Миний энэ удаагийн зочин Эрчим хүчний дэд сайд, улс төрийн шинжлэх ухааны доктор,  сонгуулийн технологич Түдэвхүүгийн Гантулга.

Саяхан тэрбээр “COVID-19 хэмээх ТИТЭМТ  “ноёнтон”- ны засаглал” гэсэн нэн сонирхолтой, юу үнэтэй юу үнэгүйг, юуг өөрчилж бас юуг өөрчилж болохгүйг мэдэрсэн эргэцүүлэл нийтлэл бичиж, уншигч олон таатай хүлээж авсан.

Миний идэвхтэй уншигчдаас нийтлэлийн автортай ярилцаж зарим нэг зүйлийг тодоруулан тайлбар авахыг хүссэн хүсэлт ирсэн юм.

Уншигчдынхаа хүсэлтээр ярилцсан энэхүү ярилцлага маань танд олон зүйлийг эрэгцүүлэн бодогдуулж таны ажил, амьдрал аль болох зөв тал руугаа өөрчлөгдөхөд санаа оноо өгнө гэдэгт итгэлтэй байна. Хүлээн авч уншина уу.



Дэлхийн оюуны хөдөлмөрийн зах зээлд Монгол хүнийг гаргах цаг болсон

-Таны цаг үеэ мэдэрсэн, хүмүүст ухаарал бодрол өгсөн эрэгцүүлэл нийтлэл тань хүмүүст их хүрлээ. Надад англи, орос, хятад зэрэг хэд хэдэн хэл дээр орчуулаад гадны хэвлэлүүдэд нийтэлмээр санагдсан. Энэ миний л санаа. Өнөөдөр дэлхий тэр чигтээ л коронавирус гэдэг нэг сэдэвтэй, адилхан зовлонтой байна. Хүмүүст өнгөрсөнөө эргэж харан дүгнэлт хийх, ирээдүйгээ төлөвлөх, аливаа хямралын үед сэтгэл санаагаа зөв удирдаж, тайван амгалан байх сэтгэл зүйн зөвлөгөөнүүд,  Засгийн газруудад шууд хөтөлбөр болгоод хэрэгжүүлчих олон санаанууд байна.

- Баярлалаа, Ганаа. Боловсролтой монголчууд, сайн уншигчид бас сайн шүүмжлэгчид шиг хэрэгтэй хүмүүс алга. Хүмүүсийн сэтгэгдлээс харахад хандлага нь эерэг талдаа байна лээ. Иймд “бай”-гаа оносон юм болов уу даа. Яг тантай адилхан саналыг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нар хэлнэ лээ. Нэг нь дотооддоо хандсан зүйлүүдээ хасаж,  гадагшаа хандсан санаануудаа илүү тодотгон засвар хийгээд гадны хэвлэлд нийтлүүлэх, нөгөөх нь дэлхийн хэмжээний глобал асуудлуудыг хөндөж, олон улсын эрдэмтэн, судлаачид төдийгүй төр, засгийн шийдвэр гаргах түвшний болон тэдэнд нөлөөтэй хүмүүст юм бодогдуулах олон санаанууд байгаа учраас  яг энэ чигээр нь гаргавал зүгээр байх гэсэн санаа хэлсэн. Өнөөгийн глобал ертөнц хавтгай учраас судлаачдын хувьд улс үндэстэн, орон зайнаас үл хамаарч  хил хязгааргүйгээр мэдээлэл олж авах, анализ хийх, шүүмж хэлэх,  хэлэлцүүлэг өрнүүлэх,  ямар ч агуулга, хэлбэрээр контент  бүтээн түгээх, хамтран ажиллах нээлттэй. Нөгөө талаас  Монгол судлаачийн санал дүгнэлтийг эх сурвалжаа тодотгон хэн нэгэн авч ашиглах боломжтой учраас надад татгалзах зүйл алга. 

-Би таны нийтлэлийг хоёр ч удаа уншсан. Олон өнцгөөс өргөн агуулга бүхий сэдвийг бага орон зайд шингээсэн, ирээдүйг өөрийнхөөрөө харсан мэдлэг, мэдээлэлтэйгээс гадна бичгийн өндөр чадвар харагдсан. Таныг хэн эсвэл юу ингэж хөглөчихөв ?

-Танд үнэхээр тэгж санагдсан бол баярлалаа.Коронавирусын дараах улс төр, дипломатын харилцаа,  нийгмийн амьдралын дэглэм,  үнэт зүйлсийн ойлголтын өөрчлөлтүүдээс гадна  эдийн засгийн хямрал Засгийн газруудын санааг зовоож энэ чиглэлд дээд эрэмбийн ажил, алба эрхэлж байсан  болон нэр нөлөөтэй хүмүүс өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой гарц шийдэл бүхий  санал зөвлөмжүүд хэлсээр байна. Коронавирус хэд хэдэн давалгаагаар удаан үргэлжлэх эсвэл өөр төрлийн ямар ч аюул гамшиг учрахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Иймд хүний сурч,  хөгжих процесс тасралтгүй байж, амьдрал ахуйд тус болохуйц хэрэглээний боловсролын тогтолцоотой болох, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх иж бүрэн хангамжтай эрүүл мэндийн тогтолцоог нэн яаралтай буй болгох, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан, бие даасан, хараат бус дижитал эдийн засагтай болох, чанартай амьдралыг хөхүүлэн дэмжсэн урамшууллын тогтолцоо бүхий нийгмийн бодлоготойбайж бид дангааршил ярина.

Монгол хүний сэтгэлгээ, Монголчуудын оюуны потенциалыг хөгжүүлэн дэлхийн оюуны хөдөлмөрийн зах зээлд Монгол хүнийг гаргах цаг болсон.

 - Үзэл санаа тээгчдийн зовлон их л дээ. Оюун ухаанаа чилээн байж бичсэн зүйлийг тань шийдвэр гаргах эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс тоохгүй үед гомдох үе гардаг уу? За даа, уншихгүй, уншсан ч ойлгохгүй гээд хаядаг уу?

 -Бурхан багш ... хүний ярьсныг буруу ойлгодог хүнээс огт ойлгодоггүй хүн хамаагүй дээр… гэж сургасан байдаг. Би энэ философийг эхлээд сайн ухаж ойлгодоггүй байсан. Харин надад нэгэн ухаантан бодит хүмүүсийн  тодорхой жишээн дээр тайлбарлаж өгсөн.

  Миний нэг номын багшийн хэлсэн энэ цаг үед байнга санаж явах… цөвүүн цагт хааны бус харцын явдлаар яв … гэж захисан үг санаад орж ирж байна. Олон хүнээс янз бүрийн санал ирж байгаа. Сонсдог ном болгох, хэлэлцүүлэг хийх, ярилцлагад орооч гэсэн саналууд ирсэн.

-Коронавирус хэд хэдэн давалгаагаар хэдэн жилээр үргэлжилбэл тэсч үлдэх улс орон, үндэстэн байна уу?

  - Гарам үгүй мөрөн, шийдэл үгүй асуудал гэж байдаггүйн нэгэн адил коронавирус бол аюул биш. Ер нь аливаа хасах бол аюул биш. Харин хасахыг нэмэх болгож чадахгүй бол аюул. Юу үнэтэй, юу үнэгүйг ойлгож өөрсдийн үзэл санаа, хандлагаа өөрчилж,  зөв чиг барьж чадсан үндэстэн, улс орон коронавирусыг ялж чадна. Монголчуудын чиг гэдэг үгэнд их утга учир байдаг юм билээ.

-Ямар утга учир байдаг гэж…

-Монголчуудын ялимгүй чиг алдвал төөрнө гэдэг үгэнд гүн гүнзгий учир утга, том үзэл санаа оршдог. Аливаад чиг хийгээд зүггүй байна гэдэг гарах гарцгүй мухардалд орсноос ялгаагүй. Учир мэдсэн хүний мэргэн ухаан, хорвоог таньсан хэн нэгний үнэт сургаал, хамт олон байгууллагын эрхэм зорилго үнэт зүйлс, их үйл хэргийг бүтээхийн төлөө зорьсон хүсэл тэмүүлэл, тодорхой эрх ашгийн төлөө үйл ажиллагаандаа баримтлах жанжин шугам, нөхцөл байдлыг зөв үнэлэн хүнд байдлаас гарах ур чадвар, амьд явах арга ухаан хийгээд ахуй амьдралдаа баримтлах чиг баримжаа гээд олон зүйл энэ л чиг гэдэг үгийн утга санаанд шингэн багтсан байдаг.

Сонгуулийн технологид  сонгогчдын оюун санаанд хүчтэй нөлөөлөх сонгуулийн кампанит ажлын бүрэн концепцыг илэрхийлсэн уриа үг чухал байдаг. Сонгуулийн  уриа үг олохоор нэг биш удаа мэргэжлийн хүмүүстэй  хүчтэй үгнүүдэд анализ хийж  байх явцад “чиг” гэдэг үг зөв бас энергитэй санагдаж улмаар судалж үзсэн.

Судалгаанаас  “чиг” гэдэг үг хоёр мянга таван зуун жилийн тэртээ Бурхан багшийн амаар айлдсан “Очироор огтлогч” буюу Дорж Зодва сударт… үйлийг би үнэн хийсэн бол үр нь ирэх гарцаагүй.. хэмээх сургаалын хураангуй гэдэг дүгнэлтэнд хүрсэн.  

Сонирхуулахад манай эриний 868 онд модон бараар хэвлэсэн “Очироор огтлогч” хэмээх буддын билгүүн ухааны судрын эх хувь Лондон хотын дагуул хот Блумсбери хотод байрлах Британийн музейд хадгалагдаж байгаа. Ер нь “Очироор огтлогч” гайхамшигт судар Монгол айл өрх бүрд заавал байх ёстой юм гэсэн.

-Үнэхээр л таны бичсэнээс харахад бид чинь хаашаа явж, юунд зорьж яваа зүг чигээ алдаж түүнийг нь байгаль дэлхий засах гэж олон дохио сануулга өгөөд байгаа юм шиг санагдуулсан. Коронавирус ямар нэгэн дохио болж чадсан уу?

-Дэлхийн улс төр, цэрэг армийн асуудал хэний ч сонирхлыг үл татаж, коронавирусээс яаж хүн ардаа хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдаж, хэрэгжилтийн явцад олон улсын гэрээ, эрх зүйн актууд илтэд зөрчигдөж,  зөвхөн зөөлөн дипломатын харилцаагаар л асуудлыг шийдэж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үй олон гамшиг учирсаар байна. 2019-2020 оныг дамнасан Австралийн ойн түймэрт 500 сая ан амьтан амьдаараа шатаж, 20 орчим сая акр газар шатсанаас агаар мандалд хэдэн мегатонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан талаарх тооцоо одоо хүртэл гараагүй байна.

Шинжлэх ухаан нэг талаас байгаль дэлхий, ертөнцийг танин мэдэх нөгөө талаас хүн, нийгмийн харилцааны үзэгдэл юмсыг судлах үндсэн судлагдахуунтай. Харамсалтай нь өнөө үед шинжлэх ухааныг үл тоон хэтэрхий механик хөгжилд тэмүүлснээр ихээхэн хүчирхэгжсэн ч ёс суртахууны доройтолд орж, дур зоргоороо авирласныхаа горыг амсаж хүн ямар их эвдэрснийг коронавирус ухаарууллаа.

Хүний биеийн халуун 2.2-2.8`C-ээс дээш нэмэгдэхэд амь насанд аюултай болдогтой адилхан дэлхийн дулаарал энэ хэмээр  нэмэгдвэл хойд мөсөн далай, мөнх цас, мөс, газрын доорх цэвдэг хайлж, ой мод устаж, ундны ус ширгэж  зарим хавтангууд усан дор орох аюул ойрхон байна. Одоо 0,89`С-ээр дэлхийн дулаан нэмэгдсэн. Харин цөлжилт ихтэй бүс нутагт аль хэдийнээ 1,6-2,1`С-ээр дулаарсан байгаа. Өнөөдөр ундны цэвэр усны нөөц аюулд орж байгаа. Монгол Алтайн нуруу, Антарктид, Гринланд, Гималай,  Потанинын цас мөсөн бүрхэвч дэлхийн цэвэр усны нөөцийн 75 хувийг агуулдаг. Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэг хайлахад олон сая жил хөлдүү байсан бичил биетнүүдээс эхлээд аварга том биетнүүдийн эртний аюултай вирусүүд хүн төрөлхтөнд ямар аюул учруулахыг таашгүй. Иймд мөнх цас, мөс, цэвдэг хайлах нь цар тахалаас ч аюултай. Энэ өнцгөөс харвал Дэлхий ээжийн бие чилээрхэж, өндөр халуунтай байгаагийн дохиог бидэнд коронавирус санууллаа.

-Тийм шүү, бид  байгаль дэлхийтэй буруу харьцах  ямар аюултай зүйл болохыг төсөөлөхгүй юм даа.  Та Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд нөгөө талаас судлаачийн нүдээр илүү өргөн хүрээнд харж байгаа байх. Энэ чигээрээ яваад байвал хүн төрөлхтөн юутай тулах бол ?

-Жил бүр агаарын хэмийн халуунаас 200,0-250,0 мянган хүн амь насаа алдаж, нэг тэрбум хүн ундны цэвэр ус, хүнсний хомсдолд орж, хоёр тэрбум хүн эрчим хүч ашиглах  боломжгүй орчинд амьдарч,  өдөрт 1-3 ам доллараар амь зогоож байна.

Хяналтгүй, хүчгүй сул дорой төр улсад хүчирхийлэл, садар самуун, хулгай дээрэм, ёс суртахууны доройтол жам ёсны юм шиг болж орон гэргүй, ажилгүй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж,  хар тамхи, архинд донтсон, эрх мэдэлд эрдсэн, мөнгөнд боолчлогдон бачуурсан  араатан төрхтөн олширсноор нийгэмд тэр хэрээр хорт нян буюу вирус үржсээр байна. Коронавирус эрдэнэт хүн эвдэрч байгаагийн дохиог бидэнд бас л санууллаа. Энэ мөн л байгаль эхийн шийтгэл гэхээсээ гомдол цөхрөлийн өш авалт гэлтэй.

Эрчим хүчний хэрэглээнд хэт автаж түүнээс бүрэн хараат болсон хүн төрөлхтөн дэлхийн дулаарлыг зогсоож чадах уу? Хүлэмжийн хийг бууруулахын тулд эрчим хүчний хүрэн нүүрсний хэрэглээгээ хориглож чадах уу?  Сэтгэлгээ болон амьдрах аргаа өөрчлөхгүйгээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэх гарц алга гэж харж байгаа. Нийгмийг сайн сайхнаар хөгжил дэвшилд хөтлөх зам бол ердөө л хүмүүсийн сэтгэлгээний хандлагыг өөрчлөх. Коронавирус хүн төрөлхтнөөс нэн яаралтай сэтгэлгээний хандлагаа өөрчлөхийг дохиолон өртөг өндөртэйгөөр сануулсан.

Одоогийн цаг дээр бидний мэдэж байгаа цор ганц амьдралт ертөнц болох 4.5 тэрбум жилийн настай Дэлхий эвдэрч байгаагийн дохиог мөн л нөгөөх коронавирус анхаарууллаа.

Ашиг олзны төлөө амь насаараа дэнчин тавьж, эдийн засгийн өндөр өсөлт, санхүү, хөрөнгийн хуримтлалын төлөөх ухаангүй өрсөлдөөнөө зогсоож, үйлдсэн гэмээ ухаарах боломж бас сорилттой л тулж байна даа.

Цөмийн, биологийн, бактериологийн болон бусад зэр зэвсгийг ундны усаар, үр тариагаар, эрдэнэ шишээр солих хэрэгцээ шаардлагатай тулж байна. 2050 он гэхэд дэлхийн 10 тэрбум хүн хаанаас ус олж уух, юу идэж амьдрах асуулттай тулж магадгүй.  Наанадаж хоол, хүнстэй байлгахад зөвхөн тариалангийн талбайг одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага гарна. Бид байгаль дэлхийгээ аргадах уу, эсвэл дахин өөр нэг дэлхий хайх уу гэдэг сонголттой тулж байна.  Дулаарлын улмаас мөнх цас, мөс, цэвдэг хайлж,  ундны усаар гачигдаж, тариалангийн талбай усаар дутагдан ургац алдаж улмаар хүнсний бүтээгдэхүүний хангамж хомсдохын хирээр үнэ өсөж, хүмүүсийн амьжиргаанд нөлөөлснөөр амь зогоохын төлөөх хүмүүс хооронд төсөөлшгүй зөрчил, тэмцэл үүсэх цаг үетэй тулж байна.

Салхи шуурга, тэнгис далай, гал усыг сөрж биш дагаж сансар огторгуй хийгээд байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах байгалийн хуулийн өмнө бид тулж ирсэн. Цааш газар үгүй гэдгийг нөгөөх л коронавирус бидэнд зүгээр л “чимхэж”  санууллаа.

-Тиймээ, бид байгалтай хэтэрхий зүй бус харьцсаны горыг амсаж байна. Хүн төрөлхтөнд илгээсэн дохиог мэдэрч чадсан бол бидэнд ямар сургамж коронавирус өгөв. Таны бодол.

-Коронавирус хүн төрөлхтнийг шинэ үзэл санаа, шинэ дэг журам, шинэ санаачилгад уриаллаа. 

Хувь хүний санхүүгийн сахилга бат, өрхийн аж ахуйгаа төлөвлөхөөс эхлээд улс орон бүр эдийн засгийн өсөлт гэхээсээ илүү хэрхэн амьдрах арга ухаандаа өөрчлөлт хийх, зорьж мөрөөдөж буй төсөөллөө эргэн харах, ирээдүйд учрах эрсдэлээ тооцоолж дахин төлөвлөлт хийхийг анхаарууллаа.

Даяаршлаас дангааршил рүү эргэж, олон улсын байгууллагуудад итгэх итгэл найдвар суларч, тэргүүлэгч орнууд дэлхийн либерал дэг журмыг зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлэх легитим эрх мэдэл дутагдаж байгаа нь саяны коронагийн үеэр харагдлаа.

Бүх нийтээрээ гэр гэртээ даяанчлан суух зуур өрх бүрд асуудал байсныг мөн олон зөрчил шинээр үүсэж байгааг коронавирус дэлгэлээ.  

Хөл хорионы дэглэмийн “гэр хорионд” байж ядсан хүмүүсийн архинд хөлчүүрхсэн, хар тамхинд мансуурсан хүчирхийллээс үүдэлтэй хэдэн сая хүсээгүй жирэмслэлт байгааг одоогоор ч цаашид ч мэдэх аргагүйгүйгээс гадна ямар сөрөг үр дагавар гарах энэ үеийнхэн хэдхэн жилийн дараа хүн төрөлхтөнд ямар “бэлэг” барихыг таашгүй.

-Нэг вирус л хүн төрөлхтөнг сөхрүүллээ. Цаашид бидний амьдралд олон зүйл өөрчлөгдөх байх ?

-Хүмүүсийн ахуй, амьдралд олон зүйл өөрчлөгдөнө. Үнэт зүйлсийн эрэмбэ дараалалд өөрчлөлт орно. Таны үнэт зүйлсийн нэн тэргүүнд амьд явах эрхэм чухал болно.  Чанартай амьдарч амьд явахын тулд оюун санаа, сэтгэлийн болон бие махбодийн эрүүл мэндийн асуудал  чухал болно. Таны хэрэглээ аль болох энгийн ухаалаг тал руугаа өөрчлөгдөнө. Магадгүй энэ хандлага таны амьд явах хамгаалалт байх болно. Хүн бодгалийн хувьд оюун санааны, сэтгэлийн, бие махбодийн харилцан шүтэлцлийн хязгааргүй орон зайд хий, халуун, хүйтнээр синтезлэгдэж эрхэмсэгээр оршин буй бурханы төгс бүтээл. Хүн бүрд  өөрийгөө кодлох чадвар байдаг. Хүн бол бодлын бөгөөд сэтгэлийн амьтан.

-Та хувь хүний бодгалийнх нь хувьд гайхалтай тодорхойлолт өглөө. Өөрийнхөө нийтлэлд чанартай амьд явахаас гадна эрх чөлөөний талаар бичсэн байсан. Коронавирус эрх чөлөөний үнэ цэнийг хүмүүст хэрхэн ойлгуулсан талаар таны бодол ?

-Бас нэгэн үнэт зүйл бол эрх чөлөөтэй байх. Эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулах улмаар хасуулах шиг хүнд зүйл үгүй.  Тусгаарлалтад байсан хэдхэн хоногт эрх чөлөөтэй байх ямар эрхэм чухлыг  хүмүүс мэдэрсэн байх. Ялангуяа эх орон, хайртай хүмүүсээсээ хол харийн нутагт “хоригдсон” хүмүүс эрх чөлөөний үнэ цэнэ хаана оршдогийг дэндүү сайн мэдэрсэн. Энэ талаасаа коронавирус хүн төрөлхтөнд төлөөс ихтэй ч амьдралын их сургуулийг  өртөг өндөртэйгөөр сургаж амьд явах эрхэм чухал, эрх чөлөөтэй байх нандин эрх, аз жаргал гэдэг таны дотоод ертөнц, өөрийнхөөрөө оршихуй гэдэг гуравхан хичээлтэй диплом олголоо. 

Таны үнэт зүйлсийн бас нэгэн чухал зүйл бол аз жаргалтай байх. Эрх мэдэл,  эд хөрөнгө, мөнгө аз жаргал биш гэдэг нь харагдлаа. Энэ талаасаа хүмүүсийн аз жаргалын талаарх үнэлэмжид өөрчлөлт орно. Дотоод сэтгэлдээ амар амгалангийн нөөцийг хуримтлуулж  бусдад болон эргэн тойрондоо сайн энерги түгээж, алд биеэ бүрэн захирч, ахуй, амьдрал, хувь тавилангаа аливаа сөрөг урсгалаас хамгаалах дархлаатай болно. Хүний амьдралын чанарын хэмжүүрт сайнэрүүл мэнд, сайн боловсрол, сайхан гэр бүл,найз нөхөдтэй байх, аль болох урт наслах зэрэг үнэлэмжүүд аз жаргалын үнэт зүйлсэд голлох байр суурьтай болж зөв тал руугаа өөрчлөгдөнө. Тиймээс хүнээрээ байгаа найз нөхдөө л сонго. Харин эвдэрсэн хүнээс түргэн холд. Ялангуяа нөхөрлөж байгаад нүдэн дээр чинь буруу тийшээ явж байгаа хүн нэн аюултай. Хүнийг нөхрөөр нь шинж гэсэн монголчуудын эртний үнэн үг байдаг.


Үзэл санаа тээгчдийн оролцоо, сонирхолыг дээд эрэмбийн бодлогоор татна

-Дэлхийн улс орнууд коронавирустэй “дайтаж” хэдэн сарыг үдлээ. ДЭМБ болон бусад улсууд ч Монгол Улсыг цар тахалын үед сайн ажилласан улсуудын нэгээр нэрлэж байна. Үнэхээр ч гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг эс тооцвол бид дотооддоо алдсангүй.

-Шулуухан хэлэхэд  Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн Засгийн газарт өндөр оноо авчрах үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг мөнөөс мөн. Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөнөөс голлох гурван зүйл гэвэл Нэгд; Ерөнхий Сайдын хувь хүний харизм, онцгой нөхцөл, гамшиг дээр ажиллаж байсан туршлага, шийдвэр гаргах чадамж, эргэх холбоо, гүйцэтгэлийн хяналт, хатуу чанга байр суурь нөлөөлсөн. 

Хоёрт; Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн салбар, цагдаагийн албан хаагчид тэдгээрийн бүх түвшний удирдлагууд өндөр үүрэг хариуцлагатай, чин сэтгэлээсээ зүтгэж ажилласан. 

Гуравт; Олон зууны турш судлагдан туршигдсан Монголын олон номт мэргэн эрдэмтэд, зурхайч нарын байгалийн зүй тогтол, учир шалтгаан хийгээд хүмүүний амьдрал, хувь заяаны төөргийг шинжлэх ухаан болон зурхайн ухааны нарийн тооцооллоор шүтэн барилдуулдаг Монгол зурхай нөлөөлсөн.

-Мэдээж Засгийн газар сайн ажилласан, Эрүүл мэндийн Яам сайн ажилласан гэдгийг олон түмэн харж байгаа. Эрүүл мэндийн систем тэр дундаа эмч, сувилагч нар эмнэлгийн удирдлагуудыг үнэлж байгаатай санал нэг байна.  Мөн жил бүрийн л сар шинийн өмнө бөөн маргаан дагуулдаг зурхайн талаар сонирхолтой дүгнэлт хийлээ. Таны харж байгаагаар энэ асуудал эцэслэгдэх үү?

-Бүх зүйлс,  аливаа юмс үзэгдэл бүхнийг сөрөг талаас нь харж байнгын эсрэгцэл үүсгэж муйхарлан зүтгэдэг цөөнхөд хандаж “зөв бай“ гэж уриалмаар байна.

Монголчуудын “зөв тал” гэдэгт аливаа сөрөг урсгал, эсрэгцлэлийг тойрсон, ертөнцийг танин ухаарсан их ухаан оршдог. Монгол хүн гэрт ороод нар зөв тойрч гарах, цайгаа самрах, цай аягалахдаа хүртэл нар зөв эргүүлэгтэй хийх, мориндоо зөв талаас нь  мордож буух, ялалт байгуулж баярласан тамирчин дэвжээгээ нар зөв тойрон гүйх гээд нэг тийм зөв зүг чиг байна. Монголчууд нар зөвийн орны хүмүүс учраас зөв байвал бидний үйлс өөрчлөгдөж ажил, амьдрал тэгширдэг. Хүнээрээ байгаа нэгнийг зөв хүн гэж итгэж аливаа үйл хэргийг хамтран хийхэд урамтай байдаг. Итгэл бол ажил амжуулах шилдэг арга, уучлах бол хамгийн дээд шийтгэл, хайрлах бол төгс харилцаа, дуугүй байх хамгийн шилдэг чадвар. Тиймээс юм болгонд бухимдан өөрийгөө элээх хэрэггүй. Бүх зүйлд эцэс төгсгөл буйтай нэгэн адил хүний бие организм, эд эс хүртэл хэмжээ хязгаартайгаас гадна тодорхой хугацаатай.

Ганаа, энэ нуршуу тайлбараар зурхайн номтой, номгүйн маргаанд цэг тавихад хамтдаа санал нэмэрлэе.

Харин биднийг цар тахалаас Монгол зурхай аварсан гэдэг дээр хүн бүр нэг их тайлбар хэрэггүйгээр ойлголцох болов уу. Хятадын сар шинийн баярыг өнгөрүүлээд манайхан бэлгийн бараагаа татах гэж байхад урьд хөршид коронавирус гарсан.

Хятадууд сар шинийн баярын их нүүдлээр хяналтаа алдсан. Хамрах газар нутаг, орон зайг маш хурдан тэлсэн. Сахилга бат сайтай, дэг журамтай улс тулдаа л нэг барьж авах шиг боллоо.

-Та Монгол Улсын Ерөнхий сайдыгхаризмтайулстөрч гэлээ. Би ч санал нэг байна. Хүчирхэг байх, шийдэмгий байх, мэдрэмжтэй байх гээдтөсөөлж байна. Харинуншигчдаджаахан дэлгэрүүлбэл сонин байх болов уу?

-Ер нь харизмын тухай таны хэлж байгаа зүйл бол харилцаж байгаа хүнээ мэдэрч илүү их дотно сэтгэгдэл төрүүлэн, тэр хүнийнхээ анхаарлыг өөртөө татаж чадсанаар хүчирхэгмэдрэмжийг төрүүлдэгтөрөлхийнчанар гэхээсээ илүү биеийнхэлэмжбас харилцааны өндөр соёл юм л даа. Харизмын тухай олон ном, эх сурвалжууд уншиж байсан. Маш товчоор энгийнээр хураангуйлан томьёолбол харизм гэдэг бол биеийн хэлэмж болон  хүний дотоод сэтгэлээс гарах үг,  үйлдэл,  эс үйлдлээрээ бусдыг өөртөө татах чадвар юм. Манай жанжинд яах аргагүй ийм чадвар байдаг. Уучлаарай найз нөхдийн хүрээндээ ярьдаг хэллэгээр ярьчихлаа. Хасчихаарай. 

-Та хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга, одоо дэд сайдаар ажиллаж байна. Мэдээж төрийн ажлын туршлага их байгаа. Харин Монгол төрийн байгууламж, оновчтой бүтэхийн талаар бодож явдаг зүйл байгаа бол уншигчтайгаа хуваалцахгүй юу?

-За даа, олон удаа шийдвэр гаргах хэмжээний хүмүүст Засгийн газрын олон улсад байдаг сонгомол, манайд байх оновчтой бүтцийг санал болгож байсан ч хүлээж авдаггүй юм билээ. Төрд ажиллаж байгаа надад бүх талаасаа илүү мэдрэгдэж бас өндөр хөгжилтэй улс орнуудаас шууд хуулчих хэд хэдэн хувилбарууд бол байгаа.

-Сонин байна, ярьж болох уу?

-Хэрэг байна уу даа.

-Одоо бол цаг үе их өөр болсон. Монголчууд сэрж байна. Үзэл санаа тээгчдийн ном бичээд л сууж байдаг цаг ард хоцорсон. Хэн оюун ухаанаа уралдуулж чадна тэр хүнийг ойлгох хүлээж авах хөрс бүрдсэн нийгэмд бид амьдарч байна. Мөн танай дараагийн үеийнхэн та нараас хэнтэй нь үлдэх, хэн нь илүү гэдгийг шүүж байгаа цаг үед өөрийн байр сууриа илэрхийлэх нь шударга гэж харж байна.  Харин ч сурсан мэдсэн бүхнээ даруу зангаар халхавчлан дарж суух нь амиа бодсон хэрэг биш үү?

-Та бол хүнийг яаж ийж байгаад өдөж, уудалж чаддаг л даа. Төрийн удирдлага аль болох цөмхөн, давхардалгүй байж гэмээн иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлнэ. Төр бол нийгмийг тайван байлгах, ёс, зан заншил, хуулийг сахиулах онцгой эрх бүхий засаглалын нэгжтэй, иргэдийнхээ ашиг  сонирхол, оролцоонд тулгуурлан шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлдэг өөрийн механизмтай, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний болон үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн цогц институт. Нэгэн ухаантны … концепци зөв бол тэнэг амьтныг ч хөтлөөд үр дүнд хүргэж болно. Концепци буруу бол суутнууд ч мухардалд ордог… гэсэн үг санаанд орж байна.

Яг одоо улс төрийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байгаа үед Засгийн бүтэц ярих нь тийм ч оновчтой цаг биш л дээ.

-Яагаад. Харин ч цаг үеэ олсон чухал сэдэв гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад онцгой эрх өгсөн. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрөө бие даан шийдэх эрх байгаа. Хэдхэн хоногийн дараа улс төрийн дахин хувиарлалт болж шинэ Засгийн газар байгуулагдана. Иргэдэд хэн гишүүн болох нь сонин бас ач холбогдолтой биш. Харин ямар Засгийн газар байгуулагдах нь сонин байгаа?

-Манай Үндсэн хуулийн ерөнхий концепциор бол Монгол улс нийгмийн баримжаатай өөрийн өвөрмөц онцлог бүхий зах зээлийн эдийн засагтай,  улс төрийн ардчилсан дэглэмтэй, хөгжиж буй орон. Иймд энэ л хүрээндээ Засгийн газрын бүтцийг оновчтойгоор шийдэх хэрэгтэй.  Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, гэр бүл, хүүхэд, залуучууд, спортын зэрэг асуудлуудыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Нийгмийн Хөгжлийн Яамтай болох. Энэ яамыг Монгол Улсын Ерөнхий Сайдын орлогчийн статустай Тэргүүн Шадар Сайд бөгөөд Нийгмийн Хөгжлийн сайд удирдвал эдгээр нийгмийн чиг үүргийн яамдын бүтэц зөв болж, орон тоо хэмнэгдэж, салбар дундын уялдаа сайжирч, иргэд нэг цонхны чанартай үйлчилгээ авна. Хүний хөгжлийн тулгуур болсон эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлуудыг нэг гарт төлөрүүлж байж чанартай амьдрал, хүний капиталын асуудал чухалчлагдана.

-Одоогийн байгаа гурван яамыг нэгтгэх юм байна. Хүнд л юм. Эдгээр яамдын сайд болох гэсэн хүмүүсийн хүчтэй эсэргүүцэл бас лоббинд орж ямар ч Ерөнхий сайд зориглохгүй гэж харж байна. Тэгээд ч улс төрөө даахгүй шүү дээ.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар урьд байсан хуучин бүтэц дээр үргэлжлүүлэн ажилласан. Одоогийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан сайд нар салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, олон түмний ч дэмжлэгтэй сайн ажиллаж байна. Харин сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ Засгийн газарт хүнд зориулсан бүтэц хэрэггүй. Хөгжилд тэмүүлсэн үр дүнд хүрэх бүтэц хэрэгтэй. Таны хэлж байгаатай санал нэг байна. Том эрх ашгийн төлөө гаргасан эрсдэл алсдаа зөв байдаг. Алийн болгон шагналын, шантаажны, квотын сайдын төлөө төрийн захиргааны төв байгууллагуудыг жижгэрүүлэн байгуулж, хүлээн зөвшөөрөгдөөгүй нэгэн сайдаар очиж эсрэгцэл үүссэнээр тухайн салбарын ажил унахын хэрээр чанартай үйлчилгээ авч чадахгүй иргэд хохирсоор улмаар улс орны хөгжлийг хойш татсаар удлаа. Үнэхээр шударга, зарчимтай байя гэвэл одоо цэг тавих цаг болсон. Хүчтэй, харизмтай, зангарагтай, салбартаа ажилласан туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн том улстөрч сайдтай салбарын ажил үр дүнд хүрч, хамт олны урам зориг илтэд сэргэж,   тэр хэмжээгээр төрөөс иргэд очих үйлчилгээ сайжирдаг. 

-Би санал нэг байна. Үнэхээр та гурвын гурван яаманд төрийн өндөр албан тушаалд ажилласны дээр нь судлаач, эрдэмтэн хүний хувьд зөв харсан гэдэгт итгэлтэй байна. Тал талд бие биендээ хууль, журам ярьсан, өөрт ашигтай ажил, үйлчилгээгээ булаацалдсан, иргэдэд үйлчлэх тал дээр хүнд сурталтай нэг чигийн яамдууд нэг хүний удирдлагад төвлөрөх нь оновчтой санагдаж байна. Мөн ажлын хийдэл, давхардал арилж, хариуцлагын тогтолцоо ч сайжрах байх. Өөр ямар ямар яамдыг нэгтгэж болох вэ ?

-Саяны та бид хоёрын ярьсан нийгмийн салбар бол хөрөнгө, мөнгө олдоггүй зөвхөн хэрэглээ, зарцуулалт талдаа байгаа биз. Иймд энэ салбарынхаа сул талуудыг нөхөх боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын цалин, нийгмийн асуудал, мөн энэ салбарын эрхлэх асуудлын хүрээнд байдаг хүүхдүүд, алдар гавьяатнууд, ахмадууд, олон хүүхэдтэй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиг үүрэгтэй эдийн засгийн хөгжлийн яам зайлшгүй хэрэгтэй.

-Бид чинь ийм яам байгуулаад татан буулгасан шүү дээ.

-Тийм тийм. Тэр их өөр учир шалтгаантай байсан. Минийтөсөөллөөрбол их өөр. Наанадаж л Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн дэвшүүлсэн хүнс, эрчим хүч, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтуудыг нэн яаралтай хэрэгжүүлэхэд зайлшгүй зөв бүтэц хэрэгтэй. 

Хариуцлагатай уул уурхайд түшиглэсэн эрдэс баялгийг оновчтойгоор ашиглах бодлого, кластер бүхий хүнд үйлдвэрүүдийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжин зөвхөн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох, эх орны баялгийг шударга хувиарлах,  иргэн бүрийн хяналт, оролцоотой ирээдүй сангийн хөгжүүлэлт хийх зэрэг макро эдийн засгийн бодлого баригч Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай байж хөгжил ирнэ. Тус яамыг Монгол Улсын Ерөнхий Сайдын орлогчийн статустай Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд удирдвал байгальд ээлтэй өндөр бүтээмж бүхий технологитой, төлөвлөлт, зарцуулалт, хяналтын бүх түвшинд ил тод дижитал эдийн засгийн бодлого хэрэгжсэнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, брэндлэг,  онцгойрсон экспортын бодлого явуулбал эдийн засгийн өсөлт буй болж улмаар улс орны хөгжилд ихээхэн тустай болно.

-Содон сонирхолтой цэгцтэй л санагдаж байна. Бас бодлого баригч гэдэг шинэ санаа гарч ирж байна. Ер нь манай улс хэдэн яамтай байвал хамгийн тохиромжтой вэ?

-Хамгийн ихдээ л 11-ээс илүүгүй яамтай байх.

-Та хоёр яамыг нэрлэсэн. Үлдсэн ямар ямар яам байх уу, товчхон дурдах уу?

-Мэдээж гадаад харилцаа, хууль зүйн, сангийн яамдтай байна. Мөн хөдөө аж ахуйн, түлш, эрчим хүчний, зам, барилга, хотын хөгжлийн, батлан хамгаалах яамд байна. Сая үндсэндээ долоон яамыг дурдлаа. Үүн дээр нэмээд усны бодлого, байгаль орчны асуудал хариуцсан яам мэдээж байна. Харин миний онцгойлон үзэхэд өнөө цагийн захиалгаар заавал байгуулах Мэдээлэл, технологийн яам. Сая л гэхэд коронагийн үеэр бүх сургалт цахимд шилжиж, цахим худалдааны болон IT-ийн компаниуд ашигтай ажиллаа. Дижитал худалдаа, мэдээллийн технологийн өрсөлдөөнд бэлэн байх, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт бүхий биг датад суурилсан үндэсний мэдээллийн тогтолцоотой болох, цахим худалдаа, үйлчилгээний хакераас сэргийлэх, хиймэл оюун ухааныг амдан хөгжүүлж улмаар нутагшуулах зэрэг ирээдүйн хөгжилдтэмүүлсэн нийгэм, цаг үеийн захиалгыг соргоор мэдэрч энэ яамыг байгуулсан Ерөнхий Сайд хэдэн үедээ сайнаар дурсагдана.

-Монгол улсын хөгжлийн загварын талаар таныг маш цэгцтэй үзэл санаа тээгчийн нэг гэж ярьж байхыг хэд хэдэн хүнээс сонссон. Та энэ талаараа нийтэд нэг их яриагүй санагдана.

-Яриад яахав дээ, шийдвэр гарах түвшний хүмүүст бол ярьсаан ярьсан. Нэг л юм ойлгосон. Ямар ч технологийг дамжуулж болдог. Хувь хүний үзэл санааг огт дамжуулж болдоггүй юм байна. Харин мэдээллийн технологийн аварга сургуулиудын лабортoриудад хиймэл оюун ухааны тусламжтайгаар энэхүү туршилтыг хийж байгаа юм байна лээ. Мөнгө нь байвал ямар ч техник, технологийг худалдаж авч болно. Харин хүний капиталыг авч дийлдэггүй. Хүний хүчин зүйл гэдэг бол агуу эд л дээ. 

   Олон жилийн өмнө Монголын төдийгүй Дэлхийн нэгэн сод ухаантан, их сэтгэгч, соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв гуайгаас “гэр-шавь” сургуульд суралцах зөвшөөрөл авч хичээнгүйлэн суралцсаны үр дүнд бас элдэв юм ярихтайгаа болсныг л зарим хүмүүс хэтрүүлэн ойлгож тэгж ярьдаг байх.Би өөрийгөө үзэл санаа тээгчийн хэмжээнд хүрээгүй гэж үзнэ. Багшийнхаа долоон хувьд нь ч хүрэхгүй амьтан ш тээ.Монголчууд бид тэр нэн ховор төрсөн сод ухаантанаа дүүрэн ашиглаж чадаагүй нь даанч харамсалтай.

-Л.Түдэв гуай гэснээс тэр агуу хүн амьддаа ч домог байсан, бас нас барахдаа хэнд ч хэлж мэдэгдэлгүй зан үйлээ хийгээд бүр дууссан хойно нь хүмүүс мэдсэн гэсэн. Та мэдэж байсан уу?

-Тиймээ, амьддаа ч ер бусынаар оршиж бие барахдаа ч  ер бусынаар зан үйлээ хийгээд биднийгээ орхиод явсан даа, ах минь. ( хэсэг дуугүй суув)

-Уучлаарай, яриандаа эргээд орох уу?

-Яг хөгжлийн концепци ярина гэхээр их л урт юм болж цаг, цаасны л гарз болно доо. Бид хоёр нэлээд ч удаан ярилаа. Энэ өөрөө их том сэдэв учраас дараа жич цаг гарган ярилцвал зүгээр биш үү. 

-Та завгүй гэхээсээ илүү аливаад огтхон ч ач холбогдол өгдөггүй хүн. Хамгийн сүүлд та арван жилийн дараа буюу 2016 онд алдарт “ Би бэлээр алхана аа” ярилцлагаа өгч байсан. Яагаад алдарт гэж байгаа гэвэл  600-аад мянган хүн уншиж миний ярилцлагуудын рекордыг эвдсэн. Түүнээс хойш бас л дөрвөн жил өнгөрсөн байна. Та надад олдоогүй. Дараа та надад хэзээ ч олдох юм билээ. Ядаж л хураангуй байдлаар товчхон ярилцъя л даа.

-Олон суут хүмүүсийн амьдралын замналын намтар түүхийг судалдаг. Тэдний нэг суу заль ихтэй, түүхэнд тод үлдсэн, том улс төрч  Чёрчилын хэлсэн … ирээдүйн эзэнт гүрэн нь оюун санааны эзэнт гүрэн байх болно … гэсэн үгээр өөрийнхөө ярих зүйлийн эхлэл нөгөө талаас хамгаалалт болгоё.

  Ямар ч үйл хэргийн зорилго, зорилтыг клиникийн түвшинд гүйцэтгэхэд үзэл санаа буюу концепци, стратеги, технологи, санхүүгийн хүчин зүйлүүдээс ихээхэн хамаардалтай.

 Монгол Улсыг дэлхийн оюун санааны эрчимт энергийн төв бүхий олон улсын мэдээллийн технологийн болон банк, санхүү, биржийн цөм болгон хөгжүүлэх цогц  үзэл санаа, бодлогын зураглал гэж товчоор томьёолж болно. Энэ үзэл санааг утга агуулгаар нь бүрэн ойлгож өөрийн болгосон гадна, дотны үзэл санаа тээгч нарын оролцоог дээд түвшинд хангаж,  тэдний эдийн засгийн үр ашиг, сонирхлыг татахуйц дээд эрэмбийн бодлогыг хэрэгжүүлэх иж бүрэн стратеги бүхий төрийн хар хайрцагны бодлого боловсруулж, түүнийгээ оюуны өмчөөр патентжуулан байж үүцээ задална. Энэ үүцнээсээ концепци, стратеги, технологиудыг санхүүжүүлэх хөрөнгө, мөнгө босгоно.

 Нэн тэргүүнд гол, мөрний усны урсацын тохируулга хийх, цэвдэг, цас, мөс хуримтлуулах тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, ойжуулах төрийн бодлого явуулж байгаль дэлхийг сэргээж, уур амьсгал, цаг агаарын таатай  нөхцөлд хүмүүс ажиллаж, амьдрах орчин бүрдүүлснээр урт хугацааны  үр ашиг өгөх мега төслүүд хэрэгжиж эхэлнэ.

Малын эрүүл мэндийн инновацлаг тогтолцоо, тариалангийн талбайн шимт хөрсөнд түшиглэсэн орчин үеийн эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж химийн бохирдол болон малын эмийн үлдэгдэлгүй органик түүхий эдээс эмийн жор мэт найрлага, орцтой тансаг хүнс үйлдвэрлэн хүн амаа  аюулгүй, эрүүл, чанарлаг хүнсээр хангахаас гадна  Gordon Ramsay (та англи дээр нь биччихээрэй, тэгвэл илүү хүмүүс ойлгоно) шиг өндөр зэрэглэлийн хоолны мэргэжилтнүүдийн ресторанд зориулсан онцгойрсон бүтээгдэхүүнийг хяналттайгаар экспортлож байж л баялаг бүтээгч улс болж Монгол дэлхийн баячуудын анхаарлын төвд орно.

Байгаль орчныг бохирдуулан сүйтгэсэн хоцрогдсон техник, технологитой түүхий эдийн бэлтгэл сэтгэлгээнээсээ үтэр түргэн салж газар, түүний хэвлий дэх баялгийг иргэд нийтээрээ шударгаар хүртэхэд бодит дэмжлэг болохуйц нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  хариуцлагатай уул уурхайг олон түмний хяналт, оролцоотойгоор хөгжүүлж байж л бид үндсэн хуулиар хамгаалагдсан баялгийнхаа эзэн болно.

Олон улсын тэргүүлэх компаниудын оролцоотой нилээд хугацаа, хүн хүч, хөрөнгө зарцуулан хийсэн Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх зорилготой техникийн дэлгэрэнгүй судалгааны урьдчилсан дүнгээс харахад Монгол Улс нарны эрчим хүчний 1200 Гвт, салхины эрчим хүчний  200ГВт нөөцтэй байна. Иймд сэргээгдэх эрчим хүч болон уламжлалт эрчим хүчний нөөцөд түшиглэн  Зүүн хойд Азийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнд тулгуурлан том хүчин чадал бүхий эх үүсвэрүүд, тогтмол гүйдлийн өндөр хүчин чадал бүхий дамжуулах шугамуудын мега төслүүдийг хэрэгжүүлж эрчим хүч экспортолсоноор уул уурхайгаас хэд дахин илүү хөрөнгө оруулалтыг татаж тэр хэмжээгээр валютын нөөцийг бүрдүүлж түүгээрээ бусад мега төслүүдээ санхүүжүүлэх бэлэн схем байж л байна. Мөн манай дотоодын эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээнүүдийн дахин инженерчлэлийг хийж, иж бүрнээр нь шинэчлэхэд гадна, дотнын хөрөнгийг шингээх далайцтай салбар бэлэн байна.  

Ямарч аниргүй орчинд сэтгэл заслын иж бүрэн эмчилгээтэй велнес центр бүхий лакшери ресортууд, дээд зэргийн үйлчилгээтэй таван од бүхий ангийн отгууд,номадик ахуйг бодитоор мэдрэх нөхцөл боломжийг бүрдүүлсэнмалчин-жуулчин зэрэг онцгойрсон аялал жуулчлалын бодлогын зурагтай болох хэрэгтэй. Одоо коронавирусын дараа хүмүүс ер бусын давтагдашгүй зүйлд илүү ихээр татагдан амжиж үзэх хүсэл тэмүүлэл улам их болно. Гагцхүү тэдний шаардлага, эрэлт хэрэгцээг хангаж, сонирхолыг татсан, цогц үйлчилгээтэй аялал жуулчлалын бизнес моделийг хэрэгжүүлж чадвал тэд таныг сонгон үйлчилүүлнэ. 

МАН энэ удаагийн сонгуульд нийгмийн шударга ёсыг хүсэмжилсэн олон түмний хурцын хурц сэлэмний ир шиг харцан дор оролцож байна.

-Сонгуулийн технологич, улс төрийн шинжлэх ухааны доктор, судлаач хүнтэй уулзсаных цөөхөн минутыг ч болов одоогийн цаг үеийн топ сэдэв болсон УИХ-ын ээлжит сонгуулийн талаар товчхон ярилцаад ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна.  Өнгөрсөн сонгуулиар та утсаа ч авах завгүй байсан. Харин одоо нэлээд цаг, завтай тайван байгаа чинь сонирхол татаж байна л даа. Та сонгуулийн кампанит ажилд оролцохгүй байгаа юм уу?

- МАН-ын жирийн нэг гишүүний хувиар биш энэ намын нарийн бичгийн дарга байсан хүний хувьд идэвхтэй, хариуцлагатай, үүрэгтэйгээр оролцож байгаа. 

Улс төр судлаач мэргэжил эзэмшсэн, энэ л салбартаа ажил, амьдралаа зориулсан хүний хувьд нөгөө талаас нэр дэвшин өрсөлдөж байгаа журмын болон анд нөхдийн хүрээ нөлөөлөл намайг тойргийн гадна яагаад ч байлгахгүй. Улс төрийн албан тушаалтны хувиар энэ намын алдаа, оноог үүрэлцэх үүрэгтэй.

 Намын сонгуулийн төв штабын бүрэлдэхүүнд байж бэлтгэл хангах ажлын хэсгүүдэд ажиллаж, одоо сонгуулийн кампанит ажилд оролцоод л явж байна.

Намын удирдлагаас итгэлийн хамт хариуцлага хүлээлгэж аймаг хариуцсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Маргааш аймаг руугаа гарах гэж байна. 

-Өмнөх сонгуульд таны ажиллаж байсан үеийг сайн мэднэ. Харин өнөөгийн байдлыг харахад задгай л харагдах юм. Яг дотор нь орж ажиллаагүй, мэдээллээс хол байгаа болохоор өрөөсгөл дүгнэлт байхыг үгүйсгэхгүй. Та надтай санал нийлэх үү?

-МАН энэ удаагийн сонгуульд урьд урьдынхаасаа илүү хариуцлагатай бас хүлээлттэйгээр оролцож байгаа. Учир нь МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн сүүлийн 30 жилийн алсын хараагүй явсны үр дагавар болохалдаа, завхрал, гажуудлыг засах шударга ёсны төлөөх үйл хэрэгүр дүнд хүрэх эсвэл зогсох сонголтын өмнө манай намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийгмийн шударга ёсыг хүсэмжилсэн олон түмний хурцын хурц сэлэмний ир шиг харцан дор энэ удаагийн сонгуульд МАН оролцож байна. Ард түмнээс илүү хүч гэж хаана ч үгүй. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн суурь болох өргөн олон түмний оролцоотойгоор судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих бодит тооцоо бүхий хөгжлийн Мөрийн хөтөлбөртэйгээрэнэ удаагийн сонгуульд МАН оролцож байгаа. 

Сонгуулийн кампанит ажлын бэлтгэлийг бүх шатанд чамбай хийсэн. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бүх шатанд ажилласан дадлага, туршлагатайгаас гадна намын болон сонгуулийн ажлын технологитой, улс төрийн супер тоглогч. МАН-ын дарга өөрөө сонгуулийн штабаа удирдан оролцоно. Эрч хүчтэй, нам, сонгуулийн болон хэвлэл, мэдээллийн технологийг сайн эзэмшсэн, манай намын топ менежерүүдийн нэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрөө сонгуулийн штабынхаа ерөнхий менежерээр ажиллаж байгаа. Мөн намын болон сонгуулийн ажлын туршлагатай, улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа залуучуудаа татан оролцуулж намын сонгуулийн штабын ажлын хэсгүүдийг удирдуулан ажиллаж байна. Ирж буй цагийн нийгмийн захиалга, олон түмний итгэл дааж ачааны хүндийг үүрэх нэр дэвшигчдэд МАН шалгуур өндөртэй, хариуцлагатай хандсан. 

-Та сая нэр дэвшигч нар дээрээ хариуцлагатай хандсан гэлээ. Үе үеийн намын дарга нарын хамгийн хүнд асуудал байдаг байх. Хамт мөр зэрэгцэн зүтгэж явсан журмын нөхдөө бүлтэлзүүлэн тойргийн гадна үлдээх хэн хүний хүсэх ажил лав л биш. Тухайлбал танай намд үнэмлэхүй ялалтыг авчирсан М.Энхболд тойргийн гадна үлдлээ. Үүнд дургүйцсэн Төв аймгийнхан эсрэг санал өгвөл яах вэ?

-2000 оноос хойш үе үеийн намын дарга нарын ойр байсан хүний хувьд наад зовлонг чинь маш сайн ойлгон мэдэрч байна. Хэцүү л дээ. Нийгэм, цаг үеийн захиалга нөгөө талаас олон түмний хүлээлтэд тулгуурлан том эрх ашгийн төлөө жижиг эрх ашгийг золиослох зарчим барьж л ард нь гарна. Ялангуяа ачааны хүндийг үүрэлцэж бас илүү дотно найз нөхөд явсан хүмүүсийн хооронд бүр ч хүнд хэцүү. Хувь хүмүүст байтугай хол байгаа бидэнд тодоор мэдрэгддэг онцгүй мэдрэмж. Ярихад хүртэл хүн чанар зулгаасан хүнд дарамттай сэдэв.

-Улс төрийн албан тушаалтан, улс төр судлаачийн хувиар сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна?

 -Мэргэжлийн хүмүүсийн өөрсдийгөө сорих, хаана яваагаа баримжаалах, мэдрэмжээ шалгах маш тодорхой тест бол яах аргагүй сонгууль мөн л дөө. Сонгогчид хэд хэдэн хүчин зүйлийг харж байж хариуцлагатай сонголт хийхээр байна. Нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүсийн дунд явуулсан сонгуулийн чанарын судалгааны  дүнгээс харахад Нэгд; нийгмийн шударга ёсны хүсэмжлэл өндөр болж хүлээлт үүссэн байна, Хоёрт; үндэслэл сайтай шууд иргэн хүнд үр ашгаа өгөх Мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэх хүний нөөцтэй намыг хайж байна, Гуравт; хувь хүний боловсрол, ёс зүй, ажлын дадлага, туршлага, манлайллыг харж сонголтоо хийх хандлагатай байна.

-Энэ удаагийн сонгуулийн онцлог юу вэ? Сонгуулийн ямар технологиор ажилласан нам, нэр дэвшигчид ялалт ойрхон байна?

-Мажоритар буюу олонхийн саналаар сонгох систем том  намуудад ашигтай, гурав дахь хүчинд орон зай өгдөггүйгээрээ онцлог.  Энэ удаагийн сонгуулийн онцлог гэвэл өргөн хүрээний нотолгоотой баримт, иж бүрэн мэдээллийн биг дата бааз, мэргэжлийн өндөр  түвшний сонгуулийн  судалгааны анализ, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж, хэвлэл, мэдээллийн мониторинг, мэдээллийн технологийн дэвшил, хурдыг ашигласан оновчтой шийдэлтэй сошиал  контентийн үйлдвэрлэл, түгээлтийн цогц систем бүхий шинэ үеийн хүмүүстэй цаг үедээ тохирсон шинэ дүрмээр сонгуулийн кампанит ажлын сурталчилгаа явагдана. Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэсэн зарчим барьж эв нэгдэлтэй байж чадвал багаараа ялалт байгуулах боломжтой. Мөн мажоритар системийн сул тал гэвэл сонгогчид нэг биш 2-3 мандатын эрхтэй болохоор хүчний харьцааг тэнцүүлэх оролдлого гарч сонголт сарних онцлогтой. Сонгуулийн иж бүрэн бодлогын зураглал бүхий концепци, зөв стратеги, спин докторын түвшний сонгуулийн технологи, энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хүрээлцээтэй санхүүгийн чадавхи сонгуулийн үр дүнд шууд нөлөөтэй.