Эзэгтэйн гал тогоонд


Цагаан будаа бол дэлхийд хамгийн түгээмэл тархсан хүнсний нэг төрөл  Цагаан будааг дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хүнсэндээ хэрэглэж байна. Цагаан будаа нь мах, загас, ногоо гэхчилэн бусад бүх төрлимйн хүнстэй сайтар зохицдог. Дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэр төрлийн хоол бэлтгэнэ. Цагаан будаагаар архи нэрж үйлдвэрлэдэг.  Хүүхдийн болон зөв зохистой хооллох дэглэмд өргөнөөр хэрэглэдэг. Цагаан будааг эмчилгээ сувилгаанд түгээмэл ашиглана.

Зэрлэг цагаан будаа, хүрэн будаа, басмати, жасмин, урт цагаан үртэй будаа, сушины будаа гэхчилэн маш олон төрөл байх бөгөөд үрийн хэлбэрээс хамааруулан цагаан будааг энэтхэг (урт нарийн), япон (богино бөөрөнхий) гарлын хэмээх үндсэн хоёр сортод хуваана.

Өл шим, ашиг тус

Цагаан будаа нь хэрэглээний сайн сайн шинж чанаруудыг агуулдаг. Үүнд: ургамлын эслэг болон нунтаг эд эс бага, цардуул ихээр агуулагддаг.  Цагаан будааны уураг нь валин, лизин, метионин зэрэг үл орлох аминхүчлүүдийг агуулах бөгөөд шингэхдээ хялбар байдаг. 100г цагаан будаа нь 370 ккал илч агуулна.  Уургаас гадна цардуул, тос, эрдэс бодис, аминдэм агуулдаг, түргэн шингэцтэй. Цагаан будаа нь зүрхний үйл ажиллагааг тэтгэж, чихрийн шижин өвчнийг анагаахад тустай. Түүнчлэн бөөрний чулуу хөөх,  хавдар, өмөн, саа, татаж унах өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Цагаан будааны шүүсийг ходоод гэдэсний хямралын үед хэрэглэхэд тохиромжтой.

Монголчуудын хувьд цагаан будаа нь өдөр тутмын хоолны гол хольцын нэг байдаг ч бид будаатай шөл, сүүтэй будаа, бэрээсэй, будаатай хуурга гэхчилэн цөөн тооны хоол бэлтгэж усанд агшааж хачрын зориулалтаар хэрэглэдэг. Гэтэл гадаадад, ялангуяа Ази, Америк тивийн улс үндэстнүүд цагаан будаагаар маш олон нэр төрлийн хоол, бүтээгдэхүүн хийдэг. Эдгээрийн заримын жор, бэлтгэх аргаас дор түүвэрлэж орууав.

Вьетнам  аргаар  бэлтгэсэн будаа


Жор: цагаан будаа 460, ус 1000, сонгино 70, цөцгийн  тос 50, задь, давс

  • Цагаан  будааг  хэд хэд  дахин  угаана. Угаасан  будаагаа  бага зэрэг  сэврээгээд  ус  нэмж  хүчтэй галаар 8-10 минут  чанана.
  • Үүн дээрээ хэрчсэн  сонгино  нэмж  усыг нь  ширгэтэл  25-30  минут жигнэнэ.
  • Дараа нь савтай  будаагаа  гал  дээрээс  гаргаад мөнгөлөг    цаас юм уу цэвэр  даавуунд  битүүлэн боож 25-30 минут байлгана. 
  • Таваглахаас  өмнөхөн  нунтаг задь,  цөцгийн тос хольж  амт  тохируулна.

Филиппин  аргаар  бэлтгэсэн  будаа

Жор: цагаан  будаа 100, чанасан  загас 120, хан боргоцой  жимс 100,  нэг ширхэг гадил жимс, йогурт 100, каперс 2,  тал  нимбэг, хар повоор, давс

  • Угааж цэвэрлэсэн цагаан  будаа, лиш, үрлэн хар  повоорыг  цэвэрхэн  самбайд  боож  халуун  ууранд  чанаж  болгоно.
  • Загасны чанаж  болгосон махыг  хувьлан  зүсэж, нимгэн  хавтгай хэрчсэн  гадил, хан  боргоцойн  жимстэй  нийлүүлж  нимбэгний  шүүсээр амт оруулаад   хөргөөсөн  будаатай  холино.

Энэтхэг аргаар  жигнэсэн  будаа

Жор: цагаан  будаа 320, цөцгийн тос 80, давс

  • Цэвэрлэж  угаасан  цагаан  будааг   давстай  их хэмжээний   буцламгай  усанд  хийж  15  минут  чанаад  шүүн авч сэврээнэ.
  • Дараа нь  бариултай саванд  будаагаа хийж  цөцгийн  тос  холиод  шарах шүүгээнд 5-10 минут жигнэж  бэлэн  болгоно.

Хятад  аргаар  бэлтгэсэн  амтат будаа

Жор: цагаан  будаа  700, элсэн чихэр 50, цөцгийн  тос 70, алим, лийр, гүйлс, тоор, үзэм, бүйлс зэрэг  жимс, самар  бүгд 700.

  • Цагаан будааг элсэн чихэр, цөцгийн  тостой хольж  саванд хийгээд гадаргууг нь тэгшилж  үүн дээрээ  жоронд заасан  жимсийг  хийж зөөлөн дарж   тэгшлээд  дахин будаа, дээр нь  жимс  гэхчилэн үелүүлж хамгийн  дээд  талд будаа  байхаар бодож   үйнэ.
  • Савтай жимс, будаагаа буцламгай  халуун устай  тэвшин дотор  тавьж ууранд  жигнэж  болгоно.
  • Болмогц  хэсэг  хугацаанд  бага  зэрэг  хөргөөд  халуунаар  нь таваглана.

Япон  аргаар  бэлтгэсэн цагаан будаа

Жор: цагаан  будаа 230,    ус 375

  • Буцалж  байгаа  усанд  угаасан цагаан  будаагаа  хийж  битүү  таглаж зөөлөн  галаар  12  минут  чанана. Чанаж  байх явцад  уур  гаргаж  болохгүй.
  • Дараа нь  галаа  зогсоож  саваа  хөдөлгөлгүй  бүгнэж гүйцээн болгоно.

Венесуэл аргаар бэлтгэсэн будаа

Жор: цагаан  будаа 100, цөцгийн  тос 10, гадил  жимс 125, яншуйны  навч 3, хар повоор,  давс

  • Цагаан  будааг давстай  усанд чанаж болгоно.
  • Гадил жимсийг  зузаавтар  дугуй  хэрчээд  тосонд  хоёр талаас  нь  жигд шарна.
  • Шарсан  жимс цагаан будааг хольж таваглаад нунтаг  хар  повоор, яншуйны жижиглэсэн  навч  цацаж мах, загасаар бэлтгэсэн хоолны  хачирт өгнө.

Шарсан  цагаан  будаа ( Индонез )

Жор: цагаан  будаа 460, булцуут сонгино 150 чинжүү 80-100, тахианы  мах  300, хавч, наймаалж 150, эсвэл  жигнэж  болгосон загас 250, ургамлын тос 80-100, тал  нимбэгний шүүс, саримс, повоор, давс, элсэн  чихэр

  • Цагаан  будааг  давстай  усанд чанаж болгоод  сэврээнэ. Дараа нь  будаатай  саваа  алчуураар бүтээж  халуун устай тэвшинд хэсэг  байлгана.
  • Сонгино чинжүү, саримсыг  жижиглэн хэрчиж халаасан  тосонд  хуураад   дээр нь хэрчсэн  мах нэмж  давс, повоороор  амт тохируулаад  үргэлжлүүлж шарна. 
  • Үүн дээрээ  цагаан будаа, хавч, наймаалж, эсвэл жигнэж болгоод  хэрчсэн  загас  нэмж, давс, элсэн чихэр  цацаж нимбэгний шүүс  шүршинэ. Ингээд   үе  үе хутган   бага  зэрэг  хуурч  бэлэн болгоно. 
  • Бэлэн болсон  будааг  саримс  хэлбэр  дүрстэй  хэрчсэн  шинэ  өргөст хэмх, улаан лооль, шарсан  гадил  жимсээр  хачирлаж  нунтагласан  самар цацна.


Уншигч танаа

Доктор, профессор Ж.Октябрийн “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” хэмээх  цуврал номын тэргүүн  дэвтэр хэвлэгдэж уншигчдын гар дээр очиж байна.

Хүнсний нэвтэрхий толь-лавлах бичиг нэртэй энэхүү тэргүүн дэвтэрт хүн төрөлхтний хоол хүнсэндээ  түгээмэл  хэрэглэдэг 500 шахам нэрийн хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн  өл шим, ашиг тус, хоолны зориулалт, болгох хугацаа, хоорондын зохицол, илчлэг чанарын талаар голлон тайлбарлаж, хүнсээ зөв таньж, ялгаж  мэдэх үүднээс хүнсний бүтээгдэхүүн тус бүрийн өнгөт болон хар зургийг оруулжээ.