Ёс зүйн ДЕЛО №16: Хөгжлийн банкны үе үеийн ТУЗ, Зээлийн хорооныхонтой хариуцлага тооцъё!
-Зээлдэгчид банк дээрэмдээгүй. “Цөлмөсөн” нь “цөлмүүлсэн”-тэйгээ хамт шийтгэгдэх ёстой-
Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2017 оноос өмнөх, 2017 оноос хойшхи гэж хоёр хувааж үздэг. 2017 оноос өмнөх үйл ажиллагааны үр дүнд зээлийн хугацаа хэтрэлт 70 гаруй хувьд хүрсэн. Зарим мэдээлэлд 80 орчим хувьд хүрсэн ч гэж дурдсан байдаг. Энэ байдлыг засах зорилгоор 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны бүх удирдлагыг солисон. Шинэ удирдлагаар Гүйцэтгэх захирал Б.Батбаяр (2019 оны 5 сард Б.Батбаяр нь ажлаа өгч, Г.Амартүвшин банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон), Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Дэд захирал бөгөөд Актив, пассивын газрын захирлаар Б.Чойжилжалбуу, Дэд захирал бөгөөд Зээлийн газрын захирлаар Ч.Мөнхбаяр, Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар Я.Сод-Эрдэнэ, Дэд захирал бөгөөд Эрсдэлийн газрын захирлаар Дөлгөөн (2018 онд Б.Батбаатар болж өөрчлөгдсөн) нар томилогдсон байдаг.
Эдгээр шинээр томилогдсон эрхмүүд Чингис, Самурай бондын эх үүсвэрээр 2011-2016 онуудын хооронд олгогдсон зээлүүд чанаргүйдсэн, эргэн төлөлт хийгддэггүй гэдэг мэдээллийг удаа дараа өгч байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ дээрх зээлүүдийг улсын төсөвт шилжүүлсэн, Чингис бондын эргэн төлөлтийг мөн Улсын төсөвт шилжүүлсэн, нэмээд өөрийн хөрөнгийг нэг их наядад хүргэсэн гэдэг. Дүгнээд үзвэл тухайн зээлүүдийг төлүүлэх арга хэмжээ авахын оронд шууд улсын төсөвт буюу татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлсэн.Үүгээрээ хорлонтой. Өөрөөр хэлбэл Чингис бондыг захиран зарцуулсан хэрнээ эргэн төлөлтийг мөн л татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлсэн, нэмээд улсын төсвөөс нэг их наяд төгрөгийг өөрийн хөрөнгийг нэмэх гэдэг халхавчин дор татвар төлөгчдийн халааснаас авчихсан байдаг юм.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд хэд хэдэн удаагийн шалгалтууд хийгдсэн боловч дээрх үйл явдлууд шалгалтын үр дүнд дурдагдахгүй өнгөрөөд байгаагийн цаана өнөөх улс төрийн болон бизнесийн бүлэглэлүүд байсантай холбоотой бөгөөд өнөөдрийн үр дүнд хүргэсэн юм. Тэр үед зээлийн шийдвэр гаргадаг байсан Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хорооны гишүүд хэн байсныг дор харуулъя. Эндээс хэний нөлөөгөөр хэнд зээл олгоод байсан нь хэнд ч тодорхой харагдана. Жишээ нь Б.Шинэбаатар ТУЗ-д байхад “QSC”-д, “Хөтөл”-д дахин дахин зээл олгоод байх нь аргагүй биз дээ? Б.Батзаяа “биеийг нь хамгаалдаг байсан Х.Баттулгынхаа “бизнесийг нь хамгаалаад” зээл олгоход нөлөөлж болох уу? Гэхчлэн ёстой л “гараа угаасан” энэ зээлүүдийг хуулийнхан шалгаж тогтоох биз ээ гэж найдъя!
Ингэж байтал “Чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна” гэдэг үндэслэлээр 2019 оны тавдугаар сард банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, оронд нь олны дунд “шарк” гэдгээрээ танигдсан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилсон. Г.Амартүвшин нь Харвард зэрэг нэр хүндтэй гадны сургуулиудад сурч боловсорсон, банк, санхүүгийн чиглэлээр гадаадын орнуудад ажиллаж байсан туршлагатай. Одоо л Хөгжлийн банкийг хөгжүүлэх нь гэж байтал 2020 он гарснаас хойш гэнэт Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлын ажлаа өөрийн саналаар өгсөн гэх мэдээлэл гарсан ч эдүгээ УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүний цаана ямар баг үлдэв? Өөрөөр хэлбэл 2017 оноос хойш яаж явж ирэв?
Та бүхэн харж байгаачлан хамт ажиллаж байсан нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн Б.Махбал Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байсан! Эдүгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй Я.Содбаатарын төрсөн ах хэдхэн хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тус банкны Хяналт шалгалтын, Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Сод-Эрдэнэ, миний өмнөх нийтлэлүүдэд удаа дараа дурдагддаг Дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу…Түүнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байснаар нь ч,УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай дунд сургуульд нэг ангид сурч байснаар нь ч,Т.Бадамжунай гэдэг “эрх мэдлийн мафиоз”-ийн баруун гар гэхчлэн баялаг түүхээр нь мэдэх хүмүүс нь мэднэ.
Миний хувьд 2011-2016 онд “Марс гранд” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийн удирдлагыг Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газар хариуцдагэнэ албан тушаалд очсоных нь хувьд түүний хувийн “Марс Гранд” ХХК-ийг хардаж сонирхож бичиж байсан. Энэхүү компани нь Богд Хан дархан цаазад уулын Жаргалантын аманд өндөр зэрэглэлийн хаус байшингуудыг барьж, 630-800 сая төгрөгөөр тус бүрийг нь зардаг. Тус компанийн борлуулалтын албатай холбогдон хаусын талаарх мэдээлэл авахад Чингис Хаан банкны 1%-ийн хүүтэй зээлээр энэхүү өндөр зэрэглэлийн хаусыг авах боломжтой гэнэ. Энэ бага хувийн хүүтэй зээлийг Б.Чойжилжалбуу захирал хувийн компанидаа яаж гаргуулаад байсан нь сонин биз дээ?
Энгийн иргэд ипотекийн 8%-ийн хүүтэй зээлийг авах гэж юу туулдаг гэж санана. Хэрэв Хөгжлийн банк “Чингис хаан” банканд чөлөөт мөнгөн хөрөнгөө байршуулдаг бол Б.Чойжилжалбуу захирал хувийн компанидаа хямд зээлийг тус банкаар гаргуулж болох уу? Энэ асуудал ингээд “Чингис хаан” банк руу ч хөтөлдөг. “Чингис хаан” банкны удирдлагуудыг та бүхэн мэднэ. Намайг “ална” гэж занасан ахын гэр бүлийнхэн ч тэнд бий.
Ингэж албан тушаал, эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан нь нотлогдвол ямар хариуцлага хүлээх болгэж бичсэнээсээ хойш багадаа гурван жил хүлээсэн шүү, МАН-ынхаан! Б.Чойжилжалбуу гэдэг хүнээ “олж”Хөгжлийн банкны их наядаар тоологдох чөлөөт мөнгөн хөрөнгийг ямар банкинд, хэдэн хувийн хүүтэйгээр байршуулсан талаарх мэдээллийг олон нийтэд ил болгон зарлах ёстой. Тэрбээр Хөгжлийн банкийг “цөлмөх” зээл олгож байх үед тус банкны Дэд захирал бөгөөд Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын дарга, Зээлийн хорооны гишүүнээр ажиллаж байсан учраас онцолж дурдаж байгаа юм шүү.
Дахин анхааруулахад Хөгжлийн банкнаас зээл хүсэх нь хэвийн үзэгдэл. Зээл авах нь “ховор” боломж. Гэхдээ зээлдэгчид баг зүүж, буу барьж ороод дээрэмдээгүй. Хөгжлийн банк хуультай байгууллага. Хуулиараа зээл олгох гол шийдвэрийг ТУЗ гаргадаг учраас зээлдэгчдийн зэрэгцээ зээлдүүлэгчдийг дурдахгүй, хариуцлага тооцохгүй өнгөрөх аргагүй юм. Мөн дараагийн дугаарт ТУЗ-ийн гишүүд, Зээлийн хорооны гишүүд нөлөөллийн компаниуддаа хэрхэн зээл авсан тухай өгүүлэх болно…Ёсзүйн ДЕЛО үргэлжилнэ…!