НИЙТИЙН ХӨРӨНГӨ (COMMONS)
(“АЛСЫН ХАРАА 2050”-ИЙН ШҮҮМЖ 5: НОГООН ХӨГЖИЛ)
Монгол улс 2050 он гэхэд “ногоон хөгжлийн” бодлого хэрэгжүүлж
- байгалийн үнэ цэнэ, өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах
- байгалийн нөөц баялагийг нөхөн сэргээж, хомсдолыг бууруулан, ашиглалтын нөөц бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх
- усны нөөцийн хомсдолоос сэргийлж хуримтлуулан, хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцлийг бүрдүүлэх
- нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах зорилтууд тавьжээ. Эдгээр зорилтоос цаг үеийн шаардлагын түвшнээс хамаарч хүлэмжийн хий болон цөлжилтийн асуудлыг энд онцолж байна.
Хүлэмжийн хий
2016 онд Монгол улс “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт”-ын дагуу хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Засгийн газар 2019 онд хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг салбаруудаа тогтоож, хэзээ ямар хэмжээгээр бууруулахаа мэдэгдэв. Монголын хүлэмжийн хийг үндсэндээ эрчим хүчний болон мал аж ахуйн салбарууд голлож ялгаруулдаг. Хүлэмжийн хийн ялгарлын өнөөгийн бүтэц хэвээрээ байвал дараах төлөвтэй байх ажээ.
Зураг 2: Хүлэмжийн хийн ялгарлын хэтийн төлөв, салбараар
Эх сурвалж: Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан
Эрчим хүчний салбар дангаараа нийт хүлэмжийн хийн талыг ялгаруулж байна. Гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааны станцууд. 2016 оны байдлаар манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэрийн 92.7 хувь нь нүүрс байгаа нь дэлхийд гуравт, Ботсван, Косовагийн дараа жагсааж байна. (Монгол улсын эрчим хүчний үр ашиг, хүртээмж, түүнд хийсэн бүтцийн шинжилгээ 2019).
Хүлэмжийн хийг тогтвортой бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, 2020 он гэхэд нийт эрчим хүчний суурилагдсан эх үүсвэрийн 20 хувийг, 2030 он гэхэд 30 хувийг орлуулах шийдвэрийг 2015 онд баталсан Төрийн эрчим хүчний талаар баримтлах бодлогод тусгажээ. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, нар, салхины эрчим хүчийг ашиглах суурилагдсан хүчин чадал нь бараг 20 хувийг нь хангаж чадахуйц болсон ч борлуулалтын үнээсээ хамаараад үйлдвэрлэлд эзлэх хэмжээ нь бага хэвээр байна. Эгийн голын усан цахилгаан станцаа барьж чадахгүй, хойд хөршийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Хэдийгээр сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй ч, Монголд эдийн засгийн хувьд үр ашигтай биш. Хамгийн бодитой сонголт нүүрс хэвээрээ байна. Монгол улс 2014 онд 34 сая тонн CO2-той дүйцэх хүлэмжийн хий ялгаруулсан нь дэлхийн 0.1 хувийг эзлэж байна. Хөгжиж буй орны хувьд хямд нүүрсний эх үүсвэрээ одоогийн түвшинд нь ашиглаад цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж чадвал сайн хэрэг болно.
Эзэнгүй бэлчээр ба цөлжилт
Монгол бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хамгийн их хохирол амсах арван орны нэг (Дэлхийн уур амьсгалын эрсдлийн индекс 2014). Өнгөрсөн 79 жилийн хугацаанд манай орны газрын гадарга орчмын жилийн агаарын дундаж температур 2.24C хэмээр дулаарсан (Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан). 1996 оноос хойш байгалийн гамшигт үзэгдэл хоёр дахин нэмэгдлээ (Азийн Хөгжлийн Банк 2017). Тийм ч учраас хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэн, эвдрэлд орсон, бохирдсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэнд оруулахыг Алсын Хараа 2050-д зорьжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ядуурал, тэгш бус байдал цаашид гүнзгийрэх эрсдэлд дэлхий нийтээр санаа зовниж байна. Монголд хөдөөнөөс хот руу шилжин суурьшсанаас үүдэлтэй ядуурал, тэгш бус байдал үүсч байна. Мөн Монгол үндэстний уламжлал, соёл болсон нүүдлийн мал аж ахуй ч эрсдэлд орох болов.
Өнөөдөр Монголын 171 мянган малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр нь бэлчээр. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Тэр хэмжээгээр газар нутаг цөлжиж, бэлчээрийн экосистемд аюул учраад байна. Эрчимтэй дулаарч эхэлсэн 1990-ээд оноос хойш 30 жилийн дотор малын тоо толгой 25 саяас 3 дахин өсөв. Бэлчээр эзэнгүйн улмаас нийт бэлчээрийн 22 хувь буюу, 25 сая га бэлчээр сэргэхээргүй доройтжээ. Энэ бол “нийтийн хөрөнгийн эмгэнэл”-ийн (tragedy of the commons) нэг тод жишээ юм.
Бэлчээрийн даацад нь нийцсэн хэмжээгээр уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж, тоонд биш чанарт анхаарсан бодлого явуулах шаардлагатай боллоо. Шийдэх нэг арга нь малын хөлийн татвар. Бэлчээрийн даац хэтэрсэн, олон малтай нутагт өндөр татвар ногдуулах цаг болжээ. Татварын орлогыг тухайн нутаг дэвсгэрийн бэлчээрийг сэргээн хамгаалахад эргээд зарцуулах, зарцуулалт нь ил тод байх ёстой. Мөн мал аж ахуйн салбарын судалгаа шинжилгээг сайжруулж, инноваци бий болгоход хөрөнгө оруулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх шаардлагатай байна.
Гэхдээ зөвхөн татвар тогтоох, эсвэл бэлчээрийн газрыг хувьчлах зэргээр байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах чадахгүй. Нийтийн хөрөнгийн эмгэнэлд цэг тавих гол шийдэл бол нутгийн иргэд өөрсдөө гэдгийг Нобелийн шагналт эдийн засагч Элинор Остром олон жилийн ажиглалт, судалгаагаараа баталжээ. Япон, Швейцар, Испани, Филиппиний туршлагыг судлаад нийтийн хөрөнгийг зүй зохистой ашиглах 8 зарчмыг гаргав. Үүнд:
- нийтийн хөрөнгийн хил хязгаарыг тогтоох, ашиглагчдыг тодорхойлох
- нийтийн хөрөнгийг ашиглах журам нь орон нутгийн нөхцөл байдалд нийцсэн байх
- нийтийн хөрөнгийг ашиглах дүрмээ өөрчилж, сайжруулахад хамааралтай бүх хүн оролцох
- нийтийн хөрөнгийг хяналттай байлгах, эгэх хариуцлага чухал
- ашиглалтын дүрэм зөрчигчдөд тохирсон шийтгэл, торгуультай байх
- зөрчлийг өртөг багатайгаар шийддэг байх
- нийтийн хөрөнгийг ашиглах дүрэм, журмыг тухайн орон нутгийн засаг захиргаа нь хүлээн зөвшөөрөх
- нийтийн хөрөнгийг ашиглагчид бусадтай хамтран ажилладаг байх зэрэг оржээ.
Швейцарийн Альпийн уулархаг нутагт байрлах Төрбэл тосгонд 600 орчим хүн амьдардаг. 1483 онд тосгоныхон бэлчээр, газар, ой шугуйгаа зүй зохистой ашиглах зорилгоор хамтрал (community) байгуулав. Энэ тосгонд газар худалдаж, эсвэл өөр бусад шалтгаанаар авсан хэн ч дундын мэдлийн баялагийг ашиглах ямар ч эрх эдлэхгүй. Хамтралд тэр хүнийг гишүүнээр элсүүлэх эсэхийг гишүүдийн саналаар шийдвэрлэнэ. Тус хамтралын 1517 оны “өвөлжөөний дүрмэнд” “ямар ч иргэн өвлийн улиралд тэжээж чадахаасаа илүү тооны үхэр Альпийн газарт оруулахыг хориглоно” гэжээ. Мөн нийтийн хөрөнгийг (бэлчээрийг) давуу эрхтэйгээр ашиглах оролдлогод нийцсэн торгууль оногдуулж иржээ. Өвөлжөөний дүрмийг сахиулах, хянах үүргийг бүрэн эрхт-төлөөлөгч хэрэгжүүлнэ.
Тосгоны дүрэмд бүх оршин суугч саналаа өгөх ба хуулийн дагуу газрыг зохион байгуулах суурь эрх мэдлийг уг холбоонд олгодог. Холбоонд өөрийн үхэртэй тосгоны бүх иргэн хамаарна. Холбоо жил тутам хуралдаж ерөнхий дүрэм, бодлогоо хэлэлцэж, төлөөлөгчдөө сонгодог. Эдгээр төлөөлөгчид газрыг зүй бусаар ашигласан торгууль ногдуулах, хурал, уулзалтуудыг зохион байгуулах, Альпийн зам, жимийг сэргээн засварлах зэрэг ажлыг хариуцах хүн авч ажиллуулдаг. Тосгоныхон энэ байдлаар нийтийн эзэмшилдээ нягт хяналт тавихаас гадна бэлчээрээ бордож, зүлэгжүүлэх зэргээр арчилдаг. Хамгийн гол нь нийтийн хөрөнгийн ашиглалттай холбоотой гол шийдвэрийг түүнийг ашиглаж буй нутгийн иргэд өөрсдөө гаргадаг. Японд төсөөтэй тосгонууд бас бий. Солонгост бас 1960 оны эцсээс “шинэ тосгон” гэсэн хөдөлгөөн өрнөж өндөр амжилтанд хүрсэн.
Монголд
Монголчууд олон мянган жилийн түүхтэй бэлчээрийн мал аж ахуйгаа авч үлдэж чадах, эсэх том сорилттой тулгараад байна. Сүүлийн 30-аад жилд мал ахуйгаа зөнд нь орхисноос, малчин бүр тооны хойноос хөөцөлдөж бэлчээрээ сүйтгээд дуусгаж байна. Бэлчээрийн асуудлыг төр засаг ч шийдэж чадахгүй болов. Энэ нөхцөлд хамгийн зөв шийдэл нь хамтрал, баг болохыг Остром олон орны жишээн дээр харуулжээ. Тийм учраас манай багийн иргэд дээрх найман зарчмаар хамтарч хоршин, бэлчээрийн менежментээ хийх цаг нь болжээ. Мөн төр засгийн эрх баригчид тийм хөдөлгөөнийг дэмжих инстүүц, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
2020.03.18
Социализмд буцан орох нээ хөөрхий Жаргалсайханыг хамтралын даргаар дэвшүүьег
УУЛ
Чулуун
Булган аймгийн фермер