Лениний хөшөөг буулгасаны зөв бурууг бид бас тэд ч олон янзаар дэнсэллээ. Хотын даргыг шүүмжлэгчид урд хөршөө “Коммунист алуурчид” хэмээн гомдоосон тухай нь сенсаци дэгдээж, твиттер орчинд өөрсдийн цэргүүдээр “сүржигнүүлээд ч” амжив. Их гүрэн, их үзэл суртлын үлдэц их олон ч газар сорви бас дурсгал үлдээсэн нь өнгөрсөн зууны заяа ч юмуу даа. 

Олимпын наадмын зарим рекордууд URS (ЗХУ), GDR (Зүүн Герман), TCH (Чехословак) улсын тамирчдын нэр дээр үлдсэн нь бас л социализмын үлдэгдэл. Олон улсын олимпын хороо дэлхийн улсуудыг гурван латин үсгээр төлөөлүүлж ялгадаг шиг цахим ертөнцөд дэлхийн улсуудыг хоёр үсгээр ялгана. Харин тэрхүү ялгаж салгадаг байгууллагыг нь Internet Corporation for Assigned Names and Numbers (ICANN) гэдэг. Монголын вэб сайтууд .MN өргөтгөлтэй буюу tsag-agaar.mn (ямар ч улс төр, эрх ашиг үнэртээгүй сайт учир жишээнд дурдав. Зохиогч) гэж онцгойрч, харин олимпын наадамд MGL –ээр гангарсан тамирчид төрийн дууллаа эгшиглүүлдэг билээ. Сонирхолтой нь .SU буюу Soviet Union гэсэн өргөтгөлтэй сайтууд одоо ч олон мянга байдгийг та мэдэх үү?

Угтаа бол .MN, .DE, .com гэх мэт вэб хаягны сүүлийн хоёр үсгийг өргөтгөл гэж ярих нь буруу л даа. Компютерийн файлуудад л exe, docx, pdf буюу өргөтгөл гэдэг зүйл бий, Англиар extension гэдэг. Бидний сайн мэддэг .COM, .NET, .ORG, .MN –уудыг “албан ёсоор” бол top-level domain (TLD) гэж нэрлэнэ.Файлын өргөтгөл, сайтны TLD хоёр огт өөр ч гэсэн Монголчууд бид буруу ярьж зөв ойлгодог учир том асуудал биш биз. Зориулалт, хэрэглээний хувьд .NET, .COM, .EDU гэх мэт олон төрлийн TLD байдгаас дэлхийн улсуудыг хооронд нь ялгадагийг Country Code Top-level domain (ccTLD) гэж тодотгоно. Өдгөө дэлхийд нийтдээ 200 орчим ccTLD бүртгэлтэй ба 2007 онд Хойд Солонгосын .KP, 2011 онд шинээр байгуулагдсан Өмнөд Судан улсын .SS гэсэн домэйнууд шинээр  нэвтэрсэн юм.

Хорьдугаар зууны наяад оны сүүлээр социалист лагерт өөрчлөлт шинэчлэлт, хувьсгалын үнэртэй зэрэгцэн АНУ –д компютерийн сүлжээ, интернетийн эхлэл тавигдлаа. Улмаар 1985 оны 3 –р сард symbolics.com хэмээх хамгийн анхны сайт бүртгэгдсэнээр 1986 оны 8 –р сар гэхэд эхний 100 вэб сайт интернетэд байршиж амжив. Хамгийн эхний вэб сайтууд зөвхөн .COM “өргөтгөлтэй” байсан бөгөөд удалгүй дэлхийн улсууд тус тусын домэйн буюу ccTLD –тэй болж эхлэв. Дахиад удаан оршихгүй социалист улсууд ч ccTLD –тэй болж амжсан юм. Хамгийн анх 1989 онд Югослав улс  .YU домэйныг бүртгүүлж, 1994 он задарсанаар түүнийг залгамжлагч Серби Монтенегро улс  .YU –г хэрэглэх болов. Улмаар 2006 онд Сэрби нь .RS, Монтенегро нь .ME гэж хоёр салж, 2010 он гэхэд .YU домэйн бүрэн устжээ. Зүүн Германы .DD гэсэн домэйн бүртгэгдэхээс хэдхэн хоногийн өмнө хоёр Герман нийлсэн тул бидний мэдэх .DE гэсэн домэйн л үлдсэн түүхтэй. Чехословакийн .CS домэйн 1990 онд нээгдэж, мөн л 1993 онд Чех нь .CZ, Словак нь .SK домэйнтэй болсоноор 1995 он гэхэд бүрэн устав. Гэхдээ 90 –ээд онд интернет бүү хэл компютер өөрөө хөгжөөгүй байсан учир Югослав залуу Чехословак охины профайл хуудсыг харж суухгүй нь ойлгомжтой. Эдгээр устгагдсан домэйнууд дээр тун цөөн тооны, туршилтын вэб хуудсууд л нээгдсэн байдаг. Заримд нь бүүр нэг ч вэб хуудас байхгүй. Сонирхуулахад манай улсын .MN домэйн 1995 онд бүртгэгдсэн билээ.

Харин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын өөрийн ccTLD нь 1990 оны 9 –р сарын 19 –нд албан ёсоор бүртгэгдсэн ч жил гаруй хугацааны дараа “эзэнт гүрэн” задрав. ЗХУ –ын “хойчийг залгамжлагч” ОХУ нь 1994 онд бидний сайн мэдэх .RU домэйнтой болов.  Гэсэн ч .SU домэйн бусад социалист улсуудынх шигээ устаж алга болсонгүй. 2006 онд Серби-Монтенегро –ын хуваагдлын дараахан ICANN олон нийтээс “өөрийн улсгүй” домэйн нэрүүдийг устгах тухай санал асууж, Югосглавын .YU домэйныг үе шаттайгаар хорогдуулсаар 2010 он гэхэд бүрэн цэвэрлэсэн аж. Харин .SU домэйныг эзэмшигч Оросын харилцаа холбооны байгууллагууд энэхүү саналд маш дурамжхан хандсан бөгөөд “хайртай” домэйноо устгуулахыг хүссэнгүй. Уг нь устгахад техникийн талаасаа ямар нэг асуудалгүй боловч “улс төр”, “түүхэн бахархал”, “брэнд худалдаа” г.м. олон шалтгаанаар .SU домэйн хэтэрхий хайран. Өдгөө ICANN –аас санал болгосон “устгалын шатанд явж буй” гэсэн статустай боловч хэвийн ажилласаар байгаа 100 мянга орчим .SU өргөтгөлтэй сайт бүртгэгдсэн байна. Сонирхолтой нь эдгээр сайтуудаас аль нь ч 1990 – 1991 онд буюу ЗХУ –д “үйлдвэрлэгдээгүй” юм. Гэхдээ дэлхийд бүртгэлтэй 4 сая давсан .RU болон 530 сая .COM өргөтгөлтэй сайтуудын хажууд өчүүхэн бага тоо л доо.
    
    ОХУ –ын “.RU Координацционый Центр” хэмээх байгууллага .RU болон кирилл үсгээр бичдэг .РФ гэсэн домэйныг хариуцдаг. Харин .SU домэйныг яг хэн хариуцаж, хэн эзэмшдэг нь тийм ч тодорхой бус, ёс төдий зарим нэг институт зохицуулдаг байжээ. Ийм сул хяналт, найдваргүй аюулгүй байдлаасаа үүдэж .SU нь учир кибер гэмт хэрэгтнүүдийн олз, нуугдах газар болох нь олонтаа тохионо. Харин “.RU Координацционый Центр” –аас 2012 онд .SU дээр дэд домэйн (sub domain буюу vladimir.lenin.su үүсгэх) бүхий динамик, портал сайт үүсгэх болон статистик үзүүлэлтүүдийг албан ёсоор баримтжуулах боломжийг өгч, аюулгүй байдлыг хариуцахаар болсон аж. 

Ихэвчлэн орос хэл дээрхи .SU өргөтгөлтэй сайтуудаас хамгийн түгээмэл ашиглагддаг нь php.su, navitel.su, e-forex.com, bitgame.su, aftershock.su гэх зэрэг аж. Түүнчлэн stain.su, lenin.su гэсэн даруухан сайтууд ч бий. Москвагийн жижигхэн авто засварын газар өөрсдийн вэб сайтыг ford.su гэж өгсөн нь ч бас л давгүй маркетинг. Энэхүү домэйн дээр бүх шинэ нэрүүд нээлттэй.Час улаан алх хадуур дүрсэлсэн тас хар футболкоор гангарах нь хааяа зугаатай шүү дээ. Коммунистуудын бэлэг тэмдэг өнгөрсөн зуунд заримынх нь хүч чадал, заримынх нь ад зэтгэр байсан бол өнөөгийн залууст өвөрмөц нэгэн мода, маяг хөөх сэдвийг өгч. Лениний хөшөөнөөс ч илүү ЗХУ –ын дурсгал интернет ертөнцөд үлдсэний зөв буруу, хэрэгтэй хэрэггүйг нь харин цаг хугацаа шүүх бизээ.