-зүүн хойт Азийн тэмдэглэл-

Нэг. Манжуурын улстөр дунд

Манжуурын толгод дунд өрнөсөн олон үйл явц монголын хувь заяанд нөлөөлсөөр ирсэн аж. Гэхдээ “манжуурын толгод дунд” хэмээх гэгэлзүүр вальсийн аянд үдэшлэг болж, тэнд халамцсан залуус элдэв шалдав асуудлаар юманд орж, ажил сургуулгүй болсон гэхчлэнгээр бус. Ер нь бол вальсийн талаар ярихгүй биш ярина, гэхдээ жаахан байж байгаад.

Япончууд ХХ зууны эхний хагаст, нарийн яривал 1931 онд Хятадын зүүн хойт нутгийг эзлээд өөрийн колони байгуулж эхэлсэн ажгуу. Түүнийгээ  өрнөдийн жишгээр “Ар Япон”, “Нью Токио”, “Шинэ Осака” гэхчлэнгээр нэрлэхийн оронд Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулжээ. Чин династийн сүүлчийн хаан асан Пу И гэгчийг “ажил сургууль завсардан” гуляалж явахад нь олж ирээд тоглоомын улсынхаа тоглоомын хаанаар ажиллуулсан үеийн тухай Б.Бертолуччигийн киног манайхан мэдэх тул ярих юм биш.

Үүнтэй зэрэгцэн Зөвлөлтүүд Чингэс хааны гол голомтод бас нэг улс байгуулаад БНМАУ хэмээн нэрийдэж байв. Манж Чин улсын нөлөөллийн бүс байсан Гадаад Монголыг шинэ хятадад харъяалагдах учиртай гэж үзэх болсон Бээжингийнхэн Москвад хандан “Гадаад монголд та нар байгаа нь хятад улсын бүрэн бүтэн байдалд халдаж байна” хэмээн эсэргүүцэх болж. Харин Зөвлөлтийнхэн хятадуудад болохоор  монголыг “хэд хоног хэрэглээд эргүүлээд өгөхийн хооронд... сүртэйшдээ” гэдэг байж.

Энэ зуур Милитарист Япон, Коммунист Зөвлөлт хоёрын хооронд эзэмшлийн бүсээ тодруулах хэрэгцээ гарчээ. Мэдээж үүнийг ЗХУ-Японы хилийн гэрээ гэхгүй. Түүнийгээ “Манж Го-Монголын хэлэлцээр” болгон найруулж Манжуур хэмээх хилийн боомтод хийж. Мэдээж ширээний ард өөд өөдөөсөө харан сууж байсан хүмүүс нь Манж болон Монгол хүмүүс. Харин хөшигний ард  орос, япончууд суугаад бүхнийг удирдаж байсан хэрэг. Хэлэлцээр төдийлэн амжилттай болсонгүй. Монголын зүүн хилээр мөргөлдөөн гарч эхэлсэн нь манжуурын хэлэлцээрийн “үргэлжлэл” байв.

Удалгүй Халх голын дайн болов. Монгол руу Япон довтлоод, Зөвлөлтийн дайчид биднийг өмгөөлөн тулалдсан уу гэвэл, тийм. Гэхдээ Япончуудад Улаанбаатар хүртэл давших, эсвэл Архангайнд байгаа Түгж жанжинтэй холбоо тогтоон түшиц газартай болох санаархал байгаагүй юм шиг байгаа юм.

Улаан арми ч гэсэн ялбал ялсан шиг ялаад Токиогоо байг гэхэд Харбин ортол ялгуусан давшилт хийгээгүй нь бас учиртай. Ерөнхийдээ Орос Япон хоёр эзэмшлийн бүсийнхээ хилийн заагийг тогтоох асуудлаар, жаахан боловсон бус маргалдаж байсан хэрэг. Тэнд хожмоо МУИС-т олон жил багшилсан Шаарийбуу гуайн барга цэргүүд, домогт  Дандар баатрын халх цэргүүдтэй цавчилдаж байсан ч дайн нь Орос-Японых байж.

Тэд эзэмшлийн хилээ Москвад ярилцаж тохирон “ингээд” гээд харандаагаар зурж орхитол манайхан түр алдад бараг эргүүлэн авч байсан Мана уул хилийн цаана орчихов. Зөвлөлтийн Эцэг Сталин болон Сталины төрсөн дүү ба монголчуудыг эцгээр хавсран ажиллаж байсан Чойбалсан нар бүтэн уул  дайсанд алдсан байж таарахгүй. Иймд тэнд байлдаж байсан Нөмрөгийн 22-р хорооны дарга Бадарчийг буудан алав. Хорооны амьд үлдсэн дайчдыг насаар нь гадуурхан гавъяа шагналаас хасав. Уг нь тэдэнд ямар ч буруу байсангүй. Тэд ардчиллын буянаар л хүний өөдөөс эгц харах боломжтой болсон.

Түүнчлэн Манжуурын хэлэлцээрт БНМАУ-г төлөөлөн оролцсон  Бүх цэргийн жанжны хоёрдугаар орлогч Г.Самбуу тэргүүтнийг хороов. Тэд хэлэлцээр муу хийсэн ч юм биш, томчуул өөрснөө тохирч чадаагүй. Самбууг тэрнээс болж алсан ч юм биш. Ерөөсөө алах хэрэгтэй болсон.  Самбууд шалтаг хэрэгтэй болоод тэгж...гунигтай түүх.

Эцэстээ дэлхийн хоёрдугаар дайнаас БНМАУ албан ёсны тусгаар тогтнол хожоод гарав.. Түүхээ эргэн харах тоолонд хувь заяандаа бахархаж, хувь заяандаа мэхийнэм. Буянаа дааж амьдрахсан.

 Гэтэл Манж Го нураад хаан нь шоронд оров. Хятадууд улс төрийн аллага төдий л хийдэггүй учраас Пу И шоронгоо дуусгаад хөгширч үхэв. Мөн тэнд тэдэнтэй, энд манай Чойба- тай нийлж хятадаас тусгаарлах үйлст зүтгээд сүүлд эргүүлэн хүргэгдсэн өвөр Монгол ван Дэмчигдонров ч хөгширч үхсэнийг  дурдалтай.

Хоёр. Манжуурын толгод дунд


Манжуур боомт оросын түүхэнд ч гүн мөртэй. Манжуур бол  хуучин Манж Чин гүрний, өнөөгийн БНХАУ-ын  нутаг. Нэрнээс нь хөөсөн ч Хятадыг хоёр зуунд эзэгнэсэн Манж, зөрчдийн уугуул нутаг.

Гэвч энд Манж хүн орос хүнтэйгээ, монгол хүн манжтайгаа муудалцаж, алалдсан нь бараг үгүй. Гагцхүү их гүрнүүдийн ашиг сонирхол сонирхол, эзэмшлийн мөргөлдөөний талбар болж, уугуул нутгийнхан нь золигдож ирж.

 Энд мөн л Царь, Эзэн хаан хоёр эзэмшлээ булаалдаж, өмнөөс нь Саша, Ямота хоёр алалдаж байж. 1905 онд Мүгдэн, Ляоны хооронд замд Оросын Мокшаны явган цэргийн хороо япончуудтай тулалджээ. Захирагчаа алдаж, бүслэгдэв. Энэ үед И.А. Шатровоор удирдуулсан цэргийн үлээвэр хөгжмийн баг баатарлаг марш тоглон дайчдаа зоригжуулсны хүчинд бүслэлтийг сэтэлжээ. Энэ гавъяаг нь үнэлэн Шатровыг Станиславскийн гутгаар зэргийн  “сэлэмт” одонгоор шагнасан байна.
(Дашрамд хэлэхэд одонгууд дотроо олон зэрэгтэй байвал их зүгээр болтой юм. Жишээлэхэд нэгдүгээр зэргийн Алтан гадас, тавдугаар зэргийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гэх ч юм  уу? Эсвэл “Алтан гадас, Алтадмал гадас, Алтандуу гадас, Алттай гадас, Алтгүй гадас” байсан ч болох юм шиг. Ядаж л хавьгүй олон хүнийг шагнах боломж гарна  даа.)

 И.А.Шатров баатарлаг нөхөд, ялгуусан тулаанаа санан дурссаар яваад “Мокшаны хорооны дайчид Манжуурын толгод дунд” нэртэй вальс зохиосноо 1907 толилуулжээ. Түүх нь бол ийм, харин аялгууг бол захын  монгол хүн амандаа гүнгэнэнэ дээ

Гурав. Манжуурын дэлгүүр дунд

Манай Дорнод аймгийн төвөөс машинаар явахад өдөржийн газарт орших Манжуур өдгөө орчин цагийн цэмцгэр хот болжээ. Байршлын давуу тал, аялал жуулчлалын менежмэнт хоёр дээр тулгуурлан өндийж байгаа хот ажээ. Хуучин хотын сайхан болгож байгаа бус шинээр сүндэрлүүлж байгаа учраас төлөвлөх, барихад хялбар байгаа нь харагдана. Хотын гол гудамжуудад зогсоод тал талруугаа харахад Лас Вегас мэт.

Хянганын Рашаант хот ч бас өвөрмөц, таван давхраас өндөргүй, готик маягийн хийцтэй барилгатай. Ханзаар бичсэн хаягийг эс тооцвол Альпийн нурууны нам гүмхэн хотуудын нэгэн мэт. “Яг Давосыг санагдуулж байна” хэмээн Давосыг үзсэн нэгэн ярьж ч байх шиг.

Манай Улаанбаатарыг ч гэсэн энхтайваны өргөн чөлөөнд овоолж, шавж байснаас бизнес санхүүгийн, төр захиргааны шинэ дүүрэг барин хөгжүүлэх нь ирээдүйтэй мэт. Тэгвэл өөрийн төлөвлөгөө, бодлого, дизайнтай хот сая босох буйзаа.

Манжуур бол үнэн хэрэгтээ хятад дахь орос хот. Оросууд энд ирэхэд хөнгөвчилсэн журамттай. Энд бүх наймаа рублиэр хийгдэнэ. Дэлгүүрийн хаяг “Манай бүх бараа 80,100  рубль-д багтана” гэхчлэн гэрэлтэнэ. Дэлгүүр болгоны чанга яригч “Дологие улусискийе дүлүүзя”  “дооблоо пажаалооваат” “ саамыы дечээвыы” “ пилииежжайтээ наам” хэмээсэн бичлэгээ тасралтгүй улиглуулна.

Зочид буудлуудад оросын урлагийн хамтлагууд тоглож, бааранд орос хөвүүд охид бүжиглэж, караокед орос аялгуу эгшиглэнэ. Эрхбиш хятадууд нь хоорондоо хятадаараа ярьж харагдана. Бэлэг дурсгалын дэлгүүрүүд матрешка хэмээх бие биедээ багтдаг хүүхэлдэйгээс эхлээд тувт орос сувенир, орос зураг, самовар. Оросууд ч гэсэн оросоосоо авч болох бүх юмаа гадаадад ирж аваад буцах нь сонин.

Хилийн бүсэд хаалга хэлбэртэй том барилга босгож, дүүрэн сувенир, үзмэр чихээд билет зарна. Тэндээс Орос орныг дурандаж болно. Хөтөчийн ярьснаар бол наана нь бүтэн хот босох зуур оросын тал доогуур нь төмөр зам шургадаг цэнхэр даамангаа л нэг удаа янзалсан гэх юм. Тэдний хэлсэнд үнэмших юм бол хаалган дээрх “СССР” гэсэн бичгийг “Россия” болгон сольсон болтой юм.

Хилийн нэг баганыг үзүүлж дэргэд нь зураг татуулна. Ерийн л нэг багана ажээ. Очсон бүгд зургаа татуулна. Өмнөд хятадаас, Байгаль нуураас ердөө л энэний төлөө мөнгө төлж ирээ юу гэлтэй. Гэлтэйсэх юу байхав, тэгсэн л юм чинь. Ер нь мэнэжмэнтийг нь сайн хийгээд өгвөл нохойн баасыг ч үзүүлэн мөнгө олдог ажгуу.

 Энд оросууд орос машинтайгаа ирээд, орос хоолоо идээд, орос дуугаа сонсоод, орос сувенирээ аваад, орос нутаг руугаа дурандаад харина. Харин мөнгийг нь хятад хүн авна.

Энд зөвхөн оросууд ч ирдэг юм биш. Манжуурт жилдээ 5 сая орчим жуулчин ирдгийн бараг хагас нь өмнөд хятад, японоос ч очдог аж. Сонирхолтой нь Манжуураас мөн л өдөржийн газар орших Хянганы халуун Рашаанд ирсэн сая сая жуулчны нэлээд нь Манжуур орно. Өнөө “танай энүүгээр ирчихээд орохгүй гарвал насаараа гомдоно гэж айгаад...” гэсээр айлын хоол бууддаг нөхөр шиг.
Япончууд дэлхийн хамгийн рашаансаг улс. Манайд  зөвхөн өвдсөн хүн рашаанд ордог бол  япончууд эрүүл байж л рашаанд ороод байх. Магадгүй юм, үндсэндээ галт уулан дээр суудаг болохоор газраас оргилдог бүх ус нь халуун байдаг ч байж мэднэ. Ердийн бие угаах процесс нь рашаанд орох явдал ч болсон байж мэднэ.

Хүний зан юм уу даа, япончууд гэрт нь ванн ваннаар халуун рашаан байхад заавал ч үгүй Хянганы халуун рашаанд олноороо явна. Дээр нь шинээр баяжиж буй хятад хүн халуун рашаанд орохыг нэр төрийн хэрэг гэж үздэг гэнэ. Айл аймгийнхан нь ярих юм биз дээ, “манай Лю  ч дээгүүр жаалж байх шивээ, япончууд шиг халуун рашаанд ороод” гэхчлэн. Халуун рашаанд таван сая орчим хүн ирдгийн мөн л талаад нь япон.

Халуун рашаанд орж буй япончуудын мөн л тал хувь хилийн цаана сүүмэлзэх Монгол нутгийн Халх голд очих сонирхолтой. Байлдах гэсэн хэрэг биш, зүгээр өвөг дээдэс нь хальсан газрыг тахих, үгүйдээ л хараад гарах сонирхол.
Манжуурт ирээд ерийн хилийн багана үзээд буцдаг олон ч гэсэн “зүүншээ гурван улсын хилийг заагласан гурван талт багана байдаг гэнэ” хэмээн сонирхдог аж.  Сониуч жуулчин тэнд зургаа татуулаад харих нь сүсэгт малчин өвгөн Утайд мөргөөд үхэхтэй агаар нэг ажгуу.

Ингээд харахаар манай зөвхөн зүүн хязгаарт л гэхэд жилдээ багаар бодоход хоёр сая жуулчин ирэх байдал бол харагдаж байна.

Яагаад “байдал” гээд байна гэхээр энэ боломжгүй. Яагаад боломжгүй байна  манай “жуучлны даац” хүрэхгүй. Монгол нутаг хоёр байтугаа хоёр зуун сая жуулчин багтаана. Харин бид өөрснөө цөөднө. Яг л эмгэн өвгөн хоёрын умгар гэрт хорин зочин ирснээс ч нэт юм болно. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, гишүүдээ оруулаад бүх хүний тогооч хөтөч болголоо ч цөөднө.  Яахав дуунд гардаг шиг “майхан чиг тогоо шанагаа ачаад ирээрэй” гэсэн ч даахгүй. Монголд сая майхан бослоо гэхэд гэрийн тооноос хол давна.

 Нэг сая хятад жуулчин зүгээр л Цонжин болдгийн Чингэсийн хөшөөг үзээд гарахаар ирлээ гэхэд л бид өөрснөө дотроос нь харагдахаа болино.

За бүр хятадаа байг, дасал танил болсон оросууд ирж гэж саная. Сая ширхэг Иван мөрөөрөө ирэхэд монголоор ярих газар олдохгүйд хүрнэ.

 Аялал жуулчлалын үйлчилгээний салбарт цагаачдыг ажиллуулах замаар шийдэж бол болно. Гэхдээ ямар л орос япон нь монголд зөөгч хийхээр ирэв гэж, хятадууд л олдож таарна. Үүнийг манай сэтгэл зүй хүлээж авахгүй. Дүгнэлт: Монголд аялал жуулчал хөгжих боломж нэн хязгаартай, эндээсээ ургаад аялал жуулчлалаар эдийн засгаа хэт хөгжүүлэх боломжгүй. Хүү минь өөр зам хай...

Ингэхээр өнөөдөр нүүрээ нааш нь  харуулаад байгаа уул уурхайдаа найдахаас өөр замгүй  болчихоод байгаа юм.  Иймд тохиолдолд Зүүн Азийн бүс нутгийн дэд бүтэц нь жуулчнаасаа илүү сонин болж байна. Сонин төдийгүй бодитой. Түүгээр дамжуулан  коксждог нүүрсээ гэхэд л Солонгос Японд хүргэж болно. Монголын баялаг аль болох олон айлаас хамаарах нь бидний “энх тайван”-д тустай. Монгол бизнэст аль болох олон айлын сонирхол орохын хэрээр маньдаа өлзийтэй. Нийлээд дарлая гэх дөрөв гарахад ядаж “болиоч ээ, таминь ээ” гэх нэг үлдэх учиртай.

Өнгөрсөн дайны түүх, гэгэлгэн вальс, шоопингийн тухай Зүүн хойт Азиас эхэлсэн  яриа    яаж ч үргэлчилсэн энд л тулаад байх юм. Өнөө хүүхдийн тэргийг яаж ч угсарсан пулемёт болчихоод байсан1 гэдэг шиг.

1 Зөвлөлтийн иргэн Рабинович хүүхдийн тэрэгний үйлдвэрт ажиллаж байв. Эхнэр нь жирэмслэхдээ” Чи өдөрт л нэг эд анги хулгайлж авчраад байвал хүүхэд төрөхөд бэлэн тэрэгтэй байх бус уу” гэжээ. Ингээд 10 сар өнгөрч эхнэр амаржив. Эмнэлгээс гараад иртэл тэрэг байдаггүй. Эхнэр тэрэг яасныг асуужээ. Рабинович
-Уг нь бүх деталь бэлэн. Гэхдээ яаж ч угсарсан пулемёт болчихоод байх юмаа.


Дорнод монголын үдэш. Дэлхийн хөгжлийн төв Азид шилжинэ, Азийн дэвшил Зүүн хойт Азидээ төвлөрнө гэх баримтлал ч байдаг. Чойбалсан хот бол Зүүн хойт Азийн бүс нутагт хамгийн дөт оршдог монгол боомт юм. Ирээдүйд манай орны төв ба баруун бүсээс илүү хөгжих, дэд бүтцийн зангилаа энд бий гэж үздэг.


Манжуур хотын нэгэн дүүрэг


Манжуур дахь орос хятад наймаачдыг дурсгалын баримал хөшөө. Эхнэрээ дагуулсан орос торгоов булган шубээ магтан эрхийгээ гозойлгоно. Харин өдөн хүрэм барьсан хятад наймаач “доош нь доош нь буулга” хэмээн дохиж харагдана. Энэ хотыг  хөлжиж өндийхэд гавъяатай оролцсон ганзагачдыг нийтээрээ хүндэлдэг аж.


Халуун рашаан буюу рашааны нийт барилга ерөнхийдээ өрнөдийн төрхтэй.


Хөлөнбуйрын Хайлаар хотын төв талбай Чингэс хааны нэрэмжит ажээ. Талбайн ард эмнэлгийн хорооны барилга харагдана. Дорнодынхон ийшээ ирж эмчлүүлэх, оношлуулах дуртай. Дорнодоос нийслэл рүү ирэх онгоцны зардал 200 орчим мянган төгрөг байдал бол хоёр дахин багыг төлөөд Хайлаар хүрч болно. Изнисийн онгоц долоо хоногт хоёр удаа УБ-Чойбалсан-Хайлаар-Чойбалсан-Улаанбаатарын чиглэлд нисдэг.


Хөлөн буйрын тал нутагт орой болж байна. Энэ тал дорнод монголийн Мэнэнгийн талын цаад үргэлжлэл. Ялгаатай нь гэвэл өвсийг нь хадаад бухалдчихсан харагдана.