БНМАУ-ЫН СҮҮЛЧИЙН ШИНЭЧЛЭЛ

Удалгүй ердөө гурав хоногийн дараа МАХН-ын VIII бүгд хурал боллоо. Хурлаар тэд онц их хурлаа 1990 оны дөрөвдүгээр сарын 10-нд хуралдуулахаар болов. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцээд доорхи заалтаас татгалзах саналаа АИХ-д оруулахаар боллоо:

Бүгд найрамдах Монгол ард улсын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист, ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол ардын хувьсгалт нам мөн.

Мөн Үндсэн хуулийн 82 дугаар зүйлд байгаа:

Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бусад бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол ардын хувьсгалт намд ажилчин, хоршоолсон хөдөлмөрчид, хөдөлмөрч сэхээтний эгнээнээс иргэд эвлэлдэн нэгдэнэ.

Энэ нь МАХН нийгмийг дангаараа удирдан жолоодох үндсэн зарчим үүргээсээ татгалзаж байна гэсэн үг юм. Мөн Цэдэнбалыг намын эгнээнээс хөөх, Төмөр-Очир, Лоохууз, Нямбуу Сурмаажав нарыг улс төрийн талаар цагаатгах шийдвэр гаргалаа. [1]

Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг хүлээн авч ёсоор болгов. Намын даргаар Гомбожавын Очирбатыг сонгоод Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг Мишигдорж, Гомбосүрэн*, Өөлд*, Түдэв нарын бүрэлдэхүүнтэйгээр батлав. Энэ улс төрийн товчоо бол хуучин шиг нийт нийгмийг удирдан чиглүүлж эрх мэдлийг гартаа авахгүй. Энэ товчоо зөвхөн намдаа хамаатай. Одооноос улс орныг төр удирдана.

Ардын түр онц зөвлөл (АТОЗ) байгуулаад урьд нам төрд ажиллахдаа гэмт үйлдэл хийж буруу удирдсан хүмүүсийг яллана гэсэн Ардчилсан холбооны шаардлага олон хүнийг нийгмийг ардчилах процессийн эсрэг хандууллаа. Нам төрийн удирдлага солигдох болсон энэ үйл явдлын дундуур Намын гол хүн Намсрай далимыг ашиглан ардчилсан хүчний дэмжлэгтэйгээр төрийн эрх мэдлийг авах гэж байна гэсэн хардлага түүний эсрэг фракцынханд үүсчээ. Тэд янз бүрийн шугамаар ардчилсан хүчний олон хүнтэй уулзан энэ ”аюулаас” сэргийлэх арга хэмжээ авав. Түүнийг өмнө нь зөвлөлтийн КГБ-тэй хамтран ажиллаж байсан, ер нь тэндэхийн тагнуул туршуул гэсэн янз бүрийн яриа өдөөн гаргаж нийтэд үнэмшүүлэх ажил эрчимжлээ. Чухам тэдний ил далд ятгалгаар “АИХ-ын тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр Батмөнхийг үлдээе” гэсэн ардчилсан хүчний цуглаан жагсаал боллоо. 

Энэ саналаас Батмөнх татгалзсан. Харин үүний дараагаас МАХН-ын бүх аппаратаас ардчилсан хүчний эсрэг дайралт, суртал нэвтрүүлэг, ятгалга эрчимжлээ. Олон жилийн турш үзэл суртал, суртал нэвтрүүлэг, гүтэглэг, мушгин гуйвуулалтад мэргэшсэн аппарат хуримтлуулсан чадвараа эрээ цээргүй илэрхийлж эхэлжээ.

Элбэгдорж хувийн тэмдэглэлдээ бичсэн нь:

Шөнө унтаж байтал гэнэт сэрээлээ. Улаан од сонины Чантуу нэг хүүхэнтэй ирж намайг сураглаад буцав. Байхгүй байна гээд ээж хэлчихэж. Маш чухал бөгөөд яаралтай ажил гарсан гэнэ. Шөнө 3 цаг 30 минут болж байхад дахиад хонх дуугарлаа. Намайг байна гэж хэл гэж ээжид хэлэв. Намын төв хорооны нийгэм эдийн засгийн хэлтсийн зааварлагч Чулуунбат, Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулагч Д.Насан нар нэг бичиг өглөө. Бичиг барьсан хүн ороод ирэхээр муу л юм бодлоо. Бичигт “Монголын Ардчилсан Холбооны зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн н.Элбэгдоржид. Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Хандаа, Агиймаа, Цэвэлмаа нар” гэж хаяглаад доорх асуудлыг МоАХ-нд дамжуулж өг гэснийг тус сумын намын хорооны нарийн бичгийн дарга н.Намжил Намын Төв Хорооны жижүүрт мэдэгдэв.

а. МоАХ-ны зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Элбэгдоржийг тус суманд ирүүлж хөдөлмөрчидтэй уулзуул.

б. Монголын Ардчилсан Холбооноос огцор.

в. Түр хурал шаардах хэрэггүй. Эргээд шаардлагыг МоАХ юу гэж үзэж байгаагаа 24 цагийн дотор (17 цагаас) радио телевизээр хариу өгөхгүй бол бид гурав өлсгөлөн зарлана. Хариуг Зэрэг сумын намын хорооны дарга н.Намжилд яаралтай өгнө үү.[2]

Ховд аймгийн Зэрэг сум гэдэг нь Элбэгдоржийн төрсөн газар, гэхдээ тэрээр олон жилийн өмнө тэндээс гарч Эрдэнэт, Улаанбаатарт ирж амьдарсан хүн. 

Хамгийн анх дээд удирдлагыг шүүмжлэн хаалга нээсэн Үнэн сонин одоо ардчилсан хүчин рүү нумаа хандуулж хамгийн аймшигтайгаар гүтгэгч, доромжлогч, улайран довтлогч болж хувирав. 

Гэтэл Очирбат, Чимид, Содном, Жамсранжав, Гомбосүрэн, Жасрай тэргүүтэй төр талын хүмүүс дайсагнагч хоёр талын дунд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх боллоо. Тэр бүлэг МАХН-ын Онцих хуралд ялалт байгуулж улмаар 3 дугаар сарын 21-23-нд болсон АИХ-ын VIII чуулганаар төрийн эрх мэдлийг бүрэн авлаа. АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар Очирбат, нарийн бичгийн даргаар Дашдэмбэрэл*, Чимид* тэргүүлэгч гишүүнээр сонгогдов. Засгийн газар тэр чигээрээ өөрчлөгдлөө. Ерөнхий сайдааар Гунгаадорж*, орлогчоор Бямбасүрэн, Зардыхан*, Шаравсамбуу* нар. Одооноос ардчилсан хүчинтэй хэлэлцээ хийх субъект нь нам биш, ингэж төр болсон юм.

МоАХ мөнөөх Ардын түр хурал (АТХ), АТОЗ-оосоо салах дургүй, улам хүчтэй шахах боллоо. Энэ үед МСДН-аас шинэ санал гаргасан нь аяндаа нэлээд дэмжлэг хүлээсэн юм. Юун түрүүн бүх нийтийн сонгууль явуулж Ардын бага хурал байгуулах. Ардын бага хурал нь байнгын ажиллагаатай, түүний дээр бүх ард түмнээс чөлөөтэй сонгогдсон Ардын их хурал нь байнгын ажиллагаатай биш ч Ардын бага хурлыг тодорхой хугацаанд хянан шалгаж төрийн хамгийн дээд эрхийг эдлэнэ. Энэ хооронд Ардын бага хурал нийгмийн шилжилтийн хуулиуд боловсруулахын зэрэгцээ хамгийн гол нь шинэ Үндсэн хуулийг боловсруулж Ардын их хуралд өргөн барьснаар шилжилтийг дуусгавар болгоно.

Энэ санааг МСДН удаа дараа тавьсан боловч Төрийн зүгээс хагас зэрэмдэгээр хүлээж авсан бол МоАХ энэ талаар сонсох ч дургүй байлаа.[3] Чимидийн уйгагүй тайлбарын үндсэн дээр дээрх санааг нэлээд боловсронгуй болгосон хувилбарыг шинээр сонгогдсон төр болон Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээн аваад нийт ард түмэн, түүний дотор голлох улс төрийн намуудад танилцууллаа. Энэ бүхнийг нэгтгэн АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Дашдэмбэрэл радио телевизээр танилцуулав. 

1. МоАХ-ын зүгээс шаардаад байгаа Ардын түр хурал гэгчийг бүх нийтийн сонгууль, эсвэл ард түмний санал асуулгагүйгээр шууд байгуулах бололцоогүй. Үүнийг ард түмний санал асуулгаар шийднэ гэж дөрвөн хүчнийхэнтэй хамтарсан дугуй ширээний ярилцлагаар тохирсон мөртөө одоо түүнээсээ МоАХ ухарч болохгүй.

2. Ард түмний онц зөвлөл гэгчийн тухайд МАХН өөрийн онц их хурлаар алдаа эндэгдэл гаргасан хүмүүстэйгээ тооцоо хийхээр нэгэнт шийдвэрлэсэн тул тооцоо хийх, яллах ажиллагааг давхардуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод бужигнаан үүслээ. Зөвшөөрөлгүй цуглаан хийсэн хэргээр Ардчилсан холбооны хэсэг хүмүүсийг Аймгийн даргын захирамжаар баривчлан хорьжээ. Үүнийг эсэргүүцэж тэндэхийн ардчилсан хүчнийхэн хариуд нь өлсгөлөн зарлав. Үүнийг дагаад олон газар эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөх нь тэр. Газар дээр нь Зориг, Элбэгдорж нар очин аймгийн захиргаатай ярилцан буулт хийлгүүлсний үндсэн дээр өлсгөлөнг зогсоожээ.

АИХ-ын нэрийн өмнөөс Чимид, Засгийн газрын өмнөөс Бямбасүрэн, МАХН-аас Жанцан*, МоАН-аас Бат-Үүл, МСДН-ээс Гончигдорж*, МҮДН-ээс Ганболд нарын бүрэлдэхүүн, дээр нь Оюутны холбоо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн төлөөлөгчдийн оролцоотойгоор Монгол улсын цаашдийн төрийн байгууламжийн талаар тохиролцох хэлэлцээр хэдэн хоног үргэлжиллээ. Үүний үр дүнд Монгол орны цаашдын явдлын ерөнхий төлөвлөгөө чиглэл гарсан. Удахгүй АИХ-ыг хуралдуулан 1960 оны Үндсэн хуулиас МАХН-ын дангаар удирдан чиглүүлэх үүрэг, улс орон социализм байгуулж улмаар коммунизмд хүрнэ гэх мэтийн балай заалтуудыг хасах, олон намын системийг хүлээн зөвшөөрөх, үүний дагуу бүх нийтийн сонгууль зохион байгуулах, үр дүнгээр нь байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлыг байгуулах, эндээс боловсруулсан баримтаар ойрын хоёр жилийн дотор шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлаар батлуулах гэх мэт.

Оролцогч талууд энэ концепцид санал нэгдсэн авч ганцхан Бат-Үүл зөвшөөрч гарын үсэг зурахаас татгалзав. Хөвсгөлийн өлсгөлөн, үүнийг дагаж улс орон даяар дахин буй болсон түгшүүрт байдал энэ хэлэлцээрийг зөвшөөрүүлэх аргагүй болгожээ. Зориг, Бат-Үүл нар энэ тохиролцоог зөвшөөрөхөд бэлэн байлаа. Эцэст нь 1990 оны 5 дугаар сарын 5-ны бямба гаригийн орой хэлэлцээрт Бат-Үүл нарын үсэг зурлаа.[4] Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан Бат-Үүл, Хөвсгөлийн өлсгөлөнг зогсоосон Зориг нарыг доктор Нэргүй урвагчаар зарлав.[5] Тэрээр “Монголын жинхэнэ ардчилсан холбоо” гэдгийг байгуулсанд Жаргалсайхан* тэргүүтэй хэсэг ардчилагчид дагалдсан юм. Гэвч удаан насалсангүй.

Монголын ардчилсан холбоо үүнээс хойш ленинист хүчирхийллийн онолын баримжаанаасаа эгнэгт саллав.

* Гомбосүрэн, Цэрэнпилийн (1943) Монгол улсын Гадаад яамны сайд (1989-1996)

* Өөлд, Цэвээнжавын (1942-2019) Монголын намын зүтгэлтэн.

* Дашдэмбэрэл, Човдронгийн (1936) Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга (1990-1993)

* Чимид, Бираагийн (1934-2013) Хуульч, Монгол улсын шинэ Үндсэн хуулийн эх баригч

* Гунгаадорж, Шаравын (1935) Монгол улсын Ерөнхий сайд (1990)

* Зардыхан, Кинаятын (1934-2016) Монголын улс төрч, шинэчлэгчдийн нэг, Ерөнхий сайдын орлогч (1990)

* Шаравсамбуу, Бадрахын (1947) Ерөнхий сайдын орлогч (1990)

* Жанцан, Наваанпэрэнлэйн (1948) Монголын төрийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн цэцийн дарга (1998-2004)

* Гончигдорж, Раднаасүмбэрэлийн (1953) Монгол улсын дэд Ерөнхийлөгч (1990-1992)

* Жаргалсайхан, Базарсадын (1958) Ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн. Уул уурхайн яамны сайд (2006-2008)

[1]МАХН-ын Төв хорооны 8 дугаар бүгд хурлын материал (Улаанбаатар 1990) [8th Plenum of the Central Commitee of the MPRP]

[2]Элбэгдорж.Ц. Монголын Цахиагийн Монголын Цахиагийн Элбэгдоржийн Өдрийн тэмдэглэл. Ардчилалд хүрсэн зам- бодит түүх (Өдрийн сонин) 2020 [Elbegdorj`s private notes – Real History of Road to Democracy]

[3]Ардчилсан социалист хөдөлгөөний мэдээ материалын эмхтгэл (Улаанбаатар 1990) [Collection of the materials and documents of the Democratic Socialist Movement]

[4] Дашзэвэг.Х. МҮАН-ын түүхэн тэмдэглэл (1989-1996) (Интерпресс, Улаанбаатар 1998) х-30-31 [Dashzeweg.H. Historical notes of the Mongolian National Democratic Party1989-1996]

[5]Элбэгдорж.Ц. Монголын Цахиагийн Монголын Цахиагийн Элбэгдоржийн Өдрийн тэмдэглэл. Ардчилалд хүрсэн зам- бодит түүх (Өдрийн сонин) 2020 [Elbegdorj`s private notes – Real History of Road to Demokracy]