Үндсэн хууль бол улс төрийн баримт бичиг, нөгөө талаар төрөөс иргэдтэйгээ хийсэн зөвшилцлийн гэрээ юм. Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөнтээ Үндсэн хууль баталсан. Бид сүсэглэн залбирдаг төртэйгөө гэрээ хийдэг болсоор 98 жилийг үджээ. Эхний гурван “гэрээ”-ээ гажууд суртал нэвтрүүлгийн нөлөөн дор, гадаадынхны заавар зөвлөгөөгөөр “үзэглэжээ”. Хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэх оролдлого нь дэвшил боловч хүчинд автсан, мэдлэг дутсан шалтгааны учир инээмээр, уйлмаар олон алдаатай Үндсэн хуулиуд баталсан байдаг. Үндсэн хуулиа үл хүндэтгэсэн зөрчил ч мундахгүй. Судлаачдын олж тогтоосон урьд урьдын Үндсэн хуулиудын өө сэвийг нэгэн дор цуглуулсанаа уншигч танд түүвэрлэн сонирхуулъя.

  • 1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалт огт байхгүй. Түүнчлэн Зөвлөлт Орос улсын үндсэн хууль, Дорнод Туркстаны үндсэн хууль, Алс Дорнодын БНУ-ын үндсэн хууль, мөн монголчууд өөрсдөө боловсруулж байсан төслийг нийлүүлж яаравчлан баталжээ. Үхрийн бөөр шиг энэ баримт бичиг иргэдээ гарал угсаагаар нь ялгаварласан агуултайн дээр энгийн алдаа ч бий. Жишээлбэл, Нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэсэн байдаг. Харин Хоёрдугаар бүлгийн Дөрөвдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” гэжээ. Улсын дээд эрхийг барих субъектээр гэнэт Бага хурлын тэргүүлэгчид тодорчихож байгаа биз?!? Эндээс уг Үндсэн хуулийг хэд хэдэн төсөл хольж бүтээсэн болохыг мөн Нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлийг монголчуудын боловсруулсан төслөөс авчээ гэж харж болохоор.
  • 1924 оны Үндсэн хуульд улсын нийслэлийг огт дурдаагүйн дээр Зургаадугаар бүлгийн Дөчин есдүгээр зүйлд “Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгэвэл зохино” гэсэн буй. Харин монголчууд улсынхаа туг далбааг үйлдэхдээ Үндсэн хуулиасаа гажиж сүлд тэмдгийнхээ хоёр талаар “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн бичээд зогсохгүй гурван хэл нэмсэн нь өдгөө Үндэсний түүхийн музейд бий.
  •  
  • 1924 оны Үндсэн хуульд тухайлсан заалт үгүй ч монголчууд Интернационал дууг орчуулан төрийн дууллын хэмжээнд хэрэглэж байсан юм.
  •  
  • Шүүх яамны сайд Г.Цэрэндорж 1938 оны есдүгээр сарын 01-нд МАХН-ын Төв Хороо, Засгийн газарт “Монгол улсын арван дөрөвдүгээр онд улсын анхдугаар Их хурлаар батлагдсан Үндсэн хууль нь тус Монгол орны хувьсгалын дэвшилт хөгжил ба улс төр, эдийн засгийн аж ахуй, соёл боловсролын хийгээд улсын засаг төрийн дотоод зохион байгуулалтууд ихээхнээр өөрчлөгдөн хөгжиж дэвшиж ирсэн хүчирхэг амжилт дэвшлээс ихээхэн хоцрогдож хуучирсан бөгөөд эдүгээгийн байдал лугаа эвлэрэн зохицол нөхцөл чанаргүй болсон нь нийтийн өмнө илтэд шаардагдан буй хэмээн тус Шүүх яамнаас үзэх” хэмээгээд 1924 оны Үндсэн хуулийг засаж өөрчлөх зайлшгүй шаардлагыг гурван үндэслэлээр тодорхойлжээ.
  • Маршал Х.Чойбалсан 1939 оны арваннэгдүгээр сарын 18-аас 1940 оны нэгдүгээр сарын 18-ны өдрүүдэд ЗХУ-д айлчлах үеэрээ хэд хэдэн асуудлыг Зөвлөлтийн талаар шийдвэрлүүлэхээр тавьсны нэг нь БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн төслийн талаар санал зөвлөгөө авах явдал байжээ.
  • Х.Чойбалсангийн Үндсэн хуулийн Арваннэгдүгээр бүлэгт БНМАУ-ын сүлд тэмдэг, туг, нийслэлийг хуульчлан тогтоосон. БНМАУ-ын VIII Их хурлын тэмдэглэлийг үзвэл улсын сүлд тэмдгийн зургаан төслийг хэлэлцүүлсэн аж. Таван хошуу малын толгой бүхий сүлд 1940 оны нэгдүгээр сарын 03-нд Х.Чойбалсан Зөвлөлтийн удирдагч И.Сталинтай уулзах үеэр хөндөгдсөн байдаг.
  • Чойбалсангийн буюу 1940 оны Үндсэн хуулийн 1924 оныхоос ялгагдах гол зарчим нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хуульчилсан. Чойбалсангийн Үндсэн хууль үйлчилсэн 20 жилд тус Үндсэн хуульд 15 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Харин 1941 оны хоёрдугаар сарын 14-нд БНМАУ-ын Бага хурлын XXIV хурлаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл юм. 
  • Чойбалсангийн Үндсэн хууль анхны үндсэн хуулийн олон алдааг зассаны дотор Арваннэгдүгээр бүлгийн 94 дүгээр зүйлдээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төв нийслэл нь Улаанбаатар хот болно” гэсэн буй.
  • Чойбалсангийн Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уг туг төв дор улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэсэн үсэгтэй байна” гэжээ. Энэ далбааны маяг, найруулгыг 1945 оны долоодугаар сарын 10-нд УБХ-ын Тэргүүлэгчдийг 43 дугаар тогтоолоор өөрчилсөн нь Үндсэн хуулийн Арванхоёдугаар бүлгийн 95 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг Улсын Их Хурлаар гүйцэтгэх бөгөөд Их Хурлын тэргүүлэгчдийн гуравны хоёроос доош бус хувийн гар өргөж баталснаар өөрчилнө” гэснийг зөрчсөн явдал байлаа. Төрийн шинэ далбааг төдөлгүй хэрэглэж эхэлсэнийг 1945 оны аравдугаар сард явуулсан Бүх нийтийн санал асуулгын зурагт хуудсаас тодорхой харж болно. Харин тэнд дүрсэлсэн соёмбын дөл нь хуучнаараа байдаг.
  •  
  • Өнөөгийн түүх бичлэгт монголчууд 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хууль баталсан гэж үздэг ч судлаач өөр байр суурьтай байна. МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Болдбаатар 1949 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг судалжээ. Ингээд 1960 оны Үндсэн хуулийн төсөл нь 1949 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нэрээр боловсруулагдсан, гэхдээ 1960 оны Үндсэн хууль нь 1949 оны Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга байжээ гэсэн буй. Тэрээр Ю.Цэдэнбалын УИХ-д илтгэл тавихдаа “... нэмж оруулсан зүйл үлэмж их учраас УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа энэ баримт бичиг үнэндээ шинэ Үндсэн хуулийн төсөл болжээ” хэмээснийг эш татжээ. Чойбалсангийн Үндсэн хуульд оруулахаар бэлтгэсэн 1949 оны нэмэлт, өөрчлөлт нь үнэндээ 1960 оны Үндсэн хуультай адил социалист агуулга бүхий шинэ Үндсэн хуулийн төсөл юм гэсэн буй.
  • Чойбалсангийн Үндсэн хуульд төрийн дууллын тухай заалт үгүй ч Үндсэн хуулийг зөрчин 1950 онд УБХ-ын тэргүүлэгчдийн 43 дугаар зарлигаар БНМАУ-ын төрийн сүлд дууллыг баталж, тэр жилийн тавдугаар сарын 01 буюу Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр албан ёсоор дуулагджээ. Төрийн дууллын үгийг Ц.Дамдинсүрэн бичиж; Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарыг аяыг зохиосон бөгөөд,

Алдарт Ленин, Сталины заасан

Ардын чөлөө, жаргалын замаар

Аугаа Монгол орноо удирдсан

Ачит Сүхбаатар, Чойбалсан гэх бадгаас бусад нь өнөө бараг хэвээрээ дуулагдаж байна.

  • Үндсэн хууль нь бусад хуулийн дээр оршдогтоо бус харин тэдгээр хуульд зайлшгүй агуулагдах учиртай утга санаа, зарчмыг өөртөө шингээсэн байдгатаа үнэ цэн нь ордог юмаа гэвэл 1990 онд нэмэлт, өөрчлөлт хийгдсэн Үндсэн хуулийг шинэ Үндсэн хууль гэж болно. 1990 онд батлагдсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль” нь улс төрийн харилцааг тайван замаар шинэтгэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг эрс өөрчлөхийн эхлэл болсон. 1990 онд БНМАУ Ерөнхийлөгчтэй байх, олон намын тогтолцоотой, чөлөөт ардчилсан сонгууль явуулах зэрэг нэмэлт, өөрчлөлт хийснээр 1960 оны социалист Үндсэн хуулийн агуулгыг орвонгоор нь эргүүлсэн билээ.
  •  
  • Монголчууд төртэйгөө гэрээ байгуулсан 100 орчим жилийн түүхэндээ огт өөрчлөх заалтгүй Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулсаны дээр нэмэлт, өөрчлөлт нэрээр шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад зогсохгүй Үндсэн хуулиа хална гэж Үндсэн хуулиндаа тунхагласан түүхтэй. 1960 онд баталсан социалист Үндсэн хуулийн Аравдугаар бүлгийн 94 дүгээр зүйлд “Коммунизмын үед төрийн зарим үүрэг мөхөх тутам тэр үүргийн тухай Үндсэн хуульд бичигдсэн зүйлс хүчингүй болж байна. Социализм, коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр байх хэрэгцээгүй болж, түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээр сольсон цагт БНМАУ-ын Үндсэн хууль халагдана” хэмээсэн буй.