Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөний төлөөлөгч байсны хувьд зохиогч түүхэн харьцуулалт хийн  бүр хожим 2005.12.01-нд ийн бичиж байжээ. Энд хэн нэгнийг долдойлох, доош хийх санаа агуулаагүй аж – baabar.mn   

“Дээд хүн суудлаа олохгүй бол, доод хүн гүйдлээ олохгүй” гэсэн нэгэн онч үг байдаг. “Дээдэс нь хуучнаараа удирдаж чадахгүй, доодсууд нь хуучнаараа тэвчин сууж чадахгүй” байсан учраас л Октябрийн хувьсгал ялсан гэх ленинч онол бас буй. 1989-1990 оны зааг үе яг тийм онолоор явагдсан гэж “Цагаан морин жил”-ийн хувьсгалчид үздэг.

1989 оны 12 дугаар сарын эхээр, “Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөн” гэгч Залуучуудын соёлын төвд (Сэлбэ голын хөвөөнд) болж байлаа. Зөвлөлгөөний урд орой төлөөлөгчдөд зориулж “Эргүүлэг” хэмээх уран сайхны киноны нээлт хийв. Уг кинонд танхай залуугийн дүр гарах ба танхайчууд хурууны цусаа юүлж мөнгөн аяганд хийж уугаад тангараглацгааж байна. Кино тарлаа. Тайзан дээр уран бүтээлчид гарч ирээд үзэгчидтэйгээ уулзах гэтэл заалнаас хашгиралдаад юм хэлүүлсэнгүй. Ардын зохиолч Сүрэнжав айхтар ширүүн шүүмжлээд заалнаас гарч одлоо. Олон талаасаа боорлуулсан кино найруулагч маань шүүмжлэгчдийг өөр жижиг зааланд урилаа. Тэд оройжин хуралдаж киноны шүүмжлэлээсээ хальж, улс төр рүү орж нийгэм-эдийн засаг, ялангуяа Ж.Батмөнхийн үхээнц Засгийн газрыг зад шүүмжиллээ. Ийнхүү МоАХ-ны шав тавигдлаа.

Эхний өдрөөсөө л зөвлөлгөөн нуль улс төржив. Зөвлөлгөөнд залагдан ирсэн Улс төрийн Товчооны хэдэн гишүүнийг нүүр хийх газаргүй болтол шүүмжлэн ичээв.  Монгол орон болохоо байсны эхний дохио сануулга энэ боллоо. “Дээдэс нь хуучнаараа удирдаж чадахгүй, доодсууд нь хуучнаараа удирдуулж чадахгүй”  гэсэн логик гарцаагүй нүүрлэлээ. Дараахан нь МАХН-ын Төв Хорооны бүгд хурал ширүүхэн болж  Улс төрийн Товчооноос Д.Моломжамц, Б.Алтангэрэл, Б.Ламжав, С.Лувсангомбо нарыг хөөж гаргалаа. Шинэчлэгч Д.Бямбасүрэнг цагаатган дэвшүүллээ.

Олон улсын хүний эрхийн өдрөөр Сэлбийн хөвөөнөө “Хонхны дуу” дуулагдаж МоАХ албан ёсоор ил гарч ирлээ. Улаанбаатар даяар ил далдаар тараагаад наагаад байсан ухуулах хуудасны эзэд тодорлоо. Барагцаалбал жилийн өмнөөс, МАХН-ын Төв Хорооны V бүгд хурлаар Цэдэнбалыг ялласан төр мөчөөс Улаанбаатарт “Хөх Монголын бүлгэм”, “Хөх чонын сүрэг”, “Идэрчүүдийн тулга эвсэл”, “Шинэ үе” гэхчлэн нууц бүлгүүд ухуулах хуудас нааж, зарим нь ч нэр хаяггүй наагдаж иржээ.

Монголд ардчилал гарцаагүй нүүрлэж, МАХН-ын төр, засаг ганхаж эхлэв. Гадаад талдаа БНАГУ бүрэн дампуурч, Чех, Унгар, Польш, Болгарт сталинч дэглэмүүд дараалан унаж, засгийн эрх ардчилсан хүчний гарт шилжсэн ба Румынд коммунист дарангуйлагчийн эсрэг цуст бослого дэгдэж дарангуйлагчийг эхнэртэй нь цаазлав. СССР-т байдал сайжирсангүй. Ардын депутатуудын их хурал гэдгээр анхны байнгын парламентаа байгуулж, перестройкийн нэрийн дор сталинизмыг бүр мөсөн булшлав. Энэ бүхэн социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй гишүүн – Монголын улс төрд шууд халдварлан өвчлүүлэв.     

Дэлхийг доргиосон антикоммунист хувьсгалаас Монгол орон бултан зайлах бололцоо байсангүй. Өөрчлөн байгуулалт дампуурч, хэрэв Зөвлөлтийн тусламж зогсоо л бол Монгол орон хөмрөхөд тун ойртсон түүхэн цаг үе байлаа.

Ийм цаг үеийг “Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөн” мэдэрч, түүний хэсэг төлөөлөгч залуус Монголын ардчилсан хувьсгалыг өлгийдөж авсныг түүхээс хэн ч арчиж хүчрэхгүй.

Энэчлэн яривал энэ “2005 он” олон талаар “1989 он”-ыг санагдуулам байна. Даруй 15 жил өөрчлөлт шинэчлэл хийгээд, ардчиллыг тасралтгүй хөгжүүлээд үр дүн нь аль вэ хэмээн ам асуух монгол хүний тоо дийлдэхээ болилоо. “1989 он”-оор хөөгдөж буусан тэр үеийн Засгийн газрын тэргүүн Д.Содном гуай яг ингэж ам асуусан юм. Өөрчлөлт шинэчлэл шувтан хийгээд, ардчиллыг тасралтгүй хөгжүүлээд үр дүн нь ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн өсөлт, нийгмийн доройтол, үүний төлөө ардчилагчид тэмцлээ гэж үү хэмээн тэрээр зурагтын “Форум” нэвтрүүлгээр ярьж байв. Энэ яалт ч үгүй тавигдах ёстой зүй ёсны асуулт байсан биз.

1989 оны “Үнэн” сонин хэрэг дээрээ тэр үеийн нам, засгийн эсрэг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөгийн “Үнэн” сонин “МАХН-аа шинэчлэе!” гэдэг урианаас салахаа байлаа. 1989-1990 оны зааг үед цуглаан жагсаал алгасахгүй, өвлийн жин хүйтнээс үл ажран хүмүүс бүчдэг байсан бол эдүгээ тэтгэвэрээ голсон ахмадууд, гомдсон оюутнууд төрийн ордныг байнга тойрч бүслэн,  уулгалан ороход хэзээ хэзээгүй бэлэн байна. 1989-1990 оны тэртээх өдрүүдэд МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо гэхчлэн шил даран үүсч тэмцлээ эхэлсэн бол 2005 онд “Эрүүл нийгэм-иргэний”, “Эрс шинэчлэл”, “Ахмадын Чөлөөт”, “Эх орон-газар шорооны”, “Уугуул” хөдөлгөөн гэхчлэн “2005 он” олон талаар “1989 он”-ыг санагдуулам байна. 1989-1990 онд нэг сүрхий бужигнаад түүнээс хойш унтаа шахуу байсан Оюутны Холбоо гэнэт амилан цовхчлоо. Үүнийг би давтамж гэж байна.
 
Нийгмийг хожим араасаа дагуулах улс төрийн шинэ намын сураг дуулдлаа. “Эрүүл нийгэм – иргэний нам” хэмээх тэр шинэ нам тэмцлээ хэдийнэ эхлээд нийгмийн сэтгэхүйн зарим хэсгийг эзэлж чадсаныг харлуулах ёсгүй. Тэдэнтэй УИХ-ын “ганц дайчин” Гүндалай, мөн “Эрс шинэчлэл” хөдөлгөөн нэгдэж нийлээд хүчирхэг арми босгох гэнэ. Хэрэв ядуурлаа үтэр түргэн арилгахгүй бол тэдний хүч эргээ халин сад тавина гэдэг нь бараг л жам ёсных юм. Энэ шинэ нам анхлан хөдөлгөөнөөр эхлээд хүрээгээ тэлсэн нь “1989 он”-ы давтамж юм уу гэмээр.

“1989 оны Элбэгдорж”, “2005 оны Батзандан” нарын хооронд царай зүсийн ялгаа байна уу гэхээс дотоод сэтгэлгээний ялгаа бараг алга. Зориг, Элбэгдорж, Бат-Үүл гурав тэр их тэмцлийг нийгмийн захиалгаар, зөнгөөрөө жолоодсон бол өнөөдөр Батзандан, Магнай нар авилгалын эсрэг нийгмийн хувьсгалын халаа болон гарч ирлээ.

“Гаалийн Баатар” гэгчийг баривчилсны цаана зөвхөн авилгалын эсрэг тэмцэл явж байгаа юм биш, нийгмийн томхон тэсрэлт, магадгүй хувьсгал бэлтгэгдэж байна. Тийм тэсрэлтийг нийгэм хүлээн авах сэтгэхүйн баазтай болж, олон нийт шинэ тэмцэлд ихэд зоригжсон нь Баатарын баривчилгаа боллоо. Нэр нүүрээ барж хүнд суртлын туйл болсон Д.Моломжамц, Б.Алтангэрэл, Б.Ламжав, С.Лувсангомбо нарыг 1989 онд хөөж буулгаж байсан бол 2005 оны хахуульчдын амьд жишээ Баатар гэгчийг улс төрөөс эгнэгт зайлууллаа. Хэлбэр нь өөр боловч агуулга нь яг адилхан байна.

“Баатарын баривчилгаа” 2005-2006 оны зааг дээрхи ирээдүйн түүхэн үйл явдлын эх байхыг үгүйсгэхгүй. “Дээдэс нь хуучнаараа удирдаж чадахгүй, доодсууд нь хуучнаараа тэвчин сууж чадахгүй”  гэдэг логикийг өнөөгийн Монгол руу авчирч холбовол Баатараар нотлогдсон хахуульд  идэгдсэн төр-засаг, нэр хүндгүй УИХ, бүх шатны захиргааны хахуульчид, туйлдаа хүртэл ядуурч доройтож, гундаж туйлдсан ард түмэн, хурын дараахи мөөг шиг олширсон элдэв тэмцэл хөдөлгөөнүүдийн  дүр зураг нүднээ буух бус уу?