Сайн байна уу, нөхөр дайсан!
МАН-ын өмнөх хамгийн эхний зорилт бол авилгатай тэмцэх. Гэтэл авилгатай хийх тэмцэл нь өөртэйгөө л хийх тэмцэл. МАН-ын авилгатай хийх тэмцэл МАН-ынхаа авилгачидтай хийх тэмцлээс өөр юу ч биш.
Сүүлийн хоёр жилд УИХ-ын болон орон нутгийн, улмаар ерөнхийлагчийн сонгуульд “МАН яллаа, үнэнхүү яллаа”. Яг л “Христос дахин мэндэллээ, үнэнхүү мэндэллээ” хэмээн ариун сударт гардаг шиг, дангаараа засаглаж эхэлснийхээ 100 жилийнхээ ойгоор дангаараа бүх эрхийг эргүүлэн авах нь тэр. Аз уу, эз үү?
МАН-ын нэгэн зовлон: Хуримынхаа маргааш сэтгэл хөрсөн бүсгүй
Сөрөг хүчин сульдан унаснаар эрх баригч МАН-д аз дайрч байгаа гэсэн үг огоот биш. Тэхэн дээрээ тулбал сонгогчид МАН-ыг дэмждэгтээ саналаа өгөөд ялуулсан ч юм бүр биш. Олон түмэн Ардчилсан хүчнийг алийгаа алдсан бүлэглэл болохоос хамгаалах сүүлчийн оролдлогоо хийж МАН-д санал өгсөн. Сүүлийн хоёр сонгууль МАН-д илэрхийлсэн хайр биш, АН-д харуулсан дургүйцэл юм. (Сониноос, манайхан МАН-ын алдаа, луйврыг тэвчээд тэгэх л ёстой юм шиг хандах нь олонтаа боловч АН-ын тиймэрхүү үйлдэлд туйлын дургүй байдаг)
Улс төрийн сонголт бол дургүйцэл, итгэл хоёрын зөв баланс юм. Урагшгүй эрх баригчдад дургүйцсэн хандлага, итгэл төрүүлсэн улс төрийн намд үзүүлэх дэмжлэг энэ хоёрын харьцаа их зөв байх учиртай. Харамсалтай нь, нүүдэлчин уламжлалаасаа салж ядан байгаа бидний хувьд “дургуйцэл, үзэн ядалт” нь дийлэнх болоод байгаа юм. Үүнээсээ болоод өөрсдийн сайхны төлөө ихийг бүтээх улс төрийн хүчнийг дэмжих утгаа алдаж, санаснаар нь байгаагүй этгээдээс өшөөгөө авч баясах тал нь давамгайлсаар иржээ. Тал нутгийн дайчдын нөхөрлөл, хамтын ажиллагаа нь мянганы туршид хэн нэгнийг хамтдаа эсэргүүцэх сонирхол дээр тогтож ирсний улбаа юм даа.
Энэ утгаараа, монголчууд сүүлийн гучаад жилд дур нь хүрсэн намаа ялуулахын оронд дургүй хүргэсэн намыг ялагдуулах зорилгоор саналаа өгсөөр иржээ гэсэн ч болно.
Одоо тэд санасандаа хүрч АН-ын ерөнхийлөгчийг буулгаж чадсан, МАН-д нэг их сүжрээд байх хэрэггүй болчихсон. Үлгэрлэвээс, найз залуудаа үхтлээ гомдсондоо болоод араар нь тавьсан бүсгүйг өөртөө хайртай дуртай болчихож гэж эндүүрэх хэрэггүй. Одоо тэр хайртай хүнтэйгээ учраа олсон тул чамайг хонгон дээр гарсан хатиг шиг л санаж байгаа гэдэг шиг.
Яг түүн шиг сонгуулиар хэргээ бүтээсэн олон түмэн, сонгуулийнхаа маргаашаас л сонгосон хүндээ дургүй болчихсон хэрэг. Ямар дуртайдаа ч сонгосон биш дээ. Энэ бол үнэмлэхүй эрх баригч МАН-ын анхны зовлон.
МАН-ын хоёр зовлон: Эхийгээ залгих хүүхдүүд
Дотоодын эв нэгдлийн баталгаа нь гадаадын дайсан гэдэг. Дарангуйлагчид ч ард түмнээ хатуу гараар барихын тулд дайн өдөөж, газар нутгийн маргаан дэгдээж, өөрөөр хэлбэл хэрэгтэй дайснаар нь хүн ардаа хангаж байдаг. Сөрөг хүчингүй болсон МАН-ын “дайсан” нь одоо өөрсдөө. Адилхан л монгол хүн юм хойно “АН дахь хамсаатан”-ын хувилбарууд МАН-аар дүүрэн байж таарна.
Будда нэгэнтээ “Миний сургаалыг дарж хүчрэх дайсан гадна талд байхгүй. Гагцхүү миний шавь нар л доройтуулж мэднэ” хэмээн сэрэмжлүүлсэн гэдэг. Бурханы шашин ч өөрөө хүний гол дайсан нь өөрийн дотор байх муу сэтгэл болохыг үргэлж сургадаг. Буддагийн ялж төгс нөгчигсөн, дайснаа дарагсан зэрэг цол нь түүний өөрийн дотоод сэтгэлийг номхотгон хүсэл шуналаа ялан дийлсэнтай холбогддог. Гэтэл манай МАН сүүлийн хоёр сонгуульд л ялсан болохоос юуны чинь ялж төгс нөхцөх, айн? Олон гишүүдийнх нь хүсэл шунал ид гозолзож явааг хэлэх үү?
“Эрх барина гэдэг бол хувааж идэх гэсэн үг” хэмээн ойлгосон бишгүй амьтад энгэрэвчээ зүүж сэрээгээ бариад анаж суугаа. Тэгээд хэлэн дээр нь юм тавихгүй бол намынхаа удирдлага руу дайраад эхэлнэ. МАН-ын хамгийн том зовлон энэ. Хамгийн их гэмтээдэг мэс хүний араас дүрэгддэг шиг сөрөг хүчинтэй тулгардаггүй талаас өгсөн цохилт улс төрийн намд хамгийн хүнд тусдаг.
Тэдэнд авилгын хүрд эргүүлэх боломж өгөхгүй бол өөрийн намаа засгийн эрхээс зайлуулах, улмаар АН-ын зарим нөхөд шиг ар нуруу руу нь харвахад бэв бэлэн. Монгол л хүн шүү дээ.
Монголчууд увайгүй. Нийлж хулгай хийчихээд, өөрт ногдсон хувь бага санагдахаар нөгөөхөө матаад гүйнэ. Ам нь халсандаа ч юм уу, өсөрхсөндөө болоод зөвхөн хоёр биенээсээ халиагүй нууцыг хүртэл задлана. Үүнийг анзаарсан нөгөөх нь эргүүлээд матна. Манайханд нэг хачин чанар бий. Өөрөө хохироод ч хамаагүй өсөө авахыг хичээдэг зан. Ингээд сүүлдээ матсан, матуулсан хоёр хамтдаа шүүхийн үүдэнд чулуу няслах энүүхэнд. Муухай, гэхдээ иймэрхүү хөгийн араншингийн буянаар хэчнээн олон нуугдмал хэрэг илэрч, шударга хууль хэрэгжсэнийг бас тоолшгүй.
МАН-ын өмнөх хамгийн эхний зорилт бол авилгатай тэмцэх. Гэтэл авилгатай хийх тэмцэл нь өөртэйгөө л хийх тэмцэл. МАН-ын авилгатай хийх тэмцэл МАН-ынхаа авилгачидтай хийх тэмцлээс өөр юу ч биш.
Энэ тэмцэл АН-ыг ялах шиг амархан биш. Учир нь тэд өөрийнх нь эрх ашгийг хөндсөний төлөө намаа алга болгосон ч хамаагүйгээр тэмцэнэ. МАН-ын дайсан нь МАН өөрөө болно. Хамгийн дотно нөхөд ч “Амрыг эрье. Нөхөр дайсан” гээд босно. Үнэмлэхүй эрх баригч МАН-ын үнэмлэхүй зовлонгийн нэг нь энэ.
Үнэн хэрэгтээ “Өнөөдөр манай нам эрх барьж байгаа, намайг юу ч хийсэн манай удирдлага өмөөрөх үүрэгтэй, энэ нь намын эв нэгдэл юм” хэмээн ойлгосон болчимгүйчүүд нь МАН-ын хамгийн том дайсан болоод байна. Санаснаар нь байлгахгүй бол тэд АН болоод дуртайдаа саналаа өгөөгүй дэмжигч олон түмэнтэй нэг тал болоод довтолно. Тэд сөрөг хүчнээс ч илүү дайсан болно. Учир нь намынхаа эмзэг цэгүүдийг сайн мэдэх тул “Ийшээ цохь”, “Тийшээ өшиглө” хэмээн хөндүүр цэгүүдийг нь дайсанд зааж өгдөг.
МАН-ын өмнө хэзээ ч тулгарч байгаагүй хүнд сорилт ирсэн байна. Энэ бол “өөрийгөө ялах” тэмцэл. МАН цаашдаа, орших уу, АН-ын араас орох уу гэдэг энд шийдэгдэнэ. Авилгачдад боломж өгсөнөөр МАН бэхжинэ гэж байхгүй, монгол хүн л юм хойно “Чинийх гурав, минийх гуравхан” хэмээлдэн олзоо булаалдаад өнөөгийн АН-ын түүхийг давтахад хүргэнэ.
Гэхдээ, мухарт тулна гэдэг бол шинэ замаар орохын дохио гэж үг бий. Магадгүй “урвагч” нарыг олигтой дэмжээд босоод ирэх сөрөг хүчингүй байгаа нь шинэ боломж ч юм бил үү?
МАН-ын гурван зовлон: Даабль стандарт буюу хууль цаазын хоёр нүүр
Өнөөөдөр “даабль стандарт” гэдэг хэллэг нийгмийн сүлжээнд олонтаа үзэгдэх болжээ. Хууль ёс хоёр нүүртэй болсныг илэрхийлсэн хэллэг. Монголчууд хууль тэгш бөгөөд хатуу шударга үйлчлэхийг “Төр төмөр нүүртэй” гэж хэлдэг. Гэтэл “Даабль стандарт”-тай боллоо гээд байгаа нь төр “төмөр” ба “хилэн” хоёр нүүртэй болчихлоо гэсэн санаа.
Хүмүүс муу хуулийг эсэргүүцдэг л дээ, гэхдээ их алсын асуудал. Сайн ч бай, муу ч бай хууль тэгш хэрэгжих нь нийгэмд шударга мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс тэгш биш үйлчилдэг хууль нь нийгмийг дургүйцэлд хүргэдэг. Үймээн самуунд хөтөлдөг.
Хорьдугаар зууны их хэлмэгдүүлэлт завхралыг нүүдэлчид даван гарсан. Дараа ньяагаад нийгмийн сэтгэл зүйд шарх сорив бага үлдсэнийг би гайхдаг байлаа. 1960-аад оны сүүлч, далаад онд намайг сурагч байх үед өмчөө булаалгасан, эцэг эх дүүсээ хядуулсан аймшигт үйл явцаас багадаа арваад, ихдээ гучаад жил өнгөрсөн байв. Ахмадуудын сэтгэл рүү бид өнгийж чадахгүй, тэд ч доторхоо харуулдаггүй байсан. Гэхдээ л нийтээрээ сэтгэл тийм ч дундуур биш санагддаг байсан.
Шинэ цагийн соёл, нийтийн урлаг, цэнгээн нэвтэрч байсан нь нөлөөлж л байсан биз, гэхдээ л хамаг хөрөнгөө хураалгаад 10 жил ч өнгөрөөгүй цаг. Хожмын явдлуудаас харахад, гай гамшиг бүгдийг тэгш дайрч байсан нь бидний өвөг дээдсийг тайтгаруулсан биш юм гэхэд зовлонгоо давах эрч хүч өгсөн бололтой байдаг.
Хэлмэгдүүлэлтэд лам харгүй л өртөнө, өчигдөрхөн нам төрийн удирдагч явсан хүн өглөө сэрэхэд “ардын дайсан” болчихно. Баяны малыг ч, зарцын малыг ч адилхан тоолоод улс хураана. Нийтээрээ, амсах ёстой зовлон, хэнийг ч алгасахгүй үйлийн үр иржээ, яаж ийгээд давах л хэрэгтэй гэж л л нүүдэлчид үзэж байсан хэрэг. Тэдэнд хүнлэг энэрэнгүй хууль, хүний язгуур эрх, эрх чөлөөний тухай ойлголт байсангүй. Анх удаагаа бүх нийтэд ил тодорхой хууль цаазтай болж байгаа улс шүү дээ. Өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлт гамшгийг ингэж давсан байна.
Харин өнөө цагт хууль нь “сайхан” болжээ. Ил тод батална. Хэлэлцээд өөрчилнө, засаж сайжруулж болно. Харин хэрэгжих тал дээрээ байхгүй. Заримдаа залуу үеийнхний амнаас хүртэл гарах болсон “Социализмд сайхан байсан” гэдэг үг сайн хуулийг биш, харин хуулиа тэгш хэрэгжүүлэхийг хүсэмжилсэн агуулгатай. Тэрнээс биш, хаалттай нийгэмд ганц хонож ч чадахгүйгээ өнөө цагийнхан гадарлахтайгаа.
Хууль цаазын “хоёр нүүр” нь өнөөгийн, харьцангуй сэхээтэнлэг Монголын нийгмийг ХХ зууны хэлмэгдүүлэлтээс дутахгүйгээр зэвүүцүүлж, эсэргүүцлийн хүчийг нь асааж байгаа. Ийм үед үнэмлэхүй эрх авч, 100 жилийнхээ ойгоор Есүс мэт дахин амилсан МАН яах ёстой вэ?
Улс орныхоо төлөө, намаа цаашид “АН” шиг болгочихгүйн төлөөнөө төрийг нэг нүүртэй байлгах алхам хийх ёстой. Гэтэл, аанай л өөрийнхөнтэйгөө нүүр тулна. Намынхаа нөлөө бүхий этгээдүүдийг, ивээн тэтгэгчдийг жирийн иргэний адил шүүх хэрэгтэй болно. Үүнийг мэдэрсэн “оли” “намын удирдлагаа унагах”-аас эхлээд “намаа унагах”, “ядахнаа намтайгаа цуг унах” шат дараалсан тэмцэлд босно.
Дургүй мөртлөө “Ядарсан цагт Пагмаа ч яахав” хэмээн аргагүйн эрхэнд саналаа өгсөн олон түмэн тэдэн дээр хүч нэмнэ.
Хаанаас нь харсан МАН-ын зовлон МАН өөрөө болоод байна. Сөрөг хүчнийхэн ийм, тийм юм зохион байгуулж гэхэд итгэх хүн гарахгүй дээ.
Б.Цэнддоо
Иргэн
Захиалгат нийтлэл
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин