг байхгүй, үргэлж сэдрээстэй явдаг. Юун түрүүн МАН-ын хөнжлөөс намаа гаргаж авсны гавъяаг булаацалдаж таараа. Тэдний үзэж байгаагаар ирэх сонгуульд АН хэдийнээ үнэмлэхүй ялалт байгуулчихсан. Ингэхээр одоо эртхэнээс сандал ширээгээ хувь хувьдаа товолсон төдийгүй сэжигтэй этгээд рүү хялалзаад эхэлсэн. Ерөнхий сайдаас эхлээд дунд сургуулийн захирал хүртэл эчнээ эзэнтэй болчихсон. Ийм л шалтгаанаар зодоон сонгууль дуустал үргэлжлэх ба сонгуулийн дараа хоёрдугаар раунд эхлэнэ. 

            Энхбаярын хувьд мөн л амьдралын алтан боломж нээгдлээ. Бурхан түүнд талтай ханддаг нь үнэн юм байна. Өмнө нь нээгдчихээд байсан шоронгийн хаалга аажмаар хаагдаж эхэллээ. Байлдааны бэлэн байдалд орчихсон МАН-ын фракцууд түүнийг хүндэт зочноор урьж эхлэв. МАХН гэсэн бичигтэй брэнд жинсийг нь аваад өмсчихсөн тэрээр хуучин намынхаа дэмжигчдийн дөрөвний нэгийг араасаа дагуулчихсан юм. Үүнийгээ үнэ хүргэж зарах бололцоо нээгдлээ. Тэглэх хувилбараар МАХН байхгүй, шорон байхгүй, халдашгүй эрхээр хамгаалагдсан дивтаат Энхбаяр, аан?

            Шинэ сонгуулийн буянгаар Энхбаярын ба Оюуны нам юутай ч гэсэн босгоо даваад парламентийн нам болно. Гэхдээ МАХН нь МАН-тай нийлчихгүй бол, Иргэний зориг нь АН-тай нийлчихгүй бол шүү дээ. Худалдааны тэнхимийн Дэмбэрэл мань Батболдын захиалгаар Иргэний зориг намын дарга болоод авсан суудлаараа МАН-тай нийлэн шинэ хамтарсан засаг байгуулах зорилготой юм билээ. 2000 оны сонгуулийн үеэр энэ хоёр хүн Энхбаярын захиалгаар “намбусчуудын нам” гэгчийг байгуулан Ардчилсан хүчний саналыг сарниахаар зүтгэж байсансан.  Хуучирсан арга даа. Өөр жижиг сажиг намуудын хувьд шаанс ч үгүй шахам даа. Энхсайханы МҮАН-д сонгогчидоос ямар ч дэмжлэг байхгүй боловч Энхбаяраас сайн зүүгдвэл өөрөө гишүүн болох бололцоо бий. Гэвч энд хэдэн бэрхшээл байна. Энхбаярыг дагалдагчид нь хуучин МАХН-ы фанат хөгшчүүл. Тэдний хувьд Энхсайхан гэдэг мангаснаас өөрцгүй дайсан. Энхбаяр Энхсайханыг дагуулаад гараад ирэнгүүт дагалдагсадын тоо эрс буурсан. Ингэхээр Энхсайхан нь Энхбаярын хувьд илүү тээш юм. Хослон дуулахын хувьд бол ч цаанаасаа заяасан юм шиг хоолой нь уг нь сайхан таардаг л юм. Гэхдээ шоронд концерт тоглолтой нь биш, амиа л бодох болов уу. Харин Ногоон намд хөөрхөн хожил гарсан. МАХН-ыгаа МАН-д алдчихгүй л бол Дээд шүүхийн “3” гэсэн дугаараараа мөн “3” гэсэн дугаартай Ерөнхийлөгчтэй хавсран парламентийн намын тоог нэгээр нэмэх нигуртай. Ингэхээр ногоончууд Нямдоржид л найдахаас өөр гарцгүй.

            Порпорциональ хэлбэр орсон учир МАНАН-аас гадна өөр намын харъяалалтай дор хаяхад  10 гишүүн УИХ-д суудлаа эзлэнэ. Ингэхээр МАН ба АН аль алин нь дангаараа Засгийн газар байгуулах суудал авч чадахгүй. Ийм үед Энхбаяр, Оюун нарын үнэ хаданд гарна. Гэхдээ түрүүлээд олзлогдчихгүй бол шүү дээ.

2012.1.9