Нэг. Хулгайчийг бойжуулсан нийгэм

Социалист тогтоц мөрөөрөө явсан сая сая хүнийг хулгайн зам руу хөтөлсөн юм. Юуны өмнө хүний хувийн өмчийг дээрэмдэн хурааж авсан нь хууль бус аргаар хөрөнгө цуглуулах нь зөв гэдэг сэдлийг нийгэмд өгчээ. Өнөөдөр ч манай нийгэмд амь бөх байгаабизнесмэнүүдийнхээ хөрөнгийг хураагаад, хувааж идэх үзэл санаа эндээс эхтэй. 

Бүтээмж, ашиг, унац зэрэг эдийн засгийн ойлголтоос хол хөндий, харин дайны олз омог, ангийн хишиг гэхчлэнгийн гэнэт орж ирдэг тохиолдлын орлого шүтсэн нүүдэлчид дэл сул юмыг гойд анзаарамтгай ажгуу. Мөнөөх хураагдсан эд хөрөнгө нь хуулиас гадуур олж болох бөөн олз омгийн эх уурхай болон харагдаж, хорхойг хүргэсэн байна. Өнөөгийн авилга, жидүүчин тонуулчдын ёс суртал тэнд бүрэлдсэн юм.

Ахуй амьдралынхаа онцлогуудаас болоод нүүдэлчид гэнэтийн олз омог, зүгээр олддог юманд дуртай болжээ. Түүн шигээ гэнэт хамаг юмаа алдах сэтгэл зүйн бэлтгэлтэй амьдарч сурсан байна. Мал хөрөнгөөс эхлээд авгай хүүхнийг хүртэл Мэргид ч нэг булаагаад, Тэмүүжин ч нэг эргүүлж авсаар байгаад юугаа ч зүгээр алдахад бэлэн, юуг ч зүгээр “олох”-д бэлэн сэтгэхүйтэй үлдсэн хэрэг.

Социалист систем нүүдэлчдийн өмчийг хурааж авахад гарзанд дассан сэтгэлгээнийхээ хатаар давж чадсан байна. 

Харин хурааж цуглуулсанхөрөнгө нь “улс нийгмийн өмч” нэрийн дор эзэнгүйдсэн нь тэдний олзонд дассан сэтгэлгээг сэрээн дуудсан бололтой. Цаад талд нь хүүе, хаая гэх тодорхой эзэнгүй улс нийгмийн өмч хэмээх энэ их хөрөнгөалдуул мал, ангийн олз мэт харагдах энүүхэнд. Төр засаг эзэнгүй байтугаа эзэнтэй, бүүр өөрийнх нь өмч байсан мал хөрөнгийг улс нийгмийн олз болгон хурааж авсныг хэлэх үү. 

Дээр нь соцреалист утга зохиол нь “шилийн сайн эр” хэмээх малын хулгайч нарын дүрийг хөгжүүлэн, өнгөрсөн үеийн бахархалт хүмүүнээр нэрлэн хоногшуулна. Хулгай, дээрэмбол ерөнхийдээ буруу биш, гол нь түүнийг зөв хийх ёстой ажгуу.

Социализм нь хулгай нүүрлэсэн нийгэм байлаа. Дэглэмийн удирдагч нар эхлээдмөнөөх эзэнгүй өмчийг хулгайлсан этгээдийг буудан алах хүртэл арга хэмжээ авлаа, мэдээж Зөвлөлтийн жишгээр. Санаачлагчийнхаа нэрээр “Жамбалдоржийн хар хууль” хэмээн түүхэнд орсон энэ цаазанд хулгайч төдийгүй, хариуцсан өмчөө алдсан, үрэгдүүлсэн хүмүүс өртжээ.

Сүүлдээ,мөнөөх эзэнгүй өмчийг “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан шүтэж, тахиж шүтэх” тухай лоозон гаргаж, түүнээ орос монгол хэлээр цээжилж, хүний нүдэнд харагдах бүхий л газарт бичиж өлгөх ажил зохиов. Юу гэж тайлбарламаар юм бэ дээ, одооны хүмүүст. Жишээлэхэд, Та “Хир буртаг” хэмээн эхний үгээрээ алдаршсан тэр лоозонг уншмагцаа унаж яваа машинаасаа илүү нийтийн тээврийн автобусыг хайрлаад, түүнд хир буртаг байвал гүйж очиж арчаад, мөргөж адис авна л гэсэн үг юм даг уу, бүдүүвчлэн зүйрлэбэл. Дүрэм ёсоор бол нэг приустэй нөхөр гэнэтхэн машинаа онгорхой хаячихаад төрийн өмчийн автобусны тоосыг арчиж арчиж, нэг үнсчихээд, адис аван ухарсаар холдох нигууртай аж.

Хоёр. Идсэн малын сүү

Социалист өмчийг хулгайгаас сэргийлэх нэг том арга хэмжээ тооллого. Намын үзэл сурталчдын үгээр бол Ленин багш нь “Социализм бол юуны өмнө бүртгэл тооцоо мөн” гэсэн гэнэ. Уг нь эрүүл нийгэмд бол байгаагаа байн байн тоолох биш, харин түүнийгээ өсгөх явдал баймаар. Энэ үгийг орон даяар бичиж тавьсныг бодоход багш нь үнэхээр тэгсэн шиг байгаа юм.

Үнэхээр ч хулгай нүүрлэсэн нийгмийг баялгийг юун нэмэгдүүлэх, байгаа жаахныг нь өөр бүр тоолжбайхаас өөр замгүй.

Энд яригдаж буй “12 сарын тоо” хэмээх мал сүргийг биечлэн тоолох ажиллагаа бол гучин жил өсгөөд өсгөөд 24 саяас нэмэгдээгүй нийгмийн малыг хулгайгаас хамгаалах нэг арга. Нэгэнт өсч өгөхгүй юмыг тоолж л баясахаас өөр яах вэ дээ.

Малчдаас хураан авч байгуулсан “Нэгдэл-нийгмийн мал”-ыг хагас жил тутамд биечлэн нарийн тоолно. Тооллогыг товлосон сараар нь “12 сарын тоо” буюу өвлийн, “6 сарын тоо” буюу зуны хэмээнэ. 

Мал тооллогыг гурван үндсэн зорилгоор хийнэ. 

Юуны өмнө хариуцан маллаж буй нийгмийн (уг нь өөрийнх нь өмч байсан мал шүү дээ) мал бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгана.

Хоёрдугаарт, уг нь бараг нэгдүгээр зэргийн ач холбогдолтой энэ зорилго бол таны амины мал өсөөд, зөвшөөрсөн хязгаараас давахаас сэргийлэх зорилготой. ХАА-н нэгдлийн үлгэрчилсэн дүрмээр бол Говийн бүст 75, Хангайн бүст 50 толгой малыг зөвхөн “Богийн толгой”-д шилжүүлсэн нэгжээр нэг өрх аминдаа байлгах эрхтэй. Ам бүлийн тоо хамаарахгүй.

Говийнхон 75-ын лимиттэй гээд нэг их хожоод байсан юм байхгүй, нэг тэмээ таван богтой тэнцэх тул. Энэ бол их нарийн тооцоолсон хязгаар. Өлссөндөө болоод нэгдлийн малыг улаан цайм идээд эхлэхгүй, гэхдээ ямар ч цалинтай ажлыг голохгүй хийж баймаажин амьдарч чадах тийм “хөрөнгө” болно.

Хэрвээ мал нь өсөөд хязгаараас илүү гарвал яах вэ, гэж үү? Сайн дураараа нийгэмчлэх үүрэгтэй. Сайн дураар авчирч тушаахгүй бол шийтгэнэ. 

Харанхуй гудамжинд нүүрэндээ багтай этгээд таараад “За хө, түрийвчээ сайн дураараа өгчихөөд яв даа” гэдэгтэй агаар нэг боловч “нэгдэлч малчин илүү гарсан малаа улс нийгэмдээ сайн дураараа нийгэмчлэх” хэмээх гоёмсог нэртэй. Даанч нөгөө үйлдлийг “Харанхуй гудманд таарсан, мөнгөний хэрэгцээ бүхий багтай иргэнд хэтэвчээ сайн дураараа өргөн барьсан” гэж нэрлэхгүй эь жаахан тиймхэн.

Тооллогын гурав дахь зорилго бол малын ашиг шимийн татварыг ногдуулах суурь тоог гаргах явдал. Нэгдэл нийгэм өөрийн малаасаа ноос, сүү цагаан идээ гаргуулан авах ньтусдаа хэрэг. 

Гол нь амины малд нь бас сүү, махны ногдол хийнэ. Тооллогын мөрөөр айл бүрд ирдэг нэхэмжлэлийн албан ёсны нэр нь “Сайн дурын үндсэн дээр тушаах албан журмын ногдол”гэх батэнд “Та энэ жил аминыхаа малаас төдөн кг мах, сүү, ноос, ноолуурыг сайн дураараа заавал тушаах” болсныг мэдэгдсэн байна.

Хэрвээ, өнөөдөр НӨАТ-ыг “сайн дурын үндсэн дээр тушаах татвар” гэж нэрлэвэл, таны инээд яасан их хүрэх бол, тиймэрхүү л юм байлаа. Даанч тэр үед зөвшөөрөлгүй юманд, зөвшөөрөлгүй инээх хориотой байсан юм.

Чухам энэхүү ногдолд заагдсан махыг нийлүүлэх ажлаас үүдэлтэй нэгэн алдартай онигоо байдаг даа. Та дуулсан ч байж магадгүй, “Миний илүү махыг Дулмаагийн дутуу мах руу хийчээрэй. Уг нь нааш цааш нь хөдөлгөвөл юм гардаг л гэх юм. Даанч миний бөгсний ажил хэцүүдлээ” гэж.

Малынх нь амьдын жинд тааруулан оноосон махыг огтолж аваад өгнө гэж байхгүй учраас хэн нэгнийхээ тушаасан том биетэй бод малын махыг хуваан, худалдан авдаг байлаа. Дээрх онигоо бол өөрийнх нь тушаасан үхрийн жин нь ногдол үүргээс илүү гарсан тул тэр хэсгийг Дулмаад зарсантухай яриа юм. Дулмаагийн тушаасан бярууны жин тэдний ногдол үүрэгт хүрэхгүй байсан хэрэг. Нааш цааш хөдөлгөх гэдэг илүүдэл махаа илүү ашигтайгаар арилжих санаа.

Жил бүрийн тавдугаар сарын 15-нд энэ процесс өрнөх тул хөдөө орон нутгаар “Мал махны өдөр” гэж ярина. Мөн энэ дотуур байранд суудаг хүүхдийн ар гэрээс мал мах тушаахаар хүн ирэх ба бага ангийн хичээл хааж, зуны амралт эхлэх тул бидний санаанд календарийн тэмдэглэлт өдөр болон үлджээ.

Тооллого зүгээр ч нэг явахгүй. Ялангуяа, жилийн эцсийн буюу “12 сарын тоо” маш чанга явна. Мөнөөх “сайн дурын үндсэн дээр албан журмаар тушаах” ногдлыг эндээс хийдэг болоод тэр.

Сүүлдээ, малчин айлыг өвлийн идшээ “12 сарын тоо”-ноос өмнө төхөөрөхийг хориглож байсныг тодхон сананам. Удахгүй алж идэх малыг нь ирэх жил амьд байхаар тооцоолон ашиг шимийн татвар ногдуулах тул малчдад хүнд дарамт ирдэг байв. Аль хэдийнэ идсэн малынхаа сүүг тушаадаг гэдэг нь тэр. Малчид үнээ малынхаа сүүг хуу хамж тушаагаад, зун цайгаа сүлж чадахгүй, хараар нь уудаг байсан гэдэг нь ийм учиртай. 

Тооллого хийх өдөр айл бүр малаа хотондоо байлгах ба бэлчээрт эзэнгүй мал үлдэх учиргүй. Тусгай эргүүлүүд хээр гарч уул хадыг нэгжин, малчин ардууд амины малаа нууж үлдээхээс сэргийлнэ. Хөөрхий малчид малаа нууж чадахгүй ч гэсэн төрийн төлөөлөгчид тал засантооллогын комиссыг байдаг чинээгээрээ дайлна. Хамаг юмыг нь нэгжих шахан бүртгээд, улаан хоолойд нь тултал татвар тавьж байгаа комиссынхныг аль байдгаараа дайлж суугаа малчин ардын санаа сэтгэлийг юугаар ч зүйрлэх билээ.

Хувь заяаны тохуугаар танайхыг нэгжихээр хуулийн хүмүүс ирлээ гэхэд, тэдэнд зориулан бууз жигнээд, сархад сөгнөөд суувал ямархан байхав, түүнтэй дөхүү ойлголт. Гэвч “сайн дурын үндсэн хөрөнгөө хураалган нэгдэлд элссэн” малчид үүнд гомдож болохгүй. Учир нь, гомдохыг зөвшөөрөөгүй зүйлд, зөвшөөрөлгүй гомдох хориотой цаг үе байсан.

Гурав. Бөхгүй, морьгүй наадам

1990 оны оны ардчилсан хувьсгалийн дараагаар хамгийн түрүүнд нэгдэл тарж, малчид малаа хувьчлан аваад, тоо хязгааргүй өсгөх эрхтэй болсон төдийгүй малын ашиг шимийн ногдол хэмээх тонуулаас чөлөөлөгдөв. Тэр байтугаа жирийн иргэдийн төлдөг өмч хөрөнгө, орлогын татвараас ч гадуур амьдарч эхлэв.

Хачирхалтай нь мал тооллого хэвээрээ үлдэв. Тоолоод татвар авахгүй, ногдол оноохгүй. Яагаад?

Найр наадам, айл хэсэх боломжийг яаж ийгээд өөриймшүүлэн авч үлддэг нүүдэлчид маань мал тооллогыг нэгэн зүйл ёслол болгон өвлөж авлаа. Албан хаагч, сум багийн удирдлагын хувьд бүх айлаараа хэсэх нэгэн зүйл зугаалга, явуулыннаадам маягтай болгон хөгжүүллээ. Морьгүй, бөхгүй, гэхдээ л наадам.

Малчид ч өсч байгаа мал сүргээрээ гайхуулах, мянгат малчин болсноо батлах цайллага болгон хувиргав. 

Төр ч үүнийг дэвэргэв. Уг нь улс орнууд өөрийн чанар чансаагаа нэг хүнд ногдох ДНБ гээч юмаар хэмжих боловч Монгол улс хөгжил юугаан хэдэн малаараа баримжаална. Өвлийн мал тооллогын дараа Засгийн газар нь “Манай улс төчнөөн сая малтай болов” хэмээн зарлах ба ард иргэд тэр хэрээр улсынхаа хөгжлийг төсөөлнө. 

Малчид нь малаа тоолуулах дуртай, малчдын дарга нь очиж тоолох хообитой, Малчдын төр ч тэрүүгээр нь ажлаа дүгнүүлэх аргатай. Одоо, мал нь өөрөө тоолуулах дуртай болчихвол ч төгсөрлөө л дөө, төгсөрлөө. 

Энэ жил, хөл хорио цар тахлын дундуур уламжлалт мал тооллого яригдаж байна. Малчид юу бодож байгааг мэдэхгүй. Харин хэдхэн сарын өмнө орон нутгийн сонгууль болж аймаг, сумдын удирдлага шинэчлэгдсэн тул тэд бас “нам нь ялж дарга болсных” шинэ албан тушаалаа тунхаглан хэдэн айлаар орчихмоор л байгаа болов уу?

Засгийн газар ч гэсэн хөл хорионд орж унасан эдийн засаг, үндэсний бүтээмжийн үзүүлэлтийн оронд “Малын тоо” харуулж ДНБ гэж юу ч байдгийг сонирхохгүй ард түмнээ тайтгаруулах сонирхолтой байж мэднэ.

Ийм учраас тоо бүртгэлийн утгаа нэгэнт алдсан, улмаар татвар төлөгчдийн бүрдүүлдэг сан хөмрөгийг зузаалах зорилгоос ангижирсан мал тооллогыг хурим найр, шоу наадмын нэгэн адил алгассан нь дээр болов уу.

Учир нь, мал тооллого болэдийн засгийн утгаасаа холдож, айл хэссэн золголт, монгол наадам, үндэсний ёслол, мал аж ахуйн ритуалболж үлдсэн билээ.

Малын тоог малчдаас утсаар авчихна биз. Үнэхээр “Ам тоо” гэж байсан уламжлалтай юм шүү. Тэрийгээ засгийн газар нь зарлаад, наадамчин олноо… гэнээ, ард олноо баясгачихад болохгүй юм юусан!


2020.12.10