Ч.Хүрэлбаатар Та хариуцлагагүй сайд байснаа, мэдээлэлгүй парламентач болсноо нотоллоо
-Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” ХХК 215.4 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн-
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “Ахмадын зээл тэглэсэн арга хэмжээг "Эрдэнэс силвер ресурс" ХХК мөнгө олборлож, борлуулсан хөрөнгөөрөө төлөх ёстой байсан. Гэтэл нэг төгрөг ч төлөгдөөгүй байна. Орлого хаачив” гэсэн шүүмжлэлийг нэр бүхий иргэн твийтр хуудаснаа 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр жиргэж мэдээлсэн нь сүүлийн гурав хоногт анхаарал татаж маргаан дагууллаа. Энэ нь 2021 оны зургадугаар сарын 30-нд болсон УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2020 оны төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгийн ярианы бичлэгтэй холбоотой юм байна. Тэрбээр “Ахмадын зээл тэглэсэн арга хэмжээг "Эрдэнэс силвер ресурс" ХХК мөнгө олборлож, борлуулсан хөрөнгөөрөө төлөх ёстой байсан. Гэтэл нэг төгрөг ч төлөгдөөгүй байна. Орлого хаачив” гэсэн байгаа юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-тай “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 2020 оны 12 дугаар сарын 30-нд “Бондын санхүүжилтийн гэрээ” хийсэн байхад яаж 2020 онд “орлого оруулах” вэ? Гэрээгээр баталгаажуулснаас хойш 2020 он дуустал 1 хоног л байна. Нэг хоногийн дотор яаж орлого хийх юм бэ? Яаж ”Энэ гэрээний дагуу орлого хаачив” гэж 6 сарын дараа асууж чадаж байна аа? Ямар уул уурхайн компани Ковидын хөл хорионы үед, УОК-ийн “хориглолтыг сэтэлж” олборлолт хийгээд гэрээ хийснээс хойш 6 сарын дараа төлбөр хийх юм бэ? Бондыг хэн санхүүжүүлэх ёстойг, хэзээ төлөлт хийх, үүнд нь наад яриад байгаа “Эрдэнэс Силвер Ресурс” компани чинь ямар оролцоотойгоор тусгасныг мэдчихээд ийм мэдэгдэл хийх ёстой биз дээ, Эрхэм гишүүн ээ?
Үүнтэй холбогдуулж олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөхийн тулд “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас “Эрдэнэс-2”, “Эрдэнэс-3” бондын төлбөрт тэтгэврийн зээлгүй ахмадуудад” гэсэн утгатайгаар “Эрдэнэс Монгол” ХХК-д 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 199,354, 494,271 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн даалгаврын хуулбарыг харуулж байна. Мөн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХХБ-нд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-аас “Эрдэнэс Монгол” компани руу “ЗГ 2020.02.04-ний өдрийн 50-р тогтоолын дагуу” гэсэн гүйлгээний утгатайгаар 16,140, 212,176.27 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний хуулбар байна. Нийт 216 тэрбум төгрөг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-иас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дансанд шилжүүлжээ. Үүнийг “Эрдэнэс Монгол”-ын нэхэмжлэл болон “Эрдэнэс Монгол”-ын уг төлбөрүүдийг хүлээж авсан дансны хуулбар нотолно. Дээрх мөнгө хаачсан бэ? “Эрдэнэс Монгол” компани НХХЯ руу шилжүүлж байгаа юм. Түүний баримт “Эрдэнэс Монгол” ХХК-д байна. Сангийн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүнд олдоход амархан мэдээлэл мөн биз?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хүн хэзээ, ямар хууль, тогтоол баталсанаа, хэзээ хэрэгжиж эхлэх, төгсөхийг нь мэдэж байж “Орлого хаачив” гэж нэхэх ёстой. Нөгөөтэйгүүр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-д ч, өөр ямар ч гэрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй атал төрийн өмчит компанийн нэр хүндэд халдаж байгаа хэрэг. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5.1-д Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани өөрийн охин компанийн эзэмшлийн Салхит мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж заасан ба уг хуулийн 5.3 дахь заалтад “Монгол Улсын Хөгжлийн банк энэ хуулийн 5.1-д заасан үнэт цаасны хууль тогтоомжид нийцүүлэн бие даан баталгаа гаргах бөгөөд уг баталгаанд зориулж төрийн өмчийг барьцаалахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт хамаарахгүй гэж заасан.
Энэ хуулийн 5 дугаар зүйлд тэр чигээрээ “Эрдэнэс Монгол”-ын тухай байгаа. “Эрдэнэс Силвер Ресурс” компанитай холбоотой ганц заалт нь уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цаасны нэг сая төгрөгтэй тэнцэх үнийн дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ” гэсэн байна. Үүнийг “Эрдэнэс силвер ресурс” компани хуулийн хугацаанд нь бүрэн мөнгөжүүлээд дуусчихсан, нэг бондынх нь төлөлтийн хугацаа болоогүй байна.
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай нийт 900 тэрбум төгрөгний хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 1.4-т заасан үнэт цаасыг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу мөнгөжүүлэх болон “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулна” гэсэн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь дэмж гэсэн. Гэтэл төр дэмжээгүй. Дэмжлэгийг нь ч хүлээлгүй тухайн компани өөрийн хөрөнгөөр хийсэн. Энэ хуульд “Эрдэнэс Силвер Ресурс компани энэ зээлийг төлнө гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй.
Монгол Улсын Хөгжлийн банк ба “Эрдэнэс Монгол” компанийн хооронд Хувьцаа барьцаалах гэрээ, Тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ, Баталгааны гэрээ, Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ тус тус хийгдсэн байдаг. Хамгийн гол нь “Эрдэнэс Монгол” бонд гаргаад “Эрдэнэс силвер ресурс” төлбөр хийх нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэхгүй тул “Эрдэнэс Монгол“ компанийн хооронд “Бондын санхүүжилтийн гэрээ”-г байгуулсан байдаг. Энэ гэрээнд “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөж гэж Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан татвар, төлбөр, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан ажил олгогчоос төлөх хувь хэмжээгээр тооцсон шимтгэл, толгой компанид хуваарилах ногдол ашгийг тус тус хамааруулж ойлгоно” гэсэн байна. Ингээд бонд тус бүрийн санхүүжилтийн нөхцлийг энэ гэрээнд тохирсон байдаг.
“Эрдэнэс-2” бонд 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй,194 807 ширхэг, нийт 194,807,000.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 180, 595, 503, 714 төгрөгийн хямдруулсан үнэтэй, 475 хоногийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй. Харин “Эрдэнэс-3”бонд нь 1 (нэг) төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 21, 409, 542, 881 ширхэг, нийт 21, 409, 542, 881 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 19, 847, 680, 940 төгрөгийн хямдруулсан үнэтэй, 475 хоногийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй. Ийм нөхцөлтэй. ХХБ-нд “Эрдэнэс силвер ресурс” компаниас төлсөн энэхүү 216 тэрбум төгрөг чинь “Эрдэнэс-2”, “Эрдэнэс-3” бондынх.
“Эрдэнэс-1” бонд нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 929 861 ширхэг, нийт 929, 861, 000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 694, 846, 231, 880 төгрөгийн хямдруулсан үнэтэй, 5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй бонд юм. Таван жилийн хугацаатай! 2025 онд төлөгдөнө. Тэгэхээр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар энэ тухай мэдээлэлгүй байсан уу, мэдсээр байж “Нэг ч төгрөг төлөөгүй” мэтээр ташаа мэдээлэл хийсэн үү?
“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь Хөгжлийн банкны өмнө ямар үүрэг, холбоотой вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн банктай “Хувьцаа барьцаалах гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээнд “гуравдагч талаас охин компани Эрдэнэс силвер ресурс” ХХК нь (цаашид “барьцаалуулагч” гэх) гэж оруулсан байдаг. Энэ гэрээнээс харахад Эрдэнэс силвер ресурс” ХХК нь энэ бондын төлбөрийг төлөх тухай ямар ч хуульд, аль ч гэрээнд алга! “Эрдэнэс Монгол” ХХК “Эрдэнэс-1, 2, 3” бонд гаргаад, Эрдэнэс силвер ресурс” ХХК нь түүний охин компанийн хувьд төрд ногдох өгөөжөөрөө бондын төлбөрөөс төлөлцөж болох төлөвлөгөө, нөхцлөө гаргаад, харин ч төр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-аа санхүүжүүлж сайжруулахаар хуульд заасан байна. Гэтэл санхүүжүүлж, сайжруулсан ч үгүй, “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь өөрсдөө өөрийгөө санхүүжүүлээд “Эрдэнэс-2” ба “Эрдэнэс-3” бондын төлбөрийг нь төлөөд өгчихөж. “Эрдэнэс-1”-ийнх нь төлбөрийн хугацаа 2025 онд буюу хугацаа нь болоогүй байна.