Бусад орны 200 илүү жилийн түүхийг 25-хан
жилийн дотор товчилно гэдэг Холливудын кино
найруулагч ч  атаархтмаар монтаж юм.

                                Ч.Сайханбилэг




Ардчилал 25 тай болж эрийн цээнд хүрч  “өрх” толгойлж эхэлжээ. Дөнгөж зургаан настай байхдаа өрх толгойлох гэж оролдоод дөрвөн жилд,  дөрвөн удаа салж сарниад дараа нь өрх толгойлох эрх ард түмнээс аваагүй билээ.

Түүхэн насаараа хорин тавтай  ч хувь хүмүүсийн ихэнх  нь зуугийн талыг насалжээ. Тэхээр амьддаа “улс шиг улс болж, хүн шиг амьдрахыг” үзэх юмсан гэж хүсэх нь гарцаагүй.

Хотын дарга Э.Батүүл ; Сайхан гудамжтай болж болдог юм байна. Сайхан байшинтай ч болж байна. Сайхан хүнтэй болох л гол асуудал юм байна… Ногоон уут хийгээд байгаад хүмүүс эгдүүцээд байх юм. Хогоо уутанд хийдэг дадалтай л болгох гээд байгаа юм шүү дээ …гэж ярьж сууна.

Хүний амьдралын дундаж нас 75 гэж үзвэл, эхний 25 жилд сурч боловсроод, дараагийн 25 жилд тэр боловсролоороо хийж бүтээж, гэр орноо өөд татаад, үлдсэн 25 жилд дараа төрөлдөө бэлтгэж буян базааж, үр хүүхдээ бодож, налайж суудаг ийм л он цагийн дараалалтай байдаг.

Улс орон ч мөн адил ажээ. Бид 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа тунхаглаж  Оростой нийлж социализм байгуулах зам нь шулуудаж, эхний 25 жилд багшаараа заалгаж сураад дараагийн 25 жилд  хийж бүтээгээд далаад оны сүүлчээс уруудаж ерэн онд Ардчилалд байраа тавьж өгсөн. Нийтлэлч Баабар саяхан тоон үзүүлэлтээр бид хэрхэн өөрчлөгдсөнийг бичсэн болохоор давтаад яахав. Бид овоо юм сурсаан. Овоо ч өөрчлөгдсөн. Гэвч мэдээж дутуу дулим юм олон.

Ардчилсан намын нэгэн үеийн дарга байсан М.Энхсайхан “Үндсэн хуулийн шинэчлэлтийн  асуудал” илтгэлдээ;
“Бид төвөөс зугтаах хүчээр яаран үндсэн хуулиа  гадны зөвлөмжөөр хийсэн. Өнөөдөр эргээд хархад өөрсдөө цоож суулгажээ. Олон намууд өөрсдөө цоож болж байна гээд …манай монголд байгаа улстөрийн намууд бол төрийн алба горилогчдын баг,  зохион байгуулалт. Төрийн алба “Office seeker’s Party” гэж англи дээрээ байдаг юм. Ийм зохион байгуулалтанд байгаа намтай байхад өнөөдөр манайд сонирхлыг төлөөлнө гэдэг хэцүү болж байгаа юм…”хэмээн дурджээ.

Энэ нь саяхан байгуулагдсан засгийн газрын бүтцээр бүр ч баталгаажлаа. Эхэндээ төр данхайж байна, ухаалаг жижиг төр хэрэгтэй гэж бүгд ярьж байсан улс яг суудал хуваах дээр бүр ч яамдаа олшруулж төрийн алба горилогчдын баг гэдгээ нотлов.

Сөрөг хүчингүй боллоо гэж их олон хүн халаглаж байна. Горьлогчдын бүлгээс ангид болохоороо бие даагчид сөрөг хүчин болох гэнэ. Сөрөг хүчин гэдэг үг мөнөөх л дайсан эрдэг зангаас гарч ирсэн үг байж мэднэ. Олон ургальч үзэл гэдэг утга яв явсаар сөрж хэрэлдэх гэсэн шилжсэн утгатай болоод сүүлдээ “улс төржих” хэмээх хараалын дээд, шантажын утга болтлоо өөрчлөгдсөн хэрэг. Сөрөөд байгаа хүн содон харагддаг болоод сөрж л байвал ардчилал гэж ойлгох болжээ. Үүний нэг жишээ нь “Босоо” хочит бие даагч гишүүн Сайнхүүгийн Ганбаатар бөлгөө. Ер нь бид улс төрийг харахдаа эгээтэй л бөх шиг харж дасчээ. Оюун ухааны тэмцэлд ялснаасаа ялагдсан нь хождог ёс ч байдаг. С.Ганбаатар С.Баярцогт хоёрын “тэмцэл” бол жинхэнээрээ “Сумогийн башё” шиг юм болж билээ. Ялж яваа тал нь нэг жоохон хөөрөөд  олон хувьсагч яриад би ганцаараа ухаантай гэж зарлахад үзэгчид бас ялагдагчийн эгнээнд буюу тэнэгүүдийн багт багтаж илт ялагдсан “сөрөг хүчин” баатар болж дууссан. Аавдаа алгадуулсан ээжийгээ хүүхдүүд нь өмөөрдөг шиг л юм болсон доо.

Өчигдөрхөн бариулж идүүлэх шахаж байсан Н.Алтанхуягийг өнөөдөр бараг мартаж эхэлж байна. Монгол бахархалын өдрөөр гэмтээд Монгол эмнэлгээ голж  Солонгос явлаа л гэсэн…горьлогчдийн бүлэгийг толгойлохоо байсан болохоор ард олонд сонин биш болж байгаа хэрэг.

Дээшлээд ч доошлоод ч мартагддаггүй Н.Энхбаяртай хамт “хэрэгт” орсон гэх До. Чулуунбаатар гэгч гайгүй сэтгүүлчийг өнөөдөр сонирхож байгаа нэг ч хүн алга, шорондоо байгаа юу гарсан уу бүү мэд…Яагаад гэвэл тэрнээс ямар хүртэх олз байх биш гэж бодоод мартсан…

 Өмнө нь бол энхрий хайрт нам засаггүй бол дээшээ явах арга байхгүй байсан бол өнөө цагт төрийн алба горьлогчдийн баг дагахгүй бол олз олохгүй болжээ. Олз л хайж нийтээрээ ингэтлээ улс төр сонирхох болсон хэрэг шүү дээ.

Хорин таван жилийн тэртээ МАСМН, МҮАН, МСДН, МоАН, МШАН нэгдэж АРДЧИЛСАН НАМ- болж байхад тэд харин ч  төрийн алба горьлогчдын баг байгаагүй билээ.

Өнгөрсөн гэдэг өнгөрсөн л учраас сургамж аваад цааш хөдлөх хэрэгтэй. Ер нь алсдаа манайх шиг талцдаг газар  хамтарсан засаг л байгуулагдах нигууртай болжээ. Хамтарсан дээрээ хийх ажлын эхний шат нь Үндсэн хуулиа одоо цагийн өндөрлөгөөс нэг эргэж харах болсон санагдана. Энэ сэдвээр улс төрч  бүр боддог ч бүр дордуулчих вий гэж бүгд айдаг.

Ёстой “Өглөө” кинон дээр л хачиг Луузан “ Тэр үед Ардын нам ч гэж юу байлаа авдаг мөнгө нь ч хаа байлаа “ гэхэд  сэлэм Тогмид буудах гэж сагсуураад сахилгад суудаг шиг юм  болчилгүй “Эвтэй байхдаа хүчтэй” төдийгүй “өрх толгойлсон эмэгтэй “ шиг төр засгаа алгаддаг ч, аргаддаг, аваад явчихдаг  эцэгтэй,  элэг бүтэн айл шиг айл болгох зам л үлдэж байна. Айл шиг айл байж л хүн шиг амьдрана,улс шиг улс болно.
Ийм замын дүрэм бол шинэ үндсэн хууль байж мэднэ.Тэгээд энэ тухай  саяхан эрдэм шинжилгээний хурал хийх үедээ М.Энхсайхны хэлсэн хоёр санааг дурдаж нийтлэлээ өндөрлөе.
 
-Асуудлын гол нь олон намууд бид нар өөрсдөө цоож болчихсон.Үндсэн Хуулийн асуудлаар өнөөдөр намууд бид нар Их Хуралд сууж байгаа намууд бүгдээрээ л нэгдмэл ойлголттой байхгүй бол бид нарын өнөөдөр өөрийнхөө Үндсэн Хуулийн цоожийг онгойлгож дийлэхээ байсан. Хамгийн том түлхүүр нь Ардчилсан нам, дараачийн түлхүүр нь Ардын нам байж магадгүй, тэгээд бусад намууд нь байх.

-Ерөнхийлөгчийн засаглал уу? Парламентийн засаглал уу?  гэдэг яриа  их утга муутай яриа гэж боддог. Харин Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл өгөх вэ? Хаана байрлуулах вэ гэдэг л юм. Бид Ерөнхийлөгчийг “Төрийг сулруулах билэг тэмдэг болгосон”. Харин “Төрийг бэхжүүлэх институци” болгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийг гүйцэтгэх засаглалд хамруулах хэрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас Ерөнхийлөгчөө Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн хамтарсан хуралдаанаас сонгох нь зөв.  Энэ нь Хүчтэй Ерөнхийлөгч бий болгох мэт харагдавч үнэн хэрэгтээ парламентийн засаглалыг бэхжүүлж байгаа хэрэг юм…гэжээ.

Бусад орны 200 илүү жилийн түүхийг 25-хан жилийн дотор товчилно гэдэг Холливудын кино найруулагч ч атаархтмаар монтаж юм гэж шинэ ерөнхий сайд хэлсэн байна. Харин монтажлахдаа хэт яараад хэт хасчихсан байх өндөр магдлалтай билээ. Монтаж гэдэг угтаа бол хасч товчилж утга алдахгүй эвлүүлэхийг л хэлдэг билээ л.

Монголчууд бид өөрсдөө асран бойжуулж хорин таван нас хүргэсэн бие биедээ Ардчилалын баярын мэнд хүргээд, цаашдаа бүгдээрэй хорин таван нас хүрсэн хэрсүү залуу шиг бодож. Улсаа улс шиг болгоод  хүн шиг амьдарцгаая!