П.Сайнзориг: Матаасчинтай харьцуулах хэрэггүй, авлигатай тэмцэхэд нийтээрээ шүгэл үлээх ёстой
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл жил гаруйн хугацааны дараа парламентын босго давж, хэлэлцэх эсэх нь Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ. "Шүгэл үлээгч" гэж яг хэнийг хэлээд байна вэ? Ойлголтын зөрүү байх шиг байна?
-Нийтийн эрх ашгийн төлөө аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг гаргаж ирж төрийн эрх бүхий байгууллага болон олны анхааралд оруулж, түүнийг шалгаж, шийдвэрлэх процессыг тавьж буй этгээдийг "Шүгэл үлээгч" гэж хэлж болно. Хамгийн гол нь, нийтийн эрх ашгийн төлөө хууль бус үйлдлүүлийг илчилж байх ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон шударга өрсөлдөөнийг дэмжих талаар шүгэл үлээх асуудлыг оруулж ирсэн.
Авлига, ашиг сонирхлын асуудал мэдээж ойлгомжтой. Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Мэдээлэгч, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах асуудлыг анхаарах үүрэг, амлалтыг авсан гэсэн үг. Засгийн газрын дунд болон урт хугацааны мөрийн хөтөлбөрт энэ зорилт орсон. УИХ-аас баталсан Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд ч эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Авлигатай тэмцэх ажлыг, 111-т байгаа индексийг урагшлуулах нь Засгийн газрын зорилт. Гэхдээ энэ нь зөвхөн тоог хоёр оронтой тоонд асуудал биш. Тодорхой хэмжээнд бодитой үр дүн гаргах асуудлыг дэмжье гэж байгаа юм. Үүний нэг арга нь мэдээлэх. Үүнийг мэдэж байгаа мөртлөө яагаад мэдээлэхгүй байна вэ? гэдгийг олж харах нь чухал.
Ямар нэгэн мэдээллийг ил гаргасны дараа тухайн иргэнд ирэх үр дагавар буюу дарамт шахалт, өс хонзон, ажил албан тушаалыг нь өөрчлөх, халах зэрэг олон зүйл бий учраас түүнээс хамгаалах асуудлыг хуулиар зохицуулна. Хоёрдугаарт, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад шүгэл үлээлгэнэ. Магадгүй байгаль орчны буюу тодорхой уул уурхайн чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулж, хориглосон химийн бодис ашиглаж байвал шүгэл үлээх нь нээлттэй. Өөр хоорондоо картел үүсгэж, үнийн хөөрөгдөл үүсгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудыг илчилж болно. Нийтийн эрүүл мэндийн асуудалд хүнсний хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошго өөрчилснийг мэдээлж болно.
-Энэ бүгдэд мэдээлэгчийг хамгаалж таарна?
-Өмнө нь ийм явдал гардаг байсан. Гэвч мэдээлэгч нь өөрөө асуудалд ордог. Эргээд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бий. Гэрч хохирогчийг хамгаалах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 2 дугаар зүйлд заасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэмжээг авна. Хууь зүйн туслалцаа үзүүлэхээс гадна аюулгүй байдлыг хангах олон төрлийг арга хэмжээ авах боломж бүрдэнэ.
-Тухайн "Шүгэл үлээгч"-ийн мэдээлэл бодитой эсэхийг хэн хянаж тогтоох юм?
-Илт хууль бус болон өмнө нь шалгаж, шийдвэрлээд дууссан асуудлаар шүгэл үлээх асуудал байхгүй. Хоёрдугаарт, хувьдаа ашиг хонжоо олох, эрх мэдлээ урвуулан ашиглах, хэн нэгний нэр хүндийг унагаах зорилготой мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд эрх зүйн хамгаалалт үзүүлэхгүй. Үүнийгээ хууль хяналтын байгууллага ялгаж, салгана. Гол нь иргэн бүрийг авлигатай тэмцэх үйл хэрэгт оролцооч ээ гэж уриалж байгаа юм. Тэр нь энэ хуулиар илэрч гарна.
-Иргэн хууль бус мэдээллийг мэдэж байгаа бол илчлээч ээ. Эргээд хууль, эрх зүйн туслалцааг нь үзүүлье гэсэн агуулга яваад байна гэж ойлгож болох уу?
-Үүнийг зайлшгүй хийх цаг нь болсон.
-Төрийн болон албаны нууцтай холбоотой мэдээлэл үүнд хамаарах уу?
-Тодруулж уялдуулах асуудал байгаа. Хуулийн төслөөр авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдох мэдээлэл төрийн болон албаны, хувь хүн, байгууллагын нууц гэсэн халхавчинд орж болохгүй гэсэн концефцтэй орж ирсэн. Ийм зохицуулалтууд ч байгаа юм. Олон тэрбумын хөрөнгө оруулалттай зарим төслийг төрийн болон албаны нууцад оруулчихаад хэн ч мэдэж болохгүй асуудал байгаад байна. Тийм юм цаашдаа байхгүй болно.
-Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд бодитой алхам хийх нь өөрөө зүй ёсны шаардлага?
-Цаг үе нь ийм алхам хийхээс өөр аргагүйд хүргэж байна.
-Шилэн дансны хууль гэж бий. Таван сая төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй гүйлгээ бүрийг байршуулах заалттай. Хүссэн хүн бүр ороод харах боломжтой ч зөвхөн "Шилэн данс"-аар мэргэшсэн зарим нь ч байна. Жишээ нь, эдгээр хүн "Шүгэл үлээгч" гэсэн ангилалд багтах уу? Хуулийн шаардлага хангах уу?
-Болно.
-Уг нь нийтэд ил байдаг, нээлттэй байршуулдаг мэдээлэл?
-Ил байгаа мэдээллийг ажиглаад, тэрэндээ цаг зав зарцуулаад мэдээлж болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүдээс татварын асуудал орох ёстой талаар ярьж байна. АНУ, БНСУ, Европын ихэнх оронд корпорациудынхаа ил байгаа тайлан мэдээлэлтэй танилцаад, яг ямар татвараас зайлсхийснийг нь илрүүлдэг, татварыг байцаагч нь нөхөж акт тавьдаг жишиг бий. Эргээд урамшууллаа авдаг, шүгэл үлээдэг олон иргэний нийгмийн байгууллага байдаг. АНУ-д гэхэд жилдээ хэдэн арван тэрбум ам.долларын урамшуулал авдаг. БНСУ-д 44 сая ам.долларын урамшууллыг олгодог. Ил байгаа мэдээлэлд тулгуурлаж ажиллах, тодорхой мэдээллийг олж илрүүлэх нь өөрөө мэргэжлийн арга зүй. Өөр хоорондоо гэрээ хэлцэл хийж, картел үүсгээд үнэ хөөрөгдсөн хоёр компанийг илчилж болно. Тэгэхээр энэ асуудлыг харах ёстой.
Магадгүй зарим гэмт хэргийн сэдэл "хөшиг"-ний, "хаалга"-ны" ард цөөхөн хүний хүрээлэлд байна. Мэдэх ямар ч аргагүй. Гүйцэтгэх ажлын шугамаар л хууль хяналтын байгууллага мэдэх боломжтой. Тэнд ажиллаж байсан, магадгүй мэдээлэлтэй иргэдэд илчлэх боломжийг олгох, тэгснийхээ төлөө аюулгүй байдлаа хангуулдаг болъё гэж байгаа юм. Мэдээж тухайн хэрэг нь шүүхээр ороод гэмт буруутайг тогтоосны дараа хураагдсан эд хөрөнгөөс тодорхой хэмжээний урамшуулал олгоно.
-Урамшууллын хэмжээ 1.5 тэрбум хүртэлх бил үү?
-100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум хүртэлх урамшуулал авах боломжийг олгоно.
-1.5 тэрбумын урамшуулал гэхэд нэлээд томоохон хэргийн талаар шүгэл үлээх байх?
-Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгаж, шийдвэрлэсний дараа хууль бусаар олсон 50 төгрөгийн хохирол байвал түүний 15 хувиар урамшуулна. 10 сая төгрөгөөс 1.5 сая. 50 саяас дээшээ тохиолдолд 12 хувь гэдэг ч юм уу, шаталсан байдлаар зохицуулалт оруулна.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгадаг тусгай субъект нь АТГ. Үнийн хөөрөгдөл, монополь байдлыг ШӨХТГ зохицуулдаг. Тусгайлсан агентлаг нь байхад тусдаа хууль баталж, "Шүгэл үлээгч" нэрийн дор матаасчин бий болгох нь. Социализм руугаа ухарсан үйлдэл зэрэг шүүмжлэл байна. Иргэний нийгмийн байгууллагад олдсон мэдээлэл нь шүгэл үлээх биш хэн нэгэн албан тушаалтан, компани руу буцаад ноцох, шантааж хийх сэдэл өгөхгүй гэсэн баталгаа байхгүй?
-Матаас гээд хуучин цагийн юмыг яриад байгаа юм. Энэ бол тухайн этгээдийг, хувийн өш хонзонгийн сэдэл, улс төрийн зорилгоор хийдэг байсан асуудал. Харин энэхүү хуулийн төсөл нь цэвэр нийтийн эрх ашгийн төлөө хууль бус үйлдэлтэй тэмцэх иргэний үйлдэл. Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд бүгдээрээ оролцох Монголын төр төдийгүй дэлхий нийтийн уриалгыг хэрэгжүүлнэ. Бид авлигатай тэмцэхийн тулд хууль бус үйлдлийг илчилж байгаа иргэн бүрийг хамгаалах ёстой. Матаасчинтай харьцуулах хэрэггүй.
-Эргээд гарч болох эрсдэлийг нь л яриад байгаа юм?
-Тодорхой этгээдийн эрхэнд халдах зорилгоор шантаажлах, дарамтлах, гэмт хэрэгт гүтгэх нь өөрөө хуультай. Эрүүгийн хариулцлага хүлээх заалттай. Энэхүү зааг ялгааг хууль хяналтын байгууллага ялгаж гаргах ёстой. Хоёрдугаарт, ийм байдлыг хууль хяналтын байгууллага давуу байдлаар ашиглах вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Харин ч энэ үүднээс "Шүгэл үлээгч" хэвлэл мэдээллийн байгууллагад хандах эрхийг нь нээж өгнө. Гол нь хэн шүгэл үлээсэн талаарх эх сурвалжаа нууцлах асуудал байна. Тухайн хүний аюулгүй байдлын үүднээс. Энэ бүх асуудлыг хамтаараа зүтгэж, оролцоотой иргэний зоригийг мохоохгүй байж авлигатай тэмцэнэ.
-Казиногийн тухай хуулийн төсөл яригдаж эхлээд байна. Хууль боловсруулах процесс ямар шатандаа яваа бэ? Өргөн барихад бэлэн болчихсон уу?
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Казиногийн, Бооцоот морин уралдааны, Төлбөр, тааварт тоглоомын гэсэн гурван хуулийн төслийг удахгүй Засгийн газарт танилцуулна. Засгийн газраас эцэслэн шийдвэр гаргаснаар өргөн барих эсэхийг тогтдог дэс дараалалтай. Ямар ч байсан олон нийтийн зүгээс санал авч байна. Хуулийн төсөлтэй танилцах хүсэлтэй иргэн яамны цахим хаяг руу ороод санал өгөх боломжтой.
-Агуулга, зохицуулалтын хувьд ямар байгаа юм бол?
-Тодорхой чөлөөт бүсүүдэд Казино байгуулах асуудлыг ярьж байна. Тэргүүн ээлжид Монгол Улсын иргэд тоглохгүй, үйлчлүүлэхийг хориглоно. Аливаа зүйлээс үүсэх сөрөг үр дагаврыг хянан зохицуулахаас гадна зарим эдийн засгийн боломжоо ашигламаар байна. Засгийн газраас аялал жуулчлалын салбараа дэмжих, эдийн засгийг солонгоруулах үйл ажиллагаанд хууль, эрх зүйн орчныг нээж өгөхөөс өөр аргагүй. Тиймээс Казиногийн хуулийг оруулахаар төлөвлөж байна.
-Бооцоот морин уралдааны тухайд?
-Аялал жуулчлаын бас нэгэн бүтээгдэхүүн. Монголчууд морины асар их өв соёлтой ард түмэн. Гэтэл цэвэр цусны адуу нь уралдаж болохоо байчихдаг. Иргэд нь хөрөнгө оруулаад худалдаж авсан ч наадмаар уралдуулдаггүй асуудал гардаг. Тиймээс тусад нь бооцоот тойруулгын морин уралдааныг хийгээд өгье. Хоёрдугаарт, хүүхдийн асуудал яригдана. Хуулийн төслөөр насанд хүрсэн мэргэжлийн хүн унана. Сүүлийнх нь тодорхой спортын салбарыг эдийн засагжуулахад чиглэнэ. Эдийн засгийн агуулгаараа спортын шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Үндэсний бөх дээр бооцоо тавиад явбал олон иргэн сонирхохоор байна. Дэлхийд тархан суурьшсан монголчууд бусад спортыг хараад бооцоогоо тавьж болно. Тухайн спортод хүч хөдөлмөрөө зарцуулдаг бөхчүүд, тамирчдад бооцооны тодорхой хэсэг нь очно. Үүнийгээ дагаад допинггүй барилдах зэргээр шударга өрсөлдөөн бий болно. Ил, далд яваад байгаа эдийн засгийн секторуудыг нээлттэй болгоё оо л гэж байгаа юм.
-Казиногийн хуулиар урьдчилсан хэлэлцүүлэг явж байгаа юу?
-Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг яаманд хийж байна. Өргөн барьсны дараа нээлттэй хэлэлцүүлгүүд явах байх. Бидний хувьд аль болох нээлттэй мэдээлэл, санал шүүмжийг авч байгаа.
UZEG.INFO