Ёолк Монголд дэлгэрсэн түүх


Хуучин оны сүүлийн сарыг “ёолкдож” өнгөрөөдөг монгол уламжлал бий. Ёолк хэмээх энэ баяр цэнгэлийн дэг жаяг социализмын жилүүдэд хэлбэршин тогтжээ. Монголчууд 32 жилийн өмнө социализмаас татгалзсан ч ёолкыг нь аваад үлдсэн юм. Өнөөдөр бид байж болох бүх “хамт олон”-ы хүрээнд ёолк тэмдэглэдэг. Тавагтай хоол, хундагатай сархад нь хаа ч адилхан гэлээ зочид өөр учраас заавал тэмдэглэх ёстой гэж үзнэ. Аль ч ёолк азтан тодруулж, шилдгээ шагнадаг журамтай. Дэлхийд ховор ийм ёс Оросоос ирж нутагшаад өдгөө монгол уламжлал болжээ. Монголчуудын “ёолк” бол он солигдох мөч биш, тусдаа баяр юм.

Монголчууд ёолкыг оригинал Орос баяр гэж одоо ч итгэдэг. Үнэхээр ч тийм. Өнгөрсөн оноо дүгнэж, шинэ жилээ төлөвлөх нэрээр ууж, иддэг хөл хөсөөн Зөвлөлтөөс эхтэй. Гэхдээ Орос газар нутагшиж, коммунист агуулга ортлоо чамгүй хугацааг үджээ. Оросууд I Петрийн хааны санаачилгаар 1700 оноос Европын улсуудын адил 12 дугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-д шилжих мөчид шинэ жил тэмдэглэх болсон байна. Урьд тэд заншил ёсоороо есдүгээр сарын 1-нд “шинэ жил” тэмдэглэдэг байж. Большевикууд анхны ёолкоо 1919 онд хийжээ. 1919.01.01-нд хуягласан Rolls Royce-оор Сокольникод ёолкдохоор гарсан нөхөр В.И.Ленинийг Яков Кошельков гэгчийн бүлэг дээрэмдэж бичиг баримт, мөнгө, хуягласан машиныг нь ч аваад талийсан юм. Үүнээс сэжиглэсэн үү, ямартаа ч Зөвлөлт засаг ёолкыг “хуучин нийгэм”-ийн хог гэж үзэв. “Шашны мунхруулгатай тэмцэх” өргөн кампанит ажлын бай нь Есүс мэндэлсэн Зул сарын баяр болж, ёол хоморгонд нь өртжээ. Энэ кампаний үеэр тусгай жижүүр томилж гацуур засан Зул сар тэмдэглэж байгаа айлуудыг илрүүлэн арга хэмжээ авдаг болов. Зул сарын орой албан газрууд элдэв хурал цуглаан зохиох зэргээр бүх боломжоороо Зул сартай тэмцэж байлаа. Тэгэхээр зохиолч Д.Нацагдорж нөхдийн хамт большевикуудын адисласан Улаанбаатар хотод 1931 онд шинэ жил тэмдэглэсэн нь өршөөж болшгүй улс төрийн алдаа байсан юм.

Монголчууд 1924 онд үндсэн хуультай болж Григорийн тоололд шилжсэн учир 1925 оны нэгдүгээр сарын 01-нд шинэ тооллыг тэмдэглэжээ. Үүнийг ёолк гэж хараахан болохгүй. Тэр өдөр төрийн байгууллагын албан хаагчид, нам төрийн удирдлагууд Засгийн газрын өмнө цуглаж, жагсаалаар ирсэн цэргүүдэд Улс Бага Хурлын Тэргүүлэгч П.Гэндэн Улсын Их Хурлаас Ардын цэрэгт өргөмжилсөн тугийг барьж, үг хэлжээ. Бас нам төрийн удирдлагууд Засгийн газрын байранд бяцхан цайллага хийжээ. Харин хөдөөгийнхөн энэ явдлыг өөрийнхөөрөө ойлгожээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумынхан 1925 оны нэгдүгээр сарын 1-нд золгосон байна. Ёолкыг монгол заншлаар тэмдэглэх анхны оролдого гэвэл энэ. Үүнээс хойш Монголд ёолк тэмдэглэсэнгүй. Зөвлөлт улс коммунизм байгуулах таван жилийн төлөвлөгөө батласан 1935 оноос Москвагийн оригинал ёолкын түүх эхэлжээ. Ёолкыг улстөржүүлчихвэл басчиг хэрэгтэй баяр гэдгийг Сталин олж харсан юм билээ. Нийгэм журам байгуулахаар зориг шулуудсан Монгол Москваг дуурайж таарна. Эхэндээ монголчууд “Ногоон модны наадам” гэж байсан ч ярианы хэлэнд оросоор “ёолк” гэж хэвшив. Дэлхийн II дайны тарчиг жилүүдийг монголчууд ёолктой мантай өнгөрөөсөн юм. 

Дэлхийн II дайны сүүлийн жил АНУ, Их Британи, Зөвлөлт холбоотнууд фашизмыг ялах нь тодорхой болоход монголчууд дориун ёолкоджээ. “Үнэн” сонины 1945 оны анхны дугаарын тэргүүн нүүрэнд Дашдэндэвийн зохиосон “Сүлд модны наадамд цасны цагаан өвгөний хэлэх үг” нийтлэгджээ. Эндээс социализмын үеийн ёолкны онцлог харагдана:

...Хойд туйлд нутагтай 

Хол сэрүүн оронтой

Олны буурал аав нь

Онцолж энд ирэхдээ... гэдгээс монгол Өвлийн өвгөн бол Санта Клаусын социалист хувилгаан дүр гэдгийг ойлгоход учиргүй их ухаан хэрэггүй. Цаашаа:

... Өнгөрөгч оныхоос илүү

Өндөр амжилт олохын 

Өлзийтэй сайн ерөөлийг 

Өргөн дэвшүүлж барья... Эндээс Өвлийн өвгөн зүгээр ч нэг ирдэггүй, үдэх оноос үлдсэн төлөвлөгөөний өрийг сануулж, ирэх жил илүү ихийг нэхдэг уламжлал тодорно. Түүнчлэн:

... Барс мэт хүчтэй

Бараадаж явахад түшигтэй

Бах чадал төгс

Баатар зоригт баавгай

Цасан мөсөн гялтганасан 

Цан хүүрэг бүрхсэн

Цагаан тайгаар дэгдэгч

Чандган олон туулай

Уул талыг дамжиж

Уруу өөдөө сүлжигч

Ухаан арга төгс 

Уран зальт үнэг 


Хөхөө өвлийн хүйтэнд 

Хөр цасны хайрууд 

Хөндий талд бэлчигч 

Хөдөөгийн гөрөөс цөм

Хөрш нөхөдтэйгөө золгож 

Хөгжиж бүгдээр тоглоцгооно... гэжээ. Өвлийн өвгөнтэй энэ л амьтад ёолк болгоноор ирдэг сэн. Үүнээс хойш биеэрхүү майжиг хөвүүн баавгай, жижигхэн охин туулай, шар хүүхэд үнэг, бүжгийн авьяастай бол гөрөөс болох ёс тогтсон юмсанжээ. Хөгжлийн явц амьтдын бүжгийг дэглэж, хэлэх үгийнх толгой сүүлийг холбож шүлэглэсэн байна. 1945 оныг үдэх ёолк социалист дэглэлтийн эхийг тавьж, Анхдугаар таван жилийн төлөвлөгөө баталсан 1946 оноос монголчууд ёолкоор өнгөрсөн жилийн ажлаа дүгнэх улс төрийн арга хэмжээтэй золгосон юм.


Фашизмыг дарах дайнд хамгаа барьсан монголчууд 1945 онд ялагчийн ёсоор ёолк тэмдэглэсэн байдаг. Харин 1946 оноос Улсын цирк, Улсын хөгжимт драматиг театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг дээд сургууль ёолкоджээ. Х.Чойбалсан тэргүүтэй нам-засгийн тэргүүлэгчид бүх ёолкоор зочилсон байна. Оргил ёолкыг Улсын хөгжимт драматиг театр хийж Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд баярын үг хэлэн хундага өргөжээ. Мөн тус театраас бэлтгэсэн зоогийн ширээг хүмүүс худалдан авч үүрийн таван цаг хүртэл танцлан (бүжиглэн) цэнгэснийг “Үнэн” сонин гэрчилнэ. Тэр цагаас зарим айл гэртээ Ёолк засдаг болсныг С.Эрдэнийн 1961 онд бичсэн “Цаасаар хайчилсан цасан ширхэг” өгүүллэгээс уншиж болох юм.


Санта Клаусын хувилгаан дүрийг монголчууд “Цасны цагаан өвгөн”, “Цагаан өвгөн” гэхчлэн нэрлэж ирснээс “Өвлийн өвгөн аав” нь жавар халирам дотно сонстдог. Чухам тийм Өвлийн өвгөн аав бол МУАЖ Г.Гомбосүрэн. Гэхдээ Монголын анхны Өвлийн өвгөн хараахан биш. 1945 оны “Үнэн” сонины тэмдэглэлийг харвал Драмын театрын ёолконд жүжигчин Г.Дашпунцаг Өвлийн өвгөн болжээ. Г.Дашпунцагийг бид “Ардын элч” киноны Бадарчийн дүрээр нь мэднэ. Харин “Шинэ он”-д МУАЖ Б.Лоовой тоглосон аж. Өвлийн өвгөн, Шинэ он хоёр албан гаруудын дутагдлыг шүүмжилсэн шог үзүүлбэр тоглож эцэст нь Өвлийн өвгөн Шинэ онд ажлаа хүлээлгэн өгсөн байдал үзүүлсэн гэнэ. Тэр жил Улсын циркийн ёолконы Цасны өвгөнд алиалагч Данзан тоглосон юмсанжээ. Цагаан өвгөн мэнд мэндчихээд ширээн дээр гарч зогсон Хот сайжруулах хэлтсийнхэнд хотын хог шороог хараг гэж харааны шил, өвлийн бэлтгэлээ хангаагүй зарим байгууллагад түлээ, ажилчдаа бүртгэдэггүй Шүдэнзний үйлдвэрт цаг бэлэглэсэн аж. Ийн муу ёроос хамгаалагч Цамын Цагаан өвгөний дүртэй ч коммунизм байгуулах социалист уралдааныг дүгнэдэг хоржоонтой шүүгч төржээ. 


Өвлийн өвгөн эхэндээ албан газруудаар явдаг байснаа сургууль, цэцэрлэгээр ч зочлох болов. Зүгээр ороод гарахгүй онц сурлагатан, авьяслаг хүүхдүүдэд сорчилж бэлэг өгөөд, заримыг нь алиалагчаараа дурандуулан ичээж амьтны үрсийг алагчаалдаг ёс тогтоосон юмсан. Бүр байчихаад 1958 оноос шилэгдмэл хүүхэд л босгыг нь давах эрхтэй Харшийн сүлд модны наадам хийх болжээ. Мөнөөхөн ёслолын хүндэт зочид нь Ю.Цэдэнбал, түүний гэргий Анастасия Цэдэнбал-Филатова хоёр. 

Борлуулалтыг нь огт хайхралгүй үйлдвэрлээд л байдаг социализмд төлөвлөгөө хамгийн чухал. Төлөвлөгөөгөө биелүүлчихвэл тэр жилийн ажил дууссан гэж үзээд халуун зунаар ч ёолкдож болно. Ийм ёолкыг тайлбарласан “Шинэ жил” кино 1954 онд дэлгэцэнд гарсан буй. Хөгшин эхтэй гавшгайч хархүү анхны цаснаар “ёолк хийнэ” гэж ээжийгээ сандаргадаг түүх. Төлөвлөгөөгөө биелүүлчихвэл хэзээ ч ёолкдож болдог энэ уламжлал социализмаас өвлөгдөж, өнөөдөр ч эрчээ алдаагүй яваа. Тиймээс монголчууд арванхоёрдугаар сарын турш ёолкоддог юм. 


Хоёр мянга таван зуун жилийн настай буддизмыг нүүдэлчин ахуйдаа зохируулсан шигээ ёолкыг монголчлоод авав. Өвлийн өвгөн аав Аюуш бурхны шидээр мөнхийн хутаг олсон урт нас, аз жаргал, энх амгалангийн бэлгэдэл Цагаан өвгөнтэй тунчиг төстэй. Оросоор “ёлка” гэх чимэглэсэн гацуурыг “Сүлд мод” гэж өргөмжилчихөв. “Сүлд” бол монгол хүнд өөдлөн дэгжихийн бэлгэдэл. Сүлдээ тахих ёстой, шүтэх учиртай. Удган модноос хол ялгаагүй. Шинэ жилийн сүлд модоо 12 жилийн дүрсээр чимнэ. Амьтдын дүрсээр зогсохгүй 12 жилийн магтуу дуугаараа түрлэг өргөнө. Айлын “Сүлд мод”-д мөнгө тавих заншил овоо, удган модонд хадаг яндар зүүхээс нэг их ялгаагүй. Хаашдаа хүүхдэд очих нь тодорхой ч модон дээр мөнгө тавьж байж монгол хүний санаа амарна. 


Дурсамж бүхнээс ёолк л гоё гэж хэлэх монгол хүн захаас аван таарна. Социализмын үеийн дурсамж өнгө, үнэр нь адилхан. Дал наяад оны тарчиг цагт ёолкны дурсамж өдгөө давамгайлж явна. Хүүхэд бүхэнд олддоггүй Өвлийн өвгөний бэлгэнд хөлдүү яавлаг, мандарин нэжгээд, хэдэн чихэр, ганц печенье байдагсан. Социализмын материал техникийн бааз байгуулахаар зүтгэж яваа хөдөлмөрчдийн ширээнд бууз хамгийн хүндтэй зоог. Бас хоёр гурван лонх ундаа. Гол нь "Нийслэл" салат. Орц нь төмс, лууван, сонгино, өндөг, ногоон вандуй эсвэл дарсан огурцы тэгээд майонез. Зөвлөлтөөс ирдэг ганц сарын баталгаат хугацаатай, 200 граммаар савласан майонез нүдний гэм. Өндөг, ургамлын тосоор зуурч болох ч аль алийг нь олох гэж зүдэрснээс коммунизм байгуулах нь хавьгүй амар байлаа. Ёолкны ширээн дээрх “Хотол бялуу” амьдралд хөлөө олсныг нь гэрчилнэ. “Би чамд хайртай” кино, бас сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн зассан ёолкны ширээний зураг энэ бүхнийг гэрчлэн үлджээ. Өнөөгийн монголчуудын ёолкны ширээ социализмын үеийнхтэй зүйрлэх аргагүй элбэг тансаг. Харин бүтэн сар ёолкоддог заншил нь хэвээрээ.