No war
Юуны өмнө гэж хэлэхэд энэ бол цэргийн тусгай ажиллагаа биш, зэвсэгт мөргөлдөөн ч биш, энэ бол гарцаагүй ДАЙН болж байна.
Дайн дундаа хүн төрөлхтөн 1945 оноос хойшхи овоо хэдэн жил тэвчиж ирсэн тэр түвшний жинхэнэ дайн болж байна.
Өөрөөр хэлбэл, ойрхи дорнод, Сири, Югославт болсон үйл явдлуудаас ялгаатайгаар энэ үйл явдал дэлхийд бүхэлд нь шууд нөлөөлнө, монголчууд бидэнд ч ихээр нөлөөлнө гэсэн үг.
Дэлхийн төр улсуудыг их далайд хөвж яваа усан онгоцуудтай зүйрлэвэл, тэр далайд нь цунами үүсчихлээ. Тиймээс удахгүй түүний давалгаа монгол гэдэг завийг ч сэгсчиж гарах нь тодорхой. Тэгвэл энэ дайн та бидэнд ч хамаатай болж таарах нь.
Хэрхэн нөлөөлөх вэ? Дэлхийн улс орнууд хоромхон зуур батлан хамгаалахын төсвүүдээ нэмээд эхэлчихлээ. Хэдхэн сарын өмнө боловсролдоо, эрүүл мэнддээ, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байсан мөнгөөрөө одоо танк, гранат, сум хийхээр болж байна. Яагаад вэ? 1945 оноос хойш хүчин чармайлт гаргаж ирсэн энх тайвны төлөөх тэр дэг журам нуран унах эрсдэл үүссэн учраас тэр.
Алдарт түүхч Ювал Харари Путиныг холыг харсан геополитикийн бодлогоор бус хувь хүний идеологитоо хөтлөгдөөд алдаа гаргачихлаа гэж дүгнэж байна. Путиныхээр бол Украйн нь үүх түүхээсээ Оросын салшгүй нэг хэсэг, удам судраараа нэг үндэстэн, украйн хүмүүс эх Оростоо нэгдэхийг хүсдэг, харин үүнд нь цөөн тооны неонацистууд саад болдог байсан юм гэнэ. Үнэхээр ч Путин хэдэн сарын өмнө нэгэн дессертаци маягийн юм бичиж (тэр нь овоо зузаан), түүндээ Украйнгүй Орос, Оросгүй Украйныг төсөөлөх боломжгүй маягийн дүгнэлт бичсэн юм билээ. Бодвол Путин Украйн руу ганц чанга архирахад л Зеленьский улсаа хаяж зугтаад, цэргүүд нь эмх замбараагүй байдалд ороод, Киевийн иргэд Оросын танкийг цэцэг барин угтана гэж төсөөлсөн байх. Даанч Зеленський хаашаа ч зугтсангүй, Украйны цэргүүд ширүүн эсэргүүцэн тэмцсээр байна, харин украйнчууд танкны өөдөөс молотов барин угтсан. Яг эндээс эхлээд Путин нэгэнт үнэнд ялагдсан бололтой. Одоо тэр хүн хэзээ вакумжсан орчноосоо гарч, бодит үнэнтэй нүүрэлдэж, өөрийгөө зогсоохыг найдан хүлээх л үлдэж байх шив.
Тэгтэл Монголд өөрсдийгөө "наци" гэж боддог өрөвдөлтэй хэдэн "муу муудаа дээрэлхүү" царайтнууд гарч ирэн "Үндэсний аюулгүй байдлын төлөө Путины талд орох ёстой" маягийн логик ярьж явна. Зайлуул, Украйныг ингэж байгаа юм чинь Монголыг бүр яана ч гэж бодсон юм бол. Сэтгэлийг нь бодохоор цагаахан ч юм шиг.
Миний бодоход өнөөдөр бидний айх ёстой зүйл энэ биш юм аа. Бид аюулгүй байдлынхаа төлөө харин ч эсрэгээрээ 1945 оноос хойш мөрдөгдөж ирсэн дэлхийн дэг журам алдагдах эсэхэд л санаа зовних ёстой. Хүн төрөлхтөн бүх түүхийнхээ туршид угаасаа л дайтсаар ирсэн, одоо ч дайтаж байна, тэгээд энэ удаагийн Украйны асуудал ч бас үүний үргэлжлэл юм гэвэл, тэгвэл энэ дайн хэний ч буруу биш, Путин ч хийдгээ л хийж яваа нэгэн байх байсан биз. Гэтэл үнэн байдал дээр хүн төрөлхтөн энэ 70, 80 жилийн хугацаанд дайнгүй байж болдгийг туршаад үзчихлээ. Дайн бол заавал хүний инстинкт биш, заавал байгалийн жам биш, хүчин чармайлт гаргавал тогтоон барьж болдог юм байна гээд ойлгочихлоо шүү дээ. Энх тайван бол хүн нэг бүрийн хариуцлага дээр тогтож байдаг, тогтох боломжтой гэдгийг өөрсдөдөө батлаад дөнгөж байж байтал Путин гэдэг ганц хувь хүн хариуцлага алдаад хүн төрөлхтний өмнө 141:5-аар буруутан болоод байна бус уу?
Тэгэхээр том зургаар нь харвал монголчууд ч бас дайныг эсэргүүцэх ёстой. Путины түриймгийллийг буруушаах ёстой. Мэдээж ийм үйлдэл тодорхой хэмжээнд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй ч (угаасаа энэ дайны хохирлыг дэлхийн бараг бүх улс их багаар үүрэлцэх нь тодорхой болчихсон), тэр эрсдлийг багасгахын тулд бид ардчилал гэдэг хамгаалах хантазаа сайн гэгч нь өмссөн байх ёстой юм. Яагаад ардчилал ийм зүйл дээр хамгаалах үүрэг гүйцэтгэнэ гэж? Яагаад гэвэл бид ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадаж байвал энэ дуу хоолой төрийн хэдэн дарга нарын үзэл бодол биш, ард түмний дуу хоолой гэж сонсогдох учраас тэр. Тэр үед монголын төр ардаа хамгаалалттай болж харагдана. Монголын төр өөрөө Путины эсрэг дуугарч чаддаггүй юм гэхэд ард түмнээ нөгөө хэдэн "наци"-нуудаар дамжуулан амыг нь дарж дарамтлах биш, харин ч чөлөөтэй дуугарахыг нь дэмжих хэрэгтэй. Бид бие биенийхээ амыг дарах гэж зодолдох биш, үгүй ядаж зэрэгцэж зогсоод өөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэйгээр илэрхийлэх хэрэгтэй.
Жижиг завь амь гарахын тулд түрхэн зууртаа том онгоцтой өөрийгөө бэхэлж болох л юм. Гэхдээ энэ удаад лав тэр онгоц нь яавч Путины Орос байж таарахгүй.
Иргэн
Хагалан бутарга
Оноч
Зочин
Хаха
Оноч
Khuyagaa
Оноч
хулхи
Ts
Уншигч
Onoch
Оноч
Зочин
Өвөө нь
Зочин
Иргэн
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Оноч
партизан
Оноч
Z