“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цувралын Дөтгөөр нь

Цагаан туг Мягмарын Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM

Төвдийн түүхэн дэх бүхий л Далай лам нар Монголтой их бага ямар нэг хэмжээгээр заавал холбоотой байдаг билээ. Тэр ч бүү хэл 4-р Далай лам Алтан ургийн монгол хүн байсан байдаг. Монголын түүхэнд холбогдох Далай лам нарын дотор 13-р Далай ламын нэр илүү содон. Манай 8-р Богд Жавзандамба хутагт түүхэн эгзэгт мөчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсны адилаар 13-р Далай ламд ч тийм хувь тавилан оногджээ.Гагцхүү нэг нэгнээ дэмжээд, нэгнийхээ тусгаар тогтнолыг харилцан хүлээн зөвшөөрөөд, дундын дайсны эсрэг тэмцэж байсан энэхүү хоёр улсын өнөөгийн дэлхийн улс төрийн тавцан дахь дүр зургийг харахад эрс өөр байгаа нь түүхийн ээдрээт нугачааны үр дүн гэлтэй.

Монголд улс төрийн орогнолоор ирж байсан, монгол лам нартай өөрийн биеэр ном хаялцаж байсан, Монголтой харилцан гэрээ байгуулж, нэгнээ дэмжин тусална хэмээж байсан гэгээнтний тухай энд нарийвчлан өгүүлэх гэсэнгүй, гагцхүү бид АНУ-ын нэрт дипломатч У. Рокхиллын үйл хэрэг, амьдралыг авч хэлэлцэж буй тул тэр хоёр их хүний уулзалтын талаар тухайлан ярих болно. Ингэхдээ уншсан сонссоноо та бүхэнд эвлүүлэн хэлэхээс илүүтэйгээр, тэр асуудлыг хэрэг болгон судалсан эрдэмтэн хүний яриаг хүргэхнь хавьгүй тустай юм хэмээн бодлоо. Ингээд төвд судлаач Сюзан Мэйнхэйттэй Конгрессын Номын Сангийн Азийн тасагт ярилцав:

М. С. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Сюзан: Миний нэр Сюзан Мэйнхэйт. Би Конгрессын Номын Сангийн Азийн тасагт Төвд-Монгол номын судлаач, мэргэжилтнээр ажилладаг. 


Сюзан Мэйнхэйт яруу найрагч Л.Өлзийтөгст КНС-ийн Азийн танхимыг танилцуулж байна.


М. С. Төвд хэл бичигт хаа суралцаа вэ? АНУ-д төвд хэл үзээд байх боломж хир байдаг юм бол?

Сюзан: Би бүр 1975 оноос, Сэрмээ Кэнсүр Лувсан Даржин рэнбүчигээр төвд хэл заалгаж эхэлсэн юм. Рэнбүчи тэгэхэд Вашингтон хотноо англи хэлний курсэд ирээд байлаа. Тэгээд багш маань зургаан сар англи хэл үзсэнийхээ дараа хийддээ буцсан. Хийддээ гэдэг нь Нью-Жерси мужийн Ховелл хотод байдаг Даши Гэмпэл Лин гэж хийд юм. Багштан тэр хийдийн хамба лам нь юм л даа. Багш тэр сургалтаасаа хойш Нью-Жерси дэх хийддээ ном айлдахаас гадна сар бүр Вашингтонд ирж сургаал айлддаг болсон. Тиймээс би яг л эртний уламжлалт шавилан суралцдаг маягаар, тэр хавийн Халимаг Монголчуудын хүрээлэлд орж, 2004 онд багшийгаа жанч халтал нь дагалдаж сурсан даа.       
    
М. С. Таныг Уиллиам Рокхиллыг сонирхдог, судалдаг гэдгийг мэднэ. Хэзээнээс анх та түүний амьдрал бүтээлийг нарийвчлан үзэх болов?

СЮЗАН: Би анх 1975 онд энэ номын санд ажилд орсон юм. Ирсэн даруйдаа эндэх Төвд цуглуулгын хамгийн анхны номууд нь бүр 1899 онд ирсэн, тэдгээрийг Рокхилл бэлэглэсэн юм байна гэдгийг мэдсэн. Үүнээс хойш Рокхиллын тэр хандив, түүний Төвдийг судалсан байдал зэргийг сонирхон судлах болсон билээ. Хожим харин манай номын сангийн хамгийн анхны монгол судрууд ч бас Рокхиллын хандив болохыг мэдсэн л дээ.  


КНС-д хадгалагдаж буй Уиллиам Рокхиллын зураг


М. С. Тантай гол нь Рокхиллын 13-р Далай ламтай уулзсан уулзалтын талаар ярих гэсэн юм. Анх тэд хэзээ, хаана уулзаа вэ?

СЮЗАН: Тэр хоёр 1908 онд Утай шанд уулзсан юм. Уиллиам Рокхилл тэгэхэд АНУ-ын Бээжин дэх Элчин сайд байлаа. Харин Далай ламын хувьд 1904 онд Британийн цэрэг Төвдийг эзлэхэд нутгаасаа дүрвэн гараад гурван жил Монголд байсныхаа эцэст Амдо дахь Гүмбум хийдэд хэдэн сар болоод байв. Тэгээд яг тэр үед Утайд Төвд рүүгээ буцах эсэхээ шийдэн, эргэлзэж суусан байна. Гадаад улсаар дүрвэж явахдаа Далай лам төвд хэлээр ус цас шиг ярьдаг америк дипломатч байдаг гэдгийг сонсож мэдээд 1905 оноос Бээжин дэх төлөөлөгчдөөр нь дамжуулан харилцаж эхэлсэн байдаг юм. Монголд байхдаа л анх Рокхиллтэй харилцаж эхэлсэн гэсэн үг л дээ. Тэгж явсаар 1908 он гэхэд Уиллиам Рокхилл Далай ламыг Утайд байгааг нь мэдмэгцээ өөрөө уулзахыг хүсчээ. Далай лам бас гол нь Төвддөө буцаж очих эсэх талаараа Рокхиллээс зөвлөгөө авмаар байж.

Рокхилл Далай ламтай уулзаад маш өндөр сэтгэгдэлтэй байсан байдаг. “Би бүр нүд, чихэндээ ч итгэхгүй байна. Үнэхээр гайхамшигтай...” гэж уулзалтынхаа тухай бичсэн байгаа. Рокхилл их албаны үгээр, шинжлэх ухааны найруулгаар бичдэг хүн шүү дээ. Тэгтэл ингэж бичнэ гэдэг бол сэтгэл нь үзнэхээр хөдөлсний баталгаа юм. 

М. С. Анх ингэж уулзсанаасаа хойш дахиж уулзалдсан уу?

Сюзан: Утайд тэд угаасаа хоёр удаа уулзсан юм. Эхлээд 6 сарын 19-нд, дараа нь мөн сарынхаа 21-нд. Хоёрдахь удаагийнх нь уулзалт нэлээд удаан үргэлжилсэн байдаг. Ингээд уулзалтынхаа төгсгөлд Дээрхийн гэгээнтэн Рокхиллоос Бээжинд дахин уулзах боломжтой эсэхийг нь, үгүй бол цаашид ядаж холбоотой байх талаар асуужээ. Рокхиллын яг өөрийнх нь хэлсэн үгийг иш татвал “хэзээ ямагт ахин уулзаж болно, энэ бол миний хувьд гүн хүндэтгэл” хэмээн хариулсан байна. Үнэхээр тэр хоёр 10 сарын 6-нд Бээжинд дахин уулзсан бөгөөд цаашид ч байнга холбоотой байжээ.


КНС-ын Ховор хуучин фото зургийн тасагт хадгалагдаж буй
13-р Далай ламын зураг



М. С. Уулзалтын гол үр дүн юу байв? Өнөөгийн өндөрлөгөөс харахад түүхэнд ямраар бичигдэн үлдсэн бол?


Сюзан: Юуны өмнө энэхүү уулзалт бол түүхэнд АНУ-Төвдийн хоорондох хамгийн анхны албан ёсны уулзалт хэмээн тооцогддог юм. Төвдийн түүхийн тэр нарийн, эмзэг цаг мөчид Дээрхийн гэгээнтэн Далай лам Америкийн талаар ямар үзэл бодолтой байж вэ гэдгийг эдгээр уулзалтууд баримтжуулан харуулж өгдөг. Өөрийнх нь байдал ч тийм эгзэгтэй болсон үед Далай лам Рокхиллоос зөвлөгөө, мөн судлаачийн үнэлэлт хүссэн билээ. Бичиг баримтуудаас харахад энэ хоёр их хүний харилцаа дотно, нэгнээ ихэд хүндэтгэсэн өнгө аяс тодорхой байдаг. Гэвч яг практик амьдрал дээр бол Рокхиллын зөвлөгөө түүхэнд хир нөлөөлсөн бэ гэдэг асуудал бол бүрхэг. Чухам энэ асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм. Нэр хүндтэй, дээд зиндааны дипломатчийн хувьд Уиллиам Рокхилл төв рүүгээ олон илтгэл тайлан илгээж байсан нь, бас тэдгээр тайлан АНУ-ын Төвдийн талаарх бодлогод нөлөөлж байсан нь бол тодорхой асуудал. Гэвч, дахин хэлэхэд Рокхиллын тэр үед “үр дүн нь зайлсхийхийн аргагүй” хэмээн үзэж байсан тэр бүх явдал болсон л байдаг, Рокхиллын хувьд нөлөөлөх боломж нь хомс байжээ. Рокхилл өөрөө Хятадын шинэ ерөнхийлөгч  Юань Шикайн зөвлөхөөр сонгогдсон байсан, энэ үүргээ гүйцэтгэсэн бол түүхэнд бас өөр зүйл тохиож болох ч байсан байж магадгүй. Харамсалтай нь тэрбээр шинэ ажилдаа орохоор явах замдаа нас нөгчсөн билээ.


Уиллиам Рокхиллоос АНУ-ын Ерөнхийлөгч Т. Рузвельтэд илгээсэн захиа.
Эх нь КНС-д хадгалагдаж буй.


М.С. Төвд судлаач, бас Далай ламын андын хувьд тэр “зайлсхийх аргагүй” явдлын тухайд сэтгэл нь зовниж байсан байх даа?

СЮЗАН: Харамссан, сэтгэл зовнисон үгс Рокхиллын захидал, тэмдэглэлүүдэд нь үлдсэн байгаа. Далай ламыг Лхастаа буцахыг Оросын тал ч, Британийн тал ч зөвлөсөн байсан, Рокхиллын зөвлөгөө ч мөн тийм байсан. Тэгээд Далай лам буцахаасаа өмнө Манжийн хааны урилгыг хүлээн авч, Бээжинд очиж л дээ. Тэр үеэс л бүх юм тодорхой болж, Далай лам сэтгэлээр их унасан бололтой. Рокхилл 1908 оны 10 сарын 6-ныхаа тэмдэглэлд “Үдэд Далай ламтай ярилаа. Утай шаны нөгөө сэргэлэн цовоо зан, баяр баясал нь үгүй болжээ” хэмээсэн байдаг. Манжийн хаан(Бадаргуулт төр. М.С.), бэлэвсэн хатан (Цүши. М.С.) нар Далай ламыг хүндэтгэн, төр ёсны бүх ёслолыг үйлдсэн боловч цолыг нь сольж, “үнэнч, дагагч” гэсэн утгыг нэмсэн нь Төвдийг цаашид хэрхэн үзэхээ тодорхойлсон хэрэг. Түүх гэдэг шоглоомтой ч юм шиг. Манжийн хаан, хатан эх хоёртой Далай лам ахин хэдэнтээ уулзаж, хатны төрсөн өдрөөр буюу 11 сарын 2-ны өдөр урт удаан наслахыг ерөөн ном айлдаж байсан боловч хоёр долоо хоногийн дотор хаан, хатан хоёул хоорондоо ганц хоногийн зайтай нас барсан билээ. Далай лам хоёулангийнх нь ясыг барьж, Юнхэгүнд хойтохыг нь уншсан юм. Ингээд Лхастаа буцсаных нь дараа Рокхилл Ерөнхийлөгч Рузвельтэд илгээсэн захидалдаа түүний тухай “Энэ бүх хүндрэлээс гарах гарц алга... Тэрбээр Бээжингээс Хятадад улам л дургүй болоод явлаа. Төвдийг Хятадын нэг муж болгон захирах бодлогыг Далай лам мэдээж зөвшөөрөхгүй, энэ нь миний андад их зовлон авчрах вий хэмээн би эмээж байна...” гэж бичсэн байдаг.

М. С. Таны дурдсан энэ захидал болон Далай лам, Уиллиам Рокхилл нарын харилцаа холбоо, уулзалт зэргийн талаарх бичиг баримтууд хаана хадгалагдаж байна вэ? Аль номын санд тэдгээртэй танилцах боломжтой бол?

Сюзан: Рокхилл Утайд болон Бээжинд хийсэн уулзалтынхаа талаар Ерөнхийлөгч Теодор Рузвельтэд хоёр маш урт захидал бичсэн юм. Энэ хоёр захиа манай Конгрессын Номын Сангийн Гар бичмэлийн тасгийн “Т. Рузвельтийн бичиг баримт” дотор хадгалагдаж байгаа. Рокхилл бас болсон явдлуудын талаар өөрийнхөө тэмдэглэлийг байнга хийж ирсэн, тэр нь Харвардын номын санд хадгалагдаж буй. Дөнгөж саяхан бидэнд бас нэгэн сонирхолтой материал ирлээ. Утайд Рокхиллыг дагалдаж очсон доод зиндааны нэг дипломат ажилтны жижгэвтэр тэмдэглэл ирсэн байгаа.

Мөн энэ хоёр агуу хүний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг гэж хэлж болохоор хоёр үнэт зүйл манай номын санд хадгалагдаж буй. Энэ нь Далай ламаас Рокхиллд өгсөн бэлэг болох нэг судар, нэг танка хоёр юм.

М.С. Ямар судар юм бол?

СЮЗАН:“Найман мянган бадаг Билиг Барамид”. Модон барын ном. Утай шанд хоёр дахь удаагаа уулзахдаа Далай лам Рокхиллд бэлэглэж. Тэрийг нь Рокхиллын гэргий 1942 онд манай номын санд хандивласан юм. Зузаан шар баринтагтай ном бий. Рокхилл өөрөө дээр нь жижиг тэмдэглэл бичиж үлдээсэн байгаа.


Далай ламаас Рокиллд бэлэглэсэн судар. Дээр нь Рокхилл өөрийн гараар тэмдэглэн бичсэн нь: 8000 бадаг Билиг Барамид төвд хэлээр. У. Рокхиллд 13-р Далай лам (Агваан Лувсан Түвдэн Жамц) 1908 оны 6-р сарын 21-ний өдөр, Утай шанд дурсгасан болно.


М.С. Танкаг нь бас танилцуулахгүй юу?

СЮЗАН: 1908 оны 6 сарын 21-нд Рокхиллд Далай ламын өгсөн хоёр дахь бэлэг нь Богд Зонховын маш гоёмсог танка юм. Өмнө өгүүлсэн судартай хамт Рокхиллын гэргий манайд бэлэглэж. Конгрессын Номын Санд ирсэн даруйд нь Смитсонианы Байгалийн Түүхийн музей зээлж аваад бүтэн гучин таван жил Төвдийн үзмэр болгон үзүүлсэн юм билээ. Тэгээд 1999 онд эргээд номын сандаа ирсэн.  

М.С. Энэ Танка дээр ямар ямар Бурхад дүрслэгдсэн байна вэ? Манай уншигчдад товч тайлбарлаж өгч болох уу?

СЮЗАН: Бололгүй яах вэ. Төв хэсэгт нь өмнө хэлсэнчлэн Жэ Зонхава Лувсандагва “тушита” (Төгс баясгалангийн орон. М.С.) - д суугаа Майдарын зүрхнээс гарч байна. Зүүн дээд талд нь Будда Шагжамуни, баруун дээд талд нь Гэндэн Чойжинжамц хэмээх лам байна. Зонхов Богдын хоёр талд нь хоёр гол шавь нь, Жалцав, Хайдав хоёр байна. Тойроод найман шавийг нь суулгаж. Хамгийн доор нь зүүнтээ Намсрай бурхан, голд нь Очирваань байна. Баруун доор байгаа лам нь тэр баруун дээр байгаа лам мөн бололтой.  


Далай ламын хоёрдахь бэлэг: Зонхава Лувсандагвын танка.


М.С. Та ер нь хэдэн удаа Монголд очиж үзсэн билээ?

СЮЗАН: Би Монголд дөрвөн удаа зочилсон. Анх 1992 онд Конгрессын Номын Сангийн ном татах хөтөлбөрийг зохион байгуулахаар очиж байлаа. Дараа нь 2004 онд бас нэг очсон. 2010 оны 10 сард “Монгол-Төвдийн 1913 оны Гэрээ”-ний тухай эрдэм шинжилгээний хуралд очиж оролцож байсан. Хамгийн сүүлд сая энэ зун Төвд судлалын хуралд оролцож, илтгэл тавиад ирлээ.

М.С. Хурал ямар болов? Ямар илтгэл тавив?

СЮЗАН: Монголд ахин очихдоо би маш их баяртай байлаа. Сайхан ч аялал болсон. Олон Улсын Төвд Судлалын Холбооны 13-р хурал Улаанбаатарт болсон юм. Гурван жил тутамд дэлхийн аль нэг улсад болдог хурал, анх удаагаа Монголд болсон нь энэ. Монгол улсын ШУА, МУИС, Оксфорд, Кембрижийн их сургуулиуд хамтран зохион байгуулж, маш амжилттай болж өндөрлөлөө. Дөчөөд улсын таван зуугаад төвд судлаач оролцсон. Миний бие “Төвдийн мэдээллийн технологи ба дижитал номын сан, архив, эх сурвалж” гэсэн нэртэй хоёр өдөр үргэлжилсэн хуралдааныг Коламбын их сургуулийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран даргаллаа. Өөрөө харин “Конгрессын Номын Сан дахь Төвдийн дижитал төсөл” гэсэн илтгэл тавьсан. Гол нь номын сандаа байгаа Дэргэ Ганжуур, Жонэ Ганжуур/Данжуур, Бадраагалбаа судрынхаа тухай ярилаа. Хурлаас гадна Төв Номын Сангаар орлоо, ном нийлүүлдэг ажилтантайгаа ч уулзлаа, хэвлэн нийтлэгч нартай ч танилцлаа, их сайхан аялал боллоо. 

М.С. АНУ дахь Төвд судлалын байдал ямархуу байна вэ? Төвд судлаачийн үүднээс дүгнэвэл?

СЮЗАН: Төвд судлал АНУ-д үнэхээр сайн хөгжсөн, хөгжиж байгаа гэж хэлж болно. Судалгаа шинжилгээний нэлээд хэдэн, маш идэвхтэй төв бий. Хамгийн томхноос нь дурдахад Коламбын их сургууль, Харвардын их сургууль, Виржиниагийн их сургууль, Эмори их сургууль, Индианагийн их сургууль, Висконсины их сургууль байна. Бас өөр олон сургууль, төвүүд бий. Конгрессын Номын Сан авсан номоо бусад хэрэгцээт номын санд илүү хувийг нь өгдөг тусгай хөтөлбөр байдаг юм. Тэр хөтөлбөрийн дагуу манайхаас төвд ном авдаг 21 номын сан байдаг гээд бод доо.

М.С. Нэгэн цагт төвд ном авдаг ийм олон номын сан байдаг шиг монгол номын хөтөлбөр бас байсан байх аа?

СЮЗАН: Тийм ээ. 1993-2004 оны хооронд бид Монгол номын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Манай Шинэ Дели дэх салбар үүнийг хариуцан ажиллаж, Хойт Америкийн арван дөрвөн номын санд монгол ном нийлүүлдэг байв. Харамсалтай нь Шинэ Делид ажилтан авах шинэ дүрэм батлагдсанаар монгол номын каталогч ажиллуулах боломжгүй болж, хөтөлбөр хаагдсан юм. Одоо бол бид монгол номоо шууд эндээ авч байгаа, гэхдээ зөвхөн манай номын сан.

М.С. Тэдгээр 14 номын санг нэрлэж болох уу? Учир нь манай АНУ дахь монгол уншигчид тэр номын сангуудад ойр амьдардаг бол монгол ном авч уншиж болох нь байна шүү дээ.

СЮЗАН: Тийм ээ. 1993-2004 оны хооронд гарсан олон чухал монгол ном доорх номын сангуудад байгаа. Үүнд мэдээж манай Конгрессын Номын Сан, тэгээд Пеннсилваниагийн Их Сургууль, Беркли дэх Калифорнийн Их Сургууль, Висконсины Их Сургууль, Виржиниагийн Их Сургууль, Нью-Йорк хотын Нийтийн Номын Сан, Баруун Вашингтоны Их Сургууль, Харвардын Дундад Азийн Номын Сан, Индианагийн Их Сургууль, Стони Брүүкийн Шашин Судлалын Хүрээлэн, Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургууль, Торонтогийн Их Сургууль, Үндэсний Хөдөө Аж Ахуйн Номын Сан, Үндэсний Эмнэлзүйн Номын Сан эдгээр болно.  

М. С. Цаг заваа гарган ярилцсан танд баярлаа. Бас Монгол зочдыг маань Конгрессын Номын санд байнга дотно хүлээн авч байдагт тань уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.