Д.Лүндээжанцан: Парламентын гишүүн хүн дотоод сэтгэлдээ төрийн хүний ноён нурууны ерөндөгтэй байх ёстой
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг өнөөдөр би зочноороо урьлаа. Мэдээж сонгуулийн өрсөлдөөн, гадуур өрнөж буй үйл явдлууд гээд чамгүй олон сэдвүүд эргэлдэж буй энэ үед нэр дэвшигчийг барьж авч ярилцах амаргүй байлаа. Ялангуяа ойрын өдрүүдэд болоод байгаа баривчилгааны талаар түүнээс асуумаар санагдаад болдоггүй....
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг өнөөдөр би зочноороо урьлаа. Мэдээж сонгуулийн өрсөлдөөн, гадуур өрнөж буй үйл явдлууд гээд чамгүй олон сэдвүүд эргэлдэж буй энэ үед нэр дэвшигчийг барьж авч ярилцах амаргүй байлаа. Ялангуяа ойрын өдрүүдэд болоод байгаа баривчилгааны талаар түүнээс асуумаар санагдаад болдоггүй....
Ингээд бидний ярианд анхаарлаа хандуулахыг хүсье.
- Энэ олон жил сэтгүүл зүйд ажиллахдаа тантай ярилцлага хийж байгаагүй юм байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн том тойрогт, ширүүн өрсөлдөөн дунд ороод явж байгаа нэр дэвшигч таныг зочноороо урихаар шийдсэн юм. Та олон парламентад ажилласан хүн. Энэ удаагийнхыг нэлээд онцгой дөрвөн гэж би хувьдаахарж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт гэх том ажлын ард гарлаа. Олон парламент дамжсан, гэхдээ яг бариад авах гэхээр нөхцөл бүрдэж өгдөггүй, хүнд сэдэв байлаа шүү дээ?
- Ард түмэн 65 суудал өгсөн энэ үеийг алдах эрх байгаагүй л дээ. Сүүлийн 25 жил болж бүтэхгүй байгаа юмаа одоо зас гэж л итгэл өгсөн. Энэ түүхэн захиалга, түүний ард байсан хүлээлтийг зүгээр сууж байгаад өнгөрөөх эрхгүй дөрвөн жил байсан. Дунд нь бас нэлээд юм боллоо. Гэхдээ том эрх ашиг байх ёстой. Энэ бол Монгол Улсын эрх ашиг,Монголын ард түмний эрх ашиг хоёр шүү дээ. Тийм учраас удаан жилийн түүхтэй, ууган намын хувьд асар өндөр хариуцлага үүрсэн. Ирэх жил 100 жилээ тэмдэглэх гэж байгаа нам шүү дээ. 1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахад ч дийлэнх олонхыг нь бүрдүүлж байсныхаа хувьд бид энэ ажлыг хийх ёстой байсан. Өнгөрсөн гучаад жил явсаналдаа оноог дэнсэлж, дараагийн 30 жилийнхээ замын зургийг нэг ёсондоо жолоочоор ярих бол хотын хөдөлгөөний дүрмээ тодруулах, тодотгох зайлшгүй шаардлага байсан. Тийм учраас 20-иод жил, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ ээ гэж зүтгэсэн. Тэр дундаа миний хувьд гол анхаарлаа тавьж ажиллана гэж 2016 онд би сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон хүн. Энэ амлалтандаа хүрэхийн тулд хичээсэн. Миний ажил төрөл үндсэндээ ерөөсөө ганцхан энэ дээр фокуслагдаж байсан. Үүний дагуу гарах 45 хууль дээр бид цаг наргүй ажилласан. Үүнийг үгүйсгэх хүн гарахгүй байх гэж бодож байна. УИХ-ын хууль, УИХ-ын дэгийн хууль, Засгийн газрын хуулийн нэмэлт өөрчлөлт, Төрийн аудитын хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гээд таван хууль гарсан. Энэ таван хууль бол ямар ч байсан одоогийн байгууллагдах шинэ УИХ шинэ дэгээрээ, шинэ эрх зүйн орчноороо ажиллах, Засгийн газар мөн тэгж ажиллах, тэгээд төсөв зохиох, боловсруулах, батлах болоод зарцуулалтад нь хяналт тавих асуудал бүгд хайрцаглагдаад, хууль зүйн орчны хувьд бол нэлээд чамбай хуулиуд болж чадлаа. Засаг захиргааны хуулийг бол амжсангүй. Энэ гол том ажлын ард гарсан гэдэг утгаараа үнэхээр өвөрмөц, бас амаргүй дөрвөн жил өнгөрлөө гэж би харж байгаа.
- Өнгөрсөн 2016 онд сонгуульд орохын өмнө С.Баяр дарга хэлж байсан л даа. “Одоо Үндсэн хуулийн өрчлөлт гэдэг том ажил биднийг хүлээж байгаа. Энэ хэмжээний хуулийг Д.Лүндээжанцангаар эх бариулаасай гэж хүсч байна” гэж хэлж байсан. Энэ ажлыг та толгойлж хийлээ. Би тантай хамтарч ажилласан хэд хэдэн гишүүнтэй ярилцлага хийлээ л дээ. Жишээлбэл, Л.Оюун-Эрдэнэ гишүүн “ Жинхэнэ параламентч хүн гэж ямар хүн байдаг юм бэ гэдгийг л дэргэдээс нь харж, суралцаж, хамтран ажиллалаа” гэж хэлж байна билээ.
-Баярлалаа.
- Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он жилүүд болно. Та хэдийн сая баталсан Үндсэн хуулийг дагалдаж гарах 40 гаруй хууль хүлээгдэж байгаа. Энэ ажлыг гүйцээх гэж танай нам танд итгэл үзүүлж, Баянгол дүүрэгт илгээсэн байх. Нам ингэхэд яг хүнээ илгээхдээ ямар даалгавар өгдөг юм. Танд жишээлбэл, юу хэлсэн бэ?
- У.Хүрэлсүх дарга “Та энэ хүлээгдэж байгаа 40 хуулиа гардаж хий. Үндсэн хуулиндаа суулгасан тэр амин сүнсийг бусад хуулиуддаа гуйвуулахгүйгээр шингээн суулгаж өг. Ард түмний хүсч буй шударга ёс, төрийн байгууллын хариуцлага, төсвийн байгууллагын ил тод байх зарчмуудыг амьдруулах эрх зүйг бий олгох ажил таныг хүлээж байна. Тийм учраас ухрах ёсгүй” гэж л хэлсэн. Жишээ нь, одоосонгуульд нэр дэвшиж байгаа зарим хүмүүсийн мушгин гуйвуулаад байгаа нэг юмыг тайлбарлая л даа. “Байгалийн баялагийг төрийн нийтийн өмч” гэж тодорхойлсон нь бол их буруу гээд зарим хүн шүүмжилж байна. Энэ бол ард түмний өмч байх ёстой гэж нэг хэсэг нь яриад, нэг хэсэг нь төрийн өмч байх ёстой гэж яриад байна. Тэгэхээр ер ньстерагтегийн орд газрууд, энэ чухал байгалийн баялагуудыг Төр нь бид л мэднэ гээд, сангийн юмыг домбоор гуядана гэдэг шиг лиценз мицензийг нь хамаагүй тараагаад байж болохгүй л байхгүй юу. Ийм учраас энд ард түмний ямар нэг оролцоо орох механизмийг суулгах гэж бид “төрийн олон нийтийн өмч” гэдэг томьёолол оруулсан. Тэгээд үүнтэй холбогдуулаад УИХ-аас тогтоол гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөө батлах, хуваарь батлах тухай тогтоолд энэ ондоо багтаагаад Ашигт малтмалын хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль гэх мэтчилэн 10 гаруй хууль бий. Цөмийн хаягдлыг хилээр нэвтрүүлэхгүй, дамжин өнгөрүүлэхгүй, булшлахгүй байх тухай ч гэдэг юм уу... Энэ олон хуулийг байгалийн баялагийг ашигласнаас үүдэн гарах үр дагаврын талаар иргэд мэдэх эрхтэй гэж бид заалт оруулж байна шүү дээ. Тэгэхээр энэ олон заалтуудыг амилуулахын тулд Баялагийн сангийн хууль дээр сая бид чардайж сууж байгаад, ямар ч байсан босгосон. Нэлээд том сан байгуулагдана. Зөв, сайн менежмент хийвэл улс оронд маш хэрэгтэй байна. Үүгээр олон зуун мянган ажлын байр бий болно гэх мэтчилэн үр дүнгүүд гарна. Энэ бүх ажлуудыг гүйцээх гэж У.Хүрэлсүх дарга, “Та яадаг ч байсан энэ удаа хойшоо сууж болохгүй. Энэ эрх зүйн шинэчлэлийг цааш нь хөтлөх хэрэгтэй” гэж үүрэг даалгавар өгсөн л дөө. Яг хууль бичдэг law maker гэж мэргэжил байдаг. Энийг эзэмшсэн хүн нь монголд гарын таван хуруунд л багтахаар цөөхөн байна. “Та залгамжаа бэлдсэнгүй” гэж зарим нь зэмлэх л юм. Бэлдээд л байгаа юм л даа. Харамсалтай нь, өнөөдрийн сонгуулийн тогтолцоогоор чинь тийм суудаг хүмүүс нь гарч ирэхгүй юм. Улс төрийн намын болон, мөнгөний тогтолцоонд хэрчүүлээд дуусаж байгаа байхгүй юу. Энэ ч бас хоёр талтай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сэтгэл дундуур байдаг хүмүүс нь гишүүдийн тоо нэмсэнгүй, сонгуулийн тогтолцоо холимог байх ёстой гээд баахан шүүмжлэл өрнүүлдэг. Гэтэл холимог тогтолцоо нь хууль хийх хүнийг биш, мажоритар тогтолцооны үед хүлээж авахгүй хүмүүсээ чихчихдэг учраасард түмэн дургүй байгаа юм. Энэ бүхний гол шалтгаан юунд байна гэхээр эцсийн эцэст монголын ард түмэн ихэнх нь дундаж давхарга болчихсон байвалянз бүрийн мөнгөний болон амлалтын хүчин зүйлд автагдахгүй байх нөхцөл бүрдэх юм. Тэгэхээр миний улс төрд үлдсэн ганц шалтгаан бол ерөнхийдөө ирэх 30 жилийн дүр зурагаа гаргаад ирлээ. Эцсийн эцэст улс орон түргэн хөгжих, ард түмний аж амьдрал сайжруулах гол зангилаа нь Үндсэн хууль дээр очиж төвлөрөөд байсан байхгүй юу. Тэр тээг саадуудыг нь л янзаллаа, заслаа. Замыг нь шулуутгалаа, гацааг нь арилгалаа. Төрийн эрх мэдлийн зөв тэнцвэрт хуваарилалтыг нь хийлээ. Энэ нь эцсийн эцэст иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хуулиар тунхагласан биш, амьдрал дээр хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны сахилга хариуцлагын эрэг шургийг чангалж л байгаа хэрэг.
- Орчин нөхцөл их өөрчлөгдсөн. Цоо шинэ цахим платформууд гараад ирлээ. Өнгөрсөн дөрвөн жил Ц.Нямдорж гишүүн, та хоёр гэхэд урьд өмнө нь үзээгүй шинэ төрлийн нэгэн шахалттай нүүр тулах шиг болсон. Биологийн насаар түрсэн хөөлт гэх юм уу даа.“Одоо энэ хоёр өвгөн болсон. Энэ хэдэн өвгөнийг зайлуулъя” гэх түрэлт явсан. Энэ шинэ хандлагад та эмзэглэсэн үү?
-Би ерөөсөө эмзэглэдэггүй. Манай залуучууд бол ингээгүй байх шүү. Энэ бол бүр алсаас явуулсан, ахмадуудыг нь түрээд гаргачихвал залуучуудтай нь ажиллахад амар гэж харсан бодлого болов уу. Гадны лобби гэх юм уу, дөрвөн талаас урсгалтай бодлого явагдаж байна шүү дээ. Түүнээс биш манай залуучуудаас ахмадуудыгаа хөөгөөд, зайл, үх гээд хэлж байгаа нь хэд вэ. Ийм юм бичиж байгаа нь хөлсний, захиалагчид голдуу байгаа болов уу гэж би бодож байна. Үргэлж тэгээд байхаар чинь нээрээ ч тийм юм болов уу гэж манай зарим сошиалд ордог залуучуудыг бодоход хүргэсэн байж магадгүй. Тэгээд яваандаа тэд нар чинь өөрсдөө бодоод ирэхээр “Нээрээ ч парламентийн гуравны хоёр нь дахин сонгогдвол алдаа оноогоо мэддэг, эхэлснээ гүйцээдэг, идэж ууснаа үргээдэг юм байна” гэж тунгааж байх шиг байна л даа. Гуравны нэг нь бүр тогтсон парламенттай газар бол үсрээд тавны нэг нь л шинэчилэгдэж, шинэ цусаар сэлбэгдэж байдаг. Манайх болохоор толгойг нь уруугаа харуулаад, хөндлөн гулд болгоод байдаг. “Одоо бүх хүн зайл. Тэр дотроо манийг бүр зайл” гээд байх юм. Би бол гадаадын параламентын насны дундаж насан дээр байгаа хүн. Одоо ирэх 11 сарын 25-д 63 нас хүрнэ. Энэ бол дундаж нас байхгүй юу. Улстөрчийн дундаж нас. Гэхдээ би суугаад байна гэсэн утгаар яриагүй шүү. “Гарцаагүй хийх ажил өмнө байна. Энийгээ дуусга. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал ” гээд хүсэлт тавиад шахсан. Тэгэхээр чинь олон жил уяулсан морь шиг за, үзье гээд явж байна. Хоёрдугаарт, надад бол үгүй гэж хэлэх эрх байхгүй болчихоод байгаа юм. Энэ өнгөрсөн жилүүдийн алдаа оноо бүгд маньтай холбоотой. Тэгэхээр ямар ч байсан том суурийг нь засчихлаа. Одоо дээвэр туургыг нь зөвгаргаад ирэхүүрэгтэй. “Бурхан багш” гэдэг киног чинь бид нар үзүүлэх гэж нэлээд юм болж байж үзүүлж байгаа байхгүй юу, бүр хөөцөлдөж байж. Би чинь бас хагас дутуу ч гэсэн гэгээрсэн хүн байхгүй юу. Албан тушаалын шуналын тухай надтай ярих боломжгүй. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөгч болохоос албан тушаалын хэнээ, шунал биш. Сайд юм уу, дарга болно гээд давхиад байгаа бол өөр хэрэг. Би томилолтоор ч явдаггүй хүн. Харин Г.Занданшатар хэлсэн шүү “Томилолтоор нэг ч удаа явдаггүй. Энэ хүн тувт ард түмнийхээ сонголтоор гарч ирж байсан хүн” гэж. Би парламентдаа л үнэнч явж ирсэн. Зарим хүн “Та парламентдаа үнэнч байж, олон хууль баталсан. Энэ дотор чинь онгорхой цоорхой их байна” гэдэг. Бүгдийг нэг хүн дийлэхгүй шүү дээ. Би биеэ өмөөрч байгаа юм биш. Аль болохоор нэлээдийнх нь замыг засаж, онгорхой цоорхойг нь нөхсан. Тэгээд бараагүй л байхгүй юу. Юун дээр тулчихдаг гэхээр улс төрийн намуудын шахалт, дарамт гэдэг чинь маш хэцүү байдаг юм шүү дээ.
- Таныг уурлаж дүрэлзээд, хилэнтэй үг амнаасаа унагаж байхыг үзээгүй. Бас хатуу ширүүнтэмцэл өрнүүлж, “дайсан” цуглуулж байхыг ч хараагүй. Үүнийг хүмүүс хоёр талтай хардаг. Нэг хэсэг нь, “Энэ нөхөр бол хамрын тамхиа татаж, зав гарвал шатар тоглодог. Үндсэн ажил нь хууль л нухдаг хүн дээ” гэдэг бол нөгөө тал нь “Бөөрөнхий, аймтгай хүн” хэмээдэг. Хурц юм руу огт ордоггүй гэх ?
- Үүнд би хариулт өгсөн л дөө. Ер нь бол би туулай шиг зүрхтэй хүн л байх л даа. Б.Чимэд багш дээр үед “Би туулай шиг аймхай хүн шүү дээ” гэж гарчигтай нэг яриа өгсөн. Гэхдээ хатуу хүн байсан шүү. Би ч өөрийнхөө хуулийн заалтуудыг зөрчсөн юман дээр хувиа тавихгүй зантай. Үндсэн хуулиас хазгай гишгэхгүй байж, түүнээс давсан зүйлд хатуу ханддаг хүн. Тэгэхгүй бол нүгэл болно шүү дээ. Бага байхад ээжийн маань хэлсэн захиас надад гүнзгий шингэсэн юм шиг байгаа юм. “Хүний амьдрал гэдэг бол цай чанах зуурын төдий галтай адил юм. Энэ хооронд хүнтэй битгий их муудалцаарай миний хүү” гэж захьсан. Манай аав бол, “Юмыг олон талаас нь бодож бай. Нэг талаас нь бодож дүгнэлт гаргах юм бол минийх л зөв эсвэл тэрнийх зөв, үүний буруу гэж хатуу шийд гаргах нь хамгийн буруу шийдвэр байж болно шүү” гэж захисан учраас эргэлзэх сэтгэлгээ надад байдаг. Миний үзсэн, харсан, дуулсан болоод миний өөрийн ертөнцийг үзэх үзэл гэж бий. Тэгэхээр энэ бүхнийг заавал эргэцүүлж бодож бай, шууд дүгнэлт хийж болохгүй гэсэн зарчим. Орчин цагийн хэлээр бол л нөгөө ‘critical thinking” буюу шүүн тунгаах чадвар өндөртэй хүн л байхгүй юу. Би эх орон, үнэт зүйл, том эрх ашгийн асуудал, өөрийн зөв гэсэн үзэл санаан дээрээ бол тууштай тэмцэж ирсэн. Хүмүүс яаж хэлэх нь надад хамаагүй.
- Та өнгөрсөн дөрвөн жил нэг удаа сүрхий бухимдах шиг болсон. “Томилгоо болохоор хужирссан мал шиг ирдэг. Гарцаагүй чухал хуулийн төслүүд байхад ирц байдаггүй. Хоёр, гурван нөхөр л хуультай ноцолдож байдаг” гэж уурласан. Үнэхээр уур хүрмээр үе олон байсан уу?
- Би бишгүй л өтгөсийг үдэж, нялхасыг угтаж авч явлаа. Зарим нь ч сайн парламентч болон төлөвшиж, зарим нь ч дундаасаа гээгдсэн байна. Зарим нь ч бас хазгай гишгээд, жижиг алдаа гаргаад миний найдлага өнгөрч байсан талууд байна. Ингээд харж байхад ганц энэ удаагийн парламент биш юм. Бүх л парламент дээр өглөө ирээд, шөнө дунд болтол сууж байдаг нэг хэсэг байна. Байнга ажиллаж, нухаж байдаг хэсэг. Мөн улс төрийн ачаа үүрээд зүтгэдэг нэг хэсэг байна. Харамсалтай нь талаас илүү хувь нь тийм байгаагүй. Би зарим хүмүүсийг ажиглаад харж байдаг юм. “За, энэ ч нөгөө чөлөөт цагаараа суудаг хэсэгт орох болов уу даа” гэтэл зарим нь маш идэвхтэй ажилладаг байх юм. Ер нь бол парламентад ачаа үүрдэг нь арван хэдэн хүн л байдаг байхгүй юу. Үе үеийн парламентын талаар миний ой санамжид 20-иод хүн үлдэж хоцорч. Улсын бага хурлаас эхлээд яг тодорхой дүр болж. О.Дашбалбар, М.Зинээ, С.Зориг нар бол улстөрчийнхөө хувьд үлдчихдэг юм байна. Нэг хэсэг нь үнэхээр ажлын төлөө явдаг, зүтгэдэг 17-20 хүн байна. Зарим нь ч одоо бурханы оронд очсон байна. Ингээд харахад яг тийм хүмүүс нь үлддэг. Надтай дотно найз байснаараа биш хийсэн ажлаараа, зүтгэлээрээ үлдчихдэг юм. Заримтай нь муудалцахаас эхлээд янз бүр байсан л даа. Би тоглоом шоглоомоор УИХ-ын шинэ жил дээр “Та нар цалин авдаг газрынхаа шинэ жилд оролцохгүй, тоохгүй, орж ирсэн болоод гараад явдаг эсвэл таслаад байдаг. Бусад тансаг шинэ жилээр болохоор яваад байж юм. Ингэж хандаад байвал дахин сонгогддоггүй юм шүү” гэж хэлдэг юм. Сүүлдээ айгаад ирдэг болсон. Бүр аргаа барж байгаа л ажил байхгүй юу. Гэхдэ энэ бол жижиг жишээ л дээ. Тэгэхээр, ялангуяа энэ хуулийн төсөл нухдаг ажил бол маш хүнд. Мэдээж хэрэг Б.Чимэд багш шиг энийг эзэмшсэн хүн байхгүй. 100 жилд нэг л төрөх байх. Цаана нь бол хэдхэн л хүн байдаг юм. Нэрийг нь хэлэхээр намайг орхилоо, намайг хэлсэнгүй гэнэ. Хуулийн төсөл бичнэ гэдэг нь амьдралын туршлага, онолын мэдлэг, олон улсын жишиг, алсыг харах чадвар, эх хэлний найруулан бичих чадвар, хууль зүйн техникийг эзэмшсэн байдал гэсэн зургаан шалгуурыг барьж байж сая хийдэг юм. Гадаадад хоёр, гурван сургууль төгссөн мундаг гэх атлаа яг үг эвлүүлээд бичихэд байхгүй л болчихдог юм. Тэр дотроо хуулийн хэл маш хэцүү. Яруу найраг шиг чөлөөтэй, уран илтгэл шиг тансаг биш. Энэ зохион байгуулалт, дэг журам шаардсан аналитик ажил байгаа юм. Энэ бол хамгийн хүнд мэргэжил. Дэлхий нийтэд ч ийм мэргэжил сонгосноор өөр юм сонгосон нь дээр гэж үздэг, хэлдэг. Тэгэхээр төрийн байгууллагын албан хаагчид ийм хууль зүйн техникийг эзэмшиж, тушаалаа зөв биччихдэг, протокол зөв хөтөлчихдөг болох хэрэгтэй. Өргөдөл бичсэн ч зөв, соёлтой бичдэг болох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд хамгийн дээд шат нь хуулийн төсөл бичих. Үнэхээр ярвигтай ажил л даа. Үүнийг манай залуучууд сурах хэрэгтэй. Энэ бол банз хөрөөдөөд хашаа барихтай адилгүй ажил шүү дээ. Өөрөө хэлсэн байна билээ. Уран дарх хийдэг инжааны ажил шиг гэж. Цаанаа хүмүүсийн амьдрал, улс орон тэр чигтээ багтаж байгаа юм. Тэгээд л та нар бүгдийг нь хийчихгүй яагаа вэ гэдэг. Энийг Ц.Нямдорж бид хоёр хийгээд, хийгээд барахгүй ажил байхгүй юу. Тэгэхээр том баг байх хэрэгтэй. Тэрийгээ л бэлдэж байгаа юм.
-Түшиг болохоор залуучууд байна уу?
-Олон гарч ирж байгаа. Би энэ 10-20 залуучуудыг нэрлэхийг хүсэхгүй байна. Үүний 10-аад нь УИХ-д ороод ирдэг бол болж байгаа юм. Гэхдээ амбиц багатай байх хэрэгтэй. Орж ирчихээд хуульд биш улс төрийн амбицаа ихдүүлээд чичрээд байвал улс төрийн дүр төрх суусан ч цаад шинж чанар нь буруугаараа явчихдаг байхгүй юу. Тиймээс амбицаа дарж чаддаг ерөндөгтэй байж л сая мэргэжлийн парламентч болно. Манайхан шууд сансарт нисэх гээд байдаг нь маш хэцүү. Шууд сансарт нисвэл тархинд цус харвах юм уу, зүрх нь хаагдана шүү дээ. Тэгэхээр сансарын нисгэгчдийн ярьдагаар Ю.А. Гагарины нэрэмжит сансарын нисгэгч бэлтгэх төвд бүрэн курс дууссан гэдэг чинь газарт байхдаа сансарт нисэх бэлтгэлээ маш сайн хийсэн л гэсэн үг. Тэгэхээр мэдлэг боловсролоороо хийсч болно. Хувийн дотоод сэтгэлдээ парламентын гишүүн, төрийн хүний ноён нурууны ерөндөгтэй байхгүй бол болохгүй. Би ингэж л хардаг.
- Та одоо хоёр залуутай баг болоод явж байна. 2016 оны сонгуулиар та Хассуурийн Ганхуягтай нь өрсөлдөж байсан байх аа ?
-Хассуурийн Ганхуяг хэлэх юмаа зоригтой хэлдэг, шударга маягийн залуу байна. Хүний сайныг ханилан байж танина, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг шиг. Энэ залуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх. Алсын хараа-2050-ийг батлахад баг болж ажилласан юм. Улсаас тендер, концесс авч байгаагүй. Татвар төлж байсан гэж ярьж байгаа юм. Ж.Ганбаатарын хувьд би дөрвөн жилийн өмнө орж ирэхдээ, “За энэ компанийн захиралууд ч дээ. Хувийнхаа эрх ашгийг дээрээ тавиад балрах вий дээ” гээд гээд дотроо эргэлзэнгүй байсан. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес, ажлын байрны төлөө үгээ хэлдэг, шазруун, зоригтой нөхөр байна. Бизнесийн хувьд бол мэдээж бүтээн байгуулагч хүн. Нэг асуудал тавихаараа түүнийнхээ ард гарах гээд үзчихдэг, хальрамтгай биш, ямар ч ханыг нэвт гарахаар зоригтой, эрч хүчтэй залуу. Ялангуяа коронавирусний үед Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд Засгийн газрын авсан багцууд дээр өдөр шөнөгүй ажиллалаа шүү дээ. Хоёр эрч хүчтэй залуутай нэг баг болоод, өрсөлдөөнд ороод явж байна. Бид өөрсдийн багаа шударга, бүтээлч гэж нэрлэж байгаа. Шударга гэдэг нь бид гурав бол хуулиа барьж ажиллана, шударга бус зүйлд орооцолдохгүй гэсэн утга. Бүтээлч гэдэг нь энэ хоёр маань үнэхээр хөдөлмөрч улс юм.Ер нь аливааг хэлэхэд амар, хийхэд хэцүү л дээ. Намайг ийм хэмжээний бүтээн байгуулалт хий гэвэл яаж ч үзээд чадахгүй. Харин хуулийнхаа төслийг нух гэвэл эрхбиш нухаад байна биз дээ. Тиймээс бид бүтээлч хүмүүс юм. Хууль бүтээх, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудалд бүтээлч хандана гэсэн үг. Би бол хуулийн асуудал, ялангуяа шударга ёсны тогтолцоо буюу шүүхийн тогтолцооны эрх зүйн үндэс шинэ УИХ-ын хамгийн анхны барьж авах ажил болох ёстой гэж үзэж байгаа. Засаг захиргааны шинэчлэл мөн адил. Баялгийн сангийн асуудлыг энэ ондоо багтаах ёстой зэрэг асуудлууд мань л надад сонгуульд өрсөлдөж явахаас илүү бодогдож байгаа юм. Сонгогдоогүй байж ийм юм бодох нь талаас мэргэжлийн “өвчин” юм юмуу даа. Гэхдээ бидэнд ийм үүрэг, хариуцлага ирчихсэн учраас хүссэн хүсээгүй бодохоос өөр арга байхгүй.
- Хүн бэлдэнэ гэдэг бол тавилангаа өгч байж хийдэг зүйл. Би Д.Тогтохсүрэн гишүүнтэй анх удаа ярилцлаа. Яах аргагүй таны төрд бэлтгэсэн хүний нэг байна билээ. Чамбай, нямбай, нэр төрөө эрхэмлэдэг, зарчимч ийм түшээд хэрэгтэй. Ер нь бүлгийн дарга савчиж гүйсэн нөхөр байвал хэцүү байх?
- Бүлгийн ажил хамгийн хэцүү ажил шүү дээ. Би УИХ-ын дарга хийж үзсэн. Ер нь бол бүлгийн дарга нь хамгийн хүнд нь байдаг юм шүү дээ. Тэр олон хүний эв эеийг хангаж ажиллах ёстой. Нэгийг нь зөв гэж үзээд дэмжээд гаргаж байтал үдээс хойш дэмжлэг авсан хүн нь эргээд дайрч байдаг гэх мэт их хэцүү нөхцөл байдалд ажилладаг. Би энэ Өвөрхангайн залуучуудаараа бахархдаг. Өвөрхангай бол миний нутаг. Олон удаа сонгогдож байлаа. Сонгогчидтойгоо одоо хүртэл холбоотой явдаг. Энэ бол насан туршийн болон миний үе удмын хүйн холбоо юм. Манай нутагт олон сайхан эрдэмтэн, бизнесмен, бөх, дуучин байна. Сайн багш, эмч бүгд манайхаас төрсөн. Манай нутгийн халтар нохой нь хүртэл надад сайхан харагддаг юм шүү дээ. ӨВ гэдэг машин харсан ч гүйгээд оччих гээд байдаг юм. Тэгээд тэр дотор бас үзүүр болж яваа манай сайхан залуучууд байна. Манай Д.Тогтохсүрэн дарга их түшигтэй хүн дээ. Миний үгийг нэлээн сонсдог юм. Манай энэ Чинзо, Ганболд аль ч ялгаа байхгүй. Жишээ нь, би нийгмийн хамгааллын салбарын асуудал ярихад С.Чинзориг сайдын амыг их хардаг. Д.Тогтохсүрэн дарга бол орон нутгийн их мэдлэгтэй. Асар их туршлагатай хүн. Намайг зарим нь “Залуу хүнийг Тогтохсүрэн даргаа гэлээ” гэдэг юм. Миний сонгогдсон тойргийн намын дарга, аймгийн Засаг даргыгаа би дарга гэнэ. Надаас дүү байсан ч гэсэн би даргаа гээд сурчихсан.
- Та нэг ч удаа сайд, дарга болж яваагүй. Таныг яагаад “төрийн буг” гэж цоллоод байгаа юм бэ. Ер нь та яагаад сайд болдоггүй юм бэ?
- Миний нэг зарчим байгаа юм. УИХ тусдаа, Засгийн газар тусдаа. Манайх цөөн хүнтэй парламент. Үүнээс 10-20 нь сайд болчихоор УИХ, Засгийн газар холилдоод байгаа юм. Тэгээд л болоогүй. 1992 онд Хууль зүйн сайд болж болох байсан. П.Жасрай гуай надад санал тавьсан ч би татгалзсан. Үнэхээр мэдлэг, боловсрол, туршлагын хувьд дөнгөж 30 гарч байгаа залуу чадахгүй учраас үнэнээ л хэлсэн нь тэр. Дараа нь ахин санал ирсэн ч парламентдаа үнэнч явнаа гэж хэлээд бас татгалзсан. Давхар дээлийг шүүмжилдэг хүн давхар дээл өмсөөд явж болохгүй биз дээ. Тиймээс Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт, гацаа үүсгээд байгаа зүйлсээ засаад, ирээдүйн хөгжлийн суурийг зөв тавих энэ асуудалд үндсэн анхаарлаа хандуулъя гэж л зорьсон. Албан тушаал бол үнэндээ жижиг асуудал шүү дээ.
-Би өнөөдөр нэг сонин юм уншлаа. Та чинь бага байхдаа ойд буухааргүй юм мөрөөддөг жаал байжээ. Хөгжимчин болохыг мөрөөддөг байсан гэв үү. Ерөөсөө төсөөлөгдөхгүй юм?
-Хүнд мөрөөдөхгүй юм байхгүй. Саваагүй хүүхэд л байхгүй юу. Аав, ээж минь намайг янз бүрийн л хүн байлгах гэж үзсэн байх. Би бол чамтай л үзэлцэх хүн байх байсан байж магадгүй. Сэтгүүлч болох гэж бол би мөрөөдсөн. Юмыг хамгийн түрүүлж олж мэргэжил мэддэг байхгүй юу. Хөгжимчин гэхээр би сонсголгүй. Дамбийнямын Жанчив, 28 дугаар сургуулийн Гомбо багшаараа заалгаж, хэдэн “стада стада” хийгээд, үлээвэр хөгжим үлээж, хүмүүсийг бүжиглүүлж, алхуулахаас хэтрээгүй. Бас бөх болох гэж 57 кг-ын жинд үзсэн. Гэхдээ намайг 52 кг руу бууж, жин хас гэсэн. Тэгэхээр чинь жижиг дээрээ жижигхэн болчихвол охид тоохгүй ш дээ (инээв). За, наргиа шүү. Тэр нь ч юу юм. Их сургуульд орчихсон байсан үе таарсан учраас нэг бол хичээл, номоо үзэх, эсвэл тамирчны зам хөөх хоёр зам байсан. Тэгээд би асуудалд прагматикаар хандсан. Тэр үед надтай чацуу Оюунболд гэж алдартай бөх гарч ирж байсан. Тэгэхээр би Дэлхийн аваргад явах ямар ч шаанс байхгүй гээд номоо хөөсөн юм. Шатрын дугуйланд явж байлаа. Тэр бол миний насан туршийн хобби. Харин би Монголын шатрын спортыг хөгжүүлэхийн төлөө ухамсарт амьдралаа зориулна гэж үзсэн. Насаараа явсан.
- 40 хүртлээ огт архи уугаагүй гэж үнэн үү?
-Үнэн. Сайндаа биш физиологиос болсон юм. Би 7 дугаар ангидаа нэг удаа тамхи татаж явсныг хүргэн ах олж хараад эгчид хэлсэн байсан. Манай аав өнгөрдөг жил юм. Эгч дуудаад, “Ээж чинь дэлгүүрт грузчик хийгээд 250 төгрөг авч байхад чи шүүлтүүртэй янжуур 20 мөнгөөр авлаа. Ингэж болох уу” гэсэн. Ингээд тамхи татаж болохгүйг гүнзгий ойлгосон. Манай аав 59 настайдаа өнгөрсөн. Дайны хүнд үе байсан. Архи уусан л байх. Аав, “Би дайн тулаан, хэлмэгдэл гээд олон он жил туулсан учраас залуудаа архи их ууж байсан. Энэ нь миний зүрх муудахад нөлөөлсөн” гэж ярьж байсан. Тиймээс би архи ууж ээж, дүү, эхнэр хүүхдээ зовоож болохгүй гэдэг зарчмыг баримталж 40 нас хүрсэн. Тэгээд Вьетнамд явж байгаад хордлого болоод үхэхийн даваанд хүрсэн. Сонгуулийн дундуур. Ирэхэд сонгууль дуусахад есхөн хоног үлдсэн байсан. Тэгээд архи ууж үзэх ёстой гэхээр нь хүчилсээр байгаад ямартай ч гурван хундага уудаг болсон. Тэрнээс өмнө нь бол яаж ч оролдоод болдоггүй, бөөлжчихдөг байсан Тэгж өөрийгөө зовоогоод яах вэ дээ, ер нь.
-Та олон Ерөнхий сайдтай ажилласан. Одоогийн Ерөнхий сайд юугаараа давуу талтай нөхөр юм бэ. Одоо багаа аваад өрсөлдөөнд ороод явж байна?
-Бид олон жил явлаа. Дүү шигээ л явсан. Би бол хэлэх үгээ ч хэлдэг. Гэхдээ юм болгонд нь оролцоод байдаггүй. Дуудсан үед нь л ордог. Би ер нь аль ч дарга дээр нэг их ордоггүй. Мэдээж энэ хүн маш их ачаалалтай байгаа шүү дээ. Өмнө нь бол бид туж л харилцаж явсан. У.Хүрэлсүхэд хэдэн онцлог чанар байх шиг байна. Энэ нөхөр зоригтой хүн юм. Бусдад барьцаалагдах нь бага хүн юм. Бас хар ухаантай хүн юм. Хүний төрлөх хар ухаан гэж нэг юм байна шүү дээ. Хичнээн ном үзээд, үзээд юм хийж чаддаггүй, хүлээн зөвшөөрөгддөггүй хүн байна. У.Хүрэлсүхэд улстөрч хүнд байх ёстой олон чанар байна. Манай Б.Чимэд багш байна шүү дээ, төрлөхийн хар ухаантай. Дээр нь ном үзээд, тэгээд амьдралын арвин баялаг туршлагатай хүн байсан байхгүй юу. У.Хүрэлсүхэд тэр төрмөл, цөлх ухаан байгаа юм. Тэгээд дээр нь зоригтой, шийдэмгий зан чанар бий. Дээрээс нь сайн багтай бол зөв чигт аваад явчих байхгүй юу. Намагнаас суга татаад гаргаж байгаатай л адилхан юм
- Сонгуулийн энэ үед олон хүн баривчлагдаж хоригдож байна. Үнэхээр асуухгүй бол болохгүй байна. 10 тэрбумын барьцаа гэдэг шинэ юм гарч ирлээ. Шүүхийн практикт байгаагүй зүйл. Нэр дэвших эрхээ авчихсан хүмүүс, мөн бүрэн эрх нь хэвээрээ хэрэгжиж байгаа гишүүнийг хүртэл бариад хорьчихлоо. Энэ баривчилгааны талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
- Би бүр гайхаад байгаа юм. Нэр дэвшигчдийн хувьд цагдан хорих тохиолдолд заавал СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой.
- Энэ чинь хууль биз дээ?
- Сонгуулийн хуулинд байгаа шүү дээ. За, хоёр дахь асуудал бол Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуульд болохоор УИХ-ын гишүүнийг цагдан хорих үед заавал УИХ-аас зөвшөөрөл авна. Тэгээд Халдашгүй байдлын дэд хороо, хоёр хороогоор орно. УИХ-ын дарга энэ асуудлаар дэлгэрэнгүй байр сууриа илэрхийлсэн.
Ж. Эрдэнэбатын хувьд шүүх СЕХ-ноос зөвшөөрөл авсан байна уу, аваагүй байна уу гэдгийг би мэдээгүй явна. За, шүүх ажиллагаа явуулахад садаа болох юм бол цагдан хорино гэсэн процессын хууль бол байна. Яг энэ тохиолдолд материаллаг гол хууль, УИХ-ын тухай болон Сонгуулийн хууль илүү давуу үйлчлэх ёстой байхгүй юу. Яагаад ингэдэг вэ гэхээр дараа дараагийн сонгууль дээр шүүх хэн нэгний захиалгаар ажиллаад, хэсэг хэсгээр нь баривчлаад, цагдан хориод байвал яах юм. Ийм практик тогтвол яах юм. Иргэдийн сонгох эрхэнд халдсан, Үндсэн хуулийн зөрчил болчихоор юм руу явж байгаа юм биш биз. Сонгогдох эрхийг ярихаа байя гэхэд сонгох эрхэнд халдсан үйл явц болчих вий. Иргэд чинь дөрвөн жилд л ганц удаа эрхээ эдэлж байгаа шүү дээ. “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Иргэд уг эрхээ өөрсдийн төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ гэсэн энэ Үндсэн хуулийн суурь заалт, сонгох эрх хоёрт шууд халдсан юм байж хэрхэвч болохгүй. Бусад орны сонгууль дээр ч гарч байсан түүх байдаг. Өрсөлдөгчдөө аваачаад шоронд бариад хийчихдэг явдлууд гарч байсан. Би тэр хэрэг төвгийнх нь тухай бол одоо мэдэхгүй. Тэр бол хуулийн байгууллага нь шалгаад шүүх нь нотлоод шийддэг юм байгаа биз. Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно. Тэр бол шүүхийн асуудал. Тэр маньд падгүй. Яг наана нь байгаа сонгуультай холбоотой энэ асуудал нь бол үнэхээр зөрчилтэй байна. Илт Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг зөрчиж байна гэж хуульчийн хувьд үзэж байна.