Гангийн үүл цагаан, хурын үүл бараан. Хартны хуурай мишээлээс хайртны уур ивээлтэй.

- Агнистын гэгээ


Энэтхэгийн агуу зураачдын нэг Авниндранат бол Нобелийн шагналт яруу найрагч Рабиндранат Таагүрийн авга ах. Хэдийгээр авга, ач боловч насны хувьд ойролцоо тул хоорондоо дотно нөхөрлөдөг байв. Нэгэн удаа тэднийг хөөрөлдөж суухуйд Нандалал хэмээх зураач шавь нь иржээ. Кришнагийн дүйчин өдөрт зориулж хөрөг зураад багшдаа үзүүлэхээр ирсэн юмсанж. Тэр хөргийг хараад Таагүр нүдэндээ итгэж ядав. Кришнагийн хэдэн мянган хөрөг харж байсан ч тийм гайхамшигт хөрөг харж байсангүй. Авниндранат өөрөө Кришнагийн хөргийг зурж, төвхөнийхөө хананд залжээ. Гэвч тэр нь Нандалалын зурснаас хавьгүй дор харагдаж байв. Шавь нь багшаа давсан аж. 

Гэтэл Таагүрийн нүдийг орой дээр нь гаргасан явдал болов. Авниндранат шавийнхаа бүтээлийг гартаа барин хэсэг зуур харж байснаа үүдээр чулуудаж орхиод:

- Тэнэг минь, чи зурж чадахгүй байна. Явж тэр гудамжны ядуусаас суралц гэж зандарчээ. 

Бенгалд ядуу зураачдын патиа гэдэг анги (каст) байдаг. Тэд үеийн үед Кришнаг зурж, хэд гурван зоосоор бүтээлээ худалдан амь зуудаг хүмүүс. Тэдгээр борчуудаас суралц гэж хэлэх нь язгуур угсаагаа хүндэлдэг хүний хувьд айхтар том доромжлол юм. Авниндранатын тэгж уурлахыг Таагүр урьд өмнө хараагүй байж. Шавиа өөрөөс нь давж гарсанд шаралхаж байгаа юм болов уу гэж дотроо боджээ. Таагүр өөрөө ч мундаг зураач болохоор уран зургийг шударгуу шүүх нүдтэй хүн. 

Нандалал багшийнхаа хөлд мөргөчихөөд үг дуугүй гарч одсон гэнэ. Тэр явдлаас хойш хоёр жил бараа сураггүй жилийжээ. Таагүр авгадаа:

- Та юунд ингэж муухай загнана вэ? Энэ залуу өөрөөс тань илүүг та мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ гэж үг хаяхад Авниндранат:

- Тийм ээ, мэдэж байна. Зургий нь харангуутаа надаас түрүүлсэн мундаг шавьтайгаа ойлгосон. Гэхдээ сая хүлээн зөвшөөрсөн бол залуу хүү зогсчихож мэднэ. Илүү ахих боломжийг нь би харсан юм... гэж хэлээд мөнөөх шидсэн зургаа оруулж ирээд арчиж цэвэрлэчихээд, хананд өлгөөстэй өөрийнхөө бүтээлийг авч,оронд нь тэр хөргийг залжээ. Чингэх үед нүдэнд нь нулимс мэлтэгнэж байсан гэнэ.

Нандалал хоёр жилийн дараа эргэн ирэв. Мяраалаг байсан залуу чөрийсөн хөх үдээр болсон тул хүмүүс таниж яджээ. Тэрээр Бенгалын гуйлгачин, ядуу зураачдын дунд амьдарч, тэдэнтэй адил хооллож, амь зууж явахдаа багшийнхаа заавар ёсоор зурах, урлах эрдэмд суралцсаар байж. Энэ бүхнийхээ үр дүн болгож Кришнагийн хөргийг зурсан нь өмнөх бүтээлээс үлэмж илүү болсныг өөрөө ч мэдэрч, багшдаа хязгааргүй ихээр талархжээ. Кришна амилж босох мэт тэр хөргийг харсан Авниндранат Таагүрийн гэр рүү баяр баясгалангаа хуваалцахаар тэсэлгүй гүйсэн гэдэг...

Энэ бол Дорно дахинд байдаг нандин сайхан үзэгдэл. Хайрын олон хэмжээсийг барууны ертөнц хараахан ойлгоогүй байна. Багшийн хатуу үг, доромж харьцаа хайр итгэлээс гарсныг Нандалал өр зүрхэндээ мэдэрч, өлмийд нь сөгдсөн хэрэг.

- Ошо “Дусалд ууссан далай” (Агнистын гэгээ)