ХЯТАДЫН ЦАРАЙГ ХАРАХГҮЙ ГЭВЭЛ
Хятадын хаалттай хилийн бодлого манай хоёр орны найрсаг харилцаанд хүндрэл учруулсаар байна. Үүссэн нөхцөл хамтын ажиллагааны стратегид хор хохирол тариагүй ч гарч буй асуудал нь Монгол Улсыг хямраах хэмжээнд хүрлээ.
Цар тахлын цунами АНУ, Европыг залгисан 2020 оны гуравдугаар сард Хятад “адын вирусыг ард нийтээрээ дарлаа” хэмээн тунхагласан. Бүтэн хотоор нь бүслэн хааж, 1.5 тэрбум иргэнээ хүчээр хөл хорионд суулгасны үрээр БНХАУ цар тахлын оргил үеийг сар хагасын дотор давсан билээ. Барууны улсууд эндэгдлээ тоолж суухад Хятадын энэ амжилт ХКН хийгээд Ши Жиньпин даргын хувьд улс төрийн аугаа ялалт болж хувирсан. Улмаар амжилтаа хадгалж, нэр төрөө хамгаалах нь Хятадын төр засгийн зорилго болсон юм. Үүнийхээ төлөө Хятад дэлхийгээс өөрийгөө тусгаарласан хөшгөө мөд татах царайгүй байна.
Тэг рүү тэмүүлэх бодлого
Дэлхий даяар “сүргийн дархлаа” тогтохыг хүлээж байхад Хятад цар тахалтай тэмцэх арга барилаа “Тэг рүү тэмүүлэх бодлого” (动态清零政策) гэж тодорхойлсон. Халдварын ганц тохиолдол илэрсэн хот, дүүргийг бүхэлд нь хааж асар богино хугацаанд иргэн бүрээс толгой дараалан ПСР шинжилгээ авч ирлээ. Жишээ нь, 2021 оны нэгдүгээрд сард Шижиажуан хотын 10 сая хүнийг гуравхан хоногт шинжилгээнд хамруулан алмайруулж байлаа. Нөгөө нэг арга нь БНХАУ тэр чигтээ гадаад ертөнцтэй биет харилцаанд орохоос бүр мөсөн татгалзах. Цар тахал дэгдмэгц л Хятад гадаадын иргэдэд виз олгохоо зогсоосон. 2021 оны есдүгээр сарын байдлаар зөвхөн ажил хэргийн шугамаар 23 улсын (Европ болон АСЕАН-ы зарим улс, Монгол, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, түүний дунд Белорусь орсон ч ОХУ багтаагүй) иргэдийг л хилээрээ нэвтрүүлжээ. Гэхдээ бүгдэд нь хятад вакцин хийлгэсэн байх шаардлага тавьсан. Харин америкчуудыг “Пфайзер” эсвэл “Жонсон ба Жонсон”-ы тунтай бол хилийнхээ дээсээр алхуулах журам тогтоожээ.
Дээрх нөхцөлийг хангасан ч гадаадын иргэд 14 хоног хөл хорионд суусныхаа дараа дахин ПСР шинжилгээ өгч байна. Коронавирус алдаж улсаа хөөдөхгүйн төлөө зарим орон нутгийн захиргаа хэтийдсэн чармайлт тавьсаар ирлээ. Бээжин, Шанхай, Чиндао зэрэг хот 2021 оноос гадаадын иргэдэд давхар маск зүүлгэж хэл ам таталсан. Япон “манай иргэдийг дэглэж сэтгэлзүйн дарамт үзүүлэхээ зогсоо” гэдэг шаардлага хүртэл тавьсан. Түүнчлэн гадаадын иргэн нэг хотоос нөгөө рүү зорчихдоо аль аль талдаа хөл хорионд суух дэглэм үйлчилж байна. Мөн захын зарим хот суурин хэдий халдваргүй ч гадны хүмүүст нэвтрэх эрх олгохоосоо эрс татгалзсан хэвээр.
Айлчлалаар очсон албаны төлөөлөгчийг нийслэл рүүгээ нэвтрүүлэхгүйн дээр Хятадын удирдлагууд нэгэнт ирчихсэн зочинтойгоо видео уулзалт хийдэг маяг тогтов. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хамгийн ойрын түнш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой өмнө нутгийн Гүйлин хотод уулзсан. Харин Оросын сангийн сайд Антон Силуанов, АНУ-ын цаг уурын тусгай төлөөлөгч Жон Кэрри, Төрийн нарийн бичгийн дарга Вэнди Шерман нарыг гадаадын зочид хүлээн авах тусгай хүлэмж болгосон гэх Тяньжинь хотдоо хүлээн авчээ. Гэхдээ БНХАУ-ын Сангийн сайд Лью Кун Тяньжинд ирчихсэн Антон Силуановтой биечилж уулзалгүй, онлайнаар харилцсан байдаг.
Нүүр нүүрээ харахгүй
Хятадын иргэний агаарын тээвэр олон улсын нислэгт одоо ч хатуу хязгаар тавьсан хэвээр. Хятадын аль нэг хот руу долоо хоногт зөвхөн ганц удаа нислэг үйлдэхийг зөвшөөрсөн. Хэрэв нэг удаагийн нислэгээс 5-10 халдвар илэрвэл тухайн компаний үйлчилгээг хагас сар цуцлана. Тохиолдол арваас илүү гарвал энэ хугацаа сар болж уртасна. Яг ийм зарчим далайн тээвэрт нь ч үйлчилж байна. Өнгөрсөн наймдугаар сард нэг ажилтнаас нь коронавирус илэрсний учир Нинбо хэмээх томоохон боомтоо тэр чигт нь хаахдаа Хятадын засгийн газар эдийн хор хохирлыг нь нүдээ аниад л өнгөрөөж байлаа.
Хятадын эрх баригч дээд ангийнхан өөрсдөө цар тахлыг хааж босгосон хананынхаа цаанаас цухуйх хүсэл алга. Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Улс Төрийн Товчооны гишүүд нь хилийн дээс алхалгүй 700 гаран хонож өнөөг хүрсэн нь дэлхийн хувь заяанд нөлөөтэй том гүрний удирдагчдын хувьд нэгэн төрлийн дээд амжилт болчихлоо. Ши дарга 2021 онд зохиогдсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, “Их 20”-оос гадна НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн чуулганд ч оролцоогүй бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэнтай нүүр тулж уулзаагүй л байна.
Хойтонгийн наадам хол
Хятадын халдварын гол мэргэжилтэн Жун Нан Шан 2021 оны шувтарга гэхэд хүн амынхаа 80 хувийг бүрэн вакцинжуулна гэжээ. Гэтэл коронавирусын мутац латин цагаан толгойг дуусгах шинжтэй. Өнгөрөгч зун дельта хувилбар дэгдэхэд Хятад даяар “Тэг рүү тэмүүлэх бодлого” тойрсон маргаан өрнөлөө. Ганц нэг тохиолдол илрэхэд чанга хөл хорио тогтоож буй Хятадын засгийн газрын бодлого нь эдийн засагтаа сүүдэр тусгаж эхэлжээ. Хүмүүсийн хувийн хэрэглээ 2021 оны зуныхаас эрс доошилж, өмнөх оны мөн үеийнхээ дөнгөж 1/3 хувьд дөхөж очсон байна. Яг ийм үзэгдэл аж үйлдвэрлэлийн салбарт нь ч ажиглагдав. Зарим нэг “түргэн амтан” хилээ нээхгүй бол энэ чигээрээ дэлхийгээс хаягдаж, тусгаарлагдан үлдэх нь гэдэг үг ч унагасан.
Авчиг Бээжин цар тахлын эсрэг бодлогоо өөрчлөх янзгүй. Нондингийн наймдугаар сард ХКН-ын төв хэвлэл “Жэньминь жибао” сонинд “Тэг рүү тэмүүлэх бодлого”-ыг шүүмжилсэн үг, өгүүлбэр бүрийг тас цохисон нийтлэл хэвлэгдсэн юм. Түүндээ дахин ийм утгатай зүйл ярьж, бичвэл Нанжин хотын профессор шиг 15 хоног баривчилна гэдгээ хатуу анхааруулжээ. Хятад эх сурвалж өнгөрсөн зун Wall Street Journal сонинд хатуу хөл хорио багадаа дахиад нэг жил үргэлжилнэ гэж мэдээлсэн байна. Ирэх сарын түрүүчээр нээлтээ хийх Өвлийн олимп, улс төрийн шинэ үе нь тайзнаа тодрох ХКН-ын ХХ Их хурал хоёрыг бодолцвол дээрх мэдээнд эргэлзэх явдалгүй.
Хөл ихтэй, нүсэр арга хэмжээ зохион байгуулахдаа Хятадын төр засаг өнгө будаг алагласан гоёмсог арга хэмжээгээ сэвтээхгүйг хичээж, хэмжээг нь хэтрүүлдэг. Тийм үед Бээжингийн засгийн газар интернэтийн хяналтаа эрс чангатган, агаарын бохирдлыг мартагнуулахын тулд үйлдвэрүүдээ бүрэн зогсоож, хувьцааныхаа уналтыг хүртэл хүчээр барьж ирсэн юм. ХКН-ын өмнөх их хурлын үеэр 2017 онд, Даляны их сургууль хичээлийн дараа долоогоос дээш гадаад оюутан нэг дор цуглахыг хориглосон явдал ч бий.
Энэ удаагийн Өвлийн олимп, ХХ Их хурлаас гадна 2023 оны гуравдугаар сард Ардын их хурал нь шинэ бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдана гэдгийг мартаж болохгүй. Тус хурлаар Ши Жиньпин гурав дахиа улиран сонгогдох нь тодорхой бол, намын шинэ халаа нь төрийн албанд томилогдоно. Гэтэл цар тахал яригдаад эхэлбэл Хятадын засгийн газрын нэр төрийг гутааж байгаа юм шиг л харагдана. Тэгэхээр өмнөд хөрш маань 2022 оныг дуустал, магадгүй 2023 оны зун хүртэл хаалгаа нээхгүй гээд хэлчихэд буруутахгүй.
Залгаатай ч холбоогүй
Уул усаараа залгаатай Монгол, Хятад хоёр “хөндийрөөд” хоёр дахь жилтэйгээ золгож байна. Цар тахлын түрүүчээр 30 мянган хонио “туугаад” хилээр нь чөлөөтэй орж байсан бол өнөөдөр нүүр нүүрээ ч харахгүй хэмжээнд хүрчихлээ. Монгол Улс 2020 оны хоёрдугаар сарын 14-өөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоосон юм. Эхэндээ монголчууд Хятадаас халдвар орж ирнэ гэж эмээсэн бол өнөөдөр хятадууд биднээс сэжиглээд сүйд. “Синьхуа” зэрэг Хятадын хэвлэлд манай УОК-ийн “11:00 цагийн мэдээ” бүрэн эхээрээ гардаг болоод уджээ. Хоёр тал дээд түвшинд хилийн асуудлаар ярилцсан ч боомтуудаа хэдэнтээ хааж, нээв. Замын Үүдийн ариутгалын хаалга шаардлага хангаагүй шалтгаанаар хятадууд хөдөлгөөнөө зогсоосон. Монгол чадах чинээгээрээ Хятадын тавьсан шаардлагыг гүйцэлдүүлсэн ч халдварын сургаар л үүдээ барьчихна. Жишээ нь, 2021 оны аравдугаар сарын 14-нд Эрээний Хяналтын бүсийн ажилтан халдвар авсан нь тогтоогдоход хилээ хаачихсан. Хөршүүдийг холбодог авто замын бусад боомт ч Замын Үүд-Эрээнийхээс ялгаагүй.
Монголын орлого өмнөд хөршийн худалдан авалтаас шууд хамаардаг. Сүүлийн хоёр жилд цар тахал гэгч бас нэг давагдашгүй хүчин зүйл нэмэгдчихлээ. Монгол 2021 онд 15.7 сая тонн нүүрс экспортолсон нь 2020 оныхоос 45 хувиар буурсан тоо. Харин 2021 оны арванхоёрдугаар сард нүүрсний экспорт 541 мянган тонн болсон нь өмнөх сараасаа 68 хувиар багассан үзүүлэлт юм. Экспортын бүтээгдэхүүний хэмжээ ингэж унасан ч зах зээл дээр үнэ нь өссөн болохоор сэтгэлээ зогоож болоод байна. Гэтэл импорт таг зогсохдоо тулав. Замын Үүдийн боомтоор орж ирдэг бараа таваар тасалдаж Монголын “үндэсний үйлдвэрлэл”-ийн зэс цухуйлаа. Дотоодын жижигхэн зах зээлдээ тохируулан машинаар өдөр өдөртөө бараа материалаа татаад сурчихсан монголчууд хүнд цохилтод оров. Одоо ч хөл дээрээ бүтэн гишгэж чадахгүй дайвалзсан хэвээр. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав... Хүнд цохилтоос гарах яагаа ч үгүй. Зургаа, долоо, найм, ес...
Ирээдүйд бид чинь яах улс вэ?
Хятадын баримталж буй “Тэг рүү тэмүүлэх бодлого”-ыг бид байтугай нь дагахаас өөр гарцгүй. Ойрын хоёр жилдээ өмнөд хөрш үүдээ цэлийтэл нээх шинж үгүй. Бүр ойрын хэдэн жилдээ ч үргэлжилж мэднэ. Хятадын шинэ таван жилийн төлөвлөгөөний гол агуулга нь гадаад орчноос үл шалтгаалан дотоодоосоо хамаг хэрэгцээгээ хангаад амар жимэр ажин түжин суух “давхар эргэлт” (双循环) хэмээх стратеги. Хятадын өнөөдрийн хаалттай бодлого хоёр орны найрсаг харилцаанд сэв суулгаагүй ч боомт дээр үүссэн нөхцөл байдал Монголыг хямрааж эхэлсэн. Хоёр хөрш холдоод нүүчихгүй ч хэн хэнтэйгээ нүүр тулалгүй харилцаж сурах ёстой болоод явчихлаа.
Энд уртаашаа ганцхан л гарц харагдаж байна. Бид урд хөрштэйгөө аль болох олон боомтоор төмөр замаар холбогдох. Хүн хүнтэйгээ харилцаж халдвар өгч авалцахгүй байх боломжтой тээвэр бол төмөр зам юм байна. “Улаанбаатар төмөр” зам өнгөрсөн жил цар тахлын шинэ шинэ мутац дундуур туучин түүхэн дээд амжилтаа тунхаглалаа. “Монгол Улсын зам, тээвэр 2020” статистикийн эмхтгэлээс харвал 2020 онд авто тээврийн ачаа 30.45 сая тонн болж урьд жилийнхээсээ даруй 25.4 хувиар буурчээ. Харин төмөр замаар зөөсөн экспортын ачаа 11.6 сая, импортын ачаа 3.0 сая тонн болж авто тээврийн орон зайг бага ч атугай нөхсөн байна. Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ онд бүрэн ашиглалтад оруулаад нэмж Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтыг төмөр замаар холбох зорилт тавьжээ. Хүний царай харахгүй амьдаръя гэвэл өөр шийдэл алга. Гашуун сухайт, Замын Үүд боомтод нэвтрүүлсэн чингэлгийн тээвэр бол чухамдаа төмөр замын тээврийг шороон дээр буулгасан л хэлбэр юм.
Д.Батбаяр
Зочин
RRTRE
mgl
Зочин
Мөрөөдөлд хүрэх зам зуур
Зочин
Mongol
Zochin
Zochin
Зочин
нэр нэр нэр