Өндөр бүтээмжтэй менежмент
Менежерийн ажлын бүтээмж гэдэг бол тухайн нэгж бүрт зарцуулсан цаг хугацааны үр дүн. Менежерийн бүтээмжийг гурван аргаар дээшүүлдэг. Ажлын хурдаа нэмэгдүүлэх, ажлынхаа үр дүнг сайжруулах, илэрхий үр дүнтэй үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулах. Гол санаа бол гурав дахь буюу илүү үр ашигтай хэсэгтэйгээ түлхүү ажиллах. Өөрөөр хэлбэл хамгийн чухлыг нь барьж ав гэсэн үг. Жижиг сажиг асуудлыг аяндаа засаж залруулж болно.
Шинэхэн менежерт зайлшгүй шаардлагатай мэдлэг, туршлагыг нэг дор авчихаж болмоор ном хайсан хүн заавал унших ёстой номоо олчихлоо гэж бодоорой. Менежментийн гол гарын авлага ном монголоор хэвлэгджээ. Дол цохисон догь менежер ч Эндрю Грөүвийн Өндөр бүтээмжтэй менежмент-ийг сөхөж харвал зохистой. Менежментийн тухай өчнөөн ном бий, харин Эндрю Грөүвийн бүтээлийг энэ салбарын ариун судар гэхэд хилсдэхгүй.
Монголчууд Pentium компьютер хэрэглэж эхлээд Intel корпорацтай танилцсан. Энэ корпорцийг үүсгэн байгуулагчдын нэг Эндрю С.Грөүв хэд хэдэн хагас дамжуулагчийн патент эзэмшдэг, бас хагас дамжуулагчийн тухай 40 гаран мэргэжлийн өгүүлэл бичсэн. Бас энэ чиглэлээрээ Берклигийн их сургуулийн дээд курст зургаан жил лекц уншжээ. Гэсэн ч Эндрю С.Грөүвийг Өндөр бүтээмжтэй менежмент номоор нь илүү олон хүн мэддэг. 1956 онд Америкт хөл тавихдаа ганц англи үггүй ирсэн Эндрю С.Грөүв 12 жилийн дараа Intel корпорацийг үүсгэхэд гар бие оролцон, 1979 оноос ерөнхийлөгчөөр нь ажилласан 20 орчим жилийн туршлагадаа үндэслэн бичсэн Өндөр бүтээмжтэй менежмент бүтээлээ 1983 онд анх хэвлүүлжээ.
Менежер хувийн зорилгоо тодорхойлохоос аваад багийнхнаа сургах, цаашилбал үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гээд удирдлагын түвшинд гардаг асуудал бүхнийг дөрвөн бүлэгт багтаан, жишээ татаж байгаад энгийн үгээр, бага сагыг ч үлдээлгүй тайлбарласан учир ойлгохгүйн зовлон үгүй.
Анх уншигчдын гарт очсоноосоо хойш энэ бүтээл өнөөг хүртэл хэдэн хэлээр, хэчнээн удаа хэвлэгдсэнийг тодорхой хэлэх аргагүй. Цахиурын хөндийд мэндэлсэн номын өмнөх үгийг 1995 онд зохиогч нь шинэчлэн бичсэн байна. Ном 1983 онд хэвлэгдсэн ч зөвлөгөө, зөвлөмж нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй, нэн шаардлагатай хэвээр. Номыг уншаад чухал бас хэрэгтэй санагдсан хэд хэдэн өнцгийг хуваалцъя.
Менежер буюу удирдлагын түвшинд доороос ирдэг мэдээллийг эцсийн үнэн гэж бодох хэрэггүй. Мэдээллийг аль түвшний ажилтан өгсөнөөс шалтгаална, бас тухайн хүний сэтгэл хөдлөл ч нөлөөлдөг. Тиймээс бие биедээ хамааралгүй буюу нэгээр нь нөгөөг нь шалгаж болохуйц эх сурвалжаас мэдээлэл авах шаардлагатай.
Зарим хүн менежерийн чадварыг ажлын үр дүнгээр нь хэмжих ёстой гэж үздэг. Харин Эндрю Грөүв “Менежмент бол багийн тоглоом” гэж нотлон харуулжээ. Үнэндээ менежер онцын ажил хийдэггүй учраас амжилт багийн ажиллагаанаас шууд шалтгаална гэдэг дээрээ зохиогч бат зогссон байна. Багийг хөдөлгүүр гэж үзвэл менежер нь яндангийн үүрэгтэй ажээ.
Intel корпорацийн CEO-ийн ажлын график нь уулзалт-уулзалт-уулзалт байжээ. Ер нь компани том жижиг, шинэ хуучин байхаас үл шалтгаалаад CEO-ийн ажлын өдөр уулзалтаас уулзалтын хооронд өнгөрдөг. Менежер багтайгаа биечлэн уулзахгүйгээр үр дүнтэй ажиллах боломж өнөөдөр бүрдсэн, гэхдээ зохион байгуулах урлаг зайлшгүй чухал.
Intel корпорци менежерүүддээ тэр бүр мэдээд байх шаардлагагүй үйлдвэрлэлийн нэгжүүд рүү явах үүрэг оноодог. Менежер үйлдвэрийн дотоод орчны цэвэрлэгээг шалгах үүрэгтэй очдог учир энэ ажлыг Mr. Clean гэж нэрлэсэн байна. Энэ даалгавар үнэн хэрэгтээ менежерүүдийг энгийн ажилтантай уулзуулж, үйлдвэрийн процессийг ойлгуулах далд зорилго агуулдаг ажээ.
Менежерийн ажлын бүтээмж гэдэг бол тухайн нэгж бүрт зарцуулсан цаг хугацааны үр дүн. Менежерийн бүтээмжийг гурван аргаар дээшүүлдэг. Ажлын хурдаа нэмэгдүүлэх, ажлынхаа үр дүнг сайжруулах, илэрхий үр дүнтэй үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулах. Гол санаа бол гурав дахь буюу илүү үр ашигтай хэсэгтэйгээ түлхүү ажиллах. Өөрөөр хэлбэл хамгийн чухлыг нь барьж ав гэсэн үг. Жижиг сажиг асуудлыг аяндаа засаж залруулж болно.
Менежер шууд удирдлагад нь хэдэн хүн байдгаас үл шалтгаалаад долоо хоногт дөрвөн цаг л тэдэнтэй уулз. Уулзах хүний тоо тодорхой, тухайлбал 3-7 байвал зүгээр.
Эцсийн шийдвэр гаргахдааөөрийнхөө байр суурийг тулгаад байлгүй тухайн уулзалтад оролцогчдын хамгийн ахмад тушаалтай хүнээр уулзалтаа удирдуул. Хэрэв өгөгдсөн хугацаанд шийдвэр гарахгүй аваас тэр хүн бие даагаад шийдвэр гаргаад явсан дээр.
Хоёр төрлийн уулзалт байдаг. Нэг нь, уулзалтын явцад мэдээлэл солилцоход чиглэдэг. Нөгөө нь асуудлын шийдлийг хайдаг. Бүх шийдвэрээ хэрэгжүүлэхийн өмнө зургаан асуулт тавих хэрэгтэй. 1. Ер нь ямар шийдвэр хэрэгжүүлэх гэж байна вэ, шийдвэрийн агуулга юу вэ? 2. Шийдвэрээ хэзээ хэрэгжүүлэх вэ? 3. Хэн эцэслэн шийдвэрлэх вэ? 4. Шийдвэрийг хэрэгжүүлэхээсээ өмнө хэнтэй зөвлөлдөх вэ? 5. Хэн шийдвэрийг таслан зогсоох вэ? 6. Шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэн мэдээллээр хангах вэ?
Зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд хал үзэж халуун чулуу долоосон туршлагатай хүн дээр байдаг ч төгс хүн гэж үгүй. Жишээ нь, хувцасны үйлдвэрийн хур туршлагатай ажилтан Digital Product Management-д олигтой үр дүн гаргахгүй байж болно. Гэхдээ тэр ажилтан муу гэсэн үг огт биш, зүгээр л тухайн ажлын байранд тохирох туршлага нимгэн гэсэн үг.
Хэрэв чухал ажилтан чинь гэнэт ажлаасаа гарна гэвэл хамаг ажлаа хойш нь тавиад заавал тусгайлан уулзах хэрэгтэй.
Энэ мэт маш олон зөвлөгөөг Өндөр бүтээмжтэй менежмент-ээс уншина. Сүүлийн үед гарсан менежментийн шилдэг сурах бичиг, гарын авлагад энэ номынхоос илүү санаа оноо үгүй л болов уу гэж эмээж байна. Зөвлөгөө нь бизнес болоод хүмүүнлэгийн аль ч салбарын менежерт ажлынх нь утга учрыг хялбархан ойлгуулна. Энэ номын талаар дэлхийн томоохон хэвлэл, алдар суутай олон хүн санал сэтгэгдлээ үлдээсэн буй. Түүнийг олж хараарай. Нэпко хэвлэлийн газар Бен Хоровицийн 2015 онд Vintage books edition-д зориулан бичсэн өмнөтгөлийн хамт хэвлэжээ. Бен Хоровиц гэдэг маань амжилтад хүрсэн олон старт-апп, IT компанид хөрөнгө оруулан босгож ирсэн Andreessen Horowitz санг үүсгэн байгуулагчдын нэг юм. Бен Хоровиц Эндрю С.Грөүвийг шилдэг багш гээд, Өндөр бүтэмжийн менежмент менежерүүдэд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг нь өгнө гэжээ. Эндрю С.Грөүв аливааг ухаж боддог, хүн бүрийн сул талыг анзаарахын зэрэгцээ чадвар, потенциалд итгэдэг менежер байжээ. Тиймээс “Ихэнх менежер яагаад ч юм ажилтнуудыг нь өөр хүн сургаж дадлагажуулах ёстой мэтээр бодоод байдаг. Би бол эсрэгээрээ, менежер энэ ажлыг биечлэн хийх ёстой гэдэгт хатуу илтгэлтэй явдаг” гэж бичсэн буй заа.