Нойр хулжаам сансар огторгуй 1
Сансар огторгуйд (эсвэл ертөнцөд) эхлэл байсан уу? Байсан гэвэл тэр эхлэл нь ямар байсан бол? Тэр эхлэлээс өмнө юу байсан бол?
Энэ ном бол Сансар огторгуйн тухай ном юм.
Бид бүхний гайхал сонирхлыг татаж, мөн чанар, үнэн төрхийг нь мэдэхийг хүсдэг хамгийн том мөрөөдлийн нэг бол яах аргагүй сансар огторгуй билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ертөнцийн үүсэл гарлын тухай өөр өөрийн үлгэр домог байдгаас үзвэл, хүн төрөлхитөн эрт балрын үеэс л сансар огторгуйг онцгойлон сонирхож иржээ.
- Сансар огторгуйд (эсвэл ертөнцөд) эхлэл байсан уу?
- Байсан гэвэл тэр эхлэл нь ямар байсан бол?
- Тэр эхлэлээс өмнө юу байсан бол?
Бидний элэнц хуланцууд энэ мэт зүйлсийн талаар эцэс төгсгөлгүй бясалган төсөөлсөөр ирсэн юм.
Тэгээд тийнхүү 20-р зуунтай золгож, бид бүхэн физик болон технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар, ертөнцийн үүслийн талаар шинжлэх ухаанчаар хариулт өгөх боломжтой болж ирээд байна. Тэр “хариулт”-ын талаар ч энэ номонд нарийвчлан танилцуулах болно.
Ер нь ингэхэд яагаад бидний хүн төрөлхитөн сансар огторгуйг ингэтэл сонирхож ирсэн юм бол?
Түүний цаана, сансар огторгуй болон хүн төрөлхитөний хооронд тасалъя гэвч үл тасрах гүн холбоо байгаа мэт санагдана. Ялангуяа эрт цагийн хүмүүс “Одон зурхай” гээчээр аз эзээ мэргэлдэг байсанчлан, тэнгэрт болсон элдэв үзэгдэл өөрсдийн аж амьдралд нь шууд нөлөөлнө гэж итгэцгээдэг байж. Тэдэнтэй харьцуулахад орчин үеийн соёлт хүмүүс бидний хувьд, сансар огторгуй нь дэндүү уудам хийгээд холын оршихуй болж, өдөр тутмын амьдралд маань төдийлөн холбоогүй мэт санагддаг болж.
Гэсэн ч, өнөө үед ч мөн л бид сансар огторгуйтай нягт холбоотой хэвээрээ л бий. Учир гэвэл, сансар огторгуйг таньж мэдэх явдал бол, сансар огторгуйн дунд оршин буй хүнийг таньж, “БИ” өөрийгөө олж мэдэх явдал болох учраас тэр. Энэ номонд гарах сансар огторгуйн талаарх хүн төрөлхитөний бодол төсөөллийн түүхийг тольдон харах аваас, энэ учрыг бэлхнээ ойлгон анзаарах болов уу гэж санана.
Мөн сансар огторгуйн нууцууд хараахан бүгд тайлагдаагүй л байна. Огторгуйн тухай илүү ихийг мэдэх тусам шинэ нууцууд ар араасаа төрөн гарсаар л байдаг. Бидний огторгуйн талаарх бодол төсөөлөл үүнээс цааш ч улам бүр өөрчлөгдөн шинэчлэгдсээр явах биз. Яг л тийм сэтгэл догдлом, ёстой л нойр хулжаам сансар огторгуйн тухай ярианд чих тавингаа, таныг сансар огторгуйн талаар эргэцүүлэн нэг бодоосой гэж хүснэм.
Эхний шөнө. Хүн яагаад сансар огторгуйг бодно вэ?
Сансар огторгуйг анзаарах шөнө
Хэнд ч, нойр хулжсан үдэш гэж байдаг шүү дээ.
Тийм үдшээр сансар огторгуйн тухай эргэцүүлэн бодож үзэх нь зүгээр ч байж мэдэх юм.
Ерөөс, хэрэвзээ шөнө гэж байхгүйсэн бол бид бүхэн “Сансар огторгуйг” олж анзаарах байсан гэж үү?
Учир гэвэл өдрийн тэнгэрийг өргөн тольдовч тэндээс, гялбах нарны туяанаас бусад оддын төрхийг олж эс чадна. Тэгээд ч хөхрөх тэнгэрийн хаяа хязгааргүй хол мэт атлаа, бас төсөөлсөнөөс хавьгүй ойрхон ч юм шиг санагддаг шүү дээ. Тиймдээ ч гэрэлт өдрийн тэнгэрийг хараад, хэдэн сая живаагаар тоологдом од галактикууд бэлчих тэрхүү уудам огторгуйн төрхийг төсөөлөн бодох ямар ч боломжгүй юм.
Америкийн уран зөгнөлт зохиолч Асимовын бичсэн “Шөнө ирэв” (Nightfall) зохиолыг та мэдэх үү? 1941 онд анх олны хүртээл болсон, ном хэлбэрээрээ 60-аадхан хуудас бүхий богинохон зөгнөлт өгүүллэг боловч, уран зөгнөлт зохиолын ертөнцдөө өндөр нэртэй сонгодог бүтээлийн нэгд тооцогддог.
Үйл явдал 6 наранд хүрээлэгдсэн гариг “Лагаш”-д өрнөнө. 6 нарнаас ядаж нэг нь гарцаагүй тэнгэрт мандаж байдаг Лагаш нь мөнхийн зун төдийгүй, мөнхийн “өдрөөрөө” байдаг гариг тул, шөнө гээч ойлголт огтоос тэнд үгүй. Үүнээс болоод тэнд одон орны ухаан олигтой хөгжилгүй, тэндэхийн хүмүүс Лагаш гариг болон 6 нарнаасаа цааш ертөнц үгүй гэсэн итгэл үнэмшлийн дор өөрсдийн соёл иргэншлийг цогцлоон босгожээ.
Гэтэл 2,000 жилд нэг удаа болдог “нар хиртэлт”-ээс үүдэх “шөнө” тэнд айлчлах үед эмгэнэл тохиох нь тэр. Тоогүй олон одод гарч ирэхэд одон орончид мухардан цочирдож, өөрсдийн өчүүхэн ертөнцийн тухай үзэл нь сууриараа нуран унасанд цөхрөн гашуудна. Ард иргэд анх удаагаа үзэх түнэр харанхуйд балмагдан, гэрэл хүсэхдээ хотоо галдаж орхих нь тэр. Ийнхүү Лагаш гаригийн соёл иргэншил ганцхан шөнийн дотор нуран унажээ…
Энэ бол дээрх зохиолын хураангуй юм. “2,000 жилд нэг удаа айлчлах шөнө” гэдэг тавил төдийд л өөрийн эрхгүй автан сонирхмоор. Уран зөгнөл сонирхогчдын санал асуулгаар үргэлж дээгүүрт орж явдгийг нь аргагүй хүлээн зөвшөөрөх биз. Дашрамд хэлэхэд Лагаш гаригийн соёл иргэншил ганцхан шөнийн дотор нуран унасан бол, нэр нь үл мэдэгдэх 21 настай залуухан зохиолч Асимов ганцхан шөнийн дотор алдартнуудын эгнээнд дэвшин орсон гэдэг.
Аз болоход бидний дэлхийд өдөр шөнө ээлжлэн айлчилдаг тул, хүмүүс уудам огторгуйг анхнаасаа л мэддэг байсан. Тиймдээ ч бидний нүдээр харвал “Бид юу ч мэддэггүй байжээ” гэлцэн шаагилдах Лагаш гаригийн одон орончид болон, харанхуйгаас айсандаа хотоо түймэрдэх Лагаш иргэдийн төрх марзан хийгээд хөөрхийлөлтэй санагдах биз.
Гэвч, үнэндээ бид бүхэн Лагаш иргэдийг чичлэн шоолох болоогүй ч байж мэднэ. Учир гэвэл таны, бас миний мэддэг тэрхүү уудам огторгуй гээд байгаа нь, үнэндээ жинхэнэ сансар огторгуйн дэндүү өчүүхэн хэсэг ч байж мэдэх шүү дээ.
Бид хаанаас ирнэм? бид хэн байнам?
Хүмүүс бид эрт балрын үеэс хойш огторгуйг сонирхож иржээ. Эртний хүмүүс нар болон сар, од гаригсын хөдөлгөөн, эсвэл нар сар хиртэлт зэрэг тэнгэрийн үзэгдэлүүдийг ажиглаж, тэндээс элдэв хууль дүрэм, зүй тогтлыг тайлж уншихыг оролдож ирж. Мөн, сансар огторгуй хаа хүртэл цэлийж, ямар бүтэцтэй оршин тогтнож буй болон, хэрхэн үүсч бий болсон талаар элдвийг төсөөлөн бодож иржээ.
Яагаад хүмүүс огторгуйн тухай мэдэхийг тэгтлээ хүснэ вэ?
Үүний шалтгааныг тунгаавал өдий төдий зүйлс санаанд буух боловч, ерөнхийлөөд үндсэн 2 том шалтгаан хэлж болно. Нэгдүгээр шалтгаан бол, хүмүүс “Өөрсдийг нь тойрон хүрээлэх ертөнцийн үнэнийг таньж мэдэх” гэсэн туйлын хүсэлтэй нь холбоотой. Энэ нь сониуч зантай ч холбоотойгоос гадна, түүнтэй зэрэгцээд “Эргэн тойрны ертөнцөөр дамжуулан түүнтэй холбогдох өөрсдийгөө хэн болохоо ойлгож мэдэх” гэсэн тэрхүү анхдагч сэдлээс үүдэлтэй байх учиртай.
Америкийн Бостоны урлагийн музей дэхь Европын уран зургийн галерейд нэгэн аварга бүтээл дэлгэгдэн тавигдсан бий. Францын зураачГогены“Бид хаанаас ирнэм, бид хэн байнам, бид хаашаа явнам” гэх бүтээл. Төрөх, өсөх, өтлөх, тэгээд үхэх гээч хүний нэг насны амьдралыг, шар дэвсгэр дээр цэнхэр өнгөнд суурилан баруунаас зүүн тийш дүрслэн үзүүлжээ.
- Би, яагаад төрсөн юм бол? Тэгээд үхэхдээ, хаашаа одох бол?
- Би гэдэг, эцсийн эцэст ямар учиртай оршихуй юм бэ?
Иймэрхүү барих барьцгүй зүйлийн талаар, гэхдээ хүн төрөлхитөний хувьд “туйлын” гэмээр асуултын тухай хэн бүхэн ядаж нэг удаа эргэцүүлэн боддог шүү дээ. Ялангуяа өөртөө итгэлгүй болж, өөрийнхөө амьдран буй учир шалтгаанаа ойлгохгүй болсон мэт санагдахаараа, өөрийн эрхгүй л энэ тухай боддог. Гоген ч эх орон Францдаа уран зураач хэмээн хүлээн зөвшөөрөгдөлгүй, хоёр дахь эх орон болсон Таити аралд ядуурал хийгээд өвчин эмгэг дунд зовж шаналан буй дундаа, нэг ёсны гэрээслэл болгон энэхүү бүтээлийг зурж үлдээсэн гэдэг.
Өөрөө өөрийгөө ойлгохоо больсон үедээ, хүн ер нь яах ёстой юм бэ?
Магадгүй, өөрийн эргэн тойрноо тогтоон харах учиртай биз.Эргэн тойрон ямар байдалтай хийгээд, түүний дунд орших би эргэн тойронтойгоо хэрхэн холбогдон буйг тунгаан бодно. Тийнхүү өөрийн байрлалаа магадлан нягталж, өөрийгөө эргүүлэн олж авахыг зорих болов уу.
Тиймийн учир, орчлон ертөнцийг мэдье гэх бодол нь, өөрийгөө хэн болохыг мэдэхийг хүсэхтэй ижил утгатай юм. Харин тэр “орчин тойрны ертөнц”-ийг туйлд нь хүртэл тэлбээс сансар огторгуй болно. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхитөн өөрийгөө мэдэхийн тулд сансар огторгуйг мэдэхийг хүсдэг, гэж хэлж болох биз ээ.
“Тэнгэрийн захиаг” уншиж тайлах ухаан
Гэлээ гээд, “Өөрийгөө хэн болохыг мэдэхийн тулд, хүмүүс сансар огторгуйг сонирхож ирсэн” маягийн юм хэлэх нь хэтэрхий философилог хэлбийлт болж сонсогдох биз. Тийм дээд түвшний учир шалтгаан төдий бус, харьцангуй ойрын бөгөөд зайлшгүй шалтгаан ч бас байсан нь дамжиггүй. Хүмүүс сансар огторгуйг сонирхож ирсэн хоёр дахь том шалтгаан, тэр бол тэнгэрт болсон үйл явдал хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг гэж итгэж ирсэнтэй холбоотой юм.
Одон орны ухаан бол хамгийн эртнээс улбаатай шинжлэх ухааны салбар гэгддэг. Эртний хүмүүсийн “Тэнгэрийн захиаг тайлж унших”, “тэнгэрийн тааллыг олж мэдэх” гэсэн тэр хэрэгцээ хийгээд хүслээс анх одон орны ухаан үүсчээ.
Тухайлбал, нар болон сар, оддын хөдөлгөөнийг ажигласан эртний хүмүүс, одод эрхэсийн хөдөлгөөн маш нарийн зүй тогтолтой болохыг анзаарч ирж. Тэрхүү зүй тогтол дээр суурилан бүтээсэн зүйл бол хуанли буюу цаг тооны бичиг юм.
Эртний Египетэд Огторгуйн чонын ордны нэгдүгээр од болох Сириус, нар ургахын чанх өмнө тэнгэрийн хаяанд үзэгдэх тэр өдрийг “жилийн эхний өдөр” болгосон хуанлитай байжээ. Өвлийн шөнийн тэнгэрт анивчин гялалзах Сириусыг, нарыг эс тооцвол бүрэн тэнгэр дэхь хамгийн тод од гэдгээр ньбид мэддэг. Эртний Египетийн үед, Сириус од нар ургахын чанх өмнө үзэгдэх тэр үе нь, Нил мөрөн үерлэх борооны улирлын эхлэлтэй давхцдаг байсан байж. Нил мөрөн үерлэвэл урсгалын эхээс зөөгдөн ирэх баялаг хөрс шороо хавийн газрыг бордоно. Тэнд нь хүмүүс үер татарсны дараа үр тариагаа суулгадаг байв. Энэ мэтээр, газар тариалангийн тохиромжтой цаг үеийг хэлж өгдөг нь “тэнгэрийн захиа” байсан юмсанж.
Мөн, нар болон сар хиртэж, сүүлт од үзэгдэх зэргээр “тэнгэрийн гэнэтийн үзэгдэл” болоход эх газар дээр ч ямар нэгэн онцгой зүйл болох учиртай гэлцэн сэтгэцгээдэг байж. Тэнгэрт болох ховор сонин өөрчлөлтүүд нь хаан хүүгийн үхэл ч юм уу, өлсгөлөн эсвэл тахал зэрэг эх газрын гамшгийг зөгнөсөн тэнгэрийн анхааруулга гэж ойлгогддог байсан хэрэг. Ингэж явсаар тэндээс Тэнгэрийн одон зурхай бий болж, ялангуяа дорно зүгээр тархан дэлгэрчээ.
Харин өрнө зүгт гэвэл нар ба сар, мөн бархасбадь санчир зэрэг од гаригсын байрлал болон хөдөлгөөн нь хувь хүний төөрөг тавьланг зохьцуулдаг гэгддэг байв. Тэр нь өнөөгийн өрнийн зурхай буюу Төөрөг тавьлангийн одон зурхай юм. Эртний Ромын үед, Ромын эзэн хаанаас жирийн албат иргэд хүртэлх бүхий л хүмүүс чухал шийдвэр гаргах үедээ заавал төөрөг тавьлангийн одон зурхайг ашиглан тэнгэрийн тааллыг мэдэхийг зорьдог байсан гэдэг.
Тэнгэрийн захианд чих тавьдаг байсан тэр үед, хүмүүсийн хувьд сансар огторгуй гэдэг туйлын ойр дотно оршихуй байсан биз. Эртний хүмүүсийн төсөөлөн баримжаалдаг сансар огторгуйн хэмжээ нь одоогийн бидний мэддэгээс хамаагүй жижигхэн байсан учир, тэнгэрт болсон явдал эх газрын бидэнд шууд нөлөөлж таарна хэмээн эгэл шулуухнаар итгэдэг байжээ.
Тэр үетэй харьцуулахад орчин үеийн сансар огторгуйн талаарх мэдлэг гайхалтай гүнзгий болсон ч гэлээ, “уудам огторгуй” гэсэн зөв баримжаатай болохын хэрээр ихэнх хүмүүс сансар огторгуйг төдийлөн ойшоодоггүй болж орхисон нь битүүхэн харамсал төрүүлэх билээ.
Галактик огторгуйн хязгааргүй уудам
Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан сансар огторгуйг хаа хүртэл тайлж мэдээд байгаа юм бол?
Одон орон судлал дотор Сансар судлал гэх салбар бий. Энэ нь сансар огторгуйн “орон зайн тэлэлт” болон “цаг хугацааны тэлэлтийг” тайлж судалдаг салбар юм.
- Сансар огторгуй хэзээ, хэрхэн үүссэн бэ?
- Сансар огторгуй дотор орших зүсэн зүйлийн бодисууд яаж бий болсон юм бол?
- Сансар огторгуй бүхэлдээ ямар бүтэц механизмтай юм бол?
зэрэг асуултуудад хариулахыг зорьдог.
Юуны өмнө, сансар огторгуйн орон зайн тэлэлтийн талаар сонирхъё. Таны мэддэгчлэн, бидний амьдрах Нарны аймаг ньСүүн зам галактикгэгдэх оддын том бөөгнөрлийн нэг гишүүн юм. Галактик дотор нар шиг одод ойролцоогоор 200 тэрбумаараа бий гэгддэг. Галактик нь зээрэнцэг хэлбэртэй бөгөөд, тэр зээрэнцгийн радиус нь ойролцоогоор 50,000 гэрлэн жил (1 гэрлэн жил нь 10 их наяд километр) хэртэй. Нарны аймаг маань өөрийн галактикийнхаа төвөөс 30,000 гэрлэн жилээр алслагдсан газар, зүйрлүүлж хэлбэл зах хязгаар хөдөөд нь оршиж байдаг.
200 тэрбум одод гэж сонсох төдийд л дотор харанхуйлж магадгүй боловч, иймэрхүү оддын том бөөгнөрөл буюу галактик нь бидэнд харагдах хязгаар дотор л гэхэд 100 тэрбум гаруй байгаа нь мэдэгдээд байна. Тэгээд одод нь галактик гэдэг бөөгнөрөл үүсгэдэгтэй адилаар, галактик ч бас бөөгнөрөл үүсгэх хандлагатай байдаг. Хэдэн арваад тооны галактикийн бөөгнөрөл нь Галактикийн сүрэг, 100-аас олон тооны болоод ирэхээр Галактикийн бүлэг гэж нэрлэгдэнэ. Бидний галактик бол, алдарт мушгиа галактик болох Адаг чуулганы галактик (Andromeda) зэргийн хамтаар, нийт 30-аад тооны галактикаас тогтох дэд галактикийн сүрэг гэсэн бяцхан бөөгнөрлийг үүсгэдэг.
Галактикийн сүрэг болон галактикийн бүлэг нь ахиад хэдэн тоогоороо цугларахад Супер галактикийн бүлэг гээчийг үүсгэнэ. “Охины ордны супер галактикийн бүлэг” нь, 2000 тооны галактикаас тогтох “Охины ордны галактикийн бүлгээр” төвөө хийсэн, 300 сая гэрлэн жилээр тоологдох хэмжээ бүхий “супер галактикийн бүлэг” юм. Харин бидний орших дэд галактикийн сүрэг нь Охины ордны супер галактикийн бүлгийн захад байрладаг.
Цаашлаад, супер галактикийн бүлгүүд нь хоорондоо тасралтгүйгээр холбогдон, зөгийн үүр шиг 6 талтархуу хэлбэр үүсгэн тогтдог болох нь мэдэгдээд буй. Тэр зөгийн үүрний нүхэнд харгалзах орон зай нь хэдэн 100 сая гэрлэн жилийн дайтай бөгөөд төдийлөн галактик оршин байдаггүй бүс газар учир, хоосон гэсэн утгаар Войд гэж нэрлэгдэнэ.
Үүнээс өргөн орон зай болон үүнээс цаашхи хэсгүүдэд сансар огторгуй нь ямар бүтэцтэй болох талаар одоо ч хэмжилт судалгаа хийгдсээр л байна. Одоогийн байдлаар олж тогтоогоод буй хамгийн холын галактик бол, биднээс ойролцоогоор 12.9 тэрбум гэрлэн жилийн чанадад оршдог. Японы Субару одон орны дуран авай зэрэг дэлхийн аварга том өндөр технологийн дуран авайнуудын ажиглалт одоо ч үргэлжилж буй тул, цаашид энэ рекордууд улам бүр арчигдан шинэчлэгдэх биз ээ.
Номын аудио хувилбарыг ЭНДЭЭС сонсоорой.
Зочин
Баяраа
Иргэн