(Каир-2)

Ерөнхийлөгч Х.Мубарак Жанжин штабт очиж цэргийн дээд командлалтай зөвлөлдөж байгаа тухай мэдээг ТВ-үүд дамжуулав. Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн хувьд амгалан тайван байдал тогтоохыг БХЯ, цэргийнхэнд уриалж  үүрэгджээ. Гээд ямар ч нэмэргүй. Сүрийг үзүүлэх зорилгоор танкууд оруулаад, агаарт нисдэг тэрэг, байлдааны сөнөөгч онгоц нисгээд ч ямар ч үр дүн гарсангүй. Хөл хорьсон цагийг зөрчвөл хатуу цээрлүүлнэ гэсэн хууль гаргаад ч мөрдөж байгаа юм байхгүй, Египет орон, Каир хот хяналтаас бүрэн алдагдах дээрээ тулсан бололтой, нэн түгшүүртэй байв.

Гарч орж, хашаа хороогоо эргэж, цоож цуургаа шалгах, ТВ ширтэж догдлохоос өөрөөр  надад хийх ажил байхгүй, гар утас нэгжгүй, нисэх буудлаас сураг байхгүй маш хүндхэн бүрэнхийг угтав. Буун дуу, автоматын тачигнаан ч чихэнд ижил дасал болжээ. Улаанбаатараас ГХЯ-ны хариуцлагатай жижүүр байнга холбоо барьж, төвийн удирдамж чиглэлийг уламжилж, би ч байдлыг танилцуулж байв. Манай  ГХЯ-наас надад дараахи үүрэг чиглэлийг өгчээ. Үүнд ЭСЯ-аа Элчин сайд, консул, жолооч гурав сахиад үлдэх нь зөв, хүн нэмж үлдээхгүй, оюутнууд байрлаж байгаа газрын байршлыг бүдүүвчилсэн зургаар гарга, оюутнууд дүрвэлээ гэхэд унаа машиныг хэрхэн зохицуулах, бусад ЭСЯ-наас автобус гуйж авч болох эсэхийг тодруул, оюутнуудыг нисэх буудал руу аюулгүй хүргэх замын маршрутыг олж тогтоо, замын нөхцөл байдлыг сайн судла, нисэхэд бичиг баримт нь бэлэн эсэх, ямар бичиг баримт хэрэгтэйг тодруул, бусад улс оюутнуудаа хэрхэн нүүлгэж байгааг судалж мэд, Луксорт аялаж яваа курсынхныг нүүлгэн шилжүүлэх талаар Египетийн ГХЯ-нд хандаж зохицуулуул гэсэн зүйлийг бидэнд захижээ. 

Египетийн Сангийн шугамаар дипломатын курсэд ирсэн манай Дипломат албаны 14 нөхөр Луксорт зочид буудалдаа хашигдчихаад хүндхэн байгаа тухай мэдээ аваад суугаа орныхоо ГХЯ руу  холбоо барих гэсэн боловч болдоггүй бүр цөхөрлөө.  Тэднийг нэн яаралтай нутагт нь буцаах, мөн Аль-Азхарын их сургуульд суралцаж байгаа манай мусульман оюутнууд, тэдний гэр бүл, үр хүүхдийг хамгаалалтад авах  гэх мэт олон ажил ийнхүү биднийг зовоож байв. Аль-Азхарын их сургуулийн хотхонд дээрэм тонуул халдлага маш их гарч тэсэхүйе бэрх болсон тухай, манай оюутнууд маш ихээр айж түгшиж байгаа талаар оюутан Хурмет, Ержан нар бидэнд байнга хэлж тусламж хүсч байв. Миний хувьд гаргах шийдвэр бол ЭСЯ-ндаа авчирч ЭСЯ-ны хамгаалалтад авах явдал, иймд яаж ийгээд наашаа хүрээд ирцгээ гэхээс өөрөөр хариу өгч чадсангүй. Очоод нүүлгээд ирье гэхэд том жижиг 41 хүнийг (10 нь гэр бүлийн эмэгтэйчүүд, 10 нь  хүүхэд) суулгаад ирэх унаа машин бидэнд байхгүй, ЭСЯ-нд байгаа микробус нь эвдрээд зогсчихсон, тэгээд ч машин барьдаг хоёр маань яг тэр мөчид Каирын олон улсын нисэх буудалд яваа тул надад хэлэх үг үнэндээ олдсонгүй.

Манай хэд яаж ийгээд бүртгэлээ хийлгээд цаашаа хүлээлгийн танхим руу орж байна гэсэн мэдээг орой 19.00 цагийн үед аваад дотор уужирлаа. Зөвхөн хүмүүсийг чинь авна, ачааг нь авахгүй гэсэн бололтой. Яаж ийгээд оруулах нь оруулжээ. Одоо манай хоёр ажилтан хоёр машинтайгаа эсэн мэнд ЭСЯ-ндаа ирэх ёстой. Энэ бол сэтгэл зовоох бас нэг асуудал байв. Азербайжаны ЭСЯ-ны нэг дипломатч замд явж байгаад алуулсан гэх мэдээг Оросын Вести-гээс сонсоод би ч ухаан алдах шахлаа. Утасдая гэхнээ нэгж байхгүй, нөгөө хоёрын маань ч нэгж дуусч байгаа, сэтгэл тавгүй дахин хоёр цагийг өнгөрөөв. Зурагтаар Тахрирын талбайг л үзүүлээд байх юм. Агаарт нисдэг тэрэг, байлдааны онгоцууд хөөрч давхиад түүнд цочирч байгаа хүн алга, бүр ч улиг болж байх шиг. Улаанбаатараас зарим улс төрч, дипломатч нөхөд маань миний гар утас руу утасдаж, байдлыг асууж, бидэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна.

Тэгж тэгж орой 21.00 цагийн үед гадаа машин орж гардаг том хаалганы дугуй хяхарч дуулдлаа. Би ч хар хурдаараа хоёрдугаар давхрын том тагт руу гарлаа. Манай хоёр ажилтан, хоёр машин маань эсэн мэнд иржээ. Зам дагуу битүү “Ардын сайн дурынхан” гэнэ. Цагдаа алга болчихсон үед тэд цагдааг орлож хотод эмх дэглэм аюулгүй байдлыг сахиулж байгаа аж. Нөгөө хоёртойгоо уулзаж тайвшраад хаалга үүдээ шалгаад унтахаар шийдэцгэлээ. Заавал конторт хонох шаардлагагүй, нэгэнтээ эргэн тойрон “Ардын сайн дурынхан” байгаа учраас гэр гэртээ байх нь зүйтэй гэж үзлээ. Орондоо ороод дөнгөж зүүрмэглэтэл автоматын тачигнаан маш ойрхон, бараг ЭСЯ-ны гадаа хаалганы хавьд дуугараад сэрцгээлээ. Ширүүн буудалцаан болж байгаа бололтой, энд тэндгүй буун дуу. Тэгснээ 00.00 цагийн үед таг чиг болчихов. Ямар  ч чимээ алга, бүр нам гүм. Бид ч нойроо дийлсэнгүй унтлаа. Нойрон дунд манай ГХЯ-наас хариуцлагатай жижүүр утасдаж байдлыг тодруулж төвийн үүрэг чиглэлийг уламжлав. Үүр шөнийн мөргөлийн дууг сонсолгүй би нам унтжээ. Өглөө сэрэхэд нам гүм, энэ их хот яагаад чимээ аниргүй болчихов. Маш их гайхлаа. Шөнө нэлээд хүйтэн хоносон тул хүйтнээс дайжаад хүмүүс тарцгаасан байх магадлалтай.

Нэгдүгээр сарын 31-ний даваа гаригт, би өглөө түрүүлж сэрсэн тул гадагш гарч гадна гэрлүүдээ унтрааж ЭСЯ-ны нүүрэн талын гудамж руу гарч үзлээ. Үнэндээ нам гүм юу ч болоогүй юм шиг. Өглөөний гүйлтээ хийж байтал Улаанбаатараас  ГХЯ-ны албаны нэг нөхөр маань гар утас руу залгаж байна. Курсэд ирсэн ГХЯ-ны ажилтнуудыг түргэн буцаах үүргийг сайд дарга нар өгсөн гэдгийг дахин уламжилж байна. Суугаа орныхоо ГХЯ-наас дэмжлэг хүс гэж байна. Бас оюутнуудаа хэрхэх гэж байгаа талаар төвдөө мэдээл гэж байна.  Ажил цугламагц тэр дагуу ажиллая гэдгээ би хэллээ. 09.00 цагт бид цуглаж ажил төрлөө төлөвлөлөө. Юуны өмнө хашаанаас гарч гар утасны нэгж худалдаж авах, Египетийн ГХЯ-тай холбоо барих, слесариуд ирвэл тэднээр усны хоолой солиулангаа мэдээлэл авах гэхчлэн ажлаа хуваариллаа.

Египетийн ГХЯ-ны Египетийн Сангийн зөвлөх Валид Шаамстай гар утсаар  холбогдож чадлаа. Албан контор руу нь хичнээн залгаад хариу алга. Цуглаагүй бололтой. ГХЯ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаагүй, зөвхөн шуурхай бүлэг (Operations Sector) ажиллаж байгаа гэв. Курсэд ирсэн монголын дипломатчдыг нутагт нь буцаах нь Сангийн тэргүүн зэргийн зорилт, бид ажиллаж байгаа гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Дараа нь Луксорт манайхныг дагалдан яваа Сангийн зохицуулагч Хусейнтэй холбогдлоо. Өнөөдөр нислэг байхгүй, хот хоорондын автобус зогссон, галт тэрэг явж байгаа, 12 цаг явна, гэхдээ эрсдэлтэй аюултай гэж байна. Ингээд манай курсынхэн тэндээ дахин нэг хонохоос аргагүй боллоо. Оюутан Хурмет, Ержан нар бидэн рүү утасдаж байдал тайван хонолоо, гэхдээ нутагтаа буцмаар байна гэж байна. Варшаваас манай Элчин сайд утасдаж сэтгэлд дотно үгсийг хэлж байна. Тэрээр өмнө нь энд зөвлөхөөр ажиллаж байсан газар орноо сайн мэдэх хүн. Оттавагаас  манай Элчин сайд бас залгаж байна.

Египетийн шинэ Дотоод хэргийн сайд үдийн алдад тодорчээ. Сайд нараа томилж эхэлж байгаа бололтой. Гэвч жагсагчид хүлээн авах шинж алга. Ганцхан шаардлага болох Ерөнхийлөгч Х.Мубаракийг өөрийг нь огцор гэсэн шаардлагаа л тавьсаар байна. Их үдийн мөргөлөөс хойш Тахрирын талбай дахин жагсагчдаар дүүрч эхэллээ. Анхлан ядуурал, авилгал, ажилгүйдлийг эсэргүүцэж өрнөсөн жагсаал одоо ганцхан Ерөнхийлөгч рүүгээ онилжээ. Жагсагчид босогчдын нийтлэг шаардлагын илэрхийлэл болж Эв нэгдлийн засгийн газар байгуулахаар Венагаас ирсэн Нобелийн энх тайвны шагналт Мохамед эль-Барадей (Олон улсын атомын эрчим хүчний агентлагийг толгойлж асан) өчигдрөөс олны дунд ил гарч иржээ. Тэрээр цэргийнхэнтэй хэлэлцээ хийнэ, Мубаракийн дэглэмийг өөрчилж, Египетийн шинэ эрийн үеийг эхлүүлнэ гэж  мэдэгджээ.

Маади дахь манай ЭСЯ-ны эргэн тойрон хааяа нэг буун дуу панхийх, автомат тачигнах, агаарт онгоц шүнгэнэхээс өөр чимээ алга. ЭСЯ-ны нүүрэн талын гудамж эл хуль, нам гүм. Цагаан сараар хэрэглэхээр нөөцөлсөн буузнаасаа бид гурав  жигнэж идлээ. Ер нь өдөр, оройн хоолоо хамтраад хийгээд байх нь зөв юм байна. Жолооч Д.Баатарсүрэнгээ тогоочоороо томиллоо. Хооллож байтал Улаанбаатараас иргэн Наранцэцэг утасдаж байна. Охин нь араб хүнтэй хуримлаад Хургадад амьдардаг, өөрөө саяхан ирээд буцсан, манай ЭСЯ-ны шинэ жилийн сүлд модны наадамд уригдаж байсан, манайхны танил эмэгтэй. Дараа нь ГХЯ-ны хариуцлагатай жижүүр утасдаж байдлыг тодруулж байна. Үдээс хойш Ливанаас утас цохиж манай өргөмжит консул Ж.Насрави сэтгэл засч, ямар туслалцаа хэрэгтэйв, Бейрутэд дүрвэн ирвэл авахад бэлэн, зохицуулъя гэдгээ хэлж байна.

Оройхон хэрд буун дуу алсад дуулдаж, хөл хөдөлгөөн ихсэв. Тахрирын талбай босогчдоор дүүрчээ. Тэд бүх нийтийн ажил хаялтад уриалж, маргаашийг (2 дугаар сарын 1-ний Мягмар гариг) “Нэг сая хүний марш”-“ийн өдөр болгоно хэмээн зарлажээ. Нэг сая хүн зэвсэг барьж босох нь гэж айсан бололтой манай оюутнууд сандралдаж, Каирын олон улсын нисэх буудал руу хүргэж, яаралтай онгоцонд суулгаж өгөхийг шаардаж байна. Сандрах явдалгүй, хий сүржигнэхгүй, буцахгүй гэсэн хүн ч тэдэн дотор хэд хэд байх бололтой. Ямар ч гэсэн нэг дороо бөөгнөрөөд гадагш гарахгүй тайван байцгаа, хүлээж бай гэхээс өөр хариулт бид өгч чадсангүй.

Каир дахь нөхцөл байдлыг тандаж мэдэхээр танил дотно зарим Элчин сайд нар руугаа залгалаа. 17.30 цагт БНСУ-ын Элчин сайд Жон Кон Ен руу ярилаа. Тэрээр хотын төвд ЭСЯ-ныхаа конторт байж байна. Өргөө нь манай Маадид, их л хол газрыг туулж ирж очиж байгаа юм байна. Өмнөд Солонгосын 300 гаруй иргэд байна, ихэнхи нь жуулчид, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна, бүтэл муу байна. Өргөөний харуулууд дайжаад алга болсон, гэрт нь эхнэр тогооч хоёр маань байгаа, гэрээт харуулын албатай холбоо барьж төлбөртэй харуул тавья гэж хоёр өдөр яриад алга байна гэж надад хэлэв. Харуул хамгаалалтгүйн зовлон зөвхөн биднийх биш юм байна. 17.50 цагт Гватемалын Элчин сайд Малауф Габриелтай ярилаа. Гэртээ эхнэртэйгээ хоёулхнаа үлдсэн, Элчин зөвлөх нь Перуд томилогдоод явчихсан, харуулууд алга болсон, 2 дугаар сар гараад нутаг буцна гэхээс өөр юм хэлсэнгүй. ОХУ-ын ЭСЯ руу утасдаад хариу алга, мөн Хятад,  Намиби, Казахстаны ЭСЯ руу утасдаад хариу өгсөнгүй. ОХУ-ын Элчин сайд М.Богданов Вести-д ярилцлага өгч, орос иргэдээ нүүлгэн шилжүүлж байгаа тухай ярьж байна.    

Ерөнхийлөгч Х.Мубарак шинэ Засгийн газрын гишүүдээр тангараг өргүүлж байгаа үйл явдал зурагтаар гарч байна. Ахмед Шафикийн шинэ Танхим үүрэгт ажилдаа оржээ. Батлан хамгаалахын, мөн Гадаад хэргийн сайдууд суудалдаа үлджээ. Батлан хамгаалахын сайд маршал Мухаммед Тантави нь бусдаасаа нэг шатаар илүү, Шадар сайд болсон юм байна. Бусад сайд нарыг нэлээд сольж, сэлгэжээ. Барилгын сайд эль-Барадей гэх шинэ нөхөр гараад иржээ. Арай нөгөө сөрөг хүчний удирдагч Мохамед эль-Барадейн ах дүү биш байгаа, ийш тийшээ утасдаж танил араб нөхдөөсөө тодрууллаа. Зүгээр л нэрийн давхцал, ямар ч холбоо байхгүй, мужийн захирагч байсан хүн гэнэ. Оройхон хэрд манай ГХЯ-наас хариуцлагатай жижүүр утасдаж байдлыг лавлаж байна. Би ч мэдэж байгаагаа илтгэчихлээ. Өглөө залгаарай гэлээ. 

Луксорт манайхныг дагалдан яваа Египетийн Сангийн зохицуулагч Хусейн манай Чинтүшигтэй холбогджээ. Манай курсынхныг Луксорын нисэх буудал руу авч хөдлөх гэж байна. Том онгоц Каираас очих тул заавал багтаана. Цаашаа Каирт очоод  хэрхэхийг мэдэхгүй гэж хэлсэн гэнэ. Ямар ч гэсэн Луксортоо хашигдаад байхгүй юм байна. Курсын гурван курсын баг (Монгол, Узбекистан, Тажикистан) хамт яваа гэнэ. Тэд маань 21.30 цагт онгоцондоо сууж нисээд 22.30 цагт Каирын олон улсын нисэх буудалд буужээ. Дотоодын нислэгээр ирсэн тул тэднийг хүлээлгийн танхимаас гаргаж 3 дугаар терминалын их танхимд оруулсан гэнэ. Тэд маань тэр шөнө ёстой зовж хоножээ. Босоо суугаа, хоол ундгүй. Египетийн агаарын тээврийн компанийн нислэг 2 дугаар сарын 3-наас нааш сэргэхгүй гэсэн бүдэг бадаг яриа тархсан байна. Тэднийг маань тэр хавьдаа зочид буудалд оруулах бололтой. Иймд энэ сиймхийг ашиглаад ачааг нь хүргэж өгөхөөр бид шийдлээ. Сиймхий гэдэг нь хотод хөл хорьсон, хүмүүс үүрийн мөргөлийн дараа унтацгааж  байгаа, замын хөдөлгөөн эхлээгүй, курсынхэнтэйгээ уулзах боломжтой гэдгийг хэлж байгаа юм.

Ингээд 2 дугаар сарын 1-ний Мягмар гаригийн өглөө 07.45 гэхэд бид ачаануудыг хоёр жижиг машиндаа хувааж ачаад манай хоёр ажилтан  Каирын олон улсын нисэх буудал руу хөдөллөө. Би ЭСЯ-ныхаа хаалга үүдийг дангинатал түгжээд араас нь ерөөл уншаад хоцров. Эсэн мэнд л нисэх буудалд хүрээсэй билээ. Замд нь юу ч бүү тохиолдоосой. Манай хоёр хамаг ачааг чинь аваад хөдөллөө, зам зуураа хуурай идэх юм, ус аваад очихыг бодноо гэдгээ курсын багийн ахлагч руу гар утсаараа дуулгалаа.

Ингээд зурагтын өмнө жижүүрлэдэг ажилдаа орлоо. Euronews, CNN, Al Jazeera, BBC, Оросын Вести-г сэлгэж үзээд цагийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч эхэллээ. Дэд ерөнхийлөгч Омар Сулейман үг хэлж, сөрөг хүчний болон улс төрийн бүх намынхантай хэлэлцээ хийе, Үндсэн хуулийн реформыг эхлүүлье хэмээн шөнө дунд уриалан дууджээ. Сөрөг хүчнээс ямар нэг хариу алга. 

08.45 цагт ТЕГ-аас таньдаг нэг дарга утасдаж байдлыг тодруулж, шаардлагатай бол ЭСЯ-ыг хамгаалахаар хамгаалалтын хүмүүсийг илгээж болох юм гэв. 09.30 цагт Чинтүшиг Каирын олон улсын нисэх буудлаас утасдав. Курсынхэнтэй уулзаж чадсан, тэдний ачааг өгч байна, тэднийг ойролцоох  “Триумф“ хэмээх зочид буудалд байрлуулсан гэв. Манай ГХЯ Улаанбаатар дахь холбогдох хэд хэдэн улсын ЭСЯ-дад (Герман, Хятад, Япон, Турк, Казахстан, Кувейт гэх мэт) хандан ноот илгээж Каираас монгол иргэдийг нүүлгэн шилжүүлэх дээр туслалцаа хүссэн юм байна. 11.00 цагт манай хоёр ажилтан нисэх буудлаас ирэв. Зам товчлоод хотын захын тойруу замаар иржээ. Зам дагуу харуул хамгаалалт, цэрэг зэвсэг байхгүй байна гэв.

Египетийн ГХЯ-ны шуурхай бүлгээс (Operations Sector) ноот факсаар ирүүлжээ. Уг нь 29-нд бичсэн ноот байна, гэтэл 1-нд ирүүлжээ. Тайван амгалан байцгаа, ЭСЯ-наасаа бүү гадагшаа гар,  жагсаал болж байгаа газар руу зүглэж болохгүй гэж ДТГ-уудад анхааруулсан байв. 

Курсэд ирсэн манай Дипломат албаны 14 нөхрийг яаралтай буцаах талаар олон хувилбараар төлөвлөгөө гарган ажиллаж эхлэв. Казахстаны ЭСЯ-ны консултай манай Чинтүшиг ярилцав. Нэрсээ яаралтай өг, маргаашийн онгоцонд багтаая гэсэн баяртай мэдээг хэлжээ. Хятадын ГХЯ манайхныг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн гэсэн мэдээг Бээжин дэх манай ЭСЯ-нд мэдэгдсэн гэж Элчин зөвлөх Ц.Батбаяр Чинтүшиг рүү утсаар хэлжээ. Гэхдээ өнөөдөр чимээгүй байж байгаад маргааш өглөө сэмхэн хийгээрэй гэсэн гэв. Учир нь Каирын олон улсын нисэх буудалд оочерлож буй олон зуун хятад иргэд ундууцна гэнэ.  

Каир дахь гадаадын хэсэг Элчин сайд нарын байнга уулзалдаж хамтдаа оройн зоог барьдаг Конкорд гэдэг зочид буудал тонуулчдын халдлагад өртсөн болохыг тус зочид буудлын менежер бидний найз Рамзи Метвал хэлж байна. Би харамсал илэрхийллээ. Аль-Азхарын их сургуульд суралцаж байгаа манай мусульман оюутнуудын нэгээс бусад нь буцахгүй гэсэн шийдвэр гаргасныг 16.20 цагт надад мэдээлэв. Буцахгүй гэсэн хүмүүсээс бичгээр баталгаа гаргуулж авах нь зөв гэж бид үзлээ. ГХЯ ч мөн тэгж үзэж байгааг дараахан нь хариуцлагатай жижүүр   Улаанбаатараас мэдэгдэж байна. ЭСЯ-ны гадна талын хамгаалалтыг орхин явсан харуулын бага дарга эргээд иржээ. Зэвсэггүй, дүрэмт хувцасгүй харуулдаа ганцаараа гар гэж цаанаас нь хэлсэн гэнэ.

Хятадын ЭСЯ-ны консул утасдаж төвөөсөө чиглэл аваагүй байна, ер нь танайхныг авч явахад их хүндрэлтэй, хятад  иргэд биднийг барьж иднэ гэж хэлсэн гэв. Тэдэнд найдахад хэцүүхэн болж байгаа юм байна. Х.Мубарак албан тушаалаасаа татгалзсан, харин цэргийнхэн нь түүнийг байлгаад байна гэх аястай мэдээ 17.30 цагт Euronews-ээр цацагдав. Цэргийнхний шахалтад л байгаад байгаа юм байх. Каир дахь АНУ-ын Элчин сайд хатагтай Маргарет Скобей Мохамед эль-Барадей   гуайтай ярьж Ерөнхийлөгчийг чинь шууд шахаж болохгүй гэдгээ хэлжээ. Энэ үед 2 сая хүртэл хүн Тахрирт цуглараад цаашаа Ерөнхийлөгчийн өргөө рүү хөдөлж байгаа тухай ТВ-үүд мэдээлж байв. Каир дахь Ерөнхийлөгчийн тавын таван ордон өргөөг цэрэг танк хамгаалалтандаа авч, зам дагуу төмөр бетонон баррикад босгожээ.               

Х.Мубаракийг огцрохоос нааш Засгийн газартай хэлэлцээ хийхгүй гэж босогчид шийджээ. Тэмцлийн 8 дахь энэ өдөр “Үндэсний эвлэрлийн эвслийн хүчин” (Эвлэрлийн төлөө үндэсний эвсэл гэж бас нэрлэж байв) гэсэн нэртэй сөрөг хүчний эсвэл бий болж байгаа юм байна. Улс төрийн олон нам хөдөлгөөн, “Лалын ахан дүүс”-ийнхэн нэг тугийн дор нэгдэж эхэлжээ. Олон хүн ширээ тойроод хуралдаж байгаа дүрс гарч байна. Хуралд нь Мохамед эль-Барадей алга, харин тусдаа ярилцлага өгч байна. Х.Мубаракийг огцрохоос нааш ямар ч хэлэлцээ хийхгүй гэдгээ л хэлж байна.  Ерөнхийлөгчийн ордон руу жагсагчдын тайван жагсаал явж байгааг ТВ-үүд харуулж байна. Ерөнхийлөгчийг огцруулах, шинэ Засгийн газар болон парламентыг тараах, шинэ сонгууль зарлах гэх мэт шаардлагууд цууриатсаар.                                      
  (Үргэлжлэл бий)