“Худал” мэдээгүй “зөвхөн үнэн”
Өөрснөө болохлоор бусдыг гүтгэн дайрдаг “тролл”-ын армитай, бас бусдыг харлуулан доромжилдог худал хуурмагийн “фабрик”-тэй атлаа, бусдыгаа худлаа хэлүүлэхгүй болгоно гэж юу вэ??
Манай төр, засгаас худал мэдээлэл түгээхтэй хатуу тэмцэх шинэ хууль гаргахаар зэхэж байгаа юм байна. Худлаа мэдээ тараавал эгэл ард дааж давшгүй буюу зөвхөн тэд л өөрснөө(гишүүд, сайд нар) ажрахгүй төлөх хэмжээний мөнгөөр торгох, орон шоронд хорих болтой дуулдана. Ер нь бол эхний хэдэн хүнийг шийтгүүлэхийг хараад л бусад нь өмдөө норгон хашрах, тийм хууль юм даг. Зуугаад саяар торгоод эхлэхээр тэгнэ биз дээ.
Шалтгаан нь, манай дарга нар, хууль тогтоогчид тувтангаа “үнэн ба зөв”-ийг хийсээр атал хүмүүс тэдний тухайд ямагт “гүтгэлэг ба худал”-ыг ярьж байгаа тул ингэхээс аргагүй болсон гэнэ ээ.
Тиймээ, худал хэлэх муухай. Ер нь болхүн төрөлхтөн ёс суртахуунтай болсон түүх бол худал ба хуурмагтай тэмцэж ирсэнтүүх л шүү дээ. Худал хэлэх хууран мэхлэхтэйшашин шүтлэг, хууль цааз болоод ёс суртахууны хүрээнд тасралтгүй тэмцсээр иржээ.
Гүтгэгдэн хохирсон нэр төрийг сэргээх, хууртан алдсан хөрөнгийг эргүүлэн өгөх нь ардчилсан нийгмийн гол зарчим хэвээр байна. Манай хуулинд ч энэ талаар олон заалтууд бий.
Гэхдээ худал гэж юу, гүтгэх гэж аль вэ гэдэг асуулт өөрөө их ээдрээтэй. Ямар ч хүн өөрийгөө сайн гэж боддог, хийсэн үйлээ зөв гэж үздэг тул ямар ч шүүмжлэлийг гүтгэлэг гэж л хүлээн авч гомддог. Бас, үнэн сэтгэлээсээ амласан байж болох олон сайхан зүйлс хөндлөнгийн саадаас болоод биелэхгүй үлддэг. Жишээлэхэд, МАН-ынхан 2016 онд Улаанбаатарыг “аз жаргалтай хот болгоно” гэж наагаад, тэгж амласан улс нь өөрснөө ч жаргасан юмгүй, биднийгээ ч жаргаасан юмгүй үлдснийг одоо яг юу гэх юм бэ гэхчлэн. Ерөөсөө байгаагүй, болоогүй зүйлийг яривал худлаа хэлсэн болдог юм бол зохиолчид, уран бүтээлчдийг яах вэ?Жишээ нь, “2012” кино хийсэн найруулагчийг 2012 онд тийм болоогүй учраас шийтгэх үү? Жүжигчдийг нь хам хэрэгт татах уу, гэх мэт философлог асуулт олон.
Харин манай хууль тогтоогчид философидох гэсэн юм биш. Ерөөсөө л “худал хуурмаг”-ийгнэг дайралтаар таслан зогсоох хууль санаачилж байх шиг байна.
Тэрч байтугаа худал хуурмагаас болж хохирсон нэр төрийг сэргээх тухайд биш, гүтгүүлэгчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах тухайд бүүрч биш. Ерөөсөө л “худлаа хэлсэн гэж үзсэн” болгоноо нэгмөсөн нам дараах тийм хууль.
Өөрснөө болохлоор бусдыг гүтгэн дайрдаг “тролл”-ын армитай, бас бусдыг харлуулан доромжилдог худал хуурмагийн “фабрик”-тэй атлаа, бусдыгаа худлаа хэлүүлэхгүй болгоно гэж юу вэ??
Тийм ээ, ийм дэглэм байж болдог. Бид туулаад ирсэн.
Социалист дэглэм бол “зөвхөн үнэн мэдээлэл” түгээх дүрэмтэй тогтолцоо байлаа. Тийм учраас тогтмол хэвлэлүүд нь гэхэд Нам, засгийн “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” гэхчлэн нэртэй ба орон нутгийн чанартай “Архангайн үнэн” гэхчлэн салбарлана.Эдгээрт нам, төрийн ажилтнуудад зориулсан үнэн мэдээлэл, залууст ойлгуулах учиртай үнэн явдал, хүүхдүүдэд сурталчлахбяцхан үнэн, түүнчлэн малчин ардын мэдүүштэй үнэн нийтлэгдэнэ.
Нам засгаас зөвшөөрөн түгээснээс бусад бүх мэдээлэл худал, хуурмаг, гүтгэлэгт тооцогдоно.
Төрийн “үнэн мэдээний фабрик”-аар бүх мэдээг шүүхийг эхлээд Аюулаас хамгаалах хариуцаж байснаа сүүлдээ Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл утга зохиол хянах газарт шилжсэн байна. Энэ аппаратын агентууд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжих зүйлсийг хянан, зөвшөөрлийн тамга дарна. Энэ байгууллагыг энгийн үгээр Цензура, цэнзүүр гэх.
Мэдээллийн үнэн бодитой эсэх нь Нам,төрийн шүүлтүүрт огт хамаагүй. Зөвхөн дэглэмээ магтсан уу, шүүмжилсэн үү гэдэгт л анхаарна. Хялбаршуулан хэлэхэд нам, засгаа магтсан мэдээлэл бол үнэн гэж үзнэ. Харин эрх баригчид, тэдний суртлыг шүүмжилсэн, буруушаасан бол худал хуурмаг, гүтгэлэгт тооцогдоно.
Одоогийн манай хууль тогтоогч, засаг баригчдын хүсэн хүлээж байгаа “үнэн мэдээлэл” бол энэнээс өөр юу ч биш. Тэд өөрсдийгөө шүүмжилсэн төдийгүй, ердийн байдлаар магтаагүй зүйлсийг “худал цуурхал”, “батлагдаагүй мэдээ” гэж үзэх санаатай бололтой.
Өгүүлэн буй БНМАУ-ын үеийн “зөвхөн үнэн” ноёрхсон тогтолцооны удирдлага “дээрээс зааж өгсөн” үнэнийг нь ард түмэн тувт ярина гэхэд итгэхгүй. Ийм учраас Хэвлэл хянахын төлөөлөгч нарт юуг үнэн гэж зөвшөөрөх, юуг худал гэж хориглох тухай том жагсаалт гарын авлага байна.
Тэр жагсаалтын “худал” гэж албан ёсоор үзэх мэдээллийн дотор:
-Ардын армийн дотор гарсан зодоон, гэмт хэргийн тухай мэдээлэл.
-Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн үйлдсэн хүчин, хулгай дээрэм гэмт хэргийн тухай мэдээлэл.
-Монголын бүхий яам тусгай газар, үйлдвэрүүдэд байсан Зөвлөлтийн мэргэжилтнийг шүүмжилсэн мэдээлэл.
-Монгол-Зөвлөлтийн найрамдлыг шүүмжилсэн болон түүнд сэв суулгаж болох мэдээлэл.
-Нам төрийн бодлогыг шүүмжилсэн, Намын төв хорооноос батлан гаргасан “нам ба улсын түүх”-ийн албан ёсны сурах бичигт зааснаас өөр баримт, өөр дүгнэлт, өөр мэдээлэл.
-Нам төрийн удрдагчдыг шүүмжилсэн, битүүгээр егөөдсөн болон Ардын их хурлын депутат, Сайд нарын Зөвлөлийн гишүүд, орлогч сайд, төрийн яамдын хэлтсийн даргыг шүүмжилсэн мэдээлэл гэхчлэн цуврана.
Мэдээ, мэдээлэл төдийгүй урлаг соёлын бүхий л үзүүлбэр энэ хяналтад багтана. Хэвлэл хянахын төлөөлөгчийн өрөөнд нэрт алиалагч, жүжигчин Латиф гуай акробат биечлэн үзүүлж зөвшөөрөл авдаг байсныг зохиолч Ж.Барамсай “Сэтгэлгээг хянах газрын төгсгөл” хэмээх дурсамждаа баримтаар бичсэн нь байдаг.
Мэдээ “шүүх” процессын тухай ганц нэг жишээ ярья. Тээр жил, 1970-аад онд Орос цэрэг жолоодсон машин монгол ажилчдын автобусыг мөргөн шатааж, хүний амь үрэгджээ. Дүрэм ёсоор орос цэргийн тухай ганц үг цухуйлгаагүй боловч олон хүнийг галаас гаргаад, өөрөө нас барсан залууг мэдээлжээ. Гэтэл, Зөвлөлтийн хүний оролцсон ослыг мэдээлсэн учраас хэрэг буруутан олон хүн ажлаасаа халагдаж, хэвлэн нийтлэх эрхээ хасуулж, зарим нь хүнд хөдөлмөрт цөлөгдсний нэг сэтгүүлч Г.Жамъян гуай одоо ч байгаа. Энэ шийтгэлийэ арга хэмжээнд бичсэн сэтгүүлч, гаргасан сонины эрхлэгчээс эхлээд уг мэдээг анзааралгүй өнгөрөөсөн Хэвлэл хянахын агент хүртэл эгнээгээрээ хамрагджээ.
Бас одоо амьд сэрүүн байгаа зураач Дунбүрээ гуай “Арван улаан ямаа” зуржээ. Сайн зохиомжтой, сайхан зураг байдаг. Гэтэл түүнийг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хэмээх улс орныг удирдах багийн 10 гишүүнийг битүүгээр ёжлон зурсан гэж үзжээ. Ингээд нэрт зураачийг хэлмэгдүүлсэн байдаг.
Та нар, үнэн мэдээлэл амаар л тардаг байсан гэж бодно уу? Үгүй ээ. Хэвлэлд гарсан, “албан ёсны үнэн” мэдээнээс өөр юм яривал цуурхал тараасан хэргээр шоронд явна. Ийм учраас зөвхөн “нам, засгийн үнэн” л ажил дээр ч, гэрт ч яригдана гэсэн үг. Хуулинд “Нам засгийн эсрэг цуурхал тараах гэмт хэрэг”-ийн тухай зүйл анги байсан юм шүү.
ХХ зууны ардын зүйр үгэнд хүртэл “зөвхөн үнэн мэдээ” ноёлсон засаглалын ул мөр үлдсэн нь “Дааганаас унаж үхэхгүй, даравгар амнаасаа болж үхнэ” гэх үг байна. Энэ бол амны раак энээ тэрээ дэлгэрсэнтэй огт холбоогүй. Бас “Урт хормой хөл орооно, урт хэл хүзүү орооно” гэж ч бий.
Наяад онд болсон, өнөөдөр бол бүх хэвлэлээр сенсаци өрнөх нигууртай олон үйл үйл явдал таг өнгөрснийг санаж байна. Түүний нэг нь “Хүнсний хорийн” хэмээх зодоон. Оргодол цэргийгхэрцгийгээр баривчилж буй хотын комендантийнханд уурссан иргэд зодолдож эхлээд, нийтийг хамарсан нанчилдаан болон хувирч, гал командын машин ус шүршин тараасан. Ямар ч сонин хэвлэлээр энэ тухай яриагүй.
Учир нь дараахь шалтгаанаар “үнэн биш” мэдээлэл гэж үзэх үндэстэй.
-Социалист эх орноо хамгаалж буй ардын армийн дайчдын нэр төрийг гутаасан
-МАХН-ын батлан хамгаалах бодлогыг алдаатай мэт харуулах
-Зөвлөлтийн тусламжаар хүчирхэгжин бэхжиж буй Ардын армид алдаа дутагдал нүүрлэсэн мэт харагдуулах.
-БНМАУ-ын нам төрийн удирдагч, Улсыг батлан хамгаалах зөвлөлийн дарга, БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбалын үйл ажиллагаанд алдаа доголдол байгаа мэт ойлголтыг манай социалист бүтээн байгуулалтын дайсан болох БНХАУ бол АНУ тэргүүтэй империалистуудад харуулж, хөрөнгөтний харгис үзэл сурталд, суртал нэвтрүүлгийн идэш бэлдэж өгөх... гэхчлэнгээр уг зодооны тухай мэдээллиг “худал хуурамаг гүтгэлэг”-т тооцох олон арван үндэслэл байсан хэрэг.
Зөвхөн бараан мэдээ ч биш, баатарлаг сайн үйлс ч дээд дарга нарын хариуцлага,монгол зөвлөлтийн найрамдлыг хөндөж байвал “худал” мэдээнд тооцогдоно. Тухайлбал, Иргэний агаарын тээврийн АН-24 онгоцонд гэмтэл гарч,чадварлаг нисгэгч нар нь Туул голын шугуйд элгэдүүлэн буулгаж, зорчигчдоо аварсан явдал 1980-аад оны эхээр болсон юм. Гэвч энэ нь Зөвлөлтийн техникийн найдваргүй байдлыг харуулж мэдэх учраас “худал” мэдээнд тооцогдон нууцлагдаж үлдэх жишээний.
Өнөөгийн жишээн дээр бүдүүвчлэн хэлэх гээд үзье. Саяхан тээврийн товчоон дээр “хот руу орох зөвшөөрөлгүй” хэмээн саатуулагдсаар архаг хууч өвчтэй хүн нас барсан харамсалтай явдал гарав даа.
Хэрвээ “зөвхөн үнэн мэдээлэл” ноёрхож асан тэр үед (1921-1990) ийм хэрэг гарсан бол огт мэдээлэхгүй өнгөрнө.
Учир нь ийм мэдээг:
-Нам, төрөөс онцгой байдлын үед ажиллах чадваргүй мэтээр харуулах
-Нам засгийн эрүүлийг хамгаалах бодлогыг амьдралд нийцэхгүй мэтээр харлуулан муучилсан
-Зөвлөлт холбоот улсын ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжаар цэцэглэн хөгжиж буй Социалист Эрүүлийг хамгаалах салбарын ололт амжилтыг үгүйсгэсэн, энэ утгаараа Монгол-зөвлөлтйин ард түмний эвдрэшгүй ган бат найрамдалд үл итгэх үзэл санаа агуулсан.
-гэх мэт, гэх мэт олон шалтгаанаас “худал” мэдээлэлд тооцон нууж өнгөрүүлэх байсан.
Энэ талаар ярьсан, шүүмжилсэн хүмүүсийг “баталгаагүй мэдээлэл” тараасан, нам засгийн эсрэг цуурхсан хэргээр буруутган шийтгэнэ.
Хэрхэн “Социализмд жаргаж байгаад одоо үйлээ үзэж яваа” тухай гашуудагсдад хэлэхэд энэ бол зөвхөн дэглэмийн “үнэн мэдээний фабрик”-тай холбоотой хэсэг төдий шүү. Социализмд долоо хонуулахад л сангийн өмд бузарласан хэргээр ачигдаж мэдэх тэр мэтэд ядаж л “гомдох эрх” бэлэглэсэн цагийн салхинд мөргөж явууштай юм. Тэр үед ард түмэн төр засагтаазөвхөн баярлах үүрэгтэй, харин гомдох эрхгүй байсан юм даг.
Харин хулгай луйвар дүүрэн ч гэсэн “хулгайч байна” гэж хэлэх эрх бол мөн ч том эрх чөлөө шүү, базарваань, биеэр туулсан хүний хувьд хэлэхэд. Хулгай, Ждүүг өмөөрч байгаа юм биш. Хулгай байна, Ждүчин байна гэж хэлэх эрх нь байгаа цагт түүнийг арилгах боломж байдагт л учир байгаа юм.
... Худал мэдээллээс учирсан хохирлыг гүйцэд барагдуулах, гүтгүүлж хугарсан нэр төрийг бүрэн сэргээх тухайд бодохын оронд “огт худал мэдээлэлгүй, дан үнэн зөвөөс бүрдсэн нийгэм” байгуулах гэжсанаархагчид ямар тогтоц мөрөөдөж байгааг харуулах гэж энэ бүхнийг тайлбарлав. Худал мэдээллийг бүрмөсөн устгасан гэх нийгэмд худал өөрөө дангаараа ноёрхдог болохыг түүх нэгэнт батласан.
2020.12.14