Татвар нэмбэл дарга нараа цөөл
ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж буй нам, гишүүд, иргэд бараг алга. Төсвийн алдагдлаа бууруул гэсэн. Аль ч төр засаг иргэдийнхээ татварыг нэмж чадахаас, авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратаа багасгаж зүрхэлдэггүй.
ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж буй нам, гишүүд, иргэд бараг алга. Төсвийн алдагдлаа бууруул гэсэн. Аль ч төр засаг иргэдийнхээ татварыг нэмж чадахаас, авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратаа багасгаж зүрхэлдэггүй. Орлогч сайдуудаас эхлээд төрийн өндөр албанд авилгаар орон тоо гаргаж суудал зассан дарга нар ядмаг дожной иргэдээс хамаагүй илүү аюултай. Тэд төсвөөс төрсөн тэрбумтан-багш нарынхаа хулгай луйврын жимээр хөрөнгөжих гэж хамаг байдгаа сэгсэрч, мөн асар их өр тавьж босгосон мөнгөө эрх баригч намдаа хандивлаж, зөөлөн сэнтийд хүрсэн хөөрхийс. Хөөрхийс нарын ганц найдвар нь МАН-ын удирдах зөвлөл гэгч арын хаалга. Өөрөөр хэлбэл нам, төрийн оргилоос тэднийг татдаг бурхад нь удирдах зөвлөл.
Гадаадад төрийн нэг албан хаагчид 100 гаруй үйлчлүүлэгч ногддог бол манай нэг төрийн албан хаагч ердөө 18-хан иргэн даргалдаг, хөнгөн ажилтай, сул цалинтан болдог аз завшаантай тул бизнесийн орчингүй Монголд хүмүүс тийшээ тэмүүлдэг. Олон хүн төрийн алба өөд хуйлардгаас сонгон шалгаруулалт журамгүй Монголд арын хаалганд замхардаг. 100-200 сая хүн амтай гүрнүүдийн нэг яам асар том салбар хариуцдаг бол гуравхан сая Монголын нэг яамны хариуцдаг салбар ичмээр өчүүхэн. Тийм атлаа Монгол орлогч сайдуудын тоогоор Хятад Энэтхэгтэй зиндаархах нь инээдэмтэй.
УИХ төсвийн тодотгол батлахад ганцхан гацаа тээглэв. Тэр гацаа нь төсөв хуурайлагч дарга нарын данхар бүтцийг цомхотгохгүй аваас татвараа нэмүүлэхгүй гэсэн олны бухимдал. Бухимдал тэмцэлд шилжиж бужигнах янзтай. Үүн дээр иргэдийнхээ нуруун дээр 7 татварын хүнд ачаа үүрүүлсэнд дургүйцсэн бизнес эрхлэгчид “татвар төлөхгүй” гэж эрх баригчдыг нуман тулгуурт оруулав. Нуман тулгуурт даруулсан томчууд өөрсдийнхөө өөд нь татсан банди нарыг орон тоогоор хасаж тэвчихгүй, олонхоороо түрүү барьж, нүдээ анин чихээ бөглөн шүд зуусаар. Энэ 7 татварыг нэм гэж ОУВС тулгасан гэж бухсан боловч гайтай нь ОУВС төрийн түшмэдийн тоог 20-30 хувиар бууруул гэснийг тэнэг ард түмэн нь олоод мэдчихэж. 18 иргэнд даргамсдаг жуль албатай хурган дарга нараа 100 иргэн хариуцдаг болтол цөөрүүлбэл, 7 татварын нэмэгдлийг иргэд бүсээ чангалаад тэсвэрлэе гэж барьцах вий гэж МАН-ын удирдах зөвлөл эмзэглэж буй. Хөндүүрхэн цэг нь энэ. Сөрөг хүчний хорт сумнаас цээжээрээ хаах андгайтай татаасуудаа удирдах зөвлөл эх орноо дампуурахаас илүүд үздэгээ ойлгуулав. Орон тоогоо хасвал 7 төрлийн татварын нэмэгдлийг гүрийгээд үүрье гэж буй иргэд шударга байна уу, төсвөөс төрөх тэрбумтанд горилж илүү орон тоонд залсан ах дүүсээ цөөлөхгүй гэж муйхарлаж буй эрх баригчид шударга байна уу? Бод доо.
Дахин сануулахад, 7 татварын нэмэгдлийг эх орноо дампууруулахгүйн тулд үүрье, харин МАН-ын удирдах зөвлөл татаасуудаа цөөл. Ингэсэн нөхцөлд төсвийн тодотгол саадгүй батлагдаад, ОУВС-гийн нөмөрт гадны хөнгөлөлттэй зээлүүдээр босоод ирж магад. Үүнээс өгөөжтэй дөт зам алга. МАН-ын удирдах зөвлөл эх оронч коммунист зангаргаа үзүүлээч. Би яагаад МАН-ын удирдах зөвлөл гээд байна вэ гэвэл тэд ерөнхий сайдыг жижигрүүлээд, ажлыг нь санаснаар нь хийлгэхгүй томордог нь мэдрэгддэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хямралд төр бүсээ чангалахаас, ард түмэн чангалахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл данхар бүтцээ юун багасгах. Өөд нь суга татсан 60 мянган хурган дарга нартаа халдаж зориглохгүй урсгал зардлаа 160 тэрбумаар нэмж байдаг. Энэ бол ерөнхий сайдын санаачлага бус МАН-ын удирдах зөвлөлийн найраа. Миний таамаг эндүүрэл аваас та нарт баяр хүргэе. Ерөнхий сайд Эрдэнэтийн 49 хувийн талаар хувийн өмчид халдахгүй гэж байсан. Юу болов. Удирдах зөвлөлийн архгууд эвдрээгүй шинэ залуу ерөнхий сайддаа дангаар эзэрхэн түрэмгийлэгч зуршлаа бүү өвлүүл. Төр жанжлагч бус, үйлчлэгч гэдэгт суралцаач. Тоглоомын ерөнхий сайд огцрохоос, МАН-ын удирдах зөвлөл хариуцлага хүлээхгүй. Өнгөрсөн нийгмийн ганцаар дарангуйлагч энэ тогтолцоог халахгүй аваас тэнд буг болсон хэд баяжаад Монгол босохгүй нь. 77 настай өвгөн Дэмбэрэл сарын 4000 ам. долларын цалин, МАН-д хахалдаж буй боловсон хүчин-залуусаас булаасан нь 27 настай залуу “Монгол зэс” корпорацийн захирал болсноос дутуугүй хачин. Наятай өвгөнөөс бядтай Эрдэнэтийг үүрэлцэх залуу Монголоос эрээд эрээд олдоогүй нь бас хачин.
Нийгмийн чимээ “Улсаараа дампуурснаас орос ахынхаа дохио зангааг ОУВС-гийн хяналтаар солиод азаа үзье” гэж шивэгнэж байх шиг. Гадны хатуу чанга дарамтан дор сохор хорхой шиг шороо хөдөлгөхгүй бол монголчууд уралдаж хулгайлсаар төсвөө хоосолж, улсаа дампууруулах “одонд” төрсөн амьтад болтой. Гутамшиг. Гуравхан сая хүн амд мал сүрэг, эрдэс баялаг дэндүү заяаж. Эцэг эх үр хүүхэд нь өөдгүйгээс яаж ч дэмжиж туслаад сэхдэггүй айл байдаг даа. Тийм айл ажилд яснаасаа дургүй атлаа тансаглах жигтэйхэн их донтой байдаг. Нэгдлийн сүргийг хиаруулж явсан малчин нэгдэл тарахад олон зуун мал хувьчилж аваад ганц хоёрхон жилийн дотор хувхайрч, өлөв дөлөв хийхийн хамт, ардчилал зах зээлийг зүхэж гарсан. Өнөөгийн Монгол, энэ айл шиг л санагдах юм.
Орон тоогоо ч зоригтой хас. Долоон татвараа ч үг хэлгүй нэм. Тэгээд ОУВС-гийн аудитын байнгын шалгалтанд хулгайч гараа гавлуулаад гэлдрэхээс өөр гэгээ үзэгдэхгүй, гүн харанхуйлжээ хүүхэд минь. Долоон татвар нэмж иргэддээ үүрүүлж чадсан юм, 180 мянган даргын армиас 18 хүн даргалдаг татаасаа яагаад хасаж дөнгөхгүй гэж. Залуус даргын хэлбэр төдий сэтэр зүүж ад болсноос бизнес хөөж баялаг бүтээг. Тэдэнд төр засаг тусалъя гэвэл эрх нь ч байгаа, мөнгө нь ч байгаа. Төсвөөс тэрбумтан болох мөрөөдөл АТГ-аар мааниа уншуулах эрсдэлтэй.
Хэн нь татвараа нэмүүлж хохироод, хэн нь хөнгөн ажилтай сул орон тоон дээр хямралын үед тарвалзах юм бэ. Татвар нэмсэнд дургүйцсэн олны бухимдлыг тайвширтал илүү орон тоогоо хас. Тэгвэл төсвийн тодотгол хэрүүлгүй батлагдаж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, хүү багатай гадны зээлээр сэхнэ. Авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратад шургалсан хэтэвч нэгтэй ах дүү хамаатан садангаа эрх баригчид цомхотгоогүй цагт татвараа бүү нэмүүл. Татвараа нэмүүлэхгүй гэх дан тэмцлээр зорилго биелэхгүй. Орон тоогоо хасвал татвараа нэмүүлнэ гэх бооцоо тавь. Дарга нарын армийг 30-40 хувь цөөлж, 7 татвар нэмсэн тохиолдолд дорвитой хэмнэлт гарна. Тэгээд адилхан ачаа үүрээд хямралаас гарахаар хамтдаа зүтгэ.
2017-04-12