ГАДААД ҮГ ЗЭЭЛЭХ
Нэг хэлнээс нөгөө рүү үг, ухагдахуун шилжих нь хэл хоорондын харилцан солилцоо биш. Үг зээлдэх нь тухайн хоёр үндэстний соёлын харилцааны үр дагавар юм. Гэхдээ үг зээлэх нь соёлын харилцаанд байгаа хоёр хэлний хооронд гол төлөв нэгээс нөгөө рүү чиглэдэг болохоос харилцан солилцдоггүй тэгш бус байдал илүү ноёрхдог. Энэ тохиолдолд үг зээлдэж байгаа явцад оролцож буй хэлнүүдийн аль үндэстэн нь давуу эрх мэдэлтэй, нэр хүндтэй, илүү хөгжсөн, эд баялагаар дээр зэргээс хамаарч үг зээлэх нь ихэвчлэн нэг урсгалтай байдаг.
ГАДААД ҮГ ЗЭЭЛЭХ
Гадаад зээлдмэл үг гэдэг нь алив хэл өөрийн бус үгийг өөр хэлнээс зээлдэж аваад үгийн сандаа оруулсан нь нийт хүмүүс, эсвэл мэргэжлийн хүрээнд өөриймшин, тодорхой утга илэрхийлдэг болсныг хэлдэг. Нэгэнт гадаад гаралтай үгсийг өөриймшүүлэн, ихэнх нь гаднаас авсан нь ялгагдахгүй болсон зээлдмэл үгсийг гадаад, харь гэх мэтээр нэрлэх нь учир дутагдалтай. Уг нь зээлэх гэдэг нь арилжааны утгаараа хожим эргүүлж өгөх нөхцөлтэйгээр юм авахыг хэлдэг. Гэтэл зээлдмэл үгс гэдэгт түүнийгээ буцааж өгнө гэсэн утга байхгүй. Гэвч өөр хэлнээс үг авч өөрийн болгон өөриймшүүлсэн үгсийг зээлдмэл гэж нэрлэх болсон нь нэлээд даяаршсан нэр томъёо бололтой.
Нэг хэлнээс нөгөө рүү үг, ухагдахуун шилжих нь хэл хоорондын харилцан солилцоо биш. Үг зээлдэх нь тухайн хоёр үндэстний соёлын харилцааны үр дагавар юм. Гэхдээ үг зээлэх нь соёлын харилцаанд байгаа хоёр хэлний хооронд гол төлөв нэгээс нөгөө рүү чиглэдэг болохоос харилцан солилцдоггүй тэгш бус байдал илүү ноёрхдог. Энэ тохиолдолд үг зээлдэж байгаа явцад оролцож буй хэлнүүдийн аль үндэстэн нь давуу эрх мэдэлтэй, нэр хүндтэй, илүү хөгжсөн, эд баялагаар дээр зэргээс хамаарч үг зээлэх нь ихэвчлэн нэг урсгалтай байдаг. Эрдэмтэдийн ажиглаж тодорхолйсноор герман овгийн хэлтнүүд хэдэн зуун жил ромчуудтай дайтах, худалдаа хийх, суралцах зэргээр байнгын холбоотой байхдаа маш олон үг латин хэлнээс зээлдэн өөриймшүүлсэн боловч тэдний хэл болон үгс латинд өчүүхэн ч нөлөө үзүүлээгүй аж. Яг ийм үг шилжүүлсэн явц өнөөгийн монгол хэлэнд тод харагддаг.Дэлхийн дайны өмнө франц хэл нь олон улсын статустай байсан бол ялангуяа АНУ-ын соёл, шинжлэх ухаан, техник технологийн хүчтэй түрэлтээр англи хэл олон зайг нь эзэлжээ.
Зээлдмэл үгээр тухайн хэлэнд шинэ утга ухагдахуун нэвтэрч үг бүтдэг. Үг бүтэх явц хэд хэдэн аргаар буй болдог бололтой:
1.Утгын хувьд тохирох шинэ үг үүсгэх. Энэ нь шинээр буй болсон ойлголт зэрэгт утгад нь тааруулж өөрийн үндсэн хэлнээс сонгосон үгээр шинэ үг бүтээхийг хэлнэ. Жишээ нь, нисдэг тэрэг, шугам зураг гэх мэт
2.Гадаад хэлний загварт тулгуурлан шинэ үг үүсгэх. Жишээ нь латин хэлний oxygenium гэдгээс хүчилтөрөгч гэх мэт.
3.Гадаад үгийг авах боловч дуудлага болон өөр бусад шалтгаанаар өөрийн болгон өөр утгатайгаар хэрэглэх. Жишээ нь орос хэлний молоко гэдгийг өтгөрүүлсэн лаазтай сүү гэдэг утгаар молкоо мэт
4.Гадаад үгийг шууд зээлдэн авч цаад үндсэн ухагдахууныг үл гээн тэр чигээр нь бичлэг болон дуудлагаар нь хэрэглэх.
Өөриймшсөн зээлдмэл үг, гадаад зээлдмэл үг гэж цааш нь ангилж болмоор. Хэлний онцлог, дуудлага болон өөрийн үгийн бичлэг, дуудлагатай төстэй байдалд автагдах зэрэг шалтгаанаар анх зээлдэн авсан үгтэйгээ төсгүй, танигдахын аргагүй нутагшсаныг өөриймшсөн зээлдмэл үг гэх. Жишээ нь амартизатор - амаржий, сигнал - чагнаал, сапоги - савхи гэх мэт. Гэтэл гадаад зээлдмэл үг гэдэг нь цаад хэлэндээ ямар байснаар нь утга, бичлэг, дуудлага адил байх.
Шинжлэх ухааны нэр томъёоны зээлдмэл үгэнд хоёрдмол утга байж болохгүй гэсэн ерөнхий шаардлага байдаг. Тэгсэн мөртөө техник, технологийн шинэ ухагдахууны нэршилд үүнийг тэр бүр баримталдаггүй. Зээлдмэл үгийн шинж чанар, бичлэг, хэллэг, утгын өөрчлөлтөөс хэлний түүхэн хөгжлийн зам, үндэстэн хоорондын түүхэн холбоо, шинжлэх ухаан технологийн хөгжил зэргийг ажиглаж болно.
Зээлдэмэл гэдгийг яг яаж тодорхойлох вэ? Хэл болгонд үгсийн сан гэсэн ойлголт бий. Энд нийт ард түмний чөлөөтэй нэвтрэлцэн ойлгодог бүх үгнээс гадна мэргэжил бүрт, нийгмийн тодорхой бүлэгт, тухайн үндэстний янз бүр аялгат хүрээлэлд хэлэлцэж ойлголцдог бүх үгсийг хамруулна. Физикчдийн хоорондоо ойлголцох нэр томъёо, мэргэжлийн нисгэгчээс өөр хэн ч мэдэхгүй нисэх онгоцны бүхээгт буй олон товчлуурын нэр, шүдний эмчээс өөр эмч гадарлахгүй янз бүрийн багаж, шоронгийн хоригдол, хугацаат цэргийн албатан зэрэг хязгаарлагдмал хүрээлэлд тусгаарлагдагсадын үгс зэрэг нийт нийгэмд тархаагүй, тэр утгаараа хүлээн зөвшөөрөгдөөгүй үг хэллэг нь хэлний үгсийн санд багтана. Тэрбайтугаа хэлийг нь сурсан, эзэмшсэн тэс өөр үндэстнүүдийн өөрийн уугуул хэлтэй холин шинэ үг аялага ухагдахуун бий болгосон үгсийг ч тоолдог. Ийм хэл болон үгийг пижин гэдэг. Англи хэлэнд пижин нигери, папуа пижин, пижин камэрун гээд нэлээд бий. Монгол хэлний хужаа гэсэн үг нь хятад хүнийг доромжилсон нэршил боловч үнэндээ шанси мужийн хятад хэлээр “нутгийн найз” гэсэн утгатай. “Юу гэнээ?” гэсэн хятад асуулт монгол хэлэнд “хэлгүй, хэл мэддэггүй, ойлгодоггүй” гэсэн утгатайгаар “шушмаа” болсон нь бас нэг янзын пижин хятад үг бололтой.
Үгсийн сангаа бүртгэлжүүлсэн анхных нь англичууд. Ерөөсөө хожим эх газраас Британий аралд нүүж ирсэн герман овгийн англи саксон нар эхнээсээ хажуу бөөрний норманд, францчуудаас асар их үг зээлджээ. Өдгөө англи хэлний өргөн хэрэглээний ярианы үгсийн 80 хувь нь зээлдмэл үг гэж эрдэмтэд тогтоосон.Ялангуяа Британий эзэнт гүрний үед харь үг, ухагдахуун зээлдэн хэрэглэх нь бараг моодболж эх хэлнийхээ “дархлааг” бүрэн нээжээ. Маш олон үндэстний дотор байдаг “эх хэлээ дархлаажуулан гадны нөлөөнөөс хамгаалах” хөдөлгөөн маргаан тэмцэл англичуудын дунд огт гарч байгаагүй гэдэг.
Англи хэлний үгсийн сангийн бүртгэл дэх нийт үгийн тоо хэдэн жилийн өмнө нэг саяд хүрсэн. Энийг дуурайн нэлээд хэл нийт үгсийн сангаа бүртгэлжүүлэх болжээ. Герман хэлний бүртгэлжүүлсэн үг 700 мянга гэх. Монгол хэлний үгсийн санг зарим судлаачид ойролцоогоор тоолон 120 мянга орчим гэсэн баримжаа тоо гаргажээ.
Гэвч англичууд сая үгээр, монголчууд 120 мянган үгээр ярилцдаг гэсэн үг биш. Ийм олон үг тогтоох хүний тархины чадвар хүрэлцэхгүй. Урьд соёлын хоцрогдолтой ард түмэн тун цөөн үгээр ярилцдаг гэсэн ойлголт байдаг байжээ. Гэтэл аль ч хэлээр ярьдаг үндэстэн 15 мянга орчим үг хэрэглэн ярилцдаг нь тодорхой болсон юм. Эскимос хэлэнд шинжлэх ухаан технологийн үг ховор байдаг ч тэд зөвхөн “цас” гэсэн ухагдахууныг орж байгаа, хайлсан, хөлдсөн, шуурсан гэдгээс нь хамааруулж тус бүр ганц үгээр 24 өөрөөр нэрэлдэг аж. Хичнээн хөгжингүй өндөр соёлтой гэгддэг ангичууд ч 15-18 мянган үгээр хэлэлцдэг. Английн монголч эрдэмтэн Боудин олон жилийн турш Үнэн сонин шүүн 12 мянган үгний нөөц олсон. Мэдээж, Үнэн сонин хэзээ ч огт хэрэглэж байгаагүй ардын ярианы хэдэн мянган үг цаана нь байж л таараа.
Орж ирсэн гадаад үг болгон зээлдмэл үг болон хувирч чаддаггүй. Өргөн олонд тарахаасаа өмнө хэрэглээнээс гарчих юм бол толь бичигт их сайндаа л хуучирсан гэж тэмдэглэгддэг. Гэхдээ зарим хэрэглээнээс хасагдсан үг дахин сэргэх тохиолдол бий, жишээ нь баг, дамжаа, дүүрэг гэх мэт олон үг 1990 оноос эргэж сэргэсэн.
Шинэ үгийг анхлан хэрэгжүүлэгч, дэлгэрүүлэгч нь гадаад хэлтэй хүмүүс байдаг. Гэхдээ шинэ үг эхэн үедээ харь үг болох нь илэрхий тул нутагшихдаа уддаг тал бий. Таваар гэдэг үг монгол хэлэнд хэдэн зууны өмнө нэвтэрсэн боловч гадаад үгэнд хэрэглэдэг “в” тэмдэглэгээ орсон учир одоо ч бүрэн нутагшаагүй, янз бүрээр бичдэг. Гэтэл ковид гэх үг орж ирүүтээ шууд нутагшин тархсан. Зарим гадаад үг өргөн хэрэглэгдэж байснаа харгалзах өөрийн үг бий болсноор шууд шахагдан хэрэглээнээс гарах явдал элбэг тохиолддог. Жишээ нь яавлаг, галавсай, СПИД, глобалчлал гэх мэт үг “алим”, “хиам”, “ДОХ”, “даяаршил” гэж солигджээ. Гадаад үг мөн гадаад үгээр зээлэгдэх мөртөө аль алин нь хэрэглээнд үлдэх тохиолдол бий. Мөхөөлдөс, зайрмаг гэх үг байсаар байтал нийтээр маруужин гэсээр ирсэн, одоо айскрим гэж их хэрэглэдэг ч маруужин бас “амьд” байна.
Гаднаас зээлдэж авсан үгс нийтэд дэлгэрэх явцдаа харь сонсогддог авч удах тусмаа уг хэлтэй ижилшин, дуудлага бичлэг нь өөрийн юм шиг болсоор, аяндаа уг хэлээр яригсадад харь гаралтайг нь огт мэдэгдэхээ болдог.
Шинэ Гвинэйн аралын уугуул иргэд 500 орчим хэлээр ярьдаг гэнэ. Ердөө 10 сая хүрэхгүй иргэдтэй. Байгалийн саадаас болоод овог болгон тусгаарлалтад байсаар ирсний уршиг. Иймээс арлынхны хооронд худалдаа наймаа байтугаа үг, ухагдахууны солилцоо ч байсангүй. Гэвч ХХ зууны хөгжил Шинэ Гвинэйг ч орхисонгүй нэвтэрснээр англи хэл дундынх болж, маш цөөн хүний хэрэглээ болсон олон овгийн хэлүүд мөхсөөр. Өдгөө манай дэлхийд зургаан мянган хэл амьд байгаа боловч, жилд олон хэл мөхөж байна. Тунгус-манж угсааны тунгус, манж, солон, эвэнк, эвэн гээд олон хэл Зүүн Азид байсан боловч одоо эдгээр хэлээр ярьдаг нийт хүний тоо 70 мянга хүрэхгүй болжээ.Зүүн хойд Азид орос, хятад, япон, солонгос, монгол хэл л үлдэх болно, бусад нь тун удахгүй мөхнө гэж судлаачид ярьдаг. Тусгаарлагдсан учир үгийн солилцоо явагддаггүй, эсвэл соёлын хувьд ердөө ганц хэлний эрхшээлд байдаг, хүн ам цөөнтэй хэлүүд өнөөгийн даяаршсан ертөнцөд амархан мөхөж алга болох нь жам.
Үг, үгийн үндэс, эсвэл бүхэл бүтэн сентаксын бүтэц тэр чигээрээ зээлдмэл байж болдог. Ихэвчлэн үг зээлэх нь үгийн төвшинд явагддаг нь анхлан зээлдэгч хүний гадаад, дотоод ертөнцтэй улбаатай шаардлагын шууд ба шууд бус тусгал юм. Бусад соёлоос үг оруулж ирэх нь алив хэлний хөгжлийн тун энгийн бөгөөд зайлшгүй хэрэгцээ мөн. Ертөнцөөс тусгаарлагдсан л биш бол аль ч хэл бий болсон цагаасаа бусадтай үг ухагдахуун солилцсоор ирсэн. Гэсэн ч “хэл ярианы цэвэр байдлын тухай” маргаан хэдэн зуун жилийн турш үргэлжилсээр ирсэн, цаашид ч амь бөхтэй давтагдах байх.
Алив хэл нь үй олон хүн ярьдаг нарийн төвөгтэй, хувьсан өөрчлөгдөж байдаг динамик систем юм. Хэлний янз бүрийн толь нь нийгмийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлдэг сурах бичиг билээ.
2024.7. 15.