Ц.Нямдорж: “Ард түмэн” гэдэг ганц л Ерөнхийлөгчтэй хүн дээ би
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржтой ярилцлаа.
Би ер бусын хүнд тэмцэлд орсон
-Ц.Нямдорж гэдэг хүний улс төрийн амьдралыг “гал”-гүйгээр төсөөлөх боломжгүй мэт санагдах болжээ. Өнгөрсөн дөрвөн жил нам дотроо, өөрөөр хэлбэл өөрийнхөнтэйгөө хийсэн ширүүн тэмцэлтэй жилүүдийг өнгөрөөх шиг боллоо. Одоо эргээд харахад та юугаа алдаж, юу олсон юм шиг байна вэ?
-Би улс төрийн хүнд, хатуу тэмцэл дунд л явж ирсэн хүн. Тэр даваа гүвээ, огтлолцол болгон дээр өөрийн чинь ярилцлагад орж байсан. Миний улс төрийн амьдрал тэр чигээрээ тэмцлээр дүүрэн байсан ч өнгөрсөн дөрвөн жил ер бусын хүнд тэмцлийн жилүүд болж өнгөрлөө. Магадгүй дахиж хэн нэг хүн яг ийм тэмцлийн замаар явж чадахгүй байх. Би бол цаг хугацааны хумилтад орж байгаа л хүн шүү дээ, тухайлбал насны хувьд. Үүнийгээ бол ойлгохын дээдээр ойлгож байна. 2016 онд манай нам 65 суудал авсан боловч яг гараан дээрээ л алдсан. Намын дарга нь Ерөнхий сайд болохоос татгалзаж, их улс төрд дөнгөж хөл тавьсан хүн Ерөнхий сайд болсон.
Тэгэнгүүт би анхны чуулган дээр “Дээр чинь ард түмэн, дэргэд чинь сөрөг хүчин байгааг битгий мартаарай” гэдэг үг хэлсэн. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийг хулгайлсан асуудал бол надад ойлгомжтой л харагдаж байсан л даа. Систем нь. Сонгуульд ялбал “Эрдэнэт”-ийг буцааж авна гэдэг зургаан сарын 27-ны өдрийн мэдэгдлийг би өөрөө бичиж өгсөн юм. Яг энэ мөчид Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил, Сундуйн Батболд, Намын нарийн бичгийн дарга нар хамт байсан. Гэнэт Ч.Сайханбилэг мэдэгдэл хийгээд яах вэ, ийх вэ гэдэг асуудал яригдсаны дараа шүү дээ. Тэгээд Сундуйн Батболд гарч мэдэгдэл хийсэн нь тэр. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдоход “Эрдэнэтийнхээ асуудлыг хурдан шийдээрэй” гэж сануулж хэлсэн, гэвч хөдөлдөггүй. Ингээд л “Эрдэнэт”-ийн асуудлыг өөр дээрээ татаж судалж эхэлсэн ажил л даа, наадах чинь. Надад бол хоёр л зам байсан. Нэг бол энэ нам, төрд бий болсон хулгай, луйвар, яргаллыг таслан зогсоох. Нөгөө нь дэд даргынхаа суудалд амар жимэр суугаад дөрвөн жилийг өнгөрөөх хоёр сонголттой тулсан. Ерөнхий нөхцөл их хүнд. Живж байгаа хөлөг шиг. Хөлгөө хаяад зугтаж байгаа капитан маягийн юм болчих гээд байдаг. Тэгээд л энэ хатуу юм руу явж орчихсон л доо. “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн аминд халдсан хэрэг, нам доторх нөхцөл байдал гээд л... Яалт ч үгүй “Эрдэнэт”-ийн асуудлыг хөндөхөөр л цаад талд нь манайхан холбогдоод болж өгдөггүй. Харсаар байж эх орноо ийм байдалтай орхиод явалтай биш гэж бодоод л ийм юм руу орчихсон. Яг хэрэг дээрээ бол эрх мэдэл, мөнгө, хөрөнгө, хэвлэл мэдээллийн сүлжээг атгасан долоо, найман том даргын эсрэг хөдлөх юм болж хувирсан л даа.
-Хүний, өөрийн?
-Тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий прокурор,Ерөнхий шүүгч, АТГ-ын удирдлага, тагнуул, цагдаагийн дарга гээд. Албан тушаал талаас нь үзвэл энэ. Нөгөө талаас нь ер бусын их мөнгөтэй хүчтэй дайтах нь тодорхой болсон. Энэ Худалдаа хөгжлийн банк гэдэг чинь цул мөнгө шүү дээ. Энэ мөнгөний эсрэг явах болсон. Гуравдугаарт, энэ мөнгөөр тэтгүүлдэг хэвлэлийн сүлжээ. Бүх юм дэндүү ойлгомжтой харагдаж байсан. Ийм гурван том юмны эсрэг явах нөхцөл байдлын дунд хувийн шийдвэрээ гаргаад “сүүлчийн цамцаа урагдтал үзнэ дээ” гэдэг үгээ хэлээд явсан нь тэр л дээ. Ийм хэмжээний бүрэлдэхүүн, мөнгө, сүлжээтэй тэмцэнэ гэдэг бол тун хэцүү. Эхний шатанд яаж ийгээд ганцаараа эхлээд үзье гэж бодсон. Залуу гишүүдийг хамаагүй татаад оруулчих юм бол эд нарыг замд нь “нялчих” болов уу гэж бодоод 2017 он хүртэл ганцаараа явсан. Тэгээд “Эрдэнэт”-ийн шалгалтын ажлын хэсгийг ахалж дуусаад, шалгалтын дүнгээ намын бүлгийн хурал дээр танилцуулахад л зул задарсан даа. Тэр бүлгийн хуралд орохын өмнө миний хийсэн шалгалтын дүн, дөрвөн заалттай тогтоолд зөвхөн “хэлэлцээр хий” гэсэн ганц заалтыг үлдээгээд бусдыг нь хасч, нэг заалттай юм болгож хувиргах шахсан.Ерөнхий сайд, Их хурлын дарга, бүлгийн дарга нар ийм оролдлого хийсэн. Ингээд бүлгийн хурал дээр бөөн маргаан болж ажлын хэсгийн саналыг дэмжсэн. Ингэж ганцаар явсан тэмцэл олуул болж түрсэн. Би өөрийгөө магтах гээд байгаа юм биш. Ийм юмны эсрэг явах түүх хүний амьдралд олон тааралдахгүй зүйл биз. Тэгээд дээрээс нь давхар намын асуудал гарч ирсэн. Намд бол хоёр л зам байсан. Энэ 49 хувийг ил далдуур дэмждэг, хамгаалж хаацайлдаг нөхдүүдийг намын удирдлагад үлдээх. Үгүй бол эдгээр төлөөллүүдээс намыг холдуулж, энэ намд гэрэл гэгээ оруулж, итгэл найдвар бий болгох ийм л хоёр зам байсан. Хоёр дахь замыг нь бид сонгосон учраас дараа дараагийн тэр алхмууд хийгдсэн. Надад бол яг хүн ёсныхоо хувьдер бусын хүнд байсан. Эд нар чинь бүгд л надтай хамт явж байсан хүмүүс шүү дээ.
-Намын тархин дээр сандайлсан, намаасаа том фракц үүсчихээд байна гэж та үе үе мэдэгддэг байсан. Бараг 15 жилийн турш хажуунаас нь хамгийн таагүй нүдээр харж байсан хүн бол та. Тэгэхээр энэ болж бүтэхгүй юмны эхлэл чинь нэлээд ужиг явсан зүйл биз дээ?
-Олон жил явсан. Би 1997 оноос хойш байсхийгээд намынхаа хэн нэгэнтэй муудалцаад байсан. Ийм л юм хийх гээд байсан тул эсэргүүцэж байсан нь тэр. Эргээд харахад миний яваад байгаа улс төрийн зам дандаа энэ бүлэглэлүүдтэй тэмцсэн зам мөр болж хувирсан байх юм. Надад өөрт шүү дээ. 1997, 1998 оны үед ч “Эрдэнэт”-ийн асуудал бас нэг будлиад, ажлын хэсгийг би ахалж байсан. Тэр маань тухайн үеийн Ерөнхийлөгчийг тойрсон бүлэглэлтэй очиж тулаад л, өөрөө би Хятадын тагнуул болж дууссан. Дараа нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр эрх мэдэлтэй байхдаа МАН, АН хоёрыг нэгтгэх гэж оролдсон байх аа. Яагаав нөгөө 62-ын бүдүүн бүлэг гэж гарч ирэхэд.
-Бүлгийн дэд дарга нь Р.Гончигдорж болдог ?
-Тийм. Тэгэхэд би юу хийчихсэн юм гэхээр намын харьяаллаа солихгүй, парламентад үнэнч байна гэсэн хоёр заалтыг МАН, АН хоёрын гэрээнд Н.Энхбаяраас нууж байгаад хийчихсэн юм. Яг гол юмыг нь би тэгж устгасан. Н.Энхбаяр тэр орой над руу нэлээн ууртай ярихаар нь “Болдог юм болдгоороо болсон” гэж хэлээд утсаа тавьж байсан түүхтэй. Тэр 62-ын бүлэг байгуулагддаг чинь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил нь байсан шүү дээ. Хоёр нам нийлүүлж байгаад дундаас нь Н.Энхбаяр гарч ирж мөнхийн ноёрхол тогтоох тийм л оролдлого байсан. Их тэнгэрт энэ тухай асуудал ярихад би байж л байсан шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг үгийг товчлолд суурилаад Монголын Ардчилсан Хөдөлмөрийн Нам гэж нэрлэх асуудал хүртэл яригдаж байсан үе. Сүүлд нь 2008 онд С.Баярын хамтарсан засаг гарч ирээд дахиад хоорондоо холилдоод эхэлсэн. Тэр холилдож эхлэх үед чинь Н.Энхбаяр ерөнхийдөө том ноёрхлоо тогтоох гэж санаархсаар байсан үе шүү дээ. Тэгээд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагах гэхээр нь би эсэргүүцсэн. УИХ-ын дарга хүн тэрийг эсэргүүцэхээр чинь хэцүү шүү дээ. Ингээд Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулж, манай намд “Элсний 13” гарч ирж замдаа тээглэсэн Ц.Нямдоржийг зайлуулж байлаа.
-Танай намынхнаар өөрсдөөр нь тэр Цэцэд өгөх мэхийг хийлгэж байсан биз дээ?
-Тэгсэн. Намайг Цэцэд өгсөн хоёр хүн дараа нь албан тушаал авч шагнагдсан. Тэрний дараа 2014 онд Н.Алтанхуягийг унагах үед би ганцаараа намын Бага хурал дээр эсэргүүцсэн, дийлээгүй. Нэг л муу юм хийх гэж байгаа нь мэдрэгдээд байсан юм л даа. Тэгээд Н.Алтанхуягийг унагаж, дахиад АН манайх хоёр нийлж Засаг байгуулж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Дараа нь Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын баталгаа гаргаж өгсөн. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож ХХБ-нд энэ 500 сая долларын баталгаа гаргасан чинь л Эрдэнэтийг хулгайлах бэлтгэл байсан юм билээ.
Энэ сонгууль бол нарийндаа Ц.Элбэгдоржийн байгуулсан
МАНАН бүлэглэлийг эцэслэн ховхолж чадах эсэхийн сонгууль болно
-Тантай өнгөрсөн дөрвөн жил хамт тэмцсэн залуусын заримтай уулзлаа. Олон жил нам дамжиж хэрсэн бүлэглэлийн асуудлыг бүгд л ярих юм. Тэр давхаргаа ер нь хэлтэлж чадсан уу?
-Толгойн хэсгийг нь сольж чадсан. Би түрүүн 7-8 том албан тушаалтны эсрэг явлаа гэж хэлсэн. Бүгд солигдсон. Одоо их бие, гар хөл нь үлдчихээд төвөгтэй байна шүү дээ. Энэ сонгууль бол нарийндаа Ц.Элбэгдоржийн байгуулсан МАНАН бүлэглэлийг эцэслэн ховхолж чадах эсэхийн сонгууль байх болно.
2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод энэ бүх юмныхаа бэлтгэлийг хангах гэж Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих гэж оролдож эхлэхэд нь би эсэргүүцэж дугарсан. “Шүүх, прокурорыг улс төрийн байгууллага болгох гэж байна шүү” гэж. Тэгээд тэр хүмүүсийг өргөдлийг нь өгүүлэх гэж шахахаар нь өгүүлэхгүй жил барьсан юм. Огт өргөдөл өгч болохгүй гээд. Тэгээд сүүлд нь манайхан цагаан тугаа өргөж буусан. Дараа нь бүх юм явсан. Б.Хурцыг Англид хоригдож байхад нь оргуулж авч ирээд л АТГ-ын дэд даргаар тавиад л бужигнуулсан. Б.Хурц балмад хүн л дээ. Боловсролгүй. Хууль мэддэггүй. Мөнгөнөөс өөр юм боддоггүй л хүн шүү дээ. Тэгээд л тэр ангуучилдаг ажил чинь эхэлсэн дээ. Ер нь сүлжээ мэндэлсэн үе бол АТГ-ын даргаар Н.Ганболдыг тавихад мэдрэгдсэн. Яалтч үгүй М.Энхболдын хүн шүү дээ. Явсан газар болгондоо дагуулж явдаг. Тэр үед Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүд мөрийтэй тоглоомын ширээн дээр Монголын хувь заяаг шийддэг болсон. Ц.Элбэгдорж мөрийтэй тоглодгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Т.Бадамжунай гэдэг хүн Ц.Элбэгдоржоос салахаа болиод, арын өрөөнд нь хоолзөөлгүүлж иддэг нөхцөл байдал бий болсон. Тоглолоо гээд л сайрхацгаагаад гүйлдэж байсан. Тэр арга хэмжээний хүрээнд л Н.Ганболд АТГ-ын дарга болсон. Араас нь Б.Хурцыг зоож өгсөн. Ингээд баривчилгаа, хэлмэгдүүлэлт, МАНАН бүлэглэлийн ажиллагаа дээд цэгтээ хүрч гал нь улалзан асч эхэлсэн.
-МАНАН гээд л та нар ярих юм. Бүгд л дунд нь байсан шүү дээ.
-Би дунд нь ёстой байгаагүй шүү. Наад МАНАН-гийн чинь анхны зохион байгуулалт нь “Алтангадас”. Д.Дорлигжав намын даргаасаа уначихаад “Алтангадас” гэж юм байгуулсан биз дээ. Тэр “Алтангадас”-таа манайхнаас хүн оруулах гэж үзсэн. Манайхаас хоёр хүн орсон. Намайг ч Н.Энхбаяр ор гэсэн юм. “Наадах чинь миний хийдэг ажил биш. Зүгээр байгаарай” гэж хэлчихээд гарсан. Би бүлэглэлд таарах натуртай хүн биш. Миний ааш аяг, үзэл санаа, бүх юм хэзээ ч нийцэхгүй гэдгийг бүх хүн мэднэ. Хийсэн тэмцэл маань дандаа бүлэглэлийн эсрэг байсан.
-Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар танай нэр дэвшигч ялагдал хүлээсэн.
-Тэгсэн.
-Та жишээ нь, Н.Багабанди гуайд хэзээ ч тийм талархалтай хандаж байгаагүй. Лидерийн хувьд та хоёр үргэлж өөр зүгт харцгааж байсан. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар Н.Багабанди гуайтай цуг хүртэл явж намын даргаа дэмжсэн л дээ. Тэр үед танд ер нь ямархуу мэдрэмжүүд төрж байсан бол. Намын дарга тань Ерөнхий сайд бололгүй Ерөнхийлөгчид нэр дэвшсэн явж байдаг?
-М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг мэдээг би 2015 онд авсан. АН-ынхантай ярьж сууж байгаад УИХ-ын сонгуульд нам ялах юм бол би Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшинэ гэдэг үгийг 2015 онд хэлсэн байдаг.
-Өөрөө юу?
-Өөрөө. АН-ынханд хэлж байна шүү дээ. АН-ынхан тэрийг нь тэр дор нь задалсан. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилно гэдэг чинь дараа нь түүнийг намын дарга болгоно гэсэн үг. Ингээд өөрөө Ерөнхийлөгч болж, Ж.Эрдэнэбатаараа дамжуулж намыг, засгийг ганцаараа удирдах гэсэн холын тооцоо М.Энхболдод байсан. Тэрийг бол би мэдэрч л байсан.
-Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг Ерөнхий сайдын түвшинд хэзээ ч таамаглан харж байгаагүй гэж танай намынхан хэлдэг. Та бас адилхан уу?
-Ёстой санаанд байгаагүй.
-Тооцоолоогүй дүр гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлж байсан?
-Ингэж л хэмжээлшгүй эрх дархаар тулгаж эхлэхэд нь би “Дээр чинь ард түмэн, дэргэд чинь сөрөг хүчин байна” гэж хэлсэн ш дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 2017 онд нам дээр нэр дэвшээд би унах нь ойлгомжтой байсан юм чинь. Би тэрийг гадарлалгүй дээ.
-Манай намын цагаан байшин намайг гаргахгүй л дээ гэж та хэлж байсан?
-Ер нь юу болсон юм гэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвших үү гэж манай Ерөнхий нарийн бичгийн дарга над дээр орж ирсэн юм. “Нам намайг нэр дэвшүүлэхгүй. Би мэдэхийн дээдээр мэдэж байна. Гэхдээ би нэг юм хэлье. М.Энхболд нэр дэвшинэ. М.Энхболд гарахгүй. Харин ийм үр дүн гарах юм бол дараа нь намын дарга, Засгийн газрыг солих асуудал гарцаагүй яригдана шүү. Энийгээ та нар тооцож байгаа биз дээ” гэж хэлж байсан.
-Гэхдээ таны рейтинг өндөр байсан шүү дээ?
-Минийх өндөр байсан байсан.
-Ерөнхийлөгчийн сонгуулиас бараг жилийн өмнө энэ сэдвээр би тантай ярилцаж байхад миний рейтинг өндөр байгаа. Гэхдээ цагаан байшин намайг гаргахгүй гэж та хэлж байсан. Та улс төрийн бүхий л амьдралынхаа туршид тэргүүн эгнээнийлидерийн нэг явсан. Яагаад Ерөнхийлөгчийн төвшинд таныг өрсөлдүүлэхгүй гэдэгт тийм итгэлтэй байдаг юм бэ. Энэ нь бүлэглэлүүдтэй холбоотой юм уу, эсвэл яс үндэстэй тань холбоотой юм уу?
-Аль алинтай нь холбоотой. Хулгайч, луйварчид, дээрэмчид надаас айдаг, би тэдэнд яснаасаа дургүй. Ямар ч намын дарга хүн өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихээ л бодно шүү дээ. Улс төр гэдэг чинь эцсийн дүндээ ухаан, тооцоо хоёрын уралдаан байдаг. Ухаан, тооцоо хоёр дээр алдвал хэн ч дуусдаг. Би ухаан, тооцоо хоёр дээр харин алдаж байгаагүй юм шүү. С.Баяр намайг “Чонон мэдрэмжтэй” гэж хэлдэг юм гэсэн. Бараг үнэн байж магадгүй (инээв). 2015 оны долдугаар сард ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч гээд өөрийгөө тооцчихсон хоёр хүн байна. Нэг нь Х.Баттулга, нөгөө нь С.Ганбаатар” гэж хэлж байсан хүн ш дээ, би. 2015 онд шүү. Эргээд бод доо. Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр жилийн өмнө байгаа биз. Тэгээд Х.Баттулга нь дэвшээд гараа биз дээ.
-Гэхдээ бас тооцоолшгүй юм байдаг л даа...?
-Тооцоолшгүй юм угаасаа улс төрд байдаггүй. Харин тооцоолж чадаагүй дарга нар олон байдаг. Х.Баттулга нэг жишээ нь.
-Х.Баттулгыг хэн тооцож байсан юм бэ?
-Би 2015 онд ярьж хэлж байснаа дээр хэлсэн. 2016 оны арванхоёрдугаар сард америкууд ирж Монголд судалгаа хийсэн. Тэр судалгаагаар бол миний рейтинг 45 хүрчихсэн үе байсан юм. Р.Амаржаргалынх надтай ойролцоо байсан. Тэгэхэд С.Ганбаатар, Х.Баттулга хоёрын рейтинг 37 байсан шүү. Америкуудын судалгаагаар. УИХ-ын гишүүнд хоёулаа нэр дэвшээд уначихсан байж байхдаа 37 хувьтай гарч ирэхээр нь би алмайрч байсан. Тэгээд би 2017 оны сонгуулийн өмнө тэр судалгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өгсөн. Ийм хачин юм байна гэж. За, тэр Увсын хүн энэ тэр гэсэн юм байнга явдаг. Ю.Цэдэнбал дарга олон жил төр барьсан гэдэг хор байнга тарааж байдаг шүү дээ. Тийм юм ярьж болно. Бодож болно. Хүний бодлыг хүн хязгаарлах биш. Гэхдээ энэ улсад хортой байна уу, хоргүй байна уу гэдэгт л асуудал байгаа шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар танай намынхан үнэмлэхүй ялалтынхаа ард жаахан тоомсоргүй хандчихсан уу. Энэ зүгийн гомдол өөрт нь ч байдаг байж магадгүй?
-Аархал нэвтрүүлэг, мэтгэлцээний бэлтгэл задарсан явдал энэ сонгуулийг ямар ч шансгүй болгосон. Эд нар нэр дэвшиж уначихаад буруугаа дандаа л бусад руу чихдэг биз дээ. Өөрөөсөө буруугаа хайдаггүй. Н.Энхбаяр ч тэгж л байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд нэр дэвшсэний дараа би баруун таван аймгаар Н.Багабандитай явсан шүү дээ. Түрүүн өөрөө асууж байна билээ. Ёстой урамтай явсан шүү. Дөрөвт нь ялсан шүү дээ. Завханаас бусдад нь.
-Н.Багабанди гуай та хоёр үнэхээр чин сэтгэлээсээ ажилласан уу?
-Н.Багабандийг төрөөс явсны дараа би түүний талаархи муу бодлоо хаячихсан. Төрд хоргүй болсон учраас. Хортой байсан үе бий шүү дээ. Хортой байх үед нь би Н.Багабандитай таардаггүй байсан. Яг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бол үнэхээр чин сэтгэлээсээ ажилласан. Би ирээд ч хэлж байсан. Н.Багабандитай явах урамтай байлаа гэж.
-Гэхдээ гол гол лидерүүд нэг их хөдөлж өгөхгүй л харагдсан. Нэдэр дээрээ дэмжээгүй гэмээр... Иймэрхүү үг зөндөө л дуулдсан шүү дээ?
-Наадах чинь надад сонин сэдэв биш.
Тагнуулаар дамжуулж Монголын төрийг барьж байх системийг хийж,
тэрийгээ хадгалж үлдэх гэж улайрсан
-Хоёулаа сэдвээ өөрчилье. Та бол тагнуулынхантай үргэлж ноцолддог хүн болж үлдлээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэг биш удаа “Ц.Нямдорж бол С.Зоригийн амь насыг хороосон хэргийг замруулахын тулд л Хууль зүйн сайд болдог. Энэ хүний үед дандаа тэр хэрэг замарч, ажлын хэсгүүд тарж байсан” гэсэн мэдэгдэл хийсэн. Би сүүлийн жилүүдэд тантай уулзаагүй болохоор асуумаар санагдаад байна?
-Нэгдүгээрт, би тэр ажлын хэсэг гэдэг юмыг нь нэг ч удаа тарааж байгаагүй. Хоёрдугаарт, наад хэрэгт чинь манай намын тодорхой хүмүүсийг олон нийт ч тэр, АН-ынхан ч тэр илт харддаг байсан шүү дээ. Ш.Отгонбилэг, Н.Багабанди хоёрыг. Сонин хэвлэлийнхэн нээлттэй тэр хардлагаа бичдэг байсан. Өөрөө чи маш сайн мэднэ. Тийм ерөнхий хардлага байгаад байсан учраас би өмнө нь энэ хэрэгт ойртдоггүй байсан. Оролцоод эхлэх юм бол өөрийнхөө намынхны хүн алсан хэргийг дарах гэж байна гэсэн хардлага хүссэн ч, эс хүссэн ч нийгэмд бий болох байсан учраас би хол явсан.
-Олон ажлын хэсэг байсан, бас тарж байсан?
-Тэд нар өөрсдөө тарааж байсан. Би биш. Тэр нь бол надад мэдэгддэг ч үгүй байсан. Прокурор, тагнуулынхаа түвшинд л тэр юмнууд хийгдэж байсан. Нарийн орсон үе надад бол байна. 2015 оны гуравдугаар сард Содномдаржаагийн ээж Жавзмаа гуайгаас надад өргөдөл ирдэг юм.
Тэр өргөдлийг нь би тагнуул, прокурорт шилжүүлэхдээ “Алдаа гарсан байх магадлал туйлын өндөр байна. Юмаа сайн шалгаж хянаарай” гэсэн дагавар бичигтэй явуулсан. Тэр үеэс би нарийн сонирхож эхэлсэн. Ерөнхий том зургийг нь харахад энэ шийтгүүлсэн хүмүүс бол биш ээ гэдэг нь мэдрэгдэж байсан. Эцсийн дүндээ Ц.Нямдорж тагнуулын байгууллагатай ноцолдоод байдаг тухай асуудал огт биш. Ж.Баатар, Б.Хурц нар тагнуулын байгууллагаар дамжуулж Монголын төрийг барьж, тэрийгээхэвээр хадгалж үлдэх гэсэн үйлдэл хийсэнд байгаа юм. Маш товчоор Сталины дэглэмийг амилуулж, 1937 оныг сэргээх гэсэн оролдлого. Түүнийг би эрс эсэргүүцдэг. Тэд өөрсдөө албан тушаалаа урвуулж хэрэгт оролцдог, түүндээ бүдэрдэг.
-Олон жилийн өмнө талийгаач О.Дашбалбар та нар тагнуулын даргыг шалгаснаас улбаатай л тагнуулынхны зуултад таныг орсон гэж зарим нь хэлдэг?
-Тэндээс чинь шууд эхэлсэн. Тэр ажлын хэсэгт орсон С.Зориг 1998 онд алагдаж, 1999 онд О.Дашбалбар нас барж, би шалгалтын дүнг танилцуулж байхдаа үхэх шахсан. Гэхдээ энэ чинь тагнуулын толгойд байсан хоёр хүний асуудал. Би ноднин Тагнуулын шинэ байшингийн нээлтэд очсон шүү. Бүрэлдэхүүнийг нь нүдээрээ харах гэж очсон юм. Сайхан хамт олон байдаг юм билээ. Тэр балиар дарга нарыг нь л эс тооцвол. Айлган сүрдүүлэх Беригийн системийг сэргээх овлигогүй хоёр даргын тарьсан балгийг тэр сайхан хамт олонд нялзааж болохгүй. Хамгийн заваан нь дандаа ийм овлигогүй этгээдүүдийг энэ нууц байгууллагын толгойд гаргаж тавьж байсан. Энэ нь эргээд нууц албыг туйлын хүнд байдалд олон удаа оруулсан.
-Жавзмаа гуайтай хамгийн олон цаг уулзаж, асуудлыг анх гаргаж тавьсан сэтгүүлч бараг би байх. Тойргийнхоо гишүүдэд их олон захиа бичиж хандсан байдаг. Гэвч тэд тоогоогүй. Тэгээд аргаа бараад танд захиа бичсэн гэсэн. Тантай утсаар ярьсан тухайгаа бас ярьж байсан. Тэр том хүн миний эмх замбараагүй яриаг их тогтвортой сонссон шүү. Тэрэнд би баярлаж байна гэж хэлж байж билээ?
-Би ер нь зөвхөн энэ хэрэг ч биш л дээ, эгзэгтэй ээдрээтэй, хүн хэлмэгдсэн байж болзошгүй асуудал гарвал шууд л сонирхдог, Сайд байсан ч, эс байсан ч.
-Хэний ч хамаагүй утсыг авчихдаг юм уу?
-Шаардлага гарвал утас авна, хүнээр ч судлуулна. Өглөө Цагдаагийн цагийн мэдээ (хоногийн гэмт хэргийн мэдээ) уншаад эгзэгтэй хэргүүдийг нь онцлоод эргэж танилцуул гэсэн цохолт хийдэг. Сая Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрээ хөнөөсөн гэдэг асуудал ярихад би өглөө нь шууд цагдаа руу ярьж байх жишээтэй. Энэ ямар учиртай юм бэ гээд.
-Ээдрээд явчихаж магадгүй гэсэн хэргүүд дээр үү?
-Тийм. Жавзмаа гуайтай би өөрөө ярьсан юм. Өргөдөлдөө утасныхаа дугаарыг тавьчихсан байсан юм. Анх 16 настай байсан хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг барьж авах үеэс нь л эд нар буруу замаар явчихлаа гэдгийг мэргэжлийн хүний хувьд би мэдрээд байсан. Энэ худлаа гэж. Сонин хэвлэл ашиглаж манай тусгай албаныхан муухай юм хийдэг. Итгүүлэн үнэмшүүлэх зохиомол ажиллагаа явуулдаг энэ тэрийг би мэднэ шүү дээ. Өөрийнхөө шалгаж байсан хэргийн талаар худлаа юм бичээд сонинд тавьчихдаг. Жишээ нь, одоо энэ олон жил хоригдож байгаа хоёр иргэнийг барьсныхаа дараа “ГОК-ын малчин, тогооч хоёроор С.Зоригийг алуулсан” гэдэг юм гаргаж байсан. Ш.Отгонбилэг рүү чиглүүлж байгаа нь тэр тагнуулын ажлын хэсгийн хийсэн ажил. Бүр “Өдрийн сонин” дээр тавьсан. Би ганцхан юм мэдэх гэж л Жавзмаа гуайтай ярьсан юм. Энэ Содномдаржаа ГОК-т ажиллаж байсан уу, үгүй юу гэдгийг мэдэх гэж. Би тэр үед ч Жавзмаа гуайтай тэгж удаан утсаар ярьчихаад дотроо гайхаж байсан. Хүн бачимдаж, уйлж унжина гэж юм байдаг шүү дээ. Тэр тусмаа ийм хүнд байдалд амьдарч яваа эх хүнд. Тэгсэн Жавзмаа гуай ер бусын тайван, тийм сонин хүн байсан. Тэгээд би Б.Хурцад хэлсэн юм. “За Хурцаа, би тэр Жавзмаа гуайтай ярилаа. Тийм эхээс төрсөн хүн алуурчин байна гэж байхгүй. Би ээжтэй нь утсаар ярьсан шүү. Та нар бодвол тагнаж л байгаа биз” гэж хэлээд тэр бичгийг явуулсан. Ер нь Бери, Ёжов хоёрын аргаар эд нар ажилласан шүү дээ. Б.Хурцын арга бол ердөө тэр. Яг 1937 оны бүх арга. Ганцхан л буудах арга хэрэглээгүй. Гэхдээ эд нар юу хийсэн гээч. Энэ шийтгүүлсэн гурван хүнийг шоронд амьдаар нь үхүүлэх зорилготой ажиллагаанууд хийсэн. Гурвууланг нь ганц ганцаар хорьж, гаднаас хэнийг ч оруулалгүй тагнасан гэх мэт.
-Байхгүй болчих магадлал бол аягүй өндөр биз дээ?
-Өндөр. Бараг 100 хувь. Би сүүлд нь бүр арга ядаад Чимгээтэй шоронд очиж уулзсан. Өдөрт гурван удаа хоол маягийн юм өгнө. Тэгээд л харанхуй өрөөнд оруулаад түгжчихнэ. Содномдаржааг ялгаагүй тийм байсан. Би бас очиж уулзсан. Тэгээд надад төрсөн дүгнэлт бол ингэж байгаад үхүүлэх. Тэгээд энэ хэргийг мөнхөд хаах. Ийм л юмнууд хийж байсан. Би чинь 2017 оны 10 сард ажлаа авчихаад бараг 1 жил 5 сар тагнуул дээр байсан тэр хэргийг мөрдөх ажлын хэсгийг холдуулж өгөөч гэж тагнуулынхнаас шахаж шаардаад дийлээгүй. Тэд нар ганцхан л юм хийгээд байсан. Энэ хэргийн талаар ярьдаг хүмүүсийг мөрдөж, мөшгих ажиллагаа. Хэрэг үүсгэх ажиллагаа. Прокурортойгоо нийлж байгаад. Над дээр хүртэл хэрэг үүсгэсэн шүү дээ.
-Тань дээр үү?
-Цагаан сарын өмнө намайг яллагдагчаар татах тогтоолыг манай гэрийн хүнд хүргэж өгсөн шүү дээ. Битүүний орой шүү. Очсон чинь манай гэрийн хүн бараг ухаан алдаад унах шахчихсан байж байсан. Яасан гэсэн чинь яллагдагчаар татах тогтоол ирлээ гээд. Намайг ажил дээр байгааг мэдсээр байж зориуд гэр лүү явуулж байгаа юм. Дарамталж байгаа хэлбэр нь тэр. Намайг ингэж чадаж байгаа улс та нарыг бол зажлахгүй залгина. Ерөөсөө арга барил нь тэр. Тэр Дамирангийн Энхбат гэдэг хүнийг Францаас дөрвөн улс дамжуулж оргуулж ирэхдээ яалт ч үгүй мансууруулах бодис хэрэглэсэн. Өөрөө ч ярьдаг байсан. Чимгээ дээр ч, Содномдаржаа дээр ч мансууруулах бодис маягийн юм хэрэглэсэн гэж өөрсдөө ярьж байна билээ. Тэр нь бодит. Чимгээ дээр эд нар жишээ нь нэг тамлах ажиллагаа хийсэн. Би тэр ажиллагаа хийж байгаа бичлэгийг нь үзсэн. Зүгээр л малын гулууз шиг болчихсон. Гурвын гурван хүн ороод гарын хурууных нь хээг аваад биетэй нь ноцолдож байхад ямар ч хөдөлгөөн байхгүй. Ухаандаа юу гэдэг юм дээ. Амьд мөртлөө цогцос шиг болчихсон. Тэгээд бод доо. Одоо энэ талаар ярихаа больё. Тагнуулынхан 200-гаад нууц ажилтнаар энэ 3 хүн, тэдний ар гэрийг тасралтгүй 4-5 жил тагнасан. Энэ тухай Б.Хурц өөрөө ярьсан.
Эрдэнэтийн 49 дээр намайг зогсоох гэж зүйл бүрийн ажиллагаа явсан
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал бол өнгөрсөн дөрвөн жил таны хамаг цагаа зориулсан сэдэв. Сонгуулийн үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн тэр мэдэгдэл бол маш гэнэтийн мэдэгдэл байсан. Энэ нь тэдний хувьд “Ялалт” болно гэж тооцсон стратеги байсан уу?
-Тийм, ард түмнээ басамжилсан мэдэгдэл хийсэн. Үр дүн нь сонгуульд навс ялагдсан. Манай ард түмэн чинь улс төрчдөөсөө хэрсүү ухаантай болчихсныг эд тооцдоггүй юм.
-Та нар гэхдээ өрсөж мэдэгдэл хийсэн. Хэрэв тэрнийг зарлаагүй бол байдал яаж эргэх байсан бол?
-Эвгүйгээр эргэж мэдэх байсан.Ер нь бол Эрдэнэтийн талаар муу юм хийх гэж байгаа гэдгийг би 2013 онд анх сонссон. Надад миний таньдаг хүн “сахал” Д.Эрдэнэбилэг Эрдэнэтийг авах гэж байна гэж хэлсэн. Тэр үед би итгээгүй.
-Оросын тал эхлээд төрийнхөө мэдлээс гаргаж хувьчилсан биз дээ?
-2014 онд Н.Алтанхуягийг хуйвалдан унагаж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон, 2015 оны яг наадмын өмнө гэнэт Оросын талын оролцогчийг “Ростех” болгосон. Тэгэхэд л нэг муу юм хийх гэж байна даа гэдэг бодол лавширсан. Дараа нь 2016 оны сонгуулийн өмнөх Ч.Сайханбилэгийн мэдэгдэл. Ч.Сайханбилэг мэдэгдэл хийсний дараа бид 30 минутын дотор амжиж хариу мэдэгдэл хийсэн.
-Ер нь бол гэхдээ Монголын талд хүрээд ирлээ гэдэгт нь та эгдүүцээд байгаа юм байхгүй биз дээ?
-Нэг талаас асар ихээр хуйвалдаж, байж болох бүх хууль зөрчсөн, нөгөө талаас улсын мөнгөөр хулгайлж авсанд л асуудал байгаа юм.
-Мөнгө байхгүй шүү дээ?
-Байлгүй яадаг юм. Тэр үед чинь “Сайн хашаа”, “Сайн хувьцаа”, “Сайн оюутан” гээд мөнгөөр АН чинь бялхаж байсан үе шүү дээ. Замбараагүй их мөнгөтэй байсан шүү дээ. Наад юм чинь анх яаж эхэлсэн юм гэхээр 2016 оны 3 сарын 6-ны өдөр “ХХБ-ны охин компанид худалдвал Монголын Засгийн газар зөвшөөрнө” гэсэн бичгийг ХХБ-ныхан оросоор үйлдээд Ч.Сайханбилэгт аваачиж өгсөн. Ч.Сайханбилэг “энийг нь засаад “Ростех”-т явуул” гэж Хэрэг эрхлэх газартаа үүрэг өгч, Хэрэг эрхлэхийнхэн тэр бичгийг нь Ерөнхий сайдын заавраар засаж, “Ростех” рүү явуулав гээд гарын үсэг зурчихсан баримт үлдсэн байдаг. Шууд улсын мөнгөөр аваад л эд нарт өгчихсөн. Ерөөсөө хулгайн арга нь энэ шүү дээ. Улаанбаатар банкийг Миеэгийн Энхболдыг хотын дарга байхад авсан. ХХБ-ыг мөнхүү М.Энхболдыг Ерөнхий сайд байхад “сахал” Эрдэнэбилэг авсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад эхлээд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг, дараа нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг, эцэст нь “Эрдэнэт”-ийг авсан. Ингэж л Ли Чин Ши-гийн Эрдэнэбилэг Монголын бүх баялагт ганцаараа эзэн суусан. Эрдэнэбилэгийн эцэг нь 1940 онд Монголд орж ирсэн цэвэр хятад хүн. Энэ луйварт оролцсон яг ийм эцэгтэй 2 хүн бий.
Яахаараа 17 дугаар сургууль төгссөн, 1990 онд дэнжийн 1000-ын зах дээр өдөн куртка зарж байсан нэг хүн Монголын бүх баялгийг ганцаараа авдаг юм. Тэр “сахал” Эрдэнэбилэг гэж ямар гавьяа байгуулсан хүн юм. Яахаараа МАН гарч ирэхээр банкуудыг нь, АН, Ц.Элбэгдорж гарч ирэхээрээ Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөг, Багануурыг авч байдаг юм. Энэ чинь л гэдэн хөдөлгөөд байгаа юм. Бид нар ямар өртэй юм энэ “сахал” Эрдэнэбилэгт.Монголын ард түмэн ямар өртэй юм бэ, эд нарт. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын бүх том дарга нарыг худалдаж авч сурсан хүн.
-Та тэр хүнтэй уулзаж үзсэн үү?
-Би тэрэнтэй уулзаж яадаг юм. Би ийм адгийн шаарнуудтай уулзана гэж чи бодож байна уу. Надтай уулзах оролдлого нэг биш удаа хийсэн. УИХ-ын байнгын хороондээр ХХБ-ны Орхон өвчигнөөд байхаар нь “Эзнээ нэг үзчихээд үхмээр байна” гэж хэлсэн биз дээ. Сүүлд хуулийнхан түүнийг чирж гаргаж ирээд энэ ард түмэнд үзүүлсэн. Хайран байна шүү дээ, энэ эх орон. Бүгд Д.Эрдэнэбилэгийн боол болох юм уу. Ямар гавьяа Монголд байгуулчихаад Монголын ард түмний бүх хөрөнгийг энэ хулгайлж байдаг юм. Гуравдугаар станцыг авах гэж байсан. Дөрвийг авах гэж байсан. Багануурыг авсан. Багануурын нөөцийн 52 хувийг эд нар авчихсан шүү дээ. Шүүхээр бөөн юм болж байж саяхан нэг шүүхийн шийдвэр гарлаа. Хулгай хийдэг арга нь маш ойлгомжтой. Нэг хуурамч компани байгуулдаг. Тэр компани 4-5 жил 1 сая төгрөгийн дүрмийн сантай л хэвтдэг. Тэгээд нэг том юм хулгайлах болохоороо нөгөө хуурамч 10-аад компанийнхаа нэгийг нь оруулдаг. Дархан дээр “Кью эс си” гэж оруулсан. Хөтөл дээр эхлээд “Бейзмент” гэдэг компани оруулчихаад тэрийгээ татан буулгаад “Хөтөл” гэдэг нэртэй болгосон. Эрдэнэт дээр “Монголын зэс” гэдгийг оруулсан. Ерөнхийлөгчөөсөө эхлээд том дарга нар, Монголбанк, шүүх, прокурор нь энэ хулгайн гал хамгаалагч болдог.
-Энэ бүх хэрүүл хэлцлийн сүүдэр хөрөнгө оруулагчдыг үргээлээ. Төрд юм төвлөрүүлэх гэсэн, арагшаа ухарсан алхмуудыг Ц.Нямдорж тэргүүтэй нөхөд эхлүүлсэн. Хураах, булаах, нураах тухай л ярьдаг боллоо гэх шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?
-Ц.Элбэгдорж л тийм юм яриад байдаг шүү дээ. Одоо тэгээд “Эрдэнэт”-ээс болоод зугатаад гарчихсан компани хаана байгаа юм. Байхгүй. Чи олоод нэрлээдэх дээ. Хоёрдугаарт, олон улсын шүүх дээр зарга гараад Монгол дуусна гээд байсан. Хаана зарга гарсан юм. Байхгүй байгаа биз дээ. Гуравдугаарт, 2015 онд “Эрдэнэт” үйлдвэр улсад 500 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан юм. 2016 онд энэ луйварчид өөрийнх болгож аваад 170 тэрбум төгрөгийн татвар төлсөн. 300 тэрбумаар багассан. Одоо улсын үйлдвэр болж, онцгой дэглэм тогтоосны дараа 1 их наяд төгрөгийн татвар улсад төлж байна. Ялгааг нь харьцуулаад үз дээ. Эрхшээлдээ оруулсны дараа 2012, 2013 оны ногдол ашиг гэж 50 сая доллар улаан цайм хулгайлж авсан. 2012-2013 онд Коппер корпорейшн гэж компани зүгээр л байгаагүй гээд бод.
-Төрийн мэдэлд байсан 51 хувийг гадаадын банкинд барьцаалсан асуудлыг таныг бараг хөнддөггүй гэж хардах юм?
-Наадхыг чинь 2013 онд Жастын Батхүүг шоронд хийснээс хойш 7 жил шалгаж байна. Удаасан, дарсан, хугацаа алдсаны хариуцлагыг АТГ, шүүх, прокуророос асуух хэрэгтэй. Тэднийг би томилдоггүй, ажилд нь хяналт тавих эрхгүй. Яг үнэндээ бол 49 хувийг ч биш Эрдэнэтийг бүтнээр нь авах луйвар эд хийсэн. Саяхан О.Баасанхүү хэлэв ээ. “Эрдэнэт”-ийн 51 хувийг нь Д.Эрдэнэбилэг 30 сая ам.доллараар авчихсан байна билээ гэж. 51 хувь дээр нь зориуд үндсэн баримтаа нууж, Стандарт банкинд хожигдож өгсөн. Дараа нь Стандарт банкнаас өр худалдаж авч хувиа нэмээд 100 хувь өөрийн болгох ийм санхүүгийн луйвар байсан. ХХБ-ныхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр яг ийм луйвар хийх гэж оролдсон. Дарханы төмөрлөг дээр Монгол Улсын Засгийн газар, Хятадын компанийн хооронд Гаагийн шүүх дээр маргаан үүссэн. Тэр маргаанд Монголын талыг ялагдуулах гэж асар их шахалт, дарамтыг Ч.Сайханбилэг, Б.Хурц хоёрын оролцоотой хийсэн. Тийм дарамт, шахалт болсон гэдгийг Оросоо гэдэг хүн ярьсан. Манай яамны Тамгын газрын дарга байсан, Ц.Элбэгдоржийн хажууд байсан, миний огт танихгүй хүн. ХХБ-ны Цэрэнбадам, Оргодол, Ц.Элбэгдоржийн Ганзориг гэдэг гурван хүн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, Монголын эсрэг ажилласан. Харин тэр маргаанд Монгол Улсын Засгийн газрын хөлсөлж авсан өмгөөлөгч Холланд болон тэр Оросоо гэдэг хүн хатуу байр суурь баримталж байж ялсан. Энэ Эрдэнэбилэг болон түүний мөнгөнд дөрлөгдсөн этгээдүүд Монголыг зүгээр л худалдах юм билээ.
-Эдгээр олон үйл явдлуудын ард танай нам дотор нэлээд гүн хуваагдал явчихлаа гэж зарим улс төрийн шинжээчид үздэг. Таныхаар үнэхээр танай нам дотор бодитой хагарал явагдсан уу?
-Бараг л хагарах шахсан. Одоо бол тэр 33:32 чинь байхгүй болж хэвийн байдалд орж У.Хүрэлсүх багаа удирдаад сонгуульд орж байна.
Ер нь энэ намыг хагалах оролдлого дотроосоо ч, гадна талаас ч олон удаа хийгдсэн. Эрэлийн Эрдэнэбат “Эх орон” нам байгуулдаг чинь эхний оролдлого. Гол хүмүүс нь манай намынхан байсан. Би зарим удирдлагатай байлдаад байсан чинь яг үүнтэй холбоотой юм. Алтангадас, 62-ын бүлгийн тухай дээр ярьсан.
Дараа нь Ц.Элбэгдорж Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтоор дамжуулж МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт өгсөн. Ц.Зоригт чинь Зөвлөлдөх тасалгаанд орсны дараа нь Ц.Амарсайхан, О.Зандраа гээд хоёр танхимын тэргүүнээ дуудаж оруулж байгаад бүртгүүлсэн байдаг шүү дээ. Улсын дээд шүүх ингэж улс төрийн шүүх болсон. Тэгж намын нэрээр дамжуулж энэ намыг чинь хагалах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Хагалж чадаагүй л дээ. Одоо Н.Энхбаярт хагалаад авчихсан юм хаана байгаа юм. Сонин сонин хүмүүс л хажууд нь байгаад байдаг болчихлоо шүү дээ. Хагалах гэсэн оролдлого нь ингээд бүтэлгүйтсэн. Ц.Элбэгдорж бол харин ашиг олсон. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт аваачиж цоожилчихоод, Н.Удвалыг шантаажилж байж нэр дэвшүүлсэн ажиллагаа. Н.Удвал нь 70 мянган хүний санал аваад, Б.Бат-Эрдэнэ 30 мянган саналаар ялагдсан.
“Ардын нам дотор дахиад ардын хувьсгал ялж байна” гэж би хэлсэн. Эвгүй үг л дээ
-Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарыг огцруулах асуудлууд дээр та бараг тэргүүлж оролцсон. Зохицуулах талд нь явсан. Сая М.Энхболд дарга нэр дэвшээгүй үлдсэнийхээ дараа нэг мэдэгдэл хийлээ шүү дээ. Өмнө нь огцорч байхдаа нэг үг хэлсэн. “Ө.Энхтүвшин. Нямаагийн Энхболд хоёрт баярлалаа” гэж. Яагаад таныг хэлээгүй юм бол?
-“Сахал” Эрдэнэбилэгийн барьцаанаас төрийг, намыг, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг “чөлөөлж” авахын тулд наад хэцүү ажилд чинь заналтайгаар оролцсон. Гэхдээ би аль ч талд нь яваагүй. “Энэ нам хоёр хуваагдахыг би тэвчихгүй, би хэний чинь ч тал биш. Бүтэн байлгаж байгаад 2020 оны сонгуульд оруулахын тулд чадах бүхнээ хийнэ шүү” гэж хэлж байсан. Би У.Хүрэлсүхийг намын дарга болдог намын Их хурал дээр энэ Соёлын төв өргөөнд нэг зэвүүн үг хэлсэн хүн. “Ардын нам дотор дахиад ардын хувьсгал ялж байна” гэж. Эвгүй үг л дээ. Жигтэйхэн эсэргүүцэн хашхирч байсан хүмүүс намайг тэгээд хэлчихсэн чинь чимээгүй болчихсон шүү.
-Танай Засгийн газрын рейтинг өндөр байна. Сайн ажиллаж байна. Ялангуяа корона гээд тооцоолшгүй нөхцөл байдал гарч ирлээ. Хариу арга хэмжээнүүд цаг алдахгүй авч байна. Өөр дорвитой гэхээр ажил юу хийсэн бэ. Баахан нийгмийн халамж хавтгайруулсан бодлого хийлээ. Хөгшдийн өрийг тэглэсэн. Хүүхдүүдэд 100 мянган төгрөг гэх мэт...?
-Би таван Ерөнхий сайдтай ажиллаж байгаа хүн шүү дээ. Тавдахь нь У.Хүрэлсүх. У.Хүрэлсүхийг бол би жаахан залуухан байхаас нь мэднэ. 1996 оны Их хуралд байхад Т.Ганди, Ч.Улаан бид нар Лениний музейн урд талд жагсаал хийж, У.Хүрэлсүх тэр үед чинь өлсгөлөн зарлах тухайгаа ярьж явлаа шүү дээ. Тэрнээс хойш мэдэх юм. У.Хүрэлсүхэд бусдаас ялгарах юм байна байна. Тэр нь юу вэ гэхээр цэргийн хүний эрсдэл гаргах чадвар. Бусдаасаа эрс ялгарах юм нь энэ. Жишээ нь, энэ Засгийн газрын хийсэн хамгийн том юм бол Улаанбаатарын утаа. Энэ дээр бол У.Хүрэлсүх хэн ч гаргаж чадахгүй шийдвэр гаргасан шүү. “2019 оны 5 сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй” гэхэд нь ёстой тархин дундуураа татуулсан. Би бол дээд зэргээр эргэлзэж байсан. Болгоомжлолоо ч хэлж байсан. Сая энэ коронавирусын асуудал гарахад мөн л тэр цэргийн хүний чанар нь гарч ирсэн. Зөвхөн Уханьд асуудал гарч байхад шууд хил хаах асуудал ярьж эхэлсэн. Хорио цээрийн дэглэм тогтоож эхэлсэн. Өөр хүн бол тэрийг хийж чадахгүй байсан. Дээрээс нь байгаль, газар шороо, уул усаа гэсэн нэг сэтгэл энэ хүнд байна аа. Гэхдээ У.Хүрэлсүх алдаанаас ангид төрсөн гэвэл бас худлаа болно. Зан чанарын хувьд тэр их огцом хүн шүү дээ. Надтай ойролцоо араншинтай. Тэр огцом ааш, хурд хоёртоо дунгуйдаж уначих, бүдэрчих гээд байдаг сул тал бий. Тэр үед нь уурыг нь хүргэн байж садаа болж алдаанаас холдуулах юм хийгээд л байгаа. Ерөнхий сайдын алдаа улс оронд дэндүү хорлонтой тусдаг. Сайханбилэгийн “Дубайн төлөвлөгөө”-г хар.
-Тэтгэврийнхний өрийг тэглэхэд та ямар байр суурьтай байсан бэ?
-Ерөнхий сайдтай ажиллах хоёр арга байдаг. Нэг бол таны зөв гэж өөрийнх нь гараар гүнзгий нүх ухуулаад түлхэх. Тэр бол эх оронд их хортой. Нөгөө нь бол буруу юм хийхэд нь эсэргүүцээд тэр унах нүхнийх нь хэмжээ, дамжааг багасгах. Энэ нь улсын ирээдүйд хэрэгтэй. Би аль ч Ерөнхий сайдын үед хоёр дахь зарчмаар ажиллаж байсан. Наад өр тэглэх асуудал дээр чинь хатуу үг хэлсэн. Энэ Засгийн газрын үед Улаанбаатарын утааны асуудлыг шийдвэрлэж чадсан. Энэ бол том ололт, Хүрэлсүх ер бусын зориг гаргасан. Бас хотын цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэх гэж байтал корона вирусээс шалтгаалаад жоохон хойшилчихлоо. Гэхдээ энэ ажил хийгдэнэ. Гэрээ нь байгуулагдчихсан. Газрын тосны үйлдвэр гэж нэг эрсдэлтэй юм эхлүүлчихээд явж байна.
-Дарханы зам?
-Дарханы замын ажил хийгдэнэ. Ам, ажлын зөрүүн дээр л ээрэгдэж байна. Энэ улс орон чинь нэг гайгүй замтай болмоор байгаа биз дээ. Би хэзээ ч замыг эсэргүүцэж байгаагүй. Н.Энхбаяр л би мянганы замыг санаачилсан гээд худлаа дэмийрээд байдаг болохоос биш яг “Мянганы зам” гэж нэр өгсөн, тэр санааг гаргаж ирсэн хүн чинь Л.Энэбиш дарга байсан. Л.Энэбиш дарга Н.Энхбаяр бид гурав Л.Энэбиш даргын өрөөнд яриад сууж байлаа. “Ард түмэн дэндүү том итгэл өгчихлөө. Төлөвлөөгүй нэг ажил хийе” гээд. Л.Энэбиш дарга тэгэхэд “Зам тавьдаг байхгүй юу” гэж хэлсэн. Ямар зам гэхэд бүх аймгийг Улаанбаатартай холбох, наад замыг чинь “Мянганы зам” гэж нэрлэх ёстой байхгүй юу гэж хэлсэн. Бүр цагаан цаасан дээр энэ замыг Булганы Дашинчилэнгээр явуулах ёстой гэж өөрийнхөө нутгийг хүртэл зурж үзүүлсэн юм. Одоо энэ санаа ажил болж бүх аймаг Улаанбаатартай холбогдлоо. Тэгэхээр бас тэрэнтэй адилхан нефтийн үйлдвэр нь ч бас яаж ийгээд явчих юм болов уу л гэж горьдож байгаа.
-Дарханы зам ч гэсэн явна биз дээ. Үнэндээ хэцүү байна шүү дээ?
-Наад зам чинь явна. Санхүүгийн эх үүсвэр шийдэгдсэн, цаг хугацааны л асуудал байгаа. Манай зарим сайд нар их хурдан амтай. Тэгээд хэвлэлийнхнийг харчихаараа галзуу юм шиг очоод үг алддаг. Эргэж тэр алдсан үгэндээ ороогддог. Арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно гэж ноднин нэг худлаа хэллээ. Сая зургадугаар сарын 1-нд дуусчихна гэж бас нэг худлаа хэллээ. Энэ үгэндээ ороогдоод байна.
-Улс төрийн хүний хараа байхгүй байна л даа?
-Тэрнээс чинь болж Засгийн газрын хурал дээр Б.Энх-Амгалан сайд хэд хэдэн удаа загнуулсан. Алдаа нь тэндээ байгаа юм. Тэрнээс биш ганц сайн замтай болох гэж бүгд л хичээж байгаа нь буруу биш. Уг нь 4 урсгалтай зам барих юм. Яахав гэнэтийн цар тахал дэгдээд бүтэн жилийн зовлон болгоод хаячихлаа.
“Ард түмэн” гэдэг ганц л Ерөнхийлөгчтэй хүн дээ би
-Энэ удаагийн сонгуульд залуусын хүчтэй давалгаа орж ирж байна. Сүүлийн дөрвөн жил “Энэ хэдэн дархлагдсан хөгшдийг төрөөс зайлуулая”гэсэн давалгаа их явлаа. Тэдний эхэнд бараг Ц.Нямдоржийн нэр байх юм?
-Намайг зайлуулах зорилготой “Монгол хүний төлөө” гэдэг нэртэй нам байна, бас “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн” гэж байна.
Монголын ямар ч улстөрчид зориулж байгуулсан ийм нам, хөдөлгөөн байхгүй. Энэ утгаараа би хосгүй хүн. Дахиад ийм улстөрч төрөхгүй биз. Одоогийн буюу 2016 оны УИХ-ын бараг 80 хувь нь шинэ залуучууд шүү дээ. Би садаа болж байна уу. Үгүй л байх гэж бодож байна. Харин ч олон удаа үүссэн түгжээг мулталж алдаанаас холдуулж тус болсон. Ер нь бол улс төр насны биш, ухааны уралдаан. Миний үзэл бодол, байр суурь энэ олон юм яриад байгаа залуучуудаас хамаагүй залуу байж магадгүй шүү. Би жишээ нь “Оюутолгой” төслийг зогсоож болохгүй, эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, далд уурхайн ажлыг дуусгах ёстой гэж үздэг хүн шүү дээ. Сая зогсоох шахлаа шүү. Зогсоогоод юу хожих юм. Баахан маргаан, төлбөр хоёр л хожих байсан. 2023 онд далд уурхайн ажил дуусна. Тэрийг дуусгахын цагт чангалах юм байвал чангалж болно шүү дээ. Монгол орон “Эрдэнэт” гэдэг ганцхан мотортой, цаашид “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн моторуудтай, чадвал дахиад нэг мотор нэмчих юм бол дөрвөн мотортой онгоцтой болох юм. Ингэсэн тохиолдолд наад гурван сая хүнийг чинь өлхөн сайхан аваад явчихна. “Оюутолгой” жишээ нь “Эрдэнэт”-ээс зургаа дахин өндөр хүчин чадалтай үйлдвэр болно. “Эрдэнэт”-д одоо дахиад 60 жилийн нас байна. Ийм юмнууд дээр бол би энэ олон юм ярьдаг залуучуудаас шал өөр юм боддог хүн шүү дээ. Энэ тодрох гэж попроод байгаа хүмүүс өнөө маргаашийн улс төрийн хожоо хардаг, би улс орон, ард түмэн, хойч үеийнхээ ирээдүйг хардаг. Ялгаа үүнд л байгаа.
-Олон юм ярьдаг хүмүүс гэснээс таныг шинэ үеийн, шинэ боловсролтой залуу хуульчдыг хяхдаг, залуучуудыг зайлуулах гэдэг гэж их ярих юм?
-Жинхэнэ хуульчид чинь шүүгч, прокурор, мөрдөгчдийн дунд байгаа. Тэд чинь хуулиа ч, ажлаа ч, амьдралаа ч мэддэг хүмүүс. Харамсалтай нь улс төр сонирхохгүй юм. Хуульчийн дипломтой, дарга нарын цүнх баригчид олширч, тэд л над уруу дайрдаг. Би тийм юмсыг өөртөө ойртуулдаггүй, тоодогч үгүй. Тэдэнд дарга болох, мөнгөжих шунал байдаг. Одоогийн энэ УИХ-д хэл устай, гадаадад боловсрол эзэмшсэн боловсон хүчин олон байна. Бүр 70 хувь нь. Одоо манай намаас 33 хүн шинээр нэр дэвшиж байна, бүгд залуучууд. Өөрөөр хэлбэл 65-ын 33 гэхээр 50 хувь нь шинэчлэгдэж орж ирж байгаа биз дээ. Эд нар орж ирээд шинэлэг юмаа хийг л дээ. Тэрийг нь бид нар дэмжээд явна. Эд нарт нэг дутагдал байдаг. Хэтэрхий романтик. Гарсан шийдвэр нь Монголын хөрсөн дээр яаж буух вэ гэдгийг ерөөсөө хардаггүй. Тэгээд л харанхуй нүх рүү чавхдаж ороод л дээрээсээ шороонд даруулчих гээд байдаг юм. Аюул энд л байгаа юм. Миний явсан зам бол залуучууд гараад ирэхээр нь тэд нарыг дэмжиж, тэд нар нь гишүүн болоод, дөрөө даах түвшинд хүрнэ. Тэгэнгүүт нь тэд нарт тойргоо үлдээгээд шинэ нэр дэвшигчдийг дэмжээд явчихдаг. 2008 оны сонгуульд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёртой орсон. 2016 оны сонгуульд би дөрвөн шинэ хүнтэй орсон шүү дээ. Найман жил ялагдчихсан цэнхэр тойрогт орлоо. Тэгээд гурав нь гарч ирсэн. Хоёр нь сайд болсон. Одоо Эрдэнэтэд очиж хоёр шинэ нэр дэвшигчээ дэмж гэхээр нь би Эрдэнэт рүү явж байна. Гэхдээ Эрдэнэт рүү очих надад нэг сонирхол байгаа. Тэр нь юу гээч. Би бол “Эрдэнэт”-ийг төрд, ард түмэнд үлдээх ёстой гэж тэмцдэг. О.Баасанхүү мэт нь “Эрдэнэт”-ийг 49-ийнхөнд буцааж өгөх ёстой гэж үздэг. Энэ маргаанд Эрдэнэтийн сонгогчид цэг тавиг гэж бодсон юм.
-Эрдэнэтийн ард түмэн гэхдээ энэ үйл явдал руу тэгтлээ гүнзгий анхаардаг гэж үү?
-Тэд онцгой анхаарч байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг хэзээ ч хувьд өгч болохгүй. Хэзээ ч шүү. Тэгэх тусмаа энэ бүлэглэлийн гарт. Нарийндаа бол “Эрдэнэт”-ийн мөнгө чинь Монголын улстөрчдийг худалдаж авах мөнгө болчих гээд байна. “Сахал” Эрдэнэбилэг чинь баруун солгойгүй улстөрчдийг худалдаж авдаг хүн. Дараа нь цомхотгол хийж үй олон хүнийг ажил амьдралгүй болгоно. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг яг ийм болгосон.
-Энэ дөрвөн жилд хийсэн бас нэг том ажил бол яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт?
-Үндсэн хууль бол нэг алхам урагшаа явсан. Ажлын хэсгийг нь Д.Лүндээжанцан ахалсан. Үндсэн хууль батлах замын чулууг нь арилгасан хүн нь би. Далд ажиллагаа гэдэг юм. Батлахгүй байх нөхцөл бүрдсэн шүү дээ. Яагаад гээч. Ерөнхийлөгч нь ард түмний санал асуулга явуулахгүй гээд суучихсан. Ирц чинь бүрдэхгүй гээд. Манайхан ард нийтийн санал асуулга явуулна гээд шийдчихсэн. Ерөнхийлөгчгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдана гэж байдаггүй байхгүй юу. Энэ зүгээр л тогтчихсон жишиг. Төрийн тэргүүн, ард түмний төлөөлөл. Тэгээд би Х.Баттулга Ерөнхийлөгч дээр Ө.Энхтүвшинтэй хамт орсон юм. Үндсэн хуулийнхаа ажлын хэсгийг өөрөө ахал гэсэн санал тавихад тэрийг хүлээж авсан. Ерөнхийлөгчийн зүтгүүлж байсан “Тусгаар тогтнолын асуудлаар дахин санал асуулга явуулахгүй” гэсэн санал надад их таалагдсан. Энэ бол маш том юм шүү. Энэ чинь л байхад болоо шүү дээ. Тэгээд Х.Баттулга ажлын хэсэг ахлаад, ард нийтийн санал асуулга явуулах юмыг нь би бүлэг дээр болиулсан. Ингэж л гол түгжээ тайлагдсан. Улстөрч хүнд ухрах үе, давших үе, хориглох үе байдаг. Энэ тархины уралдааныг тухайн нөхцөлд тааруулж хэрэглэх ур чадвар улстөрч хүнд байх ёстой.
-Та бол үе үеийн Ерөнхийлөгч нартай үзэлцэж голдуу явсан түүхтэй. Өнгөрсөн 2019 оныг хааж Ерөнхийлөгч үг хэлэхдээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав нэг зүгт харж ажиллах нь чухал юм байна. Нэг зүгт харж чадлаа гэдэг мессеж хаясан. Энэ Ерөнхийлөгчтэй та юугаараа, ямар талаараа байр суурь нэгддэг юм бэ?
-Би чинь 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад Х.Баттулга Ерөнхийлөгч болбол ийм юм болно гэдэг ерөнхий зургийг нь хэлчихсэн, хол алдаагүй юм шиг байна лээ. Бичлэг нь байгаа. Жишээ нь, УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана гэж Х.Баттулга Ерөнхийлөгч байнга ярьдаг байсан. Би бол, “Огт тарааж болохгүй. Тараагаад дахиад сонгууль явуулаад үз. Энэнээс чинь долоон дор юм гарч ирнэ” гэж өөр дээр нь шууд орж хэлсэн. Бүр тоог нь ч хэлсэн. Ийм бүрэлдэхүүнтэй их хуралтай болчихоод яаж энэ улсаа авч явах гэж байгаа юм бэ гэхэд миний хэлснийг тооцож л байна билээ. ”Би наадахыг чинь бас бодоод байгаа юм аа” гэж хэлж байсан. Тэгээд ямар ч байсан энэ их хурал дутуу зулбачихсангүй хугацаагаа дуусгачихлаа. “Их хурал тар” гэж Ерөнхийлөгчийг үг хэлэхэд би зөрөөд л тараахгүй гэдэг хүн шүү дээ. Энд хайртайдаа биш. Энэ их хурал нэг л хугацаанаасаа өмнө тарах юм бол дараа нь ерөөсөө тогтохгүй. Их хямрал харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тараачихаад дээрээс нь сайн юм гаргаж ирдэг бол бас яахав. Одоогийн улс төрийн нөхцөлд сайн юм гаргах бололцоо зүгээр л байхгүй. Гэх мэтээр бас хүний хэлсэн үгийг сонсдог юм байна. Сая шүүхийн хууль дээр бид хоёр тас зөрөөд л явчихсан. Зөрөх юман дээрээ зөрнө шүү дээ. Би “Надад ард түмэн гэж ганцхан л Ерөнхийлөгч байгаа. Та нар миний Ерөнхийлөгч биш гэж” хэлчих гээд байгаа хүн дээ. Ерөнхийлөгч болонгуут дураараа авирлаж, буунгуут бужигнуулаад байхаар нь дургүй хүрээд байх юм.
-Таны улс төрийн замналд бизнесийн аль нэгэн компанийн халаасанд орчихлоо гэдэг юм ерөөсөө явж байгаагүй. Энэ дөрвөн жил л янз бүрээр хэлүүллээ. Хэд хэдэн хардлага явлаа шүү дээ?
-“Эрдэнэт”-ийн 49-ийнхөн, ярганыхан намайг бүх л төрлөөр харлуулсан. Даанч тэр явуулгууд нь бүгд батлагдах заяагүй сөхөрдөг. Аль нэг компанийн халаасанд орвол тэдний боол болдог. Би ийм халаасанд орсон бол тэмцэх чадваргүй болно биз дээ. Тэмцвэл компроматаар нам даруулна. 1997 оноос хойш 23 жил намайг харлуулж, өө хайлаа, олохгүй л байгаа биз дээ. Байхгүй юм чинь юу олохов дээ.
-Сонгууль дөхсөн эгзэгтэй үед гэнэт Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг чөлөөлчихлөө. Энэ юу болсон юм бол ?
-Би одоо хүртэл учрыг нь мэдээгүй л явж байна. Ер нь бол дээд шүүхийн Ерөнхий шүүгч их зориггүй байсан. Шүүхийг чинь удирдах амархан шүү дээ. 500-хан шүүгч л байгаа шүү дээ. Нэг журамтайхан Ерөнхий шүүгч гарч ирээд “Номоор нь асуудал шийднэ шүү. Элдэв юм байхгүй шүү” гээд зарчмаа ил зарлаад ажиллахад гурван өдрийн дотор хэвэндээ орно. Оруулж болно. Манай цагдаа 10 мянган хүнтэй. Намайг ажил аваад нэг л чанга дуугарахад номондоо ордог шүү дээ. Үнэн биз. Ерөнхий шүүгчид би өөрт нь ч хэлсэн. “Чи ийм зангараггүй байж Дээд шүүхийг удирдаж чадахгүй. Чамаас юу ч гарахгүй” гэж. Тэгээд Ерөнхийлөгч нь тэрийг нь харсан юм уу, яасан юм чөлөөлсөн дуулдана.
Гадаад аяллаа багасга. Дотоодод тэнэдэг ажлаа багасга.
Хэрэггүй юманд мөнгө битгий зар
-Шинэ яаманд орж ирээд тантай ярилцаж байна. ХЗДХЯ-ны шинэ байшин, тохижилт тойрсон асуудлаар танд бас багагүй шүүмжлэл ирлээ?
-Би харин ёстой зөв ажил хийсэн. Энэ байшинг би коронавирусээс өмнө амжиж бариулаагүй бол ойрын хэдэн жилдээ сураггүй л байх байсан юм билээ. Одоо Монголын хамаг мөнгө цар тахал руу явж байгаа биз дээ. Тэгээд өрсөж ганц байшин бариулсан. Би энийг аваад явчихгүй шүү дээ. Энэ бол үнэндээ Монголд байхгүй байшин шүү. Би баталгаатай хэлж чадна. Барьж байхад нь би өдөрт 1-2 удаа ирдэг байсан. Бүх цутгалт юмыг нь өөрийн нүдээр ирж хардаг, чийдэнгийнх нь бүрхүүлийг нь хүртэл өөрөө сонгох гэж хичээсэн. Энэ ямар байшин бэ гэхээр дээр үеийн хаадын байшингийн загвар.
-Хаадын?
-Тийм. Европын сэргэн мандлын үеийн архитектур гэж юм байнаа. Тэр загварын байшин. Би Улаанбаатар хот хэт нь ийм болох ёстой гэж мөрөөдөж бариулсан. Яагаад Наполеоны Франц тийм гоё болчихсон байхад, Чингисийн үр сад бид тэгж амьдарч болдоггүй юм гэсэн атаархал надад байдаг. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хотын төв хэсгийг ийм байшингуудтай болгох юмсан. Улаанбаатар Парис шиг гоё болох өдөр ирнэ ээ, цаг хугацааны л асуудал.
-Улсын байгууллага атлаа өндөр зэрэглэлийн үнэтэй тавилга авч яах юм бэ?
-Өндөр зэрэглэлийнх биш. Зүгээр л бүх тавилга шинэ. Шинэ байшин, хуучин тавилга хоёр таардаггүй юм. Мөрдөн байцаах газрын байшинг би өөрөө явж байж найман сарын хугацаанд бариулсан. Есөн давхар байшин байгаа биз. Энэнээс том байшин. Бүх тавилгыг нь шинээр тавиулсан. Төсвөө л хэмнэх ёстой байхгүй юу. Гадаад аяллаа багасга. Дотоодод тэнэдэг ажлаа багасга. Хэрэггүй юманд мөнгө битгий зар. Хэдэн төгрөг хойшоо хая. Тэрийгээ ажилчдынхаа асуудал, салбарынхаа асуудлыг шийдэхэд зарцуул. Маш энгийн бодлого байгаа биз. Би өнөөдөр яг эндээс гараад яамныхаа 10 хүнд дэмжлэг үзүүлсэн шийдвэрээ танилцуулах гээд сууж байна. Хуулийн сайд дөрвөн том ажил хийдэг. Нэгдүгээрт, нийт улсынхаа дотоод аюулгүй байдлыг хариуцдаг. Цагдаа, хил, шийдвэр гүйцэтгэл, бүртгэл гээд 12 байгууллага сайдад харьяалагддаг. Эд нийлээд энэ ажлыг хариуцдаг, сайд чиглүүлдэг. Хоёрдугаарт, хууль бичих. Энэ бол миний хувьд сонгодог оршихуй. Нөгөө орондоо хууль засдаг гэж хүртэл тавлуулдаг зүйл маань. Гуравдугаарт, чи системийнхээ албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангах ёстой. Дээр дурдсан 12 байгууллагын бүгдээрэнг нь би шинэ байртай болгосон. Бараг толгой дараалан. Дөрөвдүгээрт, системийнхээ албан хаагчдын ахуй амьдралыг харж үзэх, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ёстой. 2000 онд сайд болсноос хойш орон сууц бариулж 5500 айл орон сууцанд орсон байна билээ. Би 2012 онд явахдаа яамныхаа 74 ажилтны 40 гаруйг нь байранд оруулсан. Одоо 390 айлын орон сууц бариулж байна. Манай яамны 108 хүний 80 гаруй нь тэр байранд орно. Байшинг нь бариулаад өгчихлөө.
-Энэ барилгын тухай мэдрэмж, мөрөөдлүүд тань таны хувийн хобби байх. Таны боловсролоо олж авсан нутаг тань Орос орон. Тэр дундаа Ленинград хот.
-Ердөө л тэр. Орос орон намайг мэргэжилтэй болгосон, бас хоббитой болгосон. Би УИХ-ын дарга болчихоод чуулганы хуралдааны их танхимыг шинээр бариулсан. Гандангийн байшинг хүртэл бариулсан. 1500 жилийн настай байшин л гэж барьсан компани нь яриад байгаа. Сайхан дугана болсон шүү.
-Тэнд бас зөндөө шүүмжлүүлсэн шүү. Д.Чойжамц хамба та хоёрыг хуйвалдлаа гээд бичээд л байсан?
-Зориглож бид хоёр эхлүүлээгүй бол үүнийг хэн ч, хэзээ ч хийхгүй байсан байж магадгүй. Одоо хэн юугаар хохиров. Зонхилох шашин нэг сайхан хийдтэй боллоо. Сүсэгтнүүд очоод мөргөл үйлдээд сэтгэлийн цэнгэл эдлээд гараг л дээ.
-Шашны их сургууль биз дээ?
-Сургууль биш, гандангийн үндсэн сүм юм. Чой хамбатай яриад зургийг нь гаргуулсан. МАН-ын бүлэг, АН-ын бүлэг дээр “Ганданд нэг ийм байшин бариулах шаардлага байна. Мөнгийг нь тавьчихаач” гэж гуйсан. Тэд зөвшөөрсөн. Тэгж эхэлсэн л дээ. Гандангийн байшин дээр өглөө хотынхныг унтаж байхад нь очиж ажлыг нь үзчихээд давхиад явчихдаг байсан. Тэгээд ирээд л ийш тийшээ ярьж шахаж, шантаажлаад л, компанийн захирлыг нь мөн ч олон загнасан даа, хөөрхий (инээв). Чой хамба бид хоёроос Монголын ард түмэн, бурханы шашинтнуудад үлдээж байгаа хамгийн том юм энэ.
Шаравын “Ээж, аав хоёр минь” гэдэг алдарт дууны хөшөөг хүртэл босгож үзлээ. Хөшөөний зураг санааг Б.Шарав өөрөө гаргасан. Яг түүний санаагаар хийсэн. Т.Галсан, Б.Шарав хоёрт дууных нь хөшөөг үзүүлж нэг баярлуулсан даа. Уртаа багш яг хөшөөний нээлт хийх гэж байсан чинь өглөө нь бурханы оронд заларсан. Хойшлуулж байж нээлт хийсэн. Ер нь бол дарга сайд хийх хоёр л зам байдаг. Нэгдэх нь юуг ч хийхгүй, хал балгүй амиа хоохойлж хугацаагаа дуусгах. Ард нь юу ч үлдэхгүй. Хоёр дахь нь зорилго тавьж, түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж, хийж бүтээх мөрөөдлөө биелүүлэх. Би энэ хоёр дахь адармаатай замаар явж мөрөөдөл болгоноо биелүүлж, санасан болгоноо хийсэн. Дутуу юм үлдээгээгүй.
-ХЗДХЯ-нд сайдаар ирэх тоолондоо өөрөө ер бусын догдлолтой ирдэг үү. Бас буух тоолондоо ууртай буудаг уу. Энэнд та нэг хариулчихаач. Мөнхийн энэ орон зайг л хаанчлах гэж улс төрд байдаг гэж хүртэл хэлэгддэг болохоор асууж байгаа юм?
-Би албан тушаалд томилогдохдоо догдолдоггүй, ажил хийх боломж л гэж ойлгодог. Буцахдаа гунигладаггүй. Бодсоноо хийчихдэг учраас. Би буух бэлтгэлээ их эрт хийдэг хүн шүү дээ. 2012 онд би энэ яамнаас явахдаа хамгийн сүүлд юу хийсэн гээч. Паарыг нь цэвэрлүүлж өгөөд явсан. Хамгийн сүүлд шүү дээ. Сая би явах бэлтгэлээ шинэ жилээр хийчихсэн.
-Яаж?
-Бүх агентлагийнхаа шинэ жилээр орсон. Тэгээд нэлээд олон үйлчилгээний ажилтнууддаа байр өгсөн. Хамгийн хүнд амьдралтай, гачигдалтай хүмүүст.
-Ямар газруудад ингэж байр олдоод байдаг юм бэ. Зарим газруудад бол мөрөөдөл төдий үйл явдал шүү дээ.
-Сая шинэ жилээр яамныхаа бүх цэвэрлэгч, үйлчлэгч, жолооч нарт байр өгсөн шүү дээ. Уйлаад л байна билээ. Энэ төсвөөс хувиарлагдаж байгаа хөрөнгийг үр ашигтай зарцуулж чадах юм бол бололцоо зөндөө байгаа. Манай системийн албан хаагчдын орон сууц бол 900 мянгаас 1.2 сая төгрөгийн өртөгтэй юм. Арилжааны орон сууц чинь 2.4 сая байгаа. 50 хувийн хямдралтай үнээр манайхан байранд орж байгаа шүү дээ. Хүнийг орон байр, гал голомттой болгохоос илүү буян гэж байх уу. Нэг ч гэсэн албан хаагч орон сууцанд оруулж л байвал миний санаа амардаг.
-Цагдаа нар бас тэгж байгаа юм билээ?
-Ялгаагүй шүү дээ.
-Нэг асуулт мартах нь. Цэрэг, цагдаа, ялангуяа цэргийн толгойнууд улс төр лүү орж байгааг та яаж харж байна. Жишээлбэл, Ц.Сэргэлэн. Т.Бадрал гээд л?
-Ер нь бол байж болох л хувилбар. Одоогийн зарим онгироо залуучуудыг бодвол Ц.Сэргэлэн хамаагүй нуруутай хүн. Би Ц.Сэргэлэнг мэднэ. Манай салбарын хүмүүс. Нарийндаа би бүх залуучуудыг л дэмждэг. Ялангуяа энэ барилгын харуул манаа хийж байгаа, барилга барьж байгаа ажилчин залуусыг хайрладаг. Эд нар чинь бүгд миний найз, за. Би ямар залуучуудтай жоохон хэрцгий ханддаг вэ гэхээр энэ цүнх баригчидтай. Дарга нарын хажууд далдайж явдаг залууст дургүй.
-Тэгээд яагаад залуучуудын ангууч гэж нэр аваад байна?
-Дарга нарын хажууд явж байгаад албан тушаал авдаг, албан тушаал аваад хулгай хийдэг залуучуудад би үнэхээр дургүй. Тэд нар бол энэ сайхан ажил хийж байгаа залуучуудын нэр төрийг түймэрдэж дуусаж байна. Жинхэнэ чадалтай сайхан залуу хүмүүс малаа маллаж, тариа ногоогоо тарьж, барилгаа барьж, спорт, соёл урлагт сэтгэлээ зориулж, багшилж, эрүүл мэндийнхэн энхийн манаанд зогсож байна. Тэд дийлэнх олонх. Тэдэнд би хайртай. Жинхэнэ Монгол залуучууд. Энэ улс төр тойрсон, улстөрчдийн цүнх баригч нар аюултай шүү. Би өөртөө цүнх баригч ойртуулдаггүй хүн. Би бараг 20-иод жил энэ яамыг тойрч ажиллаж байна. Би гаднаас өгсөн нэг ч хүн аваагүй. Нэгийг чшүү. Би систем дотроо ажилласан, бэлтгэгдсэн хүн тавина гэдэг ганцхан зарчимтай. Энэ цүнх баригчид бол осолтой. Хамгийн аюултай, хамгийн чадвар муутай нь цүнх баригчид байдаг байхгүй юу.
Магадгүй энэ дарга нараас миний ялгагдах ялгаа энд л байгаа
-Санал нэг байна?
-Хамгийн хүн муутай, хамгийн мэдлэг чадвар муутай. Хамгийн олиггүй сэтгэлтэй, шунахай. Албан тушаалын төлөө, нэр төрийн төлөө хүн алахаас сийхгүй хүмүүс дарга нарын хажууд очиж наалдаад байгаа юм.
Манай дарга нар тэд нарыг өөртөө дөхүүлчихээд сүүлд нь балраад байгаа юм. Магадгүй бусад дарга нараас миний ялгагдах ялгаа энд л байгаа. Миний хажууд байсан хүн шоронд суусан гэж сонссон уу, чи. Зүгээр л тийм хүн байхгүй.
-Хамгийн их дайсантай улстөрч та мөн үү?
-Хангалттай. Энэ тал дээр надад өрсөлдөгч байхгүй.
-Тэр тусмаа дандаа доторх тойргоосоо дайсантай болдог. Та олон жилийн өмнө надад өгсөн нэг ярилцлагандаа “Монгол орон энэ Э-гүүдийн хөлд үрэгдэх нь” гэж нэг үг хэлж байсан. Мартагддаггүй юм?
-Үрэгдэж л байгаа биз дээ. Н.Энхбаярыг хар. М.Энхсайханыг хар. Ц.Элбэгдоржийг хар. М.Энхболдыг хар. Худлаа хэлж үү!
-Эргээд ямар нэгэн байдлаар уулзах нүүр тохиох хувь заяаны ирмэг дээр та тэдэн рүү яаж хардаг юм. Жишээ нь, та Н.Энхбаяртай тааралддаг уу?
-Би чинь энэ хотынхон шиг нэг өдөр тэврэлдээд, маргааш нь бөөр рүү нь хутга хийдэг чадвартай хүн биш шүү дээ.
-Эргэж харахгүй л алхах уу?
-Нэг л дууссан бол тэгээд л мөр мөрөөрөө. Би тэврэлдэж ч чадахгүй, хутгалж ч чадахгүй. Би Н.Энхбаяртай чинь муудалцах үедээ өрөөнд нь орж “Салъя гэж салсангүй. Салаа замын эрхээр саллаа. М.Энхсайхантайгаа түмэн жилдээ жаргаарай” гэж хэлээд гарсан даа. Алтай Таван Богд дээгүүр тэврэлдэж яваад ирэхэд нь. Яахаараа эд нар нэг өдөр тэврэлдээд, нэг өдөр дайсан болоод байдаг юм. Үүнийг би ойлгохгүй юм билээ.
-М.Энхсайханы араас Н.Энхбаяр дарга ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй юу?
-Хэлэхгүй шүү дээ. Эд нар ингэдэг л байхгүй юу. Би бол тэр олон аашийг нь гаргаж чадахгүй шүү дээ. Би хөдөөний хүн. Хөдөөний хүн бол цагаан тулалддаг. Дийлвэл дийлнэ. Дийлэхгүй бол нухуулна. Хотынхон бол байшингийн булангийн цаанаас бие бие рүүгээ чулуу шиддэг. Эсвэл хүнээр чулуу шийдүүлдэг. Ийм л зодоонтой шүү дээ, эд нар. Энэ унаган араншин чинь надаас салж өгөхгүй яваад байна шүү дээ. М.Энхболдтой ч гэсэн би мэндтэй л явдаг. Одоо ч гэсэн. Гэхдээ М.Энхболд бид хоёрын зам цаашид хэзээ ч нийлэхгүй. Зарчим хэтэрхий хол зөрсөн. Миний итгэж байсан хүн биш байна лээ. Дэндүү хорлонтой юмнууд хийж байсныг их хожуу мэдсэн.
-АН-ын тухайд би танаас нэг юм асуугаад ярилцлагаа хаая. Сөрөг хүчин амьгүй сөрөг хүчин байлаа. Энэ нам дотор бас л хуваагдал явчихлаа. Гэхдээ энэ хоёр том намын төлөвшлийн төлөө бол та зарчимтай үгийг байнга хэлж ирсэн. Одоо энэ нэр дэвшүүлсэн процесс нь гэхэд залуучуудаа мөнгөний гуйлганд хотоор нэг гүйлгэчихлээ. Энэ явдлыг та яаж харж байна вэ?
-Их гунигтай. Би энэ АН-ын талаар хатуу хөтүү үг хэлдэг боловч энэ намыг байж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг байсан юм. Яагаад гэвэл цаашдаа зах зээлийн эдийн засаг, олон намын тогтолцооны үед хоёр тулгуур намгүй бол энэ улс ерөөсөө явахгүй. Нэг нь хэт давамгайлчих юм бол энэ хулгай, луйвар нь дийлдэхгүй түвшинд хүрнэ шүү дээ. Дахиад л буцаад дарангуйлал руугаа орно. Цэвэршүүлэлтийн систем байж байх ёстой. Улс төрийн. Энэ бол хоёр намын цэвэр өрсөлдөөний асуудал шүү дээ. Одоо бол би энэ намыг хайрлахаа байчихсан шүү. Ёстой өлөндөө болог гэж бодох үе гарч байна шүү дээ. Хэчнээн их урваж, шарваж байна. Удирдлагадаа ямар хүмүүсийг тавьж байна. Тавигдсан хүмүүс нь хэний боол болж зүтгэж байна вэ гэдгийг эрх биш би харж байна шүү дээ. Ардчилсан нам бол одоо ерөөсөө л “сахал” Эрдэнэбилэгийн удирдлагаар явдаг нам болсон. Мөнгөөр нь тэтгүүлдэг болсон. Сая нэр дэвшүүлэхдээ дандаа яллагдагчаар татагдсан ХХБ-ныхныг нэр дэвшүүллээ. Хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлээ. Энэ сонгуульд АН-аас арваад яллагдагчаар татагдсан хүн орж байна. Бүгд цаад талдаа ХХБ-наас уяатай, энэ бүлэглэлийн хүмүүс. Нөгөө талаасаа үндсэн масс нь байхгүй болчихсон. Хөөгөөд байхаар чинь яаж юм үлддэг юм бэ. Н.Алтанхуягийг О.Баасанхүүгээр солиод байвал энэ нам чинь яаж цаашаа явах юм бэ. Хайран байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ нам бол оршин тогтнох утга учиргүй болсон. Татан буугдаад, дахиад шинэ нам байгуулах юм уу, яах юм. Д.Сосорбарам нэг тийм юм хэлсэн шүү дээ. Энэ рүүгээ орлоо. Гунигтай. Ядаж л АН хүн амины хэрэгт холбогдоогүй хүнээ даргаар тавих гээд чадахгүй байна. АН-ын дарга гэдэг чинь ирээдүйн Ерөнхий сайд байх нэг хувилбар шүү дээ. Яахаараа заавал хүн алсан хүн Монгол Улсын Ерөнхий сайд болох ёстой юм. Мөн үү. Тэгээд арга нь дандаа эрүүгийн аргатай болчихсон. Одоо над руу элдэв хүмүүс явуулаад байгаа чинь дандаа эрүүгийн хорон арга нь байхгүй юу. Эрүүгийнхэн чинь өөрөө хүн “зоддоггүй” юм ш дээ. Шоронгийнхон. Хүнээр “зодуулдаг” байхгүй юу. Одоо эд нарын арга яг тийм арга руу дэндүү шилжлээ. Тэгээд сая гэхэд Ж.Батзандан, Лу.Болдыг хөөж явуулчихаад О.Баасанхүүг авах юм. Арай ч дээ. Одоо бол чадавхгүй болсон. Дахиад нэг эмхлэгдэх тавилан эд нарт байдаг юм уу, үгүй юм уу. Яалт ч үгүй л монгол хүний сэтгэлийн дуудлага болж гарч ирсэн нам шүү дээ. 1921 оны МАН тэгж гарч ирж байсан. Харийн дарлалаас чөлөөлөх сэтгэлийн дуудлагаар гарч ирсэн нам. Энэ 1990 оных бол эрх чөлөөний дуудлагаар гарч ирсэн. Одоо бүгд тэр 1990 онд ярьж байсныхаа эсрэг явлаа шүү дээ. Бүгд том хөрөнгөтнүүд боллоо. Хулгай луйвар хийсээр байгаад аюул болж байна шүү дээ.
-Та өнөөдөр сонгуульд нэр дэвшиж байгаа өрсөлдөгч. Яагаад өөртөө огт ашиггүй дайсан татаж, гал дуудсан мэдэгдлүүд хийж байдаг юм бэ ?
-Сонгууль яахав ээ. Энэ чинь өнгөн талдаа Ц.Нямдорж гэдэг хүний ярилцлага боловч хэрэг дээрээ Монголын 30 жилийн түүх. Энэ түүхийг гашуун ч гэсэн мартаж болохгүй. Тэр утгаар нь би нэртэй устай, эзэнтэй ярилцлага өгч байна. Ингэж ярих цаг болсон. Би энэ улсын хэтийн хувь заяатай холбоотой асуудал яриад байна шүү дээ. Энэ нэг балиар ханиад чинь дэлхийг өөрийг нь сүйтгээд хаячихлаа. Дэлхийг дэлхий биш болгочихлоо шүү дээ. Ийм нөхцөлд энэ улс цаашаа яаж явах юм бэ гэдэг асуудал. Эрдэнэт дээр хэтэрхий их эмзэглээд байгаа чинь энэнтэй л холбоотой. Гаднаас 100 жилийн өмнө орж ирсэн хүмүүс Монголд сайхан амьдрах ёстой. Тэд нарыг ад үзэж болохгүй гэж Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө Улаанбаатар ТВ-ээр ярихад нь би үхтлээ гайхаж байсан. Яагаад гэнэт ийм юм ярив гэж. Одоо би эсрэгээр нь нэг юм хэлчихье. 100 жилийн өмнө орж ирсэн хүмүүс Монголд сайхан амьдарч болно. Сурч болно. Боловсорч болно. Чинээлэг амьдарч болно. Гэхдээ бүлэглэж Монголын хувь заяагаар тоглох эрх тэдэнд байхгүй. Сахал Эрдэнэбилэгийн эцэг нь 1940 онд Монголд орж ирсэн Ли Чин Ши гэдэг хүн байсан. Эрдэнэтийн луйврын гол хүмүүс нь дандаа ийм гаралтай. Тэд төлөөнийхөө этгээдүүдийг Монгол төрийн толгойд суулгаж тэднээрээ дамжуулж Монголын уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарт ноёрхлоо тогтоож, өнгөтэй өөдтэй болгоныг хаман залгих оролдлогыг эрээ цээргүй хийж Монголын ард түмнийг доромжлох боллоо. Ард түмэн үүнийг мэдэж аваг. Хэлэхгүй бол эд нар улам даврах шинжтэй. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг болж байна. Эрдэнэтийн төлөө үхэн хатан тэмцээд байгаагийн шалтгаан нь энэ. Би өдий хүртэл тэвчиж ирсэн хамгийн эмзэг юмыг чамд хэллээ. Чи Ханд вангийн нутгийн хүн. Тэр их хүн юуны төлөө тэмцэж явсан билээ. Мартаагүй биз. Монголын төлөөх цохилох зүрх дуусаагүй гэдгийг эдэнд сануулах цаг болсон. Хэтэрхий олон жил ингэж явлаа.