Оны өмнөхөн Монгол төрийн тулгын гал бадраах ёслол Төрийн ордонд боллоо. Төр түшигсэд маань сувенирийн хүүхэлдэй шиг өнгө алаглуулан ирж. Төрийн их галын өмнө ээлжлэн сунаж хэвтэн духаараа шалыг нь түк хийтэл мөргөх нь бахархмаар ч юм шиг. Угаасаа ийм учиртай байдаг юм гэнээ. Энийг нэгэн бөө-гишүүн тэнгэртэй харьцаж байж олж мэдсэн аж. Тэгээд Засгийн газрыг сүрдүүлж байгаад 300 сая төгрөг аваад ийм гэр барьж тулга тогоо төхөөрсөн гэх. Тулга дөрвөн хөлтэй биш гурав байх номтой гээд л баахан хөөрсөн. Өнөө бүтэхгүй ажлын дуусдаггүй яриагаар.  Гурван чулуугаар тулга хийдэг, харин төмөр тулга гурван хөлтэй байвал тогоотой хоолоо өдөр болгон далбилзуулж хөмрөөд баймаар юм.  Гэхдээ тэр цаад тэнгэр аав нь мэдэж байгаа байх л даа.

            Тоглоод байгаа юм санасан чинь шоглоом болж хувирлаа. Төр галтай байдаг тэрийгээ асааж унтраадаг номтой юм бол ч яахав, гэтэл энэ тоглоомондоо эмэгтэй хүн ойртуулахгүй гэж тэнэгтдэг байгаа. Дондогдуламыг Улсын эх дагинаар өргөмжилсний 100 жилийн ойн өдөр шүү дээ! Хажууд нь нэг амны пийгууртай бөх ярьж байнаа: Эмэгтэй хүнийг ер нь элдэв юманд ойртуулж болохгүй, бузартчихдаг юм, энэ бол нэн эртнээс сахиж ирсэн ариун нандин өв уламжлал, жээндэр мээндэр ч гэх шиг тэгш эрх яриад зарим нэг ухамсаргүй хүүхнүүд цэцээр хүртэл заргалдана гэдэг юм билээ, гайгүй байлгүй, мянга мянган жил баримталж ирсэн эцэг өвгөдийн минь ариун сайхан заншил…

            Нийтийн дуунд нэр нь анх тодорсон, эзэндээ ээлтэй эгэл баатар мину зээ гэгдэх нэгэн өсч яваа улстөрч – эхоронч энэ удаа мөн шинэ цахиур хагалж ёслолыг улам утга төгөлдөр болголоо. Дээлийн хиртэй нудрагаа хүү татан урж өнөө ариун гал руу нь хийчихдэг байгаа. Манжийн ёсыг халж байгаа үндэсний хэлбэртэй социалист агуулгатай ший жүжигэрхүү юмуу даа. Ер нь ёслол дажгүй наргиантай, үзүүштэй сонирхолтой болсныг дурдууштай. Манай төрийн түшээ эрчүүд маань бузар муухайн бэлэг тэмдэг болсон эмэгтэйчүүдээс ариун гал тулгаа нэр төртэйгээр хамгаалж дөнгөлөө. Одоо айлтгүй, бузраас хамгаалагдсан гал маань мөнх бадран мандах нь дамжиггүй.

            Монголд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гурван зуу шахам төрийн бус байгууллагад таван зуу гаруй эмэгтэйчүүд хамрагддаг. Манай нийгэмд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхээр хангагдсан. Нийгмийн тэгш эрх гэдэг нь хүйс, шашин, үндэс угсаагаараа хэн ч гадуурхагдахгүй гэсэн үг. Мэдээж Бурхан тэгш заяагаагүй. Заримыг нь эмэгтэй, усан тэнэг, авъяасгүй, бяртай бөх, эгэл баатар, нийтийн дуучин, гишүүн (юуны ч юм) болгоод төрүүлчиж байгаа юм чинь. Цаанаасаа тэгш заяагаагүй хүмүүсийг ардчилсан төр хуулийн ба нийгмийн өмнө тэгш байлгадаг. Үгүйдээ л ингэж хуульчилдаг. Манай Үндсэн хуульд ч ингэсэн байгаа. Төрийн ордон, төрийн ёслол бол нийгмийн явдал. Мань бөх гэртээ гал хөс рүүгээ авгай охидоо ойртуулах байтугай чүдэнз ч өгдөггүй бол тэр өөрийнх л эрх. Мань дуучин авгайгаа гэртээ оруулдаггүй үүдний пиндээ араг түшүүлж хонуулдаг пийдал зантай бол тэдний л явдал. Харин шүүх болоод олон нийтийн газар, төрийн байгууллагад алив хүнийг хүйснээс нь болж гадуурхахыг хууль хориглодог.Дэлгүүрт хүнийг эмэгтэй юмуу лалын шашинтай гээд оруулахгүй байж болохгүй, яагаад гэвэл энэ нь хувийн өмч байлаа ч олон нийтийн газар. Өнөө айхтар тахилгатай уул овоонд эмэгтэй хүнийг битгий гар гэж гуйх, эсвэл бөх нөхөр нь зодоод хөөх энэтэр бол болох л байх. Харин төрийн нэрийн өмнөөс тахилга хийж дөвчигнөж байгаа бол панаалдах нь юу юм гэхээс хөөж туух эрх хэнд ч үгүй.Гэхдээ юмаа унжуулчихаад л эмэгтэйчүүдийн жорлон руу дайраад байж болохгүй нь мэдээж. Үүнийг ойлгохын тулд заавал Үндсэн хууль судлах шаардлагагүй л дээ.

            Нөгөө улс төрийн идэвхитэй таван зуу гаруй хүүхэн чинь таг шүү. Их хурлын гишүүн болно, тэгэхгүй бол хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжирэхийн замыг ололтгүй еэ хөө… л гээд байх юм. Мунхаг тэнэгээрээ далимдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж нийт эмэгтэйчүүдийг доромжлон гутааж, эрхийг нь хөсөрдүүлж, бузар муухайгаар нь дуудаж нийгмийн өмнөх тэгш эрхийг нь нулимж байхад дивтаат горилогч өнөө таван зуу таг. Багт наадмархуу тэрхүү гал тахих наргиантай үзвэрт хэдэн хүүхэн ороогүйгээр хамаг юм баларч эмэгтэйчүүд хохирч сүйд болохгүй нь мэдээж. Гэхдээ эмэгтэйчүүдийн байгууллагын гол зорилт нь хүйсээр гадуурхагдахгүй гэсэн үзэл баримтлал биш гэж үү? Эсвэл дундаасаа ганц панаал хүүхэн дивтаат болгоодох л зорилготой юм уу?

            Үнэндээ хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүд байхгүй балраад байна гэж мөнөөх таван зуугийн тавь орчим нь яншаад байгаа болохоос монгол эмэгтэй болгон хүйс нэгтнээ орой болгон зурагтаар жавжидаж худлаа амлахыг нь харахын мөрөөс болж байгаа гэдэг юу л бол. Манай нийгмийг эмэгтэйчүүд жолоодож байгаа. Боловсролтой хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэй. Эдийн засгийн бодит эрх мэдэл ихэнх айлд эмэгтэйд нь байдаг. Нүүдэлчний амьдралын олон жилийн хэв шинжээс тогтсон хэв маяг. Харин судалгаанаас үзэхэд чөлөөт сонгуулиар эмэгтэй нь эмэгтэйгээ дэмждэггүй юм билээ. Хүйсний хувьд тэнцүү тоотой ч сонгуулийн идэвхиэр эмэгтэй нь хавьгүй илүү. УИХ одоо л гуравхан хүүхэнтэй болохоос олон жилийн дундачаар АНУ, Япон, Их Британитай адил арав орчим хувьтай л юм билээ. Үнэндээ сонгогч эмэгтэйчүүдийн дэмжлэг байхгүй болохоор квотоор түрж орж ирсэн хэдэн хүүхэн хамгийн эхний золиос болж мултрана. Бүр квотоосоо болоод унана. Сахил хүртээд шал дордоно. Харин үндсэн зарчмын асуудал болохоор… ингүүлж байхдаа ч таарсан гэж хэлүүлмээр.

            Галыг анх өнөөгийн хүмүүс биш, 300 мянган жилийн өмнө хүний өвөг болох хагас сармагчин хомо эрэтикус нар эзэмшиж эхэлсэн гэж үздэг. Ач тустай ч асар сүйтгэлтэй энэ физик үзэгдлийг эртний бүдүүлэг хүмүүс тахин шүтэхийн зэрэгцээ амьтай зүйл гэж итгэн айж эмээн өргөл өргөдөг байжээ. Гал “асах”, ”ноцох” гэж ярьдаг нь амьтай гэж үзэж буйн илрэл. Гал тахих заншил эртний бүх үндэстэнд байсан. Иргэншил буй болж, бөөгийн мухар сүсэг шашинаар солигдох үеэс галын тухай ойлголт өөрчлөгдөж эхэлжээ. Эртний Герегт хорвоо дөрвөн махбодоос бүрддэг гээд нэгэнд нь галыг тооцож байв. Аристотель тэгэж үзэж байсан юм шүү. Энэ нь дорно дахин руу орохдоо “мод”-ыг нэмээд таван махбод гэх болж. Персэд үүссэн манихэизм гэгддэг мани шашин гал шүтэх онол хөгжүүлэн тахих журмыг ёсчилжээ. Галаар ариутгах тэдний сургаалтусгай дэг бүхий номлол болсон. Мани шашин нүүдэлчдэд Уйгарын хаант улсын үед орж ирэн ихэд нөлөө үзүүлсэн байдаг. Угаасаа гал шүтдэг бөөгийн ёс дээр тусгай номлол болсон мани шашин орж ирэн улам төгөлдөржүүлэн ёс горимтой болгожээ. Гэхдээ тэнд оролцогчидыг яс хүйсээр нь ялгаж ангилж байсан зүйл үгүй л болов уу.

            Бөөгийн ёсыг бүгдийг нь авч үлдэж улам цэцэглүүлэн байж тусгаар тогтнолоо бэлэгдэнэ гэвэл их л хачин юм болно. Ганц монголчууд төдийгүй бүх хүн төрлөхтөн иргэншиж соёлжих хүртлээ нэг үгэндээ шашин буй болохоос өмнө бүгдээрээ бөөгийн мөргөлтэй байсан. Өнөөгийн герман, энэтхэг, араб үндэстний өвөг дээдэс ч хэдэн мянган жилийн өмнө гал ус уул овоо тахидаг, тэднийгээ цаанаа эзэнтэй гэж үзэн тахил өргөдөг бөө мөргөлтнүүд байлаа. Одоо ч европ зүгт “тахилын ямаа” гэж үг байдаг нь тэрхүү эртний бүдүүлэг заншлаас үүдэлтэй. Шарын шашин орж ирэхээс өмнө монголчууд бөөгийн мөн ч олон бүдүүлэг ёс гүйцэтгэдэг байлаа. Уул ус тахиж байгаа нь энэ гэж онгон залуу охидыг олноор нь усанд үйж алдаг байв. Нүүдэл даахгүй хөгширсөн нэгнээ аманд нь өөх чихэж араас нь ясаар гудруулан хороодог байв. “Ам барих ач” гэдэг үг энэ муухай заншлаас гаралтай. Охид хүүхнүүд алж уул усаа тахидаг байсан гээд дуулгачихвал өнөө хэд чинь хуулийн төсөл хийгээд хөөцөлдөөд гүйчих вий дээ!

            Эмэгтэй хүн бузар гэдэг “номлол” яах аргагүй хожим төвдөөс орж ирсэн. Буддын шашин Монголд орж ирэхдээ бөөгийн олон бүдүүлэг зэрлэг ёс горимыг халж соёлын их үрийг тарьсан. Тэдэнтэй суртал номоор төдийгүй хүч хэрэглэн тэмцсэн. Бөө нарыг хэдэн арваар нь амьдаар нь шатаан устгаж байсан баримт их бий. Гэвч өөрөө бас янз бүрийн балмад бүдүүлэг зан заншлыг ч чирэн оруулж ирсэн юм. Үүний нэг нь эмэгтэй хүн бузар гэх номлол. Буддагийн сургаалд үнэндээ ийм үзэл огтоос байхгүй. Төвдөд Буддын шашин орж ирэхээс өмнө тэд “бон” хэмээх өөрийн бүдүүлэг бөө мөргөлтэй байжээ. Тэдний үзэж байгаагаар хүмүүн нь Авалкиташвара хэмээх мич (үүний хувилгаан дүр нь Далай лам), Ролмаа хэмээх шулмас (ороолон гэж манайхан ярьдаг) хоёрын дундаас үүссэн юм байна. Хүсч болох сайн бүхэн мөнөөх мич өвгөөс, муу чанар болгон ороолон шулмасаас хүнд үлджээ. Иймээс хүн нь муу сайн аль аль чанарыг агуулна. Доктор Жэкил, мистер Хайд?

            Буддын ариун сургаал төвдийн бүдүүлэг бонтой холилдон “төвдийн шашин” гэсэн шинэ урсгал буй болгожээ. Тэр нь XVI зуунд Монголд нэвтрэхдээ Буддагийн дөрвөн үнэний хамт Ороолонгийн домгийг чирч ирэв. Эмэгтэй хүн цаанаасаа бузар амьтан ба тэр нь сард нэг удаа цус хэлбэрээр доош гардаг гэж үзнэ. Үнэндээ бол үр тогтоогүй өндгөн эс хагарч байгаа нь тэр шүү дээ. Бурхан энэ ертөнцөд хүн, шимпанзэ, далайн гахай гэсэн гуравхан амьтанд орооноос үл хамаарсан сарын юм гээчийг хайрласны хүчинд бид бүхэн улирлаас үл хамааран сексдэж чаддаг. Тэгэхээр энэ бол бурханы ариун бэлэг гэлтэй. Лам нар есөн бузар гэдэгтээ эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг оруулж тооцно. Төрж буй эмэгтэйн сав руу бузрыг гадагш гаргахгүй хэмээн босгоны шороо, шар навтас, нохойн хонхорцог, хөсрий яс зэргийг зөрүүлж чихнэ. Энэ тэнэг ёс заншлаас болж ХХ зууны дунд үе хүртэл монголчуудын төрөлт маш доогуур байв. Балиар заншил халагдсаны дараа монголчууд 1960 онд анх удаа саяулаа болж байсан. Энэ байдлыг нүдээр үзсэн Оросын жуулчин Пржевальскиймонгол үндэстэн удахгүй мөхөн алга болно гэж тэмдэглэж байлаа.Энэ уламжлалыг цаад хэдэд чинь дуулгахгүй байх юмсан!

            Овоо тахих ёс бол нүүдэлчдийн нэн эртний заншил. Төвдийн шашин орж ирүүтээ үүнтэй ихэд тэмцсэн боловч дийлээгүй юм. Овоо тахивал тэдэн бодоор торгоно гэх мэтийн Алтан ханы зарлиг гарч л байсан. Сүүлдээ лам нар дийлэхээ болихоороо өөрснөө очиж ёслолыг нь удирдах болжээ. Бөөгийн ёсоор овоо шүтэхэд бургасыг их голчилдог. Бургас аваачиж өрөн шовойлгоно. Бургас гэдэг нь олон тоо, ганц тоон дээр “бурган”. “Бурхан” гэсэн үг эндээс үүдэлтэй гэж доктор С.Дулам нотолдог нь үнэний хувьтай болов уу. Ийм ариун зүйл дээр оролмоо шулмасаас гаралтай эм хүн ойртож болохгүй гэдэг номлол шар лам нараас л гарсан хэрэг.

            Нүүдэлчид бол факт баримтыг төдийлөн тоодоггүй, домгийн сэтгэлгээтэй хүмүүс. Үүний нэг тод илрэл нь тулганы хэрээ хошуу, үүнийг эсэргүүцсэн бэлэг тэмдэг болох хатны өмсгөл, хүүхдийн соосой юм. Тогоо тогтоохын тулд хошуу байх нь зайлшгүй. Үүнийг хэн нэг нь манж нар Монголын голомт руу өнгийж байгаагаар анх дүрслэн ярьсан болов уу. Эмэгтэйчүүд үсээ цавуудан дэрвийлгэж хангардын дүрд хувилсан ба хүүхэд нь хангардын зулзгыг дуурайн толгой дээрээ хоёр соосой ургуулсан гэдэг бол яах аргагүй зохиомол домог. Учир юу гэвэл хатан өмсгөл нь манж үндэстний хувцас. Эрчүүд тав гэзэг тавих, хүүхэд соосой ургуулахыг манж нар 1644 онд Хятадыг эзэлсний дараа бүх нийтээр даган дуурайх хууль гаргаж байв. Нүүдэлчдийн эртний хувцас зах энгэргүй байсан. Энгэр зах мөн л хожим манж хятадаас орж ирсэн. 1911 онд Гадаад Монгол ч, Хятад ч Манжийн Чин гүрний эрхшээлээс гарсан. Манжийг эсэргүүцсэн нэг том бэлэг тэмдэг нь тав гэзгээ тайрч хаях хөдөлгөөн байлаа. Хятадын хувьсгалын эцэг Сун Ятсэн Лондонд байхдаа олны өмнө тав гэзгээ хусаж Манжийн заншил байтугай хуулийг нь эсэргүүцэж байгаагаа илээр харуулж байв. Сүүлд нь тав гэзэг авах, хүүхдийнхээ соосойг хусах нь Хятадад бүх нийтийн эсэргүүцлийн бэлэгдэл, нэг ёсны хөдөлгөөн болж байв.

            Ардын намын Бодоо хувьсгалчирхсандаа биш хуучин бүдүүлэг заншлыг халах гэж аргаа ололгүй хүүхэн чавганц нарын үсийг тайрч, нудрага сэлтийг нь урж хаясан бололтой байдаг. Сун Ятсэнийг дуурайсан байж ч болох. Нудрага бол хүйтэн газрын хүмүүст нэг ёсны бээлийний үүрэг гүйцэтгэдэг байхаа. Халуун газрынхан нудрагатай байх нь харагддаггүй юм. Нудрагыг манжууд албадаж байгаагүй, зүгээр л Бодоод бүдүүлэг санагдсан байх. Бээлий гарчихаад байхад гэж бодоо байлгүй дээ, зайлуул. Ер нь Монголын төр нэг эргэхээрээ шашин мөргөл, хуучирсан зан заншилд их л хатуу ширүүн ханддаг өвөрмөц онцлогтой сонин зантай. Чингис хаан улсынхаа гол бөөгийн нурууг хугалан алж байсан. Хожим төвдийн шашин орж ирэхийн үед бөө нарыг хориглон устгах ажлыг хааны зарлигаар төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байлаа. Гучаад оны үед хэдэн арван мянган лам нарыг устгаж бүхий л сүм хийдийг шатаах ажил төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэгдсэн. Ард түмэн ч энэ болгоныг хэлмэгдүүлэлт, хүний эрхийг зөрчлөө, шашин заншлыг устгалаа гэхээсээ төр хатуурч эрхийг нь булаацалдсан даврагчдыг шийтгэж байна гэж хардаг байсан юм.

            Хүн төрлөхтөн хэзээ нэг цагт бүдүүлэг дорой сүргийн амьтан байсан. Олон арван мянган жилээр нүцгэн шалдан гүйж түүхий жимс түүж иддэг байлаа. Доройгийнхоо хэмжээгээр бүгдээрээ л сайн муу сайхан муухай зан заншил ёс дэгтэй байв. Цаг улиран ухаан хат сууж, хөгжин дэвжихийн хэрээр муугаа орхин сайнаа хөгжүүлсээр соёлжиж иргэншин өдий хүрсэн. Амазоны шугуй, Филиппиний уулс, Австралийн цөл, Андын нуруу, Калахарын саваанд цөөн тооны үндэстэн л өдгөө өнөөгийн соёл иргэншлээс хоцрон бүдүүлэг бөө мөргөл, хачин гэмээр зан заншлаа авч үлджээ. Зурагтаар тэдний тухай хачирхан үзэж шогширч байхад харин зугаатай. Гэвч бидний өвөг дээдэс ч олон мянганы өмнө иймэрхүү л амьдралтай байсан шүү гэж бодохоор өдий зэрэгтэй болсондоо бахархмаар. Хүн төрлөхтөн хөгжихийн хэрээр хоцрогдол буурай байдлаа гээсээр ирсэн. Муугаа үлдээж сайнаа авч төгөлдөршүүлсээр ирсэнд л хүн төрлөхтний хөгжил дэвшлийн логик оршино. Дундад зууны үед шинжлэх ухаан буй болон хөгжихийн цагт Европт “тэнэгүүдийн хөлөг онгоц” гэсэн цуврал онигоо ихэд тархжээ. Одоогийн хувилбар нь “галзуугийн больницийн онигоо” эсвэл оросуудынхаар бол “чукчагийн онигоо” л юм биз дээ. Бүдүүлэг тэнэг байдлыг илчлэн нийтээр шоолж байсан нь мунхагаасаа салахад ихэд тус болсон гэж ярьдаг юм билээ.

Бид XXI зууны иргэд. Атом цөмийн бүтэц, ген хромосомын нууцыг дунд сургуулийн хүүхдэд албадаж зааж өгдөг. Бидний монголчууд хүн амд ноогдох сансрын нисгэгч, идэж буй мах, одон медаль, дээд сургуулийн дипломоороо дэлхийд үнэмлэхүй тэргүүлдэг. Тиймээ, бид ХХ зуунд морио унаж модоо тохсоор тэртээ дундад зуунаас давшин орж ирсэн. Өнгөрсөн зуун жилд бид иргэншиж соёлжиж, дэвшиж хөгжсөн хурдаараа тэргүүлсэн энэ дэлхийн цөөхөн үндэстэний нэг. Алуулж талуулж, түймэрдүүлж шатаалгаж түмэн зовлон туулсан ч гэсэн бид өнөөдөр шинжлэх ухаанжиж, техникжиж технологижсон ХХI зууны хөл нийлүүлсэн бүрэн эрхт гишүүн үндэстэн. Бид хэл соёл, уламжлалаа хадгалан монгол үндэстний гэх болгоныг биедээ шингээн оршин оршихын зэрэгцээ хүн төрлөхтний нийтлэг хөгжил дэвшилээс хоцрохгүй өнө мандах заяа буянтай ард түмэн. Бидний хүрэх гэж тэмүүлж байгаагаас - бидэн шиг болох юмсан гэж мөрөөдөж байгаа үндэстэн улам олон болсоор байна. Бидний монголчуудад дэлхийн бусад үндэстнээс илүү гарч гаж содон болсон юу ч байхгүй, гэхдээ бид аль ч үндэстнээс дутаад доройтоод байх юм үгүй. Бид гоц үндэстэн биш, гэхдээ дорой буурай нь бас биш. Бидэнд асар их ирээдүй бий.

2012.1.3