Романтик, томоохон төслүүд хөрөнгө оруулалтаа өөрөө “олоод” ирэх нь
-Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн эх үүсвэрээр хийх боломжгүй тул хувийн хэвшлийг татварын багц дэмжлэгээр урамшуулах бодлого хэрэгжүүлнэ-
“ДНБ-ийг 95 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг өнөөдрийн ханшаар бодоход 8000-10000 ам.долларт хүргэнэ” гэсэн хэт өөдрөг дэврүүн төсөөлөлтэй, “Хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтуудыг” том зорилтыг бодитой хэрэгжүүлж эхэлнэ гэсэн онцлогтой 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих болсноо Сангийн яамныхан өчигдөр олон нийтэд танилцууллаа.
Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлогтой төсөв болжээ. Төсвийн бодлогынх нь гол онцлог нь юуны өмнө Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж байгаа хамгийн анхны төсөв бөгөөд нийт 38 дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхийг зорьж, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтыг түр хойшлуулсан гэдгээ тайлбарлалаа.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байна. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ. Үүний гол цөм нь авто зам бөгөөд бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор аймгийн төвүүдийг хилийн боомттой болон аймгийн төвүүдийг хооронд нь холбосон “Таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд ирэх онд нийт 2120 км автозамыг шинээр барих бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар төлөвлөсөн байна.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх аж. Мөн “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор”-ын барилга угсралтын ажилд 210 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202 тэрбум төгрөгийг тусгажээ. Олон жил сунжирч буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.
Бүс орон нутагт хэрэгжих томоохон төслүүдээс дурдвал БНХАУ-ын ЭКСИМ банкнаас санхүүжиж буй 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, БНЭУ-ын ЭКСИМ банкнаас санхүүжиж буй жилд 1.5 сая тонны хүчин чадал бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд нийт 549.9 тэрбум төгрөг, БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр Үндэсний хиймэл дагуулын сүлжээг байгуулж, иргэд оршин суугаа газраас үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдэнэ. Эдгээрийг ерөнхийд нь “өөрсдөө хөрөнгө оруулалтаа олоод ирж буй төслүүд” гэж хэлж болохоор байгаа юм.
Мөн бүс нутгийн найдвартай цахилгаан хангамжийг бий болгох, орон сууцжуулах бодлоготой уялдуулан бүсүүдийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн санхүүжилтэд нийт 273 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, био технологийн сургуулийг Дархан, Сэлэнгийн бүс рүү нүүлгэхтэй холбоотой зураг төсөв болон ирэх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил, ТЭЗҮ, зураг төсөвт шаардлагатай санхүүжилтийг тусгав.
Төсвийн хөрөнгө оруулалтын бас нэг онцлох арга хэмжээ болох төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр 90 тэрбум төгрөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад тусгажээ.
Нэгэнт бүсчилсэн хөгжилтэй төсвийн бодлогоо уялдуулж байгаа учраас татварын бодлого мөн л ийм байдлаар боловсруулагдсан байдал харагдлаа. Тухайлбал ирэх оноос эхлэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлоготой уялдуулан бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлж эхлэх нь. Энэ бодлогын хүрээнд нийт 20 гаруй төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох бөгөөд инггэснээр тухайн бүс орон нутгийн төсвийн бие даасан байдал, хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн бодлогоороо өрсөлдөж хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготой аж.
Нөгөөтэйгүүр бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн эх үүсвэрээр хийх боломжгүй тул хувийн хэвшлийг татварын багц дэмжлэгээр урамшуулах таатай бодлого байж болохыг Сангийн яам танилцууллаа.
Төрийн өмчийн талаар тун сонирхолтой шинэ ажлууд ирэх оны төсвийн бодлогод туссан байна. Үүнд эдийн засаг дахь төрийн оролцоо, их хэмжээний алдагдалтай ажилласаар явж ирсэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн талаарх шинэчлэлүүд зайлшгүй ирсэн нийгмийн захиалга гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Иймд төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын сайн жишигт нийцүүлэн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хараат бус, мэргэжлийн экспертүүдээс бүрдүүлэх, ил тод байдлыг хангуулж, сахилга батыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Сангийн сайд тодорхой танилцуулсан юм.
Хамгийн чихэнд чимэгтэй мэдээнүүдийн нэг нь “Боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих тухай байсан бөгөөд энэ талаар дараагийн нийтлэлүүдээрээ хүргэх болно. Товчхондоо "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газраас 2030 он гэхэд боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрүүдийг салбар харгалзахгүйгээр татварын бодлогоор дэмжихээр өргөн бариад байгаа төсвийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн жил бүр өсөн нэмэгдэж байгаа орон сууцны эрэлтийг хангах, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны төсвийн жилд Хуримтлалын сангаас 562 тэрбум, Монголбанкны эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг, арилжааны банкны эх үүсвэрээр 300 орчим тэрбум төгрөг нийт 1.3 их наяд гаруй төгрөгийг зээлийн эх үүсвэрт гаргах бөгөөд үүний 50-иас доошгүй хувийг орон нутагт чиглүүлэхээр заасан байна. Энэ зорилтын хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бага, дунд орлоготой иргэдэд чиглүүлж, хүртээмжийн нэмэгдүүлэх зорилгоор 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн зорилгоор олгох, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг олгох төсвийн төсөлд тусгасан байна.
Эдийн засаг нийгмийн өргөн хүрээг хамарч, бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан энэ удаагийн төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийт 12.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 640 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөсөн нь өмнөх онуудынхаас хамгийн өндөр төсвийн хөрөнгө оруулалт болж байгаа бөгөөд ДНБ-ний 4.5 орчим хувьтай тэнцэхээр байгаагаараа онцлогтой юм. Үүнээс төсвийн нийт хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутгийн бүсүүд буюу Хангай, Төв, Говь, Хойд, Баруун, Зүүн бүсэд, 25 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд байна.